Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 10

Суралцагчдыг ахиц гаргаж баптисм хүртэхэд нь хурлаараа тусалъя

Суралцагчдыг ахиц гаргаж баптисм хүртэхэд нь хурлаараа тусалъя

«Эрхтэн бүр ... биеийн өсөлтөд хувь нэмэр оруулдаг» (ЭФ. 4:16).

ДУУ 21 Энэрэнгүй хүмүүс жаргалтай

ТОЙМ a

1, 2. Ахиц дэвшил гаргахад нь суралцагч хүнд хэн туслах вэ?

 «БИБЛИЙН хичээлээс мэдэж авсан зүйл маань надад их таалагддаг байсан. Үнэнийг олсноо ойлгосон юм. Гэхдээ би Гэрчүүдтэй дотносож эхэлснээсээ хойш л шаардлагатай өөрчлөлтүүдийг хийж, ахиц дэвшил гарган, баптисм хүртсэн» гэж Фижид амьдардаг Эми ярьсан юм. Түүний хэлсэн үгээс нэг чухал зүйлийг ойлгож болно. Библийн суралцагч хүн хурлынхантай дотно болохоороо тогтмол ахиц гаргадаг байна.

2 Дэлгэрүүлэгч бүр хурлын «өсөлтөд хувь нэмэр оруулдаг» (Эф. 4:16). Вануатуд амьдардаг Лейлани гэдэг эхлэгч эмэгтэй: «Ганц хүүхэд өсгөхөд тосгоноороо зүтгэдэг гэдэг. Шавь бэлдэхэд ч адилхан гэж би боддог. Нэг хүнийг үнэний зам дээр гаргахын тулд хурлынхан бүгдээрээ зүтгэдэг» гэжээ. Хүүхдийг хариуцлагатай иргэн болгож төлөвшүүлэхэд гэрийнхэн нь, найзууд нь, багш нар нь бүгд дорвитой хувь нэмэр оруулдаг. Ингэхдээ тэд хүүхдийг магтан урамшуулж, чухал чухал юм зааж өгдөг. Үүнтэй адил, дэлгэрүүлэгчид Библийн суралцагч хүнд үнэтэй зөвлөгөө өгч, урмын үг хэлж, үлгэр жишээ үзүүлэх зэргээр ахиц гаргахад нь тусалдаг (Сур. 15:22).

3. Ана Дорин Лейлани гурвын хэлсэн үгээс та юу ойлгож авсан бэ?

3 Бусад дэлгэрүүлэгч суралцагчид тань тусламж үзүүлбэл та яагаад баярлах ёстой вэ? Молдовад тусгай эхлэгчээр үйлчилдэг Ана: «Библийн суралцагчдаа ахиц дэвшил гаргахад нь ганцаараа тусална гэдэг маш хэцүү» гэжээ. Мөн тус улсад амьдардаг Дорин гэдэг тусгай эхлэгч залуу: «Ер нь дэлгэрүүлэгчид миний хэзээ ч бодож байгаагүй зүйлийг суралцагчид маань ярьж өгч, зүрх сэтгэлийг нь хөдөлгөдөг» гэсэн юм. Библийн багш бусад дэлгэрүүлэгчдэд баярлах хэрэгтэйн бас нэг шалтгааныг Лейлани хэлэхдээ: «Гэрчүүд өөрийг нь яаж хайрлаж, санаа тавьж байгааг суралцагч мэдрэхээрээ үнэхээр Еховагийн ард түмний дунд орсноо ойлгодог» гэжээ (Ёох. 13:35).

4. Энэ өгүүллээр юу үзэх вэ?

4 Гэхдээ та: «Би багш нь биш юм чинь өөр хүний суралцагчид яаж туслах юм бэ?» гэж бодож болох юм. Библийн хичээлд уригдвал эсвэл хэн нэгний суралцагч цуглаанд ирдэг болбол юу хийж болох талаар ярилцъя. Мөн ахлагчид суралцагч хүнд ахиц гаргаж баптисм хүртэхэд нь яаж тусалж болохыг үзье.

БИБЛИЙН ХИЧЭЭЛД УРИГДСАН БОЛ

Библийн хичээлд уригдсан бол үзэх материалаа бэлдээрэй (5–7-р догол мөрийг үзээрэй)

5. Та Библийн хичээлд уригдсан бол яах хэрэгтэй вэ?

5 Суралцагчид Бурхны Үгийг ойлгуулахад хичээл удирддаг багш нь гол үүрэгтэй. Хэрэв тэрбээр таныг Библийн хичээлдээ уривал өөрийгөө хамтрагч нь гэж бодоорой. Таны үүрэг бол Библийн багшийг дэмжих явдал юм (Ном. 4:9, 10). Библийн хичээлийг үр өгөөжтэй болгоход та чухам юу хийж болох вэ?

6. Та Библийн хичээлд уригдвал Сургаалт үгс 20:18-д бичсэн зарчмыг хэрхэн хэрэгжүүлэх вэ?

6 Библийн хичээлд бэлдээрэй. Юуны түрүүнд, суралцагчийн талаар багшаас нь асуугаарай (Сургаалт үгс 20:18-ыг уншина). Ингэж асууж болох юм. «Танай суралцагч ямар хүн бэ? Ямар хичээл үзэх вэ? Суралцагчдаа юуг ойлгуулъя гэж бодож байгаа вэ? Хичээлийн үеэр би юу хэлж, хийж болох вэ? Юу хэлж, хийж болохгүй вэ? Суралцагч ахиц дэвшил гаргахад би ямар хувь нэмэр оруулах вэ?». Библийн багш нь суралцагчийнхаа хувийн нууцыг дэлгэхгүй нь мэдээж. Гэхдээ тус болох мэдээллийг хэлж өгнө. Жой гэдэг миссионер Библийн хичээлдээ дэлгэрүүлэгчдийг урихаараа бас ингэдэг ажээ. Тэрбээр: «Ингэж ярилцахлаар тухайн дэлгэрүүлэгч суралцагчид маань яаж санаа тавьж, юуг яаж хэлэхээ мэдэж авдаг» гэжээ.

7. Та Библийн хичээлд уригдвал яагаад бэлдэх хэрэгтэй вэ?

7 Библийн хичээлд уригдсан бол бэлдэх нь сайн (Езр. 7:10). Дээр дурдсан Дорин: «Библийн хичээлд бэлдээд ирсэн дэлгэрүүлэгч суралцагчид маань тус болох жинтэй үг хэлдэг. Үүнд нь би их баярладаг» гэж ярьсан юм. Түүнээс гадна, багшийгаа ч, таныг ч сайн бэлдээд ирснийг суралцагч анзаарах нь дамжиггүй. Энэ нь түүнд сайн үлгэр дуурайл болно. Нямбай бэлдэж амжихгүй бол ядаж гол санааг ойлгож аваарай.

8. Библийн хичээл дээр утга учиртай залбирахын тулд яах хэрэгтэй вэ?

8 Залбирал бол Библийн хичээлийн нэг чухал хэсэг юм. Тиймээс танаар залбируулах болбол юу гэж залбирахаа урьдчилаад бэлдсэн байгаарай. Тэгвэл залбирал тань илүү утга учиртай болно (Дуу. 141:2). Японд амьдардаг Ханаэ Библийн багштай нь хамт ирсэн эмэгтэйн залбирлыг одоо ч санадаг гэнэ. Тэрбээр: «Еховатай ямар дотно юм бэ гэж бодсон. Тэр хүн шиг болмоор санагдсан. Бас залбиралдаа миний нэрийг дурдахад хайрыг нь мэдэрсэн» хэмээн дурсжээ.

9. Яаков 1:19-д бичсэнээр сайн хамтрагч Библийн хичээлийн үеэр яадаг вэ?

9 Библийн хичээлийн үеэр багшид дэм болоорой. Нигерид тусгай эхлэгчээр үйлчилдэг Омамуёови: «Сайн хамтрагч сайн сонсогч байдаг. Хичээлийг багш нь удирдаж байгааг ойлгодог учраас хэтэрхий их юм ярьдаггүй ч тустай үг хэлдэг» гэжээ. Хичээлийн үеэр хэзээ, юу хэлэхээ яаж мэдэх вэ? (Сур. 25:11). Багш суралцагч хоёрыг ярьж байхад анхааралтай сонсоорой (Яаков 1:19-ийг уншина). Тэгвэл тохиромжтой үед туслахад бэлэн байна. Юм хэлэхээсээ өмнө сайн бодоорой. Хэтэрхий их ярихгүй, багшийн яриаг таслахгүй, өөр сэдэв хөндөхгүй байх хэрэгтэй. Харин товчхон тайлбарлаж, жишээ татаж, асуулт асуух зэргээр зааж байгаа санааг тодруулж болох юм. Заримдаа хичээлд нь олигтой нэмэр болж чадахгүй байгаа юм шиг санагдаж магадгүй. Гэсэн хэдий ч суралцагчийг магтаж, чин сэтгэлээсээ санаа тавивал ахиц дэвшил гаргахад нь ихээхэн тус дэм болно.

10. Таны туршлага Библийн суралцагчид хэрхэн тус болж болох вэ?

10 Туршлагаа хуваалцаарай. Тохиромжтой гэж үзвэл, үнэнийг яаж мэдсэнээ, бэрхшээлийг хэрхэн давснаа эсвэл Бурхан яаж тусалж байсныг товчхон ярьж өгч болохгүй нь юу билээ? (Дуу. 78:4, 7). Энэ нь тухайн суралцагчид яг хэрэгтэй зүйл нь байж болох шүү дээ. Жишээлбэл, итгэлийг нь батжуулж магадгүй. Ахиц дэвшил гаргаж баптисм хүртэх хүсэл төрүүлж ч юун магад. Эсвэл бэрхшээлийг давахад нь тус болж болох юм (1 Петр 5:9). Бразилд амьдардаг Габриэл гэдэг эхлэгч Библийн хичээл заалгаж байхад нь юу тус болсныг санадаг ажээ. Тэрбээр: «Ах нарын туршлагыг сонсоод, бидэнд тулгарч байгаа бэрхшээлийг Ехова хардгийг ойлгосон. Тэд давж чадсан юм бол би ч чадна» гэж ярьсан юм.

БИБЛИЙН СУРАЛЦАГЧ ЦУГЛААНД ЯВДАГ БОЛБОЛ

Бид бүгдээрээ эрвийх дэрвийхээрээ тусалбал суралцагч цуглаанд тогтмол ирэх хүсэлтэй болно (11-р догол мөрийг үзээрэй)

11, 12. Цуглаанд ирж байгаа суралцагчийг яагаад халуун дотноор угтаж авах хэрэгтэй вэ?

11 Библийн суралцагч ахиц гаргаад баптисм хүртье гэвэл цуглаанд тогтмол явж, ач тусыг нь хүртэх шаардлагатай (Евр. 10:24, 25). Багшийнхаа урилгаар анх удаа цуглаанд ирэхэд нь бид бүгдээрээ түүнийг магтаж, цуглаанд тогтмол явах хүсэл төрүүлж болно. Чухам яаж?

12 Халуун дотноор хүлээж аваарай (Ром 15:7). Хэрэв суралцагчийг найрсгаар угтан авбал цуглаанд байнга явах хүсэлтэй болох биз ээ. Эвгүй байдалд оруулахгүйгээр халуун дотноор мэндчилж, хүмүүстэй танилцуулаарай. Багш нь санаа тавина биз гээд бүү орхиорой. Яагаад гэвэл багш нь ирж амжаагүй юм уу хурлын ажил хийгээд завгүй байж магадгүй шүү дээ. Тиймээс суралцагчтай нь ярилцаарай. Яриаг нь сайтар сонсож, санаа тавиарай. Ийм найрсаг байх нь ямар үр дүнтэй вэ? Хэдхэн жилийн өмнө баптисм хүртсэн, одоо туслах үйлчлэгч Дмитрийгийн туршлагыг ярилцъя. Тэрбээр анх цуглаанд ирснээ дурсан «Танхимын гадаа сандраад зогсож байтал, нэг ах намайг хараад танхимд дагуулж орсон. Олон хүн над дээр ирж мэндэлсэн. Үнэхээр гайхсан. Цуглаан надад маш их таалагдсан. Өдөр бүр цуглаантай бол мөн сайхан аа гэж бодсон. Би ийм юм урьд нь хэзээ ч үзэж байгаагүй» гэжээ.

13. Таны биеэ авч явах байдал Библийн суралцагчид ямар нөлөө үзүүлэх вэ?

13 Сайн үлгэр дуурайл болоорой. Таныг биеэ зөв авч явбал Библийн суралцагч үнэнийг олсон гэдэгтээ улам бүр итгэнэ (Мат. 5:16). Молдовад эхлэгчээр үйлчилдэг Виталий: «Би хурлынхныг яаж амьдардаг, бодож сэтгэдэг, биеэ авч явдгийг ажигласан юм. Тэгээд Еховагийн Гэрчүүдийг үнэхээр Бурхантай хамт алхдаг юм байна гэдэгт итгэсэн» гэж ярьжээ.

14. Таны үлгэр жишээ Библийн суралцагчдад байнга ахиц дэвшил гаргахад нь хэрхэн тус болох вэ?

14 Суралцагч баптисм хүртэх шаардлага хангая гэвэл мэдсэнээ ажил хэрэг болгох ёстой. Энэ нь тийм амар биш. Харин Библийн зарчмыг хэрэгжүүлээд ач тусыг нь хүртэж байгаа таныг хараад дуурайя гэж бодох биз ээ (1 Кор. 11:1). Дээр дурдсан Ханаэгийн туршлагыг авч үзье. Тэрбээр: «Библиэс мэдсэнээ ажил хэрэг болгоход маань Еховагийн Гэрчүүд надад амьд жишээ болсон. Хүмүүсийг яаж урамшуулан зоригжуулах, яаж уучилж өршөөх, яаж хайраа илэрхийлэхийг би тэднээс сурсан. Тэд бас бусдын талаар дандаа сайнаар ярьдаг байсан. Би тэднийг дуурайх хүсэлтэй болсон» гэжээ.

15. Сургаалт үгс 27:17-г харвал цуглаанд тогтмол явж байгаа суралцагчтай яагаад найз болох хэрэгтэй вэ?

15 Найз нь болоорой. Цуглаанд тогтмол явдаг болсон суралцагчид санаа тавьсаар байгаарай (Флп. 2:4). Дотно танилцаж болохгүй нь юу билээ? Өөрчлөлт гаргаж байгааг нь магтаарай. Эвгүй байдалд оруулахгүйгээр Библийн хичээл, гэр бүл, ажлынх нь талаар асууж болох юм. Ингэж ярилцаад байвал та хоёр улам дотносно. Найз нь болбол ахиц гаргаж баптисм хүртэхэд нь тусална (Сургаалт үгс 27:17-г уншина). Ханаэ одоо байнгын эхлэгчээр үйлчилдэг. Тэрбээр цуглаанд явж эхэлсэн үеэ дурсан «Хурлынхантайгаа дотноссон чинь цуглаанаа тэсэн ядан хүлээдэг болсон. Ядарсан үедээ ч цуглаанд явдаг байж билээ. Шинэ найзуудтайгаа хамт байх нь сайхан санагддаг болж, итгэл үнэмшлийг минь ойшоодоггүй хүмүүстэй найзлахаа больсон. Би Еховатай, Гэрчүүдтэй улам дотносохыг хүссэн учраас баптисм хүртэхээр шийдсэн юм» гэж ярьжээ.

16. Библийн суралцагчид гаднын хүн биш гэдгийг нь мэдрүүлэхийн тулд өөр юу хийх хэрэгтэй вэ?

16 Ахиц гаргаж, шаардлагатай өөрчлөлтүүдийг хийж буй суралцагчид гэр бүлийнхэнтэйгээ байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхийн тулд зочломтгой байгаарай (Евр. 13:2). Молдовад үйлчилдэг Денис суралцагч байсан үеэ дурсан «Еховагийн Гэрчүүд нийтийн арга хэмжээндээ эхнэр бид хоёрыг урьдаг байсан. Ехова яаж тусалсныг ярихаар бидэнд их урамтай санагддаг байсан. Бас Еховад үйлчлэх хүсэл бадарч, сайхан ирээдүй хүлээж байгаа гэдэгт итгэдэг болсон» гэжээ. Суралцагч хүнийг дэлгэрүүлэгч болохоор нь хамт дэлгэрүүлээрэй. Бразилд үйлчилдэг Диего: «Ах нар намайг дэлгэрүүлэх ажилд их урьдаг байсан. Энэ бол тэдэнтэй дотно танилцах хамгийн сайн арга юм билээ. Их ч юм сурсан. Ехова Есүс хоёртой улам дотно болсон» гэж ярьжээ.

АХЛАГЧ НАР ХЭРХЭН ТУСЛАХ ВЭ?

Ахлагч нар чин сэтгэлээсээ санаа тавьдаг бол суралцагчид ахиц гаргана (17-р догол мөрийг үзээрэй)

17. Ахлагч нар Библийн суралцагчдад хэрхэн туслах вэ?

17 Библийн суралцагчдад цаг зав гаргаарай. Ахлагч нар хайрын сэтгэлээр санаа тавьдаг бол суралцагчид ахиц гаргаж баптисм хүртэнэ. Ахлагч та, цуглаанд ирсэн Библийн суралцагчидтай тогтмол ярилцдаг уу? Суралцагч хүн цуглаан дээр хариулах гээд гараа өргөхөд нь нэрээр нь дуудвал тэрбээр өөрт нь анхаарал тавьдгийг мэдэрнэ. Хэрэв дэлгэрүүлэгч Библийн хичээлдээ таныг уривал төлөвлөсөн ажлаа өөрчилж чадах уу? Тэгвэл суралцагч нь таны бодсоноос ч илүү ач тус хүртэнэ. Нигерид амьдардаг Жэки гэдэг эхлэгч: «Суралцагчид маань надтай хамт хичээлд ирсэн хүнийг ахлагч гэдгийг мэдэхээрээ шоконд ордог. Нэг суралцагч: “Манай пастор бол хэзээ ч ингэхгүй. Зөвхөн баян юм уу өөрт нь мөнгө өгдөг хүний л гэрт очно” гэж хэлсэн» гэжээ. Тэр суралцагч нь одоо Гэрчүүдийн цуглаанд явдаг болсон гэнэ.

18. Үйлс 20:28-ыг үзвэл ахлагчид үүргээ хэрхэн биелүүлдэг вэ?

18 Библийн багш нарыг сургаж, урамшуулан зоригжуулаарай. Дэлгэрүүлэгчдийг сайн мэдээ дэлгэрүүлж, шавь бэлдэх ажлыг үр өгөөжтэй хийдэг болоход ахлагч та нарын үүрэг их ээ (Үйлс 20:28-ыг уншина). Дэлгэрүүлэгч Библийн хичээлээ таны хажууд удирдахаас санаа зовж байвал та удирдаарай. Дээр дурдсан Жэки: «Ахлагчид суралцагчдын маань талаар тогтмол асуудаг. Хичээлээ заахад надад хэцүү санагдсан үед тустай зөвлөгөө өгдөг» гэжээ. Ахлагчид Библийн багш нарын урам зоригийг бадраахын тулд их юм хийж чадна (1 Тес. 5:11). Жэки цааш нь «Ахлагчид намайг урамшуулж, нөр их хөдөлмөрийг минь үнэлж байгаагаа хэлэхэд надад сайхан санагддаг. Аагим халуун өдөр аяга хүйтэн ус өгөхөөр ямар байдаг билээ, түүн шиг л сэтгэл сэргэдэг. Тэдний магтаал сайшаал миний итгэлийг батжуулж, шавь бэлдэх ажлаа улам их баяр хөөртэй хийхэд тустай байдаг» гэжээ (Сур. 25:25).

19. Бид юунд баярладаг вэ?

19 Бид яг одоо Библийн хичээлгүй ч ахиц гаргаад баптисм хүртэхэд нь хэн нэгэнд тусалж чадна. Хичээлийн үеэр олон юм ярихгүйгээр сайн бэлдсэн хэдэн үг хэлбэл багшид дэм болно. Цуглаанд ирсэн суралцагчтай найз болохоос гадна сайн жишээ үзүүлж болно. Ахлагчид суралцагчдад цаг зав гаргавал тэд урамшин зоригжино. Мөн багш нарыг нь сургаж, магтвал тэдний урам сэргэнэ. Еховаг хайрлаж, түүнд үйлчлэх хүсэлтэй болоход нь бусдад бага ч атугай тус болсноо мэдэхээс илүү баяр баясгалан байна гэж үү?

ДУУ 139 Үнэнч байхад нь тусалъя

a Зарим маань яг одоо Библийн хичээлгүй байгаа. Гэхдээ бид бүгдээрээ Библийн суралцагч хүнд ахиц гаргаж баптисм хүртэхэд нь тусалж чадна. Үүний тулд дор бүрнээ юу хийж болохыг энэ өгүүллээр ярилцана.