Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 17

Ехова таныг өндөр үнэлдэг!

Ехова таныг өндөр үнэлдэг!

«ЭЗЭН Өөрийн хүмүүсээр бахддаг» (ДУУ. 149:4).

ДУУ 18 Бурхны хайр энэрэл

ТОЙМ a

Тэнгэрийн Эцэг маань бидний хүн нэг бүрээр бахаддаг (1-р догол мөрийг үзээрэй)

1. Ехова өөрийнхөө хүмүүсийн юуг мэддэг вэ?

 ЕХОВА БУРХАН «Өөрийн хүмүүсээр бахддаг» (Дуу. 149:4). Ямар баярламаар үг вэ! Бидний сайхан зан чанаруудыг, ирээдүйд улам сайн хүн болохыг маань мэддэг бөгөөд өөр лүүгээ татдаг. Хэрэв бид Еховад үнэнч байвал тэрбээр бидэнтэй үүрд хамт байна (Ёох. 6:44).

2. Зарим хүн Еховаг өөрт нь хайртай гэдэгт яагаад эргэлздэг вэ?

2 «Би Еховаг ард түмнээ бүхэлд нь хайрладгийг мэддэг. Гэхдээ яг намайг хайрладагт нь яаж итгэх вэ?» гэж зарим хүн бодож болох юм. Яагаад тэр вэ? Хүүхэд насандаа хүнд хэцүү амьдрал туулсан Оксана: b «Би баптисм хүртсэнийхээ дараа эхлэгч болоод үнэхээр баяртай байсан. Гэвч 15 жилийн дараа, хүүхэд байхад минь тохиолдсон аймшигтай явдал санаанд орсон. Тэгээд би Еховагийн сайшаалыг алдсан, өөрийгөө Еховагаар хайрлуулах эрхгүй хүн гэж боддог болсон юм» гэж ярьжээ. Бас хүүхэд насандаа багагүй зовлон үзсэн Юүа гэдэг эхлэгч: «Би Еховаг баярлуулах гэж амь амьдралаа зориулсан ч намайг хэзээ ч хайрлахгүй гэж боддог байсан» гэж хэлсэн юм.

3. Энэ өгүүллээр юу үзэх вэ?

3 Дээр дурдсан үнэнч Гэрчүүдийн адил та бас Еховад маш их хайртай ч таныг хайрладагт эргэлздэг байж болох юм. Ехова танд үнэхээр хайртай гэдэгт яагаад итгэлтэй байх ёстой вэ? Сөрөг бодлоос ангижрахад юу тус болох вэ? Эдгээр асуултын хариуг мэдэж авъя.

ЕХОВАГИЙН ХАЙРАНД ЭРГЭЛЗЭХ НЬ АЮУЛТАЙ

4. Еховаг бидэнд хайртай гэдэгт эргэлздэг бол ямар аюултай вэ?

4 Хайр бол маш хүчтэй хөшүүрэг юм. Хэрэв Ехова биднийг хайрлаж, дэмждэгт эргэлздэггүй бол амьдралд юу ч тохиолдсон Еховад бүхий л зүрхээрээ үйлчилсээр байна. Нөгөө талаас, Еховаг бидэнд санаа тавьдаг гэдэгт эргэлздэг бол бид «сул дорой» болно (Сур. 24:10). Улмаар сэтгэлээр унан, Бурхны хайранд эргэлзэж, Сатаны довтолгооноос өөрийгөө хамгаалж чадахгүйд хүрнэ (Эф. 6:16).

5. Зарим хүн Бурхны хайранд эргэлзээд яасан бэ?

5 Зарим үнэнч итгэл нэгтэн маань Еховагийн хайр халамжид эргэлзэж, яваандаа Бурхантай дотно биш болж байжээ. Жэймс гэдэг ахлагч: «Хэдийгээр би Бетелд, бас гадаад хэлний хуралд үйлчилж сэтгэл хангалуун явдаг байсан ч Еховаг миний үйлчлэлийг үнэхээр таалдаг болов уу гэж боддог байсан. Залбирлыг минь сонсдог гэдэгт хүртэл, нэг хэсэг эргэлзсэн» гэж ярьжээ. Ева гэдэг бүрэн цагаар үйлчилдэг эмэгтэй: «Еховагийн хайранд эргэлзэх нь Еховатай тогтоосон харьцаанд сөргөөр нөлөөлдгийг би ойлгосон. Бүр Еховагийн төлөө ямар нэгэн юм хийх хүсэлгүй, баяр баясгалангүй болдог юм билээ» гэжээ. Байнгын эхлэгч, ахлагч Майкл: «Бурхныг санаа тавьдагт итгэхгүй бол Бурхнаас холдоно» гэж ярьсан юм.

6. Ехова бидэнд хайргүй гэсэн бодол толгойд орж ирвэл яах хэрэгтэй вэ?

6 Дээрх жишээнүүдийг харвал сөрөг юм бодох нь итгэлийг бусниулах аюултай байх нь. Ехова бидэнд хайргүй гэсэн бодол толгойд орж ирвэл яах хэрэгтэй вэ? Энэ бодлоосоо шууд салах ёстой. Үүний тулд «санаа зовсон бодлуудаас» маань ангижруулж «зүрх сэтгэл, ухаан бодлыг ... хамгаалах» «амар тайвныг» өгөөч гэж Еховад залбираарай (Дуу. 94:19; Флп. 4:6, 7). Та ганцаараа биш гэдгээ санаарай. Өөр үнэнч итгэл нэгтнүүд тань бас ийм сөрөг бодолтойгоо тэмцдэг. Тэр битгий хэл, Еховагийн эртний үйлчлэгчид ч ийм бэрхшээлтэй тулгарч байсан. Элч Паулын жишээнээс юунд суралцаж болохыг ярилцъя.

ПАУЛААС ЮУ СУРАХ ВЭ?

7. Паул ямар ямар бэрхшээлтэй тулгарсан бэ?

7 Танд олон үүрэг, ажилдаа дарагдаад яаж бүгдийг нь амжуулна даа гэж санагдах үе байдаг уу? Тийм бол та Паулыг сайн ойлгох биз ээ. Тэрбээр нэг биш, бүх хурлын төлөө санаа зовж байсан (2 Кор. 11:23–28). Та ужиг өвчнөөсөө болоод үе үе баяр хөөргүй болдог уу? Паул бас эрүүл мэндийн асуудалтай байсан бололтой. Библид Паулын талаар «махан биедээ өргөстэй болсон» гэж бичсэн байдаг шүү дээ. Үүнээсээ болоод тэрбээр зовж шаналж, өвчнөөсөө салахыг маш их хүссэн (2 Кор. 12:7–10). Та төгс бусаасаа болоод сэтгэлээр унадаг уу? Паул ч үе үе сэтгэлээр унадаг байсан. Зөв юм хийхийн төлөө байнга тэмцэх хэрэгтэй байсан учраас өөрийгөө «өрөвдөлтэй хүн» гэжээ (Ром 7:21–24).

8. Паул юуны ачаар бэрхшээлээ давж чадсан бэ?

8 Паулд олон бэрхшээл тулгарсан ч сэтгэлийн тэнхээтэй байж Еховад үйлчлэхээ болиогүй. Үүнийх нь нууц юу вэ? Тэрбээр төгс бус гэдгээ сайн мэддэг байсан ч золиосонд бат итгэсэн хэвээрээ байсан. Есүст «итгэдэг хүн бүр мөнх амьдарна» гэсэн Есүсийн амлалтыг ч сайн мэддэг байв (Ёох. 3:16; Ром 6:23). Золиосонд итгэдэг хүмүүсийн тоонд яахын аргагүй Паул орно. Тэрбээр Еховаг дуртайяа уучилдаг Бурхан гэдэгт, тэр байтугай ноцтой нүгэл үйлдээд гэмшсэн хүнийг ч уучилдагт огтхон ч эргэлздэггүй байсан (Дуу. 86:5).

9. Паулын Галат 2:20-д хэлсэн үг бидэнд ямар сургамжтай вэ?

9 Паул, Бурхныг өөрт нь маш их хайртай гэдэгт бат итгэлтэй байсан. Яагаад гэвэл Бурхан Есүсийг өөрийнх нь төлөө явуулж амийг нь золиосолсон гэдгийг тэрбээр мэдэж байв (Галат 2:20-ийг уншина). Паул ямар урамтай үг хэлснийг анхаараарай. Тэрбээр «Бурхны хүү» «намайг хайрлаж миний төлөө амиа өгсөн» гэжээ. Паул өөрийгөө Бурхны хайрыг хүртэхээргүй муу хүн гэж бодоогүй. Өөрөөр хэлбэл «Бурхан итгэл нэгтнүүдийг маань яагаад хайрладгийг би мэддэг. Гэхдээ намайг хайрладаггүй байх» гэж бодож байгаагүй. Паул Ромын итгэл нэгтнүүддээ «биднийг нүгэлтэн байхад Христ бидний төлөө үхсэн» гэж сануулжээ (Ром 5:8). Бурхны хайранд хязгаар гэж үгүй!

10. Ром 8:38, 39-өөс та юу мэдэж авсан бэ?

10 Ром 8:38, 39-ийг уншина. Бурхны хайр хүчтэй гэдэгт Паул бат итгэж байсан. Тийм ч учраас «Бурхан биднийг ... хайрлахад» юу ч «саад хийж чадахгүй» гэж бичжээ. Ехова израйлчуудад маш их тэвчээртэй хандсаныг Паул мэдэж байсан. Бас өөрт нь ч өршөөнгүй хандсаныг мэдэж байв. Паулын бичсэн үг нь үндсэндээ «Ехова миний төлөө Хүүгээ илгээж, амийг нь өгсөн учир надад хайртай гэдэгт нь эргэлзэх шалтгаан байна гэж үү?» гэсэн үг байлаа (Ром 8:32).

Өмнөх алдаа маань Еховад чухал биш. Харин Ехова бидний өнөөдөр юу хийж байгааг, ирээдүйд юу хийхийг чухалчилдаг (11-р догол мөрийг үзээрэй) c

11. Паул 1 Тимот 1:12–15-д дурдсан нүглийг үйлдсэн ч Бурхныг өөрт нь хайртай гэдэгт яагаад итгэлтэй байсан бэ?

11 1 Тимот 1:12–15-ыг уншина. Паул заримдаа өнгөрснөө бодоод сэтгэл нь шаналдаг байсан байх. Тэрбээр өөрийгөө «адгийн муу» нүгэлтэн гэж бичсэн нь санамсаргүй хэрэг биш ээ. Үнэнийг мэдэхээсээ өмнө олон хотод Христийн дагалдагчдыг хайр найргүй хавчиж, заримыг нь шоронд хийсэн бөгөөд заримыг нь цаазаар авахыг дэмжиж явсан (Үйлс 26:10, 11). Эцэг эх нь Паулаас болоод цаазаар авхуулсан, Христийн дагалдагч охид хөвгүүдтэй таарах Паулд ямар хэцүү байсан бол? Паул гаргасан алдаандаа маш их гэмшиж байсан. Гэхдээ өнгөрснийг өөрчлөх боломжгүйг ойлгож байсан. Тэрбээр Христийг өөрийнх нь төлөө амиа өгсөн гэдэгт бат итгэж, «Бурхны нигүүлслээр би одоогийн би болсон» гэж бичжээ (1 Кор. 15:3, 10). Бид юу сурах вэ? Есүс таны төлөө амиа өгч, Еховатай дотносох замыг нээж өгсөн гэдэгт итгээрэй (Үйлс 3:19). Бид Гэрч болсныхоо дараа эсвэл Гэрч болоогүй байхдаа гаргасан өмнөх алдаа маань Еховад чухал биш. Харин Ехова бидний өнөөдөр юу хийж байгааг, ирээдүйд юу хийхийг чухалчилдаг (Ис. 1:18).

12. Хэнд ч хэрэггүй, хайрлуулах зохисгүй мэт санагдсан үед 1 Ёохан 3:19, 20-д бичсэн үг ямар тустай вэ?

12 Есүс таны нүглийг цагаатгахын тулд амиа золиос болгон өгснийг та бодоод «Би ийм бэлэг авах зохисгүй» гэж хэлж магадгүй. Танд яагаад ингэж санагдаж болох вэ? Бид төгс бус зүрхэндээ хууртаад өөрсдийгөө хэнд ч хэрэггүй, хайрлуулах зохисгүй гэж бодож болох юм (1 Ёохан 3:19, 20-ийг уншина). Ийм үед «Бурхан бидний зүрхнээс агуу» гэдгийг санах хэрэгтэй. Ехова биднийг хайрладаггүй, уучилдаггүй гэж бидэнд санагдлаа ч үнэндээ тэнгэрийн Эцэг маань биднийг хайрладаг, бас уучилдаг. Үүнд итгэлтэй байх хэрэгтэй. Ингэхийн тулд Үгийг нь тогтмол судалж, үргэлж залбиран, үнэнч итгэл нэгтнүүдтэйгээ цагийг хамт өнгөрөөх хэвшилтэй байх хэрэгтэй. Энэ нь яагаад чухал бэ?

БИБЛИ СУДЛАХ, ЗАЛБИРАХ, ҮНЭНЧ НАЙЗУУДТАЙ БАЙХЫН АЧ ТУС

13. Бурхны Үгийг судлах нь ямар ач тустай вэ? ( «Бурхны Үг хэрхэн тусалсан бэ?» гэсэн хавсралтыг бас үзээрэй)

13 Өдөр бүр Бурхны үгийг судлаарай. Тэгвэл Еховагийн сэтгэл татам чанаруудыг улам сайн мэдэж авна. Бас таныг хэчнээн их хайрладгийг нь мэдэрнэ. Библийг өдөр бүр уншиж, эргэцүүлэн бодох нь сэтгэл санаа, оюун бодлоо засаж «залруулж» зөв дүгнэлтэд хүрэхэд тусалдаг (2 Тим. 3:16). Өөрийгөө голдог байсан Кэвин гэдэг ахлагч: «Дуулал 103-ыг уншиж эргэцүүлээд үзэл бодлоо засаж, Ехова миний тухай яг юу гэж боддогийг ойлгож авсан» гэжээ. Дээр дурдсан Ева: «Би орой болгон цаг гаргаад Еховагийн үзэл бодлын талаар эргэцүүлэн боддог. Ингэхлээр би тайван болж, итгэл маань батаждаг» гэжээ.

14. Залбирах нь ямар ач тустай вэ?

14 Тогтмол залбираарай (1 Тес. 5:17). Хүмүүс бие биетэйгээ байнга харьцаж сэтгэл зүрхээ уудлан ярилцсаар дотнын найзууд болдог. Еховатай найз болох нь үүнтэй адил юм. Сэтгэлээ уудлан ний нуугүй залбирдаг бол Еховад итгэж найддагаа, бас биднийг хайрладагт нь итгэдгээ харуулж байна гэсэн үг (Дуу. 94:17–19; 1 Ёох. 5:14, 15). Дээр дурдсан Юүа: «Би залбирахдаа тухайн өдөр болсон зүйлээ л хэлээд болчихгүй, бодож санаж байгаа бүхнээ хэлдэг болсон. Тэгээд аажимдаа Ехова надад компанийн захирал шиг биш, хүүхдүүддээ маш их хайртай Эцэг хүн шиг санагддаг болсон юм» гэжээ.

15. Ехова хүн нэг бүрд санаа тавьдаг нь юунаас харагддаг вэ?

15 Үнэнч найзуудтайгаа цагийг өнгөрөөж байгаарай. Учир нь тэд бол Бурхнаас ирсэн бэлэг юм (Яак. 1:17). Тэнгэрийн Эцэг маань бидэнд «ямар ч үед бие биеэ хайрладаг» итгэл нэгтнүүдийг өгч хүн нэг бүрд санаа тавьдгаа харуулсан (Сур. 17:17). Паул Колосай хурлынханд бичсэн захидалдаа өөрийг нь «асар ихээр тайвшруулж», дэмжиж байсан Христийн зарим дагалдагчийг дурдсан (Кол. 4:10, 11). Есүс Христэд ч тусламж хэрэгтэй байсан шүү дээ. Тэрбээр хүмүүс, тэнгэрийн элч гээд найзуудаасаа тусламж дэмжлэг авч тэдэндээ баярлаж талархдаг байсан (Лук 22:28, 43).

16. Үнэнч найзууд маань Еховатай дотно болоход хэрхэн тусалдаг вэ?

16 Та хурлын найзууд гэдэг Еховагийн өгсөн бэлгийн ач тусыг бүрэн дүүрэн хүртдэг үү? Санаа зовоож байгаа асуудлаа төлөвшсөн найздаа ярих нь сул доройн шинж биш юм. Харин ч бидэнд тустай. Дээр дурдсан Жэймсийн үгийг анхаараарай. Тэрбээр: «Бурхантай дотно хүмүүстэй найзлаад би их ач тус хүртсэн. Таагүй бодолд автсан үед тэд маань намайг анхааралтай сонсож, надад хайртайгаа хэлдэг байсан. Тэднийхээ ачаар Еховагийн хайрыг мэдэрч, санаа тавьж байгааг нь ойлгодог» гэсэн юм. Еховатай дотно итгэл нэгтнүүдтэйгээ улам дотносох нь хэчнээн чухал байх нь вэ!

БУРХНААР ХАЙРЛУУЛЖ ЯВААРАЙ

17, 18. Бид хэнийг сонсох ёстой вэ? Яагаад?

17 Сатан биднийг зөв юм хийх гэсэн тэмцэлдээ бууж өгөөсэй гэж хүсдэг. Тэрбээр Еховаг бидэнд хайргүй, биднийг Еховагаар авруулах зохисгүй хүмүүс гэж итгүүлэхийг оролддог. Гэхдээ энэ бол худал гэдгийг ойлгож авлаа.

18 Ехова танд хайртай. Ехова биднийг асар үнэтэй гэж үздэг. Хэрэв та Еховад дуулгавартай байдаг бол Есүс шиг Бурхнаараа үүрд хайрлуулж явна (Ёох. 15:10). Тийм учраас Сатаны үгийг битгий сонсоорой. Еховагийн хайрыг хүртэх зохисгүй хүн гэсэн сөрөг бодол орж ирвэл шууд таягдан хаяарай. Харин бидний хүн нэг бүрийн сайн талыг хардаг Еховаг сонсож байгаарай. Тэрбээр «Өөрийн хүмүүсээр», түүний дотор танаар бахаддаг гэдэгт итгэлтэй байгаарай!

ДУУ 1 Еховагийн бахдам чанарууд

a Зарим итгэл нэгтэн маань Ехова өөрийг нь хайрладагт эргэлздэг. Энэ өгүүллээр, Ехова бидний хүн нэг бүрийг хайрладагт яагаад итгэлтэй байж болохыг үзнэ. Хэрэв хайрладаг гэдэгт нь эргэлздэг бол юу хийхийг бас ярилцана.

b Зарим нэрийг өөрчлөв.

c ЗУРГИЙН ТАЙЛБАР: Өмнө нь Паул олон дагалдагчийг шоронд хийж байсан. Тэрбээр Есүсийг өөрийнх нь төлөө юу хийснийг ойлгоод өөрчлөгдөж, бүр Христийн дагалдагчдад урам зориг өгдөг болсон. Тэдний дунд Паулын хавчлагад өртсөн хүмүүсийн хамаатнууд байсан бололтой.