Skip to content

Гарчиг руу орох

Чулуун дээрх бичээс: «Хагавын хүү Хагафыг Яавэ Сабаот хараах болтугай»

Таны мэдлэгт

Таны мэдлэгт

Библид бичсэн зүйл үнэн гэдгийг эртний бичээс хэрхэн баталдаг вэ?

ИЕРУСАЛИМД байдаг «Библи дэх нутгуудын музей»-д МЭӨ 700–600 онд хамаарах чулуун олдвор байдаг. «Хагавын хүү Хагафыг Яавэ Сабаот хараах болтугай» гэсэн бичигтэй уг чулууг Израйлын Хеброн хотоос холгүй орших булшнаас олжээ. Энэхүү бичээс нь Библид бичсэн зүйл үнэн гэдгийг хэрхэн баталдаг вэ? ЙХВХ гэж эртний еврей үсгээр бичсэн Ехова гэдэг Бурхны нэрийг Библи бичигдэж байх үеийн хүмүүс сайн мэддэг байсан төдийгүй өдөр тутам дурддаг байсныг уг бичээс харуулдаг. Хадан булшнуудаас олдсон бусад бичээсийг үзвэл, хүмүүс тэдгээр агуйд уулзах юм уу нуугдаж байхдаа Бурхны нэрийг болон Бурхны нэр орсон нэрийг агуйн ханан дээр бичдэг байжээ.

Жоржиагийн их сургуулийн доктор Рэйчил Набулси: «Эдгээр бичээст ЙХВХ нэрийг олон удаа бичсэн нь анхаарал татдаг. ... Израйл, Иудагийн ард түмний амьдралд ЙХВХ хэчнээн чухал болох нь [Библийн] эх бичвэрүүд болон эртний бичээсүүдээс харагдаж байна» гэж хэлжээ. Библид бас Бурхны нэрийг еврейгээр ЙХВХ гэж олон мянган удаа бичсэн байдаг. Тэгэхээр чулуун дээрх бичээс Библид бичсэн зүйл үнэн гэдгийг баталж байна. Израйл хүмүүсийн нэрд ч Бурхны нэр орсон тохиолдол олон байдаг.

Дээрх чулуун дээр сийлсэн «Яавэ Сабаот» гэдэг үг нь «түмэн цэргийн Ехова» гэсэн утгатай. Библи бичигдэж байх үед амьдарч байсан хүмүүс Бурхны нэрийг дурдаад зогсохгүй «түмэн цэргийн Ехова» гэж ярих нь ерийн хэрэг байсан бололтой. Энэ нь мөн л Библи үнэн гэдгийг баталдаг. Учир нь Еврей Сударт «түмэн цэргийн Ехова» гэдэг үг 283 удаа гардаг бөгөөд ихэнхийг нь «Исаиа», «Иеремиа», «Зехариа» номд бичжээ.