Skip to content

Гарчиг руу орох

Өрсөлдөгч хаад эцсийн цагт

Өрсөлдөгч хаад эцсийн цагт

Энэ хүснэгтэд дурдсан зарим зөгнөлд нэг цаг үед болсон хэд хэдэн үйл явдлыг дүрсэлсэн. Бид «төгсгөлийн цаг үед» (ШЕ) амьдарч байгааг эдгээр зөгнөл олон янзаар баталдаг (Дан. 12:4).

  • Библийн зүйл: Илч. 11:7; 12:13, 17; 13:1–8, 12

    Зөгнөл: «Араатан» дэлхийгээр хэдэн мянган жил тэнүүчилнэ. Долоо дахь толгой нь эцсийн цагт шархдаж, дараа нь эдгэрнэ. Тэгэхэд «дэлхий даяараа» араатныг дагана. Сатан энэ араатныг ашиглан «үлдсэн хүмүүстэй дайтна».

    Биелэлт: Үерээс хойш өнөөг хүртэлх хугацаанд Еховаг эсэргүүцдэг хүний засгийн газрууд ар араасаа гарч ирсэн. Тэдгээрийн нэг нь Британийн эзэнт гүрэн юм. Дэлхийн І дайны үед энэ улсын хүч суларсан ч АНУ-тай нэгдсэнээр дахин хүчирхэгжжээ. Ялангуяа, эцсийн энэ цагт Сатан улс төрийн тогтолцоог ашиглан Бурхны ард түмнийг хавчиж байна.

  • Библийн зүйл: Дан. 11:25–45

    Зөгнөл: Умард ба Өмнө зүгийн хаад тэмцэлдэнэ.

    Биелэлт: Герман улс нь Британи Америк хоёрын эсрэг тэмцсэн. 1945 онд ЗХУ ба түүний холбоотнууд Умард зүгийн хаан болсон. 1991 онд ЗХУ задрав. Дараа нь Орос ба түүний холбоотнууд Умард зүгийн хаан болов.

  • Библийн зүйл: Ис. 61:1; Мал. 3:1; Лук 4:18

    Зөгнөл: Ехова Мессиагийн Хаант төрийг байгуулахаасаа өмнө «замыг цэвэрлэх» «элчээ» илгээнэ. Тэр «элч» «зовогсдод сайн мэдээг дэлгэрүүлнэ».

    Биелэлт: Ч. Т. Рассел ба түүний нөхөд Библийн сургаалыг тайлбарлах зорилгоор 1870-аад оноос хичээнгүйлэн судалж эхэлжээ. Бурхны үйлчлэгчид дэлгэрүүлэх шаардлагатайг тэд 1880-аад оноос онцлох болов. Тийм учраас «1 000 дэлгэрүүлэгч хэрэгтэй байна» «Дэлгэрүүлэхээр тослогдсон нь» гэх зэргийн өгүүлэл нийтэлсэн.

  • Библийн зүйл: Мат. 13:24–30, 36–43

    Зөгнөл: Дайсан улаан буудайн талбайд зэрлэг өвс тарина. Тэр нь ургаад буудайг далдална. Ургац хураах цаг болоход зэрлэг өвс буудайнаас ялгарна.

    Биелэлт: 1800-гаад оны сүүлчээс Христийн жинхэнэ ба хуурамч дагалдагчдын ялгаа улам тодорч эхэлсэн. Эцсийн цагт жинхэнэ дагалдагчдыг хурал болгон зохион байгуулж, хуурамч дагалдагчдаас салгасан.

  • Библийн зүйл: Дан. 2:31–33, 41–43

    Зөгнөл: Янз бүрийн металлаас бүрдсэн аварга баримлын тавхай нь төмөр ба шаврын холимог.

    Биелэлт: Шавар нь Британи болон АНУ-ын харьяанд байдаг жирийн иргэд юм. Тэд энэ хоёр улсын төр засгийн эсрэг үйл ажиллагаа явуулж Англи-Америкийн эзэнт гүрний төмөр мэт хүчийг сулруулдаг.

  • Библийн зүйл: Мат. 13:30; 24:14, 45; 28:19, 20

    Зөгнөл: «Буудайг» «агуулахад» хийнэ. «Итгэмжит, ухаалаг боол» «гэрийнхнийг» удирдахаар томилогдоно. «Хаант төрийн тухай ... сайн мэдээг» «дэлхий даяар тунхаглана».

    Биелэлт: Бурхны ард түмнийг удирдах итгэмжит боол 1919 онд томилогдов. Тэр цагаас эхлэн Библи Судлаачид дэлгэрүүлэх ажлаа эрчимжүүлсэн. Өнөөдөр Еховагийн Гэрчүүд 200 гаруй улсад дэлгэрүүлж, Библид үндэслэсэн ном хэвлэлийг 1 000 гаруй хэлээр гаргаж байна.

  • Библийн зүйл: Дан. 12:11; Илч. 13:11, 14, 15

    Зөгнөл: Хоёр эвэртэй араатан дэлхийн хүмүүст хандан «Араатанд зориулж хөрөг бүтээ» гэх бөгөөд «энэ хөрөгт амь оруулна».

    Биелэлт: Англи-Америкийн эзэнт гүрэн Үндэстнүүдийн Холбоог үүсгэн байгуулахад олон улс элсжээ. Тэдний нэг нь Умард зүгийн хаан юм. Гэхдээ зөвхөн 1926–1933 онд гишүүн нь байжээ. Энэ холбоо даян дэлхийд энх тайвныг тогтооно гэдэгт үндэстнүүд итгэж байсан. Түүний дараа байгуулагдсан НҮБ-д ч тийнхүү итгэдэг. Гэвч Бурхны Хаант төрөөс өөр хэн ч энхийг тогтоож чадахгүй.

  • Библийн зүйл: Дан. 8:23, 24

    Зөгнөл: «Ичгүүргүй, нууц явуулгад гарамгай нэгэн хаан» «асар их хэмжээгээр эвдэнэ».

    Биелэлт: Англи-Америкийн эзэнт гүрэн хүн төрөлхтөнд маш их сүйрэл учруулсан. Жишээлбэл АНУ дэлхийн ІІ дайны үед Англи-Америкийн эзэнт гүрний дайсан дээр атомын хоёр бөмбөг хаяж, хэзээ ч амсаж байгаагүй асар их хохирол учруулжээ.

  • Библийн зүйл: Дан. 11:31; Илч. 17:3, 7–11

    Зөгнөл: «Арван эвэртэй, час улаан өнгөтэй» араатан ёроолгүй нүхнээс гарч ирнэ. Энэ нь найм дахь хаан юм. «Даниел» номд энэ хааныг «хоосролын бузар юм» гэдэг.

    Биелэлт: Үндэстнүүдийн Холбоо дэлхийн ІІ дайны үед идэвхгүй болсон. Дайн дуусахад НҮБ-ыг «тогтоож тавьсан». Бурхны Хаант төрийн хүртэх ёстой алдрыг урьд нь Үндэстнүүдийн Холбоо хүртэж байсан бол, одоо НҮБ хүртэж байна. НҮБ шашин руу дайрна.

  • Библийн зүйл: 1 Тес. 5:3; Илч. 17:16

    Зөгнөл: Удирдагчид «амар тайван, аюулгүй байдал» гэж тунхаглана. «Арван эвэр» ба «араатан» «янхан» руу дайрч, түүнийг устгана. Дараа нь үндэстнүүд устгагдана.

    Биелэлт: Даян дэлхийд амар тайван, аюулгүй байдлыг тогтоолоо гэж улс үндэстнүүд зарлан тунхаглана. Дараа нь НҮБ-ыг дэмждэг улс үндэстнүүд хуурамч шашны байгууллагуудыг устгана. Энэ нь агуу их гамшгийн эхлэл байх юм. Хармагедоны үед Сатаны ертөнцийг тэр чигээр нь устгахад агуу их гамшиг дуусна.

  • Библийн зүйл: Езе. 38:11, 14–17; Мат. 24:31

    Зөгнөл: Гог Бурхны ард түмэн рүү дайрна. Дараа нь тэнгэрийн элч нар «Бурхны сонгосон хүмүүсийг» цуглуулна.

    Биелэлт: Умард зүгийн хаан бусад засгийн газартай хамтран Бурхны ард түмэн рүү дайрна. Энэ дайралт эхэлсний дараа тослогдогсод тэнгэрт гарна.

  • Библийн зүйл: Езе. 38:18–23; Дан. 2:34, 35, 44, 45; Илч. 6:2; 16:14, 16; 17:14; 19:20

    Зөгнөл: «Цагаан морийг унасан нэгэн» Гогийг цэрэг армитай нь устгаж ялалт байгуулна. «Араатан» «галт нуурт» хаягдаж, аварга баримал бут цохигдоно.

    Биелэлт: Есүс 144 000 захирагч болон тэнгэрийн элч нараас бүрдсэн армитайгаа ирж, эвсэн нэгдсэн үндэстнүүдийг устгаад, Бурхны ард түмнийг аварна. Ийнхүү Сатаны ертөнцийг устгана.