Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 38

Тайван цагийг зөв ашиглах нь

Тайван цагийг зөв ашиглах нь

«Газар нутаг амар амгалан байсан. ... ЭЗЭН түүнд амралт өгсөн учир тэдгээр он жилүүдийн туршид хэн ч түүнтэй дайтсангүй» (Ш.ДЭД 14:6).

ДУУ 144 Амь аврах мэдээ

ТОЙМ *

1. Ямар үед Еховад үйлчлэх нь амаргүй вэ?

ЯМАР ҮЕД Еховад үйлчлэх нь хамгийн хэцүү гэж та боддог вэ? Тайван амгалан байхад уу, бэрхшээлтэй байхад уу? Бэрхшээл тохиолдсон үед Еховад найдах амархан. Харин тайван цагт ямар байдаг вэ? Бурханд үйлчлэхийн чухлыг мартах гээд байдаг юм биш биз? Ийм аюул байдгийг Ехова израйлчуудад сануулжээ (Д.хууль 6:10–12).

Аса хаан хуурамч шүтлэгийн эсрэг шийдвэртэй тэмцэж байна (2-р догол мөрийг үзээрэй) *

2. Аса хаан ямар жишээ үлдээсэн бэ?

2 Аса хаан бол Еховад бүрэн найддаг байсан ухаалаг хүмүүсийн нэг юм. Тэрбээр цөвүүн цагт ч, тайван цагт ч Еховад үйлчилсэн. Бүр хүүхэд байхаасаа л «Асагийн зүрх сэтгэл ... ЭЗЭНд бүрэн зориулагдсан байв» (Х.дээд 15:14). Үүний нэг баталгаа нь, Аса хуурамч шүтлэгийг Иудагаас цэвэрлэсэн явдал юм. «Тэрээр харийн тахилын ширээнүүд, мөргөлийн өндөрлөгүүдийг зайлуулан, онгон баганануудыг нурааж, Ашерагийн модон шонг цавчин хаяв» (Ш.дэд 14:3, 5). Тэр ч бүү хэл, өөрийн эмэг эх Маакаг хаант улсынхаа эх хатны суудлаас зайлуулсан. Яагаад? Эмэг эх Маака нь хиймэл шүтээнийг дэлгэрүүлсэн ажээ (Х.дээд 15:11–13).

3. Энэ өгүүллээр юу үзэх вэ?

3 Аса хуурамч шүтлэгийг устгаад зогсоогүй цэвэр шүтлэгийг дэлгэрүүлж, Иудагийн ард түмнийг Ехова руу дахин хандуулжээ. Тиймээс Ехова Асаг болон ард түмнээ ивээсэн. Асагийн засаглалын үед 10 жилийн турш «газар нутаг амар амгалан байсан» (Ш.дэд 14:1, 4, 6). Тайван цагийг Аса хэрхэн ашигласныг энэ өгүүллээр ярилцана. Мөн тайван цагийг Аса шиг ашигласан Христийн нэгдүгээр зууны дагалдагчдын жишээг авч хэлэлцэнэ. Эцэст нь дараах асуултын хариуг авна. Хэрэв танай нутагт шүтэх эрхийг тань хориглож хязгаарлаагүй бол энэ тайван цагийг хэрхэн үр бүтээлтэй өнгөрөөх вэ?

АСА ТАЙВАН ЦАГИЙГ АШИГЛАСАН НЬ

4. Шастирын дэд 14:2, 6, 7-д бичсэнийг үзвэл, Аса тайван цагийг хэрхэн ашигласан бэ?

4 Шастирын дэд 14:2, 6, 7-г уншина. Ехова «бидний эргэн тойронд бидэнд амралтыг өглөө» гэж Аса ард түмэндээ хэлжээ. Амар жимэр энэ цаг бол налайж суух цаг биш гэдгийг Аса ойлгож байв. Тийм учраас хотуудыг босгож, хана хэрэм, цамхаг барьж, дааман хаалга хийж эхэлсэн. Тэрбээр Иудагийн ард түмэнд «Энэ газар биднийх хэвээрээ» гэж хэлсэн нь ямар утгатай вэ? Эсэргүүцэх дайсангүй учраас Бурхны өгсөн газар нутгаар чөлөөтэй нүүдэллэж, байшин барилга барьж болно гэсэн үг байлаа. Энэ тайван цагийг үр бүтээлтэй өнгөрөөхийг Аса ард түмэндээ уриалжээ.

5. Аса яагаад зэвсэгт хүчнээ бэхжүүлсэн бэ?

5 Аса бас тайван цагийг ашиглан зэвсэгт хүчнээ бэхжүүлсэн (Ш.дэд 14:8). Еховад найдаагүй хэрэг үү? Үгүй, тийм биш. Болзошгүй аюулаас сэрэмжлэн ард түмнээ бэлтгэлтэй байлгах нь хаан хүний үүрэг гэдгийг Аса ухамсарлаж байв. Иуда улс дандаа ийм амар тайван байхгүй гэдгийг ч ойлгож байлаа. Үнэндээ тийм л байсан.

ХРИСТИЙН I ЗУУНЫ ДАГАЛДАГЧИД ТАЙВАН ЦАГИЙГ АШИГЛАСАН НЬ

6. Христийн І зууны дагалдагчид тайван цагийг хэрхэн ашигласан бэ?

6 Христийн І зууны дагалдагчид их төлөв хавчигдаж явсан. Гэхдээ тайван амьдрах үе ч байжээ. Энэ боломжоо хэрхэн ашигласан бэ? Сайн мэдээг зогсолтгүй дэлгэрүүлсэн. «Үйлс» номд энэ үнэнч хүмүүсийг «Еховагаас эмээсэн» гэж бичжээ. Тэд сайн мэдээгээ дэлгэрүүлээд л байсан. Үүний үрээр «тэдний тоо улам бүр өсөн нэмэгдэж байлаа». Тайван цагийг үр бүтээлтэй ашиглан хичээл зүтгэлтэй дэлгэрүүлсэн тэднийг Ехова ивээсэн нь тодорхой байна (Үйлс 9:26–31).

7, 8. Паул болон бусад дагалдагч олдсон боломжийг хэрхэн ашигласан бэ? Тайлбарлана уу.

7 Нэгдүгээр зууны шавь нар бүхий л боломжийг ашиглан сайн мэдээ дэлгэрүүлсэн. Жишээ нь элч Паул Эфэст байхдаа өөрийнх нь өмнө том хаалга нээгдсэнийг ойлгожээ. Тэгээд уг хотод дэлгэрүүлэх, шавь бэлдэх ажилд ханцуй шамлан орсон (1 Кор. 16:8, 9).

8 Хөвч таслуулахтай холбоотой асуудал МЭ 49 онд шийдэгдэхэд олон хүнд дэлгэрүүлэх сайхан боломж Паул болон бусад дагалдагчид олджээ (Үйлс 15:23–29). Уг шийдвэрийг хурлуудад мэдэгдсэний дараа шавь нар «Еховагийн үгийг» тунхаглах ажилд хамаг хүчээ дайчлан оролцсон (Үйлс 15:30–35). Ямар үр дүнтэй байсан бэ? «Хурлынхны итгэл улам бүр батжиж, тооны хувьд өдрөөс өдөрт нэмэгдэж байлаа» гэж Библид бичжээ (Үйлс 16:4, 5).

ӨНӨӨДӨР ТАЙВАН ЦАГИЙГ АШИГЛАХ НЬ

9. Өнөөдөр олон улс оронд нөхцөл байдал ямар байна вэ? Өөрөөсөө юу гэж асуух хэрэгтэй вэ?

9 Саадгүй дэлгэрүүлэх боломжтой улс орон өнөөдөр олон. Та ийм улсад амьдардаг уу? Тэгвэл өөрөөсөө «Би энэ эрх чөлөөгөө хэрхэн эдэлж байна вэ?» гэж асуугаарай. Эцсийн өдрүүдийн энэ эгзэгтэй үед Еховагийн байгууллага дэлхий дээр өрнөж буй хамгийн том аян буюу дэлгэрүүлэх, заах агуу ажлыг удирдаж байна (Марк 13:10). Энэ ажилд оролцох боломж их бий!

Нутагтаа байгаа өөр хэлээр ярьдаг хүмүүст дэлгэрүүлээд эсвэл гадаадад үйлчлээд ивээл хүртэж буй Гэрч олон (10–12-р догол мөрийг үзээрэй) *

10. 2 Тимот 4:2-т ямар уриалга байдаг вэ?

10 Та тайван цагийг хэрхэн ашигламаар байна вэ? (2 Тимот 4:2-ыг уншина). Та юм уу танай гэрийнхэн дэлгэрүүлэх ажилд түлхүү оролцох, бүр эхлэгчээр үйлчлэх боломжтой эсэхээ бодож үзэж болохгүй нь юу билээ? Одоо бол мөнгө төгрөг, эд хөрөнгө хурааж хуримтлуулах цаг биш. Яагаад гэвэл тэр бүхэн агуу их гамшгийн үед бидэнд тус болохгүй шүү дээ (Сур. 11:4; Мат. 6:31–33; 1 Ёох. 2:15–17).

11. Аль болох олон хүнд сайн мэдээ хүргэхийн тулд дэлгэрүүлэгчид юу хийдэг вэ?

11 Аль болох олон хүнд Еховаг таниулахын тулд гадаад хэл сурч буй дэлгэрүүлэгч олон бий. Бурхны байгууллага тэднийг дэмжих зорилгоор Библид үндэслэсэн материалыг улам олон хэлээр гаргаж байна. Жишээлбэл 2010 онд манай хэвлэл 500-гаад хэлээр гарч байсан бол өнөөдөр энэ тоо 1 000 гаруй болж нэмэгджээ!

12. Хаант төрийн тухай мэдээг эх хэлээрээ сонсох нь ямар ач тустай вэ? Жишээ хэлнэ үү.

12 Еховагийн тухай үнэнийг төрөлх хэлээрээ сонсох нь ямар үр нөлөөтэй вэ? АНУ-ын Теннесси мужийн Мемфис хотод болсон бүсийн чуулган нэг Гэрч эмэгтэйд ямар ач тустай байсныг сонирхъё. Уг чуулган Руанда, Конго (Киншаса), Уганда улсын гол хэл болох кинярванда хэлээр болжээ. Чуулганы дараа кинярванда хэлтэй өнөөх Гэрч эмэгтэй: «Америкт 17 жилийн өмнө ирснээсээ хойш чуулганы хөтөлбөрийг анх удаа 100 хувь ойлголоо» гэжээ. Төрөлх хэлээрээ сонссон учраас сэтгэл нь ихэд хөдөлсөн нь тодорхой. Хэрэв та боломжтой бол хэсгийнхээ хүмүүст туслах зорилгоор гадаад хэл сурахыг бодоорой. Танай хурлын хэсэгт өөр хэлээр ярьдаг хүмүүс байдаг бол эх хэлээр нь дэлгэрүүлэхэд тэд их баярлах байх. Зүтгэл гаргасныхаа үр шимийг та хүртэх л болно.

13. Орос дахь ах дүү нар маань тайван цагийг хэрхэн ашигласан бэ?

13 Итгэл нэгтнүүд маань бүгдээрээ чөлөөтэй дэлгэрүүлдэг юм биш ээ. Зарим улс орны төр засаг манай үйл ажиллагааг хязгаарладаг. Жишээ нь Орос дахь итгэл нэгтнүүдийнхээ талаар бодъё. Тэд маань олон арван жил хавчигдсаны эцэст 1991 оны 3 дугаар сард албан ёсны зөвшөөрөл авчээ. Тэр үед Орос даяар 16 000 орчим дэлгэрүүлэгч байсан бол 20 жилийн дараа гэхэд 160 000 гаруй дэлгэрүүлэгчтэй болсон! Ах дүү нар маань олдсон эрх чөлөөгөө ашиглан сайтар дэлгэрүүлсэн нь тодорхой. Гэвч тайван цаг удаан үргэлжилсэнгүй. Тэглээ гээд цэвэр шүтлэгийг түгээн дэлгэрүүлэх гэсэн урам зориг нь мохоогүй юм. Тэд Еховад үйлчлэхийн тулд чадах бүхнээ хийсээр байна.

ТАЙВАН ЦАГ МӨНХӨД ҮРГЭЛЖЛЭХГҮЙ

Аса хаан Еховад шаргуу залбирсан учраас Иуда улс дайсны хүчирхэг армийг ялжээ (14, 15-р догол мөрийг үзээрэй)

14, 15. Ехова Асагийн төлөө хүч чадлаа хэрхэн үзүүлсэн бэ?

14 Асагийн үед тайван цаг удаан үргэлжлээгүй. Сая гаруй цэрэгтэй Этиопын хүчирхэг арми Иудаг эзлэхээр иржээ. Цэргийн жанжин Зера Иудаг ялна гэдэгтээ итгэл төгс байлаа. Гэвч Аса хаан хүний тоог анхаарахын оронд өөрийн Бурхан Еховад найдсан. Тэрбээр: «Бидний Бурхан ЭЗЭН, бидэнд туслаач. Учир нь бид Танд итгэж, Таны нэрээр энэ үй олон дайсны эсрэг ирсэн билээ» хэмээн залбирчээ (Ш.дэд 14:11).

15 Этиопын цэргүүд Асагийн цэргүүдээс хоёр дахин олон байсан ч, Ехова ард түмэндээ туслах хүчтэй, чадвартай гэдгийг Аса мэдэж байв. Ехова ч түүний урмыг хугалаагүй. Этиопын арми шившигтэйгээр ялагджээ (Ш.дэд 14:8–13).

16. Тайван цаг дуусгавар болно гэдгийг бид яагаад мэддэг вэ?

16 Ирээдүйд хүн бүрд юу тохиолдох нь тодорхойгүй ч Бурхны ард түмний хувьд тайван цаг удаан үргэлжлэхгүй нь тодорхой. Есүс эцсийн өдрүүдийн тухай зөгнөхдөө шавь нарыг нь бүх үндэстэн үзэн ядна гэсэн билээ (Мат. 24:9). Элч Паул бас «Христ Есүсийн дагалдагчийн ёсоор Бурханд үнэнч амьдрахыг хүсдэг хүн бүр хавчигдана» гэж бичжээ (2 Тим. 3:12). Сатан «үлэмж их уур хилэнтэй байгаа». Хэрэв бид ямар нэгэн аргаар Сатанаас зугтаж чадна гэж бодвол өөрсдийгөө хуурсан хэрэг болно (Илч. 12:12).

17. Бидний итгэл хэрхэн соригдож мэдэх вэ?

17 Ойрын ирээдүйд хүн бүрийн итгэл соригдоно. Удахгүй «ертөнцийн эхнээс өнөөг хүртэл болоогүй ... агуу их гамшиг болно» (Мат. 24:21). Тэр үед гэрийнхэн маань биднийг эсэргүүцэж, төр засаг манай үйл ажиллагааг хориглож магадгүй (Мат. 10:35, 36). Бид дор бүрнээ Аса хаан шиг байж, Ехова тусална, хамгаална гэж найдах болов уу?

18. Еврей 10:38, 39-ийг үзвэл, бэлтгэлтэй байхын тулд бид яах ёстой вэ?

18 Удахгүй болох үйл явдлаас өмнө Ехова биднийг бэлтгэж байна. Тэрбээр «итгэмжит, ухаалаг боолыг» удирдан бидэнд шим тэжээлтэй хоолыг цагт нь өгүүлж, тууштай үйлчлэх хүч тэнхээтэй болгодог (Мат. 24:45). Тэгвэл бид яах ёстой вэ? Еховад итгэх итгэлээ батжуулахын тулд чадах бүхнээ хийх ёстой (Еврей 10:38, 39-ийг уншина).

19, 20. Шастирын дээд 28:9-ийг үзвэл өөрөөсөө юу гэж асуух вэ? Яагаад?

19 Бид Аса хааныг дуурайн «ЭЗЭНийг хайх» учиртай (Ш.дэд 14:4; 15:1, 2). Үүний тулд эхлээд Еховаг таньж мэдэн, баптисм хүртэх хэрэгтэй. Боломж бүрийг ашиглан Еховаг улам их хайрладаг болох нь чухал. Ямар байгаагаа мэдье гэвэл өөрөөсөө «Би цуглаандаа тогтмол явдаг уу?» гэж асуугаарай. Цуглаанд очихлоор итгэл нэгтнүүдтэйгээ хамт Еховадаа тууштай үйлчлэх хүч тэнхээтэй болж, урамшин зоригждог (Мат. 11:28). Бас өөрөөсөө «Би бие даан судалж хэвшсэн үү?» гэж асууж болно. Хэрэв та гэр бүлтэй бол танайх 7 хоног бүр гэр бүлийн хичээл хийдэг үү? Ганцаараа амьдардаг бол гэрийнхэнтэйгээ судалдаг байсан шигээ одоо бас тогтмол судалдаг уу? Дэлгэрүүлэх, шавь бэлдэх ажилд чадлынхаа хэрээр оролцдог уу?

20 Яагаад өөрөөсөө ингэж асуух хэрэгтэй вэ? Ехова бидний оюун ухаан, зүрх сэтгэлд юу байгааг шалгадаг гэж Библид байдаг. Тэгэхээр бид ч өөрсдийгөө шалгах хэрэгтэй (Шастирын дээд 28:9-ийг уншина). Хэрэв зорилго, хандлага эсвэл бодлоо өөрчлөх шаардлагатайгаа анзаарсан бол Еховагаас тусламж гуйгаарай. Удахгүй тулгарах сорилтод одооноос бэлтгэх хэрэгтэй. Тайван цагийг зөв ашиглахад тань юу ч бүү саад болог!

ДУУ 28 Шинэ дуу

^ д/м 5 Та Еховаг чөлөөтэй шүтдэг улсад амьдардаг уу? Тийм бол энэ тайван цагийг хэрхэн ашиглаж байгаа вэ? Эртний Иудагийн хаан Аса болон Христийн нэгдүгээр зууны дагалдагчид тайван цагийг зөв ашиглажээ. Тэднийг хэрхэн дуурайхыг энэ өгүүллээр ярилцана.

^ д/м 56 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Аса хаан хуурамч шүтлэгийг түгээн дэлгэрүүлсэн эмэг эхийгээ эх хатны суудлаас зайлуулж байна. Асаг үнэнчээр дэмждэг хүмүүс жишээг нь даган хиймэл шүтээнүүдийг устгаж байна.

^ д/м 58 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Хичээл зүтгэлтэй эхнэр нөхөр хоёр, дэлгэрүүлэгч хэрэгтэй газар үйлчлэхийн тулд амьдралаа энгийн болгож байна.