Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 51

Түүний үгийг сонсоод «дагаж байгтун»

Түүний үгийг сонсоод «дагаж байгтун»

«Энэ бол миний хайртай хүү. Би хүүгээ таалан соёрхдог. Түүний үгийг дагаж байгтун» (МАТ. 17:5).

ДУУ 32 Тууштай, гуйвшгүй байя!

ТОЙМ a

1, 2. а) Бурхан Есүсийн гурван элчид юу гэж тушаасан бэ? б) Энэ өгүүллээр юу үзэх вэ?

 ЭЛЧ Петр Яаков Ёохан гурав МЭ 32 оны Дээгүүр өнгөрөх баярын дараа ер бусын үзэгдэл үзжээ. Есүс өндөр уулан дээр байхдаа (Хермон уул бололтой) хувирч өөрчлөгдөв. «Нүүр нь нар мэт гэрэлтэж, хувцас нь гэрэл цацарсан цагаан өнгөтэй болов» (Мат. 17:1–4). Дараа нь Бурхан элч нарт «Энэ бол миний хайртай Хүү. Би Хүүгээ таалан соёрхдог. Түүний үгийг дагаж байгтун» гэж хэлдэг (Мат. 17:5). Гурван элч Есүсийн үгийг сонсоод дагадгаа амьдралаараа харуулсан. Бид тэднийг дуурайхыг хүсдэг.

2 Өмнөх өгүүллээр Есүс яахыг болих ёстойг заасныг үзсэн. Энэ өгүүллээр яах ёстойг заасан хоёр сургаалыг нь авч үзье.

«ЖИЖИГ ХААЛГААР ОР»

3. Матай 7:13, 14-т бичсэнээр бид яах учиртай вэ?

3 Матай 7:13, 14-ийг уншина. Есүс хоёр хаалганы тухай ярьдаг. Нэгээр нь орвол «өргөн» замаар явна, нөгөөгөөр нь орвол «нарийн» замаар явна. Гурав дахь зам гэж байхгүй. Бид аль замаар явахаа дор бүрнээ шийдэх учиртай. Энэ нь амьдралын хамгийн чухал шийдвэр юм. Яагаад гэвэл мөнх амьдрах эсэх маань үүнээс шалтгаална.

4. «Өргөн» зам ямар онцлогтой вэ?

4 Бид энэ хоёр замын ялгаануудыг санаж явах хэрэгтэй. «Өргөн» замаар явах амархан учраас олон хүн явдаг. Хүмүүс олныг даган энэ замаар явсаар байгаа нь харамсалтай. Тэд Сатан Диаволын ухуулгад автаж өргөн замаар явдгаа, эцэстээ сүйрнэ гэдгээ мэддэггүй (1 Кор. 6:9, 10; 1 Ёох. 5:19).

5. Хүмүүс «нарийн» замыг олоод энэ зам дээр гарахын тулд яадаг вэ?

5 Нөгөө зам нь «нарийн» юм. Есүс цөөхөн хүн үүнийг олдог гэсэн. Яагаад юм бол? Сонирхолтой нь, дараагийн зүйлд нь хуурамч зөнчдөөс сэрэмжлүүлжээ (Мат. 7:15). Дэлхий дээр олон мянган шашин байдаг гэсэн судалгаа бий. Тэд өөрсдийгөө үнэнийг заадаг гэдэг. Сая сая хүн шашнаас болж итгэл нь алдарч төөрөлддөг учраас амь руу хүргэдэг замыг олъё ч гэж боддоггүй. Гэхдээ олох боломжтой. Есүс: «Хэрэв та нар хэлснийг минь биелүүлдэг бол миний дагалдагч үнэхээр мөн бөгөөд үнэнийг ойлгож, үнэн та нарыг чөлөөлнө» гэсэн (Ёох. 8:31, 32). Олныг дагалгүй, үнэнийг эрж хайсан таныг магтмаар байна. Бурхан биднээс юу шаарддагийг мэдэхийн тулд Үгийг нь сайтар судалж, Есүсийн сургаалыг сонсоод дагадаг болсон. Еховагийн үзэл бодлыг ойлгоод хуурамч шашнаас үүдэлтэй баяр ёслол тэмдэглэхээ, сургаалыг нь баримтлахаа больсон. Еховагийн тушаалыг биелүүлж, таалалд нь нийцүүлэхийн тулд амьдралаа өөрчлөх амаргүй байсан биз ээ (Мат. 10:34–36). Гэсэн ч та тэнгэрийн Эцгээ хайрладаг, таалалд нь нийцэхийг хүсдэг учраас бууж өгөөгүй. Ехова таныг хараад хэчнээн их баярласан бол оо! (Сур. 27:11).

НАРИЙН ЗАМААС ГАРАХГҮЙ БАЙХ НЬ

«Нарийн» замаас гарахгүй байхад Бурхны заавар зөвлөгөө, тогтоосон хэм хэмжээ тустай (6–8-р догол мөрийг үзээрэй) d

6. Дуулал 119:9, 10, 45, 133-т бичсэнээр яадаг бол нарийн замаас гарахгүй вэ?

6 Нарийн замаар явж эхэлсэн бол яаж гарахгүй байх вэ? Дараах жишээг бодоорой. Уулын нарийн зам хашлагатай байдаг. Хашлага нь замаас гарч унахаас хамгаалдаг. Ямар ч жолооч: «Ядаргаатай юм бэ! Үүний хэрэг юу байна вэ?» гэдэггүй шүү дээ. Библид байдаг Еховагийн тогтоосон хэм хэмжээ энэ хашлагатай адил юм. Хэм хэмжээг нь сахидаг бол нарийн замаас гарахгүй байж чадна (Дуулал 119:9, 10, 45, 133-ыг уншина).

7. Хүүхэд залуус нарийн замаар явахыг юу гэж бодох хэрэгтэй вэ?

7 Хүүхэд залуус аа, чамд Еховагийн тогтоосон хэм хэмжээ заримдаа ядаргаатай санагддаг уу? Сатан яг ингэж бодуулахыг хүсдэг. Тэрбээр өргөн замаар явдаг хүмүүсийг хөгжилтэй, сайхан амьдардаг мэтээр харуулахыг хичээдэг. Үеийн хүүхдүүд болон интернэтээр үзэж хардаг юмыг чинь ашиглан гоё юмнаас хоцроод байна гэж бодуулахыг оролддог. Еховагийн тогтоосон хэм хэмжээг сахиснаасаа болоод амьдралын амтыг бүрэн мэдэрч чадахгүй байна гэж бодогдуулдаг. b Гэхдээ үүнийг санаарай. Сатан та нараас өргөн замаар явбал эцэстээ юунд хүрэхийг нуудаг. Харин Ехова та нарт нарийн замаар явбал ямар шагнал хүртэхийг тодорхой хэлж өгдөг (Дуу. 37:29; Ис. 35:5, 6; 65:21–23).

8. Хүүхэд залуус Олафаас юу сурах хэрэгтэй вэ?

8 Олаф гэдэг Гэрч хүүгээс суралцацгаая. c Ангийнх нь хүүхдүүд түүнийг секс хийхийг ятгажээ. Тэгэхэд нь тэрбээр Библид байдаг ёс суртахууны өндөр хэм хэмжээг баримталдаг Еховагийн Гэрч гэдгээ хэлэхэд охид шаралхаж бүр их ятгах болов. Гэхдээ Олаф тууштай байлаа. Сорилт үүгээр дуусаагүй. Тэрбээр: «Хүндлүүлье гэвэл их сургуульд ор гэж багш нар ятгадаг. Дээд боловсрол эзэмшиж байж л сайн ажил төрөлтэй, сайхан амьдарна гэж хэлдэг байсан» гэж ярьжээ. Олаф сорилтыг давахын тулд яасан бол? «Би хурлынхантайгаа дотносож нэг гэр бүл шиг л болсон. Мөн Библийг илүү нухацтай судалж эхэлсэн. Гүнзгийрүүлэн судлах тусам үнэнийг олсон гэдэгтээ улам бат итгэдэг болсон юм. Ингээд Еховад үйлчлэхээр шийдсэн» гэж ярьжээ.

9. Нарийн замаас гарахгүйн тулд яадаг байх хэрэгтэй вэ?

9 Сатан биднийг амь руу хүргэх замаас гаргаж, олон хүний явдаг «сүйрэлд хүргэдэг» өргөн замаар явуулахыг оролддог (Мат. 7:13). Гэхдээ Есүсийн үгийг сонсоод дагадаг, энэ замыг хамгаалалт гэж үздэг бол нарийн замаас гарахгүй. Өөр яах ёстой гэж Есүс заасныг одоо үзье.

АХ ДҮҮТЭЙГЭЭ ЭВЛЭР

10. Матай 5:23, 24-т бичсэнээр яах ёстой гэж Есүс хэлсэн бэ?

10 Матай 5:23, 24-ийг уншина. Есүс өөрийг нь сонсож байсан иудейчүүдэд маш чухал зүйлийг ярьжээ. Сүмд ирээд тахилын малаа тахилчид өгөх гэж буй хүнийг төсөөлөөрэй. Хэрэв өөрт нь гомдсон ах дүүгээ санавал тахилаа орхиод буцаж «явах» ёстой байлаа. Яагаад? Еховад тахил өргөхөөс илүү чухал юм гэж юу байдаг билээ? Есүс: «Эхлээд тэр хүнтэйгээ эвлэр» гэж тодорхой хэлсэн.

Даруу байж ахтайгаа эвлэрсэн Иаковыг та дуурайх уу? (11, 12-р догол мөрийг үзээрэй) e

11. Иаков Есавтай эвлэрэхийн тулд яасан бэ?

11 Бусадтай эвлэрэх талаар Иаковаас үнэтэй сургамж авч болно. Төрсөн нутгаасаа гараад 20 орчим жил өнгөрснийх нь дараа Бурхан тэнгэрийн элчээрээ нутаг руугаа буц гэж хэлүүлдэг (Эх. 31:11, 13, 38). Харин ах Есав нь түүнийг алах санаатай байсан (Эх. 27:41). Одоо болтол уур нь гараагүй байгаа болов уу гээд «Иаков ихэд айн, сэтгэлийн дарамтанд оров» (Эх. 32:7). Тэрбээр ахтайгаа эвлэрэхийн тулд яасан бэ? Эхлээд Еховад энэ тухайгаа хэлж шаргуу залбирсан. Тэгээд Есавд их хэмжээний бэлэг илгээдэг (Эх. 32:9–15). Эцэст нь ахтайгаа нүүр тулан уулзангуутаа хүндэтгэл үзүүлж, нэг биш, хоёр биш, бүр долоон удаа Есавд мөргөдөг. Иаков даруу байж ахыгаа хүндэлсэн учраас эвлэрч чадсан (Эх. 33:3, 4).

12. Иаковаас юу сурах вэ?

12 Иаков Есавтай уулзахаасаа өмнө болон уулзсаныхаа дараа яасныг анхааръя. Эхлээд даруухнаар Еховагаас тусламж гуйн залбирдаг. Тэгээд залбирсныхаа дагуу чадлаараа хичээсэн. Есавтай уулзаад хэнийх нь зөв, хэнийх нь буруу байсан талаар маргаагүй. Гол нь эвлэрэхийг зорьсон. Бид түүнийг хэрхэн дуурайх вэ?

ХЭРХЭН ЭВЛЭРЭХ ВЭ?

13, 14. Ах дүүгээ гомдоосон бол яах хэрэгтэй вэ?

13 Амь руу хүргэдэг замаар явдаг бид ах дүүтэйгээ эвтэй байх шаардлагатай (Ром 12:18). Гомдоосноо мэдвэл яах вэ? Иаковын адилаар эвлэрэхэд туслахыг гуйн Еховад шаргуу залбираарай.

14 Бас өөрийгөө шалгах хэрэгтэй. «Би даруу байн дуртайяа буруугаа хүлээж уучлалт гуйн ах дүүтэйгээ эвлэрч чадах уу? Эвлэрэхийн тулд санаачилга гаргавал Ехова Есүс хоёрт ямар санагдах бол?» гэж бодоорой. Ингэвэл Есүсийн үгийг сонсож эвлэрэхийн тулд чадах бүхнээ хийх хүсэл төрнө. Ийнхүү Иаковын жишээг дуурайцгаая.

15. Эфэс 4:2, 3-т байдаг зарчмыг хэрэгжүүлэх нь ах дүүтэйгээ эвлэрэхэд тустай гэхийн учир юу вэ?

15 Хэрэв Иаков бардам байсан бол үр дүн нь шал өөр байх байлаа. Тэгэхээр бид ах дүүтэйгээ эвлэрэхийн тулд даруу байх хэрэгтэй байх нь ээ (Эфэс 4:2, 3-ыг уншина). Сургаалт үгс 18:19-д «Гомдсон ах дүүг буцаж эргүүлэх нь хүчирхэг хотыг эзлэн авахаас ч илүү хэцүү. Хэрүүл маргаан нь шилтгээний түгжээтэй хаалга мэт ажээ» гэж байдаг. Даруухнаар уучлалт гуйвал тэр «шилтгээнд» орох хаалга нээгдэнэ.

16. Юуг бодох хэрэгтэй вэ? Яагаад?

16 Мөн юуг, яаж ярихаа бодоорой. Нөгөө хүнийхээ гомдлыг тайлах зорилгоор ярилцаарай. Эхэндээ танд дургүй хүргэх юм хэлж магадгүй. Ийм үед уурлах, өөрийгөө өмөөрөх амархан. Гэхдээ тэгвэл эвлэрч чадахгүй. Эвлэрэх нь хэний зөв, хэний буруу болохыг тогтоохоос илүү чухал юм шүү (1 Кор. 6:7).

17. Жилберээс юу сурч болох вэ?

17 Жилбер гэдэг Гэрч өөрт нь гомдсон хүнтэй эвлэрэхийн тулд их хичээжээ. Би охиноо гомдоосон болохоор эвлэрэхийн тулд илэн далангүй, тайван ярилцах гэж хоёр жил гаруй хичээсэн» гэжээ. Өөр яасан бол? «Охинтойгоо ярихын өмнө залбирч, ямар ч юм хэлсэн гомдохгүй байж, уучлахын тулд сэтгэл санаагаа бэлддэг байлаа. Өөрийгөө зөвтгөж болохгүйгээ, бусадтай эвтэй байх үүрэгтэйгээ ойлгосон» гэж ярьжээ. Тэгээд ямар үр дүнд хүрсэн бэ? «Би одоо гэрийнхэнтэйгээ бүгдтэй нь сайн харьцаатай болсон учраас санаа амарсан» гэж хэлсэн юм.

18, 19. Итгэл нэгтнээ гомдоосон бол яах ёстой вэ?

18 Итгэл нэгтнээ гомдоосноо мэдвэл яах ёстой вэ? Эвлэр гэсэн Есүсийн зөвлөгөөг дагаарай. Энэ тухайгаа Еховад хэлж, агуу хүчээрээ тусална гэдэгт нь итгээрэй. Ах дүүтэйгээ эвлэрвэл санаа тань амарна. Есүсийн үгийг сонсоод дагадгаа батална (Мат. 5:9).

19 Ехова хайрын сэтгэлээр «хурлын тэргүүн» Есүсээр удирдамж заавар өгүүлдэгт талархаад баршгүй (Эф. 5:23). Элч Петр, Яаков, Ёоханы адилаар Есүсийн үгийг сонсоод «дагаж байхаар» бат шийдэцгээе (Мат. 17:5). Хэн нэгнийг гомдоосон бол эвлэрч, мөн амийн замаар тууштай явбал Есүсийн үгийг дагаж байна гэсэн үг. Ингэвэл одоо ивээл хүртэнэ. Ирээдүйд үүрд мөнх жаргалтай амьдарна.

ДУУ 35 Тэвчээртэй Бурхандаа талархъя

a Есүс амь руу хүргэдэг жижиг хаалгаар орохыг, мөн итгэл нэгтнүүдтэйгээ эвлэрэхийг зөвлөсөн. Эдгээр зөвлөгөөг хэрэгжүүлэхэд ямар бэрхшээл учирдаг вэ? Хэрхэн давах вэ?

b «Охид хөвгүүдийн 10 асуултын хариу» товхимлын «Яавал үеийнхнийхээ нөлөөнд автахгүй байх вэ?» гэсэн асуулт 6-г, мөн jw.org сайтад байгаа «Үе тэнгийнхнийхээ нөлөөнд битгий авт!» гэсэн зурган киног үзээрэй (БИБЛИЙН СУРГААЛ > ӨСВӨР НАСНЫХАН гэж орно уу).

c Зарим нэрийг өөрчлөв.

d ЗУРГИЙН ТАЙЛБАР: Бурхны тогтоосон хэм хэмжээ гэдэг хашлагатай «нарийн» замаар явдаг бол порно материал, садар самуун явдал, дээд боловсролыг чухалчлах зэрэг аюулаас хамгаалагдана.

e ЗУРГИЙН ТАЙЛБАР: Иаков ахтайгаа эвлэрэхийн тулд олон удаа мөргөсөн.