Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 37

«Гараа бүү буулга»

«Гараа бүү буулга»

«Өглөө тарь, үдэш ч гараа бүү буулга» (НОМ. 11:6).

ДУУ 44 Ургацын ажилд баяртай оролцъё

ТОЙМ *

1, 2. Хаант төрийн тухай сайн мэдээ дэлгэрүүлэх талаар Номлогчийн үгс 11:6-д юу гэж бичсэн бэ?

ЗАРИМ үндэстэн сайн мэдээг уриалагхан хүлээж авдаг. Хүсэн хүлээж байсан учраас тэр юм! Харин зарим нь Бурхныг, Библийг бараг сонирхдоггүй. Танай нутагт ямар вэ? Хүмүүс яаж ч хүлээж авсан, дэлгэрүүлэх ажил дууслаа гэж хэлтэл энэ ажлаа хийгээд л байх нь чухал. Ехова биднээс үүнийг хүсдэг.

2 Еховагийн товлосон цагт дэлгэрүүлэх ажил дуусаж, «төгсгөл ирнэ» (Мат. 24:14, 36). Харин тэр болтол, «гараа бүү буулга» * гэсэн зөвлөгөөг хэрхэн дагах вэ? (Номлогчийн үгс 11:6-г уншина).

3. Энэ өгүүллээр юу үзэх вэ?

3 «Хүмүүсийн загасчин» буюу сайн дэлгэрүүлэгч болоход хэрэгтэй дөрвөн зүйлийг өмнөх өгүүллээр авч үзсэн (Мат. 4:19). Ямар ч нөхцөлд шантралгүй дэлгэрүүлэхэд тус болох гурван зүйлийг энэ өгүүллээр ярилцана. 1) Дэлгэрүүлэх ажлаа голлон анхаарах, 2) тэвчээртэй байх, 3) бат итгэлтэй байх нь яагаад чухал болохыг мэдэж авъя.

ДЭЛГЭРҮҮЛЭХ АЖЛАА ГОЛЛОН АНХААРААРАЙ

4. Еховагийн даалгасан ажлыг голлон анхаарах хэрэгтэйн учир юу вэ?

4 Есүс эцсийн өдрүүдийн шинж тэмдэг болсон үйл явдал, нөхцөл байдлыг урьдчилан хэлсэн. Энэ бүхэн дэлгэрүүлэх ажлаа анхаарахад дагалдагчдад нь саад болохыг ч мэдэж байв. Тийм учраас сонор сэрэмжтэй байхыг шавь нартаа захижээ (Мат. 24:42). Ноагийн үед сатаарах зүйл олон байснаас болоод хүмүүс Ноагийн тунхаглаж байсан мэдээг анхаараагүй. Тэр зүйлүүд өнөөгийн бидэнд ч саад болдог (Мат. 24:37–39; 2 Петр 2:5). Еховагийн даалгасан ажлыг голлон анхаарах гэж ихэд хичээдэг маань ийм учиртай.

5. Үйлс 1:6–8-ыг харвал, дэлгэрүүлэх ажил хэр өргөн далайцтай өрнөх вэ?

5 Хаант төрийн тухай мэдээ тунхаглах ажлыг өнөөдөр бүр ч их анхаарах шаардлагатай болоод байна. Дагалдагчид нь Есүсийг нас барсны дараа ажлыг нь үргэлжлүүлээд зогсохгүй илүү өргөн далайцтай хийх ажээ (Ёох. 14:12). Зарим шавь нь Есүсийг нас барахад загасчны ажилдаа буцаж орсон. Есүс амилсныхаа дараа их хэмжээний загас барихад нь шавь нартаа ер бусын аргаар тусалжээ. Тэрбээр энэ явдлыг ашиглан, хүмүүсийг загасчлах нь өөр ямар ч ажлаас илүү чухал гэдгийг онцолсон (Ёох. 21:15–17). Бас үндэс суурийг нь тавьсан дэлгэрүүлэх ажил Израйлын хилийг давж, олон улс орныг хамарна гэдгийг тэнгэрт гарахаасаа өмнө шавь нартаа хэлжээ (Үйлс 1:6–8-ыг уншина). Хожим нь Есүс элч Ёоханд «Эзний өдөр» * болох сүрдэж бишрэм олон үйл явдлыг үзүүлсэн. Тэдгээрийн нэг нь тэнгэрийн элчийн заавраар «мөнхийн сайн мэдээг» «бүх үндэстэн, бүх овог, бүх хэлтэн, бүх ард түмэнд тунхаглах» явдал байлаа (Илч. 1:10; 14:6). Дэлхий дахинд өрнөж буй энэ агуу ажлын ард гараасай гэж Ехова биднээс хүсдэг нь тодорхой.

6. Яавал дэлгэрүүлэх ажлыг голлон анхаарах вэ?

6 Ехова бидний төлөө ямар их юм хийдгийг эргэцүүлж бодвол дэлгэрүүлэх ажлаа голлон анхаарч чадна. Жишээлбэл, Ехова биднийг хэвлэмэл ба цахим ном хэвлэл, аудио ба видео бичлэг, интернэт нэвтрүүлэг зэргээр хангадаг. Манай албан ёсны вэб сайтаас 1 000 гаруй хэлээр мэдээлэл авч болно гээд бод доо! (Мат. 24:45–47). Хүмүүс нь улс төр, шашин шүтлэг, хөрөнгө чинээгээрээ талцан хуваагдсан энэ ертөнцөд Бурхны найман сая гаруй үйлчлэгч жинхэнэ ёсоор эв нэгдэлтэй амьдарч байна. Жишээ нь, 2019 оны 4 дүгээр сарын 19-ний баасан гарагт дэлхий дахины Еховагийн Гэрчүүд бүгдээрээ тухайн өдрийн Библийн зүйлийг тайлбарласан видео үзсэн. Орой нь 20 919 041 хүн Есүсийн нас барсныг дурсахаар цугларсан. Орчин үеийн гайхамшиг болсон энэ үйл явдалд оролцох завшааныхаа талаар эргэцүүлэн бодохлоор Хаант төрийн ажлыг голлон анхаарах хүсэл оргилдог.

Есүс юунд ч сатааралгүй үнэнийг гэрчилдэг байсан (7-р догол мөрийг үзээрэй)

7. Дэлгэрүүлэх ажлаа голлон анхаарахын тулд Есүсийг хэрхэн дуурайх вэ?

7 Дэлгэрүүлэх ажлаа голлон анхаарах бас нэг арга нь Есүсийг дуурайх юм. Тэрбээр юунд ч сатааралгүй үнэнийг гэрчилдэг байсан (Ёох. 18:37). Сатан «дэлхийн бүх улс гүрнийг эд баялагтай нь» өгье гэхэд ч, хүмүүс хаан болгох гэхэд ч Есүс зөвшөөрөөгүй (Мат. 4:8, 9; Ёох. 6:15). Эд баялгийн хойноос хөөцөлдөөгүй, ширүүн эсэргүүцэл тулгарахад ч бууж өгөөгүй (Лук 9:58; Ёох. 8:59). Итгэл соригдох үед бид Паулын уриалгыг санавал дэлгэрүүлэх ажлаа голлон анхаарч чадна. Тэрбээр итгэл нэгтнүүддээ «ядарч сульдахгүй, бууж өгөхгүйн тулд» Есүсийг дуурайхыг уриалжээ (Евр. 12:3).

ТЭВЧЭЭРТЭЙ БАЙГААРАЙ

8. Тэвчээр гэж юу вэ? Энэ нь одоо яагаад онцгой шаардлагатай вэ?

8 Тэвчээр гэдэг бол нөхцөл байдал өөрчлөгдөхийг хүлээн тайван байх чадвар юм. Байдал сайнаар эргэхийг эсвэл удаан хүлээсэн зүйл биелэхийг үзье гэвэл тэвчих хэрэгтэй. Зөнч Хабаккук Иудад газар авч байсан хүчирхийлэл дуусахыг хүсэн хүлээж байв (Хаб. 1:2). Есүсийн шавь нар Бурхны Хаант төр «тэр даруй бий болж» өөрсдийг нь Ромын дарлалаас чөлөөлнө гэж горьдож байсан (Лук 19:11, АББН, 2004). Бид бас Бурхны Хаант төр муу муухай бүхнийг арилгаж, зөв шударга хүмүүс амьдрах шинэ ертөнцийг байгуулах цагийг хүсэн хүлээдэг (2 Петр 3:13). Гэхдээ Еховагийн товлосон цаг болохыг тэвчээртэйгээр хүлээх хэрэгтэй. Ехова бидэнд хэрхэн тэвчихийг заадаг. Зарим аргыг авч үзье.

9. Ехова тэвчээртэй гэдгийг харуулах жишээ хэлнэ үү.

9 Ехова өөрөө тэвчээртэй байх талаар төгс жишээ үзүүлдэг. Тухайлбал, хөвөгч авдар хийх, «шударга сайныг тунхаглах» хангалттай хугацааг Ноад олгосон (2 Петр 2:5; 1 Петр 3:20). Бузар булай явдлаар дүүрсэн Содом Гоморра хотуудыг устгана гэсэн шийдвэрийнх нь талаар Абрахам дахин дахин асуухад Ехова тэвчээртэй сонссон (Эх. 18:20–33). Үнэнч бус израйлчуудыг олон зууны турш гайхалтай тэвчсэн (Нех. 9:30, 31). Анд нөхрөө болгохыг хүсэж буй бүх хүнд «гэмших боломж» олгож байгаа нь тэвчээртэйн шинж юм (2 Петр 3:9; Ёох. 6:44; 1 Тим. 2:3, 4). Ехова ийм гайхалтай тэвчээртэй учраас бид дэлгэрүүлэх, заах ажлаа тэвчээртэйгээр хийдэг. Ехова бас Үгэндээ бичүүлсэн жишээг ашиглан хэрхэн тэвчихийг бидэнд заадаг.

Бид ажилсаг, тэвчээртэй тариачны нэгэн адил, ажлынхаа үр дүнг хүлээдэг (10, 11-р догол мөрийг үзээрэй)

10. Яаков 5:7, 8-д гардаг тариачны жишээнээс юу сурах вэ?

10 Яаков 5:7, 8-ыг уншина. Хэрхэн тэвчихийг тариачны жишээнээс сурч болно. Зарим ургамал хурдан ургадаг байхад, ихэнх нь, ялангуяа жимс ургуулдаг ургамал орой боловсордог. Израйлд үр тариа ургаж боловсрох хугацаа зургаан сар байдаг ажээ. Тариачин эрт орсон буюу намрын борооны дараа үрээ суулгаж, оройтож орсон буюу хаврын борооны дараа ургацаа хураадаг байсан (Марк 4:28). Тэвчээртэй тариачныг дуурайх нь бидэнд сайн. Гэхдээ энэ нь тийм ч амархан биш.

11. Дэлгэрүүлэх ажилд тэвчээр ямар ач холбогдолтой вэ?

11 Төгс бус хүн ажлынхаа үр дүнг даруйхан үзэх гэж яардаг. Гэхдээ арвин ургац хураая гэвэл байнга арчилж тордох учиртай. Газраа хагална, үрээ суулгана, усална, зэрлэгийг нь зулгаана. Шавь бэлдэхэд ч байнгын хүчин чармайлт шаардагддаг. Суралцагчаа хэнийг ч ялгаварладаггүй, бусдад санаа тавьдаг хүн болгоход хугацаа хэрэгтэй. Мэдээг маань хүлээж аваагүйгээс болоод сэтгэлээр унахгүй байхад тэвчээр хэрэгтэй. Нааштай хүлээж аваад хичээл заалгадаг болсон хүнийг Бурханд итгэдэг болгоход тэвчээр шаардлагатай. Хүчээр итгүүлнэ гэж байхгүй шүү дээ. Есүсийн шавь нарт ч Багшийнхаа заасныг ойлгохгүй үе байсан (Ёох. 14:9). Бид тарьдаг, усалдаг ч Бурхан ургуулдгийг санаж явцгаая (1 Кор. 3:6).

12. Гэрч биш гэрийнхэндээ гэрчлэхдээ хэрхэн тэвчих хэрэгтэй вэ?

12 Гэрч биш гэрийнхэндээ Еховаг гэрчлэхэд тэвчээр хэрэгтэй. Ийм үед Номлогчийн үгс 3:7, 8-д байдаг зарчмыг санах нь чухал. Тэнд «Дуугүй байх хийгээд ярих цаг ... байдаг» гэж бичжээ. Бид «үгээрээ биш, харин биеэ авч явах байдлаараа» гэрчилж болно. Гэсэн ч Еховагийн тухай ярихад хэзээд бэлэн байх хэрэгтэй (1 Петр 3:1, 2). Хичээл зүтгэл гарган дэлгэрүүлж, заах ёстой ч бүх хүнтэй, түүний дотор гэр бүлийнхэнтэйгээ харьцахдаа тэвчээртэй байх учиртай.

13, 14. Тэвчээртэй байх талаар үлгэр дуурайл болсон хүмүүсийн жишээг хэлнэ үү.

13 Библид гардаг болон орчин үеийн үнэнч хүмүүсээс тэвчээртэй байхыг сурч болно. Хабаккук бузар булай явдал хурдан дуусаасай гэж хүсэж байсан ч «Би манааныхаа байранд зогсоно» гэж хэлэн тэвчээртэй байсан (Хаб. 2:1). Элч Паул үйлчлэлээ «дуусгахыг» үнэн сэтгэлээсээ хүсэж байсан ч «сайн мэдээг сайтар гэрчлэх» ажлыг тэвчээртэйгээр үргэлжлүүлсэн (Үйлс 20:24).

14 Гилеад сургуулийг дүүргээд Гэрч цөөтэй, Христийн бус шашинтай улсад томилогдож очсон эхнэр нөхөр хоёрын тухай ярилцъя. Тэнд Библи судлах хүсэлтэй хүн тун цөөхөн. Гэтэл өөр улсуудад томилогдсон ангийнхан нь олон сайхан хичээлтэй болсноо, олон хүнд Гэрч болоход нь тусалж байгаагаа бахархан бичиж байлаа. Хэсгийнх нь ихэнх хүн сайн мэдээ сонсдоггүй ч мань хоёр тэвчээртэй үйлчилсээр байв. Үржил шимгүй хөрстэй зүйрлэм хэсэгтээ найман жил дэлгэрүүлсний эцэст нэг суралцагч нь баптисм хүртэхэд бөөн баяр болжээ. Эртний болон орчин үеийн энэ үнэнч үйлчлэгчид юугаараа төстэй вэ? Гараа буулгаагүй буюу идэвхтэй дэлгэрүүлсээр байсан. Тэвчээртэй байсан тэднийг Ехова шагнасан. «Итгэл, тэвчээрийн ачаар амласныг хүлээж авдаг хүмүүсийг дуурайгч» болцгооё (Евр. 6:10–12).

БАТ ИТГЭЛТЭЙ БАЙГААРАЙ

15. Бид яагаад дэлгэрүүлнэ гэж эргэлт буцалтгүй шийддэг вэ?

15 Бид дэлгэрүүлж буй мэдээндээ итгэдэг. Тиймд аль болох олон хүнд мэдээгээ хүргэхийг хичээдэг. Бурхны Үгэнд байдаг амлалтад итгэж найддаг (Дуу. 119:42; Ис. 40:8). Библийн зөгнөл биелэхийг нүдээрээ үзэж байна. Хүмүүс Библийн зөвлөгөөг дагаад хэрхэн өөрчлөгдөж, сайжирч буйг харж байна. Энэ нотолгоог хараад Хаант төрийн тухай сайн мэдээ бол хүн бүрийн сонорт хүрэх ёстой мэдээ гэдэгт улам бүр итгэж байна.

16. Дуулал 46:1–3-т бичсэнээр, Еховад итгэдэг хүн дэлгэрүүлэхээр бат шийддэг гэхийн учир юу вэ? Мөн Есүст итгэх нь ямар ач тустай вэ?

16 Бид бас дэлгэрүүлдэг мэдээнийхээ Эх сурвалж болсон Еховад болон Хаант төрийн Хаанаар томилогдсон Есүст итгэдэг (Ёох. 14:1). Бидэнд юу ч тохиолдсон, Ехова хоргодох газар, хүч чадал маань байх болно (Дуулал 46:1–3-ыг уншина). Түүнээс гадна, Есүс дэлгэрүүлэх ажлыг тэнгэрээс удирдаж байгаа гэдэгт бид итгэдэг. Учир нь Ехова түүнд эрх мэдэл, хүч чадал өгсөн (Мат. 28:18–20).

17. Дэлгэрүүлээд байх хэрэгтэйг харуулах жишээ хэлнэ үү.

17 Хүчин чармайлт гаргавал Ехова ивээнэ, заримдаа огт бодож байгаагүй аргаар тусална гэдэгт эргэлзэхгүй байхад итгэл чухал үүрэгтэй (Ном. 11:6). Жишээлбэл манай ном хэвлэлийн тавиурын хажуугаар өдөр бүр хэдэн мянган хүн өнгөрдөг. Нийтэд дэлгэрүүлэх энэ арга үнэхээр өгөөжтэй юү? Тэгэлгүй яах вэ! 2014 оны 11 дүгээр сарын «Христиан үйлчлэл»-д Еховагийн Гэрчүүдийн тухай эсээ бичихийг хүссэн нэг оюутны тухай гарсан. Тэрбээр Еховагийн Гэрчүүдийн цуглааны танхимыг хайгаад олоогүй ч сургуулийнх нь талбай дээр байсан манай ном хэвлэлийн тавиурыг олж харсан төдийгүй эсээ бичихэд хэрэг болох материалаа олжээ. Эцэст нь баптисм хүртсэн бөгөөд одоо байнгын эхлэгчээр үйлчилж байна. Иймэрхүү тохиолдлыг харвал Хаант төрийн тухай мэдээ сонсох хүмүүс одоо ч байгаа нь тодорхой. Тийм учраас дэлгэрүүлээд л байя гэсэн хүсэл төрдөг.

ГАРАА БУУЛГАХГҮЙ ГЭЖ БАТ ШИЙДЭЭРЭЙ

18. Хаант төрийн тухай мэдээ дэлгэрүүлэх ажил Еховагийн хүссэн үед дуусна гэдэгт бид яагаад итгэлтэй байдаг вэ?

18 Хаант төрийн тухай мэдээ дэлгэрүүлэх ажил цаг нь болохоор дуусна гэдэгт итгэлтэй байж болно. Ноагийн үед юу болсныг бодъё. Ехова цагаа маш нарийн баримталдаг Нэгэн гэдгээ баталсан билээ. Үер буух цагийг 120 жилийн өмнөөс товлосон. Тийнхүү товлосноосоо хойш олон жилийн дараа Ноад хөвөгч авдар хийх даалгавар өгсөн. Ноа Үер буухаас 40 юм уу 50 жилийн өмнөөс нөр их хөдөлмөрлөж эхэлжээ. Хүмүүс сонсохгүй байсан ч сэрэмжлүүлэх мэдээ хүргэсээр байв. Дараа нь амьтдыг хөвөгч авдарт оруулах цаг болсныг Ехова сануулсан. Эцэст нь яг цаг нь болоход Ехова хөвөгч авдрын хаалгыг хаажээ (Эх. 6:3; 7:1, 2, 16).

19. Гараа буулгахгүй байвал ямар ирээдүйг үзэх вэ?

19 Ехова удахгүй Хаант төрийн тухай сайн мэдээ дэлгэрүүлэх ажилд цэг тавина. Сатаны ертөнцийн «хаалгыг хааж», зөв шударга хүмүүсийн амьдрах шинэ ертөнцийг байгуулна. Тэр болтол Ноа, Хабаккук болон гараа буулгаагүй бусад хүнийг дуурайцгаая. Дэлгэрүүлэх ажлаа голлон анхаарч, тэвчээртэй байж, Еховад болон амлалтад нь бат итгэж явцгаая.

ДУУ 10 Би энд байна! Намайг илгээ

^ д/м 5 Ахиц гаргаж яваа суралцагчдад сайн мэдээ тунхаглагч болохыг өмнөх өгүүллээр уриалсан билээ. Энэ өгүүллээр шинэхэн, туршлагатай аль ч дэлгэрүүлэгчид тустай гурван зүйлийг үзнэ. Эдгээр нь, одоо болно гэж Еховаг хэлтэл Хаант төрийн тухай мэдээгээ зогсолтгүй дэлгэрүүлэхэд хэрэгтэй.

^ д/м 2 ҮГИЙН ТАЙЛБАР: «Гараа бүү буулга» гэдэг нь дэлгэрүүлэх ажил дууслаа гэж Еховаг хэлтэл сайн мэдээг тунхаглаад байгаарай гэсэн үг.

^ д/м 5 «Эзний өдөр» нь 1914 онд буюу Есүсийг хаан ширээнд залрахад эхэлсэн бөгөөд Мянган жилийн засаглал дуустал үргэлжилнэ.