СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 12
Хайр үзэн ядалтаас хүчтэй
«Эдгээр тушаалыг та нарт өгч байгаа минь бие биеэ хайрлаасай гэснийх юм. Ертөнц та нарыг үзэн ядвал урьд өмнө нь намайг үзэн ядаж байсныг санаарай» (ЁОХ. 15:17, 18).
ДУУ 51 Бид Еховад үнэнч
ТОЙМ a
1. Матай 24:9-ийн дагуу, ертөнцийнхөн биднийг үзэн ядвал яагаад гайхах ёсгүй вэ?
БИД хайрлаж, хайрлуулж байхаар бүтээгдсэн. Тиймд хэн нэг нь биднийг үзэн ядахад сэтгэл шархалдаг. Айдаст автах нь ч бий. Европт амьдардаг Жоржина b гэдэг бүсгүй: «14-тэйгөөсөө Еховад үйлчилж эхлэхэд минь ээж намайг үзэн яддаг болсон. Энэ үеэс би шоовдор хүүхэд болж, өөрийгөө сайн хүн гэдэгт эргэлзэж эхэлсэн» гэжээ. Данило: «Намайг Еховагийн Гэрч гэдгээс болж цэргүүд зодож, доромжилж, сүрдүүлэхэд би айж, арчаагүй байдалд орсон» гэж бичжээ. Үзэн ядагдана гэдэг үнэхээр хэцүү. Гэхдээ бид гайхдаггүй. Учир нь «Та нарыг үзэн ядна» гэж Есүс зөгнөсөн (Матай 24:9-ийг уншина).
2, 3. Есүсийн дагалдагчдыг яагаад үзэн яддаг вэ?
2 Энэ ертөнцийнхөн Есүсийн дагалдагчдыг үзэн яддаг. Яагаад? Учир нь бид Есүстэй адил «энэ ертөнцийнх» биш билээ (Ёох. 15:17–19). Бид хүний засгийн газруудыг хүндэлдэг ч шүтдэггүй. Мөн засгийн газрыг төлөөлдөг бэлгэ тэмдэгт мөргөдөггүй. Зөвхөн Еховаг шүтдэг. Бурхан хүн төрөлхтнийг захирах эрхтэй гэдгийг ойлгож, дэмждэг. Харин Сатан болон түүний «үр» Бурхны эрх мэдлийг үгүйсгэдэг (Эх. 3:1–5, 15). Бурхны Хаант төр л хүн төрөлхтний бэрхшээлийг арилгаж, бүх дайснаа удахгүй устгана гэсэн мэдээг бид тунхагладаг (Дан. 2:44; Илч. 19:19–21). Энэ нь даруу хүмүүст сайн мэдээ, хорон муу хүмүүст муу мэдээ юм (Дуу. 37:10, 11).
3 Энэ ертөнцийнхөн биднийг үзэн яддагийн бас нэг шалтгаан юу вэ? Бид Бурхны тогтоосон хэм хэмжээг баримталдаг. Энэ хэм хэмжээ нь ертөнцийнхний улам бүр уруудан доройтож буй ёс суртахуунаас эрс ялгаатай. Жишээ нь өнөөдөр олон хүн ужид самуун явдлыг илт сайшаадаг болжээ. Бурхан Содом, Гоморраг ийм явдлаас нь болж устгасан шүү дээ! (Юуд. 7). Хүмүүс биднийг ёс суртахууны өндөр хэм хэмжээ баримталдгаас болоод шоолж, туйлширсан гэж буруутгадаг (1 Петр 4:3, 4).
4. Үзэн ядалтыг тэвчихэд ямар ямар зан чанар тустай вэ?
4 Үзэн ядалт, доромжлолыг тэвчихэд бидэнд юу тус болох вэ? Ехова тусална гэсэн бат итгэл. Бидний итгэл «хорон муу нэгний бүх галт сумыг унтрааж чаддаг» бамбайтай адил байх ёстой (Эф. 6:16). Гэхдээ дан ганц итгэл хангалтгүй. Хайр бас чухал. Яагаад? Хайрладаг хүн «амархан уурладаггүй». Мөн сэтгэл шархлуулам «бүх юманд тэвчээртэй ханддаг, ... хэзээ ч бууж өгдөггүй» (1 Кор. 13:4–7, 13). Одоо, үзэн ядалтыг тэвчихэд Еховаг хайрладаг, итгэл нэгтнүүдээ хайрладаг, тэр байтугай дайснаа хайрладаг байх нь ямар ач тустайг үзье.
ЕХОВАГ ХАЙРЛАДАГ ХҮН ҮЗЭН ЯДАЛТЫГ ТЭВЧДЭГ
5. Есүс Аавыгаа хайрладаг байсан учраас юуг давсан бэ?
5 Есүс дайснуудынхаа гарт амиа алдахынхаа өмнөх шөнө үнэнч дагалдагчдадаа «Би Эцгээ хайрла[даг тул] ... Эцгийнхээ тушааснаар л хийж байна» гэж хэлжээ (Ёох. 14:31). Тэрбээр Еховад хайртай байсан учраас хүнд бэрх сорилтыг давсан. Бид бас Еховаг хайрладаг бол бэрхшээлийг давж чадна.
6. Ром 5:3–5-ыг үзвэл Еховагийн үйлчлэгчид яадаг вэ?
6 Үйлчлэгчид нь Еховад хайртай учраас хавчлагыг тэвчиж ирсэн. Жишээлбэл Иудейн дээд шүүх дэлгэрүүлэхээ болихыг тушаахад элч нар Бурхныг гэсэн хайрандаа хөтлөгдөн «хүнд бус, Бурханд захирагдсан» (Үйлс 5:29; 1 Ёох. 5:3). Өнөөдөр ч ах дүү нар маань харгис хэрцгий, хүчирхэг засгийн газруудад хавчигддаг. Гэхдээ Еховаг гэсэн хувиршгүй хайрынхаа хүчинд бат зогсож чаддаг. Ертөнцийнхөн биднийг үзэн ядахад бид сэтгэлээр унадаггүй, харин ч баярладаг (Үйлс 5:41; Ром 5:3–5-ыг уншина).
7. Гэрийнхэн маань эсэргүүцвэл бид яах ёстой вэ?
7 Гэр бүлийнхнийхээ эсэргүүцлийг тэвчих нь хамгийн хэцүү байдаг. Үнэнийг сонирхож эхлэхээр гэрийнхэн маань биднийг төөрөлдөж байна гэж бодож магадгүй. Эсвэл солиорчээ гэж боддог (Марк 3:21-тэй харьцуулаарай). Зарим нь бүр биед халдах юм уу сэтгэл зүйн дайралт хийж болох юм. Ингэлээ гээд гайхах учиргүй. Есүс: «Хүний дайсан гэрийнхнээс нь гарна» гэж хэлсэн (Мат. 10:36). Гэхдээ гэрийнхэн маань яаж ч хандсан, бид тэднийгээ дайсан гэж үздэггүй. Харин ч Еховаг гэсэн хайр маань гүнзгийрэх тусам хүмүүсийг хайрлах хайр лавширдаг (Мат. 22:37–39). Нөгөөтээгүүр, бид хүнд таалагдахын тулд Бурхны хууль тушаал, зарчмыг хэзээ ч уландаа гишгэхгүй.
8, 9. Жоржина ширүүн эсэргүүцлийг хэрхэн тэвчсэн бэ?
8 Дээр дурдсан Жоржинаг ээж нь хэчнээн ширүүн эсэргүүцсэн ч тэрбээр бат зогсож чаджээ. Жоржина: «Ээж бид хоёр Гэрчүүдээр Библийн хичээл заалгаж эхэлсэн юм. Гэвч намайг 6 сарын дараа цуглаанд явах гэтэл ээжийн хандлага эрс өөрчлөгдсөн. Ээж тэрслэгчидтэй холбоо тогтоосон юм билээ. Тэгээд надтай ярихдаа тэдний хэлдэг үгийг хэлж байсан. Бас намайг доромжилж, багалзуурдаж, үсийг минь зулгааж, ном хэвлэлийг минь гаргаж хаясан. Би 15 хүрээд баптисм хүртсэн. Ээж намайг Еховад үйлчлэхийг болиулах гэж хичээж байлаа. Хар тамхи татдаг, гэмт хэрэг үйлддэг хүүхдүүдийг хүмүүжүүлдэг газар намайг нэг хэсэг байлгасан. Хайрлан халамжилж, асран хамгаалах ёстой хүн маань эсэргүүцэхэд үнэхээр хэцүү юм билээ» гэж ярьжээ.
9 Жоржина энэ хүнд үеийг хэрхэн давсан бэ? Тэрбээр: «Ээжийг над руу дайрч давшилсан яг тэр өдөр би Библиэ бүгдийг нь уншиж дуусаад байлаа. Үнэнийг олсон гэдэгтээ бүрэн итгэж, Еховатай маш дотно болсноо мэдэрсэн. Би байнга залбирдаг, Ехова залбирлыг маань сонсдог байсан. Намайг хүүхэд хүмүүжүүлэх байранд байх үед нэг эгч гэртээ уриад, хамт Библи судалсан. Тэр бүх хугацаанд би цуглаанд очоод итгэл нэгтнүүдээсээ хүч авдаг байсан. Тэдний ачаар нэг гэр бүлийнхэн гэдгээ мэдэрсэн. Эсэргүүцэгч маань хэн ч байлаа гэсэн Ехова хавьгүй илүү хүчтэйг би ойлгосон» гэж ярьсан байна.
10. Бид юунд итгэлтэй байж болох вэ?
10 «Бурхан биднийг Эзэн Христ Есүсээр маань дамжуулан хайрлахад» юу ч саад хийж чадахгүй гэж элч Паул бичжээ (Ром 8:38, 39). Бид хэсэг зуур зовж болох юм. Гэлээ ч Ехова үргэлж хамт байж, тайвшруулж, хүч өгнө. Жоржинад тохиолдсон явдлыг харвал Ехова бас хайртай итгэл нэгтнүүдээр маань туслуулдаг ажээ.
ИТГЭЛ НЭГТНҮҮДЭЭ ХАЙРЛАДАГ ХҮН ҮЗЭН ЯДАЛТЫГ ТЭВЧДЭГ
11. Есүсийн шавь нар Ёохан 15:12, 13-т дүрсэлсэн хайрыг илэрхийлбэл ямар ач тустай байх вэ? Жишээ хэлнэ үү.
11 Есүс нас барахынхаа өмнөх шөнө шавь нартаа бие биеэ хайрлахыг захижээ (Ёохан 15:12, 13-ыг уншина). Шавь нар нь хувиа бодолгүй бусдыгаа хайрладаг бол эв нэгдэлтэй байна, ертөнцийнхний үзэн ядалтыг тэвчинэ гэдгийг тэрбээр мэдэж байсан. Тесалоник дахь хурлынхныг жишээ болгон ярилцъя. Тэнд хурал байгуулагдсан цагаас гишүүд нь хавчлагад өртжээ. Гэлээ ч тэд үнэнч байж, бие биеэ хайрлах талаар үлгэр дуурайл болсон (1 Тес. 1:3, 6, 7). Паул тэдэнд хайраа илэрхийлсээр байхыг, бүр илүү их хайрлахыг уриалжээ (1 Тес. 4:9, 10). Ингэдэг бол гутарсан хүмүүсийг тайвшруулж, сул дорой хүмүүст тусалж чадах байлаа (1 Тес. 5:14). Тэд зөвлөгөөг нь дагасныг Паулын бичсэн хоёр дахь захидлаас мэдэж болно. Нэг жилийн дараа бичсэн уг захидалдаа Паул: «Та нар ... бие биеэ илүү их хайрладаг болж байгаа» гэжээ (2 Тес. 1:3–5). Тесалоник дахь дагалдагчид бие биеэ хайрладаг байсны хүчинд хавчлага эсэргүүцэл, хүнд бэрхийг давж чадсан.
12. Дайны үед ах дүү нар маань бие биедээ хэрхэн хайраа илэрхийлсэн бэ?
12 Дээр дурдсан Данило болон түүний эхнэрт тохиолдсон явдлыг ярилцъя. Хот нь дайнд нэрвэгдсэн ч тэд цуглаандаа явж, чадлынхаа хэрээр дэлгэрүүлж, итгэл нэгтнүүдтэйгээ хоол хүнсээ хуваалцдаг байв. Гэтэл нэг өдөр тэднийд зэвсэглэсэн цэргүүд ирэв. Данило: «Итгэл үнэмшлээсээ няцахыг шаардахад нь би татгалзсан. Тэгтэл тэд намайг зодож, буугаа над руу шагайж, толгой дээгүүр хий буудсан. Дараа ирэхдээ эхнэрийг минь хүчиндэнэ гэж сүрдүүлээд явсан. Харин итгэл нэгтнүүд маань тэр даруй биднийг галт тэргэнд суулгаад өөр хот руу явуулсан юм. Тэднийхээ хайрыг би хэзээ ч мартахгүй. Шинэ хотод ирэхэд тэндхийн ах дүү нар хоол хүнс өгч, намайг ажилтай болгож, бас байр олж өгсөн. Үүний ачаар бид дайны бүсээс дайжиж ирсэн Гэрчүүдийг орогнуулах боломжтой болсон» гэжээ. Христийн дагалдагч бид бие биеэ хайрладаг бол үзэн ядалтыг тэвчинэ гэдгийг энэ явдал харуулж байна.
ДАЙСНАА ХАЙРЛАДАГ ХҮН ҮЗЭН ЯДАЛТЫГ ТЭВЧДЭГ
13. Хүмүүс үзэн ядсан ч Еховадаа тэвчээртэй үйлчлэхэд агуу хүч хэрхэн туслах вэ?
13 Есүс дагалдагчдадаа дайснаа хайрлахыг захижээ (Мат. 5:44, 45). Ингэх нь амархан уу? Амаргүй! Гэхдээ Бурхны агуу хүчний тусламжаар дайснаа хайрлах боломжтой. Бурхны агуу хүчний нөлөөгөөр бий болдог зан чанарын дотор хайраас гадна тэвчээр, сайхан сэтгэл, дөлгөөн зан, биеэ барих ордог (Гал. 5:22, 23). Үзэн ядалтыг тэвчихэд эдгээр зан чанар тустай. Эсэргүүцдэг байсан олон хүн ийм зан чанар илэрхийлдэг нөхрөө, эхнэрээ, хүүхдээ эсвэл хөршөө хараад хандлагаа өөрчилжээ. Зарим нь хайртай ах дүү нар маань болдог. Хэрэв хүмүүс таныг Еховад үйлчилдэг гэж үзэн яддаг бол тэднийг хайрлах нь амаргүй байж мэднэ. Тийм үед агуу хүч гуйж залбираарай (Лук 11:13). Бурханд дуулгавартай байх нь хэзээд зөв байдагт итгээрэй (Сур. 3:5–7).
14, 15. Ширүүн эсэргүүцдэг нөхрөө хайрлахад нь Ром 12:17–21-д бичсэн зүйл Ясминд хэрхэн тус болсон бэ?
14 Ойрх Дорнодод амьдардаг Ясминыг Еховагийн Гэрч болоход нөхөр нь түүнийг мэхлэгдсэн гэж боджээ. Тэгээд Бурханд үйлчлэхийг нь болиулах гэсэндээ эхнэрээ доромжилдог болов. Бас Ясминыг айлгаад өгөөч, гэр бүлээ сүйтгэж байна гэж буруутгаад өгөөч хэмээн ах дүү, хамаатан садан болон сүм хийдийн лам, тэр бүү хэл шидтэнийг ятгажээ. Түүнээс гадна, цуглааны үеэр танхимд орж ирж ах дүү нар луу хашхичсан удаатай! Иймэрхүү явдлаас болоод Ясмин их уйлдаг байв.
15 Танхимд байхад нь Ясминыг итгэл нэгтнүүд нь тайвшруулж, урам зориг өгдөг байв. Ахлагчид Ром 12:17–21-д бичсэнийг хэрэгжүүлэхийг зөвлөжээ (уншина). Ясмин: «Үнэхээр хэцүү байж билээ. Би Еховагаас тусламж гуйсан. Тэгээд Библид бичсэнийг хэрэгжүүлэхийн тулд чадах бүхнээ хийсэн. Жишээлбэл, нөхөр маань гал тогооны шалыг зориуд завааруулахад нь цэвэрлэж, намайг доромжлоход нь дөлгөөхнөөр хариулж, өвдөхөд нь асардаг байсан» гэжээ.
16, 17. Ясминд тохиолдсон явдлаас та юу ойлгосон бэ?
16 Ясмин нөхрөө хайрласаар байсан учраас ивээл хүртжээ. Тэрбээр: «Дандаа үнэнийг ярьдаг надад нөхөр маань илүү их найддаг болсон. Шашны тухай яриа өрнөх үед намайг хүндэтгэн сонсдог, их тайван байдаг болсон. Одоо надад цуглаандаа яваарай гэж хэлдэг. Бид хоёрын харьцаа гайхалтай сайжирсан. Манай гэрт амар тайван ноёлж байна. Би нөхрийгөө үнэнийг хүлээж аваад надтай хамт Еховад үйлчилнэ гэж найддаг» хэмээн ярьжээ.
17 «Хайрладаг хүн бүх юманд тэвчээртэй ханддаг, ... бүх юманд найддаг, хэзээ ч бууж өгдөггүй» гэдгийг Ясминд тохиолдсон явдал харуулдаг (1 Кор. 13:4, 7). Үзэн ядалт хүчтэй ч хайр түүнээс илүү хүчтэй. Хайр хүмүүсийн зүрх сэтгэлийг байлдан дагуулдаг. Мөн Еховаг баярлуулдаг. Эсэргүүцэгчид үзэн ядахаа болихгүй байлаа ч бид жаргалтай байх боломжтой. Яаж?
ҮЗЭН ЯДАГДСАН Ч ЖАРГАЛТАЙ
18. Бид үзэн ядагдсан ч яагаад жаргалтай байх боломжтой вэ?
18 Есүс: «Хүмүүс та нарыг үзэн яда[хад] ... та нар жаргалтай» гэж хэлсэн (Лук 6:22). Үзэн ядалтын бай болж итгэл үнэмшлийнхээ улмаас хавчигдах нь юу нь сайхан байх вэ дээ. Гэхдээ үзэн ядагдсан ч жаргалтай байх боломжтой. Яагаад? Гурван шалтгаан бий. Нэгд, тэвчвэл Бурхны сайшаалыг олно (1 Петр 4:13, 14). Хоёрт, итгэл маань илүү үнэ цэнтэй, улам бат болно (1 Петр 1:7). Гуравт, бид мөнхийн амь гэдэг үнэлж баршгүй шагнал хүртэнэ (Ром 2:6, 7).
19. Элч нар ташуурдуулсан ч яагаад баярласан бэ?
19 Есүсийг амилаад удаагүй байхад элч нар нь түүний ярьж байсан жаргал гэж юу болохыг мэдэрсэн. Тэд ташуурдуулж, дэлгэрүүлж болохгүй гэсэн тушаалыг сонсоод баярлажээ. Яагаад? «Есүсийн нэрнээс болж зовох зохистой хүн гэж тооцогдсон» учраас (Үйлс 5:40–42). Эзнээ хайрлах хайр нь дайснаас айх айдсаас ч илүү хүчтэй байжээ. Элч нар тэр хайраа илэрхийлж сайн мэдээг «тасралтгүй» тунхагласан. Өнөөдөр олон ах дүү маань хүнд бэрхийг үл тоон үнэнч үйлчилж байна. Ехова нэрийнх нь төлөө илэрхийлдэг хайрыг нь ч, үйл хэргийг нь ч мартахгүйг тэд мэддэг (Евр. 6:10).
20. Дараагийн өгүүллээр юу үзэх вэ?
20 Энэ тогтолцоо оршин байгаа цагт ертөнцийнхөн биднийг үзэн ядахаа болихгүй (Ёох. 15:19). Гэхдээ айх шаардлагагүй. Ехова үнэнч хүмүүсээ «хүчирхэгжүүлж, ... хамгаална». Үүнийг дараагийн өгүүллээр үзнэ (2 Тес. 3:3). Тэгэхээр Еховаг, итгэл нэгтнүүдээ, тэр бүү хэл дайснуудаа үргэлж хайрлаж явцгаая. Ингэдэг бол бид эв нэгдэлтэй, бат итгэлтэй байж, Бурхнаа алдаршуулна. Мөн хайр үзэн ядалтаас илүү хүчтэй гэдгийг батална.
ДУУ 3 «Бурхан бол хайр»
a Хэрэв бид Еховаг хайрладаг, итгэл нэгтнүүдээ хайрладаг, тэр бүү хэл дайснуудаа хайрладаг бол ертөнцийнхөнд үзэн ядагдлаа ч тууштай үйлчилж болдгийг энэ өгүүллээр үзнэ. Мөн хүмүүс биднийг үзэн ядсан ч жаргалтай байх боломжтой гэж Есүсийн хэлсэн нь ямар учиртайг ярилцана.
b Нэрсийг өөрчлөв.
c ЗУРГИЙН ТАЙЛБАР: Цэргүүд Данилог сүрдүүлж байна. Итгэл нэгтнүүд нь түүнийг эхнэртэй нь хотоос явуулж байна. Өөр хотынхон тэднийг халуун дотноор угтан авч байна.
d ЗУРГИЙН ТАЙЛБАР: Нөхөр нь Ясминыг эсэргүүцэж байна. Ахлагч нар түүнд зөвлөгөө өгч байна. Тэрбээр сайн эхнэр гэдгээ баталж байна. Нөхрөө өвдөхөд нь асарч байна.