Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 25

«Би Өөрийн хонинуудыг Өөрөө бэдэрнэ»

«Би Өөрийн хонинуудыг Өөрөө бэдэрнэ»

«Би Өөрийн хонинуудыг Өөрөө бэдэрч, тэднийг олох болно» (ЕЗЕ. 34:11).

ДУУ 3 «Бурхан бол хайр»

ТОЙМ *

1. Ехова юугаараа хөхүүл эхтэй адилхан бэ?

«ЭХ ХҮН хөхүүл хүүхдээ мартаж чадах уу?». Зөнч Исаиагийн үед Ехова ийн асуужээ. «Хэдийгээр тэр мартаж болох ч, Би чамайг мартахгүй» гэж Бурхан ард түмэндээ хэлсэн байдаг (Ис. 49:15). Тэрбээр өөрийгөө эх хүнтэй тэр бүр зүйрлээд байдаггүй ч энэ удаа зүйрлэжээ. Үйлчлэгчдэдээ хэчнээн их хайртайгаа мэдүүлэхийн тулд эх үрийн холбоог жишээ болгосон. Ихэнх ээж Жасмин гэдэг Гэрч бүсгүйн хэлснийг зөвшөөрөх биз ээ. Тэрбээр: «Нялх үрээ хөхүүлэх бүрдээ насан туршийн нандин холбоог мэдэрдэг» гэжээ.

2. Хүүхдүүдийнх нь нэг нь өөрөөс нь холдоход Еховад ямар санагддаг вэ?

2 Хүүхдүүдийнх нь нэг нь л итгэл нэгтнүүдээсээ хөндийрч, дэлгэрүүлэх ажилд оролцохоо болихыг Ехова андахгүй. Тэгвэл жилд олон мянган үйлчлэгч нь идэвхгүй * болоход хэчнээн их шаналдгийг бодоод үз дээ.

3. Ехова юу хүсдэг вэ?

3 Идэвхгүй болсон олон итгэл нэгтэн маань хуралдаа эргэж ирдэг. Тэднийгээ ирэхэд бид бөөн баяр болдог. Ехова ч, бид ч тэднийг эргээд ирээсэй гэж хүсэн хүлээж байдаг (1 Петр 2:25). Ирүүлэхийн тулд юу хийх хэрэгтэй вэ? Энэ асуултад хариулахаасаа өмнө зарим хүн яагаад цуглаанд явахаа, дэлгэрүүлэх ажилд оролцохоо больдгийг мэдэх хэрэгтэй.

ЯАГААД ЕХОВАД ҮЙЛЧЛЭХЭЭ БОЛЬДОГ ВЭ?

4. Зарим хүн ажил гэсээр яваад яадаг вэ?

4 Ажил гэсээр яваад Еховагаас холддог хүмүүс байдаг. Зүүн өмнөд Азид амьдардаг Хунг * гэдэг Гэрч эрэгтэй: «Би ажилдаа маш их цаг, хүч зарцуулдаг болсон юм. Ахиухан мөнгөтэй болчихоод Еховад сайн үйлчилнэ дээ гэж бодсон. Мөн ч тэнэг байжээ. Тэгээд олон цагаар ажилладаг болсон. Цуглаанаа бага багаар тасалдаг болж, яваандаа бүр явахаа больсон. Энэ ертөнц хүмүүсийг Бурхнаас аажим аажмаар холдуулдаг юм билээ» гэж ярьсан.

5. Нэг Гэрчид ямар зовлон ар араасаа нүүрлэсэн бэ?

5 Зовлон ар араасаа тохиолдоход хүн сэтгэлээр унадаг. Британид амьдардаг Энн бол таван хүүхдийн эх. Тэрбээр: «Нэг хүү маань тахир дутуу төрсөн. Хожим нэг охин маань хурлаас хасагдаж, том хүү маань сэтгэцийн өвчтэй болсон. Би нэг хэсэг сэтгэлийн хямралаас болоод цуглаанд явахаа ч, дэлгэрүүлэхээ ч больсон. Сүүлдээ бүр идэвхгүй болсон» гэжээ. Энн, түүний гэр бүлийнхэн болон иймэрхүү зовлон үзэж яваа бусад хүнийг өрөвдөхгүй байхын аргагүй!

6. Колосай 3:13-ыг хэрэгжүүлэхгүй бол яагаад Еховагаас холдож болзошгүй вэ?

6 Колосай 3:13-ыг уншина. Еховагийн зарим үйлчлэгч итгэл нэгтэндээ гомддог. Итгэл нэгтэндээ «гомдох шалтгаан» хааяа гарч болохыг элч Паул үгүйсгээгүй. Тэр бүү хэл, шударга бус явдлын золиос ч болж мэднэ. Гэхдээ болгоомжтой байхгүй бол өш санаж болзошгүй. Хорсол тээгээд явбал сүүлдээ Еховагийн ард түмнээс холдоно. Өмнөд Америкт амьдардаг Пабло гэдэг Гэрчид юу тохиолдсоныг ярилцъя. Хийгээгүй хэргийнх нь төлөө түүнийг хилсээр буруутгаж, хуралд гүйцэтгэж байсан хариуцлагатай үүргээс нь чөлөөлжээ. Пабло яасан бол? «Уур хүрсэн. Яваандаа хурлаас хөндийрсөн» гэжээ.

7. Өөрийгөө буруутгасаар байх нь ямар аюултай вэ?

7 Мөн урьд нь ноцтой нүгэл үйлдэж байсан хүн Бурхны хайрыг хүртэх эрхгүй болсон гэж бодоод удаан хугацаагаар өөрийгөө буруутгадаг. Гэмшээд, өршөөл хүртсэн ч Бурхны үйлчлэгч байхад тохиромжгүй юм шиг санагддаг байх. Франциско гэдэг Гэрч эрэгтэйд яг ингэж санагджээ. «Би завхайраад шийтгүүлсэн юм. Эхэндээ цуглаанд явж байсан ч сэтгэлээр унаад, Еховагийн ард түмний дунд байх зохисгүй гэж бодсон. Өөрийгөө буруутгасаар байсан. Тэгээд Ехова намайг уучлаагүй гэдэгт итгэдэг болсон. Яваандаа цуглаанд ч, дэлгэрүүлэх ажилд ч явахаа больсон» гэж ярьсан юм. Дээрх шалтгаануудаас болоод Еховад үйлчлэхээ больсон итгэл нэгтнүүдээ бодохоор танд ямар санагдаж байна вэ? Тэднийг өрөвдөж байна уу? Хамгийн гол нь, Еховад ямар санагддаг вэ?

ЕХОВА ХОНЬДДОО ХАЙРТАЙ

Төөрсөн хонио олоод тордож буй израйл хоньчин (8, 9-р догол мөрийг үзээрэй) *

8. Нэгэн цагт өөрт нь үйлчилж байсан хүмүүсийг Ехова мартдаг уу? Тайлбарлана уу.

8 Нэгэн цагт өөрт нь үйлчилж байгаад больсон хүмүүсийг Ехова мартдаггүй. Өөрийнх нь төлөө хийсэн ажлыг нь ч мартдаггүй (Евр. 6:10). Ехова үйлчлэгчдэдээ хэрхэн санаа тавьдгийг харуулахын тулд зөнч Исаиа сонирхолтой жишээ татсан байдаг. «Тэр хоньчин мэт сүргээ хариулж, Өөрийн мутарт хургануудаа цуглуулан цээжиндээ тэвэрдэг» хэмээн бичжээ (Ис. 40:11). Нэг хонь нь сүргээсээ төөрөөд явчихвал Агуу Хоньчин маань яадаг вэ? Есүс энэ асуултад хариулсан. Тэрбээр: «Та нар юу гэж бодож байна вэ? 100 хоньтой хүний нэг хонь нь төөрвөл 99 хонио ууланд орхиод төөрсөн хонио хайхаар явахгүй гэж үү? Тэгээд олбол 99 хонио төөрөөгүй гэж баярлахаас илүү төөрсөн нэг хонио олсондоо баярлана» гэжээ (Мат. 18:12, 13).

9. Библи бичигдэж байх үеийн сайн хоньчид яадаг байсан бэ? (Сэтгүүлийн нүүрэн дэх зургийг үзээрэй).

9 Еховаг яагаад хоньчинтой адилтгаж болох вэ? Яагаад гэвэл Библи бичигдэж байх үеийн сайн хоньчин хоньддоо маш их санаа тавьдаг байжээ. Жишээ нь Давид хонин сүргийг хамгаалж арслан, баавгайтай тулалдсан (1 Сам. 17:34, 35). Ганцхан хонь алга болсон ч сайн хоньчин анддаггүй (Ёох. 10:3, 14). Ийм хоньчин 99 хонио аюулгүй газар орхиод эсвэл нөхдөдөө захиж үлдээгээд, төөрсөн ганц хонио хайхаар явна. Есүс маш чухал зүйлийг ойлгуулахын тулд энэ жишээг татжээ. Тэрбээр: «Балчир хүүхэд мэт энэ хүмүүсийн нэг нь ч бүү үрэгдээсэй гэж тэнгэр дэх миний Эцэг хүсдэг» хэмээн дүгнэж хэлсэн (Мат. 18:14).

Төөрсөн хонио олоод тордож буй израйл хоньчин (9-р догол мөрийг үзээрэй)

ЕХОВА ХОНЬДОО ХАЙДАГ

10. Езекиел 34:11–16-д бичсэнээр, Ехова ямар амлалт өгсөн бэ?

10 Ехова үйлчлэгч бүрдээ, түүний дотор сүргээсээ төөрсөн «балчир хүүхэд мэт» хүнд ч хайртай. Алдсан хонио хайж олоод, өөртэй нь дахин сайн харьцаатай болоход нь тусална гэж амласнаа зөнч Езекиелээр бичүүлжээ. Мөн тэднийг аврахын тулд юу хийхээ хэлсэн. Нэг хонь нь алга болбол израйл хоньчин яадаг вэ, яг л тэгдэг (Езекиел 34:11–16-г уншина). Тийм хоньчин эхлээд хонио хайдаг. Үүнд их цаг, хүч шаардагддаг. Дараа нь хонио олмогцоо сүрэгт нь буцааж авчирна. Хэрэв хонь гэмтэж бэртсэн, өлсөж ундаассан бол шархыг нь бооно, тэврээд авч явна, өвс тэжээл өгнө. «Бурхны сүргийн» хоньчид буюу ахлагчид хурлаас хөндийрсөн ямар ч хүнд туслахын тулд энэ гурван зүйлийг хийх учиртай (1 Петр 5:2, 3). Ахлагчид тэднийг хайдаг бөгөөд олохоороо сүрэгт нь буцааж авчрахыг хичээдэг. Мөн Еховатай дотно болоход нь тусалж хайраа илэрхийлдэг. *

11. Сайн хоньчин юу мэддэг вэ?

11 Хонь сүргээсээ төөрч болзошгүйг сайн хоньчин мэддэг. Төөрчихвөл хатуурхаад байдаггүй. Үүн шиг, нэгэн цагт өөрөөс нь холдож явсан үйлчлэгчдэдээ Ехова хатуурхдаггүй. Харин ч тэдэнд тусалж, гайхалтай жишээ үлдээснийг ярилцъя.

12. Ехова Ионад хэрхэн тусалсан бэ?

12 Зөнч Иона Еховагийн үгэнд оролгүй, өөр тийшээ зугтсан. Тэглээ ч Ехова Ионаг хаячихаагүй. Сайн хоньчин хонио авардаг шиг, Ехова түүнийг аварч, даалгавраа биелүүлэх тэнхээтэй болгосон (Иона 2:7; 3:1, 2). Хожим нь Бурхан нэг ургамлыг ашиглан, хүний амь ямар их үнэ цэнтэйг Ионад ойлгуулжээ (Иона 4:10, 11). Еховагаас юу сурч болох вэ? Ахлагчид идэвхгүй болсон хүмүүсийг яаран хаячихаж болохгүй. Харин юунаас болоод сүргээсээ тасарсныг нь ойлгох гэж хичээх учиртай. Хэрэв тэр хонь Ехова руу буцаад ирвэл санаа тавьж, хайраа илэрхийлэх нь зүйтэй.

13. 73-р дууллыг бичсэн хүнд Ехова хэрхэн хандсан бэ? Эндээс юу сурч болох вэ?

13 73 дугаар дууллыг бичсэн хүнд муу хүмүүс дэвжин дээшилж байгаа мэт санагджээ. Тэгээд сэтгэл нь гонсойж, Бурхны хүсэл таалалд нийцүүлэх гэж явахын хэрэг байна уу гэж бодсон (Дуу. 73:12, 13, 16). Ехова яасан бэ? Түүнийг буруутгаагүй. Харин ч хэлсэн үгийг нь Библид бичүүлжээ. Еховатай сайн харьцаатай байхаас илүү сайн юм амьдралд байхгүйг тэр дуулалч эцэст нь ухаарсан (Дуу. 73:23, 24, 26, 28). Еховагаас юу сурч болох вэ? Еховад үйлчлэх нь ямар ашигтай юм бэ гэж асууж байгаа итгэл нэгтнээ ахлагчид яаран буруутгах хэрэггүй. Харин тэдний үг яриа, үйл хэргийн цаад шалтгааныг ойлгохыг хичээх ёстой. Тэгсэн цагт урмыг нь сэргээх Библийн зүйлд анхаарлыг нь хандуулж чадна.

14. Елиад яагаад тусламж хэрэгтэй байсан бэ? Ехова хэрхэн тусалсан бэ?

14 Зөнч Елиа Иезебел хатнаас зугтжээ (Х.дээд 19:1–3). Еховагийн зөнчөөр үйлчилдэг хүн өөрөөс нь өөр байхгүй бөгөөд хийж буй ажил нь ямар ч хэрэггүй гэж бодсон. Елиа сэтгэлээр маш их унаж, бүр үхэхийг хүсжээ (Х.дээд 19:4, 10). Ехова Елиаг буруутгаагүй. Харин ч ганцаараа биш гэдгийг нь батлан хэлж, Бурхны хүчинд найдахыг зөвлөж, хийх ажил их байгааг хэлж өгсөн. Зовлонгоо ярихад нь анхааралтай сонсож, шинэ даалгавар өгсөн (Х.дээд 19:11–16, 18). Ямар сургамжтай вэ? Бид бүгдээрээ, ялангуяа ахлагчид Еховагийн хоньдод зөөлөн хандах хэрэгтэй. Хэрэв Еховагийн «хонь» уур хорслоо илэрхийлбэл эсвэл Еховагийн нигүүлслийг хүртэх зохисгүйгээ хэлбэл ахлагчид анхааралтай сонсох учиртай. Дараа нь Ехова өөрт нь маш их хайртайг ойлгуулахыг хичээх нь зүйтэй.

ТӨӨРСӨН «ХОНЬДОД» ХЭРХЭН ХАНДАХ ВЭ?

15. Ёохан 6:39-д бичсэнээр, Есүс Эцгийнхээ хоньдыг хэрхэн үздэг байсан бэ?

15 Төөрсөн хонь мэт хүмүүст хэрхэн хандаасай гэж Ехова биднээс хүсдэг вэ? Бид Есүсийг дуурайх нь зүйтэй. Ехова хонь нэг бүрээ үнэ цэнтэй гэж үздэгийг Есүс мэддэг байсан учраас «төөрсөн хонь мэт израйлчуудыг» Ехова руу буцаж очиход нь туслахын тулд чадах бүхнээ хийсэн (Мат. 15:24; Лук 19:9, 10). Мөн сайн хоньчин тэрбээр Еховагийн хоньдоос нэгийг нь ч алдахгүйг хичээжээ (Ёохан 6:39-ийг уншина).

16, 17. Ахлагчид төөрсөн хонь мэт хүмүүст хэрхэн ханддаг вэ? ( «Төөрсөн хонь мэт хүмүүсийн сэтгэлийг ойлгох нь» гэсэн хавсралтыг үзээрэй).

16 Элч Паул Эфэс дэх хурлын ахлагчдад Есүсийг дуурайхыг уриалжээ. «Сул дорой хүмүүст тус болох ёстойг, Эзэн Есүсийн үгийг санаж явах учиртайг би бүх талаар та нарт үлгэрлэн харуулсан. Есүс: “Авахаасаа өгөх нь илүү жаргалтай” гэж хэлсэн билээ» гэжээ (Үйлс 20:17, 35). Ахлагчид Еховагийн үйлчлэгчдэд санаа тавих маш хариуцлагатай үүрэгтэйг энэ зүйл баталдаг. «Ехова төөрсөн хоньддоо хэр их санаа тавьдгийг бодохоор тэдэнд туслахын тулд чадахыгаа хийх хүсэл төрдөг. Намайг тэдэнд санаа тавиасай гэж Ехова хүсдэг нь тодорхой» гэж Испанид амьдардаг Сальвадор гэдэг ахлагч ярьсан юм.

17 Нэгэн цагт Еховагаас хөндийрсөн хүмүүс бүгдээрээ бусдын тус дэмээр Еховадаа эргээд ирснийг ярилцлаа. Тэгвэл яг одоо, Ехова руу буцаж очъё гэсэн бодолтой хүн олон байгаа. Тэдэнд хэрхэн туслахыг дараагийн өгүүллээр дэлгэрэнгүй үзнэ.

ДУУ 55 Хүсэн хүлээсэн мөнхийн амь

^ д/м 5 Зарим хүн Еховад олон жил үнэнч үйлчилсэн хэр нь яагаад хурлаас хөндийрдөг вэ? Бурхан тийм хүмүүсийг хэрхэн үздэг вэ? Эдгээр асуултыг энэ өгүүллээр ярилцана. Өөрөөс нь хөндийрсөн эртний үйлчлэгчдэдээ Ехова хэрхэн тусалсан, үүнээс нь бид юу сурч болохыг бодоцгооё.

^ д/м 2 ҮГИЙН ТАЙЛБАР: Идэвхгүй дэлгэрүүлэгч гэдэг нь дэлгэрүүлэх, шавь бэлдэх ажлын тайлангаа зургаа ба түүнээс дээш сар өгөөгүй хүнийг хэлдэг. Гэхдээ идэвхгүй дэлгэрүүлэгчид ах, эгч, дүү маань хэвээрээ учраас бид тэднийгээ хайрласаар байдаг.

^ д/м 4 Зарим нэрийг өөрчлөв.

^ д/м 10 Энэ гурван зүйлийг хийхэд нь ахлагчдад тус болох аргуудыг дараагийн өгүүллээр авч үзнэ.

^ д/м 60 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Хоньчин хүн төөрсөн хонио хайж олоод, сүрэгт нь буцааж авчирдаг. Бурхны сүргийн хоньчид ч мөн ялгаагүй.

^ д/м 64 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Автобусаар яваа идэвхгүй болсон Гэрч эмэгтэй нийтэд дэлгэрүүлж буй баяр хөөртэй хоёр Гэрчийг ажиглаж байна.