Skip to content

Гарчиг руу орох

НАМТАР

Амьдралын утга учрын эрэлд

Амьдралын утга учрын эрэлд

БИД Газар дундын тэнгист завиар аялж явлаа. Гэтэл завь маань цоорч ус орж эхлэв. Бас далайн шуурга тавих нь тэр. Үнхэлцгээ хагартал айсан би олон жил залбираагүй хэр нь тэр үед залбирч билээ. Яаж яваад ийм юм болов гэж үү? Одоо эхнээс нь ярьж өгье.

Намайг 7-той байхад манайх Бразилд амьдардаг байв

Би 1948 онд Нидерланд улсад төрсөн. Хойтон жил нь манайх Бразилын Сан-Паулу руу нүүсэн юм. Эцэг эх маань сүмийн идэвхтнүүд байсан учир бид орой бүр хоолны дараа Библи тогтмол уншдаг байлаа. 1959 онд дахиад нүүж, АНУ-ын Массачусетс мужид суурьшсан.

Аав маань хөдөлмөрч хүн байсан. Найман ам тэжээхийн тулд үүргийн худалдаачин, зам засварын ажилчин, олон улсын агаарын тээврийн компанид худалдааны төлөөлөгч гээд олон ажил хийж явсан. Агаарын тээврийн компанид ажилд ороход нь манайхан бөөн баяр болж билээ. Бид олон газраар аялах боломжтой болж байгаа шүү дээ.

Би ахлах сургуульд байхдаа төгсөөд юу хийх талаараа боддог болов. Найзуудын маань зарим нь их сургуульд орсон. Харин зарим нь цэрэгт явсан. Би цэрэгт явах ямар ч хүсэлгүй байсан. Яагаад гэвэл хүнтэй зодолдох нь байтугай, ам мурийж ч үзээгүй юм л даа. Тиймээс цэрэгт явахгүйн тулд их сургуульд орохоор болов. Гэхдээ яг үнэндээ бол хүмүүст туслахыг бодож байлаа. Тэгвэл утга учиртай амьдрах юм шиг санагдсан юм.

ОЮУТНЫ АМЬДРАЛ

Би олон жил амьдралын утга учрыг хайсан

Би амьдрал яаж үүссэн юм бол гэж боддог байсан учир их сургуульд байхдаа хүн судлалын хичээлийг сонирхох болов. Бүх хүнд хувьслын онолыг заадаг болохоор итгэхээс өөр сонголтгүй. Харин миний хувьд тайлбар нь логикгүй, барьцгүй учир шинжлэх ухаанч бус санагддаг байсан.

Их сургуульд ёс суртахууны өндөр хэм хэмжээг сахиж амьдрах талаар заадаггүй байлаа. Харин ямар ч үнэ төлөөд болов, амжилтад хүрэхийг голчлон заадаг байсан. Үдэшлэг хэсэж, мансууруулах бодис хэрэглэнэ. Тэгэхлээр аз жаргалд умбах мэт сэтгэгдэл төрдөг ч тэр даруй замхарна. Би «Утга учиртай амьдарч байгаа нь энэ үү?» гэж өөрөөсөө асуудаг байлаа.

Тэгээд би Бостон хотод очоод их сургуульд оров. Төлбөрөө төлөхийн тулд зуны цагт ажил хийдэг боллоо. Тэнд анх Еховагийн Гэрчтэй уулзсан юм. Цуг ажилладаг хүн маань «Даниел» номын 4-р бүлэгт гардаг «долоон цаг үеийн» тухай яриад эцсийн үед амьдарч байгааг маань тайлбарлаж өгөв (Дан. 4:13–17). Тогтмол ярилцсаар итгэчихвэл амьдралаа өөрчлөх хэрэгтэй болох юм байна гэж ойлгоод тэр хүнээс аль болохоор зугтдаг болсон.

Би Өмнөд Америкт сайн дурын ажил хийхэд хэрэг болох хичээлд бас суусан юм. Хүмүүнлэгийн ажил хийж бусдад тусалбал амьдрал маань утга учиртай болно гэж бодсон хэрэг л дээ. Гэхдээ ийм ажил хийсэн ч амьдрал маань утга учиртай болохгүй юм байна гэдгийг тэр хичээлд суугаад ойлгосон. Тэгээд урам хугарч тэр семестрийг дуусгаад сургуулиасаа гарсан.

АЛС ХОЛ ОЧСОН Ч ЭРСЭЭР

1970 оны 5-р сард би Нидерландын Амстердам руу нүүж, аавынхаа ажиллаж байсан агаарын тээврийн компанид ажилд орлоо. Энэ ажлынхаа буянаар Африк, Америк, Европ, Азийн олон оронд очсон. Ингэж явахдаа дэлхийн аль ч орны хүмүүс зовлон бэрхшээлтэй байдаг, бас үүнийг шийдэх гарц байдаггүйг ойлгов. Утга учиртай юм хийх хүсэл маань ахин бадарч, Америк руу буцаад Бостоны нөгөө их сургуульдаа дахин орохоор шийдэв.

Сургуульд ороод удаагүй байхдаа амьдралын талаарх асуултуудын хариуг олж чадахгүй байгаагаа ойлгосон. Тэгээд яахаа мэдэхгүй байсан тул хүн судлалын профессороосоо зөвлөгөө авлаа. Профессор маань: «Чамд ер нь энд сурах шаардлага байна уу? Гарсан нь дээр юм биш үү?» гэсэн юм. Би гуяа алгадаад л сургуулиасаа бүр гарсан.

Амьдралын утга учрыг олж чадаагүй болохоор олны дагадаг хэм хэмжээнд баригддаггүй, хайр, амар тайвныг түгээдэг гэгддэг хиппичүүдтэй нэгдэв. Хэдэн найзтайгаа Америкаар, цаашлаад Мексикийн Акапулко хүртэл аялсан. Бид хиппичүүдтэй цуг байдаг байв. Тэд ямар ч бэрхшээлгүй, санаа зовох зүйлгүй амьдардаг мэт харагдсан. Гэтэл удалгүй ямар ч утгагүй амьдардгийг нь, жинхэнээсээ аз жаргалтай байдаггүйг нь олж мэдэв. Тэдний олонх нь үнэнч бус, шударга бус болохыг анзаарсан.

ХӨЛГҮЙ ДАЛАЙГААР АЯЛАХДАА Ч ЭРСЭЭР

Найзтайгаа диваажингийн арлын эрэлд

Тэр үед би хүүхэд насныхаа мөрөөдлийг биелүүлэхийг хүсэх болов. Зүгээр нэг далайчин биш, ахмадын хувиар далайгаар аялмаар байсан юм. Тиймээс өөрийн гэсэн завьтай болох хэрэгтэй байв. Тэгээд адилхан мөрөөдөлтэй Том гэдэг найзтайгаа дэлхийг тойрохоор гарлаа. Нийгмийн дүрэм журмаас ангид, үзэсгэлэнтэй халуун орны арлыг олох зорилготой байв.

Тэгээд Томтой цуг Испанийн Барселоны ойролцоо Аренис-де-Март очлоо. Тэндээс «Лигра» гэдэг 9.4 метр урттай далбаат завь авав. Тэгээд үүнийгээ далайд аялахад тохируулан сэлбэж янзалсан. Бид зорьсон газраа хүрэх гэж нэг их яараагүй болохоор моторынх нь оронд ундны устай сав тавьсан юм. Усан онгоцны жижиг зогсоолууд дээр зогсохын тулд 5 метрийн урттай хоёр сэлүүр бас авав. Тэгээд цаашаа Энэтхэгийн далай дахь Сейшелийн арлууд руу хүлгийн жолоо заллаа. Африкийн баруун эрэг дагуу хөвж байгаад Өмнөд Африкийн Сайн итгэлт хошуугаар эргэх төлөвлөгөөтэй байв. Бид аялахдаа оддын байршил, газрын зураг, цаг улирлын тооны бичиг, секстант гэдэг өнцөг хэмжигч багажаар зүг чигээ тодорхойлдог байлаа. Байршлаа яг зөв тодорхойлсондоо их баярладаг байв.

Удалгүй бид хуучин модон завиар далайд аялахад тохиромжгүйг ойлгов. Завинд цаг тутам 22 литр ус орж байсан гэж бод доо! Оршилд дурдсанаар, тэр үед би үхтэлээ айсандаа залбирсан. Уг нь залбираагүй олон жил өнгөрсөн байв. Амьд үлдэх юм бол таныг илүү сайн таньж мэднэ гэж амласан. Тэгээд шуурга ч намжсан, би ч амлалтаа биелүүлсэн.

Далайд аялж байхдаа Библиэ шууд уншиж эхэлсэн. Зах хязгаар нь үл харагдах Газар дундын тэнгист үсрэн наадах загас жараахай, дельфины дунд Библи уншиж байна гээд төсөөл дөө. Шөнө Сүүн зам галактикийг хараад их бишрэн, хүн төрөлхтөнд санаа тавьдаг Бурхан байдагт бат итгэдэг болсон.

Хэдэн долоо хоногийн дараа Испанийн Аликанте дэх боомтод газардав. Тэнд хуучин завиа зараад арай дээр завь авах гэсэн юм. Хуучин, моторгүй, ус ордог завийг авах хүн олдохгүй удсан нь ойлгомжтой. Гэхдээ энэ хооронд надад Библи унших сайхан боломж олдсон.

Би Библийг унших тусам жинхэнэ амжилтад хүргэх гарын авлага гэдгийг нь ойлгож эхлэв. Библид ёс суртахуунтай амьдрах талаар тов тодорхой байдгийг уншаад сэтгэл их хөдөлж билээ. Тэгээд олон хүн, түүний дотор би ч гэсэн үүнийг нь баримталдаггүй хэрнээ яагаад өөрийгөө Христийн шашинтай гээд байдаг юм бол гэж бодсон.

Тиймээс би цэвэр ариун явахын тулд дорвитой алхам хийхээр шийдсэн. Мансууруулах бодис хэрэглэхээ болив. Библид байдаг ёс суртахууны өндөр хэм хэмжээг баримталдаг хүмүүс байж л таараа гэж бодоод тэдэнтэй уулзахын хүслэн болов. Тэгээд хоёр дахь удаагаа Бурханд залбирч тэр хүмүүсийг олоход туслаач гэж гуйсан.

ЖИНХЭНЭ ШАШНЫ ЭРЭЛД

Би жинхэнэ шашныг олохын тулд бүх шашныг шалгаж үзэх нь зөв гэж бодсон юм. Аликантегийн гудамжаар явахдаа сүм хийд олон байхыг харав. Гэхдээ ихэнх нь хөрөг дүрс, шүтээнтэй байсан учраас жинхэнэ шашин биш гэдэг нь тодорхой байлаа. Тийм болохоор жагсаалтаасаа хассан.

Нэг бүтэн сайны үдээс хойш, усан онгоцны боомт руу харсан толгод дээр Библи уншаад сууж байлаа. Баян чинээлэг хүнд тал засахыг буруушаасан Яаков 2:1–5-ыг уншиж байсан юм л даа. Завь руугаа буцах замдаа шашны цуглаан хийдэг гэмээр байшингийн хажуугаар өнгөрлөө. Хаалганых нь дээр «Еховагийн Гэрчүүдийн цуглааны танхим» гэсэн бичиг байв.

«Энэ шашныг шалгаж үзье. Хүмүүс нь надад яаж хандахыг харъя» гэж бодов. Тэгээд хөл нүцгэн, сахал самбаа нь ургачихсан, уранхай жийнстэй давхиад орлоо. Зохицуулагч намайг дагуулж яваад настай эмэгтэйн хажууд суулгав. Тэр эмэгтэй илтгэгчийн хэлсэн Библийн зүйлүүдийг олоход маань тусалж билээ. Цуглааны дараа их найрсаг хүмүүс над дээр ирээд мэндлэхэд би мэл гайхаж цэл хөхрөв. Нэг хүн надтай Библийн хичээл хийе гээд гэртээ урьсан ч би Библиэ уншиж дуусаагүй байсан болохоор «Уншиж дуусчихаад хэлье» гэсэн. Гэхдээ би бүх цуглаанд сууж байв.

Хэдэн долоо хоногийн дараа би тэр хүнийд очиж Библиэс ярилцаад асуултуудынхаа хариуг авсан. Долоо хоногийн дараа тэрбээр надад нэг Гэрчийн өмсөж байсан аятайхан хувцаснууд өгөв. Бие биеэ хайрла, дайтахад суралцаж болохгүй гэсэн Библийн тушаалыг дагаснаасаа болоод шоронд орсон гэсэн (Ис. 2:4; Ёох. 13:34, 35). Тэгэхэд би хайж байснаа буюу Библид байдаг ёс суртахууны өндөр хэм хэмжээг яс баримталдаг хүмүүсийг олсондоо огт эргэлзэхгүй болсон юм даа. Ингээд диваажингийн арал олохыг биш, Библийг гүн гүнзгий судлахыг гол зорилгоо болгож Нидерланд руугаа буцлаа.

АЖИЛ ХАЙЖ БАЙХАД

Дөрвөн өдөр явж байж Нидерландын Гронинген хотод очлоо. Хоолны мөнгөө залгуулахын тулд ажил хийх хэрэгтэй болов. Нэг мужааны цехэд ажилд орох гэсэн чинь анкетан дээр нь ямар шашин шүтдэг вэ гэсэн асуулт байна. «Еховагийн Гэрчүүд» гээд биччихэв. Эзэн нь уншсанаа царай нь хувьс хийгээд л явчихаж билээ. Дараа холбоо баръя гэснээ таг болчихсон.

Ажил хайж мужааны өөр нэг цехэд очив. Эзэн нь надаас диплом, өмнө нь ажиллаж байсан ажлын газрын тодорхойлолт шаардахад би модон завь сэлбэж янзалж байснаа хэлсэн. Тэгсэн тэр хүн юу гэсэн гээч? «Үдээс хойш ажилдаа орж болно. Гэхдээ нэг болзолтой. Би Еховагийн Гэрч. Библийн зарчмын дагуу амьдардаг болохоор манай цехийн хүн хэрэг төвөг тарьж болохгүй» гэсэн. Би маш их гайхаж өөдөөс нь «Би ч гэсэн Гэрч шүү дээ» гэсэн. Би урт үстэй, сахал самбаатай болохоор Гэрч биш гэдэг нь ойлгомжтой байсан л даа. Тэгэхэд тэр эзэн: «Тэгвэл би чамтай хичээл хийе» гэдэг байгаа даа! Би ч дуртай нь аргагүй зөвшөөрсөн. Эхний цехийн эзэн над руу залгаагүй нь ийм учиртай байсан юм билээ. Ехова хүслийг маань биелүүлж өгсөн (Дуу. 37:4). Би тэр Гэрчийн цехэд нэг жил ажиллаж, Библийн хичээл хийгээд 1974 оны 1-р сард баптисм хүртсэн.

АМЬДРАЛЫН УТГА УЧРЫГ ОЛСОН МИНЬ

Сарын дараа эхлэгчээр үйлчлэх гэдэг аз жаргалын аялалд гарав. Дараа сар нь шинэхэн байгуулагдсан испани хэлний бүлэгт нэмэр болохоор Амстердам руу нүүлээ. Испани, португал хэлээр ярьдаг хүмүүстэй хичээл хийнэ гэдэг ямар сайхан байсан гээч! Тэгээд 1975 оны 5-р сард тусгай эхлэгчээр үйлчлэх томилолт авлаа.

Нэг өдөр Инеке гэдэг тусгай эхлэгч боливи суралцагчаа испани хэлтэй Гэрчүүдтэй танилцуулахаар манай цуглаанд суусан юм. Инеке бид хоёр бие биеэ илүү сайн таньж мэдэхийн тулд захиагаар харилцаж байгаад удалгүй нэг зорилготойгоо ойлгосон. Тэгээд 1976 онд гэрлэж тусгай эхлэгчээр үргэлжлүүлээд үйлчлэх болов. Тэгээд 1982 онд Гилеад сургуулийн 73 дахь ангид суралцсан. Зүүн Африкт томилогдож Кенийн Момбасад 5 жил үйлчлэх ёстой сайхан байсан. Хорио тавигдаад удаагүй байсан Танзанид 1987 онд томилогдож 26 жил үйлчлээд Кени рүү буцсан.

Эхнэр бид хоёр үнэнийг ойлгоход нь Зүүн Африкийн хүмүүст туслаад аз жаргалаар бялхаж байлаа

Даруу хүнд Библийн үнэнийг ойлгоход нь туслаад амьдрал маань үнэхээр утга учиртай болсон. Момбасад нийтэд дэлгэрүүлж байхдаа тэндхийн анхны суралцагчтайгаа таарсан юм. Түүнд хоёр сэтгүүл өгөхөд «Би уншиж дуусчихаад яах вэ?» гэж асуудаг байгаа! Дараа долоо хоног нь свахили хэлээр дөнгөж гарсан «Диваажин дэлхийд мөнх амьдрагтун» номоор хичээл хийж эхэлсэн. Суралцагч маань жилийн дараа баптисм хүртэж, байнгын эхлэгч болов. Түүнээс хойш тэрбээр эхнэртэйгээ 100 орчим хүнд Гэрч болоход нь тусалсан даа.

Ехова ард түмэндээ утга учиртай амьдрал бэлэглэдгийг Инеке бид хоёр биеэрээ мэдэрч байна

Амьдралын утга учрыг ойлгосон даруйд их үнэтэй сувд хайж явсан худалдаачныхтай адилхан сэтгэгдэл надад төрсөн. Тэр худалдаачин олсон сувдаа алдахыг хүсээгүй шүү дээ (Мат. 13:45, 46). Тийм болохоор би жинхэнэ утга учрыг олоход нь бусдад туслахад амьдралаа зориулахыг хүссэн. Ехова ард түмэндээ утга учиртай амьдрал бэлэглэдгийг эхнэр бид хоёр биеэрээ мэдэрч байна.