Skip to content

Гарчиг руу орох

Уншигчдын асуулт

Уншигчдын асуулт

Есүс хэзээ Тэргүүн Тахилч болсон бэ? Шинэ гэрээ хэзээ хүчин төгөлдөр болсон бэ?

Есүс МЭ 29 онд баптисм хүртэж Тэргүүн Тахилч болсон. Яагаад тэгж хэлж болох вэ? Есүс баптисм хүртсэнээрээ Бурхны «хүсэл таалал» хэмээх тахилын ширээн дээр өөрийгөө тахил болгон өргөхөд бэлэн гэдгээ харуулсан (Гал. 1:4; Евр. 10:5–10). Бэлгэдлийн энэ тахилын ширээ Есүсийг баптисм хүртсэн цагаас бий болсон учраас бэлгэдлийн сүм бас тэр үед бий болсон байж таарна. Бэлгэдлийн сүм гэдэгт Есүсийн золиосны үндсэн дээр Еховаг зөв шүтэх боломжийг хүмүүст олгодог бүх юм орно. Тахилын ширээ сүмийн нэг чухал хэсэг байсан шиг бэлгэдлийн тахилын ширээ ч мөн ялгаагүй (Мат. 3:16, 17; Евр. 5:4–6).

Бэлгэдлийн сүм бий болсон учраас тэнд үйлчлэх тэргүүн тахилч хэрэгтэй байв. Үүний тулд Ехова Есүсийг «агуу хүчээрээ тосолсон» (Үйлс 10:37, 38; Марк 1:9–11). Гэхдээ Есүс нас бараад амилахаасаа өмнө Тэргүүн Тахилчаар томилогдсон гэж үзэх ямар үндэс байна вэ? Аарон ба түүний залгамжлагчид Мосегийн хуулийн дагуу хэрхэн тэргүүн тахилчаар үйлчилж байсныг судалбал энэ асуултын хариу тодорхой болно.

Мосегийн хуулиар бол, тэргүүн тахилчаас өөр хүн мөргөлийн асрын (хожим нь сүмийн) Ариунаас ариун газар орох эрхгүй. Ариунаас ариун газар нь ариун газраас хөшгөөр тусгаарлагддаг. Тэргүүн тахилч зөвхөн Эвлэрүүллийн өдөр тэр хөшгөөр нэвтэрч Ариунаас ариун газар ордог байсан (Евр. 9:1–3, 6, 7). Аарон ба түүний залгамжлагчид «хөшиг нэвтлэн гарахаасаа» бүр өмнө тэргүүн тахилч болж тослогдсон байжээ. Үүнтэй адил, Есүс нас бараад, өөрийн «махан бие» хэмээх хөшгөөр нэвтэрч тэнгэрт очихоосоо өмнө Еховагийн агуу сүмийн Тэргүүн Тахилчаар томилогдсон байх ёстой нь тодорхой (Евр. 10:20). Элч Паул Есүсийг «тэргүүн тахилч болж ирэхдээ гараар бариагүй, ... илүү агуу, илүү төгс асраар нэвтэрч», «тэнгэрт ... орсон» гэж бичжээ (Евр. 9:11, 24).

Шинэ гэрээ хэзээ хүчин төгөлдөр болсон бэ? Есүс тэнгэрт гараад бидний төлөө төгс амийнхаа үнийг Еховад өргөн барьснаар шинэ гэрээ хүчин төгөлдөр болсон. Ингэхийн тулд Есүс юу хийсэн бэ?

Эхлээд Еховад бараалхсан. Дараа нь золиосны үнийг Еховад өргөн барьсан. Эцэст нь Ехова Есүсийн асгаруулсан цусны үнийг хүлээж авсан. Энэ гурван зүйлийн дараа л шинэ гэрээ хүчин төгөлдөр болжээ.

Есүсийн золиосны үнийг Ехова хэзээ хүлээж авсныг Библид яг таг бичээгүй. Тиймээс шинэ гэрээ хэзээ хүчин төгөлдөр болсныг яг таг хэлэх боломжгүй. Гэхдээ Есүс Тавь дахь өдрийн баяр болохоос арван өдрийн өмнө тэнгэрт гарсныг бид мэддэг (Үйлс 1:3). Энэ богино хугацаанд Есүс золиосныхоо үнийг Еховад өргөн барьж, Ехова ч түүнийг нь хүлээж авсан нь лавтай (Евр. 9:12). Шинэ гэрээ хэрэгжиж эхэлсэн нь МЭ 33 оны Тавь дахь өдрийн баярын үед нотлогдсон (Үйлс 2:1–4, 32, 33). Шинэ гэрээ тэгэхэд хүчин төгөлдөр болсон нь тодорхой байна.

Дүгнэж хэлэхэд, Есүсийн асгаруулсан цусны үнийг Ехова хүлээн авч тослогдогсдыг гэрээний оролцогчид болгосны дараа шинэ гэрээ хүчин төгөлдөр болсон. Тэгээд гэрээний Зууч, Тэргүүн Тахилч Есүсийн ачаар шинэ гэрээ биелж эхэлсэн (Евр. 7:25; 8:1–3, 6; 9:13–15).