Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 29

«Би хүчин мөхөс байхдаа хүчтэй байдаг»

«Би хүчин мөхөс байхдаа хүчтэй байдаг»

«Христийн төлөө хүчин мөхөстөхдөө, доромжлуулахдаа, гачигдахдаа, хавчигдахдаа, хүнд бэрхийг туулахдаа дуртай байдаг» (2 КОР. 12:10).

ДУУ 60 Бурхан таныг бататгана

ТОЙМ *

1. Элч Паул юуг нуулгүй хэлсэн бэ?

ӨӨРИЙГӨӨ сул дорой гэж бодох үе байсныг элч Паул нуулгүй хэлжээ. Бие махбод нь «ялзарч» байгааг, зөв юм хийхийн тулд ихээхэн хүчин чармайлт гаргах хэрэгтэйг, бас Ехова залбиралд нь хүссэнээр нь хариулдаггүйг тэрбээр илэн далангүй бичжээ (2 Кор. 4:16; 12:7–9; Ром 7:21–23). Эсэргүүцэгчид өөрийг нь сул дорой гэж үздэгийг ч Паул хүлээн зөвшөөрсөн. * Гэхдээ бусдын буруу үзэл, өөрийн сул дорой байдлаас болоод би хэнд ч хэрэггүй хүн гэж бодож байгаагүй (2 Кор. 10:10–12, 17, 18).

2. 2 Коринт 12:9, 10-ыг үзвэл, Паул ямар чухал зүйлийг ойлгосон бэ?

2 Хүмүүс сул дорой үедээ ч хүчтэй байх боломжтой гэсэн маш чухал зүйлийг Паул ойлгожээ (2 Коринт 12:9, 10-ыг уншина). Ехова Паулд «Хүчин мөхөс үед миний хүч чадал бүрэн илэрдэг» гэсэн нь түүнд байхгүй хүчийг өгнө гэсэн үг байлаа. Эсэргүүцэгчид биднийг доромжлоход яагаад гуньж гутрах хэрэггүйг эхлээд ярилцъя.

«ДОРОМЖЛУУЛАХДАА ... ДУРТАЙ БАЙДАГ»

3. Доромжлуулсандаа яагаад баярлах хэрэгтэй вэ?

3 Доромжлуулах дуртай хүн гэж байдаггүй. Эсэргүүцэгчдийн доромжилж хэлсэн үгийг хэтэрхий их анхаарвал сэтгэлээр унадаг (Сур. 24:10). Тэгвэл яах хэрэгтэй вэ? «Доромжлуулахдаа ... дуртай» байсан Паулыг дуурайгаарай (2 Кор. 12:10). Яагаад? Доромжлол, эсэргүүцэлтэй тулгарч байгаа маань Есүсийн жинхэнэ дагалдагчийн шинж юм (1 Петр 4:14). Дагалдагчид нь хавчигдана гэдгийг Есүс хэлсэн билээ (Ёох. 15:18–20). Нэгдүгээр зууны дагалдагчдад ийм явдал тохиолдсон. Тэр үед Грекийн соёлын нөлөөнд автсан хүмүүс Христийн дагалдагчдыг арчаагүй, тэнэг гэж үздэг байжээ. Иудейчүүд ч элч Петр Ёохан нарыг «эрдэм номгүй, эгэл жирийн» гэлцсэн (Үйлс 4:13). Христийн дагалдагчид сул дорой харагдаж байв. Учир нь тэд улс төрд оролцох юм уу цэрэг дайнд явдаггүй, нийгмийн хог шаар гэж үзэгддэг байжээ.

4. Христийн эртний дагалдагчид эсэргүүцэлтэй тулгараад яасан бэ?

4 Христийн эртний дагалдагчид эсэргүүцэлтэй тулгараад шавь байхаа больж, дэлгэрүүлэх ажлаа зогсоосон уу? Үгүй. Жишээ нь элч Петр Ёохан нар Есүсийг дагаж, түүний тухай ярьсны улмаас хавчигдсаныгаа нэр төрийн хэрэг гэж үзсэн (Үйлс 4:18–21; 5:27–29, 40–42). Ичиж зовох ямар ч шалтгаан шавь нарт байгаагүй. Тэд нийгэмд ад үзэгддэг хэр нь хүмүүст тустай юм хийдэг байв. Жишээлбэл зарим дагалдагчийн бичсэн Библийн номууд олон сая хүнд тус болж, итгэл найдвар өгдөг. Тэдний тунхагладаг байсан Хаант төр одоо тэнгэрээс удирдаж байгаа төдийгүй удахгүй хүн төрөлхтнийг бүгдийг нь удирдан захирна (Мат. 24:14). Христийн дагалдагчдыг хавчиж байсан Ромын эзэнт гүрний хүчирхэг засгийн газар түүх болон үлдсэн байхад, тэдгээр үнэнч шавь одоо тэнгэрт хаан болчихоод байна. Харин тэднийг эсэргүүцэгчид хэдийнээ байхгүй болсон. Амиллаа ч үзэн ядаж байсан хүмүүсийнхээ тунхагладаг байсан тэр Хаант төрд захирагдана (Илч. 5:10).

5. Ёохан 15:19-ийг үзвэл, хүмүүс Еховагийн ард түмнийг яагаад дорд үздэг вэ?

5 Өнөөгийн биднийг Еховагийн ард түмэн гэдгээс болоод дорд үзэх юм уу эрдэм номгүй, сул дорой гэж шоолох нь бий. Яагаад гэвэл бидний хандлага бусдынхаас өөр. Бид даруу, дөлгөөн, дуулгавартай байхыг хичээдэг. Харин энэ ертөнц бардам, омогтой, тэрслүү хүмүүсийг хөгжөөн дэмждэг. Түүнээс гадна, бид улс төрд оролцдоггүй, аль ч улсын зэвсэгт хүчинд алба хаадаггүй. Бид «өнөө үеийн хэвэнд цутгуулдаггүй» учраас хүмүүс биднийг дорд үздэг (Ёохан 15:19-ийг уншина; Ром 12:2).

6. Ехова ард түмнээрээ ямар агуу ажил хийлгэж байгаа вэ?

6 Хүмүүс Еховагийн ард түмнийг сул дорой гэж боддог байхад, Ехова ард түмнээрээ агуу ажил хийлгэдэг. Энэ бол хүн төрөлхтний түүхэнд урьд хожид байгаагүй дэлгэрүүлэх аян юм. Еховагийн ард түмэн дэлхий дээр хамгийн олон хэлээр, хамгийн олон хувиар сэтгүүл хэвлэдэг. Мөн Библийг ашиглан хүмүүст тусалдаг учраас олон сая хүн засарч өөрчлөгдөж байна. Ертөнцийнхөнд сул дорой мэт харагддаг ард түмнээрээ ийм агуу ажил хийлгэдэг Еховаг магтан алдаршуулбал зохино. Тэгвэл хувь хүний тухайд юу хэлж болох вэ? Ехова танд хүч өгдөг үү? Еховагаас тусламж авахын тулд та юу хийх ёстой вэ? Элч Паулын үлдээсэн жишээнээс гурван зүйлийг авч үзье.

ӨӨРИЙНХӨӨ ХҮЧИНД БҮҮ НАЙДААРАЙ

7. Паулаас юу сурч болох вэ?

7 Паулын жишээнээс авах эхний сургамж нь: Еховад үйлчлэхдээ өөрийнхөө хүч, чадварт бүү найдаарай. Паул өөртөө найддаг, бардам хүн болж болох л байсан. Тэрбээр Ромын нэг мужийн нийслэл Тарс хотод төрж өсжээ. Тарс нь өндөр хөгжилтэй, алдартай их сургуультай хот байсан. Паул өндөр боловсролтой нэгэн байв. Тухайн үеийнхээ Иудейн удирдагчдын дунд хамгийн их хүндлэгддэг Гамалиел гэдэг хүний шавь байлаа (Үйлс 5:34; 22:3). Цагтаа Паул өөрөө ч Иудейн нийгэмд нөлөөтэй хүн байсан. Тэрбээр: «Би ... шашин шүтлэгийн хувьд үе тэнгийн иудейчүүдээсээ илүү дэвшиж явсан юм» гэж хэлжээ (Гал. 1:13, 14; Үйлс 26:4). Гэхдээ Паул өөртөө найдаагүй.

Паул амжилт гэж тооцогддог энэ ертөнц дэх бүхнийг Христийн дагалдагч байх завшаантайгаа харьцуулаад «хог» гэж үзсэн (8-р догол мөрийг үзээрэй) *

8. Филиппой 3:8-д бичсэнээр, Паул орхисон зүйлүүдээ юу гэж үзсэн бэ? Яагаад «хүчин мөхөстөхдөө ... дуртай байсан» бэ?

8 Өөрийг нь нөлөө бүхий болгож байсан бүхнийг Паул дуртайяа орхижээ. Урьд нь өөрт нь байсан тэр бүх юм үнэн хэрэгтээ «хог» байсныг тэрбээр ойлгосон (Филиппой 3:8-ыг уншина). Паул Христийн дагалдагч болоод юм юм үзжээ. Элэг нэгтнүүд нь түүнийг жигшсэн (Үйлс 23:12–14). Нутгийнхан нь буюу ромчууд түүнийг зодож, шоронд хийсэн (Үйлс 16:19–24, 37). Үүний зэрэгцээ зөв юм хийх нь төгс бус хүнд хэцүү байдгийг Паул өөрөө хүлээн зөвшөөрсөн байдаг (Ром 7:21–25). Гэхдээ эсэргүүцэгчдээс эсвэл дутагдлаасаа болж Христийг дагахаа болиогүй. Харин ч «хүчин мөхөстөхдөө ... дуртай байсан». Яагаад? Сул дорой үед нь Бурхан агуу хүчээрээ тусалж байгааг мэдэрдэг байв (2 Кор. 4:7; 12:10).

9. Бид яагаад сул дорой харагддаг вэ? Гэхдээ юу гэж бодох ёсгүй вэ?

9 Еховагаас хүч авъя гэвэл би эрүүл чийрэг, эрдэм мэдлэгтэй, удам сайтай, эд хөрөнгөтэй учраас үнэ цэнтэй гэж бодох ёсгүй. Еховад ийм л хүн хэрэгтэй байдаг юм биш ээ. Үнэн хэрэг дээрээ Бурхны ард түмний дунд «мэргэн ухаантай гэж ертөнцийнхний үздэг хүн олон» байдаггүй. «Нөлөө бүхий хүн ч, язгууртан хүн ч» цөөхөн. Харин ч Ехова «ертөнцийн сул дорой юмыг сонгосон» (1 Кор. 1:26, 27). Тиймээс, дээр тоочсон бүхэн танд байхгүй бол Еховад үйлчилж чадахгүй гэж бүү гутраарай. Харин ч Еховагийн агуу хүчний нөлөөг мэдрэх боломж олдлоо гэж бодоорой. Жишээлбэл итгэл үнэмшлийг тань үгүйсгэж, эргэлзээ төрүүлэхийг оролдож буй хүмүүсээс айж байвал Еховад залбирч, итгэж үнэмшдэг зүйлээ зоригтой ярихад туслахыг гуйгаарай (Эф. 6:19, 20). Архаг хууч өвчнөөр шаналж яваа бол Еховад үйлчлэхэд хамаг анхаарлаа хандуулахад туслахыг гуйж залбираарай. Ехова тусалж байгааг мэдрэх бүрд таны итгэл батжиж, та улам бүр хүчтэй болно.

БИБЛИД ГАРДАГ ЖИШЭЭНЭЭС СУРАЛЦААРАЙ

10. Еврей 11:32–34-т дурдсан үнэнч хүмүүсийн жишээг яагаад судлах хэрэгтэй вэ?

10 Паул Судрыг хичээнгүйлэн судалдаг хүн байв. Тийм учраас Бурхны Үгэнд гардаг олон хүний жишээнээс их юм ойлгожээ. Тэрбээр еврей дагалдагчдад бичсэн захидалдаа Еховагийн үнэнч үйлчлэгчдийн нэрийг дурдаж, тэдний жишээг судлахыг уриалжээ (Еврей 11:32–34-ийг уншина). Тэдгээр үйлчлэгчийн нэг Давид хааны тухай ярилцъя. Дайснууд төдийгүй цагтаа сайн найз нь байсан хүмүүс Давидыг эсэргүүцэж байжээ. Давидын амьдралыг эргэцүүлэн бодсон нь Паулд ямар ач тустай байсан бэ? Бид Паулыг хэрхэн дуурайх вэ? Давидын жишээг үзвэл эдгээр асуултын хариу тодорхой болно.

Залуу Давид сул дорой мэт харагдаж байсан ч Голиаттай тулалдахаас айгаагүй. Тэрбээр Бурханд найдаж байсан учраас Голиатыг ялсан (11-р догол мөрийг үзээрэй)

11. Давид яагаад сул дорой харагдсан бэ? (Сэтгүүлийн нүүрэн дэх зургийг үзээрэй).

11 Бяр чадал ихтэй Голиат гэдэг цэрэг Давидыг хараад сул дорой гэж бодон «үл тоомсорлов». Үнэндээ Голиат аварга том биетэй, зэр зэвсэг сайтай, дайн тулаанд сайтар бэлтгэгдсэн цэрэг байв. Харин Давид дайтаж сураагүй гэж харагдахаар, ямар ч туршлагагүй хөвгүүн байлаа. Тэрбээр сул дорой мэт харагдаж байсан ч үнэн хэрэгтээ хүчтэй байсан. Яагаад гэвэл Еховад найдсан. Тийм учраас дайснаа даржээ (1 Сам. 17:41–45, 50).

12. Өөр ямар бэрхшээл Давидад учирсан бэ?

12 Давидыг сул дорой харагдуулж байсан өөр нэг зүйл байв. Тэрбээр Еховагийн томилсон Израйлын хаан Саулд үнэнчээр зүтгэдэг байжээ. Саул хаан эхэндээ Давидыг хүндэлдэг байв. Харин хожим нь бардам зангийн балгаар Давидад атаархаж, хар буруу санадаг болжээ. Тэр ч бүү хэл, алахыг оролддог болсон (1 Сам. 18:6–9, 29; 19:9–11).

13. Саул хаан шударга бус харьцахад Давид яасан бэ?

13 Саул хаан шударга бус харьцаж байсан ч Давид түүнийг Еховагийн томилсон хаан хэмээн хүндэлсээр байв (1 Сам. 24:6). Өөрт нь муу юм хийсэн Саулаас болж Давид Еховаг буруутгаагүй. Харин энэ бэрхшээлийг давах хүч өгнө гэж Еховад найдсан (Дуу. 18:1, оршил).

14. Элч Паулд Давидынхтай төстэй ямар асуудал тулгарсан бэ?

14 Элч Паулд Давидынхтай төстэй асуудал тулгарчээ. Паулын дайснууд хүчээр илүү байв. Түүнийг үзэн ядаж байсан хүн тухайн үеийн нөлөө бүхий удирдагчдын дунд олон байлаа. Тэд олон ч удаа Паулыг зодож жанчин, шоронд хийжээ. Бас найз нь байх ёстой хүмүүс өөрт нь муу юм хийж байсан. Христийн зарим дагалдагч хүртэл түүнийг эсэргүүцэж байв (2 Кор. 12:11; Флп. 3:18). Гэлээ ч Паул бүх дайснаа ялсан. Яаж? Эсэргүүцлийг үл тоон дэлгэрүүлсээр байсан. Сэтгэлийг нь гонсойлгож байсан итгэл нэгтнүүддээ ч үнэнч хэвээрээ байв. Хамгийн гол нь насныхаа эцэс хүртэл Бурханд үнэнч байсан (2 Тим. 4:8). Паул эрүүл чийрэг, хүч чадалтайдаа бус, харин Еховад найддаг байсан учраас бүхнийг давж чадсан юм.

Таны итгэж үнэмшдэг зүйлийг үгүйсгэж байгаа хүнтэй эелдэг ярьж, хүндэтгэлтэй харьцаарай (15-р догол мөрийг үзээрэй) *

15. Бид ямар зорилготой вэ? Зорилгоо хэрхэн биелүүлэх вэ?

15 Ангийнхан, ажлынхан, Гэрч биш гэрийнхэн тань таныг доромжлох юм уу эсэргүүцдэг үү? Итгэл нэгтэн тань танд муу юм хийж байсан уу? Тийм бол Давид Паул нарын жишээг санаарай. Та «бузар мууг сайнаар дийлж» чадна (Ром 12:21). Давид Голиатын духыг цөм цохисон. Харин та тэгэх шаардлагагүй. Таны зорилго бол Бурхны тухай, Библийн тухай мэдэж авахад нь хүмүүст туслах юм. Танд муугаар хандаж буй хүмүүсийг хүндлэн, асуултад нь Библиэс хариулж, бүх хүнд, тэр байтугай дайсагнадаг хүнд ч сайныг үйлдэж сурвал энэ зорилгоо биелүүлнэ (Мат. 5:44; 1 Петр 3:15–17).

ТУСЛАМЖ АВААРАЙ

16, 17. Паул юуг мартаагүй вэ?

16 Элч Паул Христийн шавь болохоосоо өмнө Есүсийн дагалдагчдыг хавчдаг дээрэнгүй залуу байв (Үйлс 7:58; 1 Тим. 1:13). Тэр үед Саул гэдэг нэртэй байсан Паулын хорлон сүйтгэх ажиллагааг Есүс өөрөө зогсоосон. Есүс түүнтэй тэнгэрээс ярьж, нүдийг нь сохолжээ. Паул дахин хараатай болохын тулд хавчиж байсан хүмүүсээсээ арга буюу тусламж эрсэн. Есүсийн шавь Ананиа түүнд хараа оруулж өгөхөөр болов. Тэгэхэд нь Паул цааргалалгүй туслуулжээ (Үйлс 9:3–9, 17, 18).

17 Паул хожим нь Христийн дагалдагчдын дунд алдартай хүн болсон. Гэлээ ч Дамаск орох замд тохиолдсон тэр нэгэн явдлыг хэзээ ч мартаагүй. Тэрбээр итгэл нэгтнүүдээсээ тусламж авч даруу байсан. «[Тэд] надад түшиг тулгуур болдог» гэж Паул бичжээ (Кол. 4:10, 11, зүүлт).

18. Бид яагаад бусдаас тусламж авахаас цааргалж мэдэх вэ?

18 Паулаас юу сурах вэ? Бид анх Бурхантай танилцахдаа юу ч мэдэхгүй хүүхдээс ялгаагүй байсан. Үүнийгээ хүлээн зөвшөөрөөд үйлчлэгчдээс нь дуртайяа тусламж авдаг байсан (1 Кор. 3:1, 2). Тэгвэл одоо яадаг вэ? Еховад үйлчлээд олон жил болсон, их туршлага хуримтлуулсан бол бусдаар туслуулахдаа дурамжхан байж болох юм. Ялангуяа үнэний замаар яваад удаагүй хүн туслах гэвэл цааргалж магадгүй. Гэхдээ Ехова биднийг хүч тэнхээтэй болгохын тулд тэднийг л явуулдаг (Ром 1:11, 12). Тиймд Еховагаас хүч авахыг хүсэж байгаа бол итгэл нэгтнүүдийнхээ тусламжийг цааргалалгүй хүлээж аваарай.

19. Паул яагаад амжилт олсон бэ?

19 Паул Христийн дагалдагч болсныхоо дараа олон чухал ажил амжуулсан. Яагаад? Амжилт бол хүний хүч чадал, эрдэм боловсрол, эд хөрөнгө, нийгмийн гарлаас бус, даруу байх, Еховад итгэж найдахаас шалтгаалдгийг ойлгожээ. Тэгэхээр Паулыг дуурайн 1) Еховад найдаж, 2) Библид гардаг хүмүүсээс суралцаж, 3) итгэл нэгтнүүдээсээ тусламж авч байцгаая. Тэгвэл бид хэчнээн сул дорой байлаа ч Ехова биднийг хүчтэй болгоно!

ДУУ 17 Гэрчүүд ээ, урагшаа!

^ д/м 5 Энэ өгүүллээр элч Паулын жишээг авч үзнэ. Биднийг даруу байвал доромжлолыг тэвчих, сул дорой байдлаа ялах хүчийг Ехова өгнө.

^ д/м 1 ҮГИЙН ТАЙЛБАР: Төгс бус, ядуу зүдүү, өвчин хуучтай, боловсрол багатай гэх мэтийн янз бүрийн шалтгааны улмаас хүн өөрийгөө сул дорой гэж бодох нь бий. Түүнээс гадна, эсэргүүцэгчид үг хэлээр дайрч доромжлох юм уу бие махбодод халдаж, сул дорой, хэнд ч хэрэггүй гэсэн бодол төрүүлэхийг оролддог.

^ д/м 57 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Паул Христийн тухай дэлгэрүүлэхээр явахдаа фарисай байсан үеийнхээ юмнуудыг бүрмөсөн орхисон. Үүнд Ариун судрын хэсгүүдийг хадгалдаг жижиг хайрцаг болон шашны холбогдолгүй судрууд ч ордог.

^ д/м 61 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Гэрч эрэгтэйг ажлынхан нь төрсөн өдрийн баярт оролцуулах гэж ятгаж байна.