Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 21

Та Бурхны өгсөн бэлгийг үнэлдэг үү?

Та Бурхны өгсөн бэлгийг үнэлдэг үү?

«Миний Бурхан ЭЗЭН, Таны үйлдсэн гайхамшиг болоод биднийг бодсон Таны бодол санаа олон юм» (ДУУ. 40:5).

ДУУ 15 Бүтээлүүд Еховаг алдаршуулдаг

ТОЙМ *

1, 2. Дуулал 40:5-ыг үзвэл, Ехова бидэнд ямар бэлэг өгсөн бэ? Яагаад тэдгээр бэлгийн тухай ярилцах вэ?

ЕХОВА бол өгөөмөр Бурхан. Бидэнд өгсөн зарим бэлгийг нь бодоод үз дээ. Үзэсгэлэн төгөлдөр дэлхийг өгсөн учраас хүн төрөлхтөн амьдрах газартай. Уураг тархийг гайхалтайгаар зохион бүтээсэн учраас бид бодож сэтгэх, харилцан ярилцах чадвартай. Үнэлж баршгүй Үг нь болох Библиэ өгсөн учраас хамгийн чухал асуултуудын хариуг олох боломжтой (Дуулал 40:5-ыг уншина).

2 Еховагийн өгсөн бэлгийн талаар эргэцүүлэн бодох тусам үнэлж эрхэмлэдэг болно, хайртай Бүтээгч Еховагаа баярлуулах хүсэл улам оргилно. Тиймээс энэ өгүүллээр дээрх гурван бэлгийн тухай ярилцъя (Илч. 4:11). Мөн эволюцийн худал сургаалд төөрөлдсөн хүмүүсийг эргэцүүлэн бодуулж, зөв дүгнэлтэд хүргэхийн тулд яах хэрэгтэйг мэдэж авъя.

МАНАЙ ГАРАГ ГАЙХАМШИГТАЙ

3. Дэлхий юугаараа гайхамшигтай вэ?

3 Бидний гэр орон болсон дэлхийн тухай бодож үзвэл Бурхны зүйрлэшгүй мэргэн ухаан тодорхой харагддаг (Ром 1:20; Евр. 3:4). Нарыг тойрон эргэдэг олон гаргаас дэлхий л ганцаараа гайхамшигтай. Учир нь дэлхий дээр хүн амьдрах бүх нөхцөл бүрдсэн.

4. Дэлхийг нисэх онгоцноос хавьгүй илүү гэж яагаад хэлж болох вэ?

4 Сансрын уудамд орших дэлхийг дүүрэн зорчигчтой, хэзээ ч газардахгүй нисэх онгоцтой зүйрлэж болох юм. Гэхдээ хүний бүтээсэн онгоц болон манай гаргийн хооронд асар том ялгаа бий. Жишээ нь, тэр онгоцонд яваа зорчигчид амьсгалах агаар, идэх хоол, уух усаа өөрсдөө бий болгож чадахгүй. Бас хогоо онгоцноос гаргаж хаях боломжгүй. Зорчигчид хэр удаан тэсэх бол? Төд удалгүй үхнэ. Харин олон тэрбум хүн, амьтны амьдралыг тэтгэдэг дэлхий дээр хүчилтөрөгч, хоол хүнс, ус бүгд бий. Нөөц нь огт дуусдаггүй. Хог хаягдлаа гадагш нь хаядаггүй атлаа дэлхий маань үзэсгэлэнтэй, амьдрахад тохиромжтой хэвээрээ байдаг. Яагаад? Ехова дэлхийг хог хаягдлаа боловсруулдгаар бүтээсэн. Хүчилтөрөгчийн болон усны эргэлт гэдэг хоёр гайхамшигтай эргэлтийн тухай товч ярилцъя.

5. Хүчилтөрөгчийн эргэлт гэж юу вэ? Энэ нь юуг баталдаг вэ?

5 Хүчилтөрөгч бол хүн, амьтны амийг тэтгэдэг хий юм. Судлаачдын тооцоолсноор, амьд организм жилд зуун тэрбум тонн хүчилтөрөгчөөр амьсгалж, нүүрсхүчлийн хийг хог хаягдал болгон ялгаруулдаг. Гэсэн хэдий ч хүчилтөрөгч дуусна гэж үгүй, агаар мандал нүүрсхүчлийн хийгээр дүүрнэ гэж үгүй. Яагаад? Еховагийн бүтээсэн том модноос авхуулаад жижиг замаг зэрэг организмууд нүүрсхүчлийн хийг шингээн авч, хүчилтөрөгчийг ялгаруулдаг. Хүчилтөрөгчийн энэхүү эргэлтийн тухай бодохоор Үйлс 17:24, 25-д байдаг «Бурхан ... бүх хүнд амь амьсгал ... өгдөг» гэсэн үг үнэн болох нь батлагддаг.

6. Усны эргэлт гэж юу вэ? Энэ нь юуг баталдаг вэ? (Бас  «Усны эргэлт—Еховагийн бэлэг» гэсэн хавсралтыг үзнэ үү).

6 Дэлхий нар хоёрын хоорондох зай яг тохирсон учир дэлхий дээрх ус шингэн төлөвт байдаг. Хэрэв дэлхийг нар луу бага зэрэг ойртуулбал дэлхий дээрх бүх ус буцалж, ууршаад хүн амьтан амьдрах боломжгүй болно. Дэлхийг нарнаас бага зэрэг холдуулбал ус нь хөлдөж, дэлхий аварга том мөсөн бөмбөг болно. Ехова дэлхий нар хоёрын хоорондох зайг сайн тохируулсан учраас дэлхий дээрх усны эргэлт амьдралыг тэтгэдэг. Далай болон хөрсний гадаргуу дээрх ус наранд халахаараа ууршиж, үүл болдог. Нар жилд 500 000 шоо километр усыг ууршуулдаг. Ууршсан ус агаар мандалд 10 орчим хоног байсны дараа бороо, цас болж ордог. Эцэст нь далай тэнгис, нуур цөөрөм, гол мөрөндөө буцаж очдог. Байнга давтагддаг энэ эргэлт Еховагийн мэргэн ухаан, хүч чадлыг илтгэдэг (Иов 36:27, 28; Ном. 1:7).

7. Дуулал 115:16-д бичсэн бэлгийг үнэлдэг хүн яадаг вэ?

7 Энэ гайхамшигтай гараг, түүн дээрх бүхнийг улам их үнэлж эрхэмлэхийн тулд яах хэрэгтэй вэ? (Дуулал 115:16-г уншина). Еховагийн бүтээлийг эргэцүүлэн бодох нь нэг арга юм. Ингэдэг бол сайн сайхан бүхнийг өгдөг Еховадаа өдөр бүр талархлаа илэрхийлэх хүсэл төрнө. Түүнээс гадна, амьдарч буй газраа боломжийнхоо хэрээр цэвэр цэмцгэр байлгадаг бол дэлхийгээ хайрладаг гэсэн үг.

ХҮНИЙ ТАРХИ ГАЙХАМШИГТАЙ

8. Тархийг яагаад гайхамшигтай бүтээл гэж хэлж болох вэ?

8 Хүний уураг тархи бол гайхамшигтай бүтээл юм. Хүүхэд эхийн хэвлийд бүрэлдэх үед минут тутамд тархины хэдэн мянган эс үүссээр маш нарийн бүтэцтэй тархи бий болдог байна! Насанд хүрсэн хүний тархи дунджаар 1,5 килограмм жинтэй бөгөөд нейрон гэж нэрлэдэг 100 тэрбум эсээс тогтдог гэж эрдэмтэд тооцоолжээ. Хүний тархины гайхалтай чадварын цөөн хэдийг дурдъя.

9. Ярих чадварыг Бурхан бэлэглэсний баталгаа юу вэ?

9 Хүний ярих чадвар бол гайхамшиг юм. Ярих үед юу болдгийг бодоод үзье. Нэг л үгийг хэлэхэд хэл, хоолой, уруул, эрүү, цээжний 100 орчим булчин оролцдог бөгөөд тархи эдгээр булчингийн хөдөлгөөнийг зохицуулдаг. Энэ бүх булчин зөв ажиллавал хэлсэн үг маань тод байна. Гадаад хэл сурах талаар 2019 онд хэвлэгдсэн нэгэн судалгааны материалд бичсэнээр, нярай хүүхэд үгийг ялгаж ойлгодог ажээ. Хүн хэлнүүдийг ялгах, гадаад хэл сурах чадвартай төрдөг гэж үздэг олон судлаачийн үзэл баримтлал энэ судалгаагаар батлагдаж байгаа юм. Тэгэхээр ярих чадвар бол Бурхны өгсөн бэлэг гэдэг нь тодорхой байна (Ег. 4:11).

10. Бурхны өгсөн хэл яриа гэдэг бэлгийг үнэлдгээ харуулах нэг арга юу вэ?

10 Хэл яриа гэдэг бэлгээ үнэлэх нэг арга нь ямар учраас Бурханд итгэдгээ, яагаад эволюцийн сургаалыг хүлээж авдаггүйгээ хүмүүст тайлбарлах явдал юм (Дуу. 9:1; 1 Петр 3:15). Эволюцийн онолд итгэдэг хүмүүс дэлхий ба түүн дээрх амьд биетүүд тохиолдлоор үүссэн гэж ярьдаг. Библийг болон энэ өгүүллээр ярилцсан зүйлийг ашиглавал бидний яриаг сонсоход бэлэн байгаа хүмүүст Ехова бол тэнгэр газрыг бүтээсэн Бүтээгч гэдэгт итгэдгийнхээ учрыг тайлбарлаж чадна (Дуу. 102:25; Ис. 40:25, 26).

11. Хүний тархи өөр юугаараа гайхалтай вэ?

11 Санах, тогтоох чадвар үнэхээр гайхалтай. Хүний тархи 20 сая номтой тэнцэх хэмжээний мэдээллийг санах чадвартай гэж урьд нь нэг эрдэмтэн тооцоолж байсан бол, одоо түүнээс ч илүү хүчин чадалтай гэж үзэх болжээ. Өөр ямар өвөрмөц чадвар хүнд байдаг вэ?

12. Хүн амьтнаас юугаараа ялгаатай вэ?

12 Дэлхий дээрх амьтдын дотроос зөвхөн хүн л урьд нь болсон явдлыг санаж, дүгнэлт хийдэг учраас ёс суртахууны хүмүүжил олж авах чадвартай. Үүний дүнд сэтгэхүй болоод амьдралын хэв маягаа өөрчилж, урьдынхаасаа илүү сайн хүн болох боломжтой (1 Кор. 6:9–11; Кол. 3:9, 10). Зөв бурууг ялгаж сурдаг (Евр. 5:14). Хайрлаж, өрөвдөж, энэрч сурдаг. Мөн Еховагийн шударга занг илэрхийлж сурдаг.

13. Дуулал 77:11, 12-т бичсэнийг үзвэл, ой ухаан гэдэг бэлгээ эрхэмлэх арга юу вэ?

13 Ой ухаан гэдэг бэлгээ хэрхэн эрхэмлэх вэ? Нэг арга нь Ехова хэрхэн тусалж, тайвшруулж байсныг нэг бүрчлэн санах гэж хичээх явдал юм. Ингэвэл Ехова ирээдүйд ч тусална гэсэн итгэл төрнө (Дуулал 77:11, 12-ыг уншина; 78:4, 7). Мөн хүмүүс танд ямар сайн юм хийснийг санаж, тэдэнд талархдаг байх хэрэгтэй. Талархах сэтгэлтэй хүн бусдаас илүү жаргалтай байдгийг эрдэмтэд олж тогтоожээ. Түүнээс гадна, Еховаг дуурайн зарим юмыг мартах нь бидэнд сайн. Жишээлбэл Ехова төгс ой ухаантай атлаа биднийг гэмшвэл уучилж, хийсэн хэргийг маань мартдаг (Дуу. 25:7; 130:3, 4). Таныг гомдоосон хүн гэмшвэл уучлаад, хийсэн хэргийг нь мартах хэрэгтэй. Ехова биднийг ийм байгаасай гэж хүсдэг (Мат. 6:14; Лук 17:3, 4).

Уураг тархи гэдэг бэлгээ эрхэмлэдэг бол тархиа Еховаг алдаршуулахын тулд ашиглана (14-р догол мөрийг үзээрэй) *

14. Уураг тархи гэдэг гайхалтай бэлгээ хэрхэн эрхэмлэх вэ?

14 Хэрэв бид уураг тархи гэдэг гайхалтай бэлгээ эрхэмлэдэг бол энэ бэлгийг өгсөн Нэгнийг алдаршуулахын тулд тархиа ашиглана. Зарим хүн зөв бурууг өөрийнхөөрөө шийдэх гэж тархиа ажиллуулдаг. Гэхдээ биднийг бүтээсэн Еховагийн хэм хэмжээ ямар ч хүнийхээс илүү гэдэг нь ойлгомжтой (Ром 12:1, 2). Еховагийн хэм хэмжээг баримталбал бид амар тайван аж төрнө (Ис. 48:17, 18). Утга учиртай амьдарна. Өөрөөр хэлбэл амьд явах хугацаандаа Бүтээгчээ, Эцгээ алдаршуулж, түүнийг баярлуулна (Сур. 27:11).

БИБЛИ БОЛ ГАЙХАМШИГТАЙ БЭЛЭГ

15. Ехова хүн төрөлхтөнд хайртайг Библи гэдэг бэлэг нь хэрхэн баталдаг вэ?

15 Библи бол Бурхны өгсөн гайхамшигтай бэлэг юм. Тэнгэрийн Эцэг маань хүүхдүүд бидэндээ маш их хайртай учраас хэдэн хүнийг агуу хүчээрээ удирдаж Библийг бичүүлжээ. Ехова Библиэр дамжуулан хамгийн чухал асуултуудад хариулдаг. Тухайлбал, «Хүн яаж үүссэн бэ? Амьдралын утга учир юу вэ? Ирээдүйд юу болох вэ?» гэх мэт. Эдгээр асуултын хариуг бүх хүүхдэдээ хэлж өгөхийн тулд хүмүүсийг олон зууны туршид удирдан, Библийг янз бүрийн хэлээр орчуулах ажлыг хийлгэсэн. Бүтнээр нь болон хэсэгчлэн орчуулсан Библийг өнөөдөр 3 000 гаруй хэлээр унших боломжтой! Библи бол түүхэнд хамгийн олон хэлээр орчуулагдсан, хамгийн өргөн тархсан ном юм. Хаана амьдардаг, ямар хэлээр ярьдгаасаа үл хамааран, Библийг эх хэлээрээ унших боломжтой ( «Библийг Африкийн олон хэлээр орчуулсан» гэсэн хавсралтыг үзээрэй).

16. Матай 28:19, 20-ийг үзвэл, Библийг үнэлж эрхэмлэдгээ хэрхэн батлах вэ?

16 Библийг өдөр бүр уншиж, эргэцүүлэн бодож, мэдсэнээ ажил болгох гэж хамаг чадлаараа хичээдэг бол энэ бэлгээ эрхэмлэж байна гэсэн үг. Мөн Библийн мэдээг аль болох олон хүнд дуулгахын тулд чадах бүхнээ хийдэг бол Бурханд талархаж байгаа хэрэг юм (Дуу. 1:1–3; Мат. 24:14; Матай 28:19, 20-ийг уншина).

17. Энэ өгүүллээр юу үзсэн бэ? Дараагийн өгүүллээр юуны тухай ярилцах вэ?

17 Энэ өгүүллээр, Бурхны өгсөн гурван бэлгийн тухай үзлээ. Эдгээр нь, бидний гэр орон болсон дэлхий, гайхалтай зохион бүтээгдсэн уураг тархи, Бурхны агуу хүчний удирдлагаар бичигдсэн Библи юм. Ехова үл үзэгдэх зүйлийг ч бэлэг болгон өгсөн. Энэ тухай дараагийн өгүүллээр ярилцана.

ДУУ 2 Ехова танд баярлалаа

^ д/м 5 Еховад талархаж, өгсөн гурван бэлгийг нь үнэлэхэд энэ өгүүлэл тус болно. Мөн Бурхан байдагт эргэлздэг хүнийг эргэцүүлэн бодуулж, зөв дүгнэлтэд хүргэхийн тулд яах хэрэгтэйг хэлж өгнө.

^ д/м 64 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Гэрч эмэгтэй цагаач иргэдэд Библийн мэдээг хүргэхийн тулд хэл сурч байна.