Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 44

Еховагийн үнэнч хайр

Еховагийн үнэнч хайр

«[Еховагийн] үнэнч хайр мөнхийнх» (ДУУ. 136:1, ШЕ).

ДУУ 18 Бурхны хайр энэрэл

ТОЙМ *

1. Ехова үйлчлэгчдээсээ юу хүсдэг вэ?

 ҮНЭНЧ хайр Еховад маш эрхэм (Хос. 6:6). Тэрбээр энэ чанарыг эрхэмлээсэй гэж үйлчлэгчдээсээ бас хүсдэг. Ехова зөнч Микагаар «энэрлийг хайрла» гэж хэлүүлсэн. Энэ нь үнэнчээр хайрлах тухай хэлсэн хэрэг байлаа (Мика 6:8). Эхлээд, үнэнч хайр гэж юу болохыг мэдэж авцгаая.

2. Үнэнчээр хайрлах гэж яахыг хэлдэг вэ?

2 «Ариун Судрын Шинэ ертөнц орчуулга»-д «үнэнч хайр» гэдэг үг 230 орчим удаа гардаг. Энэ үгийг зарим Библид «хайр энэрэл» гэж хөрвүүлсэн байдаг. Тэгэхээр энэ болон дараагийн өгүүлэлд дурдсан Библийн зүйлүүдэд «хайр энэрэл» гэж гарч байгаа нь «үнэнч хайрыг» хэлж байгаа юм. Тэгвэл үнэнчээр хайрлах гэж яахыг хэлдэг вэ? Хэн нэгнийг эцсийг нь хүртэл, хувиршгүй сэтгэлээр хайрлахыг хэлдэг. Энэ үгээр голдуу хүмүүсийг хайрладаг Бурхны хайрыг илэрхийлдэг боловч хүмүүс нэг нэгнээ хувиршгүй сэтгэлээр хайрлахыг ч хэлдэг. Үнэнчээр хайрлах хамгийн агуу жишээг Ехова үзүүлдэг. Энэ өгүүллээр, Ехова үйлчлэгчдээ хэрхэн үнэнчээр хайрладгийг авч үзнэ. Дараагийн өгүүллээр, Бурхнаа дуурайн бид ч нэг нэгнээ хэрхэн үнэнчээр хайрлахыг үзье.

ЕХОВА «ЭНЭРЭЛ ХАЙРААР БЯЛХАМ»

3. Ехова Мосед өөрийнхөө тухай юу гэж хэлсэн бэ?

3 Израйлчуудыг Египетээс гараад удаагүй байхад Ехова Мосед нэр, зан чанараа хэлж өөрийгөө илчилсэн. Тэрбээр: «[Ехова, Ехова] Бурхан өрөвч, нигүүлсэнгүй, уурлахдаа удаан ба энэрэл хайр, үнэнээр бялхам билээ. Тэр энэрэл хайрыг мянган үеийн турш хадгалж, гэмт хэрэг, гэм буруу, нүглийг уучилдаг» гэсэн (Ег. 34:6, 7). Ехова энэ үгээрээ үнэнч хайрынхаа талаар илүү тодорхой ойлгуулжээ.

4, 5. а) Еховагийн үнэнч хайр ямар вэ? б) Ямар асуултуудыг үзэх вэ?

4 Ехова үнэнчээр хайрладаг төдийгүй, тэр хайр нь бялхам гэдгийг тодруулжээ. Энэ санаа Библид өөр олон газар гардаг (Тоол. 14:18; Нех. 9:17; Дуу. 86:15; 103:8; Иоел 2:13; Иона 4:2). Гэхдээ хүнд бус зөвхөн Еховад хамааруулж бичсэнийг та анзаарав уу? Ехова үнэнч хайраа ийнхүү онцолж эрхэмд үздэгээ харуулжээ. Давид хааны сэтгэл хөдөлж «ЭЗЭН, Таны энэрэл тэнгэрт бий! ... Бурхан аа! Таны хайр энэрэл хичнээн үнэтэй вэ! Хүмүүн Таны жигүүрийн сүүдэр дор хоргоддог» гэж хэлсэн нь гайхмаар юм биш (Дуу. 36:5, 7). Та Давидын адилаар үнэнчээр хайрладаг Бурханд талархдаг уу?

5 Үнэнч хайрын тухай илүү сайн ойлгохын тулд дараах хоёр асуултыг авч үзье. Ехова хэнийг үнэнчээр хайрладаг вэ? Үнэнчээр хайрлуулдаг хүмүүс нь ямар ач тус хүртдэг вэ?

ЕХОВА ХЭНИЙГ ҮНЭНЧЭЭР ХАЙРЛАДАГ ВЭ?

6. Ехова хэнийг үнэнчээр хайрладаг вэ?

6 Ехова хэнийг үнэнчээр хайрладаг вэ? Библид бичсэнээр хүн «газар хөрс», «дарс ба тос», «журамт байдал», «мэдлэг», «мэргэн ухаан» гээд олон юмыг хайрлаж, олон юманд дурлаж болдог (Ш.дэд 26:10; Сур. 12:1; 21:17; 29:3). Харин үнэнч хайраар эд юмыг биш, зөвхөн хүнийг хайрладаг. Гэхдээ Ехова хүн бүрийг биш, өөртэй нь дотно хүнийг л үнэнчээр хайрладаг. Өөрөөр хэлбэл, анд нөхдөдөө үнэнч байж, хувиршгүй сэтгэлээр хайрлаж, сайхан найдвар өгдөг.

Ехова бүх хүнд, тэр байтугай өөрийг нь шүтдэггүй хүнд ч сайн ханддаг (7-р догол мөрийг үзээрэй) *

7. Ехова бүх хүнийг хайрладгаа хэрхэн баталсан бэ?

7 Ехова бүх хүнийг хайрладаг. Есүс Никодемд «Бурхан хүн төрөлхтнийг үнэхээр их хайрласандаа цорын ганц Хүүгээ өгсөн. Энэ нь Хүүд итгэдэг хүн бүрийг бүү мөхөөсэй, харин мөнх амьдраасай гэснийх юм» гэжээ (Ёох. 3:1, 16; Мат. 5:44, 45).

Давид хаан, зөнч Даниелын хэлсэн үгнээс үзэхэд Ехова өөрийг нь мэддэг, хайрладаг, эмээдэг, тушаалыг нь сахидаг хүмүүсийг үнэнчээр хайрладаг (8, 9-р догол мөрийг үзээрэй)

8, 9. а) Ехова яагаад үйлчлэгчдээ үнэнчээр хайрладаг вэ? б) Одоо юу үзэх вэ?

8 Дээр дурдсанчлан Ехова зөвхөн өөртэй нь дотно хүмүүсийг буюу үйлчлэгчдээ л үнэнчээр хайрладаг. Үүнийг Давид хаан болон зөнч Даниелын хэлсэн үг баталдаг. Давид хаан: «Таныг таньж мэдэгчдэд Өөрийн энэрэл хайрыг үргэлжлүүлэн ... хүртээгээч!», «ЭЗЭНий хайр энэрэл Түүнээс эмээгчдийн дээр мөнхөөс мөнхөд ... хүрдэг» гэсэн. Даниел: «Ээ халаг, Эзэн минь, ... Таныг хайрлаж, Таны тушаалуудыг сахигчдад Та ... хайр энэрлээ өгдөг» гэж бичсэн (Дуу. 36:10; 103:17; Дан. 9:4). Агуу хүчээр удирдуулан бичсэн эдгээр үгнээс үзэхэд үйлчлэгчид нь өөрийг нь мэддэг, хайрладаг, эмээдэг, тушаалыг нь сахидаг, өөрөөр хэлбэл, таалалд нь нийцүүлэн шүтдэг учраас Ехова тэднийг үнэнчээр хайрладаг.

9 Ехова биднийг өөрт нь үйлчилдэг болохоос өмнө бүх хүнийг хайрладаг тэр л хайраараа хайрладаг байсан (Дуу. 104:14). Харин одоо үйлчлэгч нь болсон учраас бас үнэнчээр хайрладаг. Тэрбээр үйлчлэгчдэдээ «Миний энэрэл хайр чамаас салахгүй» гэж амласан (Ис. 54:10). Давид энэ үгийн үнэнийг биеэрээ амсаад «ЭЗЭН Өөрийн төлөө бурханлаг хүмүүсийг тусгаарласан» гэж бичжээ (Дуу. 4:3). Тэгвэл үнэнчээр хайрлуулдаг бид яах ёстой вэ? Дуулалч: «Хэн мэргэн бэ? Тэр нь эдгээр зүйлсийг анхаарч, ЭЗЭНий хайр энэрлийг тунгааг» гэж дуулжээ (Дуу. 107:43). Энэ зөвлөгөөг хэрэгжүүлж, үнэнчээр хайрлуулдаг бид ямар гурван ач тус хүртдэгийг одоо бодъё.

ЕХОВА ҮНЭНЧЭЭР ХАЙРЛАДАГ НЬ БИДЭНД ЯМАР АЧ ТУСТАЙ ВЭ?

Ехова үйлчлэгчдэдээ илүү сайн ханддаг (10–16-р догол мөрийг үзээрэй) *

10. Ехова үйлчлэгчдээ мөнхөд үнэнчээр хайрладгийг мэдэх нь бидэнд ямар ач тустай вэ? (Дуулал 31:7).

10 Бурхан үйлчлэгчдээ үүрд мөнхөд үнэнчээр хайрладаг. Энэ тухай «Дуулал» номын 136-р бүлэгт 26 удаа онцолдог. Энэ дуулал «ЭЗЭНд талархагтун. Учир нь Тэр сайн, Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх» гэж эхэлдэг (Дуу. 136:1). Үүнээс цааш «Түүний хайр энэрэл мөнхийнх» гэдгийг эшлэл бүрд бичсэн байдаг. Энэ дууллыг уншихлаар Ехова үнэнч хайраа олон янзын аргаар, тасралтгүй илэрхийлдгийг мэдээд өөрийн эрхгүй сэтгэл хөдөлдөг. «Түүний хайр энэрэл мөнхийх» гэдэг энэ үг ард түмнээ гэсэн Бурхны хайр хөрөхгүйг баталдаг. Еховагийн сэтгэл тийм ч амархан хувирахгүй гэж бодохлоор сайхан байгаа биз? Ехова хайртай хүнтэйгээ үргэлж хамт байдаг. Ялангуяа зовох цагт нь орхино гэж үгүй. Бидэнд ямар ач тустай вэ? Ехова үйлчлэгчдээ орхихгүйг бид мэдэхлээрээ баяр баясгалантай, хүч тэнхээтэй болдог. Улмаар зовлонгоо давж, Бурхандаа үйлчилсээр байна (Дуулал 31:7-г уншина).

11. Дуулал 86:5-д бичсэнээр Ехова яагаад уучилдаг вэ?

11 Бурхан үнэнч хайрандаа хөтлөгдөн уучилдаг. Хэрэв хүн нүгэл үйлдсэндээ гэмшээд засарвал Ехова үнэнч хайрандаа хөтлөгдөн уучилдаг. Дуулалч Давид Еховагийн тухай «Тэр бидний үйлдсэн нүглийн дагуу бидэнд хандаагүй, бидний гэм буруугийн дагуу бидэнд хариу өгөөгүй» гэж бичжээ (Дуу. 103:8–11). Давид мөс чанар өвдөх ямар хэцүү болохыг өөрийн биеэр үзсэн. Мөн Ехова уучлахад бэлэн гэдгийг мэдэрчээ. Ехова яагаад уучилдаг юм бол? Хариу нь Дуулал 86:5 бий (уншина). Давидын хэлснээр, Ехова өршөөл эрсэн бүх хүнийг үнэнчээр хайрладаг учраас уучилдаг.

12, 13. Урьд өмнө нь гаргасан алдаанаасаа болж шаналдаг бол юуг ойлгох нь чухал вэ?

12 Нүгэл үйлдээд мөс чанар өвдөх нь сайн хэрэг юм. Ингэж байж л гэмшиж, алдаагаа засна. Харин зарим Гэрч урьд өмнө нь гаргасан алдаанаасаа болоод зовж шаналаад л яваад байдаг. Хэчнээн гэмшсэн ч Ехова өөрсдийг нь хэзээ ч уучлахгүй гэж боддог. Та бас тэгж боддог бол Ехова үйлчлэгчдээ үнэн голоосоо үнэнчээр хайрладгийг ойлгох нь чухал.

13 Бидэнд ямар ач тустай вэ? Бид төгс бус ч, өөрийгөө буруутгахгүйгээр Еховад баяр хөөртэй үйлчилж чаддаг. Яагаад гэвэл «Бурхан Хүү Есүсийнхээ цусанд үндэслэн бүх нүглийг маань уучилдаг» (1 Ёох. 1:7). Алдаа гаргаснаасаа болоод сэтгэлээр унасан үедээ Ехова гэмшсэн хүнийг дуртайяа уучилдгийг санаарай. Давид хаан үнэнч хайрыг ууч сэтгэлтэй холбож бичсэнийг анхаараарай. Тэрбээр: «Тэнгэр газрын дээгүүр өндөрт байдаг шиг Түүнээс эмээгчдэд Түүний хайр энэрэл агуу их юм. Өрнө дорноос хол байдаг шиг Тэр бидний алдаа зөрчлийг биднээс тийн холдуулсан» гэсэн (Дуу. 103:11, 12). Тийм ээ, Ехова уучлах, бүр «өгөөмрөөр уучлах» дуртай (Ис. 55:7).

14. Ехова үнэнч хайрандаа хөтлөгдөн биднийг хамгаалдгийг Давид хэрхэн тайлбарласан бэ?

14 Бурхан үнэнч хайрандаа хөтлөгдөн, өөртэй нь тогтоосон харьцааг сэвтүүлэх аливаа аюулаас биднийг хамгаалдаг. Давид Еховад хандан «Та бол миний хоргодох газар, Та намайг зовлон бэрхшээлээс хамгаалдаг. Та намайг авралын дуугаар хүрээлүүлдэг. ... ЭЗЭНд итгэдэг хүнийг хайр энэрэл хүрээлэх болно» гэж залбирчээ (Дуу. 32:7, 10). Эртний хотуудыг хүрээлдэг хана хэрэм нь оршин суугчдыг нь дайснаас хамгаалдаг байсан. Давид Еховагийн үнэнч хайрыг тэрхүү хана хэрэмтэй зүйрлэсэн юм. Ехова үнэнч хайрандаа хөтлөгдөн, өөртэй нь тогтоосон харьцааг сэвтүүлэх аливаа аюулаас биднийг хамгаалдаг гэсэн үг. Үүгээр зогсохгүй Ехова үнэнч хайрандаа хөтлөгдөн биднийг өөр лүүгээ татдаг (Иер. 31:3).

15. Библид Еховагийн үнэнч хайрыг цайз, хоргодох газартай холбон бичсэний учир юу вэ?

15 Давид Еховагийн хамгаалалтыг өөр бас нэг юмтай зүйрлэсэн. Тэрбээр: «Бурхан бол миний бат цайз, надад хайр энэрэл үзүүлдэг Бурхан билээ» гэж бичсэн. Мөн «Тэр бол миний хайр энэрэл ба миний цайз, миний бэхлэлт ба миний аврагч, миний бамбай ба миний хоргоддог Нэгэн» хэмээн бичжээ (Дуу. 59:17; 144:2). Давид Еховагийн үнэнч хайрыг цайз, хоргодох газартай холбон бичсэний учир юу вэ? Ехова үйлчлэгчдээ хаана амьдардгаас нь үл хамааран, цайз мэт хамгаалж, өөртэй нь тогтоосон нандин харьцааг батжуулахад нь тустай бүхнээр хангадаг. Үүнийг «Дуулал» номын 91-р бүлэг баталдаг. Дуулалч: «Би ЭЗЭНд хандан “Миний хоргодох газар, миний бат цайз ...” гэнэ» хэмээсэн (Дуу. 91:1–3, 9, 14). Мосе ч төстэй юм хэлсэн (Дуу. 90:1). Бас нас барахаасаа өмнө «Мөнхийн Бурхан бол орших газар [«хоргодох газар», ШЕ]. Түүний мөнхийн мутар доор чинь байна» гэж хэлсэн (Д.хууль 33:27). «Түүний мөнхийн мутар доор чинь байна» гэснээс нь Еховагийн тухай юу мэдэж болох вэ?

16. Бид юунд бат итгэдэг вэ? (Дуулал 136:23).

16 Ехова биднийг хамгаална гэдэгт итгэж найддаг бол айх аюулгүй, амар тайван байна. Гэхдээ заримдаа сэтгэлээр унаад сэргэж чадахгүй үе байдаг. Тийм үед Ехова бидэнд хэрхэн тусалдаг вэ? (Дуулал 136:23-ыг уншина). Ехова мутраа бидний доор тавиад зөөлөн өндийлгөж, сэргэхэд маань тусалдаг (Дуу. 28:9; 94:18). Бидэнд ямар ач тустай вэ? Бид Еховад найддаг учир 1) хаана ч амьдардаг байсан Ехова үргэлж хамгаална гэдэгт, 2) хайр халамжтай тэнгэрийн эцэг маань бидэнд чин сэтгэлээсээ санаа тавина гэдэгт бат итгэдэг.

БУРХНЫ ҮНЭНЧ ХАЙР ДУУСАХГҮЙ

17. Юунд итгэлтэй байж болох вэ? (Дуулал 33:18–22).

17 Сорилт тулгарсан үед өөрт нь үнэнч байхад Ехова өөрөө тусалдгийг бид үзлээ (2 Кор. 4:7–9). Зөнч Иеремиа: «ЭЗЭНий хайр энэрэл үнэндээ хэзээ ч дуусахгүй. Учир нь Түүний өршөөл хэзээ ч унахгүй» гэжээ (Гаш. 3:22). Ехова биднийг үнэнчээр хайрласаар байна гэдэгт итгэлтэй байж болно. Яагаад гэвэл Библид «ЭЗЭНий мэлмий Өөрөөс нь эмээгчдийг, Түүний хайр энэрэлд найдагчдыг хардаг» гэж бий (Дуулал 33:18–22-ыг уншина).

18, 19. а) Бид юуг санаж явах учиртай вэ? б) Дараагийн өгүүллээр юу үзэх вэ?

18 Үйлчлэгч нь болохоос өмнө Ехова хүн төрөлхтнийг хайрладаг тэр л хайраараа биднийг хайрладаг байсан. Харин одоо үйлчлэгчид нь болсон учраас бас үнэнчээр хайрладаг. Бид үүнийг санаж явах учиртай. Ехова үнэнч хайрандаа хөтлөгдөн биднийг цайз мэт хамгаалдаг. Үргэлж ойр байдаг, биднийг өөртэй нь үүрд мөнхөд найз байгаасай гэж хүсдэг. Бас амласнаа биелүүлнэ (Дуу. 46:1, 2, 7). Тиймээс ямар ч сорилт тулгарсан үнэнч байхад маань туслахын тулд Ехова бидэнд хүч өгнө.

19 Ехова үйлчлэгчдээ хэрхэн үнэнчээр хайрладгийг бид үзлээ. Тэрбээр нэг нэгнээ үнэнчээр хайрлаасай гэж биднээс хүсдэг. Дараагийн өгүүллээр нэг нэгнээ хэрхэн үнэнчээр хайрлахыг авч үзье.

ДУУ 26 Бурхантай хамт алхагтун!

^ Үнэнч хайр гэж юу вэ? Ехова хэнийг үнэнчээр хайрладаг вэ? Үнэнчээр хайрлуулдаг хүмүүс нь ямар ач тус хүртдэг вэ? Энэ болон дараагийн өгүүллээр уг агуу чанарын талаар ярилцаж, дээрх асуултын хариуг мэдэж авцгаая.

^ ЗУРГИЙН ТАЙЛБАР: Ехова үйлчлэгчдээ ч, бусад хүнийг ч бүгдийг нь хайрладгийн гурван жишээг харуулжээ. Хамгийн агуу нь Хүүгээ золиос болгон өгсөн явдал юм.

^ ЗУРГИЙН ТАЙЛБАР: Өөрт нь үйлчилдэг, золиосонд итгэдэг хүмүүст Ехова бүр ч илүү сайн ханддаг. Тэднийг хүн төрөлхтнийг хайрладаг тэр л хайраараа хайрлаад зогсохгүй, бүр үнэнчээр хайрладаг. Гурван жишээг нэмж харуулжээ.