Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 20

Өнөөдөр хэн «Умард зүгийн хаан» бэ?

Өнөөдөр хэн «Умард зүгийн хаан» бэ?

«Түүний төгсгөл ирэх бөгөөд хэн ч түүнд туслахгүй» (ДАН. 11:45).

ДУУ 43 Сэрэмжтэй, итгэлтэй, хүчтэй байгтун

ТОЙМ *

1, 2. Энэ өгүүллээр юу үзэх вэ?

ӨНӨӨГИЙН тогтолцооны эцсийн өдрүүдийн төгсгөлд амьдарч байгаа маань улам бүр тодорхой болж байна. Ехова Есүс хоёр Хаант төрийг эсэргүүцдэг бүх засгийн газрыг удахгүй устгана. Энэ үйл явдал болтол Умард ба Өмнө зүгийн хаад хоорондоо өрсөлдөж, Бурхны ард түмнийг эсэргүүцсээр байх болно.

2 Даниел 11:40—12:1-д бичсэн зөгнөлийг энэ өгүүллээр авч үзье. Өнөөдөр хэн Умард зүгийн хаан бэ гэдгийг мэдэж авъя. Мөн удахгүй тулгарах сорилтыг ажрахгүй давна гэдэгтээ яагаад итгэлтэй байж болохыг ярилцъя.

УМАРД ЗҮГИЙН ШИНЭ ХААН

3, 4. Хэн Умард зүгийн хаан бэ? Тайлбарлана уу.

3 Зөвлөлт Холбоот Улс 1991 онд задрахад, тус улсын өргөн уудам нутаг дэвсгэрт амьдарч байсан Бурхны ард түмэн хэсэг зуур эрх чөлөөтэй болсон. «Бага зэрэг л тусламж авна» гэсэн зөгнөл ийнхүү биелжээ (Дан. 11:34). Үүний үрээр чөлөөтэй дэлгэрүүлдэг болов. Удалгүй ЗХУ-ын харьяанд байсан улс орнууд дахь дэлгэрүүлэгчдийн тоо хэдэн зуун мянга болтлоо өсжээ. Гэвч яваандаа Орос болон түүний холбоотнууд Умард зүгийн хаанаар тодорсон. Өмнөх өгүүлэлд үзсэнээр, дараах гурван зүйлээр Умард ба Өмнө зүгийн хаадыг тодорхойлно. Үүнд: 1) Бурхны ард түмнийг амар тайван байлгадаггүй, 2) Еховагийн болон ард түмнийх нь дайсан гэдгээ үйл хэргээрээ харуулдаг, 3) өрсөлдөгч хаантайгаа тэмцдэг.

4 Яагаад Орос ба түүний холбоотнуудыг Умард зүгийн хаан гэснийг анхаараарай. 1) Тэд нутаг дэвсгэрт нь амьдардаг Бурхны ард түмнийг хяхаж хавчих, дэлгэрүүлэх ажилд хориг тавих зэргээр амар заяа үзүүлдэггүй. 2) Еховаг болон ард түмнийг нь үзэн яддагаа энэ үйл хэргээрээ баталдаг. 3) Өмнө зүгийн хаан буюу Англи-Америкийн эзэнт гүрэнтэй өрсөлдөж ирсэн. Орос ба түүний холбоотнууд Умард зүгийн хаан гэдгээ хэрхэн баталдгийг одоо үзье.

УМАРД БА ӨМНӨ ЗҮГИЙН ХААД «МӨРГӨЛДӨЖ» БАЙНА

5. Даниел 11:40–43-т юуны тухай бичсэн бэ? Тэр үед юу болох вэ?

5 Даниел 11:40–43-ыг уншина. Эцсийн цагт юу болохыг Даниелын зөгнөлийн энэ хэсэгт тоймлон бичсэн бөгөөд Умард ба Өмнө зүгийн хаад бие биетэйгээ хэрхэн өрсөлдөхийг дүрсэлжээ. Даниелын зөгнөснөөр, эцсийн цагт Өмнө зүгийн хаан Умард зүгийн хаантай «мөргөлдөх» ажээ (Дан. 11:40).

6. Хоёр хаан мөргөлдөж байгаагийн баталгаа юу вэ?

6 Умард ба Өмнө зүгийн хаад дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн болохын төлөө өрсөлдөж ирсэн. Жишээлбэл дэлхийн ІІ дайны дараа ЗХУ болон түүний холбоотнууд Европын ихэнх хэсэгт ноёрхлоо тогтоосон. Умард зүгийн хааны энэ үйлдлээс болж Өмнө зүгийн хаан НАТО гэж алдаршсан олон улсын цэргийн эвслийг байгуулжээ. Энэ хоёр хаан нэг нэгнээсээ илүү гарахын тулд зэр зэвсгээр хөөцөлдөж ирсэн. Түүнчлэн Африк, Ази, Латин Америкт болсон дайны үед нэг нэгнийхээ дайснуудыг дэмжсэн. Сүүлийн жилүүдэд Орос ба түүний холбоотнууд дэлхийн олон улс оронд эрх мэдэл, нэр нөлөөгөө бэхжүүлж байна. Мөн Өмнө зүгийн хаантай кибер дайн хийж байна. Компьютерын аюултай программ ашиглан эдийн засаг, улс төрд хохирол учруулахыг оролдож байна гэж хоёр хаан бие биеэ буруутгадаг. Мөн Даниелын зөгнөснөөр, Умард зүгийн хаан Бурхны ард түмэн рүү дайрч байна (Дан. 11:41).

УМАРД ЗҮГИЙН ХААН «ҮЗЭСГЭЛЭНТ ОРОНД» НЭВТРЭН ОРСОН НЬ

7. «Үзэсгэлэнт Орон» гэж юу вэ?

7 Даниел 11:41-д Умард зүгийн хаан «Үзэсгэлэнт Оронд» нэвтрэн орох тухай зөгнөжээ. Эрт цагт Израйл нь «Үзэсгэлэнт орон» байв. Тэр үед Израйлыг «бүх газруудын алдар нь» гэдэг байсан (Езе. 20:6). Жинхэнэ шүтлэгийн өлгий нутаг учраас онцгой чухалд тооцдог байжээ. Харин МЭ 33 оны Тавь дахь өдрийн баяраас хойш «Үзэсгэлэнт орон» гэдгээр тодорхой газар нутгийг хэлэхээ больсон. Учир нь Еховагийн ард түмэн дэлхийн өнцөг булан бүрд бий. Тэгэхээр, өнөө үед Еховагийн үйлчлэгчдийн амьдрал, үйл хэрэг, түүний дотор цуглаан, дэлгэрүүлэх ажлыг «Үзэсгэлэнт Орон» гэж хэлж болно.

8. Умард зүгийн хаан «Үзэсгэлэнт Оронд» нэвтрэн орсон гэдгийг юу гэж ойлгох вэ?

8 Умард зүгийн хаан эцсийн өдрүүдэд «Үзэсгэлэнт Оронд» удаа дараа нэвтрэн оржээ. Жишээлбэл, Умард зүгийн хаан байсан нацист Герман, ялангуяа дэлхийн II дайны үед Бурхны ард түмнийг хавчиж хяхан, хөнөөж устгасан нь «Үзэсгэлэнт Оронд» нэвтэрсэн хэрэг байлаа. Дэлхийн II дайны дараа Умард зүгийн хаан болсон ЗХУ Бурхны үйлчлэгчдийг хавчин гадуурхаж, цөллөгт явуулсан. Ийнхүү «Үзэсгэлэнт Оронд» нэвтрэн оржээ.

9. Сүүлийн жилүүдэд Орос болон түүнийг дэмжигч улсууд «Үзэсгэлэнт Оронд» хэрхэн нэвтрэн орж байна вэ?

9 Сүүлийн жилүүдэд Орос болон түүнийг дэмжигч улсууд бас «Үзэсгэлэнт Оронд» нэвтрэн орж байна. Яаж? 2017 онд Еховагийн ард түмний үйл ажиллагаанд хориг тавьж, зарим итгэл нэгтнийг маань шоронд хорьсон. Бас манай ном хэвлэлийг, түүний дотор «Шинэ ертөнц орчуулга»-ыг хориглосон. Түүгээр ч зогсохгүй, Орос дахь манай байгууллагын салбарын барилга байгууламж болон цуглаан, чуулганы танхимуудыг хурааж авсан. Энэ бүхний дараа, 2018 онд Удирдах Зөвлөл Орос болон түүний холбоотнуудыг Умард зүгийн хаан гэж үзсэн. Еховагийн ард түмэн харгис ширүүн хавчлагад өртсөн ч хүний засгийн газруудыг түлхэн унагая, өөрчилье гэж огт боддоггүй. Харин Библийн зөвлөгөөний дагуу «эрх мэдэлтнүүдийг залбиралдаа дурддаг». Ялангуяа шүтэх эрх чөлөөнд нөлөөлж мэдэх шийдвэр гаргах үед нь залбирдаг (1 Тим. 2:1, 2).

УМАРД ЗҮГИЙН ХААН ӨМНӨ ЗҮГИЙН ХААНЫГ УСТГАХ УУ?

10. Умард зүгийн хаан Өмнө зүгийн хааныг устгах уу? Тайлбарлана уу.

10 Даниел 11:40–45-д бичсэн зөгнөлд голдуу Умард зүгийн хааны үйл хэргийн тухай гардаг. Тэгвэл энэ хаан Өмнө зүгийн хааныг устгана гэсэн үг үү? Үгүй. Ехова Есүс хоёр Хармагедоны үед хүний бүх засаг төрийг устгатал Өмнө зүгийн хаан «амьд» хэвээрээ байна (Илч. 19:20). Яагаад ийм итгэлтэй хэлж болох вэ? «Даниел», «Илчлэл» номд бичсэн зөгнөлүүдийг авч үзье.

Энд дүрсэлсэн нэг чулуу аварга баримлыг бутлан сүйрүүлсэн шиг, Хармагедоны үед Бурхны Хаант төр хүний засаглалыг устгана (11-р догол мөрийг үзээрэй)

11. Даниел 2:43–45-д бичсэн зөгнөл ямар утгатай вэ? (Сэтгүүлийн нүүрэн дэх зургийг үзээрэй).

11 Даниел 2:43–45-ыг уншина. Зөнч Даниел шил даран гарч ирэх засгийн газруудын тухай зөгнөсөн бөгөөд тэдгээр нь Бурхны ард түмнийг тайван байлгахгүй ажээ. Аварга том баримлын янз бүрийн хэсгүүдээр дүрсэлсэн тэдгээр засгийн газрын сүүлчийнхийг төмөр, шаврын холимгоос бүрддэг тавхайгаар төлөөлүүлжээ. Энэ бол Англи-Америкийн эзэнт гүрэн юм. Бурхны Хаант төр хүний засгийн газруудыг устгатал Англи-Америкийн эзэнт гүрэн оршин тогтносоор байхыг уг зөгнөлөөс мэдэж болно.

12. Араатны долоо дахь толгой юуг төлөөлдөг вэ? Үүнийг мэдэх нь яагаад чухал вэ?

12 Элч Ёохан бас Еховагийн ард түмнийг захирах эзэнт гүрнүүдийн тухай зөгнөжээ. Тэрбээр энэ засгийн газруудыг долоон толгойтой араатан хэмээн дүрсэлсэн. Араатны долоо дахь толгой нь Англи-Америкийн эзэнт гүрнийг төлөөлдөг. Үүнийг мэдэх нь маш чухал. Яагаад гэвэл араатанд толгой нэмж ургана гэж огт бичээгүй. Христ ба тэнгэрийн дайчид энэ араатныг устгатал долоо дахь толгой нь эрх мэдэлтэй хэвээрээ байна. * (Илч. 13:1, 2; 17:13, 14).

УМАРД ЗҮГИЙН ХААН ОЙРЫН ИРЭЭДҮЙД ЮУ ХИЙХ ВЭ?

13, 14. «Магогийн газрын ... Гог» гэж хэн бэ? Юунаас болоод Бурхны ард түмэн рүү дайръя гэж бодох вэ?

13 Умард ба Өмнө зүгийн хаад устгагдахаас өмнө юу болохыг Езекиел зөгнөсөн. Хэрэв Езекиел 38:10–23; Даниел 2:43–45; 11:44—12:1; Илчлэл 16:13–16, 21-д бичсэн зөгнөлүүдэд нэг л юмны тухай өгүүлж байгаа бол дараах үйл явдал болж магадгүй.

14 Агуу их гамшиг эхлээд хэсэг хугацаа өнгөрсний дараа «дэлхийн хаад» үндэстнүүдийг нэгтгэнэ (Илч. 16:13, 14; 19:19). Эвсэн нэгдсэн үндэстнүүдийг Сударт «Магогийн газрын ... Гог» гэдэг (Езе. 38:2). Эвсэн нэгдсэн үндэстнүүд Бурхны ард түмэн рүү эцсийн удаа бүх хүчээрээ дайрна. Юунаас болж дайрах вэ? Элч Ёохан энэ үеийн тухай үзэгдэл үзэхдээ Бурхны дайснууд дээр аварга том мөндөр буухыг харжээ. Еховагийн ард түмний тунхаглах шүүх мэдээг хөнөөлт мөндрөөр төлөөлүүлжээ. Энэ мэдээний улмаас, Бурхны ард түмэн рүү дайрч газрын хөрснөөс арчиж хаяя гэсэн бодол Магогийн Гогт төрж болох юм (Илч. 16:21).

15, 16. а) Даниел 11:44, 45-д ямар үйл явдлын тухай хэлсэн байж болох вэ? б) Умард зүгийн хаан болон Магогийн Гогийг бүрдүүлдэг үндэстнүүд яах вэ?

15 Хүмүүсийг зовоосон энэ мэдээ болон Бурхны дайснуудын эцсийн довтолгоо нь Даниел 11:44, 45-д гардагтай ижил үйл явдал байж магадгүй (уншина). Умард зүгийн хаан «Дорно ба Умард зүгээс ирсэн цуу үгсийг» сонсоод тавгүйтэж, «уур хилэнтэйгээр гарах болно» гэж Даниел бичжээ. Умард зүгийн хаан «олон түмнийг хядаж устгах санаа» өвөрлөнө. «Олон түмэн» гэдэг нь Еховагийн ард түмэн бололтой. * Бурхны ард түмэн рүү эцсийн удаа хамаг хүчээрээ довтлох довтолгооны талаар Даниел хэлсэн байж магадгүй.

16 Умард зүгийн хаан бусад засгийн газартай хүч хавсран ард түмэн рүү нь довтлоход Төгс хүчит Нэгэн уурлан хилэгнэнэ. Тэгээд Хармагедон болно (Илч. 16:14, 16). Тэр үед Умард зүгийн хаан Магогийн Гогийг бүрдүүлдэг үндэстнүүдтэй цуг устгагдана. «Хэн ч түүнд туслахгүй» (Дан. 11:45).

Хармагедоны үед Есүс Христ тэнгэрийн дайчидтайгаа ирж Сатаны бузар муу ертөнцийг устгаад, Бурхны ард түмнийг аварна (17-р догол мөрийг үзээрэй)

17. Даниел 12:1-д гардаг «агуу жонон Михаел» гэж хэн бэ? Юу хийх вэ?

17 Умард зүгийн хаан ба холбоотнууд нь хэрхэн устгагдаж, бид хэрхэн аврагдах тухай нарийн ширийнийг Даниел цааш нь бичжээ (Даниел 12:1-ийг уншина). Энд бичсэнийг юу гэж ойлгох вэ? Михаел гэдэг нь Хаан Христ Есүсийн өөр нэр юм. Хаант төр нь 1914 онд тэнгэрт байгуулагдсан цагаас хойш тэрбээр Бурхны ард түмнийг «хамгаалж» байна. «Босно» гэдэг нь ойрын ирээдүйд буюу Хармагедоны үед дайснуудаа устгана гэсэн үг. Энэ дайн сүүлчийн үйл явдал байх юм. Үүнийг Даниел хамгийн «хүнд цаг» хэмээн нэрлэжээ. «Илчлэл» номд бичсэн Ёоханы зөгнөлд энэ дайны өмнөхөн болох «агуу их гамшгийн» тухай гардаг (Илч. 6:2; 7:14).

ТАНЫ НЭР «НОМД БИЧИГДСЭН» БАЙХ БОЛОВ УУ?

18. Бид ирээдүйгээ яагаад итгэлтэй угтах вэ?

18 Бид ирээдүйгээ итгэлтэйгээр угтана. Яагаад гэвэл Ехова Есүс хоёрт үйлчилдэг бүх хүн агуу их гамшгийн үед эсэн мэнд үлдэнэ гэдгийг Даниел Ёохан хоёрын хэн хэн нь батлан хэлсэн байдаг. Нэр нь «номд бичигдсэн бүгд аврагдах болно» гэж Даниел хэлсэн (Дан. 12:1). Нэрээ бичүүлэхийн тулд яах хэрэгтэй вэ? Бурхны Хурга Есүст итгэдгээ батлах учиртай (Ёох. 1:29). Бурханд өөрийгөө зориулснаа харуулж баптисм хүртэх ёстой (1 Петр 3:21). Түүнчлэн Еховаг мэдэхэд нь хүмүүст тусалж Бурхны Хаант төрийг дэмжих шаардлагатай.

19. Одоо юу хийх хэрэгтэй вэ? Яагаад?

19 Бид одоо л Еховад найдаж, үнэнч үйлчлэгчдээс нь бүрддэг байгууллагад нь улам бүр итгэх ёстой. Мөн одоо л Бурхны Хаант төрийг дэмжих учиртай. Ингэдэг бол Бурхны Хаант төр Умард ба Өмнө зүгийн хаадыг устгах үед эсэн мэнд үлдэнэ.

ДУУ 132 Ялалтын дуу

^ д/м 5 Өнөөдөр хэн «Умард зүгийн хаан» бэ? Хэрхэн устгагдах вэ? Эдгээр асуултын хариуг мэдвэл итгэл батжиж, ойрын ирээдүйд тулгарах сорилтод бэлэн болно.

^ д/м 12 Даниел 2:36–45 болон Илчлэл 13:1, 2-ын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2012 оны 6-р сарын 15-ны дугаарын 7–19-р хуудаснаас үзээрэй.