Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 34

Та Еховагийн хуралд хэрэгтэй!

Та Еховагийн хуралд хэрэгтэй!

«Бие нэг боловч эрхтэн олон, эрхтэн олон боловч бие ганц байдаг шиг Христийн бие бас тийм юм» (1 КОР. 12:12).

ДУУ 53 Эв нэгдэлтэй үйлчилцгээе

ТОЙМ *

1. Бид ямар завшаантай вэ?

ЕХОВАГИЙН хуралд багтана гэдэг ямар их завшаан бэ! Бид бол хурлынхаа итгэл нэгтнүүдтэй хамт Ехова Бурхнаа шүтдэг амар тайван, аз жаргалтай хүмүүс юм. Та хуралдаа хэрэгтэй хүн үү?

2. Элч Паулын захидлуудад бичсэн ямар жишээний тухай ярилцах вэ?

2 Бурхны агуу хүчээр удирдуулж бичсэн элч Паулын зарим захидалд гардаг жишээг судалбал хуралд хэрэгтэй хүн гэдгээ мэдэж авна. Паул тэдгээр захидалдаа хурлыг хүний биетэй, хурлын хүн нэг бүрийг биеийн эрхтэнтэй зүйрлэсэн байна (Ром 12:4–8; 1 Кор. 12:12–27; Эф. 4:16).

3. Энэ өгүүллээс ямар гурван зүйлийг мэдэж авах вэ?

3 Бидний хүн нэг бүр Еховагийн хуралд хэрэгтэй. Хурлыг батжуулахад бүгдээрээ хувь нэмэр оруулдаг. Арьсны өнгө, яс үндэс, нийгмийн гарал, хөрөнгө чинээ, соёл боловсролоос үл хамааран бид бүгдээрээ хуралдаа үнэтэй хүмүүс. Энэ өгүүллээр, Паулын татсан жишээнээс гурван чухал зүйлийг мэдэж авцгаая. Нэгдүгээрт, хүн бүр Еховагийн хуралд хэрэгтэй гэхийн учрыг авч үзнэ. Хоёрдугаарт, хуралд хэрэггүй юм шиг санагддаг бол яах хэрэгтэйг ярилцана. Гуравдугаарт, Бурхны хурал дахь тус тусын үүргээ биелүүлээд завгүй байх хэрэгтэйн учрыг хэлэлцэнэ.

ХҮН БҮР ЕХОВАГИЙН ХУРАЛД ӨӨРИЙН ГЭСЭН ҮҮРЭГТЭЙ

4. Ром 12:4, 5-аас юу ойлгож болох вэ?

4 Паулын татсан жишээнээс мэдэж авах эхний зүйл нь юу вэ? Еховагийн гэр бүлийн гишүүн бүр үнэтэй. Паул: «Нэг биед олон эрхтэн байдаг ч эрхтэн бүрийн үүрэг өөр. Христийн дагалдагч бид олуулаа боловч нэг бие. Гэхдээ бид эрхтэн учраас нэг нэгнээсээ хамааралтай» гэж хэлжээ (Ром 12:4, 5). Үүгээрээ юу хэлэх гэсэн бэ? Хурлын хүн бүр өөр өөр үүрэгтэй боловч бүгдээрээ хэрэгтэй хүмүүс юм.

Бид өөр өөр үүрэгтэй ч бүгдээрээ хуралдаа хэрэгтэй хүмүүс (5–12-р догол мөрийг үзээрэй) *

5. Еховагийн өгсөн «бэлэг» гэдэг нь юу вэ?

5 Хуралд үүрэг гүйцэтгэдэг гэхлээр удирдах үүрэгтэй хүмүүс таны санаанд шууд буух байх (1 Тес. 5:12; Евр. 13:17). Ехова хуралдаа «хүмүүсийг бэлэг болгон өгсөн» нь үнэн (Эф. 4:8). «Бэлэг» гэдэг нь Удирдах Зөвлөлийн гишүүд, Удирдах Зөвлөлийн туслахууд, Салбарын хорооны гишүүд, дүүрэг хариуцагчид, Библийн сургуулийн багш нар, хурлын ахлагчид болон туслах үйлчлэгчид юм. Ехова хайртай хоньддоо санаа тавиулж, хурлыг батжуулах зорилгоор энэ эрчүүдийг бүгдийг нь агуу хүчээрээ томилсон (1 Петр 5:2, 3).

6. 1 Тесалоник 2:6–8-д бичсэнээр, агуу хүчээр томилогдсон хүмүүс юу хийхийг хичээдэг вэ?

6 Ехова эрчүүдийг агуу хүчээрээ томилж үүрэг даалгавар өгдөг. Гар, хөл гээд янз бүрийн эрхтэн биеийнхээ төлөө ажилладаг шиг, агуу хүчээр томилогдсон эрчүүд хурлынхаа төлөө нөр их хөдөлмөрлөдөг. Тэд алдар магтаал хүртэхийг боддоггүй. Харин итгэл нэгтнүүдээ зоригжуулж, итгэлийг нь батжуулахыг хичээдэг (1 Тесалоник 2:6–8-ыг уншина). Бусдыгаа гэсэн сэтгэлтэй, шаардлага хангасан ийм эрчүүдийг өгсөн Еховадаа талархъя!

7. Бүрэн цагийн үйлчлэгчид ямар ивээл хүртдэг вэ?

7 Хурлын зарим хүн миссионер, тусгай эхлэгч, байнгын эхлэгчээр томилогдсон байдаг. Ер нь дэлгэрүүлэх, шавь бэлдэх ажилд бүрэн цагаар оролцохоор шийдсэн ах дүү нар дэлхий дахинд бий. Тэд Христ Есүсийн шавь болоход нь олон хүнд тусалж байна. Бүрэн цагийн эдгээр үйлчлэгчийн ихэнх нь эд хөрөнгө гэхээр юмгүй ч Ехова тэдэнд сайн сайхан бүхнийг арвин ихээр өгдөг (Марк 10:29, 30). Энэ ах дүү нар маань эрдэнэ мэт үнэтэй. Ийм хүмүүс хуралд байдагт баярлаад баршгүй!

8. Ехова яагаад дэлгэрүүлэгч бүрийг үнэтэй гэж үздэг вэ?

8 Тэгвэл зөвхөн бүрэн цагийн үйлчлэгчид л хуралд хэрэгтэй хүмүүс үү? Үгүй дээ, яалаа гэж! Сайн мэдээ тунхагладаг дэлгэрүүлэгч бүр Бурханд ч, хуралд ч хэрэгтэй (Ром 10:15; 1 Кор. 3:6–9). Яагаад гэвэл хурлын хамгийн чухал нэг зорилго бол хүмүүсийг Эзэн Есүс Христийн шавь болгох явдал юм (Мат. 28:19, 20; 1 Тим. 2:4). Сайн мэдээ дэлгэрүүлдэг баптисм хүртсэн, хүртээгүй бүх дэлгэрүүлэгч энэ ажлыг голлон анхаардаг (Мат. 24:14).

9. Гэрч эмэгтэйчүүд хуралд яагаад хэрэгтэй вэ?

9 Ехова Гэрч эмэгтэйчүүдэд чухал ажил даалгадаг. Тэрбээр эхнэрүүд, эхчүүд, бэлэвсэн эмэгтэйчүүд, ганц бие бүсгүйчүүд гээд өөрт нь үнэнч энэ хүмүүсийг үнэтэйд тооцдог. Бурхны таалалд нийцдэг гайхалтай эмэгтэйчүүдийн талаар Библид олонтоо дурдсан байдаг. Тэд мэргэн ухаан, итгэл, хичээл зүтгэл, зориг, өгөөмөр сэтгэл, сайн ажил үйлсээрээ үлгэр дуурайл болсон хүмүүс (Лук 8:2, 3; Үйлс 16:14, 15; Ром 16:3, 6; Флп. 4:3; Евр. 11:11, 31, 35). Тэдэн шиг сайхан зан төлөвтэй эмэгтэйчүүд манай хурлуудад байдаг нь хэчнээн сайхан бэ! Тэднийг өгсөн Еховадаа талархъя!

10. Бид настай итгэл нэгтнүүдээ яагаад үнэтэй гэж үздэг вэ?

10 Хуралд настай хүмүүс олон байдаг нь бас нэг ивээл юм. Зарим хурлын настай ах эгч нар бүх амьдралынхаа туршид Еховад үнэнч үйлчилж ирсэн. Үнэний замаар саяхнаас явж эхэлсэн нэг нь ч бий. Өндөр нас, өвчин хуучаас болж шаналж буй хүн тэдний дунд цөөнгүй. Үүний улмаас хурлын төлөө хийж чадах юм нь хязгаарлагдаж, дэлгэрүүлэх ажилд урьдынх шигээ оролцож чаддаггүй байж магадгүй. Гэлээ ч настан буурлууд маань чадах чинээгээрээ дэлгэрүүлж, бүх хүчээ дайчлан бусдыгаа урамшуулан зоригжуулж, зааж сургадаг! Тэдний туршлагаас бид суралцдаг. Тэд маань Еховад ч, бидэнд ч «титэм» мэт үнэтэй (Сур. 16:31).

11, 12. Хурлын тань охид хөвгүүд таныг хэрхэн урамшуулан зоригжуулсан бэ?

11 Хүүхэд багачууд, охид хөвгүүдийг бас бодоод үз дээ. Сатан Диаволын эрхшээлд байдаг энэ ертөнцөд өсөж торниж буй тэдэнд янз бүрийн бэрхшээл учирдаг бөгөөд Сатаны сургаалын нөлөөнд автах аюул отож байдаг (1 Ёох. 5:19). Гэсэн ч цуглаан дээр хариулж, дэлгэрүүлэх ажилд оролцож, итгэл үнэмшлээ зоригтой хамгаалдаг тэднийгээ хараад бид урамшин зоригждог. Охид хөвгүүд та нар Еховад, хурлынхандаа хэрэгтэй шүү! (Дуу. 8:2).

12 Гэтэл зарим итгэл нэгтэн маань хуралдаа хэрэгтэй хүн гэдэгтээ эргэлздэг. Хуралдаа хүн бүр хэрэгтэй гэдэгт итгэлтэй байхын тулд яах хэрэгтэй вэ? Одоо энэ талаар ярилцъя.

ХУРАЛДАА ХЭРЭГТЭЙ ГЭДЭГТЭЭ ИТГЭЭРЭЙ

13, 14. Зарим хүн өөрийгөө яагаад хуралд хэрэггүй хүн гэж боддог вэ?

13 Паулын татсан жишээнээс мэдэж авах хоёр дахь зүйл нь юу вэ? Өнөөгийн олон хүнд тохиолддог нэг бэрхшээлийг Паул онцолжээ. Тэд хуралдаа хэрэгтэй хүн гэдэгтээ эргэлздэг. «Хөл: “Би гар биш юм чинь биетэй холбоогүй” гэж хэлснээр биед хамаагүй болчихгүй. Чих: “Би нүд биш юм чинь биетэй холбоогүй” гэж хэлснээр тэр биед хамаагүй болчихгүй шүү дээ» хэмээн Паул бичжээ (1 Кор. 12:15, 16). Тэрбээр юу хэлэх гэсэн юм бол?

14 Өөрийгөө бусад итгэл нэгтэнтэйгээ харьцуулаад байвал хуралдаа хэрэггүй хүн шиг санагдаж магадгүй. Хурлынхны зарим нь чадварлаг багш, авьяаслаг зохион байгуулагч байхад, зарим нь бусдыг тайвшруулан, зоригжуулахдаа гаргууд байж болох юм. Та өөрийгөө ийм чадваргүй гэж боддог байж магадгүй. Энэ нь даруугийн шинж юм (Флп. 2:3). Гэхдээ сэрэмжтэй байгаарай. Өөрийгөө онцгой авьяас чадвартай хүмүүстэй байнга харьцуулаад байвал сэтгэлээр унана. Тэр ч бүү хэл, Паулын бичсэнчлэн, хуралдаа ямар ч хэрэггүй хүн гэж боддог болж мэднэ. Яавал ийм бодлоосоо салах вэ?

15. 1 Коринт 12:4–11-д бичсэнээр, бид өөр өөр чадвартай ч юунд итгэлтэй байх хэрэгтэй вэ?

15 Дараах зүйлийг бодоорой. Ехова Христийн нэгдүгээр зууны дагалдагчдын заримд агуу хүчээрээ ер бусын бэлэг өгсөн ч бүгдэд нь яг адилхан бэлэг өгөөгүй (1 Коринт 12:4–11-ийг уншина). Өөр өөр чадвар хайрласан. Гэлээ ч хүн нэг бүрийг үнэтэй гэж үзсэн. Өнөөгийн бидэнд ер бусын бэлэг өгдөггүй нь мэдээж. Бидний авьяас чадвар өөр өөр байж магадгүй. Гэхдээ Ехова бүгдийг маань үнэтэй гэж үздэг.

16. Бид элч Паулын өгсөн ямар зөвлөгөөг ажил болгох хэрэгтэй вэ?

16 Өөрийгөө бусад Гэрчтэй харьцуулахын оронд элч Паулын өгсөн зөвлөгөөг ажил болгох хэрэгтэй. Тэрбээр: «Хүн бүр үйл хэргээ шалгаг. Тэгвэл өөрийгөө бусадтай харьцуулахгүй, өөрийнхөө үйлсэд баярлана» хэмээн бичжээ (Гал. 6:4).

17. Паулын зөвлөгөөг дагах нь ямар ач тустай вэ?

17 Бурхнаар удирдуулан бичсэн Паулын зөвлөгөөг даган үйл хэргээ шалгавал бусдад байхгүй авьяас чадвартайгаа олж харна. Жишээлбэл, тайзан дээр гараад илтгэл тавихдаа маруухан ахлагч шавь бэлдэх ажилд үр дүнтэй оролцдог байж болох юм. Эсвэл хурлынхаа бусад ахлагч шиг удирдан зохион байгуулах авьяасгүй ч дэлгэрүүлэгчид түүнийг сайн хоньчин гэж үздэг учраас Библид үндэслэсэн зөвлөгөө авахдаа дуртай байж мэднэ. Эсвэл зочломтгой гэдгээрээ олонд танигдсан байж магадгүй (Евр. 13:2, 16). Өөрийнхөө авьяас чадварыг олж харвал хуралдаа хэрхэн хувь нэмэр оруулахаа мэддэг болно. Тэгээд өөр авьяас чадвартай нэгэндээ атаархахгүй.

18. Чадвараа хэрхэн сайжруулах вэ?

18 Бид хуралд ямар ч үүрэгтэй бай, илүү үр өгөөжтэй дэлгэрүүлье, чадвараа сайжруулъя гэсэн хүсэлтэй байх ёстой. Ехова биднийг улам сайжраасай гэсэндээ байгууллагаараа дамжуулан сургадаг. Жишээлбэл ажлын өдрийн цуглаан дээр бид үр өгөөжтэй дэлгэрүүлэхэд тустай заавар авдаг. Та зааврыг дагахыг хичээдэг үү?

19. Сайн мэдээ тунхаглагчийн сургуульд сурахын тулд яах хэрэгтэй вэ?

19 Сайн мэдээ тунхаглагчийн сургуульд сурах нь дэлгэрүүлэх чадвараа сайжруулах бас нэг арга юм. Энэ сургуульд 23–65 насны бүрэн цагийн үйлчлэгчид сурдаг. Та өөрийгөө энэ сургуульд сурах боломжгүй гэж бодож байж болох юм. Гэхдээ яагаад чадахгүй гэдгээ бодохын оронд яагаад сурах хүсэлтэй байгаагаа жагсааж бичээрэй. Дараа нь шаардлага хангахад тус болох төлөвлөгөө гаргаарай. Еховагийн тусламжийг авахын зэрэгцээ өөрөө хичээвэл боломжгүй санагдсан зүйл биелж болох шүү дээ.

АВЬЯАС ЧАДВАРАА ХУРЛЫГ БАТЖУУЛАХАД ЗОРИУЛААРАЙ

20. Ром 12:6–8-д юуг онцолсон бэ?

20 Паулын татсан жишээнээс мэдэж авах гурав дахь зүйл нь Ром 12:6–8-д бий (уншина). Хурлын хүн бүр өөр өөр бэлэгтэй гэдгийг Паул дахин дурджээ. Гэхдээ ямар ч бэлэгтэй бай, тэр бэлгээ ашиглан хурлаа батжуулах ёстой гэдгийг Паул энэ удаа онцолсон байна.

21, 22. Роберт Феличэ хоёроос юу сурч авах хэрэгтэй вэ?

21 Роберт * гэдэг Гэрчид юу тохиолдсоныг ярилцъя. Тэрбээр гадаадад үйлчилж байгаад нутгийнхаа Бетелд томилогджээ. Та ямар нэгэн алдаа гаргаагүй гэж хариуцагчид батлан хэлсэн ч томилолт нь өөрчлөгдсөнд ихэд гонсойв. Тэрбээр: «Би өөрийгөө бүтэлгүй амьтан гэж бодож байлаа. Энэ бодлоосоо салж чадахгүй олон сар болсон. Бетелээс гаръя гэж нэг бус удаа бодсон» гэжээ. Эргээд баяр баясгалантай болоход нь юу нөлөөлсөн бол? Ехова чамайг одоогийн энэ ажилд томилохын тулд эхлээд гадаадад үйлчлүүлж, бэлдсэн байна гэж нэг ахлагч хэлжээ. Үүнээс хойш Роберт өнгөрснөө бодохоо больж, яг одоо хийж байгаа зүйлдээ анхаарлаа хандуулах хэрэгтэйгээ ухаарсан байна.

22 Феличэ Эпископо гэдэг Гэрчид бас төстэй асуудал тулгарчээ. Тэрбээр эхнэртэйгээ 1956 онд Гилеад сургуулийг дүүргээд Боливид дүүрэг хариуцагчаар үйлчлэв. Гэтэл 1964 онд тэднийх хүүхэдтэй болжээ. Феличэ: «Энэ сайхан үйлчлэлээ орхино гэдэг маш хэцүү байсан. Нуулгүй хэлэхэд, өөрийгөө өрөвдөн жил шахам гансарч явлаа. Гэхдээ Еховагийн ачаар би хандлагаа өөрчилж, аав хүний үүргээ анхаардаг болсон» гэж ярьсан юм. Робертод эсвэл Феличэд төрсөн шиг сэтгэгдэл танд төрдөг үү? Томилолт өөрчлөгдсөнөөс болоод сэтгэлээр унадаг уу? Тийм бол Еховад болон ах дүү нартаа үйлчлэхийн тулд яг одоо юу хийж чадахаа голлон анхаарч эхэлбэл баяр баясгалантай болно. Авьяас чадвараа бусдын төлөө зориулаад завгүй байгаарай. Хурлаа батжуулахад хувь нэмрээ оруулахын хэрээр та жаргалтай байна.

23. Бид яах хэрэгтэй вэ? Дараагийн өгүүллээр юу үзэх вэ?

23 Бид бүгдээрээ Еховад хэрэгтэй хүмүүс. Тэрбээр биднийг гэр бүлдээ байлгахыг хүсдэг. Итгэл нэгтнүүдээ урамшуулан зоригжуулахын тулд юу хийж чадахаа бодож, түүнийгээ ажил болгодог бол өөрийгөө хуралд хэрэггүй хүн гэж бодохоо болино! Бид хурлынхаа итгэл нэгтнүүдийн талаар юу гэж боддог вэ? Тэднийг үнэтэй гэж үздэгээ хэрхэн батлах вэ? Дараагийн өгүүллээр энэ чухал асуудлыг ярилцана.

ДУУ 16 Бурхны Хаанчлалд хоргодогтун!

^ д/м 5 Еховад хэрэгтэй хүн байхыг бид бүгдээрээ хүсдэг. Гэхдээ заримдаа, миний хэрэг байна уу гэсэн бодол төрж магадгүй. Хүн нэг бүр Еховад хэрэгтэй гэдэгт итгэхэд энэ өгүүлэл тусална.

^ д/м 21 Нэрийг өөрчлөв.

^ д/м 62 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Цуглааны өмнө, цуглааны үеэр болон дараа нь юу болж буйг харуулсан гурван зураг. Зураг 1: Ахлагч шинээр ирсэн хүнтэй найрсгаар мэндэлж, Гэрч залуу дуу чимээний хэрэгслийг бэлдэж, Гэрч эмэгтэй настай эгчтэй ярилцаж байна. Зураг 2: «Харуулын цамхаг» судлалын цуглаан дээр хөгшин залуу бүгдээрээ хариулах гээд гараа өргөж байна. Зураг 3: Эхнэр нөхөр хоёр танхим цэвэрлэж байна. Бяцхан охин ээжтэйгээ хамт хандивын хайрцаг руу очоод хандив өргөж байна. Гэрч залуу ном хэвлэл хариуцаж байна, бас нэг Гэрч настай эгчийг магтаж байна.