СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 32
«Өөрийн Бурхантай хамт даруухнаар алх»
«Өөрийн Бурхантай хамт даруухнаар алх» (МИКА 6:8).
ДУУ 26 Бурхантай хамт алхагтун!
ТОЙМ *
1. Еховагийн даруу зангийн талаар Давид юу гэж хэлсэн бэ?
ЕХОВАГ даруу гэж хэлж үнэхээр болох уу? Бололгүй яах вэ! Давид: «Та Өөрийн авралын бамбайг надад мөн өгсөн ... Таны дөлгөөн байдал [«даруу зан», ШЕ] намайг агуу болгодог» хэмээн хэлэхдээ тэр нэгэн өдрийг санасан байх (Дуу. 18:35). Зөнч Самуел Израйлын ирээдүйн хааныг тослохоор эцгийнх нь гэрт иржээ. Давид найман хүүгийн хамгийн бага нь байсан ч Ехова түүнийг Саулын оронд хаан болгохоор сонгосон (1 Сам. 16:1, 10–13).
2. Энэ өгүүллээр юу үзэх вэ?
2 Давид нэгэн дуулалчийн хэлсэн үгийг хүлээн зөвшөөрсөн нь тодорхой. Тэр дуулалч Еховаг «тэнгэр болоод газрыг үзэхээр Өөрийгөө даруу болгодог» гэсэн. Цааш нь бичихдээ, «Тэрээр ядуусыг шороо тоосноос өргөж, гачигдагсдыг ... өндийлгөдөг. Энэ нь ноёдтой хамт ... тэднийг байлгахын тулд юм» гэжээ (Дуу. 113:6–8). Энэ өгүүллээр, Ехова хэрхэн даруу байсныг эхлээд ярилцаж, даруу байх талаар чухал зүйлийг мэдэж авъя. Дараа нь Саул хаан, зөнч Даниел, Есүсийн жишээг авч үзэн, хэр чадлаа мэдэх талаар сургамж авъя.
ЕХОВАГААС СУРАЛЦАХ НЬ
3. Ехова хүмүүст хэрхэн ханддаг вэ? Энэ нь юуны баталгаа вэ?
3 Ехова үнэхээр даруу гэдэг нь төгс бус хүмүүст хэрхэн ханддагаас харагддаг. Тэрбээр шүтэгчдээ сайшаан дэмждэг төдийгүй анд нөхдөө гэж үздэг (Яак. 4:8). Ехова санаачилга гарган Хүүгээ бидний нүглийн төлөө золиос болгон өгчээ. Ингэснээр Еховатай дотносох боломж бидэнд олдсон. Хэчнээн өрөвч, энэрэнгүй Бурхан бэ!
4. Ехова бидэнд юу өгсөн бэ? Яагаад?
4 Ехова даруу занг илэрхийлдгийг харуулах өөр нэг жишээ авъя. Тэрбээр Бүтээгч учраас хүнийг амьдралынхаа замыг сонгох чадваргүйгээр бүтээж болох л байсан. Гэхдээ тэгээгүй. Өөрийнхөө дүр төрхийн дагуу бүтээж, сонгох эрх чөлөө өгсөн. Яагаад? Бид Еховаг хайрлаж, түүнд дуулгавартай байхын ач холбогдлыг ойлгосны үндсэн дээр чин сэтгэлээсээ үйлчлэх учиртай. Ехова өчүүхэн биднээс үүнийг хүсдэг (Д.хууль 10:12; Ис. 48:17, 18). Ийм даруу Бурхандаа талархаад баршгүй!
5. Ехова даруу байхыг бидэнд хэрхэн заадаг вэ? (Сэтгүүлийн нүүрэн дэх зургийг үзээрэй).
5 Ехова хэрхэн харьцаж байгаагаараа даруу байхыг заадаг. Тэрбээр орчлонт ертөнц дэх хамгийн мэргэн ухаантай Нэгэн атлаа бусдын саналыг дуртайяа хүлээж авдаг. Жишээлбэл бүх юмыг бүтээхдээ Хүүгээ оролцуулсан (Сур. 8:27–30; Кол. 1:15, 16). Мөн хязгааргүй хүч чадалтай ч бусдад ажил даалгавар өгдөг. Тухайлбал, Есүсийг Хаант төрийн Хаанаар томилж, Есүстэй хамт захирах 144 000 хүнд тодорхой хэмжээний эрх мэдэл өгсөн (Лук 12:32). Есүсийг Хаан, Тэргүүн тахилч болгохоор сургаж бэлтгэсэн нь лавтай (Евр. 5:8, 9). Есүстэй хамт захирах хүмүүсийг ч сургадаг. Гэхдээ үүрэг даалгавраа яаж биелүүлэхийг нь алхам тутамд нь хянаж цагддаггүй. Харин хүсэл тааллыг нь биелүүлнэ гэж найддаг (Илч. 5:10).
6, 7. Бусдад үүрэг даалгавар өгөх талаар тэнгэрийн Эцгээсээ юу сурах вэ?
6 Тэнгэрийн Эцэг маань хэнээс ч тусламж авах шаардлагагүй атлаа бусдад үүрэг даалгавар оноодог юм бол, бид бүр ч тэгэх нь зүйтэй! Жишээ нь та өрхийн тэргүүн эсвэл хурлын ахлагч уу? Тийм бол бусдад даалгавар өгөхдөө юу хийхийг нь алхам тутамд нь хянаж цагдахаас зайлсхийгээрэй. Ийнхүү Еховаг дуурайвал ажил тань бүтэмжтэй байхаар барахгүй тэднийг сургана, өөртөө итгэлтэй болоход нь тусална (Ис. 41:10). Тодорхой хэмжээний эрх мэдэлтэй хүмүүс Еховагаас өөр юу сурах вэ?
7 Ехова сүнсэн хөвгүүдийнхээ саналыг асуусан тухай Библид гардаг (Х.дээд 22:19–22). Эцэг эхчүүд Еховаг хэрхэн дуурайж болох вэ? Хүүхдэдээ даалгавар өгөөд, яаж биелүүлмээр байгааг нь тохиромжтой үед асуугаарай. Хэрэв санал нь боломжийн санагдвал хүлээж аваарай.
8. Ехова, Абрахам Сара хоёртой харьцахдаа хэрхэн тэвчээртэй байсан бэ?
8 Ехова тэвчээртэй. Энэ нь бас даруугийн шинж юм. Жишээлбэл гаргасан шийдвэрт нь эргэлзэж байгаагаа хүндэтгэлтэйгээр илэрхийлсэн үйлчлэгчдээ Ехова тэвчээртэй сонссон. Содом ба Гоморра хотыг устгах гэж байгааг Абрахам мэдээд санаа зовжээ. Тэгээд энэ тухайгаа хэлэхэд Ехова сонссон (Эх. 18:22–33). Бас Абрахамын эхнэр Сарад яаж хандсаныг бод доо. Нас өндөр болсон Сараг хүүхэдтэй болгоно гэж амлахад Сара инээдэг. Тэгэхэд нь Ехова гомдоогүй, уурлаагүй (Эх. 18:10–14). Харин ч түүнд хүндэтгэлтэй ханджээ.
9. Эцэг эх болон ахлагчид Еховагаас юу сурах хэрэгтэй вэ?
9 Эцэг эх болон ахлагчид Еховагаас юу сурах хэрэгтэй вэ? Таны гаргасан шийдвэрийг үр хүүхэд юм уу хурлын гишүүд эс зөвшөөрвөл яах вэ? Шууд л өөрийгөө зөвтгөж, тэднийг буруутгах уу? Эсвэл үзэл бодлыг нь ойлгохыг хичээх үү? Хэрэв та нар Еховаг дуурайдаг бол гэрийнхэн болон хурлынханд тань ач тустай. Даруу байх талаар Еховагаас юу сурч авахыг ярилцлаа. Одоо, Бурхны Үгэнд бичигдсэн бусад хүний жишээнээс хэр чадлаа мэдэх талаар сургамж авцгаая.
БУСДААС СУРАЛЦАХ НЬ
10. Ехова биднийг хэрхэн сургадаг вэ?
10 «Агуу Багш» Ехова биднийг сургахын тулд янз бүрийн хүмүүст тохиолдсон явдлыг жишээ болгон Үгэндээ бичүүлжээ (Ис. 30:20, ШЕ, 21). Бурханд таалагдах зан чанарыг илэрхийлсэн, тухайлбал, хэр чадлаа мэдэж даруу байсан хүмүүсийн талаар Библиэс уншиж, эргэцүүлэн бодъё. Түүнчлэн сайхан зан чанар илэрхийлж чадаагүй хүмүүст юу тохиолдсоныг авч үзье (Дуу. 37:37; 1 Кор. 10:11).
11. Саулд тохиолдсон явдлаас юу мэдэж авах вэ?
11 Саул хаанд юу тохиолдсоныг бодъё. Тэрбээр залуудаа даруу хүн байв. Хэр чадлаа мэддэг учраас хариуцлагатай үүрэг оноох гэхэд тээнэгэлзсэн (1 Сам. 9:21; 10:20–22). Харин яваандаа биеэ тоожээ. Хаан болсных нь дараахнаас зэс нь цухуйж эхлэв. Нэг удаа зөнч Самуелыг хүлээж тэвчээгүй. Ехова ард түмэндээ тусална гэж найдах ёстой байтал шатаалт тахил өргөн эрх мэдлээ хэтрүүлжээ. Үүний уршгаар Еховагийн сайшаалыг алдаж, эцэст нь хаан ширээнээс зайлуулагдсан (1 Сам. 13:8–14). Бид энэ явдлаас сургамж авч, биеэ тоох аюулаас сэрэмжилбэл ухаалгийн шинж болно.
12. Даниел ямар сайн жишээ үзүүлсэн бэ?
12 Саул муу жишээ үзүүлсэн бол, зөнч Даниел сайн жишээ үзүүлсэн. Даниел бүхий л амьдралынхаа туршид хэр хэмжээгээ мэддэг даруу хүн байсан бөгөөд цаг ямагт Еховагийн удирдамж зааврыг дагадаг байжээ. Тухайлбал, Небухаднезарын зүүдийг өөрийнхөө сайнд бус, Еховагийн хүчээр тайлснаа хэлсэн. Ийнхүү даруу байж бүх алдар магтаалыг Еховад өгсөн (Дан. 2:26–28). Эндээс бид юу сурч авах вэ? Хүмүүс таны илтгэлийг сонсох дуртай бол эсвэл та дэлгэрүүлэх ажилд амжилт гаргадаг бол бүх алдар магтаалыг Еховад өгөх хэрэгтэйгээ санаарай. Ехова туслаагүй бол энэ бүхнийг хийж чадахгүй байснаа хүлээн зөвшөөрөөрэй (Флп. 4:13). Ийнхүү даруу байдаг бол Есүсийн үлдээсэн сайхан жишээг дуурайж буй хэрэг болно. Яагаад ингэж хэлж болох вэ?
13. Ёохан 5:19, 30-ийг үзвэл, Есүс хэрхэн даруу байсан бэ?
13 Есүс бол Бурхны төгс Хүү. Гэсэн хэдий ч Еховад найддаг байжээ (Ёохан 5:19, 30-ийг уншина). Тэрбээр тэнгэрийн Эцгийнхээ эрх мэдэлд санаархаж байсан удаагүй. «Байрыг нь эзэлж, эн зэрэгцэхийг бодоо ч үгүй» гэж Филиппой 2:6-д бичжээ. Есүс хэр чадлаа мэддэг, Эцгийнхээ эрх мэдлийг хүндэтгэн үздэг дуулгавартай Хүү байв.
14. Эрх мэдлээс нь хэтэрсэн зүйлийг гуйхад Есүс юу гэж хариулсан бэ?
14 Шавь Яаков Ёохан хоёр ээжтэйгээ хамт Есүс дээр ирээд, эрх мэдлээс нь хэтэрсэн зүйлийг гуйхад юу гэж хариулсныг бодож үзье. Хаант төрд хэнийг өөрийнх нь баруун, зүүн талд суулгахыг тэнгэрийн Эцэг л шийднэ гэдгийг Есүс огтхон ч тээнэгэлзэлгүй, шууд хэлсэн (Мат. 20:20–23). Тэрбээр хэр чадлаа мэддэг даруу хүн байсан. Еховагийн өгсөн эрх мэдлийг хэзээ ч хэтрүүлэн ашиглаж байгаагүй (Ёох. 12:49). Ийм сайхан жишээ үзүүлсэн Есүсийг хэрхэн дуурайх вэ?
15, 16. 1 Коринт 4:6-д бичсэн зөвлөгөөг хэрхэн дагах вэ?
1 Коринт 4:6-д байдаг зөвлөгөөг дагавал Есүс шиг даруу байна. Тэнд «Ариун Сударт бичсэнийг л баримтал» гэжээ. Хэрэв хүн зөвлөгөө авахаар ирвэл санал бодлоо хүлээн зөвшөөрүүлэх юм уу толгойд хамгийн түрүүнд орж ирсэн бодлоо хэлэх гэсний хэрэггүй. Харин Библийн болон Библид үндэслэсэн ном хэвлэлийн зөвлөгөөнд анхаарлыг нь хандуулах шаардлагатай. Ингэдэг бол Төгс хүчит Нэгэн л «шударга шүүдэг» бөгөөд бид бүх юмыг мэдэхгүй гэдгээ хүлээн зөвшөөрдөг гэсэн үг. Энэ бол даруугийн шинж юм (Илч. 15:3, 4).
1516 Хэрээ мэдэн даруу байх шалтгаан олон. Еховаг алдаршуулахаас гадна баяр баясгалантай, бусадтай эвтэй байдаг. Яаж гэдгийг одоо ярилцъя.
ДАРУУ БАЙХЫН АЧ ТУС
17. Даруу хүн баяр баясгалантай байдгийн учир юу вэ?
17 Хэрээ мэдэж бяраа таньдаг хүн баяр баясгалантай байдаг. Яагаад? Хэр чадал минь хязгаартай гэдгийг хүлээн зөвшөөрдөг учраас бусдаас тусламж авахаараа баярлаж талархдаг. Жишээ нь Есүс уяман өвчтэй арван хүнийг эдгээхэд юу болсныг бодъё. Тэдний нэг нь л аймшигт өвчнөөс илаарьшуулж өгсөн Есүст талархлаа илэрхийлэхээр буцаж ирдэг. Өөрөө өөрийгөө хэзээ ч эдгээж чадахгүй гэдгээ мэддэг энэ даруухан хүн тусламж авсандаа баярлаж, Бурхныг магтан алдаршуулсан (Лук 17:11–19).
18. Даруу хүн яагаад бусадтай эвтэй байдаг вэ? (Ром 12:10).
18 Даруу хүн бусадтай эвтэй байдаг. Тийм хүнд найз нөхөд олон. Яагаад? Ром 12:10-ыг уншина).
Хүн болгонд сайхан зан чанар байдгийг дуртайяа хүлээн зөвшөөрдөг бөгөөд тэдэнд итгэж найддаг. Хүлээж авсан үүрэг даалгавраа сайн биелүүлж яваа хүмүүсийг хараад баярлаж, хүндэлж, магтаалын үгийг харамгүй хэлдэг (19. Бид яагаад бардам зангаас хол байх ёстой вэ?
19 Гэтэл бардам хүн бусдыг магтахдаа маруухан. Харин өөрөө л магтаал хүртэхийг эрхэмд үздэг. Өөрийгөө цаг үргэлж бусадтай харьцуулж, бусдаас илүү байх гэж өрсөлддөг. Хүнийг сургаж бэлтгэн үүрэг даалгавар өгөхөөс цааргалдаг. Яагаад гэвэл «Ямар нэг юмыг зөв, сайн хийе гэвэл хүнд даалгаж өгснөөс, өөрөө л хийсэн нь дээр» гэж хэлдэг. Бардам хүн ихэвчлэн нэр төрд дуртай, атаархуу зантай байдаг (Гал. 5:26). Тэдэнтэй найзлах хүн барагтай бол олддоггүй. Хэрэв та өөрөөсөө иймэрхүү хандлага олж харвал бардам занг зүрхнийхээ угт үндэслүүлэхгүйн тулд «үзэл бодлоо өөрчлөхөд» туслахыг Еховагаас шаргуу гуйж залбирах хэрэгтэй (Ром 12:2).
20. Бид яагаад хэрээ мэдэн даруу байх ёстой вэ?
20 Сайн үлгэр дуурайл болдог Еховадаа талархаад баршгүй! Үйлчлэгчидтэйгээ харьцахдаа даруу гэдгээ батлан харуулсан Бурхнаа дуурайцгаая. Бас Бурхантай хамт алхсан, Библид гардаг даруу хүмүүсийг дуурайцгаая. Алдар хүнд, магтаал хүртэх зохистой Ехова Бурхнаа хэзээ ямагт алдаршуулцгаая (Илч. 4:11). Тэгдэг бол Еховагийн үүрдийн найзууд байна. Учир нь тэрбээр хэрээ мэддэг даруу хүмүүсийг хайрладаг.
ДУУ 43 Сэрэмжтэй, итгэлтэй, хүчтэй байгтун
^ д/м 5 Даруу хүн өрөвч, энэрэнгүй байдаг. Үүнээс үзвэл, Еховаг даруу гэж хэлж болно. Энэ өгүүллээр, даруу байхыг Еховагаас сурцгаая. Мөн Саул хаан, зөнч Даниел, Есүсийн тухай ярилцаж, хэр чадлаа мэддэг байх талаар сургамж авцгаая.
^ д/м 58 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Хурлын дэлгэрүүлэх хэсгийг хариуцуулахаасаа өмнө Гэрч залууг сургаж буй ахлагч. Алхам бүрийг нь хянаж цагдаагүй учраас Гэрч залуу даалгавраа баяр хөөртэй биелүүлж байна.
^ д/м 62 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Сүмд болох хуримын урилгыг хүлээж авах эсэхэд эргэлзэж буй Гэрч эмэгтэйд ахлагч өөрийн санал бодлыг хэлэхийн оронд, Библийн зарчмыг үзүүлж байна.