1921—Зуун жилийн өмнө
«ЭНЭ жил ямар ажил амжуулах ёстой вэ?» «Харуулын цамхаг» сэтгүүлийн 1921 оны 1-р сарын 1-ний дугаарт ийм асуулт нийтлэгджээ. Тэгээд «Учир нь ЭЗЭН намайг зовогсдод сайн мэдээг дэлгэрүүлэхийн тулд томилсон юм. ... мөн ЭЗЭНий тааламжит жил, бидний Бурханы өшөө авах өдрийг тунхаглана» гэж Исаиа 61:1, 2-оос эш татаж хариулжээ. Ийнхүү сайн мэдээ дэлгэрүүлэх үүргийг нь сануулжээ.
ЗОРИГТОЙ ДЭЛГЭРҮҮЛЭГЧИД
Библи судлаачид үүргээ биелүүлэхийн тулд эр зоригтой байх шаардлагатай байлаа. Тэд дөлгөөн хүмүүст «сайн мэдээг», хорон муу хүмүүст «Бурханы өшөө авах өдрийг» тунхаглах ёстой байв.
Канадад амьдарч байсан Хаскин гэдэг Гэрч эрэгтэй эсэргүүцлийг үл тоон эр зоригтой дэлгэрүүлжээ. 1921 оны хавар методист сүмийн номлогчтой таарч л дээ. Хаскин ах яриагаа ингэж эхэлжээ. «Хоёулаа Судраас эвтэй найртай ярилцъя. Санал зөрөх юм байгааг хүлээн зөвшөөрөөд муудалцахгүй сална шүү» гэсэн байна. Гэхдээ санаснаар нь болсонгүй. Хаскин: «Хэдхэн минут ярилцсаны дараа номлогч хаалгыг маш хүчтэй цохисон. Хаалганы шил хагарчихав уу л гэж бодогдсон» хэмээжээ.
Өнөөх номлогч: «Чи наадахаа Христийн дагалдагч биш хүнд очиж ярь» гэж хашхирахад Хаскин хэлээ хазаад өнгөрсөн байна. Тэгээд явсных нь дараа дотроо «Би тийм л хүнтэй ярьсан шүү дээ!» гэж боджээ.
Гэхдээ эсэргүүцэл үүгээр дуусаагүй. Маргааш өнөөх номлогч яасан гээч? «Намайг тосгонд нь ирж байсан хамгийн худалч амьтан, буудуулбал таарна гэж сүмийнхэндээ хэлсэн» хэмээн дурсжээ. Гэхдээ үүнээс болоод Хаскин дэлгэрүүлэхээ больсон уу? Үгүй, дэлгэрүүлсээр байсан. Бүр үр дүнтэй дэлгэрүүлжээ. «Тэнд дэлгэрүүлэх ёстой сайхан байсан. Зарим хүн “Та Бурхны хүн байна” гээд хэрэгтэй юмыг маань өгье гэсэн» хэмээн ярьжээ.
БИЕ ДААСАН СУДЛАЛ БОЛОН ГЭР БҮЛИЙН ХИЧЭЭЛ
Библи Судлаачид сонирхсон хүнд ахиж дэвшихэд нь туслах зорилгоор «Алтан үе» сэтгүүлд Библи судлахад зориулсан булан нийтэлдэг болжээ. * Хүүхэд залууст зориулсан Библи судлах булан нь асуултуудтай. Эцэг эхчүүд «хүүхдүүдээсээ тэдгээр асуултыг асуугаад хариуг нь Библиэс олоход нь туслах» байв. «Библи хэдэн номтой вэ?» зэрэг зарим асуулт нь анхан шатны мэдлэг олгох, харин «Христийн дагалдагч бүр хавчигдах ёстой юу?» зэрэг асуулт нь сайн мэдээг эр зоригтой тунхаглахад нь хүүхэд залууст туслах зорилготой байлаа.
Түүнээс гадна «Бурхны эрин зууны төлөвлөгөөг нарийн судлах нь» булан гардаг байв. Энэ булан «Судрыг судлах нь» номын I ботид үндэслэсэн, гүнзгий мэдлэгтэй Библи Судлаачдад зориулсан асуултуудтай. Олон мянган уншигч эдгээр булангаас ихийг мэдэж авч байлаа. Гэвч «Алтан үе» сэтгүүлийн 1921 оны 12-р сарын 21-ний дугаарт эдгээр булан цаашид гарахаа больж байгааг мэдэгджээ. Яасан юм бол?
ШИНЭ НОМ
Удирдах үүрэгтэй хүмүүсийн үзсэнээр бол Библи судалж эхэлж байгаа хүмүүс үндсэн сургаалыг дэс дараатай судлах хэрэгтэй ажээ. Иймээс 1921 оны 11-р сард «Бурхны ятга» хэмээх номыг гаргасан байна. Ном авсан хүмүүс «Библи судлах “Ятга” хөтөлбөр»-д хамрагддаг байв. Уншигчид багшаар заалгаагүй ч энэ сургалтын ачаар «хүн төрөлхтөнд мөнхийн амь өгөх Бурхны төлөвлөгөөг» уншигчид ойлгож авдаг байлаа. Энэ сургалтыг яаж явуулдаг байсан бэ?
Тэр ном хавчуургатай ирдэг бөгөөд эхний долоо хоногт аль хэсгийг уншихыг бичсэн байлаа. Дараа долоо хоногт нь айлын хүн уншсан хэсэгтэйгээ холбоотой асуултууд болон дараа долоо хоногт аль хэсгийг унших ёстойг бичсэн картыг шуудангаар хүлээн авдаг байжээ.
Ойролцоох хурал нь ийм картыг долоо хоногт нэг удаа, нийт 12 долоо хоногийн турш айлын хүн рүү шуудангаар илгээдэг. Ихэнхдээ хурлын настай юм уу бие муутай дэлгэрүүлэгчид карт илгээдэг байжээ. Жишээ нь АНУ-ын Пеннсилвани мужийн Миллвейл хотод амьдардаг Анна К. Гарднер: «“Бурхны ятга” ном гарахад хөгжлийн бэрхшээлтэй эгч Тейл маань асуулт бичсэн картыг долоо хоног бүр хүмүүс рүү илгээж дэлгэрүүлэх ажилд илүү их оролцдог болсон» гэж ярьжээ. Багшгүй энэ сургалт дуусахад хурлын аль нэг дэлгэрүүлэгч очиж Библийн хичээл эхэлдэг байв.
ХИЙХ АЖИЛ ИХ БАЙНА
Тэр оны сүүлчээр Ж. Ф. Рүтэрфорд бүх хуралд захиа илгээжээ. Тэрбээр: «Энэ жил өмнөх жилүүдтэй харьцуулахад сайн мэдээг илүү олон хүнд, илүү үр өгөөжтэй хүргэлээ» гээд цааш нь «Одоо ч хийх ажил их байна. Энэ сайхан ажилд бусдыг уриалан дуудаарай» гэж бичжээ. Библи судлаачид зөвлөгөөг нь дагасан. Хойтон жил нь буюу 1922 онд тэд Хаант төрийг онцгой аргаар, эр зоригтой тунхагласан.
^ д/м 9 «Алтан үе» сэтгүүл 1937 оноос «Тайвшрал», 1946 оноос «Сэрцгээ!» гэдэг нэртэй болсон.