Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 15

Та ямар хандлагаар дэлгэрүүлдэг вэ?

Та ямар хандлагаар дэлгэрүүлдэг вэ?

«Талбайг харагтун, тариа боловсорч, хураахад бэлэн болжээ» (ЁОХ. 4:35).

ДУУ 44 Ургацын ажилд баяртай оролцъё

ТОЙМ *

1, 2. Ёохан 4:35, 36-д бичсэн үгийг Есүс хэлэхдээ юуны тухай бодож байсан бэ?

 ЕСҮС тариан талбайгаар явж байлаа. Арвай дөнгөж ургаж байсан бололтой (Ёох. 4:3–6). Дөрвөн сар орчмын дараа хураахад бэлэн болно. Гэтэл Есүс: «Талбайг харагтун, тариа боловсорч, хураахад бэлэн болжээ» гэж хэлсэн нь хачирхалтай (Ёохан 4:35, 36-г уншина). Яагаад ингэж хэлсэн юм бол?

2 Есүс ургац хураах тухай биш, хүмүүсийг цуглуулах тухай ярьжээ. Үүний өмнө юу болсныг анхааръя. Иудейчүүд самаричуудтай харьцдаггүй байсан ч Есүс самари эмэгтэйд дэлгэрүүлсэн. Тэр эмэгтэй ч Есүсийг сонсжээ! Тэгээд хот руу очиж хүмүүст Есүсийн тухай ярив. Энэ яриаг сонссон самаричууд Есүстэй уулзаж илүү их зүйлийг мэдэж авахаар замд гарчээ. Яг тэр үед Есүс шавь нартаа «хураахад бэлэн болсон» талбайн тухай ярьж байсан (Ёох. 4:9, 39–42). Библийн нэг тайлбарт энэ явдлын тухай бичихдээ, «Ийм их хүсэл эрмэлзэлтэй тэр хүмүүс хураахад бэлэн болсон тариатай адил байсан» гэжээ.

«Тариа боловсорч, хураахад бэлэн болжээ» гэж боддог хүн яах вэ? (3-р догол мөрийг үзээрэй)

3. Есүсийнхтэй адилхан бодолтой байвал сайн дэлгэрүүлэгч болно гэхийн учир юу вэ?

3 Та хэсгийнхээ хүмүүсийн талаар ямар бодолтой явдаг вэ? Хураах дөхсөн тариатай адилхан гэж боддог уу? Тийм бол, нэгдүгээрт, цаг алдалгүй дэлгэрүүлнэ. Учир нь ургац хураах цаг хязгаартай. Хоёрдугаарт, сайн мэдээг хүлээж авч буй хүнийг хараад та баярлах нь лавтай. Библид «Хүмүүс ... ургац хураан баярлалдана» гэж байдаг (Ис. 9:3). Гуравдугаарт, хүн бүрийг шавь болох ирээдүйтэй гэж боддог учраас сонирхлыг нь татахын тулд тухайн хүнд тохируулан ярина.

4. Элч Паулаас юу сурах вэ?

4 Зарим дагалдагч самаричуудыг хэзээ ч Есүсийн шавь болохгүй гэж үздэг байсан бол Есүс тэгж үзээгүй. Бид бас хэсгийнхээ хүмүүсийг Христийн шавь болно гэж үзэх хэрэгтэй. Элч Паул бидэнд сайхан жишээ үлдээжээ. Түүнээс юу сурах вэ? Паул хүмүүсийн 1) итгэл үнэмшлийг мэдэж аваад, 2) хүсэл сонирхлыг нь харгалзан үзээд, 3) Есүсийн шавь болох ирээдүйтэй гэж бодоод дэлгэрүүлдэг байсан.

ТЭД ЮУНД ИТГЭДЭГ ВЭ?

5. Паул синагогт очихоороо яагаад өөртөө итгэлтэй байсан бэ?

5 Паул голдуу Иудейн синагогт очиж дэлгэрүүлдэг байв. Жишээ нь Тесалоникийн синагогт очиж «гурван Амралтын өдөр дараалан [иудейчүүдэд] Судрыг ойлгоход нь тусалсан» (Үйлс 17:1, 2). Синагогт очихоороо гэртээ байгаа юм шиг байсан биз ээ. Паул иудей хүн учраас иудейчүүдийг сайн ойлгодог байв (Үйлс 26:4, 5). Тийм болохоор тэдэнд дэлгэрүүлэхдээ өөртөө итгэлтэй байжээ (Флп. 3:4, 5).

6. Афины зах дээр байсан хүмүүс синагогт байсан хүмүүсээс ямар ялгаатай вэ?

6 Паул эсэргүүцэгчдээс болж эхлээд Тесалоникоос, дараа нь Беройгоос гарч Афинд очжээ. Тэнд мөн л «синагогт иудейчүүд болон сүсэгт хүмүүст ... Судрыг ойлгоход нь тусалсан» (Үйлс 17:17). Харин зах дээр очоод тэс өөр хүмүүст, тухайлбал, гүн ухаантнууд болон иудей биш хүмүүст дэлгэрүүлжээ. Тэд Паулын тунхагласан мэдээг «шинэ сургаал» гэж үзсэн бөгөөд «хачин жигтэй юм» яриад байна гэсэн (Үйлс 17:18–20).

7. Үйлс 17:22, 23-т бичсэнийг үзвэл, Паул аргаа хэрхэн өөрчилсөн бэ?

7 Үйлс 17:22, 23-ыг уншина. Паул Афины иудей биш хүмүүст дэлгэрүүлэхдээ Иудейн синагогт ярьдаг шигээ яриагүй. Тэрбээр: «Афиныхан юунд итгэдэг вэ?» гэж өөрөөсөө асуусан байх. Тэгээд орчин тойрныг ажиглан, Афин хотынхны зан заншлыг мэдэхийг хичээсэн. Дараа нь Сударт байдаг үнэн зөв сургаалыг хэлж өгөхдөө санал нийлэх зүйлээс нь ярьж эхэлсэн. Нэгэн Библи судлаач: «Грекчүүд “жинхэнэ” Бурхныг шүтдэг иудейчүүд болон Христийн дагалдагчидтай адилгүйг тэрбээр мэдэж байсан. Гэхдээ өөрийнх нь яриад байгаа Бурхан бол тэдний хувьд харийн бурхан биш гэдгийг батлахыг хичээсэн» гэжээ. Паул тэдэнд тохируулан ярьсан. Афинчуудын шүтэхийг хүсээд байгаа «Үл мэдэгдэх бурхны» тухай ярьж байгаагаа хэлсэн. Судрыг мэдэхгүй иудей биш хүмүүсийг Христийн дагалдагч болохгүй гэж бодоогүй. Харин ч хураахад бэлэн болсон үр тариатай адилхан гэж үзээд, хэлэх үгээ өөрчилжээ.

Элч Паул шиг ажигч гярхай байгаарай, тухайн хүнд тохируулж яриарай, хүмүүсийг шавь болох ирээдүйтэй гэж бодоорой (8, 12, 18-р догол мөрийг үзээрэй) *

8. а) Хэсгийнхээ хүмүүсийн юу шүтдэгийг яаж мэдэх вэ? б) Өөрийн гэсэн шашинтай гэж хэлсэн хүнтэй хэрхэн ярилцах вэ?

8 Паул шиг ажигч байгаарай. Хэсгийнхээ хүмүүсийн юунд итгэдгийг мэдэхийг хичээгээрэй. Гэрээ эсвэл машинаа яаж гоёсон байна вэ? Нэр, хувцас, үс засалт мөн ямар үг хэлж байгаагаас нь юу шүтдэгийг нь мэдэх боломжтой юу? Өөрийн гэсэн шашинтай гэдгээ шуудхан хэлдэг хүн байдаг. Флутура гэдэг тусгай эхлэгч эмэгтэй тийм хүнд «Би таныг шашиндаа оруулах гээгүй юм аа. Ийм ийм юмны тухай ярилцах гэж ирлээ» гэж хэлдэг ажээ.

9. Шүтлэгтэй хүнтэй санал нийлэх ямар зүйл байж болох вэ?

9 Шүтлэгтэй хүнтэй ямар сэдвээр ярилцаж болох вэ? Санал нийлэх зүйлийг мэдэж авахыг хичээгээрэй. Тэр хүн ганцхан Бурхныг шүтдэг байж магадгүй. Есүс бол Аврагч гэж үздэг байж мэднэ. Эсвэл муу муухай бүхэн удахгүй үгүй болно гэдэгт итгэдэг байж болох юм. Хэн хэнийх нь санал нийлдэг тэр зүйлд үндэслээд сонирхол татахуйц аргаар мэдээгээ хүргээрэй.

10. Бид яах хэрэгтэй вэ? Яагаад?

10 Хүмүүс шашныхаа бүх сургаалыг хүлээн зөвшөөрдөг байх албагүй. Тиймд ямар шашин шүтдэгийг нь мэдэж авахаас гадна чухам юунд итгэдгийг нь бас сонирхоорой. Австралид амьдардаг Дэвид гэдэг тусгай эхлэгч: «Хүмүүс гүн ухааныг шашныхаа итгэл үнэмшилтэй хольж хутгадаг болсон» гэжээ. Албанид амьдардаг Доналта: «Зарим хүн шүтлэгтэй гэдэг хэр нь Бурханд итгэдэггүйгээ хүлээн зөвшөөрдөг» гэж ярьсан юм. Аргентинд үйлчилдэг миссионерын хэлснээр, Гурвалд итгэдэг гэж хэлдэг атлаа Эцэг, Хүү, агуу хүч гурвыг нэг Бурхан гэж хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс байдаг. Тэрбээр: «Санал нийлэх зүйлийг нь мэдчихвэл тэр хүнтэй ярихад амархан» гэж ярьсан юм. Тиймээс хүмүүс юунд итгэдгийг мэдэхийг хичээгээрэй. Тэгвэл Паулыг дуурайн «хүн бүрд тохируулан харьцана» (1 Кор. 9:19–23).

ТЭД ЮУ СОНИРХДОГ ВЭ?

11. Үйлс 14:14–17-г үзвэл, Паул Лустра хотынхонд дэлгэрүүлэхдээ сонирхлыг нь хэрхэн татсан бэ?

11 Үйлс 14:14–17-г уншина. Паул сонсогчдынхоо юу сонирхдогийг мэдэж аваад, дараа нь тэдэнд тохируулан ярьдаг байжээ. Лустра хотынхонтой ярьсныг нь жишээ болгон авъя. Тэр хүмүүс Судрыг бага зэрэг мэддэг эсвэл огт мэддэггүй учраас Паул тэдэнд ойлгомжтой зүйлийг, тухайлбал, арвин ургацын тухай, жаргалтай амьдрах тухай ярьжээ. Энэ мэтээр сонсогчдод ойлгомжтой үг сонгох юм уу жишээ татдаг байв.

12. Хүмүүсийн хүсэл сонирхлыг хэрхэн мэдэж авах вэ? Үүнд нь хэрхэн тохируулж ярих вэ?

12 Авхаалжтай байн хэсгийнхээ хүмүүсийн хүсэл сонирхлыг мэдэж аваад, тэдэнд тохируулж яриарай. Харин юу хүсдэгийг нь яаж мэдэх вэ? Энэ удаа ч бас ажигч байх хэрэгтэй. Цэцэг ногоогоо арчлах эсвэл ном унших, машинаа засах гэх зэргээр ямар нэгэн юм хийж байна уу? Хэрэв тохиромжтой бол, хийж байгаа зүйлтэй нь уялдуулж яриа өдөөрэй (Ёох. 4:7). Өмсөж зүүснээс нь яс үндэс, ажил мэргэжил, дуртай хамтлаг, дуучных нь тухай мэдэж болдог. Густаво гэдэг Гэрч эрэгтэй: «Би 19 настай залуутай ярилцсан юм. Подволк дээр нь алдарт дуучны зураг байсан болохоор тэр талаар асуув. Нөгөө залуу яагаад тэр дуучныг шүтэн биширдгээ ярьсан юм. Бидний яриа яван явсаар Библийн хичээл болж, одоо тэр залуу маань Гэрч болсон» гэж ярьсан.

13. Библийн хичээл хийх санал тавихаасаа өмнө сонирхлыг нь яаж татах вэ?

13 Библийн хичээл хийх санал тавихаасаа өмнө сонирхлыг нь татаарай. Яаж? Хичээл хийхийн ач тусыг тайлбарлаарай (Ёох. 4:13–15). Жишээ авъя. Библийг сонирхсон нэг эмэгтэй Поппи гэдэг Гэрч бүсгүйг гэртээ оруулжээ. Поппи ханан дээрх сертификатыг хараад, боловсролын тухай судалдаг профессор байсныг нь мэдэв. Манай байгууллага Библи судлах болон цуглааны хөтөлбөрийн дагуу боловсрол олгодог гэж тайлбарлахад мөнөөх эмэгтэй Библи заалгахаар болж, маргааш нь цуглаанд очжээ. Удалгүй дүүргийн чуулган болоход бас очив. Жилийн дараа баптисм хүртсэн байна. Та өөрөөсөө дараах асуултыг асуугаарай. «Дахиж уулзах гэж байгаа хүн маань юу сонирхдог бол? Библи судлах хөтөлбөрийг сонирхол татахаар тайлбарлаж чадах уу?».

14. Библийн хичээлийг суралцагч бүрдээ тохируулан заахын тулд яах хэрэгтэй вэ?

14 Суралцагчийнхаа гэр бүл, боловсрол, туршлага, сонирхлыг бодонгоо хичээлдээ бэлдээрэй. Библийн аль зүйлийг уншуулах, ямар видео үзүүлэх, ямар жишээгээр Библийн сургаалыг тайлбарлахаа бодоорой. «Суралцагчийнхаа сэтгэлийг хэрхэн хөдөлгөх вэ?» гэж өөрөөсөө асуугаарай (Сур. 16:23). Албанид амьдардаг Флора гэдэг эхлэгчийн тухай ярья. Суралцагч нь түүнд «Нас барагсад амилна гэдэг худлаа» гэж түс тас хэлжээ. Харин Флора энэ сургаалд итгүүлэх гэж хүчилсэнгүй. «“Нас барагсдыг амилуулна гэж амласан Бурхантай эхлээд танилцуулъя” гэж бодсон» хэмээн Флора ярьсан юм. Хичээл хийх бүрдээ Еховагийн хайр, мэргэн ухаан, хүчийг онцолдог байв. Хэсэг хугацааны дараа суралцагч нь үхэгсэд амилна гэдэгт итгэдэг болжээ. Одоо Еховад идэвх зүтгэлтэй үйлчилж байна!

ШАВЬ БОЛОХ ИРЭЭДҮЙТЭЙ ГЭЖ ҮЗЭЭРЭЙ

15. Үйлс 17:16–18-д бичсэнээр, Паул юунаас болоод зэвүүцсэн бэ? Гэвч яагаад Афины хүмүүст дэлгэрүүлсээр байсан бэ?

15 Үйлс 17:16–18-ыг уншина. Паул Афины оршин суугчдыг хиймэл шүтээн шүтдэг, садар самуун явдалтай, гүн ухаанд итгэдэг гээд орхиогүй. Тэд хэл амаар доромжилсон ч тэрбээр шантралгүй дэлгэрүүлсээр байсан. Паул өөрөө «доромжлогч, хавчигч, дээрэнгүй хүн» байсан боловч Христийн дагалдагч болсон билээ (1 Тим. 1:13). Есүс Паулыг дагалдагч болох ирээдүйтэй гэж үзсэн шиг, Паул Афины хүмүүсийг дагалдагч болно гэж үзсэн. Энэ нь ч талаар болоогүй (Үйлс 9:13–15; 17:34).

16, 17. Ямар ч хүн Христийн дагалдагч болдог гэхийн учир юу вэ? Жишээ хэлнэ үү.

16 Нэгдүгээр зуунд янз бүрийн хүн Есүсийн шавь болж байлаа. Паул Грекийн Коринт хотод амьдардаг дагалдагчдад бичсэн захидалдаа хурлын зарим гишүүн урьд нь гэмт хэрэгтэн, садар самуун явдалтан байсан гэжээ. Тэгээд «Та нарын зарим нь тийм байсан. Гэхдээ Бурхан та нарыг ... угаасан» хэмээн бичжээ (1 Кор. 6:9–11). Та ийм хүмүүстэй тааралдсан бол шавь болох ирээдүйтэй гэж бодох байсан уу?

17 Есүсийн шавь болохын тулд зохих ёсоор өөрчлөгдөж буй хүн өнөөдөр олон байна. Жишээлбэл Библийн мэдээг ямар ч хүн хүлээж авдгийг Австралид амьдардаг Юкина гэдэг тусгай эхлэгч ойлгожээ. Нэг удаа үл хөдлөх хөрөнгийн газар явж байгаад этгээд хэлхгэр хувцас өмссөн, бөөн шивээстэй залуу бүсгүйг харжээ. «Би хэсэг тээнэгэлзсэнээ, яриа өдсөн. Ярилцаж байхдаа зарим шивээс нь “Дуулал”-аас авсан эшлэл байгааг хараад Библийг маш их сонирхдогийг нь мэдсэн!» гэж Юкина ярьсан юм. Тэр бүсгүй Библийн хичээл хийж, цуглаанд явдаг болжээ. *

18. Бид яагаад хүмүүсийг яаран дүгнэж болохгүй вэ?

18 Есүс хүмүүсийг яагаад хураахад бэлэн болсон тариатай зүйрлэсэн бэ? Ихэнх хүн өөрийг нь дагана гэж бодсон уу? Үгүй. Цөөхөн хүн Есүст итгэнэ гэсэн зөгнөл Сударт бий (Ёох. 12:37, 38). Түүнээс гадна, Есүс хүмүүсийн сэтгэл зүрхийг харах чадвартай (Мат. 9:4). Тэрбээр өөрт нь итгэнэ гэж бодсон цөөн хэдэн хүнд анхаарал хандуулж байсан ч хүн болгонд идэвхтэй дэлгэрүүлжээ. Есүс ийм байсан юм бол, сэтгэл зүрхийг харах чадваргүй бид хүмүүсийг яаран дүгнэж болно гэж үү? Үүний оронд тэднийг Есүсийн шавь болох ирээдүйтэй гэж бодох хэрэгтэй. Буркина Фасод байдаг Марк гэдэг миссионер: «Ахиц гаргана гэж бодсон хүмүүс хичээл хийхээ голдуу больдог. Энэ ч бүтэхгүй дээ гэж бодсон хүмүүс ахиц гаргадаг. Еховагийн агуу хүчээр удирдуулах нь чухал юм билээ» гэж ярьжээ.

19. Хэсгийнхээ хүмүүсийн талаар юу гэж бодох нь зүйтэй вэ?

19 Халти харахад, хэсгийн маань хүмүүс хураахад бэлэн болсон тариа шиг санагдахгүй байж болох юм. Гэхдээ Есүсийн хэлснийг санаарай. Талбай боловсорч, хураахад бэлэн болсон гэсэн. Хүмүүс өөрчлөгдөж, Христийн шавь болдог. Шавь болох ирээдүйтэй энэ хүмүүсийг Ехова «эд баялаг» гэж үздэг (Хаг. 2:7). Ехова Есүс хоёртой адилхан бодож сурцгаая. Тэгвэл хүмүүсийн ахуй амьдрал, мэргэжил боловсрол, хүсэл сонирхлыг ойлгохыг хичээнэ. Мөн танихгүй хүн гэж бодохын оронд ирээдүйн итгэл нэгтнээ гэж үзнэ.

ДУУ 142 Бүх хүнд дэлгэрүүлцгээе

^ д/м 5 Та хэсгийнхээ хүмүүсийн талаар ямар бодолтой явдаг вэ? Энэ нь дэлгэрүүлэх, заах ажилд хэрхэн нөлөөлдөг вэ? Есүс Паул хоёр сонсогчдынхоо талаар ямар бодолтой байсныг энэ өгүүллээр авч үзнэ. Мөн тэднийг дуурайн, хүмүүсийн итгэл үнэмшил, хүсэл сонирхлыг харгалзан үзэж, шавь болох ирээдүйтэй гэж бодох тухай ярилцана.

^ д/м 17 «Библи хүнийг өөрчилдөг» буланд хүмүүс хэрхэн өөрчлөгдсөнийг бичсэн байдаг. Энэ булан «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2012–2017 онд нийтлэгдсэн. Одоо jw.org® сайтад нийтлэгдэж байна. БИДНИЙ ТУХАЙ > АМЬДРАЛ гэж орно уу.

^ д/м 57 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Эхнэр нөхөр хоёр айлаар дэлгэрүүлж явахдаа 1) цэцгээр гоёсон цэвэр цэмцгэр айл; 2) бага насны хүүхэдтэй айл; 3) хогондоо дарагдсан бохир айл; 4) шүтлэгтэй айлыг ажиглаж байна. Шавь болох ирээдүйтэй хүнийг хаанаас олох вэ?