Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 42

Бат итгэлтэйгээр үнэнээс зуур

Бат итгэлтэйгээр үнэнээс зуур

«Аливаа юмны зөв эсэхийг магадал. Сайнаас зуур» (1 ТЕС. 5:21).

ДУУ 54 Бат итгэлтэй явъя

ТОЙМ *

1. Хүмүүс яагаад төөрөлддөг вэ?

БУРХНЫГ тааллынх нь дагуу шүтдэг гэдэг Христ шашны хэдэн мянган урсгал бий. Иймээс хүмүүс төөрөлддөг нь аргагүй шүү дээ. Тэд «Жинхэнэ шашин цорын ганц байдаг уу, эсвэл бүх шашин Бурханд таалагддаг уу?» гэж асуудаг. Гэрчүүд үнэнийг заадаг бөгөөд Еховаг таалалд нь нийцүүлэн шүтдэг гэдэгт та бат итгэлтэй байдаг уу? Үнэн гэж батлах ноттой баримт байна уу? Одоо үүний талаар үзье.

2. Паул тунхаглаж байсан мэдээгээ үнэн гэдэгт яагаад бат итгэлтэй байсан бэ? (1 Тесалоник 1:5).

2 Паул тунхаглаж байсан мэдээгээ үнэн гэдэгт бат итгэлтэй байсан (1 Тесалоник 1:5-ыг уншина). Тэрбээр сэтгэл хөдлөлд автсандаа бус Бурхны Үгийг нягт нямбай судалдаг байсан учраас ийн итгэдэг байжээ. «Судар бүрийг Бурхан бичүүлсэн» гэдэгт огт эргэлздэггүй байсан (2 Тим. 3:16). Паул Судрыг судлаад юу олж мэдсэн бэ? Есүс бол Мессиа гэдгийн няцаахын аргагүй нотолгоог олжээ. Харин иудейн шашны удирдагчид энэ баталгааг үл тоомсорлосон. Тэд Бурхныг төлөөлдөг гэдэг ч үйл хэргээрээ түүнийг үгүйсгэж ам ажил нь зөрдөг байв (Тит 1:16). Харин Паул Бурхны Үгнээс авахыг нь аваад хаяхыг нь хаяна гэдэг тэдэн шиг байгаагүй. «Бурхны санаа зорилгоос» юу ч хасалгүй заасан (Үйлс 20:27).

3. Бат итгэлтэй болохын тулд бүх асуултын хариултыг мэдэх шаардлагатай юу? (« Еховагийн гайхамшиг, бодол санаа “тоолшгүй олон”» гэсэн хавсралтыг үзээрэй).

3 Жинхэнэ шашин бүх асуултад, тэр бүү хэл Библид тодорхой байхгүй асуултад ч хариулах ёстой гэж зарим хүн үздэг. Энэ нь зөв үү? Паул юу гэж хэлснийг үзье. Тэрбээр итгэл нэгтнүүддээ «аливаа юмны зөв эсэхийг магадлахыг» уриалсан (1 Тес. 5:21). Гэхдээ ойлгохгүй юм их байгааг хүлээн зөвшөөрч «Бид хэсэгхэнийг мэддэг», «төмөр толинд бүдэг бадаг хардаг» гэж бичсэн (1 Кор. 13:9, 12). Паул бүх юмыг нэг бүрчлэн ойлгодог байгаагүй. Бид ч мөн адил. Гэхдээ Паул Еховагийн санаа зорилгын тухай үндсэн мэдлэгтэй байсан. Олж авсан мэдлэг нь үнэн гэж итгэхэд хангалттай байсан.

4. Бид үнэнийг олсон гэдэгт итгэх итгэлээ батжуулахын тулд яах хэрэгтэй вэ? Энэ өгүүллээр юу үзэх вэ?

4 Бид үнэнийг олсон гэдэгт итгэх итгэлээ батжуулахын тулд яах хэрэгтэй вэ? Бурхныг үнэний дагуу шүтэх талаар Есүсийн үлдээсэн жишээг Еховагийн Гэрчүүд дагадаг эсэхийг магадлах хэрэгтэй. Энэ өгүүллээр, Христийн жинхэнэ дагалдагчид 1) шүтээн шүтдэггүй, 2) Еховагийн нэрийг эрхэмд үздэг, 3) үнэнийг хайрладаг, 4) нэг нэгнээ халуун сэтгэлээр хайрладгийг авч үзнэ.

ШҮТЭЭН ШҮТДЭГГҮЙ

5. Бурхныг зөв шүтэх талаар Есүсээс юу сурах вэ? Сурснаа хэрхэн ажил хэрэг болгох вэ?

5 Есүс Бурхнаа чин сэтгэлээсээ хайрладаг байсан учраас тэнгэрт байхдаа ч дэлхийд байхдаа ч гагцхүү Еховаг шүтдэг байсан (Лук 4:8). Шавь нартаа ч ингэхийг заасан. Есүс ч, үнэнч шавь нар нь ч шүтээн шүтэж байгаагүй. Бурхан харагдахгүй учир цог жавхлант Еховаг төлөөлөх юуг ч хүн бүтээж чадахгүй (Ис. 46:5). Тэгвэл гэгээнтнүүд гэгддэг хүмүүсийн хөрөг дүрсийг бүтээгээд түүндээ залбирах нь зөв үү? Ехова Арван тушаалын хоёр дахид «Чи өөртөө зориулан шүтээн эсвэл дээр тэнгэр дэх, доор газар дахь ... юмны ямар нэг дүрсийг бүү хий. Чи тэдэнд мөргөж ... болохгүй» гэсэн (Ег. 20:4, 5). Бурхныг таалалд нь нийцүүлэн шүтье гэвэл шүтээн шүтэж болохгүй нь тодорхой байна.

6. Еховагийн Гэрчүүд хэний жишээг дагадаг вэ?

6 Христийн эртний дагалдагчид зөвхөн Бурхныг шүтдэг байсныг түүхчид хүлээн зөвшөөрдөг. Жишээ нь нэг номд тэмдэглэснээр шүтлэгийн газар хөрөг дүрс байна гэхээс ч Христийн эртний дагалдагчдын «ой гутдаг байжээ» («History of the Christian Church»). Еховагийн Гэрчүүд Христийн I зууны дагалдагчдын үлдээсэн жишээг дагадаг. Бид тэнгэрийн элч юм уу гэгээнтнүүдийн хөрөг дүрсэнд, тэр ч байтугай Есүст ч залбирдаггүй. Мөн төрийн бэлгэдэл болсон туг далбаанд мөргөдөггүй. Бид Есүсийн хэлсэн «Чи Ехова Бурхнаа л шүтэх ёстой» гэсэн тушаалыг хэзээ ямагт дагахаар шийдсэн (Мат. 4:10).

7. Еховагийн Гэрчүүд сүмийнхнээс ямар ялгаатай вэ?

7 Хүмүүсийн сэтгэлийг татах чадвартай пастор гэх зэрэг уран илтгэгчийг шүтээн мэт шүтдэг хүн өнөөдөр олон бий. Тэднийг дэмжих гэж сүмд нь очиж, номыг нь худалдан авч, их хэмжээний хандив өргөдөг. Зарим нь хэлсэн үг бүрд нь итгэдэг. Тэднийг Есүсээс ч илүү дээдэлдэг гэлтэй. Еховагийн Гэрчүүд тэднээс өөр. Хэргэм зэрэгтэй лам хувраг бидний дунд байхгүй. Бид удирдах үүрэгтэй хүмүүсийг хүндэлдэг ч тэднийг шүтдэггүй. Яагаад гэвэл Есүс «та нар бүгдээрээ ах дүү» гэсэн (Мат. 23:8–10). Мөн төр засгийнхан болон шашны удирдагчдыг шүтдэггүй, дэмждэггүй. Бид төвийг сахиж ертөнцөөс тусгаар байдаг. Сүмийнхнээс ялгардаг (Ёох. 18:36).

ЕХОВАГИЙН НЭРИЙГ ЭРХЭМД ҮЗДЭГ

Христийн жинхэнэ дагалдагчид Ехова болон нэрийг нь бахархалтайгаар тунхагладаг (8–10-р догол мөрийг үзээрэй) *

8. Ехова нэрээ алдаршуулж, бүх хүнд мэдүүлэх хүсэлтэй нь юунаас харагддаг вэ?

8 Нэгэн удаа Есүс «Эцэг минь, нэрээ алдаршуулаач» гэж залбирчээ. Ехова залбирлыг нь сонсоод нэрээ алдаршуулахаа амладаг (Ёох. 12:28). Есүс дэлхий дээр амьдарсан бүхий л хугацаанд Эцгийнхээ нэрийг алдаршуулсан (Ёох. 17:26). Иймээс Христийн жинхэнэ дагалдагчид Бурхныг нэрээр нь дууддаг, нэрийг нь бахархалтайгаар тунхагладаг.

9. Христийн I зууны дагалдагчид Бурхны нэрийг эрхэмд үздэгээ хэрхэн баталсан бэ?

9 I зуунд хурал байгуулагдсаны дараахан Ехова «нэрийнхээ төлөөх ард түмнийг харь үндэстнүүдийн дундаас сонгож авахын тулд тэдэнд ... анхаарлаа хандуулсан» (Үйлс 15:14). Тэд Бурхны нэрээр бахархан хүмүүст нэрийг нь тунхагласан. Сударт ч олон удаа тэмдэглэн үлдээсэн байдаг. Ийнхүү Бурхны нэрийн төлөөх ард түмэн гэдгээ баталсан (Үйлс 2:14, 21).

10. Гэрчүүд Еховагийн нэрийн төлөөх ард түмэн гэдгийг юугаар батлах вэ?

10 Еховагийн Гэрчүүд Еховагийн нэрийн төлөөх ард түмэн мөн үү? Мөн гэдгийг батлах дараах нотолгоог үзье. Сүмийн удирдагчид Бурхны оноосон нэрийг ард түмнээс нуухын тулд бүхнийг хийсэн. Тэд Библийн орчуулгуудаас Бурхны нэрийг авч хаяж, сүм дотор нэрийг нь хэлэхийг ч хориглосон. * Харин Еховагийн Гэрчүүд л Бурхны нэрийг эрхэмд үзэж алдаршуулдаг. Үүнийг үгүйсгэх хүн байна уу? Бид Бурхны нэрийг дэлхий даяар тунхагладаг. Ингэдэг өөр ямар ч шашны урсгал байхгүй. Бид Еховагийн Гэрчүүд гэдгээ батлахын тулд чадах бүхнээ хийдэг (Ис. 43:10–12). Бурхны нэрийг байх ёстой газар нь бичсэн «Ариун Судрын Шинэ ертөнц орчуулга»-ыг гаргаж 240 сая гаруй хувь хэвлэсэн. Бас Бурхны нэрийг бичсэн хэвлэлийг 1 000 гаруй хэлээр гаргадаг.

ҮНЭНИЙГ ХАЙРЛАДАГ

11. Христийн эртний дагалдагчид үнэнийг хайрладаг байсан нь юунаас харагддаг вэ?

11 Есүс үнэнийг хайрладаг байсан. Энэ нь Бурхан болон санаа зорилгынх нь талаарх үнэн юм. Тэрбээр үнэний дагуу амьдарч, үнэнийг тунхагласан (Ёох. 18:37). I зууны дагалдагчид ч мөн адил үнэнийг сэтгэл зүрхнээсээ хайрладаг байсан (Ёох. 4:23, 24). Элч Петр Христийн дагалдагчид «үнэн сургаалын» дагуу амьдардаг гэжээ (2 Петр 2:2). Тэд үнэнд маш их хайртай байсан учраас үнэнд нийцэхгүй шашны хуурамч сургаал, уламжлалт ёс заншил, хүний үзэл бодлыг дагахаас татгалздаг байсан (Кол. 2:8). Өнөөдөр ч Христийн жинхэнэ дагалдагчид «үнэний замаар замнаж байгаа» (3 Ёох. 3, 4). Тэдний итгэл үнэмшил, амьдралын хэв маяг Еховагийн Үгэнд л үндэслэдэг.

12. Удирдах Зөвлөл ямар нэг ойлголтыг өөрчлөх хэрэгтэйгээ мэдсэн бол яадаг вэ? Яагаад?

12 Бурхны ард түмэн өөрсдийгөө үнэнийг төгс ойлгодог гэж зүтгэдэггүй. Библийн сургаалыг буруу ойлгож, буруу шийдвэр гаргаж байсан. Энэ нь гайхах зүйл биш юм. Библид бичсэнээр үнэн зөв мэдлэг гүнзгийрнэ (Кол. 1:9, 10). Ехова үнэнийг аажмаар илчилдэг. Тийм учраас бид үнэний гэрэл улам тод гэрэлтэхийг тэвчээртэй хүлээх хэрэгтэй (Сур. 4:18). Удирдах Зөвлөл ямар нэг ойлголтыг өөрчлөх хэрэгтэйгээ мэдсэн даруйдаа өөрчилдөг. Сүмүүд итгэгчиддээ таалагдах, ертөнцийн чиг хандлагад нийцүүлэхийн тулд өөрчлөлт оруулдаг бол Еховагийн Гэрчүүд Еховадаа таалагдаж, Есүсийн жишээг яг таг дагахын тулд өөрчлөлт оруулдаг (Яак. 4:4). Тэгэхээр бид өөрчлөлт оруулдаг нь Библийн сургаалыг илүү сайн ойлгосных юм. Харин ертөнцийнхний үзэл бодол, чиг хандлагыг дагадаггүй. Тийм ээ, бид үнэнийг хайрладаг! (1 Тес. 2:3, 4).

НЭГ НЭГНЭЭ ХАЛУУН СЭТГЭЛЭЭР ХАЙРЛАДАГ

13. Христийн жинхэнэ дагалдагчид хамгийн гол нь юугаараа танигддаг вэ? Еховагийн Гэрчүүдийн тухайд юу хэлж болох вэ?

13 Есүс: «Та нар бие биеэ хайрладаг бол үүгээр тань бүх хүн та нарыг миний шавь гэж мэднэ» гэж хэлсэн (Ёох. 13:34, 35). I зууны дагалдагчид нь энэ үгний дагуу хайраараа танигддаг байжээ. Өнөөдөр ч дэлхий даяар Еховагийн Гэрчүүдийн дунд хайр, эв нэгдэл ноёлдог. Бид үндэс угсаа, арьс өнгө, нийгмийн гарлаараа ялгаатай ч нэг гэр бүл юм. Үүгээрээ бусад шашныхнаас ялгардаг. Бидний бие биеэ гэсэн жинхэнэ хайр ялангуяа цуглаан, чуулганы үеэр тод харагддаг. Энэ нь жинхэнэ шашин шүтдэгийг маань баталдаг.

14. Колосай 3:12–14-д бичсэнээр бие биеэ халуун сэтгэлээр хайрладаг хүн яадаг вэ?

14 Библи «бие биеэ халуун сэтгэлээр хайрлахыг» уриалдаг (1 Петр 4:8). Бид ингэж хайрладаг учраас бие биеэ уучилж, нэг нэгэндээ хүлээцтэй ханддаг. Хурлынхаа бүх хүнд, тэр байтугай гомдоосон хүндээ ч өгөөмөр, зочломтгой хандахыг чадлаараа хичээдэг (Колосай 3:12–14-ийг уншина). Бид ийнхүү бие биеэ хайрласнаараа Христийн жинхэнэ дагалдагч гэдгээ баталдаг.

«НЭГ ИТГЭЛ»

15. Бид Христийн I зууны дагалдагчдын жишээг өөр ямар үед дагадаг вэ?

15 Бид Христийн I зууны дагалдагчдын жишээг бусад үед ч дагадаг. Одоо манай байгууллага дүүрэг хариуцагч, ахлагч, туслах үйлчлэгчийг томилдог нь I зууны хурлын зохион байгуулалтын жишгийг дагаж байгаа хэрэг юм (Флп. 1:1; Тит 1:5). Мөн бид I зууны дагалдагчдын адилаар гэрлэлт, бэлгийн харьцааны талаар Библид үндэслэсэн хэм хэмжээг баримталдаг. Мөн цусыг ариун хэмээн үзэж, хурлыг хамгаалахын тулд гэмшээгүй нүгэлтнийг хасдаг (Үйлс 15:28, 29; 1 Кор. 5:11–13; 6:9, 10; Евр. 13:4).

16. Эфэс 4:4–6-гаас юу ойлгож авах вэ?

16 Олон хүн өөрсдийгөө шавь нь гэж хэлдэг боловч бүгдээрээ жинхэнэ биш гэдгийг Есүс хэлсэн (Мат. 7:21–23). Библид эцсийн өдрүүдэд олон хүн «сүсэгтэй хүний дүртэй» болно гэж зөгнөсөн (2 Тим. 3:1, 5). Гэхдээ Бурхны сайшаадаг «нэг [л] итгэл» байх ажээ (Эфэс 4:4–6-г уншина).

17. Есүсийн жишээг дагадаг, нэг итгэлтэй хүмүүс хэн бэ?

17 Бид энэ өгүүллээр Есүс болон I зууны дагалдагчдын жишээг үзлээ. Мөн Еховагийн Гэрчүүд л тэр жишээг дагадгийн баталгааг бас мэдэж авлаа. Тэгэхээр Еховагийн Гэрчүүд л цорын ганц итгэлтэй, жинхэнэ шашныг шүтдэг хүмүүс гэдэг нь тодорхой байна. Ехова болон санаа зорилгынх нь тухай мэдэж, ард түмнийх нь дунд байна гэдэг юутай завшаан бэ! Иймд үнэнээс бат итгэлтэйгээр зуурч байцгаая.

ДУУ 152 Бидний хүч, бидний найдвар, бидний итгэл

^ д/м 5 Бурхныг үнэний дагуу шүтэх талаар Есүсийн үлдээсэн жишээг энэ өгүүллээр үзнэ. Мөн энэ жишээг эртний дагалдагчид хэрхэн дагаж байсныг, орчин үед Еховагийн Гэрчүүд бас дагадгийн нотолгоог үзнэ.

^ д/м 10 Жишээлбэл, 2008 онд Пап лам XVI Бенедикт католик шашны цугларалтын үеэр, магтуу дуу дуулахдаа, залбирахдаа Бурхны нэрийг «дурдах ч ёсгүй» гэсэн заавар өгсөн.

^ д/м 62 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Еховагийн байгууллага «Шинэ ертөнц орчуулга»-ыг 200 гаруй хэлээр гаргасан. Тиймээс Бурхны нэрийг байх ёстой газар нь бичсэн Библийг хүмүүс эх хэлээрээ унших боломжтой болсон.