Skip to content

Гарчиг руу орох

Биеэ барих—Еховад таалагддаг чухал чанар

Биеэ барих—Еховад таалагддаг чухал чанар

«Хамаатны залуу хэрүүл өдөөд байхаар нь уур хүрээд заамдаж авсан. Бүр багалзуурдаж алмаар санагдсан»—Пол.

«Би гэртээ байхдаа шалих шалихгүй юмнаас болоод амархан уурладаг байсан. Уурлахаараа тавилга, тоглоом гээд гартаа тааралдсан болгоноо эвдэж сүйтгэдэг байсан»—Марко.

Бид арай ч ийм дээрээ тулахгүй байх. Гэхдээ биеэ барихад хэцүү үе бүх хүнд л тохиолддог. Энэ нь анхны хүн Адамаас нүгэлт хандлагыг өвлөж авсантай холбоотой (Ром 5:12). Зарим хүн Пол Марко хоёр шиг уураа барьж чаддаггүй. Зарим нь таагүй эсвэл аймшигт бодлоосоо салж чаддаггүй. Өөр нэг хэсэг нь завхайрах, архидах, хар тамхи хэрэглэх зэрэг зуршилдаа дийлдэх гээд байдаг.

Бодол, хүсэл, үйлдлээ хянаж чаддаггүй хүн амьдралаа ч баллаж мэднэ. Гэхдээ ийм муухай юмнаас хол байх боломжтой. Яаж? Биеэ барьж сурах хэрэгтэй. Үүний тулд дараах гурван асуултыг авч үзье. 1) Яахыг биеэ барих гэх вэ? 2) Энэ нь яагаад чухал вэ? 3) «Бурхны агуу хүчний нөлөөгөөр бий болдог» энэ чанарыг хэрхэн илэрхийлж сурах вэ? (Гал. 5:22, 23). Заримдаа биеэ барьж чаддаггүй бол яах хэрэгтэйг дараа нь ярилцъя.

ЯАХЫГ БИЕЭ БАРИХ ГЭХ ВЭ?

Биеэ барьдаг хүн ямар ч үед өөрийгөө захирдаг. Бурханд таалагдахгүй юм хэлэх, хийхээс зайлсхийдэг.

Яахыг биеэ барих гэдгийг Есүс тодорхой харуулсан

Яахыг биеэ барих гэдгийг Есүс тодорхой харуулсан. Библид түүний тухай бичихдээ «Доромжлуулсан ч хариуд нь доромжлоогүй, зовсон ч зовоосон хүмүүст өширхөөгүй. Харин шударга шүүдэг Нэгэнд өөрийгөө даатгасан билээ» гэжээ (1 Петр 2:23). Тарчлаах шонд хадуулчихаад байхад нь эсэргүүцэгчид шоолж доромжлоход Есүс тэвчсэн (Мат. 27:39–44). Урьд нь шашны удирдагчид «үгээр нь ороон барьж авах» гэхэд биеэ гайхалтай сайн барьжээ (Мат. 22:15–22). Уурлаж цухалдсан иудейчүүд өөр лүү нь нүүлгэх гээд чулуу авахад ямар сайхан жишээ үзүүлсэн гэж санана! Юу ч хэлээгүй, хийгээгүй. Харин «нуугдаж, сүмээс гарч явав» гэж бичжээ (Ёох. 8:57–59).

Бид Есүсийг дуурайж чадах уу? Тодорхой хэмжээгээр чадна. Элч Петр: «Та нарыг Өөрийнхөө мөрөөр дагуулахын тулд та нарт үлгэр дуурайллыг үлдээн, Христ та нарын төлөө зовлон эдэлсэн» хэмээн бичжээ (1 Петр 2:21, АББН 2004). Бид хэдий төгс бус ч Есүсийг чадах чинээгээрээ дуурайж чадна. Биеэ барих нь яагаад чухал вэ?

БИЕЭ БАРИХ НЬ ЯАГААД ЧУХАЛ ВЭ?

Еховагийн сайшаалыг хүлээхийн тулд биеэ барьдаг байх хэрэгтэй. Еховад олон жил үнэнч үйлчилж байгаа хүн ч үг, үйлдлээ хянахгүй бол Еховад гологдоно.

Тухайн үедээ «дэлхийн гадаргуу дээрх ямар ч хүнээс илүүгээр маш даруу» байсан Мосегийн тухай бодъё (Тоол. 12:3). Байнга дургүйцэн гомдоллодог израйлчуудыг Мосе хэдэн арван жил тэвчжээ. Гэтэл нэг өдөр өөрийгөө захирч дийлээгүй. Ус байхгүй гэж дахин гомдоллоход нь ихэд уурлажээ. Тэгээд ард түмэнд хандан: «Тэрслэгчид та нар, одоо сонсогтун. Бид энэ хаднаас та нарт зориулж ус гаргах ёстой юу?» хэмээн хатуу ширүүн хэлсэн (Тоол. 20:2–11).

Мосе биеэ барьж чадаагүй. Усыг гайхамшгаар гаргасан Еховаг алдаршуулаагүй (Дуу. 106:32, 33). Үүний уршгаар Амласан газар луу орох эрхгүй болсон (Тоол. 20:12). Мосе уураа барьж чадаагүйдээ үхэн үхтэлээ харамссан биз ээ (Д.хууль 3:23–27).

Энэ явдал бидэнд ямар сургамжтай вэ? Бид үнэний замаар яваад олон жил болсон байлаа ч, уурыг маань хүргэсэн юм уу алдаа гаргасан хүнтэй хүндэтгэлгүй харьцаж хэрхэвч болохгүй (Эф. 4:32; Кол. 3:12). Нас ахихаар заримдаа тэвчээр алдах гээд байдаг нь үнэн. Тийм үед Мосег санаарай. Биеэ барилгүй буруу юм хийгээд Еховагийн сайшаалыг алдахыг хэн маань ч хүсэхгүй шүү дээ. Яавал биеэ барьж сурах вэ?

БИЕЭ БАРЬЖ СУРАХЫН ТУЛД ЯАХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Агуу хүч гуйж залбираарай. Яагаад? Биеэ барих нь «Бурхны агуу хүчний нөлөөгөөр бий болдог зан чанар» юм. Агуу хүчийг нь гуйвал Ехова заавал өгнө (Лук 11:13). Тэгээд биднийг биеэ барих чадвартай болгоно (Флп. 4:13). Мөн биеэ барихад хэрэг болдог хайр гэх зэргийн олон сайхан зан чанартай болоход тусална (1 Кор. 13:5).

Биеэ барихад саад болдог бүхнээс хол байгаарай

Биеэ барихад саад болдог бүхнээс хол байгаарай. Жишээлбэл буруу юм хийх хүсэл төрүүлэх интернэтийн вэб сайт, зугаа цэнгэлийг бүү сонирхоорой (Эф. 5:3, 4). Ер нь бид буруу юм хийхэд хүргэх бүх л юмнаас хол байх учиртай (Сур. 22:3; 1 Кор. 6:12). Тухайлбал, садар самуун явдалд орооцолдохдоо амархан бол хайр дурлалын сэдэвтэй ном, кино зэргийг огт сонирхохгүй нь дээр.

Энэ зөвлөгөөг дагахад ихээхэн хүчин чармайлт шаардагдах байх. Гэлээ ч хичээгээд байвал өөрийгөө захирах хүчийг Ехова өгнө (2 Петр 1:5–8). Улмаар бодол санаа, үг яриа, үйл хөдлөлөө хянадаг болоход тусална. Үүний нэг тод жишээ нь Пол Марко хоёр юм. Тэд уураа барьж чаддаг болжээ. Өөр жишээ авъя. Биеэ барьж чаддаггүй байсан нэг Гэрч замын хөдөлгөөнд оролцохоороо бухимдаж, бусад жолоочтой хэрэлддэг байсан гэнэ. Тэгээд яасан бол? Тэрбээр: «Би өдөр бүр шаргуу залбирдаг байсан. Биеэ барихтай холбоотой өгүүлэл судалж, Библийн зүйлийг цээжилдэг байлаа. Олон жил тэмцэж байгаа ч уурлахгүй тайван байх хэрэгтэйгээ өглөө бүр өөртөө сануулдаг. Тэгээд яарч сандралгүй тайван явахын тулд гэрээсээ эрт гардаг» гэжээ.

БИЕЭ БАРЬЖ ЧАДААГҮЙ БОЛ

Биеэ барьж чадахгүй үе хэнд ч, хэзээ ч тохиолдож мэднэ. Тийм юм болбол ичиж зовоод Еховад залбирч чадахгүй байж болох юм. Гэхдээ яг ийм үед залбирах нь бүр ч чухал. Тиймээс даруйхан залбираарай. Еховагаас уучлал гуйж, тусламж хүсэж, энэ алдаагаа дахин давтахгүй байхаар шийдээрэй (Дуу. 51:9–11). Өршөөл гуйсан чин сэтгэлийн залбирлыг Ехова жигшихгүй (Дуу. 102:17). «Бурхан Хүү Есүсийнхээ цусанд үндэслэн бүх нүглийг маань уучилдаг» гэж элч Ёохан хэлсэн байдаг (1 Ёох. 1:7; 2:1; Дуу. 86:5). Ехова үйлчлэгчдээ дахин дахин уучилна гэж хэлснийг санаарай. Тиймд таныг ч уучлах нь лавтай (Мат. 18:21, 22; Кол. 3:13).

Мосе цөлд байхдаа нэг удаа биеэ барьж чадаагүй. Энэ нь Еховад таалагдаагүй. Гэлээ ч түүнийг уучилсан. Бурхны Үгэнд Мосег итгэлийн гайхалтай жишээ үзүүлсэн гэж бичсэн байдаг (Д.хууль 34:10; Евр. 11:24–28). Ехова Мосед Амласан газар луу орохыг нь зөвшөөрөөгүй ч шинэ ертөнцөд угтан авч, мөнх амьдрах ирээдүй бэлэглэнэ. Хэрэв бид биеэ барих гэдэг энэ чухал чанарыг илэрхийлж сурвал тэр сайхан ирээдүйг бас үзнэ (1 Кор. 9:25).