Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 24

«Таны нэрээс эмээхээр зүрхийг нэгтгээч»

«Таны нэрээс эмээхээр зүрхийг нэгтгээч»

«Таны нэрээс эмээхээр зүрхийг нэгтгээч. Миний Бурхан ЭЗЭН, би бүх зүрхээрээ Танд талархана» (ДУУ. 86:11, 12).

ДУУ 23 Ехова бол бидний хүч чадал

ТОЙМ *

1. Бурхнаас эмээх гэдгийг юу гэж ойлгох вэ? Еховаг хайрладаг хүн яахаас эмээдэг вэ?

ХРИСТИЙН дагалдагчид Бурхныг хайрлахын зэрэгцээ түүнээс эмээдэг. Зарим хүнд энэ нь зөрчилтэй юм шиг санагдаж магадгүй. Гэхдээ энд айж чичрэх, салганан бөмбөгнөх тухай яриагүй. Бурхныг бишрэх, чин сэтгэлээсээ хүндэтгэх тухай ярьж байна. Тийм хүн тэнгэрийн Эцэгтэй тогтоосон харьцаандаа сэв суулгахыг хүсдэггүй учраас дургүйг нь хүргэхээсээ эмээдэг (Дуу. 111:10; Сур. 8:13).

2. Дуулал 86:11-д байдаг Давид хааны хэлсэн үгэнд үндэслээд ямар хоёр зүйлийн тухай ярилцах вэ?

2 Дуулал 86:11-ийг уншина. Давид Еховаг гүнээ хүндэтгэхийн чухлыг ойлгодог байжээ. Давидын хэлсэн үг бидэнд ямар хамаатайг одоо ярилцъя. Нэгдүгээрт, Бурхны нэрийг гүнээ хүндэтгэх ёстойн зарим шалтгааныг үзье. Хоёрдугаарт, Бурхны нэрийг бишрэн хүндэлдгээ өдөр тутмын амьдрал дээр хэрхэн батлахыг ярилцъя.

ЕХОВАГИЙН НЭРИЙГ БИШРЭХИЙН УЧИР

3. Мосе ямар учраас Бурхны нэрийг насан туршдаа гүнээ хүндэтгэсэн бэ?

3 Мосе хадны хөндийд нуугдаж байхдаа Еховагийн цог жавхланг үзээд яасныг бодоод үз дээ. Есүсийг дэлхийд ирэхээс өмнө ямар ч хүний үзээгүй гайхан бишрэм юмыг Мосе үзжээ. Дараа нь «ЭЗЭН, ЭЗЭН Бурхан өрөвч, нигүүлсэнгүй, уурлахдаа удаан ба энэрэл хайр, үнэнээр бялхам билээ. Тэр энэрэл хайрыг мянган үеийн турш хадгалж, гэмт хэрэг, гэм буруу, нүглийг уучилдаг» гэж тэнгэрийн элчийн хэлэхийг сонссон (Ег. 33:17–23; 34:5–7). Мосе Еховагийн нэрийг хэлэхдээ энэ явдлыг дурсан санадаг байсан байх. Тийм ч учраас «энэ эрхэм, сүрдмээр нэрээс айн эмээхийг» хожим нь Бурхны ард түмэн израйлчуудад захисан биз ээ (Д.хууль 28:58).

4. Еховаг улам их сүсэглэн биширдэг болохын тулд ямар зан чанарыг нь эргэцүүлэн бодох хэрэгтэй вэ?

4 Бид Ехова гэдэг нэрийг дурдах бүрдээ Ехова чухам ямар Бурхан бэ гэдгийг бодох учиртай. Хүч, мэргэн ухаан, шударга зан, хайр гэх зэрэг зан чанарыг нь бодно гэсэн үг. Тэгдэг бол Бурхнаа бүр ч их сүсэглэн биширдэг болно (Дуу. 77:11–15).

5, 6. а) Бурхны нэр ямар утгатай вэ? б) Египетээс гарсан нь 3:13, 14; Исаиа 64:8-д бичсэнээр, Ехова хүслээ хэрхэн гүйцэлдүүлдэг вэ?

5 Та Бурхны нэрийн утгыг мэдэх үү? Ехова гэдэг нэр «Тэр болгодог» гэсэн утгатай гэдгийг олон эрдэмтэн хүлээн зөвшөөрдөг. Нэрийнх нь утгыг бодож үзвэл, хүслээ биелүүлэхэд нь Еховад юу ч саад болохгүй ажээ. Ехова хүссэн л бол заавал хэрэгжүүлдэг. Яаж?

6 Ехова санаа зорилгоо биелүүлэхийн тулд юу л болмоор байна, болж чаддаг (Египетээс гарсан нь 3:13, 14-ийг уншина). Бурхны энэ гайхалтай онцлогийг эргэцүүлэн бодож байгаарай гэсэн зөвлөгөө манай ном хэвлэлд олонтоо гардаг. Бас Ехова санаа зорилгоо биелүүлэхийн тулд төгс бус үйлчлэгчдээ юу л болгомоор байна, болгож чаддаг (Исаиа 64:8-ыг уншина). Ехова хүсэл тааллаа ийм аргаар гүйцэлдүүлдэг. Санаа зорилгоо биелүүлэхэд нь юу ч саад болж чадахгүй (Ис. 46:10, 11).

7. Тэнгэрийн Эцгээ улам их бишрэн хүндэлдэг болохын тулд яах хэрэгтэй вэ?

7 Тэнгэрийн Эцгийнхээ юу хийснийг, биднээр юу хийлгэдгийг нь эргэцүүлэн боддог бол улам их талархах сэтгэл төрнө. Жишээлбэл гайхамшигт бүтээлүүдийнх нь талаар эргэцүүлэн бодвол Еховагийн хийсэн бүхнийг биширнэ (Дуу. 8:3, 4). Хүсэл тааллаа гүйцэлдүүлэхийн тулд биднээр юу хийлгэдгийг нь бодож үзвэл Еховаг улам их хүндлэн бишрэх сэтгэл төрнө. Ехова гэдэг нэр үнэхээр биширмээр! Энэ нэрд тэнгэрийн Эцгийн маань тухай бүх юм, хийсэн болон хийх гэж байгаа бүхэн нь багтдаг (Дуу. 89:7, 8).

«БИ ЭЗЭНИЙ НЭРИЙГ ТУНХАГЛАНА»

Мосегийн заасан зүйл хүмүүсийн сэтгэлийг сэргээдэг байсан. Учир нь тэрбээр Ехова Бурхны зан чанар, нэрийг онцолдог байсан (8-р догол мөрийг үзээрэй) *

8. Дэд хууль 32:2, 3-ыг эргэцүүлэн бодвол Ехова нэрийнхээ талаар ямар бодолтой байдаг вэ?

8 Израйлчуудыг Амласан газар луу орохын өмнөхөн Ехова Мосед нэг дуу зааж өгчээ (Д.хууль 31:19). Мосе тэр дууг ард түмэнд зааж өгсөн (Дэд хууль 32:2, 3-ыг уншина). 2 болон 3 дугаар зүйлийг эргэцүүлэн бодохоор, Ехова нэрээ нууцлахыг хүсдэггүй нь тодорхой болно. Мөн нэрийг нь дуудаж болохооргүй дэндүү ариун гэж боддоггүй ажээ. Ехова оюун ухаант бүх бүтээлдээ нэрээ мэдүүлэхийг хүсдэг! Израйлын ард түмэн Еховагийн тухай, агуу нэрийнх нь тухай Мосегоос сонсох ямар их завшаантай хүмүүс байж вэ! Шиврээ бороо зүлэг ногоог ургуулдгийн адил, Мосегийн заасан зүйл тэдэнд урам зориг хайрлаж, итгэлийг нь батжуулсан. Бид ингэж заадаг уу?

9. Еховагийн нэр ариусах үйлсэд бид хэрхэн хувь нэмэр оруулах вэ?

9 Айлаар болон нийтэд дэлгэрүүлэхдээ Бүтээгч Бурхны нэрийг Ехова гэдгийг Библиэс үзүүлэх хэрэгтэй. Еховаг алдаршуулдаг ном хэвлэл өгч, видео үзүүлж, манай вэб сайт дахь материалыг танилцуулж болно. Ажил, сургууль дээрээ, нийтийн тээврээр зорчиж явахдаа хайртай Бурхныхаа тухай ярих боломжийг хайх нь зүйтэй. Ехова дэлхий ба хүн төрөлхтний төлөө ямар гайхалтай юм хийх гэж байгааг тааралдсан хүмүүстээ ярих хэрэгтэй. Тэгвэл тэд, Ехова хүмүүст ямар их хайртайг анх удаа сонсох биз ээ. Хайртай Эцгийнхээ тухай үнэнийг ярьдаг бол нэрээ ариусгах үйлсэд нь хувь нэмэр оруулна. Еховагийн тухай худал сургаалыг илчилнэ. Бидний заадаг зүйл хүмүүст урам зориг хайрлаж, сэтгэлийг нь сэргээнэ (Ис. 65:13, 14).

10. Библийн хичээл заахдаа Бурхны шаардлага, хэм хэмжээг хэлж өгөх нь яагаад хангалтгүй вэ?

10 Бид суралцагчдаа Библийн хичээл заахдаа Ехова гэдэг нэрийг мэдүүлж, Бурхныг нэрээр нь дууддаг болгохыг хичээдэг. Түүнээс гадна, энэ нэрийн эзэн нь чухам хэн бэ гэдгийг мэдүүлэхийг хүсдэг. Хэрэв Бурхны удирдлага заавар, хэм хэмжээ, биеэ хэрхэн авч явах тухай хууль дүрмийг хэлж өгвөл энэ зорилгоо биелүүлж чадах уу? Юмыг түргэн ойлгодог суралцагч Бурхны хуультай танилцаад, бүр гайхан шагшиж болох л юм. Тэглээ гээд Еховаг хайрладаг болох уу? Үг тушаалыг нь дагах уу? Ева ч, Адам ч Бурхны хуулийг мэддэг байсан. Тэгсэн атлаа Еховаг чин сэтгэлээсээ хайрлаж байгаагүйг санаарай (Эх. 3:1–6). Тэгэхээр, зөвхөн Бурхны шаардлага, хэм хэмжээг заах нь хангалттай биш байх нь ээ.

11. Бурхныг хайрладаг болоход нь суралцагчдаа хэрхэн туслах вэ?

11 Еховагийн шаардлага, хэм хэмжээ бидэнд дандаа ашигтай байдаг (Дуу. 119:97, 111, 112). Суралцагчдаа үүнийг заахдаа Ехова бидэнд хайртай учраас тэдгээр хууль дүрмийг гаргасныг ойлгуулах нь зүйтэй. Жишээ нь, «Бурхан үйлчлэгчдэдээ болно, болохгүй гэж яагаад хэлдэг вэ? Эндээс Бурхны талаар юу мэдэж болох вэ?» гэж асууж болно. Еховагийн талаар эргэцүүлэн бодуулж, агуу нэрийнх нь утгыг ойлгуулбал суралцагчийн маань сэтгэл хөдөлж магадгүй. Улмаар хуулийг төдийгүй уг хуулийг өгсөн Нэгнийг хайрладаг болно (Дуу. 119:68). Мөн итгэл нь батжиж, гал мэт сорилтыг тэвчих тэнхээтэй болно (1 Кор. 3:12–15).

«БИД ... ЭЗЭНИЙ НЭР ДОТОР АЛХАНА»

Нэг удаа Давидын зүрх хуваагдсан мэт болсон (12-р догол мөрийг үзээрэй)

12. Нэг удаа Давидын зүрх яагаад хуваагдсан мэт болсон бэ? Үр дүн нь ямар байсан бэ?

12 Дуулал 86:11-д «зүрхийг нэгтгээч» гэдэг үг гардаг. Давид хаан Бурхны агуу хүчээр удирдуулан энэ чухал үгийг бичжээ. Хүн хуваагдмал зүрхтэй болох буюу буруу юм хийх хандлагатай гэдгийг Давид амьдрал дээрээ үзсэн. Нэг удаа тэрбээр ордныхоо дээвэр дээр явж байхдаа хөршийнх нь эхнэр угаал үйлдэж байгааг хардаг. Тэрхэн мөчид Давидын зүрх бүтэн байсан уу эсвэл хуваагдсан мэт болсон уу? «Чи хөршийнхөө эхнэрт ... бүү шунахайр» гэсэн Еховагийн хуулийг тэрбээр мэддэг байсан (Ег. 20:17). Гэсэн ч нүдээ буруулж чадаагүй. Батшебаг хүсэн тэмүүлсэн сэтгэл, Еховагийн таалалд нийцүүлэх гэсэн хүсэл нь зөрчилдсөнөөс болоод зүрх нь хуваагдсан мэт болжээ. Хэдийгээр олон жил Еховаг хайрлаж, түүнээс эмээж ирсэн ч энэ удаа муухай юм хийж Еховагийн нэрийг гутаасан. Бас гэмгүй хүмүүст, нэн ялангуяа гэрийнхэндээ хор хүргэсэн (2 Сам. 11:1–5, 14–17; 12:7–12).

13. Давид Ехова Бурханд зүрх сэтгэлээ дахин бүхлээр нь зориулдаг болсныг хаанаас мэдэж болох вэ?

13 Ехова Давидыг сахилгажуулсан. Давид ч гэмээ ухаарчээ (2 Сам. 12:13; Дуу. 51:2–4, 17). Тэрбээр зүрх сэтгэлээ Еховад бүтнээр нь зориулж чадаагүйн улмаас ямар гай тарьж, ямар зовлон амссанаа мартаагүй. Дуулал 86:11-д бичсэнийг «Надад хуваагдаагүй зүрхийг өгөөч» гэж бас орчуулж болдог. Бүтэн буюу хуваагдаагүй зүрхтэй болоход нь Ехова түүнд тусалсан болов уу? Тийм ээ, тусалсан. Учир нь Давидын зүрх сэтгэл Ехова Бурханд бүхлээрээ зориулагдсан тухай Библид бичсэн байдаг (Х.дээд 11:4; 15:3).

14. Өөрөөсөө юу гэж асуух хэрэгтэй вэ? Яагаад?

14 Давидад тохиолдсон явдал урам ч хайрладаг, сэрэмжлүүлэг ч болдог. Ноцтой нүгэл үйлдсэн нь Бурхны орчин үеийн үйлчлэгчдэд сэрэмжлүүлэг болдог. Еховад үйлчлээд олон жил болж буй хүн ч, саяхнаас үйлчилж эхэлсэн хүн ч дараах асуултыг өөрөөсөө асуух хэрэгтэй. «Зүрхийг минь хуваах гэж оролдож байгаа Сатаныг би эсэргүүцэж байгаа юу?».

Сатан таны зүрхийг хуваахын тулд юу ч хийхээс буцахгүй. Бүү бууж өгөөрэй! (15, 16-р догол мөрийг үзээрэй) *

15. Бурхнаас эмээдэг хүн хуял тачаал хөдөлгөм зураг гарч ирэхэд яах вэ?

15 Жишээлбэл, зурагт юм уу интернэт үзэж байтал хуял тачаал хөдөлгөм зураг гарвал та яах вэ? Порно материал биш шүү дээ гэж бодох амархан байх л даа. Гэхдээ Сатан үүнийг ашиглаад таны зүрхийг хуваах гэж оролдож байвал яах вэ? (2 Кор. 2:11). Ийм зургийг цүүцтэй зүйрлэе. Модны тайрдсыг цүүцээр хагалж болдог. Үүний тулд эхлээд цүүцээ тайрдаст зооно. Дараа нь улам лав оруулсаар тайрдсыг хуваана. Цүүцийг харвал том модыг шууд таллан хувааж чадахгүй гэмээр. Үүн шиг, хуял тачаал хөдөлгөм зураг эхэндээ шалихгүй, хор хөнөөлгүй гэж бодогдож магадгүй. Гэхдээ ийм зургийг үзээд байвал зүрх хуваагдаж Еховагийн эсрэг нүгэл үйлдэж мэдэх юм. Тиймд сэтгэл зүрхэндээ буруу юмыг бүү нэвтрүүлээрэй! Еховагийн нэрээс эмээж, зүрхээ ямагт бүрэн бүтэн байлгаарай!

16. Хорхой хүргэм зүйл тулгарвал өөрөөсөө юу гэж асуух хэрэгтэй вэ?

16 Сатан биднээр буруу юм хийлгэхийн тулд өөр олон янзын юмыг ашиглаж хорхой хүргэхийг оролдоно. Тийм үед яах хэрэгтэй вэ? Тайлбар тавих амархан л даа. Жишээ нь «Энэ бол хурлаас хасагдахад хүргэх ноцтой юм биш» гэж бодож магадгүй. Ингэж бодох нь маш буруу. Харин дараах асуултыг өөрөөсөө асуух нь зүйтэй. «Сатан үүнийг ашиглаж миний зүрхийг хуваах гэж байгаа юм биш биз? Хэрэв би хүсэлдээ автаад буруу юм хийвэл Еховагийн нэрийг гутаах уу? Бурхантай дотносох уу эсвэл Бурхнаас холдох уу?». Иймэрхүү асуултад хариулахдаа өөрийгөө бүү хуураарай. Үүний тулд Бурхнаас мэргэн ухаан гуйгаарай (Яак. 1:5). Ингэвэл маш сайн хамгаалагдана. «Зайл, Сатан аа!» гэж хэлсэн Есүс шиг байж, хорхой хүргэм зүйлийг шийдвэртэй эсэргүүцнэ (Мат. 4:10).

17. Зүрх хуваагдах нь яагаад аюултай вэ? Жишээгээр тайлбарлана уу.

17 Зүрх маань хуваагдвал аюултай. Жишээ нь спортын багийн гишүүд эв нэгдэлгүй байна гэж бодъё. Зарим гишүүн өөрөө л нэр алдартай болохыг боддог, зарим нь дүрмээрээ тоглох дургүй, гурав дахь нь дасгалжуулагчаа тоодоггүй. Ийм баг тэмцээнд түрүүлэх нь юу л бол. Харин гар нийлсэн эвсэг хамт олон амжилт олох нь дамжиггүй. Хэрэв та Еховад үйлчлэхийг боддог, хүсдэг, Еховад үйлчлэхийн баяр хөөрийг мэдэрдэг бол таны зүрхийг тэрхүү эвсэг хамт олонтой адилтгаж болох юм. Сатан таны зүрхийг хуваах гэж оролддогийг бүү мартаарай. Ехова танаар юу хийлгэхийг хүсдэгийг та мэднэ. Харин Сатан танаар буруу юм хийлгэж Бурхантай зөрчилдүүлэхийг хүсдэг. Тэглээ ч та Еховад үйлчлэхэд зүрхээ бүхлээр нь зориулах учиртай (Мат. 22:36–38). Зүрхийг тань хуваахыг Сатанд бүү зөвшөөрөөрэй!

18. Мика 4:5-д бичсэнийг бодоод та яахаар шийдсэн бэ?

18 Давидын нэгэн адил, «Таны нэрээс эмээхээр зүрхийг нэгтгээч» гэж Еховад залбирч байгаарай. Залбирсныхаа дагуу амьдрахыг зорилго болгоорой. Өдөр тутам гаргадаг том, жижиг шийдвэрээрээ Бурхны ариун нэрийг гүнээ хүндэтгэн биширдгээ харуулъя гэж бат шийдээрэй. Ийм байвал та Ехова Бурхны Гэрчийн хувьд нэрийг нь алдаршуулна (Сур. 27:11). Тэгээд бид бүгдээрээ зөнч Микагийн хэлснийг давтан хэлнэ. «Бид үүрд мөнх өөрсдийн Бурхан ЭЗЭНий нэр дотор алхана» (Мика 4:5).

ДУУ 6 Бурхны үйлчлэгчийн залбирал

^ д/м 5 Энэ өгүүллээр Дуулал 86:11, 12-т байдаг Давидын залбирлыг авч үзнэ. Еховагийн нэрээс эмээх гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ агуу нэрийг бишрэх ямар үндэс байгаа вэ? Бурхнаас эмээдэг хүн хорхой хүргэм зүйлд татагдахгүй гэхийн учир юу вэ?

^ д/м 53 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Мосе Еховаг алдаршуулдаг дууг ард түмэнд зааж байна.

^ д/м 57 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Ева буруу хүсэлдээ дийлдсэн. Харин бид Бурхны нэрийг гутаадаг эсвэл буруу юм хийх хүсэл төрүүлдэг зураг, мессежийг хардаггүй.