Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 46

Шинэхэн хосууд аа, Еховад үйлчлэхийг эн тэргүүнд тавиарай

Шинэхэн хосууд аа, Еховад үйлчлэхийг эн тэргүүнд тавиарай

«ЭЗЭН бол миний хүч чадал. ... Зүрх минь Түүнд итгэдэг» (ДУУ. 28:7).

ДУУ 36 Бурхан хамтад нь нийлүүлсэн

ТОЙМ *

1, 2. а) Шинэхэн хосууд яагаад Еховад итгэж найдах ёстой вэ? (Дуулал 37:3, 4). б) Энэ өгүүллээр юу үзэх вэ?

 ТА ХОЁР гэрлэх гэж байгаа юу? Эсвэл саяхан гэрлэсэн үү? Хайртай хүнтэйгээ аз жаргалтай, сайхан амьдарна гээд догдолж байгаа биз ээ. Гэхдээ бэрхшээлээс ангид амьдарна гэж байхгүй. Бас чухал чухал шийдвэр гаргах шаардлагатай болно. Асуудалд хэрхэн хандаж, ямар шийдвэр гаргахаас аз жаргалтай амьдрах эсэх тань шалтгаална. Хэрэв өөртөө бус, Еховад найддаг бол зөв шийдвэр гаргана, гэр бүл тань бат бөх болж, аз жаргалтай амьдарна. Харин өөртөө найдвал бэрхшээл ар араасаа цуварч, амьдрал төвөгтэй, аз жаргалгүй болно (Дуулал 37:3, 4-ийг уншина).

2 Энэ өгүүллийг шинэхэн гэрлэсэн хосуудад зориулсан боловч бүх гэр бүлд тулгардаг бэрхшээлийг хөндөнө. Библид гардаг үнэнч хүмүүсийн жишээг бид үзнэ. Тэдний жишээ бүх хүнд, түүний дотор гэрлэсэн хүмүүст тустай. Бас орчин үеийн хосуудын жишээг ярилцана.

БЭРХШЭЭЛ

Шинэхэн гэрлэсэн хосууд ямар шийдвэр гаргавал Еховад түлхүү үйлчлэх боломжгүй болж мэдэх вэ? (3, 4-р догол мөрийг үзээрэй)

3, 4. Ямар бэрхшээл тулгарч мэдэх вэ?

3 Зарим хүн шинэ хосуудыг хүн шиг сайхан амьдар гэдэг. Жишээ нь эцэг эх, хамаатан садан нь хүүхэд гарга гэж яаруулна. Найзууд, гэрийнхэн нь сайн санасандаа орон байртай болж, сайхан тохижуулаад тав тухтай амьдар гэдэг.

4 Болгоомжтой байж зөв шийдвэр гаргахгүй бол өрөнд орох аюултай. Тэгээд өрөө дарахын тулд олон цаг ажиллах шаардлага гарч мэднэ. Ингэвэл Библи судлах, гэр бүлийн хичээл хийх, дэлгэрүүлэх ажилд оролцох цаг багасна. Ахиухан мөнгө олох, ажлаасаа халагдчихгүйн тулд бүр цуглаанаа таслах хэрэг ч гарч магадгүй. Ингэвэл Еховад илүү их үйлчлэх сайхан боломжоо алдана.

5. Клаус Мариса хоёроос та юу мэдэж авсан бэ?

5 Эд хөрөнгийг чухалчилдаг бол аз жаргалтай амьдардаггүйг олон хүн биеэрээ үзжээ. Жишээ нь Клаус Мариса хоёр гэрлэмэгцээ юугаар ч дутахгүй амьдрахын тулд хоёулаа бүрэн цагаар ажилладаг болов. * Гэвч сэтгэл хангалуун байсангүй. Клаус: «Бид хэрэгцээнээсээ ч илүү эд хөрөнгө, мөнгө төгрөгтэй байлаа. Гэвч Бурханд илүү их үйлчлэх зорилгогүй байсан. Санаа зовох юм ихтэй, стресстэй амьдардаг байв» гэж ярьжээ. Та ч бас эд хөрөнгийг чухалчлаад аз жаргалгүй амьдардаг байж магадгүй. Тэгсэн ч гэсэн өөрчлөгдөх боломжтой. Ингэхэд тань тус болох сайхан жишээ үзүүлсэн хүмүүс бий. Одоо эхлээд, нөхрүүд Иехошафат хаанаас юу сурч болохыг үзье.

ИЕХОШАФАТ ХААНЫ АДИЛААР ЕХОВАД НАЙДААРАЙ

6. Иехошафат хаан сорилт тулгарахад Сургаалт үгс 3:5, 6-д байдаг зөвлөгөөг хэрхэн дагасан бэ?

6 Өрхийн тэргүүн таны ачаа хүнддээд байна уу? Тийм бол Иехошафат хааны жишээ танд тус болно. Тэрбээр бүхэл бүтэн улс орныг авч явах үүрэгтэй байлаа. Энэ үүргээ хэрхэн амжилттай биелүүлсэн бэ? Ард түмнээ хамгаалахын тулд хотуудаа бэхжүүлж, цэргийн хүчээ нэмэгдүүлэн 1 160 000 гаруй цэрэгтэй болсон (Ш.дэд 17:12–19). Хожим түүнд сорилт тулгарчээ. Аммончууд, моабчууд болон Сеирийн уулархаг нутгийн эрчүүд Иехошафаттай тулалдахаар ирсэн. Ингээд гэр бүл, ард түмэнд нь аюул учрав (Ш.дэд 20:1, 2). Иехошафат яасан бол? Сургаалт үгс 3:5, 6 байдаг мэргэн үгтэй зөвлөгөөг дагаж Еховад найдаж тусламж, хүч тэнхээ гуйдаг (уншина). Даруу зантай Иехошафатын уг залбирлыг Шастирын дэд 20:5–12-т тэмдэглэн үлдээсэн байдаг. Эндээс хайр халамжтай тэнгэрийн Эцэгтээ хэр их итгэж найдаж байсан нь харагддаг. Ехова залбиралд нь хэрхэн хариулсан бэ?

7. Ехова Иехошафатын залбиралд хэрхэн хариулсан бэ?

7 Ехова Иахазиел гэдэг леви хүнээр Иехошафатад ийн хэлүүлжээ. «Өөрсдийгөө жагсаан, зогсоож, та нарын төлөөх ЭЗЭНий авралыг харагтун» (Ш.дэд 20:13–17). Ингэж байлдана гэж байх уу? Уг зааврыг хүн өгөөгүй, Ехова өгснийг санаарай. Иехошафат ч Еховад бүрэн дүүрэн найдаж, хэлснийг нь дагасан. Тэрбээр дайчдынхаа тэргүүн эгнээнд зэвсэглэсэн, чадварлаг цэргүүдийг бус, дуучдыг явуулсан. Ехова ч хэлсэндээ хүрсэн. Иехошафатын арми дайснаа дарсан (Ш.дэд 20:18–23).

Шинэхэн хосууд Еховад үйлчлэхийг амьдралынхаа эн тэргүүнд тавихын тулд залбирч, Бурхны Үгийг судлах нь зүйтэй (8, 10-р догол мөрийг үзээрэй)

8. Нөхрүүд Иехошафатыг хэрхэн дуурайх вэ?

8 Нөхрүүд ээ, Иехошафатыг дуурайгаарай. Гэрийнхнээ сайн сайхан байлгах гол үүрэгтэй хүн нь та учраас тэднийгээ хамгаалж, тэжээх гэж нөр их хөдөлмөрлөдөг биз ээ. Тиймдээ ч асуудал тулгарахад өөрөө шийдэж чадна гэж бодогдож магадгүй. Гэхдээ өөртөө найдаж болохгүй шүү! Еховагаас тусламж гуйн ганцаараа болон эхнэртэйгээ залбираарай. Мөн Библи болон байгууллагын ном хэвлэлээс Еховагийн удирдлага зааврыг хайж, олж мэдсэнээ амьдралдаа хэрэгжүүлээрэй. Библийн зарчимд нийцсэн шийдвэр гаргахад хүмүүс таныг буруутгаж, тэнэг юм хийлээ гэж магадгүй. Мөнгө төгрөг, эд хөрөнгө л байвал бүх асуудлыг шийднэ гэж ч магадгүй. Гэхдээ Иехошафатыг санаарай. Тэрбээр Еховад итгэсэн, итгэдгээ үйл хэргээрээ харуулсан. Ехова түүнийг орхиогүй, таныг ч орхихгүй (Дуу. 37:28; Евр. 13:5). Тэгвэл хосууд Еховагаас ивээл хүртэхийн тулд өөр юу хийж болох вэ?

ЗӨНЧ ИСАИА БОЛОН ЭХНЭРИЙГ НЬ ДУУРАЙЖ ЕХОВАД ҮЙЛЧЛЭХИЙГ ЭН ТЭРГҮҮНД ТАВИАРАЙ

9. Зөнч Исаиа болон эхнэр нь ямар хүмүүс байсан бэ?

9 Зөнч Исаиа болон эхнэр нь амь амьдралаа Еховад үйлчлэхэд зориулсан. Исаиа зөнч байсан. Эхнэр нь ч мөн адил Еховагаас даалгавар авдаг зөнч байсан бололтой (Ис. 8:1–4). Тэгэхээр тэд хоёулаа Еховад үйлчлэхийг эн тэргүүнд тавьдаг байсан байх нь ээ. Хосуудад ямар гайхалтай жишээ үзүүлээ вэ!

10. Библийн зөгнөлийг судлах тусам Еховад чадах чинээгээрээ үйлчлэх шийдвэр батаждагийн учир юу вэ?

10 Эхнэр нөхрүүд ээ, Еховагийн төлөө чадах бүхнээ хийн Исаиа болон эхнэрийг нь дуурайгаарай. Хамтдаа Библийн зөгнөлийг судлаад дандаа биелдгийг нь ойлгохоор Еховад итгэх итгэл батаждаг (Тит 1:2). * Библийн зарим зөгнөл биелэхэд яаж хувь нэмэр оруулахаа бодоорой. Жишээлбэл төгсгөл иртэл сайн мэдээ дэлхий даяар тунхаглагдана гэсэн Есүсийн зөгнөл биелэхэд хувь нэмрээ оруулж болно шүү дээ (Мат. 24:14). Библийн зөгнөл биелдэг гэдэгт итгэх тусам Еховад чадах чинээгээрээ үйлчлэх шийдвэр батажна.

ПРИСКИЛА АКУЛ ХОЁРЫН АДИЛААР ХААНТ ТӨРИЙН АЖЛЫГ ЭН ТЭРГҮҮНД ТАВИАРАЙ

11. Прискила Акул хоёр юу хийж бүтээсэн бэ? Тэгж чадсаны учир юу вэ?

11 Залуу хосуудад Прискила Акул хоёроос сурах юм их бий. Тэд бол Ром хотод амьдарч байсан иудей хос юм. Есүсийн тухай сайн мэдээг сонсоод Христийн дагалдагчид болжээ. Тэднийг сайхан амьдарч байтал эзэн хаан Клавдий иудейчүүдийг Ромоос гаргах тушаал буулгав. Ингээд Прискила Акул хоёрын амьдрал орвонгоороо өөрчлөгдсөн юм. Тэд дассан газраа орхиж, шинэ орон байртай болж, майхан хийдэг ажлаа дахин эхлэх хэрэгтэй болсон. Гэхдээ Бурхны ажлыг хийхээс хойш суусан уу? Үгүй ээ. Коринт хотод нүүж очоод элч Паултай цуг тэндхийн хурлыг батжуулахад хувь нэмрээ оруулсан. Хожим дэлгэрүүлэгч хэрэгцээтэй газар нүүж очсон (Үйлс 18:18–21; Ром 16:3–5). Маш их завгүй ч хэчнээн утга учиртай, аз жаргалтай амьдарч байж вэ!

12. Яагаад зорилго тавих хэрэгтэй вэ?

12 Эхнэр нөхрүүд ээ, Хаант төрийн ажлыг эн тэргүүнд тавин Прискила Акул хоёрыг дуурайгаарай. Ямар зорилго тавихаа үерхэж байхдаа ярилцах нь хамгийн сайн. Ярилцаад санал нэгтэйгээр зорилго тавьж, биелүүлэх гэж өөрсдийгөө дайчилдаг бол Еховагийн агуу хүч тусалж байгааг бүр ч их мэдэрнэ (Ном. 4:9, 12). Рассел Элизабет хоёр яг тэгжээ. Рассел: «Бид хоёр үерхэж байхдаа ямар зорилго тавихаа тодорхой ярилцсан» гэсэн юм. Эхнэр нь: «Зорилгоо тодорхой болгосон учраас түүнийхээ дагуу шийдвэр гаргадаг байсан» гэжээ. Ингээд тэд дэлгэрүүлэгчийн хэрэгцээ ихтэй Микронезэд нүүж очсон байна.

Шинэхэн хосууд Еховад үйлчлэхийг амьдралынхаа эн тэргүүнд тавихын тулд зорилго тавих нь зүйтэй (13-р догол мөрийг үзээрэй)

13. Дуулал 28:7-г үзэхэд Еховад итгэж найдах нь ямар үр дүнтэй вэ?

13 Рассел Элизабет хоёрын адилаар олон хос энгийн амьдарч, аль болох их цаг хүчийг дэлгэрүүлэх, заах ажилд зориулахаар шийддэг. Хос хоёр Еховад илүү их үйлчлэхийн тулд тодорхой зорилго тавьж түүндээ хүрэх гэж хамтдаа хичээдэг бол үр дүнг нь үзнэ. Ехова санаа тавьдгийг бүр их мэдэрнэ. Еховадаа илүү их итгэдэг болно. Мөн жинхэнэ ёсоор жаргалтай амьдарна (Дуулал 28:7-г уншина).

ЭЛЧ ПЕТР БОЛОН ЭХНЭРИЙГ НЬ ДУУРАЙЖ ЕХОВАГИЙН АМЛАЛТАД ИТГЭЭРЭЙ

14. Элч Петр болон эхнэр нь Матай 6:25, 31–34-т байдаг Еховагийн амлалтад итгэдгээ хэрхэн харуулсан бэ?

14 Петр болон эхнэрээс нь бас сурах юм хосуудад их бий. Петр Есүстэй анх уулзсанаас хойш хагас жилээс жил орчмын дараа чухал шийдвэр гаргах хэрэгтэй болжээ. Тэрбээр загас барьж гэр бүлээ тэжээдэг байв. Тиймээс Бурханд бүрэн цагаар үйлчилж намайг дага гэж Есүсийг урихад гэр бүлээ хэрхэн тэжээхээ бодолцох шаардлагатай байлаа (Лук 5:1–11). Тэрбээр Есүсийг дагахаар шийдсэн нь их зөв байв. Эхнэр нь ч шийдвэрийг нь дэмжсэн нь тодорхой. Есүсийг амилсны дараа Петр эхнэртэйгээ цуг дэлгэрүүлэх аянд явсан тухай Библид байдаг (1 Кор. 9:5). Эхнэр нь Христийн дагалдагч эхнэрүүдэд сайн жишээ үзүүлдэг байсан учир Петр агуу хүчээр удирдуулан нүүр бардам хосуудад зөвлөж чадсан (1 Петр 3:1–7). Хаант төрийг амьдралынхаа эн тэргүүнд тавибал Ехова хэрэгтэй бүхнээр нь хангана гэдэгт Петр ч, эхнэр нь ч бат итгэдэг байсан нь тодорхой (Матай 6:25, 31–34-ийг уншина).

15. Та Тиаго Естер хоёроос юу мэдэж авсан бэ?

15 Та хоёр гэрлээд удаж байгаа бол Еховад илүү их үйлчлэх хүслээ хэрхэн оргилуулах вэ? Нэг арга нь бусад хосын туршлагыг судлах явдал юм. «Тэд сайн дураараа үйлчилдэг» цуврал өгүүллийг уншиж болохгүй нь юу билээ? Бразилд амьдардаг Тиаго Естер хоёр эдгээр өгүүллийг уншаад хэрэгцээтэй газар үйлчлэх хүсэлтэй болжээ. Тиаго: «Ехова орчин үеийн үйлчлэгчдэдээ тусалдгийг уншаад бид ч гэсэн Еховагаар удирдуулж, хайр халамжийг нь мэдрэхийг хүссэн» гэж ярьжээ. Тэгээд тэд 2014 онд Парагвай руу нүүж португал хэлээр дэлгэрүүлдэг болов. Естер: «Бид хоёр хоёулаа Эфэс 3:20-д их дуртай. Энэ үгийн үнэнийг олон ч удаа биеэрээ үзсэн» гэж ярьсан юм. Эфэсийн дагалдагчдад бичсэн энэ захидалдаа Ехова бидний гуйдгаас хавьгүй ихийг өгдгийг Паул батлан хэлсэн. Энэ амлалт үнэхээр үнэн!

Шинэхэн хосууд Еховад үйлчлэхийг амьдралынхаа эн тэргүүнд тавихын тулд төлөвшсөн хүмүүсээс зөвлөгөө авах нь зүйтэй (16-р догол мөрийг үзээрэй)

16. Зорилгоо өөрчлөх хэрэгтэйгээ ойлговол залуу хосууд хэнээс зөвлөгөө авах вэ?

16 Залуу хосууд Еховад найдаж сурсан туршлагатай хүмүүсээс суралцах хэрэгтэй. Зарим хос олон арван жил Еховад бүрэн цагаар үйлчилсэн байдаг. Зорилгоо өөрчлөх хэрэгтэйгээ ойлговол тэднээс зөвлөгөө авч болохгүй нь юу билээ? Ингэх нь Еховад итгэдгээ харуулах бас нэг арга юм (Сур. 22:17, 19). Ахлагчид залуу хосуудад зорилго тавьж, түүндээ хүрэхэд нь туслах учиртай.

17. Клаус Мариса хоёрт юу тохиолдсон бэ? Тэднээс юу мэдэж авах вэ?

17 Үйлчлэлээ өргөжүүлэхээр шийдсэн ч санаснаар болохгүй үе бий. Өгүүллийн эхэнд дурдсан Клаус Мариса хоёр гэрлээд гурван жилийн дараа Финланд салбарын барилга барих ажилд оролцжээ. Гэтэл, тэнд хагас жилээс илүү хугацаагаар ажиллах боломжгүйг мэдэв. Эхлээд сэтгэлээр унасан ч дараа нь араб хэлний сургалтад суухаар болжээ. Одоо тэд өөр улсад араб хэлээр баяр хөөртэй дэлгэрүүлж байна. Мариса өнгөрснөө дурсан «Хийж үзээгүй юмаа хийнэ гэхээс би айж байсан. Еховад бүхий л зүрх сэтгэлээрээ итгэж найдах хэрэгтэй байлаа. Ехова төсөөлөөгүй аргаар тусалж байгааг хараад итгэл батажсан» гэж ярьжээ. Тэгэхээр өөрт нь бүх зүрхээрээ итгэж найддаг хүнийг Ехова шагнадаг нь энэ жишээнээс харагдаж байна.

18. Хосууд Еховад итгэж найдсаар байхын тулд яах хэрэгтэй вэ?

18 Хань ижил гэдэг бол Еховагийн өгсөн бэлэг юм (Мат. 19:5, 6). Ехова таныг гэр бүлтэй болоод аз жаргалтай амьдраасай гэж хүсдэг (Сур. 5:18). Тиймээс залуу хосууд аа, юуны төлөө амьдарч байгаагаа шалгаарай. Еховагийн ивээлийг хүртсэндээ талархан ачийг нь хариулахын тулд та хоёр чадах бүхнээ хийж байна уу? Энэ талаар Еховатай ярилцаарай. Мөн хэрэгжүүлж болох Библийн зарчмыг судлаарай. Тэгээд Еховагийн өгсөн зөвлөгөөг хэрэгжүүлээрэй. Еховаг эн тэргүүнд тавьдаг бол аз жаргалтай, утга учиртай амьдарна гэдэгт итгээрэй.

ДУУ 40 Эхлээд Хаанчлалыг хайгтун

^ Бидний гаргах зарим шийдвэр Еховад хэр их цаг хүч зориулахад нөлөөлдөг. Шинэхэн гэрлэсэн хосууд насан туршид нь нөлөөлөх янз бүрийн шийдвэр гаргах хэрэгтэй болдог. Энэ өгүүллээр, аз жаргалтай, утга учиртай амьдрахад хэрэгтэй шийдвэр гаргах тухай авч үзнэ.

^ Зарим нэрийг өөрчлөв.

^ Жишээ нь «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2020 оны 7 сарын дугаарын 11-р хуудасны «Та эдгээр зөгнөлийг тайлбарлаж чадах уу?» гэсэн хавсралтыг үзнэ үү.