Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 28

Бид үнэнийг мэддэг

Бид үнэнийг мэддэг

«Заалгаж сурсан болон итгэдэг болсон зүйлээ санаж, баримталж бай» (2 ТИМ. 3:14).

ДУУ 34 Гэрчийн ёсоор амьдаръя

ТОЙМ *

1. Бид «үнэн» гэдэг үгээр юуг илэрхийлдэг вэ?

«ТА ҮНЭНИЙГ яаж мэдсэн бэ?», «Үнэнийг багаасаа заалгасан уу?», «Үнэний замаар яваад хэр удаж байна вэ?» гэж та хүмүүсээс эсвэл хүмүүс танаас асуудаг байх. Еховагийн Гэрчүүд «үнэн» гэдэг үгээр юуг илэрхийлдэг вэ? Юунд итгэдэг, Бурхныг яаж шүтдэг, хэрхэн амьдардгаа энэ үгээр илэрхийлдэг. Үнэний замаар явдаг хүмүүс Библид юуны тухай байдгийг мэддэг бөгөөд зарчмыг нь баримталж амьдардаг. Тэд бол хуурамч шашнаас чөлөөлөгдсөн хүмүүс юм. Тийм ч учраас төгс бус хүний эдэлж болох хамгийн дээд жаргалыг эдэлдэг (Ёох. 8:32).

2. Ёохан 13:34, 35-д бичсэнийг харвал хүмүүс яагаад үнэнд татагддаг вэ?

2 Та анх яагаад үнэнд татагдсан бэ? Еховагийн ард түмний биеэ зөв авч явааг хараад татагдсан байж магадгүй (1 Петр 2:12). Эсвэл тэдний хайранд уярсан байж болох юм. Цуглаанд анх суугаад сонссон илтгэлийг санахаасаа илүү, Гэрчүүдийн хайрыг мэдэрснээ санадаг хүн олон байдаг. Энэ нь ч гайхах зүйл биш юм. Яагаад гэвэл шавь нар нь хайраараа танигдана гэж Есүс хэлсэн (Ёохан 13:34, 35-ыг уншина). Гэхдээ бат итгэлтэй байхад энэ бүхэн хангалттай биш.

3. Зөвхөн итгэл нэгтнүүдийн хайранд уяраад Бурханд итгэдэг болбол юу болох вэ?

3 Бид Бурхны ард түмний илэрхийлдэг жинхэнэ хайрыг мэдрээд л итгэдэг болсон бол энэ нь учир дутагдалтай. Яагаад ингэж хэлж болох вэ? Жишээ нь, ахлагч юм уу эхлэгч хүн ноцтой нүгэл үйлдвэл та яах вэ? Итгэл нэгтэн тань таныг гомдоовол яах вэ? Эсвэл бүр, тэрслэгч болоод Еховагийн Гэрчүүд үнэнийг мэддэггүй гэж ярьдаг болбол яах вэ? Та бүдэрч унаад, Еховад үйлчлэхээ болих уу? Тэгэхээр, таны итгэл Еховатай тогтоосон харьцаанд үндэслэхийн оронд ард түмнийх нь талаар төрсөн сайхан сэтгэгдэлд л үндэслэсэн бол бат биш гэсэн үг. Еховагийн тухай үнэнийг мэдсэн гэдэгтээ бат итгэлтэй болохын тулд Библийг нухацтай судалж, хөдөлшгүй баримт нотолгоо олж авах нь маш чухал. Библид Еховагийн тухай үнэнийг бичсэн гэдэгт та баттай итгэсэн байх ёстой (Ром 12:2).

4. Матай 13:3–6, 20, 21-д бичсэнийг үзвэл итгэл нь соригдоход зарим хүн яадаг вэ?

4 Зарим хүн үнэнийг «баярлан хүлээж авдаг» ч бэрхшээл тохиолдоход итгэхээ болино гэж Есүс хэлсэн (Матай 13:3–6, 20, 21-ийг уншина). Есүсийг дагавал бэрхшээлтэй нүүр тулна гэдгийг тэд ойлгоогүй байх (Мат. 16:24). Эсвэл Христийн дагалдагч болбол Бурхан бүх гай зовлонгоос хамгаалж, дандаа ивээнэ гэж бодсон байж магадгүй. Гэвч төгс бус энэ ертөнцөд амьдарч байгаа цагт бэрхшээл, зовлонгоос ангид байх аргагүй. Мөн амьдралд өөрчлөлт гарч мэднэ. Тийм үед нэг хэсэгтээ л гуньж гутардаг (Дуу. 6:6; Ном. 9:11).

5. Еховагийн Гэрчүүдийн ихэнх нь үнэнийг мэдсэн гэдэгтээ итгэлтэй байдгийн баталгаа юу вэ?

5 Еховагийн Гэрчүүдийн ихэнх нь үнэнийг мэдсэн гэдэгтээ итгэлтэй байдаг. Үүний баталгаа юу вэ? Итгэл нэгтэн нь гомдоох юм уу нүгэл үйлдсэн ч бат итгэлтэй хэвээрээ байдаг (Дуу. 119:165). Сорилт тулгарах бүрд эргэлзэх бус, харин ч итгэл нь улам батаждаг (Яак. 1:2–4). Ийм итгэлтэй болохын тулд яах хэрэгтэй вэ?

«БУРХНЫ ТУХАЙ ҮНЭН ЗӨВ МЭДЛЭГ» ОЛЖ АВААРАЙ

6. І зууны шавь нар юунд үндэслэн итгэдэг болсон бэ?

6 І зууны шавь нар Судраас олж авсан мэдлэг болон Есүс Христийн сургаалд үндэслэн итгэлээ батжуулжээ. Есүсийн сургаал гэдэг нь «сайн мэдээний үнэн» юм (Гал. 2:5). Үнэн гэдэгт Христийн дагалдагч бидний итгэдэг бүхэн, түүний дотор Есүс амиа золиосолсон хийгээд амилсан тухай сургаал орно. Элч Паул энэ бүх сургаал үнэн гэдэгт итгэдэг байсан. Яагаад гэвэл «Христ зовлон эдлэх, мөн амилах ёстой байсныг Судраас иш татан баталж» байсан (Үйлс 17:2, 3). І зууны шавь нар эдгээр сургаалыг хүлээн зөвшөөрч, Бурхны Үгийг ойлгоход агуу хүч тусална хэмээн найдаж байжээ. Тийм учраас Сударт үндэслэсэн эсэхийг нь баттай мэдэхийн тулд сайтар судалдаг байсан (Үйлс 17:11, 12; Евр. 5:14). Тэд дан ганц сэтгэл хөдлөлдөө автаад итгэдэг болоогүй. Итгэл нэгтнүүдтэйгээ хамт байх нь сайхан учраас Еховад үйлчлээгүй. Харин «Бурхны тухай үнэн зөв мэдлэгт» үндэслэн итгэсэн (Кол. 1:9, 10).

7. Библийн үнэнд бат итгэх нь ямар ач холбогдолтой вэ?

7 Бурхны Үгэнд байдаг үнэн ямар ч нөхцөлд өөрчлөгддөггүй (Дуу. 119: 160). Итгэл нэгтэн маань биднийг гомдооход, ноцтой нүгэл үйлдэхэд эсвэл бидэнд гай зовлон тохиолдоход Библийн үнэн хэвээрээ л байдаг. Тийм учраас Библийн сургаалыг сайтар мэддэг болж, үнэн гэдэгт итгэх хэрэгтэй. Далайн шуурга болбол зангуугаа буулгасан усан онгоц давлагаанд дайвалздаггүй шиг, зовлон нүүрлэвэл Библийн үнэнд үндэслэсэн бат итгэлтэй хүн туйлбартай байдаг. Үнэнийг олж мэдсэн гэдэгтээ улам бүр итгэлтэй болохын тулд яах хэрэгтэй вэ?

«ИТГЭДЭГ БОЛООРОЙ»

8. 2 Тимот 3:14, 15-ыг харвал, Тимот яаж итгэдэг болсон бэ?

8 Тимот үнэнийг мэдэж авсан гэдэгтээ итгэлтэй байсан. Яагаад? (2 Тимот 3:14, 15-ыг уншина). «Ариун судруудын» сургаалыг ээж эмээ хоёр нь түүнд анх зааж өгчээ. Гэхдээ Тимот өөрөө ч цаг зав, хүч хөдөлмөр гарган судалдаг байсан байх. Үүний дүнд үнэхээр үнэн гэдэгт «итгэдэг болсон». Хожим нь ээжтэйгээ, эмээтэйгээ гурвуулаа Христийн дагалдагчдаар сургаал заалгажээ. Тимот Есүсийн дагалдагчдын хайранд уярсан учраас тэдэнтэй хамт байх, тэдэнд туслах гэсэн оргилуун хүсэлтэй болсон нь эргэлзээгүй (Флп. 2:19, 20). Гэхдээ хүмүүсийг гэсэн хайранд бус, Библиэс мэдэж авсан сургаалд үндэслэн итгэдэг болсон. Тийм учраас Еховатай дотносжээ. Та бас Библийг уншихдаа Еховагийн тухай юу хэлж байгааг эргэцүүлэн бодоод, үнэн гэсэн нотолгоо олж аваарай.

9. Ямар гурван сургаалд бат итгэх шаардлагатай вэ?

9 Эхний ээлжид үндсэн сургаалуудаас дараах гурван сургаалд бат нот итгэдэг болоорой. Нэгдүгээрт, Ехова Бурхан бүх юмыг бүтээсэн (Ег. 3:14, 15; Евр. 3:4; Илч. 4:11). Хоёрдугаарт, Библи бол хүн төрөлхтөнд зориулж бичсэн Бурхны мэдээ (2 Тим. 3:16, 17). Гуравдугаарт, Ехова дэлхий дээр өөрийн гэсэн байгууллагатай. Тэр байгууллагын гишүүд Христээр удирдуулдаг, Еховаг шүтдэг бөгөөд тэднийг Еховагийн Гэрчүүд гэдэг (Ис. 43:10–12; Ёох. 14:6; Үйлс 15:14). Эдгээр үндсэн сургаал үнэн гэдэгт бат итгэдэг болохын тулд Библийг үг үсэггүй мэдэх шаардлагагүй. Харин «оюун ухаанаа дайчлах» нь таны зорилго байх учиртай (Ром 12:1).

БУСДАД ИТГҮҮЛЭХЭД БЭЛЭН БАЙХ НЬ

10. Үндсэн сургаалд итгэдэг болсон бол өөр яах хэрэгтэй вэ?

10 Бурхан, Библи, Бурхны ард түмний тухай үндсэн гурван сургаалд бат итгэдэг болсон бол үүнийгээ Судраар баталж чаддаг байх хэрэгтэй. Яагаад? Бид Христийн дагалдагч учраас мэдэж авсан үнэн зөв сургаалаа бусдад заах үүрэгтэй * (1 Тим. 4:16). Библийн сургаал үнэн гэдгийг хүмүүст итгүүлэн үнэмшүүлэх гэж хичээхийн хэрээр бидний итгэл батаждаг.

11. Элч Паул бидэнд ямар жишээ үлдээсэн бэ?

11 Элч Паул дэлгэрүүлэхдээ хүмүүсийг «Есүст итгэдэг болгохын тулд ... Мосегийн хууль болон Зөнчдийн бичсэнийг ... тайлбарлаж байв» (Үйлс 28:23). Бид суралцагчдаа үнэнийг заахдаа Паулыг хэрхэн дуурайх вэ? Библид юу гэж байдгийг хэлээд орхичихож болохгүй. Мэдэж авсан зүйлээ сайтар эргэцүүлэн бодоход нь туслах хэрэгтэй. Тэгвэл тэд Еховатай дотносно. Суралцагч маань бидэнд татагдсандаа биш, харин халамжтай Бурхны тухай баримтуудад итгэсэндээ үнэний замаар явдаг болох нь хамгийн чухал.

Эцэг эхчүүд ээ, хүүхдэдээ «Бурхны гүн юмыг» зааж итгэлийг нь батжуулаарай (12, 13-р догол мөрийг үзээрэй) *

12, 13. Эцэг эхчүүд хүүхдээ үнэний замаар тууштай явуулахын тулд юу хийх хэрэгтэй вэ?

12 Эцэг эхчүүд та нар хүүхдээ үнэний замаар тууштай явуулахыг хүсдэг нь эргэлзээгүй. Хүүхдээ хурлынхантай дотно байлгавал итгэл нь батажна гэж боддог байж магадгүй. Гэхдээ хүүхэд тань бат итгэлтэй болохын тулд сайн хүмүүстэй нөхөрлөхөөс гадна өөр чухал зүйлийг хийх хэрэгтэй. Юу гэвэл, Бурхантай өөрөө дотносохын зэрэгцээ Библиэс мэдэж авсан бүхэн нь үнэн зөв гэдэгт итгэсэн байх ёстой.

13 Хүүхдэдээ Бурхны тухай үнэнийг заахын тулд Библийг өөрсдөө сайн судалж үлгэр жишээ болоорой. Мэдэж авсан зүйлээ яаралгүй эргэцүүлэн бодож байгаарай. Тэгвэл хүүхдүүд тань даган дуурайна. Библи судлахад туслах материалуудыг хэрхэн ашиглахыг суралцагчдаа заадаг шигээ хүүхдэдээ заагаарай. Ингэдэг бол хүүхэд тань Еховаг хайрладаг болно. Мөн Библийг ойлгоход туслуулахаар Еховагийн томилсон итгэмжит, ухаалаг боолд итгэж найддаг болно (Мат. 24:45–47). Эцэг эхчүүд ээ, Библийн сургаалыг хүүхдэдээ заахдаа зөвхөн үндсэн сургаалаар бүү хязгаарлаарай. Итгэлийг нь батжуулахын тулд нас, чадварт нь тохируулан «Бурхны гүн юмыг» заагаарай (1 Кор. 2:10).

БИБЛИЙН ЗӨГНӨЛИЙГ СУДЛААРАЙ

14. Яагаад Библийн зөгнөлийг судлах хэрэгтэй вэ? (Бас  «Та эдгээр зөгнөлийг тайлбарлаж чадах уу?» гэсэн хавсралтыг үзээрэй).

14 Бурхны Үгний нэг чухал хэсэг болсон зөгнөлүүд Еховад итгэх итгэлийг батжуулдаг. Ямар ямар зөгнөл байдаг вэ? «Эцсийн өдрүүдийн» тухай зөгнөлийг та хэлэх байх (2 Тим. 3:1–5; Мат. 24:3, 7). Итгэлийг тань батжуулах өөр ямар зөгнөл биелсэн бэ? Жишээлбэл «Даниел» номын 2 эсвэл 11 дүгээр бүлэгт бичсэн зөгнөл хэрхэн биелсэн, мөн хэрхэн биелж байгааг та тайлбарлаж чадах уу? * Та Библид үндэслэн итгэсэн бол хэзээ ч итгэлээсээ няцахгүй. Дэлхийн ІІ дайны үед Германд харгис хавчлагад өртсөн ах нарын жишээг авч үзье. Тэд эцсийн өдрүүдийн тухай Библийн зөгнөлийг бүрэн ойлгоогүй ч Бурхны Үгэнд бат итгэдэг байжээ.

Библийг, түүний дотор, зөгнөлийг судалдаг бол бэрхшээл тохиолдоход ч Еховад үнэнч байна (15–17-р догол мөрийг үзээрэй) *

15-17. Итгэл нэгтнүүд маань нацистуудын хавчлагыг сөрөн зогсож чадсаны учир юу вэ?

15 Нацист дэглэмийн үед Герман дахь итгэл нэгтнүүдийг маань хэдэн мянгаар нь хорих лагериуд руу явуулсан юм. Гитлер болон СС-ийн дарга Хайнрих Химмлер Еховагийн Гэрчүүдийг үзэн яддаг байв. Химмлер нэг хорих лагерьт байсан Гэрч эмэгтэйчүүдэд хандан: «Танай Ехова тэнгэрт хаанчилж л байг, харин дэлхийг захирч байгаа нь бид шүү! Бид удаан тэсэх үү, та нар удаан тэсэх үү гэдгийг харуулаад өгнө өө гайгүй!» гэсэн гэдэг. Үнэнч байхад нь Еховагийн ард түмэнд юу тус болсон бол?

16 Бурхны Хаант төр 1914 оноос захирч эхэлснийг тэдгээр Библи Судлаачид мэдэж байсан. Ширүүн эсэргүүцэл тулгарахад гайхаагүй. Санаа зорилгоо биелүүлэхэд нь Бурханд нэг ч засгийн газар саад болж чадахгүй гэдэгт итгэл төгс байжээ. Үнэндээ Гитлер жинхэнэ шүтлэгийг үгүй хийж чадаагүй. Мөн Бурхны Хаант төрөөс илүү хүчирхэг төрийг ч байгуулж чадаагүй. Гитлерийн засаглал яваандаа байхгүй болно гэдэгт ах нар маань эргэлзээгүй юм.

17 Тэдний маань итгэж найдсан зүйл үнэн байсан. Удалгүй нацист дэглэм нуран унаж, «дэлхийг захирч байгаа нь бид шүү» гэж хэлж байсан Хайнрих Химмлер амиа хоохойлон зугтжээ. Тэгж явахдаа Любкэ ахтай тааралдав. Урьд нь шоронд хоригдож байсан Еховагийн Гэрч гэдгийг нь таньжээ. Шалдаа буусан Химмлер: «За, Библи Судлаач минь, одоо юу болох вэ?» гэж Любкэ ахаас асуув. Нацист дэглэм нурж, Еховагийн Гэрчүүд суллагдана гэдгийг бид мэдэж байсан хэмээн Любкэ ах ярьжээ. Урьд нь Еховагийн Гэрчүүдийн талаар ихэд доромжлон ярьж байсан Химмлер хэлэх ч үггүй болов. Удаа ч үгүй, амиа хорлосон байна. Энэ явдлаас юу ойлгож болох вэ? Библийг, түүний дотор, зөгнөлийг судалдаг бол Бурханд эргэлзэлгүй итгэж, хүнд бэрх цагт бат зогсож чадна (2 Петр 1:19–21).

18. Ёохан 6:67, 68-д бичсэнээр, бид яагаад «үнэн зөв мэдлэгтэй, бүрэн дүүрэн ойлголттой» байх хэрэгтэй вэ?

18 Христийн жинхэнэ дагалдагчдын гол шинж болсон хайрыг бид дор бүрнээ илэрхийлж байх учиртай. Бас «үнэн зөв мэдлэгтэй, бүрэн дүүрэн ойлголттой» байх нь нэн чухал (Флп. 1:9). Эс бөгөөс «хүний заль мэх», ялангуяа тэрслэгчдийн урхинд орж, «янз бүрийн номлолын салхинд туугдаж» мэдэх юм (Эф. 4:14). МЭ І зуунд амьдарч байсан олон шавь Есүсийг дагахаа болиход элч Петр «мөнх амьдруулах чадалтай үг» Есүст байгаа гэдэгт бат итгэдгээ хэлсэн (Ёохан 6:67, 68-ыг уншина). Тэр үед Петр Есүсийн хэлсэн болгоныг нэг бүрчлэн ойлгоогүй ч Христийн тухай үнэнийг ойлгосон учраас үнэнч байсан. Та бас Библийн сургаалд итгэх итгэлээ батжуулаарай. Тэгвэл сорилт тулгарах цагт бат зогсож чадна. Мөн бат итгэлтэй болоход нь бусдад тусална (2 Ёох. 1, 2).

ДУУ 10 Би энд байна! Намайг илгээ

^ д/м 5 Бурхны Үгэнд байдаг сургаал маш чухал гэдгийг ойлгоход энэ өгүүлэл тустай. Түүнчлэн бид үнэнийг мэддэг гэдэгтээ итгэлтэй байхын тулд яах хэрэгтэйг үзнэ.

^ д/м 10 Библийн үндсэн сургаалыг эргэцүүлэн бодож, зөв дүгнэлтэд хүрье гэвэл «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2010–2015 оны дугаарт нийтлэгдсэн «Таны асуултад хариулъя» гэсэн цуврал өгүүллийг үзээрэй. Үүнд: «Есүс Бурхан мөн үү?», «Бурхны Хаанчлал хэзээ захирч эхэлсэн бэ?», «Бурхан яагаад зовлон зүдүүрийг хүлцэн тэвчдэг вэ?» гэх зэрэг сэдэв бий.

^ д/м 14 Эдгээр зөгнөлийг «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2012 оны 6-р сарын 15-ны болон 2020 оны 5-р сарын дугаарт дэлгэрэнгүй тайлбарласан.

^ д/м 60 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Гэр бүлийн хичээлээрээ аав ээж хоёр нь хүүхдүүдтэйгээ агуу их гамшгийн тухай зөгнөлийг судалж байна.

^ д/м 62 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Агуу их гамшиг болоход тэд гайхаж цочирдохгүй байна.