Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 30

Үнэний замаар тууштай яваарай

Үнэний замаар тууштай яваарай

«Хүүхдүүд минь үнэний замаар явж байгааг дуулахаас өөр юунд магнай хагартал баярлах билээ» (3 ЁОХ. 4).

ДУУ 32 Тууштай, гуйвшгүй байя!

ТОЙМ *

1. 3 Ёохан 3, 4-т бичсэнийг үзвэл, бид яагаад баярладаг вэ?

ӨӨРӨӨР НЬ үнэнийг заалгасан хүмүүс Еховад үнэнч үйлчилж байгааг дуулаад элч Ёохан ямар их баярласан бол оо! Хүүхэд шиг нь болсон тэр хүмүүст олон бэрхшээл учирсан бөгөөд тэдний итгэл Ёоханы нөр их хөдөлмөрийн үрээр батажжээ. Төрсөн хүүхэд маань юм уу биднээр үнэнийг заалгасан хүмүүс Еховад өөрийгөө зориулж, түүнд тууштай үйлчилж байгааг харахлаар бид Ёохан шиг баярладаг (3 Ёохан 3, 4-ийг уншина).

2. Ёохан гурван захидлаа ямар зорилгоор бичсэн бэ?

2 МЭ 98 онд Ёохан Эфэс хотод юм уу тэр хавьд амьдарч байсан бололтой. Патм арал дахь цөллөгөөс чөлөөлөгдөөд тэнд очсон байх. Тэр үедээ Еховагийн агуу хүчээр удирдуулан гурван захидал бичжээ. Христийн дагалдагчдыг Есүст бат итгэлтэй байлгаж, үнэний замаар тууштай явуулах зорилготой байлаа.

3. Ямар асуултын хариуг авах вэ?

3 Ёохан элч нараас ганцаараа амьд үлдсэн бөгөөд хуурамч багш нар хурлуудад муугаар нөлөөлж байгаад ихэд санаа зовж байв * (1 Ёох. 2:18, 19, 26). Тэр тэрслэгчид Ехова Бурхныг мэддэг гэдэг ч хууль тушаалыг нь дагадаггүй байжээ. Бурхны агуу хүчээр удирдуулан бичсэн Ёоханы зөвлөгөөг авч үзье. Мөн дараах гурван асуултын хариуг авъя. Үнэний замаар явах гэж яахыг хэлдэг вэ? Бидэнд юу саад болдог вэ? Үнэний замаар тууштай явахад нь бие биедээ хэрхэн туслах вэ?

ҮНЭНИЙ ЗАМААР ЯВАХ ГЭЖ ЯАХЫГ ХЭЛДЭГ ВЭ?

4. 1 Ёохан 2:3–6; 2 Ёохан 4, 6-г үзвэл, үнэний замаар явах гэж яахыг хэлдэг вэ?

4 Үнэний замаар явахын тулд Бурхны Үг Библид байдаг үнэнийг мэдэж авах хэрэгтэй. Түүнээс гадна, Еховагийн хуулийг сахидаг байх шаардлагатай (1 Ёохан 2:3–6; 2 Ёохан 4, 6-г уншина). Еховад дуулгавартай байх талаар Есүс төгс жишээ үлдээсэн. Тэгэхээр, Еховад дуулгавартай байх нэг чухал арга нь Есүсийн мөрийг аль болохоор алдалгүй дагах юм (Ёох. 8:29; 1 Петр 2:21).

5. Бид юунд итгэлтэй байх ёстой вэ?

5 Үнэний замаар тууштай явахын тулд Ехова бол үнэний Бурхан гэдэгт, өөрийн Үг Библидээ бичүүлсэн бүхэн нь үнэн гэдэгт итгэх ёстой. Мөн Есүс бол амласан Мессиа гэдэгт итгэл төгс байх учиртай. Өнөөдөр олон хүн Есүсийг Бурхны Хаант төрийн Хаан гэдэгт итгэдэггүй. Еховагийн болон Есүсийн тухай үнэнд бат итгэж амжаагүй хүмүүсийг хуурдаг «мэхлэгч олон байна» гэж Ёохан анхааруулсан (2 Ёох. 7–11). Тэрбээр: «Есүс бол Христ гэдгийг үгүйсгэдэг нэгнээс өөр хэн худалч юм бэ?» хэмээн бичжээ (1 Ёох. 2:22). Хууртахгүй байх цорын ганц арга нь Бурхны Үгийг судлах юм. Тэгсэн цагт л Ехова Есүс хоёрыг таньж мэднэ (Ёох. 17:3). Бас үнэнийг олж мэдсэн гэдэгтээ итгэлтэй байна.

БИДЭНД ЮУ СААД БОЛДОГ ВЭ?

6. Гэрч охид хөвгүүдэд юу саад болдог вэ?

6 Христийн дагалдагч бүр хүний гүн ухаанд итгэхээс сэрэмжлэх ёстой (1 Ёох. 2:26). Ялангуяа Гэрч охид хөвгүүд энэ урхинд орохоос болгоомжлох шаардлагатай. 25 настай Алексиа * гэдэг франц Гэрч бүсгүй: «Би дунд сургуульд сурч байхдаа эволюцийн онол болон хүний сургаалыг заалгаад Библийн үнэнд эргэлзэж эхэлсэн. Гэхдээ багшийн хэлсэн болгонд итгээд, Библийн сургаалыг тоохгүй байх нь буруу гэж бодсон» гэжээ. Алексиа «Амьдрал хэрхэн үүссэн бэ? Удамшил хувьслын замаар үүссэн үү, эсвэл бүтээгдсэн үү?» гэдэг номыг судлаад хэдхэн 7 хоногийн дараа эргэлзэхээ больжээ. Алексиа: «Библид үнэнийг бичсэн байдагт би баттай итгэсэн. Бас Библийн хэм хэмжээг баримталж амьдарвал амар тайван, баяр хөөртэй болдгийг ойлгосон» гэж ярьсан юм.

7. Бид юунаас зайлсхийх ёстой вэ? Яагаад?

7 Христийн дагалдагчид бүгдээрээ хөгшин ч бай, залуу ч бай, хоёр нүүр гаргаж амьдардаг болохоос зайлсхийх ёстой. Үнэний замаар явахын зэрэгцээ ёс журамгүй амьдрах боломжгүй гэдгийг Ёохан онцлон тэмдэглэжээ (1 Ёох. 1:6). Еховаг баярлуулъя гэвэл хийдэг бүхэн маань ил тод байдгийг цаг ямагт санах хэрэгтэй. Нууцаар хийсэн зүйл хүмүүст харагдахгүй ч Ехова бүгдийг хардаг (Евр. 4:13).

8. Бид ямар үзэлд автах ёсгүй вэ?

8 Бид нүглийн талаарх ертөнцийнхний үзэлд автах ёсгүй. Элч Ёохан: «“Бид нүгэлгүй” гэж хэлдэг бол өөрсдийгөө хуурч байгаа ... хэрэг» гэж бичжээ (1 Ёох. 1:8). Хүн санаатайгаар нүгэл үйлдэнгээ Бурхны замаар явж болно гэж Ёоханы үед амьдарч байсан тэрслэгчид ярьдаг байжээ Өнөөдөр бид ийм үзэлтэй хүмүүсийн дунд амьдарч байна. Хүмүүс Бурханд итгэдэг гэдэг ч нүглийн талаарх үзэл бодлыг нь хүлээн зөвшөөрч чаддаггүй. Ялангуяа сексийн талаар Бурхныхаас тэс өөр үзэлтэй байдаг. Еховад нүгэл гэж тооцогддог зүйлийг хувь хүний хүсэл сонирхол, өөрөө шийдэх асуудал гэдэг.

Охид хөвгүүд ээ, Ехова яагаад зарим юмыг зөв, заримыг нь буруу гэж хэлдгийг мэдэж аваарай. Тэгвэл та нар буруу юм хийхгүй гэдгээ тайлбарлаж чадна (9-р догол мөрийг үзээрэй) *

9. Библийн мэдлэгээ хэрэгжүүлэх нь Гэрч залууст ямар ач тустай вэ?

9 Сексийн талаарх Библид үндэслэсэн үзэл бодлоо хамгаалах нь ялангуяа залуу Гэрчүүдэд хэцүү байдаг. Учир нь ажил, сургуулийнхан нь тэдний үзэл бодлыг өөрчлөх гэж ятгадаг. Александарт ийм явдал тохиолджээ. Тэрбээр: «Манай сургуулийн зарим охин унтъя гэж ятгана. Найз охингүй болохоор намайг ижил хүйстэн гэж шоолно» хэмээн ярьжээ. Иймэрхүү явдал чамд тохиолдвол Библийн мэдлэгээ хэрэгжүүлээрэй. Тэгвэл өөрийгөө хүндэтгэж, эрүүл саруул, сэтгэл амар, Еховатай сайн харьцаатай байна. Хорхой хүргэм зүйл тааралдах бүрд тэвчээд байвал зөв юм хийхэд илүү хялбар болно. Түүнээс гадна, сексийн талаарх буруу ойлголт Сатанаас эхтэй гэдгийг санаарай. Ертөнцийнхөн шиг боддог болохоос сэрэмжилбэл «хорон муу нэгнийг ялна» (1 Ёох. 2:14).

10. 1 Ёохан 1:9-ийг үзвэл, сэтгэл зовохгүйгээр Еховадаа үйлчлэхийн тулд яах хэрэгтэй вэ?

10 Нүгэл гэж юу болохыг Ехова тодорхойлох эрхтэй нь ойлгомжтой. Бид нүгэл үйлдэхгүй байхыг маш их хичээх ёстой. Нүгэл үйлдлээ гэхэд Еховад залбирч буруугаа хүлээх учиртай (1 Ёохан 1:9-ийг уншина). Харин ноцтой нүгэл үйлдсэн бол ахлагчдаас тусламж авах нь зүйтэй. Учир нь Ехова тэднийг бидэнд санаа тавиулахаар томилсон (Яак. 5:14–16). Тийм учраас үйлдсэн нүглээсээ болж өөрийгөө буруутгаад байх шаардлагагүй. Яагаад? Хайртай Эцэг маань бидний нүглийг уучлахын тулд Хүүгийнхээ амийг золиосолсон билээ. Нүгэл үйлдсэн хүнийг гэмшвэл уучилна гэдгээ Ехова хэлсэн. Хэлснээ ч биелүүлнэ. Тиймээс сэтгэл зовох юмгүйгээр Еховадаа үйлчлэх боломжтой (1 Ёох. 2:1, 2, 12; 3:19, 20).

11. Тэрслэгчдийн суртал ухуулгаас хэрхэн сэрэмжлэх вэ?

11 Тэрслэгчдийн суртал ухуулгад бүү автаарай. Хурал бий болсон цагаас эхлэн Сатан Христийн үнэнч дагалдагчдад эргэлзээ төрүүлэх зорилгоор мэхлэгчдийг ашиглаж ирсэн. Тиймээс бид үнэн худлыг ялгаж салгах чадвартай байх хэрэгтэй. * Биднийг Еховад итгэдэггүй, итгэл нэгтнээ хайрладаггүй болгох зорилгоор дайснууд интернэт, олон нийтийн сүлжээг ашиглаж мэднэ. Ийм суртал ухуулга хаанаас эхтэйг санаад бүү хууртаарай! (1 Ёох. 4:1, 6; Илч. 12:9).

12. Яагаад итгэлээ батжуулах шаардлагатай вэ?

12 Бид Сатаны довтолгоог эсэргүүцэхийн тулд Есүст улам бат итгэх шаардлагатай. Мөн Ехова санаа зорилгоо биелүүлэхдээ Есүсээр чухал үүрэг гүйцэтгүүлж байгаад итгэх учиртай. Түүнээс гадна, бид Еховагийн байгууллагыг удирдахаар томилогдсон эрчүүдэд итгэх ёстой (Мат. 24:45–47). Бурхны Үгийг тогтмол судалдаг бол итгэл маань батжиж, үндэс сайтай модтой адил болно. Паул Колосай дахь хурлынханд хаягласан захидалдаа үүнтэй ижил утгатай үг бичсэн байдаг. Тэрбээр: «Та нар Эзэн Христ Есүст анх хэрхэн итгэснээ санаж, үргэлж дуулгавартай бай. ... Христ дотор үндэслэж, сүндэрлэж, итгэлээ батжуулж бай» гэжээ (Кол. 2:6, 7). Христийн дагалдагч хүн ийнхүү итгэлээ батжуулдаг бол Сатан болон түүний талынхан үнэний замаас гаргаж чадахгүй (2 Ёох. 8, 9).

13. Юуг гайхах хэрэггүй вэ? Яагаад?

13 Энэ ертөнц биднийг үзэн ядах нь зайлшгүй гэж элч Ёохан сануулсан (1 Ёох. 3:13). Тэрбээр: «Бүх ертөнц хорон муу нэгний эрхшээлд байдаг» гэж бичжээ (1 Ёох. 5:19). Өнөөгийн тогтолцоо төгсгөл рүүгээ ойртохын хэрээр Сатаны уур хилэн улам бүр оволзон буцалж байна (Илч. 12:12). Дайрч довтлох аргаа улам нарийсгаж, садар самуун явдлаар юм уу тэрслэгчдийн худал үгээр уруу татахыг оролдож байна. Бас шууд довтолно. Дэлгэрүүлэх ажлыг зогсоож, итгэлийг маань эвдэн бусниулах цаг хугацаа бага үлдсэнийг Сатан мэдэж байгаа. Тэгэхээр манай үйл ажиллагааг олон оронд хязгаарлах юм уу хорьж байгааг гайхах хэрэггүй. Тэндхийн ах дүү нар маань тэр саадыг даван туулж байна. Сатан юу ч хийсэн, Бурхны ард түмэн ялна гэдгийг тэд баталж байгаа!

ҮНЭНИЙ ЗАМААР ТУУШТАЙ ЯВАХАД НЬ ТУСАЛЪЯ

14. Үнэний замаар тууштай явахад нь итгэл нэгтнүүддээ туслах нэг арга юу вэ?

14 Үнэний замаар тууштай явахад нь итгэл нэгтнүүддээ туслахын тулд тэднийг өрөвдөн хайрлах хэрэгтэй (1 Ёох. 3:10, 11, 16–18). Бүх юм сайн сайхан байх үед төдийгүй бэрхшээл учирсан үед ч бие биеэ хайрлах учиртай. Жишээ нь хайртай хүнээ алдсаны улмаас сэтгэл санааны юм уу бодитой тусламж авах шаардлагатай болсон хүнийг та мэдэх үү? Эсвэл байгалийн гамшигт өртөөд гэр орон нь сүйдсэн итгэл нэгтнүүдийнхээ тухай дуулсан уу? Цуглааны танхим, гэр орныг нь сэргээн засварлаж өгөх хэрэгтэй юм биш биз? Тийм үед үг яриагаараа төдийгүй, хамгийн гол нь, үйл хэргээрээ хайр, өрөвч сэтгэлээ илэрхийлэх нь зүйтэй.

15. 1 Ёохан 4:7, 8-д бичсэнээр, бид яах ёстой вэ?

15 Бид бие биеэ хайрладаг бол хайр халамжтай тэнгэрийн Эцгээ дуурайж байна гэсэн үг (1 Ёохан 4:7, 8-ыг уншина). Хайрлах нэг чухал арга нь уучлах юм. Жишээ нь нэг хүн таныг гомдоогоод дараа нь уучлал гуйжээ. Та тэр хүнийг уучилж, алдааг нь ор тас мартвал хайрлаж байгаа хэрэг болно (Кол. 3:13). Алдо гэдэг Гэрч эрэгтэйд иймэрхүү явдал тохиолджээ. Ихэд хүндэлж явдаг итгэл нэгтэн нь өөрийнх нь яс үндсийг муулж ярихыг тэрбээр сонсжээ. Алдо: «Энэ ахын талаар муугаар бодохгүй байхад туслаач гэж Еховад тасралтгүй залбирч байсан» гэсэн юм. Бас нэг юм хийжээ. Тэр Гэрчид хамт дэлгэрүүлэх санал тавьсан байна. Тэгж явахдаа, хэлсэн үгэнд нь гонсойсон тухайгаа ярьжээ. «Хэлсэн үг нь надад яаж нөлөөлснийг сонсоод тэр ах уучлал гуйсан. Ямар их гэмшиж байгааг би дууных нь өнгөнөөс мэдэрсэн. Түүнээс хойш гомдохоо больж, бид сайн найзууд болсон» гэж Алдо ярьсан юм.

16, 17. Бид яах ёстой вэ?

16 Элч Ёохан итгэл нэгтнүүдийнхээ Еховатай тогтоосон харьцааны төлөө маш их санаа тавьдаг байсан нь гурван захидалдаа бичсэн зөвлөгөөнөөс тодорхой харагддаг. Христтэй хамт захирах эрчүүд, эмэгтэйчүүдийн хэн хэнийг Ёохан шиг хайр халамжтай хүмүүс гэж бодохоор сэтгэл уужирдаг! (1 Ёох. 2:27).

17 Энэ өгүүллээр ярилцсан зүйлийг сэтгэлдээ хадгалж явцгаая. Бүх талаар Еховад дуулгавартай байн, үнэний замаар тууштай явахаар эргэлт буцалтгүй шийдэцгээе. Бурхны Үгийг судалж, тэнд бичигдсэн зүйлд итгэж найдацгаая. Есүст бат итгэцгээе. Хүний гүн ухаан, тэрслэгчдийн суртал ухуулгаас хол явцгаая. Хоёр нүүр гаргаж амьдрахгүй байцгаая. Бусдын дарамт шахалтад автаад нүгэл үйлдэхгүй байцгаая. Еховагийн тогтоосон ёс суртахууны өндөр хэм хэмжээг баримталцгаая. Мөн биднийг гомдоосон ах дүүгээ уучилж, гачигдал зовлонтой нэгэндээ дэм болж тэднийгээ тэнхрүүлж байцгаая. Тэгвэл бидний хэн хэн нь ямар ч бэрхшээлийг үл тоон үнэний замаар тууштай явна.

ДУУ 11 Еховаг баярлуулъя

^ д/м 5 Бид худал хуурмагийн эцэг Сатаны эрхшээлд байдаг ертөнцөд амьдардаг. Тийм учраас үнэний замаар явах нь амархан биш. МЭ I зууны сүүлчээр амьдарч байсан Христийн дагалдагчдад бас амаргүй байжээ. Ехова тэдэнд төдийгүй бидэнд туслах зорилгоор элч Ёоханаар гурван захидал бичүүлсэн. Үнэний замаар явахад юу саад болдог, тэр саадыг хэрхэн давахыг тэдгээр захидлаас мэдэж авцгаая.

^ д/м 3  «Ёохан захидал бичих болсны учир» гэсэн хавсралтыг үзээрэй.

^ д/м 6 Зарим нэрийг өөрчлөв.

^ д/м 11 «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2018 оны 8-р сарын дугаарт гарсан «Танд баримт нотолгоо бий юү?» гэдэг өгүүллийг үзээрэй.

^ д/м 59 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Гэрч охины сургууль дээр ижил хүйстний тухай суртал ухуулга энд тэндгүй наасан харагдана. (Зарим улс солонгын өнгийг ижил хүйстний бэлгэ тэмдэг гэж үздэг). Энэ охин итгэлээ батжуулахын тулд бие даан судалж байна. Үүний ачаар дарамт шахалтад бууж өгсөнгүй.