Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 11

Бэрхшээлийг давах хүчийг Судраас олж авах нь

Бэрхшээлийг давах хүчийг Судраас олж авах нь

«Тэвчээртэй байхад ... тусалдаг ... Бурхан» (РОМ 15:5).

ДУУ 37 Бурхны бичүүлсэн ном

ТОЙМ a

1. Еховагийн ард түмэнд ямар ямар бэрхшээл тохиолдож болзошгүй вэ?

 ТАНД бэрхшээл тохиолдоод байна уу? Жишээлбэл та хурлынхаа хүнд гомдсон уу? (Яак. 3:2). Еховад үйлчилдэг гэж ажил, сургуулийнхан тань муу хэлдэг үү? (1 Петр 4:3, 4). Эсвэл таныг цуглаанд явах, итгэл үнэмшлийнхээ талаар бусдад ярих гэхлээр гэрийнхэн тань эсэргүүцдэг үү? (Мат. 10:35, 36). Хэрэв танд тохиолдсон бэрхшээл хэтэрхий хүнд бол бууж өгмөөр санагдаж магадгүй. Гэхдээ ямар ч бэрхшээл тохиолдсон Ехова танд зөв шийдвэр гаргах мэргэн ухаан болон тухайн нөхцөл байдлыг тэвчих хүч өгнө.

2. Ром 15:4-ийг үзвэл Бурхны Үгийг унших нь ямар ач тустай вэ?

2 Төгс бус хүмүүс бэрхшээлийг хэрхэн давсан түүхийг Ехова Үгэндээ бичүүлжээ. Биднийг сургамж аваасай гэсэндээ тэр юм. Тийм учраас Ром 15:4-т гардаг үгийг элч Паулаар бичүүлсэн (уншина). Тэдгээр түүхийг уншвал тодорхой хэмжээгээр тайвширч, итгэл найдвар өвөрлөнө. Гэхдээ ач тус хүртье гэвэл Библийг уншаад л болчихож болохгүй. Бодох сэтгэх аргаа Сударт нийцүүлэн өөрчилж, зүрх сэтгэлийнхээ утсыг хөндөх учиртай. Тулгамдсан асуудлаа шийдэх гээд удирдлага заавар хайж байгаа бол яах вэ? Дараах дөрвөн аргыг хэрэглээд үзээрэй. 1) Залбирах, 2) Төсөөлөх, 3) Эргэцүүлэх, 4) Хэрэгжүүлэх. Одоо энэ аргуудыг нэг нэгээр нь ярилцъя. b Дараа нь, Давид хаан болон элч Паулын амьдралд тохиолдсон явдлыг энэ дөрвөн аргаар судлан сургамж авцгаая.

1. ЗАЛБИРААРАЙ

Ач тусыг нь хүртэхийн тулд Библиэ уншихаасаа өмнө Еховагаас тусламж гуйгаарай (3-р догол мөрийг үзээрэй)

3. Библийг уншиж эхлэхээсээ өмнө яах хэрэгтэй вэ? Яагаад?

3 1Залбирах. Бид уншсан зүйлээсээ ач тус хүртэх учиртай. Үүний тулд Библиэ уншиж эхлэхээсээ өмнө Еховагаас тусламж гуйх нь чухал. Жишээлбэл, зөв шийдвэр гаргахад тус болох зарчмуудыг Библиэс олоход туслаач гэж Еховагаас гуйгаарай (Флп. 4:6, 7; Яак. 1:5).

2. ТӨСӨӨЛӨӨРЭЙ

Өөрийгөө тухайн үйл явдлын гол баатар гэж бодоорой (4-р догол мөрийг үзээрэй)

4. Библийн түүхийг амилуулахын тулд яах хэрэгтэй вэ?

4 2Төсөөлөх. Ехова бидэнд юмыг ургуулан бодох гайхалтай чадвар хайрласан. Библид бичсэн түүхийг амилуулахын тулд болж буй үйл явдлыг төсөөлөхийг хичээгээрэй. Өөрийгөө гол баатар гэж бодоорой. Түүний харж байгааг харж, мэдэрч байгааг мэдрэхийг оролдоод үзээрэй.

3. ЭРГЭЦҮҮЛЭЭРЭЙ

Уншсан зүйлийнхээ талаар тунгааж, тус мэдээлэл өөрт тань ямар хамаатайг сайтар бодоорой (5-р догол мөрийг үзээрэй)

5. Эргэцүүлэх гэж яахыг хэлэх вэ? Хэрхэн эргэцүүлэх вэ?

5 3Эргэцүүлэх. Уншсан зүйлийнхээ талаар тунгааж, энэ мэдээлэл надад ямар хамаатай вэ гэж сайтар бодохыг эргэцүүлэх гэнэ. Энэ нь олж авсан мэдээллүүдээ уялдуулан холбож, тухайн сэдвийг гүнзгий ойлгож авахад тустай. Эргэцүүлж бодохгүйгээр Библийг унших нь ширээн дээр байгаа эвлүүлдэг зургийн жижиг хэсгүүдийг зүгээр хараад сууж байгаагаас өөрцгүй. Эргэцүүлэх гэдэг нь тэр хэсгүүдийг эвлүүлээд, бүтэн зураг харахтай адил юм. Тиймээс өөрөөсөө «Энд гарч буй гол баатар асуудлаа шийдэхийн тулд яасан бэ? Ехова түүнд хэрхэн тусалсан бэ? Би бэрхшээлээ давахын тулд эндээс сурсан зүйлээ хэрхэн хэрэгжүүлэх вэ?» гэж асуугаарай.

4. ХЭРЭГЖҮҮЛЭЭРЭЙ

Зөв шийдвэр гаргаж, амар тайван байж, итгэлээ батжуулахын тулд сурснаа хэрэгжүүлээрэй (6-р догол мөрийг үзээрэй)

6. Сурснаа яагаад хэрэгжүүлэх ёстой вэ?

6 4Хэрэгжүүлэх. Сурснаа ажил болгохгүй бол элсэн дээр байшин барьсан хүнтэй адил болно гэж Есүс хэлжээ. Тэр хүн маш их хөдөлмөрлөсөн боловч хичээл зүтгэл нь талаар болдог. Яагаад? Салхи салхилж, үер буухад байшин нь нурдаг (Мат. 7:24–27). Үүнтэй адил, залбирч, төсөөлж, эргэцүүлж бодсон ч хэрэгжүүлэхгүй бол хичээл зүтгэл маань талаар болно. Бэрхшээл тулгарах юм уу хавчлагад өртөхөд итгэл маань бат байж чадахгүй. Харин Библиэ судалдаг, сурснаа ажил болгодог бол зөв шийдвэр гаргана, амар тайван байна, итгэл батажна (Ис. 48:17, 18). Сая ярьсан дөрвөн аргыг хэрэглээд Давид хаанд тохиолдсон явдлаас юу сурч болохыг ярилцъя.

ДАВИДААС ЮУ СУРАХ ВЭ?

7. Одоо хэний тухай ярилцах вэ?

7 Та найздаа эсвэл гэрийнхэндээ гомдож, итгэл алдарч байсан уу? Тийм бол эцэг Давидаасаа урваж, хаан ширээг нь булаах гэж оролдсон Абсаломын тухай судлаарай (2 Сам. 15:5–14, 31; 18:6–14).

8. Еховагаас тусламж авахын тулд юу хийх вэ?

8 1Залбирах. Та уншсан түүхээ сайтар бодонгоо, гомдсон сэтгэлээ Еховад уудлаарай (Дуу. 6:6–9). Бүгдийг нь илэн далангүй яриарай. Дараа нь, энэ хэцүү асуудлыг шийдэхэд тустай зарчмуудыг олоход туслаач хэмээн Еховагаас гуйгаарай.

9. Давид Абсалом хоёрт юу тохиолдсон бэ?

9 2Төсөөлөх. Уншиж буй түүхээ төсөөлөөрэй. Давид хаанд яаж нөлөөлснийг бодож үзээрэй. Давидын хүү Абсалом ард түмний хайрыг өөртөө татах гэж олон жил мэрийсэн (2 Сам. 15:7). Тэгээд цаг нь болсон гэж үзмэгцээ, өөрийг нь хаанаа гэж хүлээн зөвшөөрүүлэхийн тулд Израйл даяар туршуул илгээсэн. Тэр байтугай, Давидын дотнын анд, шадар зөвлөх Ахитофелыг хуйвалдаандаа элсүүлж дөнгөсөн. Ингээд өөрийгөө хаанаар өргөмжилжээ. Дараа нь хүнд өвчтэй байсан Давидыг алах санаатай байлаа (Дуу. 41:1–9). Давид уг хуйвалдааныг мэдээд Иерусалимаас зугтжээ. Эцэст нь Абсаломын арми Давидын үнэнч дайчидтай тулалдан ялагдал хүлээсэн. Давидын хүү Абсалом алагджээ.

10. Давид хаан яаж болох байсан бэ?

10 Энэ бүх явдал тохиолдоход Давидад ямар санагдсаныг төсөөлөөрэй. Тэрбээр Абсаломыг хайрлаж, Ахитофелд итгэдэг байсан. Гэтэл аль аль нь түүнээс урвасан. Давидын сэтгэлийг гүнзгий шархлуулж, бүр амийг нь хөнөөхийг оролджээ. Давид бусад найзыгаа Абсаломтой нийлсэн гэж хардан, итгэхээ больж болох л байсан. Хар амиа бодож, нутгаасаа ганцаараа зугтаж болох байв. Эсвэл цөхөрсөндөө буугаад өгч болох байлаа. Гэхдээ тэгээгүй. Харин энэ хэцүү үеийг давж гарсан. Яаж давж гарсан юм бол?

11. Давид хэцүү үедээ яасан бэ?

11 3Эргэцүүлэх. Энэ түүхээс ямар ямар зарчим мэдэж авч болох вэ? Та өөрөөсөө «Давид бэрхшээлийг хэрхэн давсан бэ?» гэж асуугаарай. Давид сандраад яаран шийдвэр гаргаагүй, айгаад асуудлыг хойш нь тавиагүй. Харин Еховагаас тусламж гуйн залбирсан. Бас найзуудаасаа тусламж хүссэн. Тэгээд шийдвэрээ дор нь хэрэгжүүлсэн. Хэдийгээр сэтгэлдээ гүн шарх олсон ч өш санаагүй, үзэн ядаагүй. Еховад болон найзууддаа итгэж найдсаар байсан.

12. Ехова Давидад хэрхэн тусалсан бэ?

12 Ехова Давидад хэрхэн тусалсан бэ? Судалж үзвэл, Ехова Давидад хүнд үеийг давах хүч тэнхээ өгснийг мэдэж болно (Дуу. 3:1–8, оршил). Ехова Давидын шийдвэрийг дэмжсэн. Мөн үнэнч найзууд нь хааныгаа хамгаалж тулалдах үед Ехова тэдэнд тусалсан.

13. Хэн нэгэнд гомдсон бол Давидыг хэрхэн дуурайх вэ? (Матай 18:15–17).

13 4Хэрэгжүүлэх. Өөрөөсөө «Би Давидыг хэрхэн дуурайх вэ?» гэж асуугаарай. Тулгамдсан асуудлаа нэн даруй шийдвэрлээрэй. «Матай» номын 18-р бүлэгт бичсэн Есүсийн зөвлөгөөг нөхцөл байдлаасаа хамааран шууд дагах юм уу зарчмыг нь хэрэгжүүлж болно (Матай 18:15–17-г уншина). Гэхдээ сэтгэл хөдлөлдөө автаад яаран бүү шийдвэр гаргаарай. Тайван байж, мэргэн ухаанаар асуудлаа шийдэхэд туслахыг Еховагаас гуйж залбираарай. Найзууддаа итгэхээ бүү болиорой. Харин тэднийхээ тусламжийг хүлээж аваарай (Сур. 17:17). Хамгийн гол нь, Еховагийн Үгэнд байдаг зөвлөгөөг дагаарай (Сур. 3:5, 6).

ПАУЛААС ЮУ СУРАХ ВЭ?

14. 2 Тимот 1:12–16; 4:6–11, 17–22-ыг ямар үед уншвал урамшин зоригжих вэ?

14 Та гэр бүлийнхнийхээ зүгээс эсэргүүцэлтэй тулгараад байна уу? Эсвэл та Еховагийн ард түмний үйл ажиллагааг хязгаарласан юм уу хориглосон улс оронд амьдардаг уу? Хэрэв тийм бол 2 Тимот 1:12–16; 4:6–11, 17–22-ыг c уншаад урамшин зоригжоорой. Паул Библийн энэ хэсгийг шоронд байхдаа бичжээ.

15. Еховад юу гэж залбирах вэ?

15 1Залбирах. Дээрх Библийн зүйлүүдийг уншихаасаа өмнө бэрхшээлийнхээ талаар болон сэтгэл санаа ямар байгаагаа Еховад хэлээрэй. Тодорхой залбираарай. Дараа нь бэрхшээлээ давахад хэрэг болох зарчмуудыг Паулд тохиолдсон явдлаас олж харахад туслахыг Еховагаас гуйгаарай.

16. Паулд юу тохиолдсон бэ?

16 2Төсөөлөх. Та өөрийгөө Паул гээд төсөөлөөрэй. Тэрбээр Ромын шоронд гав гинжтэй хоригдож байна. Урьд нь энд хоригдож байсан ч энэ удаа цаазаар авхуулах гэж байгаагаа мэдэж байгаа. Зарим нөхөд нь түүнийг хаяад явчихсан. Үүний хажуугаар өөрөө бас эцэж туйлджээ (2 Тим. 1:15).

17. Паул яаж болох байсан бэ?

17 Паул өнгөрсөн амьдралаа л бодож, Христийн идэвх зүтгэлтэй дагалдагч болоогүй байсан бол баривчлагдахгүй байх байсан гэж бодож болох байв. Өөрийг нь орхисон Ази мужийнханд уурлан хорсож, улмаар бусад найздаа зэвүүцэж болох л байсан. Гэхдээ тэгээгүй. Паул яагаад найзууддаа ч, Еховад ч итгэж найдсаар байсан бэ?

18. Паул хүнд хэцүү үед яасан бэ?

18 3Эргэцүүлэх. Та өөрөөсөө «Паул бэрхшээлийг хэрхэн давсан бэ?» гэж асуугаарай. Тэрбээр удахгүй үхэх гэж байсан ч гол асуудлыг буюу Еховаг алдаршуулах ёстойгоо хормын төдийд ч мартаагүй. Бас бусдыг хэрхэн урамшуулан зоригжуулах талаар бодсоор байсан. Тогтмол залбирч Еховад найддаг байжээ (2 Тим. 1:3). Өөрийг нь хаяж явсан хүмүүсийн тухай бодоод байгаагүй. Харин хайрын сэтгэлээр дэмжиж тусалж байсан найзууддаа талархлаа илэрхийлсэн. Мөн Бурхны Үгийг судалсаар байсан (2 Тим. 3:16, 17; 4:13). Хамгийн гол нь, Ехова Есүс хоёр өөрийг нь хайрладаг гэдэгт туйлын их итгэж байв. Тэд түүнийг орхиогүй бөгөөд үнэнч үйлчилснийх нь төлөө шагнах гэж байлаа.

19. Ехова Паулд яаж тусалсан бэ?

19 Ехова Паулд Христийн дагалдагч гэдгээсээ болж хавчигдахыг нь анхааруулжээ (Үйлс 21:11–13). Хэрхэн тусалсан бэ? Ехова Паулын залбиралд хариулсан. Түүнээс гадна, Есүс Паултай хамт байж, хүч өгсөн (2 Тим. 4:17). Ехова нөр их хөдөлмөрлөснийх нь төлөө шагнана гэдгээ Паулд батлан хэлжээ. Бас найзуудаар нь туслуулсан.

20. Ром 8:38, 39-ийг санангаа Паулыг хэрхэн дуурайх вэ?

20 4Хэрэгжүүлэх. «Би Паулыг хэрхэн дуурайх вэ?» гэж өөрөөсөө асуугаарай. Бид Паултай адил, итгэл үнэмшлээсээ болж хавчигдах нь гарцаагүй (Марк 10:29, 30). Бэрхшээл тохиолдсон ч үнэнч байхын тулд Еховад найдан залбирч, судлах сайн хэвшлээ алдахгүй байх хэрэгтэй. Бидний хийх ёстой хамгийн чухал зүйлийн нэг бол Еховаг алдаршуулах гэдгийг үргэлж санаж явах ёстой. Ехова биднийг хэзээ ч орхихгүй. Биднийг гэсэн хайрыг нь хэн ч, юу ч хөргөж чадахгүй гэдэгт бат итгэж болно (Ром 8:38, 39-ийг уншина; Евр. 13:5, 6).

БИБЛИД ГАРДАГ БУСАД ХҮНЭЭС СУРАЛЦАХ НЬ

21. Ааяа Хектор хоёрт бэрхшээлээ даван гарахад нь хэний жишээ тус болсон бэ?

21 Бид ямар ч нөхцөлд байсан, Библид гардаг хүмүүсийн тухай судлаад хүч тэнхээ авах боломжтой. Жишээ нь, Японд эхлэгчээр үйлчилдэг Ааяагийн хэлснээр, нийтэд зоригтой дэлгэрүүлдэг болоход нь Ионагийн түүх тус болсон гэнэ. Хектор бол Индонезэд үйлчилдэг залуу Гэрч юм. Эцэг эх нь Гэрч биш ажээ. Харин Еховаг таньж мэдэн, түүнд үйлчлэх хүсэлтэй болоход нь Рутын жишээ нөлөөлжээ.

22. Библид үндэслэсэн жүжиг, «Итгэлийн жишээ» цувралаас ач тус хүртье гэвэл яах хэрэгтэй вэ?

22 Хүч тэнхээ хайрлах Библийн жишээг хаанаас олж болох вэ? Библид гардаг үйл явдлыг амилуулахад манай видео, аудио жүжиг, «Итгэлийн жишээ» цувралууд тус болно. d Сайтар судалж бэлтгэсэн эдгээр материалыг үзэж, сонсож, уншихаасаа өмнө өөртөө хэрэгтэй чухал сургамж олж авахад туслахыг Еховагаас гуйгаарай. Өөрийгөө гол баатар гэж төсөөлөөрэй. Еховагийн энэ үнэнч үйлчлэгчид юу хийсэн, бэрхшээлийг давахад нь Ехова тэдэнд хэрхэн тусалсныг эргэцүүлэн бодоорой. Сурч мэдсэнээ өөрийнхөө нөхцөл байдалд тохируулан хэрэгжүүлээрэй. Тусалж байгаад нь Еховад талархаарай. Мөн бусдыг урамшуулан зоригжуулж, дэмжиж туслах боломжийг хайгаарай. Ийнхүү талархлаа илэрхийлж болно.

23. Исаиа 41:10, 13-ыг харвал Ехова бидэнд юу гэж амладаг вэ?

23 Сатаны атганд байдаг энэ ертөнцийн амьдрал хүнд хэцүү, тэр байтугай дааж давшгүй санагдаж болох юм (2 Тим. 3:1). Гэхдээ санаа зовох, айж сандрах хэрэггүй. Бидэнд юу тохиолдоод байгааг Ехова сайн мэддэг. Биднийг унавал хүчирхэг баруун мутраараа бариад авна гэж амласан (Исаиа 41:10, 13-ыг уншина). Тиймээс бид Бурхны тусламжид бүрэн найдвал Судраас хүч авч, ямар ч бэрхшээлийг давж чадна.

ДУУ 2 Ехова танд баярлалаа

a Ехова үйлчлэгчдээ хайрладаг бөгөөд ямар ч зовлон бэрхшээлийг даван туулахад нь тусалдгийг Библийн олон түүх баталдаг. Уншсан зүйлээсээ ач тус хүртэхийн тулд Библийг хэрхэн судлахыг энэ өгүүллээр үзнэ.

b Библи судлах арга үүгээр хязгаарлагдахгүй. Өөр олон аргыг «Еховагийн Гэрчүүдэд зориулсан судалгааны лавлах» товхимлын «Библи» гэсэн гарчгийн дор байгаа «Библийг уншиж ойлгох нь» хэсгээс үзээрэй.

c «Харуулын цамхаг» судлалын цуглаан дээр унших шаардлагагүй.

d jw.org-оос «Итгэлийн жишээ—Библид гардаг хүмүүс» гэдгийг үзээрэй (БИБЛИЙН СУРГААЛ > ИТГЭЛ гэж орно уу).