Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 45

Нэг нэгнээ үнэнчээр хайрласаар байя

Нэг нэгнээ үнэнчээр хайрласаар байя

«Хүн бүр өөрийн ах дүүст энэрэл [«үнэнч хайрын», ШЕ] ба өрөвч сэтгэлээр хандагтун» (ЗЕХ. 7:9).

ДУУ 50 Хайрын Бурхныг дууриая

ТОЙМ *

1, 2. Яагаад бие биеэ үнэнчээр хайрлах ёстой вэ?

 ЯАГААД бие биеэ үнэнчээр хайрлах ёстой вэ? Хариу нь Библийн дараах зүйлүүдэд бий. «Үнэн ба энэрэл чамайг бүү орхиг. ... Тийнхүү чи Бурханы болоод хүмүүсийн нүдний өмнө таалал хийгээд нэр төрийг олно», «Энэрэнгүй хүн сэтгэлээ тэтгэдэг», «Зөв шударга ба үнэнийг хайдаг хүн нь ам[ийг] ... олдог» (Сур. 3:3, 4; 11:17; 21:21). *

2 Эдгээр зүйлд үнэнчээр хайрлах ёстойн гурван шалтгааныг бичжээ. Бусдыг үнэнчээр хайрладаг хүн 1) Еховагийн сайшаалыг хүртдэг, 2) бусадтай сайхан нөхөрлөх зэргээр өөрөө ач тус хүртдэг, 3) ирээдүйд мөнх амиас авхуулаад олон ивээл хүртэнэ. Иймээс Еховагийн «Хүн бүр өөрийн ах дүүст энэрэл [«үнэнч хайрын», ШЕ] ба өрөвч сэтгэлээр хандагтун» гэсэн үгийг дагах нь чухал байх нь ээ (Зех. 7:9).

3. Энэ өгүүллээс ямар асуултуудын хариуг мэдэж авах вэ?

3 Дараах дөрвөн асуултын хариуг энэ өгүүллээс мэдэж авна. Бид хэнийг үнэнчээр хайрлах ёстой вэ? «Рут» номоос юу сурч болох вэ? Бид бусдыг хэрхэн үнэнчээр хайрлах вэ? Бусдыг үнэнчээр хайрлах нь ямар үр дүнтэй вэ?

ХЭНИЙГ ҮНЭНЧЭЭР ХАЙРЛАХ ЁСТОЙ ВЭ?

4. Еховаг дуурайж бид хэнийг үнэнчээр хайрлах учиртай вэ? (Марк 10:29, 30).

4 Өмнөх өгүүллээр, Ехова өөрийг нь хайрладаг үйлчлэгчдээ л үнэнчээр хайрладгийг бид үзсэн (Дан. 9:4). Бид «хайрт хүүхдүүдийнх нь хувьд ... Бурхныг дуурайж явахыг» хүсдэг (Эф. 5:1). Тиймээс итгэл нэгт ах дүүгээ үнэнчээр хайрлах нь бидний хувьд их чухал юм (Марк 10:29, 30-ийг уншина).

5, 6. Олон жил үнэнчээр ажилласан хүнийг компанидаа хайртай гэж үзэх нь зөв үү? Тайлбарлана уу.

5 Үнэнчээр хайрлана гэж яахыг хэлдгийг хэдийчинээ сайн ойлгоно, төдийчинээ бусдыг үнэнчээр хайрлана. Үнэнчээр хайрлахыг хүмүүсийн сайн мэддэг үнэнч байхтай харьцуулж авч үзвэл илүү сайн ойлгоно. Одоо нэг жишээ үзье.

6 Нэг компанид олон жил үнэнчээр ажилласан хүн байдаг. Гэхдээ удирдлагуудынхаа нэгтэй нь ч уулзаагүй байж магадгүй. Мөн гаргасан шийдвэр болгонтой нь тэр бүр санал нийлдэггүй байж болох юм. Тэр хүн компанидаа хайртай биш ч цалин авдаг учраас ажилладаг. Өндөр цалинтай ажлын санал ирэхгүй л бол тэтгэвэрт гартлаа тэндээ ажиллах биз ээ.

7, 8. а) Хүн яагаад үнэнчээр хайрладаг вэ? б) «Рут» номыг яагаад судлах шаардлагатай вэ?

7 Тэгэхээр үнэнч байх, үнэнчээр хайрлах хоёрын гол ялгаа нь хандлагатай нь холбоотой. Библи бичигдэж байх үеийн Бурхны үйлчлэгчид нэг нэгнээ үнэнчээр хайрладаг байсан. Тэгэх албатай учраас биш, өөрсдөө хүсээд хайрладаг байсан юм. Давид яасан билээ? Эрхэм анд Ионатаныгаа чин сэтгэлээсээ хайрладаг байсан учир эцэг Саул нь өөрийг нь алахыг завдсан ч найзыгаа үнэнчээр хайрласаар байсан. Ионатаныг үнэнчээр хайрладаг байсан шигээ хүү Мефибошетыг нь ч олон жилийн дараа үнэнчээр хайрласаар байсан (1 Сам. 20:9, 14, 15; 2 Сам. 4:4; 8:15; 9:1, 6, 7).

8 «Рут» номоос үнэнч хайрын тухай ихийг мэдэж авна. Энэ номд гардаг баатруудаас юу сурах вэ? Сурснаа хэрхэн хэрэгжүүлэх вэ? *

«РУТ» НОМООС ЮУ СУРАХ ВЭ?

9. Наоми яагаад Еховаг зовлон учруулж байна гэж бодсон бэ?

9 «Рут» номд Наоми болон бэр Рут, Наомигийн нөхрийн хамаатан, Бурхнаас эмээдэг Боаз гэдэг хүний тухай гардаг. Израйлд өлсгөлөн болсон учраас Наоми нөхөр, хоёр хүүтэйгээ Моабын нутагт нүүж очдог. Тэнд нөхөр нь нас барав. Дараа нь хоёр хүү нь гэрлэдэг ч бас л нас баржээ (Рут 1:3–5; 2:1). Ар араасаа дараалсан зовлон амсаад Наоми асар их уй гашууд автав. Маш их шаналснаасаа болоод Еховаг зовлон учруулж байна гэж боджээ. Тэгээд «ЭЗЭНий мутар миний эсрэг байсан», «Төгс хүчит Нэгэн надад хэрцгий хандсан», «ЭЗЭН миний эсрэг гэрчилж, Төгс хүчит Нэгэн намайг зовоосон» гэж хэлжээ (Рут 1:13, 20, 21).

10. Ехова Наомигийн үгэнд гомдсон уу?

10 Наомигийн үгэнд Ехова гомдсон болов уу? Үгүй. Шаналсан үйлчлэгчээ орхилгүй, харин ч сэтгэлийг нь ойлгосон. «Хавчлага дарамт нь мэргэдийг солиоруулдаг» гэдгийг Ехова мэддэг (Ном. 7:7). Өөрийг нь орхиогүй гэдгээ Наомид ойлгуулахын тулд Ехова яасан бэ? (1 Сам. 2:8). Наомиг үнэнчээр хайрладаг Рутаар туслуулжээ. Рут хадам ээжийгээ тайвшруулж, Ехова өөрт нь одоо ч хайртайг мэдрүүлэхийн тулд дуртайяа, сайхан сэтгэлээр тусалсан. Бид Рутаас юунд суралцах хэрэгтэй вэ?

11. Сайхан сэтгэлтэй ах дүү маань зовж яваа нэгэндээ яагаад тусалдаг вэ?

11 Бусдыг үнэнчээр хайрладаг хүн зовж яваа нэгэндээ тусалдаг. Хүнд хэцүү үед нь Рут Наомитай хамт байсан шиг, сайхан сэтгэлтэй ах дүү маань сэтгэлээр унасан, зовж яваа итгэл нэгтнүүдтэйгээ хамт байдаг. Тэд итгэл нэгтнүүддээ хайртай учраас туслахын тулд юу ч хийхэд бэлэн байдаг (Сур. 12:25; 24:10). Паул ч «Гутарсан хүмүүсийг тайвшруулж, сул дорой хүмүүст тусалж, бүх хүнд тэвчээртэй хандаарай» гэж захисан (1 Тес. 5:14).

Сэтгэлээр унасан итгэл нэгтнийхээ яриаг сонсоорой (12-р догол мөрийг үзээрэй)

12. Сэтгэлээр унсан итгэл нэгтэндээ туслах хамгийн сайн арга юу вэ?

12 Сэтгэлээр унасан итгэл нэгтэндээ туслах хамгийн сайн арга бол яриаг нь сонсох, хайртайгаа мэдрүүлэх явдал юм. Эрхэм үйлчлэгчдэд нь тусалж байгаа танд Ехова талархах нь гарцаагүй (Дуу. 41:1). Сургаалт үгс 19:17-д «Ядуу хүнд харамгүйгээр өгөгч хүн ЭЗЭНд зээлүүлж байгаа хэрэг. Тэр хүний сайн үйлийнх нь төлөө ЭЗЭН буцааж төлнө» гэж байдаг.

Орпаг Моаб руу буцахад Рут хадам ээж Наомигаа орхиогүй. Рут Наомид «Таны явах газар уруу би явна» гэж хэлдэг (13-р догол мөрийг үзээрэй)

13. Рут Орпа хоёрын шийдвэр юугаараа ялгаатай вэ? Рут Наомиг үнэнчээр хайрладгаа хэрхэн баталсан бэ? (Сэтгүүлийн нүүрэн дэх зургийг үзээрэй).

13 Нөхөр, хоёр хүү нь нас барсны дараа Наомид юу тохиолдсоныг мэдвэл үнэнчээр хайрлана гэж яахыг хэлдгийг илүү сайн ойлгоно. «ЭЗЭН Өөрийн хүмүүс дээр ирж, хоол хүнс өгч буйг» Наоми дуулаад нутаг буцахаар шийддэг (Рут 1:6). Хоёр бэр нь хамт явахаар болов. Гэтэл замд явах зуураа Наоми тэднийг гурван ч удаа Моаб руу буц гэж ятгадаг. Тэгэхэд нь тэр хоёр яасан бэ? «Орпа хадам эхийгээ үнсэж, харин Рут түүнд наалдав» (Рут 1:7–14). Орпа нутаг буцсан нь үгэнд нь орсон хэрэг байлаа. Харин Рут буцаж болох байсан ч илүү сайн шийдвэр гаргасан. Үнэнч хайрандаа хөтлөгдөн Наомитай явахаар шийддэг (Рут 1:16, 17). Рут албатай учраас биш, өөрөө хүсээд ийм шийдвэр гаргасан юм. Наомиг үнэнчээр хайрладгаа ийнхүү баталжээ. Бид Рутаас юу сурах хэрэгтэй вэ?

14. а) Нэг нэгнээ үнэнчээр хайрладаг ах дүү маань яадаг вэ? б) Еврей 13:16-г үзэхэд Бурханд ямар хүн таалагддаг вэ?

14 Үнэнчээр хайрладаг хүн хийх ёстойгоосоо илүүг хийдэг. Олон ах дүү маань Бурхны эртний үйлчлэгчдийн адилаар, танихгүй итгэл нэгтнээ хүртэл үнэнчээр хайрладаг. Жишээ нь хаа нэгтээ байгалийн гамшиг болсныг мэдмэгцээ яаж туслах вэ гэж асуудаг. Итгэл нэгтэн нь эд юмаар гачигдаж явааг мэдвэл хэрэгтэй юмыг нь дуртайяа өгдөг. I зууны македончуудын адилаар тэд хийх ёстойгоосоо илүүг хийдэг. Боломж муутай итгэл нэгтэндээ туслахын тулд чадахаасаа ч «бүр илүүг өгдөг» (2 Кор. 8:3). Нэг нэгнээ үнэнчээр хайрладаг ард түмнээ хараад Ехова хэчнээн их баярладаг бол! (Еврей 13:16-г уншина).

БИД НЭГ НЭГНЭЭ ХЭРХЭН ҮНЭНЧЭЭР ХАЙРЛАХ ВЭ?

15, 16. Наоми болиулах гэхэд Рут яасан бэ?

15 Рут Наоми хоёрын түүхээс хэдэн сургамж авъя.

16 Тууштай байгаарай. Рут Иуда руу хамт явъя гэхэд Наоми анхандаа болиулах гэдэг. Гэхдээ Рут тууштай байсан. Тэгэхэд нь Наоми яасан билээ? «Тэр түүнийг өөртэй нь хамт явахаар эрс шийдсэнийг хараад түүнд дахин юу ч өгүүлсэнгүй» гэж Библид байдаг (Рут 1:15–18).

17. Яадаг бол амархан бууж өгөхгүй вэ?

17 Яаж хэрэгжүүлэх вэ? Зовлон туулж яваа нэгэндээ тусалъя гэвэл тууштай байх шаардлагатай. Таныг тусалъя гэхэд анхандаа нөгөө хүн татгалзаж магадгүй. Гэхдээ та тэр хүнийг үнэнчээр хайрладаг бол амархан бууж өгөхгүй (Гал. 6:2). Яваандаа тусламжийг тань аван сэргэнэ гэдэгт итгэн тууштай байна.

18. Наоми юу гэж хэлсэн болохоор Рут гомдсон байж магадгүй вэ?

18 Битгий хүндээр тусгаж аваарай. Наоми Рут хоёр Бетлехемд ирэв. Наоми хуучин хөршүүдтэйгээ уулзаад «Би дүүрэн гарч явсан боловч, ЭЗЭН намайг хоосон буцааж авчрав» гэж хэлдэг (Рут 1:21). Энэ үгийг сонсоод Рутад ямар санагдсаныг төсөөл дөө. Рут Наомид туслахын тулд чадах бүхнээ хийсэн шүү дээ. Уйлах үед нь хамт уйлж, тайвшруулах хэрэгтэй үед нь тайвшруулж, олон хоног цуг явж ирсэн. Гэтэл энэ бүгдийг үл тоон Наоми: «ЭЗЭН намайг хоосон буцааж авчрав» гэдэг. Энэ үгээрээ, харсаар байтал хажууд нь зогсож байгаа Рутын тус дэмийг үгүйсгэсэн гэлтэй. Рут Наомид гомдмоор санагдсан биз ээ. Гэсэн хэдий ч Наомиг орхиогүй.

19. Яавал гомдохгүй байх вэ?

19 Яаж хэрэгжүүлэх вэ? Эрвийх дэрвийхээрээ тусалж байхад нөгөө хүн гомдмоор үг хэлж магадгүй. Гэхдээ хэлсэн үгийг нь чихнийхээ хажуугаар өнгөрөөгөөрэй. Зовж яваа үед нь орхилгүй, яаж туслахыг Еховагаас асуугаарай (Сур. 17:17).

Ахлагчид Боазыг хэрхэн дуурайх вэ? (20, 21-р догол мөрийг үзээрэй)

20. Рут Наомид яаж цаашид ч туслах сэтгэлийн тэнхээтэй болсон бэ?

20 Хэрэгтэй үед нь урмыг нь сэргээгээрэй. Рут Наомид хань болж ирсэн. Гэхдээ одоо өөрт нь сэтгэлийн дэмжлэг хэрэгтэй болжээ. Ехова Рутын урмыг сэргээх үгийг Боазаар хэлүүлдэг. Боаз Рутад «ЭЗЭН чиний ажлыг шагнах болтугай. Израилийн Бурхан ЭЗЭНээс ирэх шагнал нь дүүрэн байх болтугай! Түүний далавчин дор чи хоргодох газар хайн иржээ» гэдэг. Рут энэ үгийг сонсоод хэчнээн их сэргэсэн бол! Тэгээд «Та намайг тайтгаруулж, шивэгчин надтай үнэхээр элэгсгээр ярьсан» гэжээ (Рут 2:12, 13). Боаз яг хэрэгтэй үед нь урмыг нь сэргээсэн учраас Рут Наомид цаашид ч туслах сэтгэлийн тэнхээтэй болсон.

21. Исаиа 32:1, 2-т бичсэний дагуу ахлагчид яадаг вэ?

21 Яаж хэрэгжүүлэх вэ? Бусдад тусалдаг хүмүүст ч сэтгэлийн дэмжлэг хэрэгтэй. Наомид сайхан сэтгэл гаргаж хэрхэн тусалсныг нь Боаз анзаараад Рутыг магтсан. Үүнтэй адилаар, ахлагчид ч зовж яваа нэгэндээ тусалдаг сайхан сэтгэлтэй итгэл нэгтнээ магтдаг. Цагаа олсон магтаалын үг тэдэнд цаашдаа ч бусдад туслах сэтгэлийн тэнхээ хайрладаг (Исаиа 32:1, 2-ыг уншина).

БУСДЫГ ҮНЭНЧЭЭР ХАЙРЛАХ НЬ ЯМАР ҮР ДҮНТЭЙ ВЭ?

22, 23. Наомигийн үзэл бодол яаж өөрчлөгдсөн бэ? Яагаад? (Дуулал 136:23, 26).

22 Дараа нь Боаз, Рут Наоми хоёрт зөндөө идэх юм өгдөг (Рут 2:14–18). Тэгэхэд нь Наоми яасан бэ? «ЭЗЭН түүнийг ивээх болтугай! Тэрээр амьд хийгээд үхэгсдэд энэрэл үзүүлэхээ зогсдоггүй» гэсэн (Рут 2:20а). Ямар их өөрчлөгдөө вэ! Өмнө нь тэрбээр «ЭЗЭН миний эсрэг гэрчилсэн» гэж уйлж байсан бол харин одоо «ЭЗЭН ... энэрэл үзүүлэхээ зогсдоггүй» гэж хэлэн баярлаж байна шүү дээ. Наоми яагаад ингэж бодох болов?

23 Ехова өөрийг нь ерөөсөө орхиогүйг эцэст нь Наоми ухаарсан. Иуда руу буцах замд нь Ехова Рутаар туслуулдаг (Рут 1:16). «Өвийг золин авах эрхтэй» Боазаар хоол хүнсийг хангалттай өгүүлдэг (Рут 2:19, 20б). * Ингээд Наоми: «Одоо л ойлголоо. Ехова намайг ерөөсөө орхиогүй юм байна! Энэ бүх хугацаанд хамт байсан юм байна шүү дээ» гэж бодсон нь гарцаагүй (Дуулал 136:23, 26-г уншина). Өөрт нь тусалсаар байсан Рут Боаз хоёрт Наоми хэчнээн их талархсан бол оо! Наоми эргээд баяр баясгалантай, Еховад үйлчлэх сэтгэлийн тэнхээтэй болсонд гурвуулаа бөөн баяр болсон биз ээ.

24. Яагаад нэг нэгнээ үнэнчээр хайрласаар байх хэрэгтэй вэ?

24 Бид «Рут» номоос үнэнч хайрын тухай юу мэдэж авав? Бусдыг үнэнчээр хайрладаг хүн зовж яваа итгэл нэгтэндээ тууштай тусалдаг. Мөн тэдэнд туслахын тулд хийх ёстойгоосоо илүүг хийдэг. Бусдыг үнэнчээр хайрладаг ах дүүгээ ахлагчид яг хэрэгтэй үед нь чин сэтгэлээсээ магтаж урамшуулж байх учиртай. Тусламжийг маань авсан хүн Еховад цааш үйлчлэх сэтгэлийн тэнхээтэй болохыг хараад бид асар их баярлана (Үйлс 20:35). Тэгвэл хамгийн гол нь яагаад нэг нэгнээ үнэнчээр хайрласаар байх хэрэгтэй вэ? Яагаад гэвэл бид «энэрэл хайр[аар] ... бялхам» Ехова Бурхнаа дуурайж, түүнд таалагдахыг хүсдэг (Ег. 34:6; Дуу. 33:22).

ДУУ 35 Тэвчээртэй Бурхандаа талархъя

^ Ехова итгэл нэгтнүүдээ үнэнчээр хайрлаасай гэж биднээс хүсдэг. Бурхны эртний үйлчлэгчид нэг нэгнээ хэрхэн үнэнчээр хайрлаж байсныг судалбал бид үнэнчээр хайрлах гэж яахыг хэлдгийг, хэрхэн үнэнчээр хайрлахыг илүү сайн ойлгож авна. Энэ өгүүллийг судалж Рут, Наоми, Боазаас суралцацгаая.

^ Эх бичигт байдаг «үнэнч хайр» гэдэг үгийг эдгээр зүйлд «энэрэл», «үнэн», мөн «үнэнчээр хайрладаг хүн» гэдгийг «энэрэнгүй хүн» гэж тус тус хөрвүүлжээ. Мөн өмнөх өгүүлэлд тайлбарласанчлан, Библийн зүйлүүдэд «энэрэл хайр» гэж гарч байгаа нь «үнэнч хайрыг» хэлж байгаа юм.

^ Энэ өгүүллээс бүрэн дүүрэн ач тус хүртэхийн тулд «Рут» номын 1, 2-р бүлгийг дор дороо уншаарай.

^ Өвийг золин авах эрхийн талаар дэлгэрэнгүй мэдье гэвэл «Итгэлийн жишээ» номын «Онцгой сайн эмэгтэй» гэсэн 5-р бүлгийг үзээрэй.