Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 47

Та хэр бат итгэлтэй байх бол?

Та хэр бат итгэлтэй байх бол?

«Санаа зовох хэрэггүй. ... Итгэ» (ЁОХ. 14:1).

ДУУ 54 Бат итгэлтэй явъя

ТОЙМ *

1. Бид юунд санаа зовж магадгүй вэ?

 ХУУРАМЧ шашин устгагдсаны дараа Магогийн Гог дайрч, Хармагедон болно гэж бодохоор та түгшдэг үү? «Би энэ аймаар үйл явдлуудыг давж чадах уу? Тэр үед үнэнч байж чадах болов уу?» гэж та санаа зовдог байж магадгүй. Хэрэв тийм бол энэ өгүүллийн гол зүйл болсон Есүсийн үг санааг тань амраана. Есүс: «Санаа зовох хэрэггүй. ... Итгэ» гэсэн (Ёох. 14:1). Бат итгэлтэй бол ирээдүйд тулгарах сорилтыг ажрахгүй давна.

2. Итгэлээ хэрхэн батжуулах вэ? Энэ өгүүллээр юу үзэх вэ?

2 Ирээдүйн сорилтыг давъя гэвэл итгэлээ батжуулах хэрэгтэй. Ингэхийн тулд одоо ямар сорилтын үед итгэл багатай байдгаа бодож үзээрэй. Ингэдэг бол юуг анхаарах хэрэгтэйгээ мэдэж авна. Тэгээд сорилтыг давах тоолонд итгэл улам бүр батаждаг. Ингэснээр ирээдүйн сорилтыг давж чадна. Энэ өгүүллээр, Есүсийн шавь нарт тулгарсан, итгэлээ батжуулах шаардлагатай дөрвөн нөхцөлийг авч үзнэ. Мөн бидэнд одоо ямар сорилт тулгарахыг, даваад байвал ирээдүйн сорилтыг давна гэхийн учрыг үзье.

БУРХАН ЗАЙЛШГҮЙ ХЭРЭГЦЭЭГ ХАНГАНА ГЭДЭГ ИТГЭЛ

Эд мөнгөөр гачигдсан ч бат итгэлтэй бол Еховад үйлчлэхийг эн тэргүүнд тавина (3–6-р догол мөрийг үзээрэй)

3. Бид юунд бат итгэх ёстойг Матай 6:30, 33-т бичсэн бэ?

3 Өрхийн тэргүүн хүн эхнэр хүүхдээ орон байр, хоол хүнс, хувцас хунараар хангах гэж зүтгэх нь зүйн хэрэг. Гэхдээ энэ нь өнөөгийн хэцүү цагт тэр бүр амаргүй. Ажлаас халагдах, хэчнээн хичээсэн ч ажил олдохгүй үе бий. Мөн Христийн дагалдагч хүнд тохиромжгүй ажлын саналаас татгалзах шаардлага гардаг. Гэхдээ юу ч болж байсан, Ехова гэр бүлийг маань хэрэгцээтэй юмаар хангана гэдэгт бат итгэх ёстой. Үүнийг Есүс уулан дээр сургаал айлдахдаа заасан (Матай 6:30, 33-ыг уншина). Ехова орхихгүй гэдэгт огт эргэлздэггүй бол Хаант төрийн үйл хэргийг анхаарч чадна. Хэрхэн тусалдгийг нь мэдрэх тусам Еховатай улам дотносно, итгэл батажна.

4, 5. Нэг гэр бүл сорилтыг хэрхэн давсан бэ?

4 Хэрэгцээтэй юмаар гачигдсан, Венесуэлд амьдардаг Мигелийн гэр бүлд Ехова хэрхэн тусалсныг авч үзье. Тэд эзэмшил газартай байсан учраас өөрсдийгөө болгоод л байдаг байлаа. Гэтэл зэвсэглэсэн дээрэмчид газрыг нь булааж, тэднийг хөөн явуулав. Мигель: «Бид жижигхэн тариалангийн талбай түрээсэлсэн. Өглөө бүр энэ өдрийн хэрэгцээг хангаж өгөөч гэж залбирдаг байлаа» гэж ярьсан юм. Энэ гэр бүлийн амьдрал хэцүү ч хайр халамжтай Эцэг өдөр тутмынх нь хэрэгцээг хангана гэдэгт бат итгээд тогтмол дэлгэрүүлж, цуглаандаа явсаар байгаа. Тэд Хаант төрийг амьдралынхаа эн тэргүүнд тавьдаг. Ехова ч хэрэгтэй бүхнээр нь хангадаг.

5 Мигель болон эхнэр Юраи нь энэ хэцүү үед Ехова өөрсдөд нь хэрхэн санаа тавьж байгааг анхаардаг байжээ. Ехова заримдаа итгэл нэгтнүүдээр нь туслуулдаг байв. Тэд хэрэгцээтэй юмаар нь туслах юм уу Мигельд ажил олж өгдөг байлаа. Мөн салбараас тусламжийн бараа явуулж наад захын хэрэгцээг нь хангажээ. Ехова тэднийг ер орхиогүй байна. Иймээс гэр бүлээрээ бат итгэлтэй болжээ. Тэдний том охин Хоселин Ехова яаж тусалсан тухай ярьсан байна. Тэгээд цааш нь «Еховагийн мутрыг тод хараад сэтгэл үнэхээр их хөдөлсөн. Еховаг үргэлж надад тусалдаг найзаа гэж би боддог. Энэ сорилтыг давснаар ирээдүйн сорилтыг давахад бэлэн болсон» гэжээ.

6. Мөнгө төгрөгөөр гачигдсан үедээ итгэлээ яаж батжуулах вэ?

6 Та мөнгө төгрөгөөр гачигдаж байна уу? Тийм бол хэцүү байх нь ойлгомжтой. Гэхдээ ийм үед итгэлээ батжуулаад аваарай. Матай 6:25–34-т байдаг үгийг залбирч байгаад эргэцүүлээрэй. Цаг хүчээ өөрийнх нь төлөө харамгүй зориулдаг хүмүүсийн хэрэгцээг Ехова хангадгийг батлах орчин үеийн жишээнүүдийг судлаарай (1 Кор. 15:58). Тэгвэл тантай адил нөхцөлд байгаа хүмүүст тусалсан шигээ танд ч тусална гэдэгт улам бүр итгэнэ. Ехова юу хэрэгтэйг тань мэддэг, яаж өгөхөө ч мэддэг. Тусалж байгааг нь мэдрэх тусам итгэл тань батажна. Улмаар ирээдүйд тулгарах сорилтыг та давж чадна (Хаб. 3:17, 18).

«ХҮЧТЭЙ САЛХИЙГ» ТЭСЭХ ИТГЭЛ

Бат итгэлтэй бол хүчтэй салхи дэгдсэн ч, өөр зовлон тохиолдсон ч давж чадна (7–11-р догол мөрийг үзээрэй)

7. Матай 8:23–26-г үзэхэд хүчтэй салхи дэгдэхэд шавь нар яасан бэ?

7 Есүс шавь нартайгаа завиар явж байхад хүчтэй салхи дэгдэв. Ийм үед итгэлээ батжуулах хэрэгтэйг Есүс шавь нартаа заасан (Матай 8:23–26-г уншина). Тэдний сууж явсан завь давалгаанд шидэгдэн усанд автаж эхлэхэд Есүс унтаж байв. Айсан шавь нар нь түүнийг сэрээж аврахыг гуйхад Есүс тайвнаар «Бат итгэлгүй хүмүүс ээ, юунд ингэтлээ их айна вэ?» гэдэг. Есүс болон хамт яваа хүмүүсийг нь Ехова аврах чадалтай гэдэгт шавь нар нь итгэх учиртай байв. Энэ явдал бидэнд ямар сургамжтай вэ? Бат итгэлтэй бол «хүчтэй салхи» эсвэл хүчтэй салхитай зүйрлэм зовлонг давж чадна.

8, 9. Анелийн итгэл хэрхэн соригдсон бэ? Анел ямар байсан учраас итгэлийн сорилтыг давсан бэ?

8 Пуэрто Рикод амьдардаг Анел гэдэг ганц бие эмэгтэй сорилтыг даваад итгэл нь батажжээ. 2017 онд болсон Мариа хар салхинд Анелийн гэр сүйдсэн байна. Мөн тэрбээр ажилгүй болжээ. Анел: «Тэр үед сэтгэл түгшиж байлаа. Гэхдээ Еховад шаргуу залбирч түүнд найдаж сурсан. Тийм болохоор сэтгэлээр хэт их унаагүй» гэж ярьсан юм.

9 Анел бас дуулгавартай байсан болохоор зовлонг давсан юм. Тэрбээр: «Би байгууллагын өгсөн зааврыг дагаад тайван байсан. Ехова итгэл нэгтнүүдээр маань туслуулсан. Тэд хэрэгтэй зүйлийг маань өгсөн, урам хайрласан. Ехова гуйснаас маань илүү ихийг надад өгсөн. Итгэл минь бүр их батажлаа» гэж ярьсан юм.

10. Таны амьдралд «хүчтэй салхи» дэгдсэн бол яах хэрэгтэй вэ?

10 Таны амьдралд «хүчтэй салхи» дэгдээд байна уу? Танай нутагт байгалийн гамшиг тохиолдсон байж магадгүй. Эсвэл «хүчтэй салхитай» зүйрлэм өвчин тусаад та сэтгэлээр унаж, яах ч учраа олохгүй байж болох юм. Ийм үед санаа зовох нь ойлгомжтой. Гэхдээ Еховад найдахаа битгий болиорой. Шаргуу залбирч түүнтэй дотносоорой. Мөн өмнө нь Ехова танд яаж тусалж байсныг бодоод итгэлээ батжуулаарай (Дуу. 77:11, 12). Ехова таныг хэзээ ч орхихгүй гэдэгт итгэлтэй байж болно.

11. Байгууллагын зааврыг яагаад дуулгавартай дагах ёстой вэ?

11 Сорилтыг давахын тулд өөр яах хэрэгтэй вэ? Анелийн хэлсэнчлэн дуулгавартай байх хэрэгтэй. Ехова Есүс хоёрын итгэлийг олсон хүмүүст итгээрэй. Заримдаа байгууллагаас гаргасан заавар утгагүй мэт санагдаж болох юм. Гэхдээ Ехова дуулгавартай хүнийг ивээдэг юм шүү. Дуулгавартай байснаараа амиа аварсан хүмүүсийн тухай олон жишээ Библид ч, орчин үеийн Гэрчүүдийн түүхэнд ч бий (Ег. 14:1–4; Ш.дэд 20:17). Тэдний жишээг тунгааж бодоорой. Ингэдэг бол Еховагийн байгууллагаас өгсөн зааврыг одоо ч, ирээдүйд ч итгэл төгс дагана (Евр. 13:17). Удахгүй болох бүр хүчтэй салхинаас айхгүй болно (Сур. 3:25).

ШУДАРГА БУС ЯВДЛЫГ ТЭВЧИХ ИТГЭЛ

Шаргуу залбирдаг бол итгэл батаждаг (12-р догол мөрийг үзээрэй)

12. Лук 18:1–8-ыг үзэхэд бат итгэлтэй хүн яагаад шударга бус явдлыг тэвчдэг вэ?

12 Шударга бус явдлаас болоод шавь нарынх нь итгэл соригдохыг Есүс мэдэж байсан. Тэрбээр шударга бус шүүгчээс хэргийг нь шударгаар шийдэж өгөхийг дахин дахин гуйдаг бэлэвсэн эмэгтэйн тухай ярьсан. Энэ тухай «Лук» номд бий. Цөхрөлтгүй гуйвал хэргээ бүтээнэ гэж тэр эмэгтэй итгэж байсан. Шүүгч ч шударгаар шийдэж өгсөн. Эндээс юу ойлгох хэрэгтэй вэ? Ехова шударга Бурхан учраас «өөрт нь хандан өдөр шөнөгүй хашхирах, сонгосон хүмүүс[ийнхээ] ... төлөө шударга шийдвэр гаргана» (Лук 18:1–8-ыг уншина). Есүс бас «Хүний Хүү ирэх үед ийм итгэлтэй хүн дэлхий дээр байх болов уу?» гэжээ (зүүлт). Шударга бус явдал тохиолдоход бид тэвчээртэй, цөхрөхгүй байвал энэ эмэгтэйнх шиг бат итгэлтэйгээ харуулна. Ингэж итгэдэг бол Ехова эрт орой хэзээ нэгэн цагт заавал тусална гэдэгт ер эргэлзэхгүй. Залбирал маш хүчтэй гэдэгт итгээрэй. Ехова заримдаа залбиралд маань санаанд оромгүй байдлаар хариулдаг.

13. Шударга бус явдлын бай болсон нэг гэр бүл залбирлын ачаар яасан бэ?

13 Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад амьдардаг Веро гэдэг Гэрчийн тухай үзье. Цэргүүд тосгон руу нь дайрсан учраас тэрбээр итгэгч бус нөхөр, 15 настай охинтойгоо дүрвэжээ. Дүрвэж явахдаа зам хаасан цэргүүдтэй тааралдав. Цэргүүд ална гэж тэднийг сүрдүүлэхэд Веро уйлжээ. Харин охин нь Еховагийн нэрийг дахин дахин хэлэн чанга залбирч ээжийгээ тайвшруулах гэв. Охиныг залбирч дуусахад цэргийн дарга: «Чи залбирахыг хэнээс сурсан юм бэ?» гэж асуужээ. «Ээж Матай 6:9–13-т байдаг жишээний дагуу залбирахыг зааж өгсөн юм» гэж хариулахад тэр дарга: «Миний дүү, аав ээжтэйгээ тайван яв даа. Танай Бурхан Ехова та хэдийг хамгаалах болтугай!» гэж ерөөсөн байна.

14. Итгэл ямар үед соригдож мэдэх вэ? Яавал давж чадах вэ?

14 Энэ явдал залбирлын хүчийг дутуу үнэлж болохгүйг харуулдаг. Гэхдээ та тэр дороо юм уу мэдэгдэхүйц хариу авахгүй бол яах вэ? Есүсийн ярьсан эмэгтэйн адилаар залбирсаар байгаарай. Бурхан таныг хэзээ ч орхихгүй, цаг нь болохоор ямар нэг байдлаар хариулна гэдэгт итгээрэй. Агуу хүчийг нь гуйсаар байх хэрэгтэй (Флп. 4:13). Ехова тун удахгүй таныг арвин их ивээх учраас та урьдын зовлон шаналлаа бүгдийг нь мартана гээд бод доо. Еховагийн тусламжтайгаар сорилтыг давах тоолондоо итгэл тань батжиж улмаар ирээдүйд тулгарах сорилтыг давж чадна (1 Петр 1:6, 7).

СААДЫГ ДАВАХ ИТГЭЛ

15. Матай 17:19, 20-д бичсэнээр Есүсийн шавь нар ямар саадтай тулгарсан бэ?

15 Есүс шавь нартаа бат итгэлтэй бол ямар ч саад бэрхшээлийг давж чадна гэж заасан (Матай 17:19, 20-ийг уншина). Шавь нар нь чөтгөрүүдийг хөөдөг байсан ч нэг удаа чадаагүй ажээ. Есүс тэдэнд итгэлээ батжуулах хэрэгтэй, бат итгэлтэй бол уулыг ч нүүлгэж чадна гэж хэлсэн. Уул шиг том саад бидэнд ч тулгарч мэднэ.

Үхэл хагацал үзсэн ч бат итгэлтэй бол Еховад үйлчлээд завгүй байна (16-р догол мөрийг үзээрэй)

16. Бат итгэлтэй Гэйди уй гашуугаа хэрхэн давж байна вэ?

16 Гватемалд амьдардаг Гэйди нөхөр Эдитэйгээ цуглаанаа тараад явж байлаа. Гэтэл харамсалтай нь, нөхөр нь хүнд алуулав. Тэрбээр бат итгэлтэй учраас хагацал зовлонгоо давж байна. Гэйди: «Залбирсны ачаар Еховад ачаагаа даатгаж сэтгэл уужирдаг. Ехова гэр бүл, хурлын итгэл нэгтнүүдээр маань надад санаа тавьдгийг би мэдэрдэг. Еховад үйлчлээд завгүй байхаар зовлонгоо мартдаг. Тийм болохоор маргаашдаа хэт санаа зовохгүй, өнөөдрөөрөө амьдарч чаддаг. Би энэ явдлаас ирээдүйд ямар ч саад сорилт тулгарсан Ехова, Есүс, байгууллагынхаа тусламжтайгаар давж чадахаа ойлгосон» гэж ярьжээ.

17. Уул шиг саад тулгарвал яах хэрэгтэй вэ?

17 Та хайртай хүнээ үхэлд алдаад гашуудаж байна уу? Тэгвэл амилсан хүмүүсийн тухай Библийн түүхийг уншаад нас барсан хүн амилна гэдэгт итгэх итгэлээ батжуулаарай. Дотнын хүн тань хурлаас хасагдаад та шаналж байна уу? Тэгвэл Еховагийн сахилга батын арга хэмжээ үргэлж зөв гэдэгт итгэх итгэлээ батжуулахын тулд судалгаа хийгээрэй. Ямар ч зовлон тохиолдсон итгэлээ батжуулаад аваарай. Еховад сэтгэлээ уудалж байх нь чухал. Мөн зожгоролгүй, итгэл нэгтнүүдтэйгээ ойр дотно байгаарай (Сур. 18:1). Нулимс дусалж байсан ч итгэл батжуулах үйл хэрэгт идэвхтэй оролцоорой (Дуу. 126:5, 6). Тогтмол дэлгэрүүлж, цуглаандаа явж, Библиэ уншаарай. Бас ирээдүйд хүртэх ивээлээ анхаарах нь зүйтэй. Ехова хэрхэн тусалдгийг мэдрэх тусам итгэл тань бүр их батажна.

«БИДНИЙГ ИЛҮҮ БАТ ИТГЭЛТЭЙ БОЛГОЖ ӨГӨӨЧ»

18. Итгэл багатайгаа мэдвэл яах хэрэгтэй вэ?

18 Сорилт тулгарахад итгэл багатайгаа мэдвэл сэтгэлээр унах хэрэггүй. Харин итгэлээ батжуулаад аваарай. Есүсийн элч нарын адилаар «Биднийг илүү бат итгэлтэй болгож өгөөч» гэж гуйгаарай (Лук 17:5). Энэ өгүүллээр ярилцсан хүмүүсийн түүхийг бодоорой. Ехова танд хэрхэн тусалж байсныг Мигель Юраи хоёрын адилаар санаарай. Саад сорилт тулгарахад Верогийн охин болон Анел шиг Еховад шаргуу залбирах хэрэгтэй. Ехова гэр бүл, найзуудаар тусалдгийг Гэйдигийн адилаар ойлгоорой. Одоо сорилт тулгарахад Еховагаас тусламж авдаг бол ирээдүйд ямар ч сорилт тулгарсан, Ехова тусална гэдэгт улам бүр итгэнэ.

19. Есүс юунд эргэлзээгүй вэ? Та юунд итгэлтэй байж болох вэ?

19 Есүс шавь нартаа ямар үед итгэл бага байгааг нь хэлж өгсөн. Гэхдээ шавь нар нь ирээдүйд тулгарах сорилтыг Еховагийн тусламжтайгаар давж чадна гэдэгт эргэлзээгүй (Ёох. 14:1; 16:33). Мөн агуу их гамшгийг давах бат итгэлтэй үй олон хүн байна гэдэгт ч эргэлзээгүй (Илч. 7:9, 14). Итгэлээ батжуулахын тулд одоо чадах бүхнээ хийдэг бол Ехова нигүүлсэж, та агуу их гамшгийг давна (Евр. 10:39).

ДУУ 152 Бидний хүч, бидний найдвар, бидний итгэл

^ Бид хорон муу энэ ертөнц хурдан өнгөрөн одоосой гэж хүсдэг. Гэхдээ төгсгөлийг эсэн мэнд давж чадахаар бат итгэлтэй билүү гэж бас санаа зовдог. Энэ өгүүллээр итгэл батжуулахад тустай жишээг үзээд ямар сургамж авч болохыг ярилцъя.