Skip to content

Гарчиг руу орох

Бүрээн дуугаар зааврыг дагах нь

Бүрээн дуугаар зааврыг дагах нь

«ЭЦСИЙН өдрүүдэд» Ехова ард түмнээ удирдаж, өөртэй нь дотно байхад хэрэгтэй бүхнийг өгдөг гэдэгт бид итгэдэг (2 Тим. 3:1). Мөн дуулгавартай байх ёстойгоо ойлгодог. Биднийг цөлд байсан израйлчуудтай адилтгаж болно. Тэд бүрээн дууг сонсоод зааврыг дагадаг байв.

Ехова Мосед мөнгийг давтаж хоёр бүрээ хийх даалгавар өгчээ. «Чуулганыг дуудан цуглуулахад болон хуаранг хөдөлгөн нүүлгэхэд» хэрэглэх ажээ (Тоол. 10:2). Тахилчид бүрээнүүдийг үлээх агаад яаж үлээж байгаагаас шалтгаалан ард түмэн юу хийхээ мэдэж авдаг байв (Тоол. 10:3–8). Эрт цагт бүрээн дуугаар янз бүрийн дохио өгдөг байсан шиг өнөөдөр Ехова ард түмэндээ олон аргаар заавар өгдөг. Энэ өгүүллээр гурван аргыг үзье. Үүнд: Бурхан ард түмнээ чуулганд урьдаг, ахлагчдыг сургалтад хамруулдаг, бүх хуралд зориулсан удирдамж зааврыг өөрчлөн шинэчилдэг.

ЧУУЛГАНД УРИВАЛ

Ехова асрын зүүн талын үүдэнд израйлчуудыг бүгдийг нь цуглуулахыг хүсвэл тахилчид хоёр бүрээг хоёуланг нь үлээдэг байв (Тоол. 10:3). Асрын дөрвөн талд хуарагнан буусан Израйлын бүх овогт бүрээн дуу сонсогддог байсан. Асрын үүдний хавьд буудалласан овог хэдхэн хормын дотор цугладаг байсан биз ээ. Хол буудалласан хүмүүс асрын үүдэнд ирэхийн тулд арай илүү хугацаа зарцуулж, нэлээд хүчин чармайлт гаргах хэрэгтэй байсан нь лавтай. Аль нь ч байсан, бүх хүн цуглаж, зааврыг минь сонсоосой гэж Ехова хүсдэг байсан.

Өнөөдөр бид асарт цугладаггүй ч Бурхны ард түмний цугларалтуудад уригддаг. Тухайлбал бүсийн чуулган, тусгай арга хэмжээнүүдийг дурдаж болно. Дэлхийн аль ч улсад очсон нэг л хөтөлбөртэй. Тэнд очсон бүх хүн чухал мэдээлэл сонсож, удирдамж заавар авч, баяр хөөрөөр бялхдаг. Урилгыг хүлээн авсан зарим хүн алс холоос ирдэг ч үүндээ огтхон ч харамсдаггүй.

Тэгвэл энэ том цугларалтуудад очиж чаддаггүй алслагдмал бүлгийнхэн яадаг вэ? Тэд бас орчин үеийн технологийн ачаар хөтөлбөр сонсож, чуулганд ирсэн хүмүүстэй сэтгэлээрээ хамт байх боломжтой. Жишээлбэл, Бенин дэх салбар төвийн төлөөлөгчийн эргэлтийн хөтөлбөрийг Сахарын цөлд байдаг Нигерийн Арлит хэмээх уурхайн жижиг хотод дамжуулан үзүүлжээ. Тэндхийн 21 Гэрч, 16 сонирхогч уг хөтөлбөрийг сонссон бөгөөд тусгай цуглаанд суусан 44 131 хүнтэй сэтгэл зүрхээрээ хамт байгаагаа мэдэрсэн гэнэ. Нэг Гэрч: «Энэ үйл явдлыг дамжуулсанд сэтгэлийнхээ угаас талархъя. Та нар бидэнд ямар их хайртайг энэ явдлаас мэдэж авлаа» гэж бичжээ.

АХЛАГЧДЫГ УРИВАЛ

Израйлын тахилчид хоёр бүрээний нэгийг үлээвэл «бүлгүүдийн тэргүүлэгчид буюу удирдагчид» хурлын майхны үүдэнд цуглах ёстой байв (Тоол. 10:4). Тэнд очоод Мосегоос заавар, зөвлөгөө авдаг байжээ. Энэ нь овгийг тэргүүлэх үүргээ биелүүлэхэд нь тус болдог байв. Та тэргүүлэгчдийн нэг байсан бол тэнд очоод, заавар авахын тулд чадах бүхнээ хийхгүй гэж үү?

Өнөөгийн хурлын ахлагчид бол «тэргүүлэгчид» биш юм. Бас Бурхны сүргийн захирагчид ч биш (1 Петр 5:1–3). Гэхдээ тэд сүргийг хариулахын тулд чадах бүхнээ хийдэг. Тийм учраас Ахлагч, туслах үйлчлэгчийн сургууль гэх зэрэг нэмэлт сургалтад хамрагдахад бэлэн байдаг. Тэд хурлын ажлыг яаж илүү үр дүнтэй хийх арга барилд суралцдаг. Үүний ачаар хурлын бүх хүн Бурхантай улам дотносдог. Та сургалтад сууж байгаагүй ч тийм сургуульд сурсан хүмүүсээс их юм сурч байгаа нь дамжиггүй.

ӨӨРЧЛӨЛТ ГАРВАЛ

Израйлын тахилчид заримдаа түгшүүрийн дохио үлээдэг байжээ. Ехова хуарагнан буусан ард түмнээ бүхэлд нь хөдөлгөн нүүлгэх гэж байгааг энэ дохионоос мэдэж болно (Тоол. 10:5, 6). Израйл үндэстэн тэр чигээрээ нүүнэ гэдэг нь нүсэр том ажил байсан нь ойлгомжтой. Гэхдээ гайхалтай зохион байгуулалтыг эндээс харж болохоор байв. Нөгөө талаар, нүүнэ гэхээс тээршээдэг хүн байсан байж магадгүй. Яагаад?

Нүүх дохиог хэтэрхий олон удаа, гэв гэнэт өгдөг юм шиг санагдах үе байсан байх. «Зарим үед үүл үдшээс өглөө болтол саатна». Зарим үед «хоёр өдрөөр, сараар, эсвэл жилээр ч» саатдаг байв (Тоол. 9:21, 22). Ард түмэн хэр олон удаа нүүсэн бэ? «Тооллого» номын 33 дугаар бүлэгт израйлчуудын хуарагнан буусан 40 газрыг дурджээ.

Израйлчууд заримдаа сүүдэр газар буудалладаг байв. «Аймшигт өргөн цөлд» сүүдэр бараадах нь хэчнээн таатай вэ! (Д.хууль 1:19). Тийм болохоор дахин нүүх болоход, эндээс олигтой газар олдохгүй дээ гэсэн бодол төрж болох юм.

Нүүдэллэж эхлэхэд зарим овог өөрийнхөө ээлжийг хүлээдэг нь хэцүү санагддаг байсан байх. Түгшүүрийн дохиог сонсоод бүгдээрээ нэгэн зэрэг нүүх боломжгүй байв. Зүүн талд буудалласан овгууд буюу Иуда, Иссахар, Зебулун овог эхлээд хөдөлнө (Тоол. 2:3–7; 10:5, 6). Дараа нь тахилчид түгшүүрийн дохиог хоёр дахь удаагаа үлээхэд өмнө талд буудалласан гурван овог хөдлөх ажээ. Ийм маягаар хуаранг бүхэлд нь хөдөлтөл бүрээгээ үлээдэг байв.

Байгууллагаас ямар нэгэн өөрчлөлт гарвал хүлээж авахад хэцүү санагдаж болох юм. Гэнэтийн өөрчлөлт хэтэрхий олон гарч байна гэж бодогдож магадгүй. Эсвэл өмнөх арга хэмжээ сайхан санагдаад, тэр хэвээрээ байсан ч болоосой гэсэн бодол төрж мэднэ. Ямар ч шалтгаантай бай, тэвчээртэй эсэх тань шинэ нөхцөлд шалгагдана. Мөн өөрчлөлтөд дасахад хугацаа хэрэгтэй. Гэлээ ч зааврыг дагах гэж хичээвэл Бурхны ивээлийг хүртэх нь дамжиггүй.

Ехова Мосегийн үед эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, хүүхэд багачууд нийлсэн хэдэн сая хүнийг удирдаж говь цөлийг гатлахад нь тусалжээ. Хэрэв Ехова халамжлан анхаарч, удирдлага заавар өгөөгүй бол тэд эсэн мэнд давахгүй байх байсан. Сатаны ертөнцийн эцсийн өдрүүдэд Ехова биднийг удирдан чиглүүлж байна. Тийм учраас бид Еховатай дотно, бат итгэлтэй байдаг. Бүрээн дууг сонсоод зааврыг дуулгавартай дагадаг байсан үнэнч израйлчуудыг дуурайцгаая!