Skip to content

Гарчиг руу орох

НАМТАР

Бид Еховад «За» гэж хэлж сурсан

Бид Еховад «За» гэж хэлж сурсан

ХАР САЛХИНЫ дараа үерлэсэн голын ус улаан хоормогоороо эргэлдэж байлаа. Бид нөгөө эрэг дээр гарах ёстой байдаг. Гэтэл гүүр эргээ халин давалгаалах усанд хэдийнээ сүйджээ. Манай нөхөр Харви, амис хэлний орчуулагч бид гурав айж сандран яах ч учраа олохгүй зогсож байлаа. Нөгөө эрэг дээр байгаа ах нар бидэн рүү санаа зовонгуй харна. Бид ч гол гаталж эхлэв. Эхлээд суудлын машинаа жолоодон арай томхон ачааны машин дээр гарав. Дараа нь биднийг ачсан тэр машин голын ширүүн урсгал руу аажуухан явж оров. Гэхдээ манай машин ямар ч бэхэлгээгүй байлаа. Урьдах зам эцэс төгсгөлгүй мэт санагдана. Бид Еховад туж залбирсаар нөгөө эрэг дээр эсэн мэнд гарч чадсан. Энэ явдал бидний төрсөн нутгаас хэдэн мянган бээрийн алсад орших Тайванийн зүүн эрэг дээр 1971 онд болсон юм. Та бүхэнд өөрсдийнхөө тухай ярьж өгье.

ЕХОВАГ ХАЙРЛАДАГ БОЛСОН НЬ

Харви дөрвөн хүүтэй айлын ууган нь. Тэднийх Баруун Австралийн Мидланд Жанкшин хотын айл. 1930-аад оны эдийн засгийн хямралын үед гэр бүлээрээ үнэнийг мэдэж авчээ. Харви багаасаа л Еховаг хайрладаг болсон бөгөөд 14-тэйдөө баптисм хүртсэн гэсэн. Тэгээд удалгүй, хурлын ахлагчдын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхээс хэзээ ч татгалзаж болохгүйгээ ойлгожээ. Нэг удаа түүнд «Харуулын цамхаг» уншихыг даалгахад энэ даалгаврыг биелүүлж чадахгүй гэж бодоод татгалзсан чинь түүнтэй ярилцаж байсан ах: «Еховагийн байгууллагын хүн ямар нэгэн даалгавар өгвөл чамайг чадна гэж үзсэн хэрэг» хэмээн тайлбарлажээ (2 Кор. 3:5).

Миний ээж том эгч хоёр Англид байхдаа үнэнийг мэдсэн. Би ч бас адилхан. Аав бүр хожуу Гэрч болсон. Харин эхэндээ эсэргүүцдэг байлаа. Гэсэн ч би 9-хөн настайдаа баптисм хүртсэн. Эхлээд эхлэгч, дараа нь миссионер болох зорилго тавилаа. Гэхдээ аав намайг 21 хүртлээ эхлэгчээр үйлчилж болохгүй гэв. Би ийм удаан хүлээмээргүй байлаа. Тийм болохоор дөнгөж 16 хүрээд л аавынхаа зөвшөөрлөөр Австралид байдаг том эгчийндээ амьдрахаар явж, 18 хүрмэгцээ эхлэгч болсон.

Бидний хуримын өдөр, 1951 он

Би Австралид байхдаа Харвитай танилцсан юм. Хоёулаа миссионер болох хүсэлтэй байв. Бид 1951 онд гэрлэсэн. Хоёр жил эхлэгчээр үйлчилж байтал биднийг явуулын үйлчлэлд томилов. Манай дүүрэгт Баруун Австралийн өргөн уудам нутаг ордог учир бид хуурай уур амьсгалтай, алслагдсан газар луу машинаар их явна.

БИДНИЙ МӨРӨӨДӨЛ БИЕЛСЭН НЬ

Яанки стадионд болсон Гилеад сургуулийн төгсөлт, 1955 он

Бид хоёр 1954 онд Гилеад сургуулийн 25 дахь ангид суралцах урилга авав. Миссионер болох мөрөөдөл маань биелэх нь тэр! Бид усан онгоцоор Нью-Йоркт ирээд, сургуульдаа суун, Библийг маш гүнзгий судалж эхлэв. Сургалтын хөтөлбөрийн дагуу испани хэлний хичээл бас орно. Гэтэл «р» үсэг хэлж чаддаггүй Харвид маань энэ хичээл амархан байгаагүй юм.

Сургалтын үеэр багш нар Японд томилогдох хүсэлтэй хүнийг япон хэлний ангид бүртгэх тухай зарлал хэлэв. Бид хоёр Еховагийн байгууллага хаашаа томилно, тийшээ л очно гэж шийдсэн байлаа. Гэтэл нэрээ бүртгүүлээгүйг маань Гилеад сургуулийн багш Альберт Шрөдер удалгүй мэджээ. Тэгээд бид хоёрт «Энэ тухай дахиад сайн бодож үзээрэй» гэж хэлсэн. Тэгсэн ч бид нэрээ бичээгүй л байлаа. Шрөдер ах: «Бүх багш та хоёрыг бүртгээд авчихлаа. Япон хэл оролдоод үзэхгүй юү» гэж хэлэв. Харвид япон хэл сурах нь арай дөхөм байсан.

Биднийг 1955 онд Японд очиход улс даяар ердөө 500 дэлгэрүүлэгч байв. Тэгэхэд Харви 26-тай, би 24-тэй байлаа. Бид Кообэ хотод томилогдож, тэндээ 4 жил үйлчилсэн. Дараа нь явуулын үйлчлэлд дахин томилогдоод маш их баярлаж билээ. Тэгээд Нагояа хотын ойр орчимд үйлчилсэн. Бид томилолтдоо сэтгэл хангалуун байлаа. Япон ах дүү нартаа хайртай, хоолонд нь дуртай, байгаль орчин нь таалагддаг байсан. Гэвч Еховад за гэж хэлэхээс өөр аргагүй явдал удалгүй болов.

ШИНЭ ТОМИЛОЛТ, ШИНЭ БЭРХШЭЭЛ

Харви бид хоёр бусад миссионеруудтай хамт, Японы Кообэ хот, 1957 он

Явуулын ажлыг 3 жил хийсний дараа Япон салбарынхан биднээс Тайваньд очиж амис омгийнхонд туслах уу гэж асуулаа. Тэндхийн зарим амис ах нар тэрслэгч болсон учир япон хэлээр сайн ярьдаг, тэрс явдлыг таслан зогсооход туслах ах Тайвань салбарт хэрэгтэй болж л дээ. a Бид Японоос явмааргүй байв. Гэвч Харви үүрэг даалгавар биелүүлэхээс татгалзаж болохгүй гэдгийг ойлгосон учир зөвшөөрсөн.

Бид Тайваньд 1962 оны 11 дүгээр сард очлоо. Тэндхийн 2 271 дэлгэрүүлэгчийн ихэнх нь амисчууд байв. Бид эхлээд хятад хэл сурах шаардлагатай боллоо. Англи хэл мэдэхгүй ганц багштай, хятад хэлний ганцхан сурах бичигтэй байсан ч энэ хэлийг сурсан.

Тайваньд ирээд удаагүй байхад Харвиг салбар хариуцах ажилд томилов. Салбар жижиг байсан учраас Харви оффисынхоо хамаг ажлыг амжуулчихаад, сард гурван 7 хоног хүртэлх хугацаагаар амис ах дүү нартайгаа хамт үйлчилнэ. Мөн үе үе муж хариуцагчаар үйлчилж, чуулгануудад илтгэл тавина. Уг нь Харви японоор илтгэл тавивал амис ах дүү нар ойлгох байв. Гэвч шашны хурал цуглааныг зөвхөн хятадаар явуулахыг улсаас шаарддаг байсан тул Харви чадан ядан сурч буй хятад хэлээрээ илтгэл тавьж, ах нар түүнийг нь амис хэлээр орчуулдаг байлаа.

Тэр үед Тайвань цэргийн дэглэмтэй байв. Тийм учраас ах дүү нар чуулган хийхийн тулд цагдаагийн газраас зөвшөөрөл авах шаардлагатай. Энэ нь тийм ч амар ажил биш. Голдуу зөвшөөрөл өгөхгүй хойшлуулна. Ингэсээр байгаад чуулганы 7 хоног дөхөөд ирвэл Харви цагдаагийн хэлтэс дээр очоод хүлээгээд суучихна. Гадаадын хүнийг удаан хүлээлгэж байгаадаа санаа нь зовсон цагдаагийнхан зөвшөөрөл өгөхөөс өөр аргагүй болдог. Ингэж манай тактик амжилттай хэрэгжинэ дээ.

АНХ УДАА УУЛАНД АВИРСАН МИНЬ

Хүмүүст сайн мэдээ дэлгэрүүлэхээр гүехэн устай голыг гаталж байгаа нь

Ах дүү нартайгаа хэдэн 7 хоногоор хамт үйлчлэхдээ ус гатлах, ууланд авирах зэргээр 1 цаг гаруй явган явна. Хамгийн анх ууланд авирснаа санаж байна. Бид өглөөний цайгаа бушуухан уучихаад алслагдсан тосгон орох 5:30-ийн унаанд суулаа. Дараа нь унаанаасаа буугаад гол гаталж, уул өөд авирсан. Уул эгц цавчим учраас урд яваа ахын хөлийн тавхай л харагдаж байлаа.

Тэр өглөө Харви тэндхийн ах нартай хамт дэлгэрүүлж, харин би япон хэлтнүүдийн гацаанд ганцаараа очиж дэлгэрүүлэв. Өчнөөн цаг хоосон явсан тул өдөр 1 цагийн алдад нэлээд ядарч сульдсан байлаа. Ашгүй нэг юм, Харвитай уулзав. Хамт байсан ах нар явчихсан байлаа. Харви хэдэн сэтгүүлийн оронд тахианы гурван түүхий өндөг авсан байжээ. Тэгээд түүхий өндөг яаж идэхийг надад харуулахын тулд өндөгний хоёр үзүүрийг цоолоод сорчихов. Идчихмээр гоё санагдаагүй ч би дуурайгаад сорчихлоо. Тэгвэл гурав дахь өндгийг хэн идэх вэ? Намайг ухаан алдчихвал үүрч дүүрээд уулнаас бууж чадахгүй гэж Харви маань бодож л дээ. Тэгээд тэр өндгийг надад өгсөн юм.

УСАНД ОРСОН МИНЬ

Дүүргийн чуулганы бэлтгэл ажлын үеэр сонирхолтой юм болов. Бид танхимын хажууханд байшинтай нэг ахынд байсан юм. Ер нь амисчууд усанд орохыг их чухалчилдаг хүмүүс л дээ. Тийм болохоор дүүрэг хариуцагчийн эхнэр усанд ороход хэрэгтэй бүхнийг бидэнд бэлдэж өгөв. Харви завгүй байсан тул намайг түрүүлээд ороорой гэлээ. Усанд ороход 3 сав хэрэглэнэ. Халуун, хүйтэн устай хоёр хувин, нэг хоосон түмпэн. Хамгийн сонирхолтой нь, дүүрэг хариуцагчийн эхнэр энэ юмнуудыг байшингийн гадаа, цуглааны танхимын өөдөөс харуулаад тавьчихав. Чуулганд бэлдэж буй ах нар танхимд байлаа. Би халхалчихмаар юм гуйсанд нэвт гэрэлтдэг хулдаас аваад ирэх нь тэр! Байшингийн арын сүүдэрт усанд оръё гээд очсон чинь хэдэн галуу хашааны завсраар толгойгоо шургуулчихаад над руу дайраад байлаа. Би дотроо: «Ах нар намайг усанд орохыг анзаарахтай мантай байгаа. Усанд орохгүй бол тэд маань гомдох байх. Ямар ч байсан оръё» гэж бодлоо. Тэгээд л усанд орсон доо.

Бид хоёр амис үндэсний хувцас өмссөн байгаа нь

АМИСЧУУДАД ЗОРИУЛСАН ХЭВЛЭЛ

Амис ах дүү нарын дунд бичиг үсэггүй хүн олон байлаа. Бас амис хэлээр хэвлэл байхгүй. Тийм учраас итгэлээ батжуулах нь тэдэнд амаргүй байдгийг Харви анзаарчээ. Амис хэлэнд латин цагаан толгой нэвтрээд удаагүй тул ах дүү нарыг эх хэлээр нь уншиж сургах нь зүйтэй санагдсан. Энэ нь нүсэр ажил байв. Гэхдээ яваандаа ах дүү нар маань Библиэ бие дааж судалдаг болсон юм. Амис хэлээрх ном товхимол 1966 онд гарч, «Харуулын цамхаг» сэтгүүл 1968 оноос хэвлэгдэж эхэлсэн.

Гэхдээ засгийн газар зөвхөн хятад хэлээрх хэвлэл тараахыг зөвшөөрдөг байлаа. Тиймд бид элдэв асуудлаас зайлсхийх үүднээс амис «Харуулын цамхаг»-ийг янз янзаар хэвлэж үзсэн. Жишээлбэл мандарин-амис хос хэлний «Харуулын цамхаг» сэтгүүлийг нэг хэсэг хэрэглэдэг байв. Сонирхсон хүн гарвал энэ сэтгүүлээ ашиглан тайлбарлана. Энэ нь хятад хэлний хичээл хийж байгаа мэт харагдуулдаг байлаа. Тэр цагаас хойш Еховагийн байгууллага чин сэтгэлтэй хүмүүст Библийн үнэнийг мэдүүлэхийн тулд амис хэлээр олон хэвлэл гаргасан (Үйлс 10:34, 35).

ЦЭВЭРЛЭГЭЭ

1960, 70-аад оны үед амис ах дүү нарын дунд Бурхны хэм хэмжээний дагуу амьдардаггүй хүн олон байв. Библийн зарчмыг сайн ойлгодоггүй байсан учраас ёс суртахуунгүй амьдарч, архидан согтуурч, тамхи татаж, зажилдаг тамхи хэрэглэнэ. Иймэрхүү асуудлаар Ехова ямар үзэл бодолтой байдгийг ах дүү нарт ойлгуулахын тулд Харви олон хуралд эргэлт хийсэн. Тэдгээрийн нэгэнд очих гээд явж байх үед юу болсныг өгүүллийн эхэнд дурдсан.

Даруу ах дүү нар дуртайяа өөрчлөгдсөн бол, өөрчлөгдөхийг хүсээгүй хүн олон байсан нь харамсалтай. Тайвань дахь дэлгэрүүлэгчдийн тоо 20 жилийн хугацаанд 2 450-аас 900 болтлоо буурсан. Энэ нь үнэхээр сэтгэл гонсойлгом явдал байв. Гэхдээ Ехова цэвэр бус байгууллагыг хэзээ ч ивээхгүй нь тодорхой (2 Кор. 7:1). Хурлууд яваандаа цэвэрлэгдэж ноцтой алдаагаа зассан учраас Еховагийн ивээлийг хүртэж эхэлсэн. Одоо Тайвань 11 000 гаруй дэлгэрүүлэгчтэй.

1980-аад оноос хойш амис ах дүү нарын маань итгэл батжиж эхэлсэн. Тийм учраас хятад хүмүүст дэлгэрүүлэхэд илүү их цаг зав гаргах боломж Харвид олдсон юм. Тэрбээр нэлээн хэдэн Гэрч эмэгтэйн нөхрүүдэд тусалж үнэний зам дээр гаргасандаа баяртай байсан. Тэдний нэгийг Еховад анх удаа залбирахад Харви ямар их баярласнаа надад хэлж билээ. Би ч бас чин сэтгэлтэй олон хүнд тусалж Еховатай танилцуулсандаа баяртай байдаг. Тэр байтугай нэг суралцагчийнхаа хүү охин хоёртой Тайвань салбарт цуг үйлчилж байлаа.

ГАРЗ ХОХИРОЛ

Одоо би хань ижилгүй болсон. Бараг 59 жил ханилсан хань минь хорт хавдартай тэмцэж байгаад 2010 оны 1 дүгээр сарын 1-нд өнгөрсөн дөө. Тэр минь бараг 60 жил бүрэн цагаар үйлчилсэн! Би одоо ч гэсэн түүнийгээ маш их санадаг. Гэхдээ сэтгэл татам хоёр сайхан улсад нөхөртэйгөө хамт үйлчилсэндээ ямар их баярладаг гээч! Бид Азийн хоёр хэцүү хэлээр ярьж сурсан. Нөхөр маань бас бичиж чаддаг байлаа.

Хэдэн жилийн дараа Удирдах Зөвлөл намайг Австрали руу буцаахаар шийдсэн юм. Тэгэхэд миний толгойд хамгийн түрүүнд «Тайваниас явмааргүй байна» гэсэн бодол орж ирсэн. Гэхдээ би Еховагийн байгууллагад хэзээ ч үгүй гэж хэлж болохгүйг Харвигаасаа сурсан учраас Австрали руу буцсан. Нас дээр гарсан болохоор энэ шийдвэр зөв байсныг дараа нь ойлгосон.

Бетел үзэхээр ирсэн хүмүүст хөтөч хийхэд япон, хятад хэл маань хэрэг болдогт их баяртай байдаг

Одоо би ажлын өдрүүдэд Австралази салбарт ажлаа хийгээд, амралтын өдрүүдэд хурлынхантайгаа дэлгэрүүлдэг. Бетел үзэхээр ирсэн хүмүүст хөтөч хийхэд япон, хятад хэл маань хэрэг болдогт их баяртай байдаг. Гэсэн ч нас барагсад амилах цагийг би тэсэн ядан хүлээдэг. Еховад хэзээд за гэж хэлж сурсан Харви маань одоо аюулгүй газар байгаа. Цаг нь болохоор Ехова түүнийг амилуулна (Ёох. 5:28, 29).

a Тайванийн албан ёсны хэл нь өнөөдөр хятад хэл боловч өмнө нь япон хэл байжээ. Тийм учраас Тайваньд японоор ярьдаг үндэстэн ястан одоо ч олон байдаг.