Skip to content

Гарчиг руу орох

Дөлгөөн зан—Яагаад ач тустай вэ?

Дөлгөөн зан—Яагаад ач тустай вэ?

«Би угийн ичимхий, өөртөө итгэлгүй хүн болохоор хурц зантай, ширүүн авиртай хүмүүстэй хамт байх дургүй. Харин дөлгөөн, даруу зантай хүнтэй хамт байхад тайван байдаг. Би тийм хүнд л сэтгэлээ нээж, зовлонгоо ярьж чаддаг. Дөлгөөн, даруу хүмүүс л миний хамгийн сайн найзууд байдаг» хэмээн Сара * ярьсан юм.

Хүмүүс дөлгөөн зантай хүнтэй найзлах дуртай байдгийг Сарагийн хэлсэн үгээс ойлгож болно. Мөн дөлгөөн зантай хүн Еховад таалагддаг. Түүний Үгэнд «Дөлгөөн занг ... өмс» гэсэн уриалга бий (Кол. 3:12). Ямар хүнийг дөлгөөн зантай гэх вэ? Есүс яаж дөлгөөн байсан бэ? Дөлгөөн байвал жаргалтай байна гэхийн учир юу вэ?

ЯМАР ХҮНИЙГ ДӨЛГӨӨН ЗАНТАЙ ГЭХ ВЭ?

Дөлгөөн зантай хүн тайван байдаг бөгөөд хүмүүстэй эелдэг зөөлөн харьцдаг. Мөн уурлаж бухимдмаар юм гарахад биеэ барьж, тайван байдаг.

Дөлгөөн зантай хүн сэтгэлийн тэнхээтэй. Эртний грекчүүд зэрлэг адууг сургаж номхруулсныг хэлэхдээ «дөлгөөн» гэж орчуулдаг энэ үгийг хэрэглэдэг байжээ. Морь номхорно гэдэг нь хүч чадалгүй болно гэсэн үг биш, харин омог нь дарагдана гэсэн үг. Үүнтэй адил, бид ааш зангаа «номхруулбал» дөлгөөн болж, бусадтай эвтэй харьцана.

«Би дөлгөөн зантай хүн биш л дээ» гэж та бодож болох юм. Өнөөгийн нийгэмд уур бухимдал, тэвчээргүй байдал газар авсан учраас дөлгөөн байх нь хэцүү санагдаж магадгүй (Ром 7:19). Тиймээс дөлгөөн байхын тулд маш их хичээх шаардлагатай. Гэхдээ Ехова агуу хүчээрээ тусална (Гал. 5:22, 23). Дөлгөөн байхын тулд яагаад хичээх хэрэгтэй вэ?

Хүмүүс дөлгөөн зантай хүнд татагддаг. Дээр дурдсан Сарагийн хэлсэнчлэн, дөлгөөн зантай хүнтэй хамт байсан хэн ч тайван байдаг. Эелдэг, дөлгөөн байх талаар хамгийн гайхалтай жишээ үзүүлсэн нэгэн бол Есүс юм (2 Кор. 10:1). Хүүхдүүд хүртэл Есүсийг танихгүй хэр нь хамт байх дуртай байжээ (Марк 10:13–16).

Дөлгөөн зантай хүн өөрийгөө ч, өрөөлийг ч зовоодоггүй. Дөлгөөн зантай хүн уурлахыг урьтал болгодоггүй (Сур. 16:32). Зарим хүн бусдыг, ялангуяа хайртай хүнээ гомдоочихоод, дараа нь гэмшиж өөрийгөө буруутгадаг. Харин дөлгөөн зантай хүн ийм зовлон амсдаггүй. Бас тэвчээргүй загнаж бусдад сэтгэлийн зовлон учруулдаггүй.

ДӨЛГӨӨН БАЙХЫН ТӨГС ЖИШЭЭ

Есүс хариуцлагатай ажил хийдэг, завгүй хүн байсан хэр нь ямар ч хүнтэй харьцахдаа дөлгөөн байдаг байв. Тэр үед эцэж туйлдсан, хүнд ачаа үүрсэн хүн олон байсан. Тэднийг сэргээж, тайвшруулах шаардлагатай байлаа. «Над руу ир. ... Учир нь би дөлгөөн, даруу» гэж Есүсийн хэлэхийг сонсоод тэдний сэтгэл хэчнээн их уужирсан бол оо (Мат. 11:28, 29).

Есүс шиг дөлгөөн байхын тулд яах хэрэгтэй вэ? Хүмүүстэй хэрхэн харьцаж, хэцүү асуудал тулгарахад хэрхэн шийдэж байсныг нь Бурхны Үгээс мэдэж авах хэрэгтэй. Ингэвэл дөлгөөн байхад амаргүй үед ч Есүсийг дуурайхыг хичээнэ (1 Петр 2:21). Дөлгөөн байхад нь Есүст ямар гурван зүйл тус болсныг ярилцъя.

Есүс даруу байсан. Тэрбээр өөрийгөө «дөлгөөн» бас «даруу» гэж хэлсэн (Мат. 11:29). Даруу зантай хүн дөлгөөн байдаг учир энэ хоёр зан чанарыг Библид хамтад нь дурддаг (Эф. 4:1–3).

Даруу зантай хүн юм л бол гомдоод эсвэл эмзэглээд байдаггүй. Хүмүүс Есүсийг «ховдог», «архичин» хэмээн үндэслэлгүй шүүмжилдэг байсан. Есүс ямар хариу өгсөн бол? Биеэ зөв авч яван тэдний шүүмжлэлийг няцаасан. Мөн «Мэргэн ухаантай нь үйлсээс нь харагддаг» гэж аядуу зөөлөн хэлсэн (Мат. 11:19).

Хэрэв бусад хүн яс үндэс, хүйс, ахуй амьдралын тань талаар бодлогогүй яривал дөлгөөн байхыг хичээгээрэй. Өмнөд Африкт ахлагчаар үйлчилдэг Питер: «Хэн нэгний хэлсэн үгээс болоод уур хүрвэл “Есүс ийм үед юу гэх байсан бол?” гэж өөрөөсөө асуудаг» гээд цааш нь «Хэтэрхий эмзэглэхгүй байж сурсан» гэжээ.

Хүн төгс бус гэдгийг Есүс ойлгодог байсан. Есүсийн шавь нар зөв юм хийх хүсэлтэй ч, төгс бусаасаа болоод заримдаа буруу юм хийчихдэг байжээ. Жишээ нь Есүс нас барахынхаа өмнөх шөнө Петр Яаков Ёохан гурваас сэргэг байхыг гуйжээ. Гэтэл тэд унтчихсан. Тэгэхэд нь Есүс: «Хүн зөв юм хийхийг хүсдэг ч махан бие сул дорой байдаг» гэжээ (Мат. 26:40, 41). Төгс бус гэдгийг нь ойлгодог байсан учир элч нартаа уурлаагүй.

Мэнди гэдэг Гэрч эмэгтэй бусдыг шүүмжилдэг байв. Харин одоо Есүсийг дуурайж дөлгөөн байх гэж хичээдэг болжээ. Тэрбээр: «Төгс хүн байхгүй гэдгийг санаад Еховаг дуурайж сайн талыг нь олж харахыг хичээдэг болсон» гэсэн юм. Та бас төгс хүн байхгүй гэдгийг хүлээн зөвшөөрч, хүмүүстэй харьцахдаа дөлгөөн зантай Есүсийг дуурайж чадах уу?

Есүс бүх асуудлыг Бурханд даатгасан. Дэлхий дээр амьдарч байхад нь хүмүүс Есүстэй шударга бус харьцдаг байв. Буруу ойлгож, үзэн ядаж, тарчлаан зовоосон. Гэсэн хэдий ч тэрбээр дөлгөөн байж, «шударга шүүдэг Нэгэнд өөрийгөө даатгасан билээ» (1 Петр 2:23). Тэнгэрийн Эцэг нь санаа тавьж, цаг нь болохоор шударга ёсыг тогтооно гэдгийг Есүс мэдэж байсан.

Шударга бус хандсан хүнд уурлаж, хариугаа авахыг оролдвол байдал улам дордоно. «Уурласан хүн Бурхны зөв гэж үздэг юмыг хийдэггүй» гэсэн сануулга Библид бий (Яак. 1:20). Уурлах шалтгаан байлаа ч бид төгс бусаасаа болоод буруу юм хийж болзошгүй.

Германд амьдардаг Кати гэдэг Гэрч эмэгтэй: «Би л өөрийгөө хамгаалахгүй бол хэн намайг хамгаалах вэ» гэж боддог байснаа ярьсан юм. Гэхдээ Еховад найддаг болсноосоо хойш энэ бодлоо өөрчилжээ. Кати: «Би өөрийгөө хамгаалах гэж тэмцэхээ больсон. Ехова бүх юмыг төгс зохицуулдгийг мэддэг учраас одоо би хүмүүстэй харьцахдаа зөөлөн байхыг хичээдэг» гэжээ. Хэрэв та шударга бус явдлын золиос болсон бол Бурханд найддаг Есүсийг дуурайгаарай. Тэгвэл уурлаж бухимдахын оронд дөлгөөн байна.

«НОМХОН ДӨЛГӨӨН ХҮН ЖАРГАЛТАЙ»

Хэрэг бишидсэн үед дөлгөөн зан ямар ач тустай вэ?

Жаргалтай байхад дөлгөөн зан чухал үүрэгтэйг Есүс онцлон тэмдэглэж: «Номхон дөлгөөн хүн жаргалтай» гэж хэлсэн байдаг (Мат. 5:5). Дараах тохиолдолд дөлгөөн зан ямар ач тустайг анхаараарай.

Гэр бүлийн хурцадмал байдлыг намжаана. «Би уурлахаараа хэлэх хэлэхгүй үг хэлээд эхнэрээ гомдоочихдог байсан. Уг нь гомдооё гэж боддоггүй л дээ. Даанч хэлсэн үгээ буцааж авч болдоггүй нь харамсалтай. Эхнэрээ ямар их гомдоосноо хараад их шаналдаг байсан» гэж Австралид амьдардаг Роберт ярьжээ.

«Бид бүгдээрээ алддаг». Ялангуяа үг яриагаараа алдаа гаргадаггүй хүн гэж байдаггүй (Яак. 3:2). Болчимгүй үг хэлбэл ханьтайгаа эвдрэлцэж мэднэ. Тийм үед тайван байж, ам хэлээ захирахад дөлгөөн зан тус болно (Сур. 17:27).

Роберт тайван байж, биеэ барьж сурахыг их хичээжээ. Ямар үр дүнтэй байсан бол? «Санал зөрөлдөх юм гарлаа гэхэд би сайн сонсож, аядуу зөөлөн ярихыг бас уурлахгүй байхыг маш их хичээдэг болсон. Эхнэр бид хоёр урьдынхаасаа илүү дотно болсон» гэж Роберт ярьсан юм.

Бусадтай аятайхан харьцахад тустай. Юм л бол уурлаж гомддог хүн найз нөхөдгүй хоцордог. Харин дөлгөөн зантай хүн «эв нэгдэлтэй явдаг» (Эф. 4:2, 3). Дээр дурдсан Кати: «Ямар ч хүнтэй, ялангуяа харьцахад амаргүй хүнтэй эвтэйхэн ярихад дөлгөөн зан их хэрэг болдог» гэж ярьжээ.

Сэтгэл тайван байхад тустай. Библид «дээрээс ирдэг мэргэн ухааныг» дөлгөөн зан болон эв эеийг эрхэмлэдэг зантай холбож бичжээ (Яак. 3:13, 17). Дөлгөөн зантай хүний зүрх «амар тайван» байдаг (Сур. 14:30). Чамгүй их хүчин чармайлт гаргасны үр дүнд дөлгөөн зантай болсон Мартин: «Би одоо илүү уян хатан, уур багатай болсон учраас сэтгэл тэнүүн, аз жаргалтай байдаг» гэжээ.

Дөлгөөн байхын тулд маш их хичээж чармайх хэрэгтэй байдаг нь үнэн. Нэг Гэрч: «Үнэнийг хэлэхэд, уурандаа шатах үе одоо ч гардаг» гэж хэлсэн. Гэхдээ дөлгөөн байж сурахад маань Ехова тусална (Ис. 41:10; 1 Тим. 6:11). Тэрбээр биднийг «бүрэн гүйцэд сургана», «батжуулна» (1 Петр 5:10). Яваандаа бид элч Паул шиг, «Христийн энэрэнгүй болон дөлгөөн байдлыг» илэрхийлдэг болно (2 Кор. 10:1).

^ д/м 2 Зарим нэрийг өөрчлөв.