Таны мэдлэгт
Ионагаас хойших Ниневе яасан бэ?
МЭӨ VII зуун гэхэд Ассири дэлхийн хамгийн хүчирхэг эзэнт гүрэн болсон байлаа. «Баруун зүгт Кипрээс зүүн зүгт Иран хүртэлх, мөн нэг хэсэг Египетийг ч хүртэл хамардаг өргөн уудам газар нутагтай байсан» гэж Британийн музейн вэб сайтад бичжээ. Нийслэл Ниневе нь дэлхийн хамгийн том хот байлаа. Уг хот нүд хужирлам барилга байгууламж, үзэсгэлэнт цэцэрлэгт хүрээлэн, тансаг орд харш, том том номын сангаараа алдартай байв. Эртний Ниневегийн ханан дээрх бичээсийг үзвэл Ашурбанипал хаан Ассирийн бусад хааны адилаар өөрийгөө «Дэлхийн хаан» хэмээн нэрийддэг байжээ. Тэр үед Ассири болон нийслэл Ниневе нь устгагдахааргүй мэт харагдаж байлаа.
Ассири хөгжлийн оргилд хүрэхэд зөнч Зефаниа: «[Ехова] Ассирийг устгаж, Ниневег эзгүйрүүлэн, цөл мэт хатаана» гэж зөгнөсөн. Үүнээс гадна зөнч Нахум: «Мөнгийг олзол, алтыг олзол. ... Тэр хоосорсон байна! Тийм ээ, тэр эзгүйрэн сүйтгэгджээ. ... Чамайг харах хүн бүхэн чамаас зайлан, “Ниневе сүйтгэгдсэн!” гэж хэлнэ» хэмээн зөгнөсөн (Зеф. 2:13; Нах. 2:9, 10; 3:7). Үүнийг сонссон хүмүүс «Ийм юм болно гэж үү? Хүчирхэг Ассири устгагдах юм гэж үү?» хэмээн бодсон биз ээ. Тийм ээ, үнэхээр үнэмшмээргүй юм сонсогдож байлаа.
Гэсэн ч энэ зөгнөл яг таг биелсэн. МЭӨ VII зууны сүүлд Вавилон Медегийн хамтарсан арми Ассирийг эзлэн авав. Ниневе сүйрч, хүмүүс уг хотыг ор тас мартсан. «Ниневе хот газрын хөрснөөс арчигдсан учраас дундад зуунд хүмүүс Библиэс л энэ хотын талаар мэдэж авдаг байлаа» гэж Нью-Йоркийн Метрополитан Урлагийн Музейн нэг хэвлэлд бичжээ. Библийн Археологийн Холбооны онлайн архивт «1800-аад оны эхэн үед агуу их Ассирийн нийслэл хот үнэхээр байсан эсэхийг хэн ч мэддэггүй байв» гэж бий. 1845 онд археологич Остен Хенри Лэяард Ниневе хот байсан газарт малтлага судалгаа хийжээ. Олдсон балгас нь Ниневе хэр агуу хот байсныг баталдаг.
Ниневе хотын талаарх зөгнөлүүд яг таг биелсэн учраас өнөөгийн засгийн газрууд ч устгагдана гэсэн Библийн зөгнөл биелнэ гэдэгт бид улам бат итгэдэг (Дан. 2:44; Илч. 19:15, 19–21).