Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 19

«Умард зүгийн хаан» эцсийн цагт

«Умард зүгийн хаан» эцсийн цагт

«Эцсийн цагт Өмнө зүгийн хаан түүнтэй [Умард зүгийн хаантай] мөргөлдөнө» (ДАН. 11:40).

ДУУ 49 Еховад хоргодъё

ТОЙМ *

1. Библийн зөгнөлөөс юуны тухай мэдэж болох вэ?

ОЙРЫН ирээдүйд Еховагийн ард түмэнд юу тохиолдох вэ? Таах шаардлагагүй. Удахгүй бүх хүнд хамаатай томоохон үйл явдлууд болохыг Библийн зөгнөл хэлж өгдөг. Ялангуяа нэг зөгнөлд дэлхийн хамгийн хүчирхэг засгийн газрууд юу хийхийг дурдсан байдаг. «Даниел» номын 11 дүгээр бүлэгт тэмдэглэгдсэн уг зөгнөлд өрсөлдөгч хоёр тал буюу Умард ба Өмнө зүгийн хоёр хааны тухай өгүүлдэг. Энэ зөгнөлийн ихэнх хэсэг аль хэдийнээ биелсэн учраас үлдсэн хэсэг нь бас биелэх нь гарцаагүй.

2. Эхлэл 3:15 болон Илчлэл 11:7; 12:17-д бичсэнийг үзвэл, Даниелын зөгнөлийг судлахдаа юуг санах хэрэгтэй вэ?

2 «Даниел» номын 11 дүгээр бүлэгт гардаг зөгнөлийг ойлгохын тулд Бурхны ард түмэнтэй шууд холбогдож ирсэн удирдагчид болон засгийн газруудыг л уг зөгнөлд онцолсныг юуны түрүүнд санах хэрэгтэй. Дэлхийн хүн амын тоотой харьцуулахад Бурхны үйлчлэгчид дэндүү цөөхөн атлаа тэдгээр засгийн газрын бай болдог нь ямар учиртай вэ? Сатан ба түүний эрхшээлд байдаг ертөнц Ехова Есүс хоёрт үйлчилдэг хэн бүхнийг устгах зорилготой учраас тэр юм (Эхлэл 3:15; Илчлэл 11:7; 12:17-г уншина). Санах хэрэгтэй бас нэг зүйл нь, Даниелын бичсэн зөгнөл Бурхны Үгэнд байдаг бусад зөгнөлтэй харилцан уялдах ёстой. Тийм учраас үүнийг Библийн бусад номтой харьцуулан судалбал зөв ойлгоно.

3. Энэ болон дараагийн өгүүллээр юу үзэх вэ?

3 Дээрх зүйлүүдийг санангаа Даниел 11:25–39бичсэн зөгнөлийг дэлгэрэнгүй авч үзье. Мөн 1870–1991 онд хэн Умард зүгийн хаан, хэн Өмнө зүгийн хаан байсныг ярилцъя. Энэ зөгнөлийн талаарх ойлголтоо яагаад өөрчлөх шаардлагатайг бас хэлэлцье. Дараагийн өгүүллээр, Даниел 11:40—12:1-ийг дэлгэрэнгүй үзэж, 1991 оноос Хармагедон хүртэлх хугацаанд болох үйл явдлын талаар зөв ойлгодог болно. Энэ хоёр өгүүллийг судлахдаа «Өрсөлдөгч хаад эцсийн цагт» гэсэн хүснэгтийг үзэх нь тустай. Эхлээд, Даниелын зөгнөлд гардаг хоёр хааныг мэдэх хэрэгтэй.

УМАРД БА ӨМНӨ ЗҮГИЙН ХААДЫГ ХЭРХЭН ТАНИХ ВЭ?

4. Умард ба Өмнө зүгийн хаадыг мэдэхийн тулд ямар гурван хүчин зүйлийг анхаарах хэрэгтэй вэ?

4 «Умард зүгийн хаан», «Өмнө зүгийн хаан» гэдгээр анх Израйлын өмнөд, хойд хөршийн удирдагчдыг хэлдэг байсан. Яагаад? Даниелд мэдээ хүргэхээр ирсэн тэнгэрийн элч: «Чиний ард түмэнд юу тохиолдох тухай чамд ойлгуулахаар би одоо ирлээ» гэсэн байдаг (Дан. 10:14). МЭ 33 оны Тавь дахь өдрийн баяр хүртэл Израйл үндэстэн Бурхны ард түмэн байсан. Харин түүнээс хойш Ехова израйл үндэстнийг бус, Есүсийн үнэнч шавь нарыг ард түмнээ гэж үзэх болсноо илт харуулжээ. Тиймд «Даниел» номын 11 дүгээр бүлэгт бичсэн зөгнөлийн ихэнх нь израйл үндэстэнд биш, харин Христийн дагалдагчдад хамаатай (Үйлс 2:1–4; Ром 9:6–8; Гал. 6:15, 16). Түүнчлэн, Умард ба Өмнө зүгийн хаад цагийн аясаар өөрчлөгдөж ирсэн. Гэхдээ өөрчлөгдөөгүй зүйл ч бий. Нэгдүгээрт, тэр хаад Бурхны ард түмнийг амар тайван байлгадаггүй байсан. Хоёрдугаарт, ард түмэнтэй нь харгис ширүүн харьцсанаараа жинхэнэ Бурхан Еховаг үзэн яддагаа харуулсан. Гуравдугаарт, энэ хоёр хаан нэгнийхээ дээр гарах гэж өрсөлдөн тэмцэлдэж ирсэн.

5. Даниелын зөгнөлд гардаг Умард ба Өмнө зүгийн хаад МЭ 2-р зуунаас 19-р зууны сүүлч хүртэлх хугацаанд байсан уу? Тайлбарлана уу.

5 МЭ 2-р зуунд Христийн хуурамч дагалдагчдын тоо жинхэнэ дагалдагчдынхаас хол давжээ. Тэд хуурамч шашны сургаал зааж, Бурхны Үгэнд байдаг үнэнийг нуусан. Тэр үеэс 19-р зууны сүүлч хүртэлх хугацаанд дэлхий дээр Бурхны үйлчлэгчдийн зохион байгуулалттай бүлэг гэж байгаагүй. Зэрлэг өвс хаа сайгүй ургадаг шиг Христийн хуурамч дагалдагчид олширч, жинхэнэ дагалдагчдыг ялгаж таних аргагүй болов (Мат. 13:36–43). Эдгээр баримтыг тооцож үзвэл, МЭ 2-р зуунаас 19-р зууны хоёрдугаар хагас хүртэлх хугацаанд оршин тогтнож байсан засгийн газрууд болон тэдний удирдагчдыг Даниелын зөгнөлд гардаг Умард ба Өмнө зүгийн хаад гэж үзэж болохгүй нь тодорхой байна. Хоёр хааны бай болсон Бурхны үйлчлэгчдийн зохион байгуулалттай бүлэг ч тэр үед байгаагүй. * Харин 19-р зууны сүүлчээр Умард ба Өмнө зүгийн хаад тодорчээ. Яагаад тэгж хэлж болох вэ?

6. Бурхны ард түмэн хэзээнээс дахин зохион байгуулагдсан бэ? Тайлбарлана уу.

6 Бурхны ард түмэн 1870 оноос дахин зохион байгуулагдаж эхлэв. Энэ онд Чарлз Т. Рассел болон түүний нөхөд Библи судлалын бүлгэм байгуулжээ. Тэд Мессиагийн Хаант төр байгуулагдахаас өмнө «замыг цэвэрлэх» элчийн үүрэг гүйцэтгэсэн (Мал. 3:1). Бурхны ард түмэн ийнхүү зохион байгуулагдлаа! Тэгвэл тэр үед Бурхны үйлчлэгчдийг хавчин гадуурхах улс төрийн хүчнүүд байсан болов уу? Дараах баримтыг үзье.

ХЭН ӨМНӨ ЗҮГИЙН ХААН БЭ?

7. Дэлхийн I дайнд хэн Өмнө зүгийн хаан байсан бэ?

7 1870 он гэхэд Британи хамгийн хүчирхэг армитай, дэлхийн хамгийн том эзэнт гүрэн болсон байв. Даниелын зөгнөлд гурван эврийг ялсан жижиг эврийн тухай гардаг. Энэ жижиг эвэр нь Британийг, харин гурван эвэр нь Франц, Испани, Нидерландыг төлөөлдөг (Дан. 7:7, 8). Британи дэлхийн I дайнд Өмнө зүгийн хаан байжээ. Яг энэ үед хүчирхэг эдийн засагтай Америкийн Нэгдсэн Улс Британитай түншилж эхэлсэн.

8. Эцсийн цагт хэн Өмнө зүгийн хаан бэ?

8 Дэлхийн І дайнд Америкийн Нэгдсэн Улс болон Британи улс хүч хавсран оролцсон. Хоёр гүрэн ийнхүү түншилж улам бүр хүчирхэгжсэнээр Англи-Америкийн эзэнт гүрэн бий болжээ. Даниелын зөгнөснөөр, энэ хаан «ихэд олон, маш хүчтэй цэргийг» бэлтгэсэн (Дан. 11:25). Эцсийн цагт Англи-Америкийн эзэнт гүрэн Өмнө зүгийн хаан байсаар ирсэн. * Тэгвэл хэн Умард зүгийн хаан бэ?

ХЭН УМАРД ЗҮГИЙН ХААН БЭ?

9. Умард зүгийн хаан хэзээ тодорсон бэ? Даниел 11:25 хэрхэн биелсэн бэ?

9 Рассел болон түүний нөхдийг Библи судлалын бүлгэм байгуулснаас хойш нэг жилийн дараа буюу 1871 онд Умард зүгийн хаан дахин гарч иржээ. Энэ онд Германы эзэнт гүрэн байгуулагдсан бөгөөд үүнд Отто фон Бисмарк голлох үүрэг гүйцэтгэв. Прүссийн хаан I Вилхэлм энэ гүрний анхны хаанаар өргөмжлөгдөж, Бисмаркийг анхны канцлер буюу ерөнхий сайдаар томилжээ. * Түүнээс хойших хэдэн арван жилийн турш Герман улс Африк, Номхон далайн орнуудыг колоничилж, Британитай өрсөлдөж эхлэв (Даниел 11:25-ыг уншина). Германы эзэнт гүрэн хүчирхэг зэвсэгт хүчнийг байгуулж, дэлхийд хоёрт орох тэнгисийн цэргийн флоттой болжээ. Герман улс дэлхийн I дайнд оролцох үедээ ийм хүчирхэг армитай байв.

10. Даниел 11:25б, 26 хэрхэн биелсэн бэ?

10 Германы эзэнт гүрэн болон зэвсэгт хүчинд юу тохиолдохыг Даниел зөгнөсөн. Зөгнөлд бичсэнээр, Умард зүгийн хаан «дийлж чадахгүй». Яагаад? «Түүний эсрэг гарсан хуйвалдаануудаас болж» гэсэн. «Түүний шилмэл идээг хүртэгсэд өөрийг нь хөнөөх» ажээ (Дан. 11:25б, 26а). Даниелын үед хааны «амттан шимттэнээс» хүртдэг хүмүүсийн тоонд «хааны хувийн үйлчлэлд» зүтгэдэг ордны түшмэд багтдаг байв (Дан. 1:5). Тэгвэл «шилмэл идээг хүртэгсэд» гэж хэнийг хэлсэн бэ? Германы эзэнт гүрний өндөр дээд албан тушаалтнууд, түүний дотор эзэн хааны генералууд, цэргийн зөвлөхүүдийг хэлжээ. Тэд хожим нь хаант засгийг түлхэн унагасан юм. * Германы эзэнт гүрний уналтыг төдийгүй Өмнө зүгийн хаантай хийх дайн хэрхэн төгсөхийг Даниел зөгнөжээ. Умард зүгийн хааны тухай зөгнөхдөө «Түүний цэрэг бутрах боловч олон хүн алагдана» гэсэн байдаг (Дан. 11:26б). Дэлхийн I дайны үед Германы арми, зөгнөсөн ёсоор, «бутарсан» бөгөөд олон хүн «алагдсан». Тухайн үед хамгийн олон хүний амийг авч одсон дайн байлаа.

11. Умард ба Өмнө зүгийн хаад яасан бэ?

11 Даниел 11:27, 28-д дэлхийн І дайнаас өмнө болох үйл явдлыг өгүүлдэг. Умард ба Өмнө зүгийн хаад «нэг ширээнд сууж байхдаа бие биендээ худал хэлнэ» гэжээ. Мөн Умард зүгийн хаан «их олз баялаг» цуглуулна гэсэн. Энэ зөгнөл яг таг биелжээ. Герман Британи хоёр энх тайвныг хүсдэг гэж бие биедээ ярьдаг ч худлаа байсан нь 1914 онд хоорондоо байлдсанаас тодорхой харагддаг. 1914 оноос өмнөх хэдэн арван жилийн туршид Герман баяжиж, дэлхийд хоёрт орох хүчирхэг эдийн засагтай гүрэн болжээ. Дараа нь Даниел 11:29, 30а-д байдаг зөгнөл биелж, Герман улс Өмнө зүгийн хаантай тулалдсан. Гэвч ялагджээ.

ХААД БУРХНЫ АРД ТҮМНИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН НЬ

12. Дэлхийн I дайны үед Умард ба Өмнө зүгийн хаад юу хийсэн бэ?

12 Хоёр хаан 1914 оноос эхлэн хоорондоо өрсөлдөхийн зэрэгцээ Бурхны ард түмнийг эсэргүүцэх нь улам бүр ихэсжээ. Жишээлбэл, дэлхийн I дайны үед Германы засгийн газар ч, Британийн засгийн газар ч Бурхны үйлчлэгчдийг дайнд оролцохоос татгалзсан хэмээн хавчих болсон. Мөн Илчлэл 11:7–10-т бичсэн зөгнөл ёсоор, АНУ-ын засгийн газар дэлгэрүүлэх ажлыг удирддаг хүмүүсийг шоронд хорив.

13. 1930-аад онд, ялангуяа дэлхийн II дайны үед Умард зүгийн хаан яасан бэ?

13 1930-аад онд, ялангуяа дэлхийн II дайны үед Умард зүгийн хаан Бурхны ард түмэн рүү хайр найргүй довтолжээ. Германы нацист нам засгийн эрхэнд гарахад Гитлерийн талынхан Бурхны ард түмний үйл ажиллагааг хориглосон. Тэд Еховагийн үйлчлэгчдийг хэдэн зуугаар нь хөнөөж, хэдэн мянгаар нь хорих лагериуд руу илгээж байлаа. Даниел энэ тухай зөгнөсөн ажээ. Умард зүгийн хаан Бурхны ард түмнийг хавчиж, Еховагийн нэрийг олон нийтэд тунхаглах эрх чөлөөг нь хааж боосноор «ариун газрын цайзыг бузарлаж, өдөр бүрийн тахилыг хориглоно» гэсэн зөгнөл биелсэн (Дан. 11:30б, 31а). Тэр байтугай, Гитлер Герман дахь Бурхны ард түмнийг устгана гэсэн ам тангараг өгчээ.

УМАРД ЗҮГИЙН ШИНЭ ХААН

14. Дэлхийн II дайны дараа хэн Умард зүгийн хаан болсон бэ? Тайлбарлана уу.

14 Дэлхийн II дайны дараа Зөвлөлт Холбоот Улсын коммунист засгийн газар Германы мэдэлд байсан өргөн уудам нутгийг гартаа оруулж, Умард зүгийн хаан болжээ. Жинхэнэ Бурхныг шүтэхийг төр засагт захирагдахаас илүү чухалд үздэг бүх хүнийг нацист Герман хавчсан. ЗХУ ч энэ жишгийг дагажээ.

15. Дэлхийн II дайн дуусаад удаагүй байхад Умард зүгийн шинэ хаан юу хийсэн бэ?

15 Дэлхийн II дайн дуусаад удаагүй байхад Умард зүгийн шинэ хаан буюу ЗХУ холбоотнуудтайгаа Бурхны ард түмэн рүү дайрчээ. Энэ хавчлагыг Илчлэл 12:15–17-д «голтой» зүйрлэсэн байдаг. Умард зүгийн хаан дэлгэрүүлэх ажлыг хориглож, Еховагийн олон мянган үйлчлэгчийг Сибирь лүү цөлснөөр уг зөгнөл биелжээ. Умард зүгийн хаан эцсийн өдрүүд эхэлсэн цагаас өнөөг хүртэл Бурхны ард түмнийг улам бүр хавчиж байгаа ч ажлыг нь зогсоож чадаагүй. *

16. Даниел 11:37–39 хэрхэн биелсэн бэ?

16 Даниел 11:37–39-ийг уншина. Энэ зөгнөл биелж, Умард зүгийн хаан «өвөг дээдсийнхээ бурхдыг» хүндэтгээгүй. Энэ нь юунаас харагддаг вэ? ЗХУ шашныг устгах зорилгоор, уламжилж ирсэн шашны байгууллагуудыг нухчин дарахыг оролдсон. Зөвлөлт засгийн газар энэ зорилгоо биелүүлэхийн тулд бүр 1918 онд нэг тушаал гаргажээ. Тэр тушаал хожмоо сургуулиудад бурхангүй үзлийг заах үндэс болсон. Умард зүгийн хаан «цайзуудын бурхныг» яаж «тахин хүндэтгэсэн» бэ? ЗХУ цэрэг армийнхаа хүчийг зузаатгахын тулд асар их хэмжээний мөнгө зарцуулж, цөмийн зэвсгийг хэдэн мянгаар нь үйлдвэрлэж байна. Умард ба Өмнө зүгийн хаадын аль аль нь хэдэн тэрбум хүнийг устгах чадалтай зэвсэгтэй болсон!

ХОЁР ХААН ХАМТРАН АЖИЛЛАСАН НЬ

17. «Хоосролын бузар юм» гэж юу вэ?

17 Умард зүгийн хаан нэг чухал зүйлийн төлөө Өмнө зүгийн хаантай хамтран ажилласан. Тэд «хоосролын бузар юмыг тогтоож тавьсан» (Дан. 11:31). «Бузар юм» гэдэг нь Нэгдсэн Үндэстний Байгууллага юм.

18. Нэгдсэн Үндэстний Байгууллагыг яагаад «бузар юм» гэсэн бэ?

18 Зөвхөн Бурхны Хаант төр даян дэлхийд энх тайвныг тогтоож чадах билээ. Гэтэл Нэгдсэн Үндэстний Байгууллага энэ үйлсийг бүтээнэ гэж тунхагладаг. Тийм учраас НҮБ-ыг «бузар юм» гэжээ. Мөн бүх хуурамч шашныг устгахад гол үүрэг гүйцэтгэх учраас «хоосролын» бузар юм гэсэн («Өрсөлдөгч хаад эцсийн цагт» гэсэн хүснэгтийг үзээрэй).

ЭНЭ ТҮҮХИЙГ ЯАГААД МЭДЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

19, 20. а) Энэ түүхийг яагаад мэдэх хэрэгтэй вэ? б) Дараагийн өгүүллээс ямар асуултын хариуг мэдэж авах вэ?

19 Умард ба Өмнө зүгийн хаадын тухай Даниелын зөгнөл 1870–1991 онд биелснийг батлах түүхийг энэ өгүүллээр авч үзлээ. Энэ түүхийг мэддэг бол Даниелын зөгнөлийн үлдсэн хэсэг биелнэ гэдэгт бат итгэлтэй байна.

20 Зөвлөлт Холбоот Улс 1991 онд задарсан. Тэгвэл одоо хэн Умард зүгийн хаан бэ? Дараагийн өгүүллээс энэ асуултын хариуг мэдэж авъя.

ДУУ 24 Шагналаа харж явъя!

^ д/м 5 «Умард зүгийн хаан» ба «Өмнө зүгийн хааны» тухай Даниелын зөгнөл одоо ч биелж байгааг бид харж байна. Яагаад ийм итгэлтэй хэлж байна вэ? Энэ зөгнөлийг сайн ойлгох хэрэгтэйн учир юу вэ?

^ д/м 5 Энэ шалтгааны улмаас «Даниелын зөгнөлийг анхаарагтун!» номын 13, 14-р бүлэгт бичсэн тайлбар өөрчлөгдлөө. Тэнд Ромын эзэн хаан Аврелианыг (МЭ 270–275 он) «Умард зүгийн хаан», хатан хаан Зэнобиаг (МЭ 267–272 он) «Өмнө зүгийн хаан» гэсэн байдаг (Pay Attention to Daniel’s Prophecy!).

^ д/м 9 Бисмаркийг 1890 онд кайзэр (эзэн хаан) II Вилхэлм огцруулжээ.

^ д/м 10 Тэд хаант засгийг түлхэн унагахын тулд янз бүрийн арга хэрэглэсэн. Тухайлбал, кайзэрт туслахаа больсон, дайнд ялагдаж байгаа тухай нууц мэдээллийг задруулсан, албан тушаалаасаа огцрохыг кайзэрт тулган шаардсан.

^ д/м 15 Даниел 11:34-ийг үзвэл, Умард зүгийн хаан Христийн дагалдагчдыг хавчихаа түр зогсоох ажээ. Тухайлбал, 1991 онд ЗХУ задрахад энэ зөгнөл биелсэн.