Skip to content

Гарчиг руу орох

Еховатай эргээд дотносох нь

Еховатай эргээд дотносох нь

ЖИЛ бүр, хурлаас хасагдсан олон хүн эрхээ сэргээлгээд буцаж ирдэг. Энэ үед тэнгэрт баяр хөөр болдог (Лук 15:7, 10). Та бас тэдний нэг үү? Хэрэв тийм бол үнэний зам дээр дахин гарсан таныг тэнгэрийн элчүүд, Есүс, Ехова хараад маш их баярлаж байгаа. Гэхдээ Еховатай эргээд дотносоход бэрхшээл учирдаг. Ямар бэрхшээл учирдгийг, хэрхэн давж гарахыг одоо үзье.

ЯМАР БЭРХШЭЭЛ УЧИРДАГ ВЭ?

Хуралдаа буцаж ирсэн хойноо ч олон хүн шаналсаар байдаг. Давид хаан Еховагаас өршөөл хүртсэнийхээ дараа ч «Би ... гэм буруудаа баригджээ» гэж хэлсэн (Дуу. 40:12; 65:3). Танд бас ингэж санагддаг уу? Хуралдаа эргэж ирээд хэдэн жил өнгөрсөн ч өөрийгөө буруутгадаг, хийсэн нүглээсээ болоод шаналж явдаг хүмүүс бий. Хурлаас хасагдаад 20 жилийн дараа эргэж ирсэн Изабел: «Ехова намайг уучилсан гэдгийг хүлээн зөвшөөрөх хэцүү байсан» гэж ярьжээ. * Хэрэв та зовж шаналаад л байдаг бол Еховагаас дахин хөндийрөх аюултай (Сур. 24:10). Иймээс шаналаад байх хэрэггүй.

Эргээд ирсэн хүмүүс дахин Еховатай дотносохын тулд хэтэрхий их хөдөлмөрлөх хэрэгтэй гэж бодоод хаширдаг. Эрхээ сэргээлгэсэн Антуан гэдэг Гэрч: «Би Гэрч хүний амьдралаас төсөөрчихсөн байсан» гэж ярьжээ. Ийн санагддаг учраас зарим хүн дахиад Гэрчийн ёсоор амьдарна гэхээс халгаж магадгүй.

Үүнийг жишээгээр бодъё. Сайхан гэр орон нь хар салхинд сүйдсэн хүнийг төсөөлөөрэй. Тэр хүн гэр орноо сэргээн барихын тулд нөр их хөдөлмөрлөнө, цаг их орно гэж бодоод бэрхшээж магадгүй. Еховатай тогтоосон харьцааг ч байшинтай зүйрлэж болох юм. Та ноцтой нүгэл үйлдээд Еховаг гомдоосон бол харьцаагаа сэргээхийн тулд нөр их хөдөлмөрлөнө гэж бодоод бэрхшээж магадгүй. Гэхдээ та ганцаараа зүтгэх хэрэггүй.

Ехова тусламжийн гараа сунган «Нааш ир. Хамт хэлэлцье» гэж танд хэлсэн (Ис. 1:18). Та ч Еховатай сайдахын тулд маш их хичээсэн. Таныг хараад Еховагийн хайр хүрсэн нь лавтай. Ингэснээрээ та Сатаны худалчийг батлахад том хувь нэмэр оруулсан гээд бод доо! (Сур. 27:11).

Ингэхээр та аль хэдийн Еховад ойртсон гэсэн үг. Ехова ч тантай ойртон дотносохоо амласан шүү дээ (Яак. 4:8). Та хуралдаа эргээд ирж итгэл нэгтнүүдээ баярлуулсан нь мэдээж. Гэхдээ ингээд болчихгүй. Тэнгэрийн Эцэг, найз Еховагаа хайрлах хайраа лавшруулах хэрэгтэй. Яаж тэр вэ?

ХҮРЧ БОЛОХ ЗОРИЛГО ТАВИАРАЙ

Хүрч болох зорилго тавиарай. Та Ехова болон ирээдүйн найдварын тухай санаж байгаа биз ээ. Гэхдээ түүгээр зогсохгүй эргээд Гэрчийн ёсоор амьдардаг болох хэрэгтэй. Сайн мэдээ тунхаглаж, итгэл нэгтнүүдтэйгээ нийлж нөхөрлөх хэрэгтэй. Одоо, ямар зорилго тавьж болохыг ярилцъя.

Еховатай үргэлж ярих. Өөрийгөө байнга буруутгаад байхаар залбирахад хүртэл хэцүү байдгийг тэнгэрийн Эцэг тань сайн ойлгож байгаа (Ром 8:26). Иймд Еховатай дотносохыг хүсдэгээ хэлэн «тасралтгүй залбираарай» (Ром 12:12). Андра гэдэг Гэрч: «Би өөрийгөө маш их буруутгаж, ичдэг байсан. Гэхдээ залбирах тоолонд сэтгэл уужирдаг байлаа» гэж ярьжээ. Та юу гэж залбирахаа мэдэхгүй бол Дуулал 51, 65-р бүлэгт байдаг Давид хааны гэмшсэн сэтгэлийн залбирлыг анхаараарай.

Библиэ тогтмол судлах. Ингэдэг бол итгэл батжиж, Еховаг улам илүү хайрладаг болно (Дуу. 19:7–11). Фелипе гэдэг Гэрч: «Би Библийг тогтмол судлахыг хамгийн чухал зүйл гэж үздэггүй байсан болохоор Еховагаас хөндийрч сэтгэлийг нь гонсойлгосон. Алдаагаа давтаж Еховаг дахин гонсойлгомооргүй байгаа учраас одоо Библи тогтмол судлахыг эн тэргүүнд тавьдаг болсон» гэж ярьжээ. Та бас ингээрэй. Ямар сэдвээр судлахаа мэдэхгүй бол төлөвшсөн найзаасаа асууж болохгүй нь юу билээ?

Итгэл нэгтнүүдтэйгээ дахин найзууд болох. Эргэж ирсэн зарим хүн хурлынхан надад таагүй хандах байх гэж санаа зовдог. Ларисса гэдэг Гэрч: «Би их ичдэг байсан. Хурлынхнаа гонсойлгосон хүн шүү дээ гэж өөрийгөө олон жил зэмлэж явсан» гэж ярьжээ. Ахлагчид болон төлөвшсөн Гэрчүүд Еховатай дахин дотносоход тань туслахыг хүсдэг юм шүү (« Ахлагчид яах хэрэгтэй вэ?» гэсэн хавсралтыг үзээрэй). Тэд таныг буцаж ирсэнд маш их баярлаж байгаа, таныг жаргалтай байгаасай гэж хүсэж байгаа (Сур. 17:17).

Тэгвэл хурлынхантайгаа хэрхэн дотносох вэ? Цуглаанд тогтмол явж, дэлгэрүүлэх ажилд идэвхтэй оролцоорой. Энэ нь ямар ач тустай вэ? Феликс гэдэг Гэрч: «Хурлынхан маань намайг эргээд ирэхийг тэсэн ядан хүлээж байсан юм билээ. Би их үнэ цэнтэй хүн гэдгээ ойлгосон. Тэднийхээ дэмээр тэр гэр бүлийн гишүүн гэдгээ, Ехова намайг уучилсныг ойлгоод хойшид үйлчлэх сэтгэлийн тэнхээтэй болсон» гэж ярьжээ (« Та яах хэрэгтэй вэ?» гэсэн хавсралтыг үзээрэй).

БҮҮ ШАНТРААРАЙ!

Еховатай тогтоосон харьцаагаа сэргээхэд тань саад болохын тулд Сатан «хар салхи» тавьж магадгүй (Лук 4:13). Тиймээс одооноос бэлгэдлийн байшин буюу Еховатай тогтоосон энэ харьцаагаа бататгаарай.

Ехова хоньдынхоо талаар «Би гээгдсэнийг хайж, тараагдсаныг буцааж, гэмтсэнийг боох бөгөөд өвчтэйг нь тэнхрүүлэх болно» гэсэн байдаг (Езе. 34:16). Ехова төөрсөн хоньтой зүйрлэм маш олон хүнд тусалсан учир тэд эргэж ирсэн. Тиймээс өөртэй нь өмнөхөөсөө илүү дотно болоход тань тусална гэдэгт бүү эргэлзээрэй.

^ д/м 4 Энэ өгүүлэлд гарсан хүмүүсийн нэрийг өөрчлөв.