Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 14

Мөрөөр нь яг таг дагаарай

Мөрөөр нь яг таг дагаарай

«Христ мөрөөрөө яг таг дагуулахын тулд үлгэр дуурайл үлдээн, та нарын төлөө зовлон эдэлсэн» (1 ПЕТР 2:21).

ДУУ 5 Христ бол бидний үлгэр жишээ

ТОЙМ a

Есүс мөрөөрөө яг таг дагуулахын тулд үлгэр дуурайл үлдээсэн (1, 2-р догол мөрийг үзээрэй)

1, 2. Яагаад Есүсийн мөрөөр дагах боломжтой вэ? Тайлбарлана уу.

 ТА ХЭДЭН хүнтэй хамт цасанд битүү хучигдсан, аюултай хээр талд явж байна гэж төсөөлөөрэй. Туршлагатай хөтөч та нарын урд явна. Нэг хартал бараа нь тасарчихав! Гэхдээ мөр нь цасан дээр үлдсэн учир та нар сандарч тэвдэхгүй. Мөрийг нь алдалгүй дагаад явна.

2 Бидний амьдарч буй энэ ёс бус ертөнцийг аюул нүүрлэсэн хээр талтай, Христийн жинхэнэ дагалдагчдыг аянчидтай зүйрлэж болно. Гэхдээ Ехова бидэнд мөрөөр нь яг таг дагах төгс хөтөч Есүс Христийг өгсөн (1 Петр 2:21). Нэгэн Библи судлаачийн тэмдэглэснээр, энэ зүйлд Петр Есүсийг хөтөчтэй зүйрлэжээ. Хөтөч хүн хүмүүсийн урд явж мөрөө үлдээдэг шиг Есүс бидэнд мөрөө үлдээсэн. Одоо гурван асуултыг ярилцъя. Есүсийн мөрөөр дагах гэдэг нь юу гэсэн үг вэ? Яагаад дагах хэрэгтэй вэ? Яаж дагах вэ?

ЕСҮСИЙН МӨРӨӨР ДАГАХ ГЭДЭГ НЬ ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ?

3. Хэн нэгний мөрөөр дагах гэдэг нь юу гэсэн үг вэ?

3 Хэн нэгний мөрөөр дагах гэдэг нь юу гэсэн үг вэ? Библид «явах», «хөл» гэдэг үгээр хүний амьдралын замыг хэлсэн байдаг (Эх. 6:9, 10; Сур. 4:26). Хүний үлдээсэн жишээг мөртэй зүйрлэж болно. Тийм учраас хэн нэгний мөрөөр дагах гэдэг нь үлдээсэн жишээг нь дагах, дуурайх гэсэн үг юм.

4. Есүсийн мөрөөр дагах гэдэг нь юу гэсэн үг вэ?

4 Тэгвэл Есүсийн мөрөөр дагах гэдэг нь юу гэсэн үг вэ? Товчхон хэлбэл, түүний жишээг дагах гэсэн үг. Есүс зовлон зүдүүрийг тэвчих гайхалтай жишээ үлдээснийг Петр энэ өгүүллийн гол зүйлд онцолжээ. Бас өөр олон талаар бид Есүсийг дуурайх боломжтой (1 Петр 2:18–25). Үнэндээ Есүсийн бүхий л амьдралын зам буюу хэлсэн, хийсэн бүхэн нь бидний дагах жишээ юм.

5. Төгс бус хүн Есүсийн төгс жишээг дагаж чадах уу? Тайлбарлана уу.

5 Төгс бус бид Есүсийн жишээг дагаж чадах уу? Тийм ээ, чадна. Петр биднийг Есүсийн «мөрөөр яг таг» дагахыг уриалсныг санаарай. Энэ нь төгс дагана гэсэн үг биш юм. Хэдийгээр бид төгс бус ч түүний мөрийг алдалгүй дагахын тулд чадахыгаа хийдэг бол элч Ёоханы хэлснээр «Есүсийн амьдарсан шиг амьдарна» (1 Ёох. 2:6).

ЯАГААД ЕСҮСИЙН МӨРӨӨР ДАГАХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

6, 7. Есүсийн мөрөөр дагадаг бол Еховатай дотносно гэхийн учир юу вэ?

6 Есүсийн мөрөөр дагавал Еховатай улам дотносно. Яагаад ингэж хэлж болох вэ? Нэгдүгээрт, Есүс Бурхны таалалд нийцүүлж амьдрахын сайхан жишээ үлдээсэн (Ёох. 8:29). Тиймээс түүний мөрөөр дагадаг бол Еховагийн таалалд нийцнэ. Мөн өөртэй нь анд нөхөр болохын тулд чадах бүхнээ хийдэг хүнтэй тэнгэрийн Эцэг маань дотносдог гэдэгт итгэлтэй байж болно (Яак. 4:8).

7 Хоёрдугаарт, Есүс Эцгээ төгс дуурайсан. Тийм учраас Есүс: «Намайг харсан хүн Эцгийг харсан» гэж хэлжээ (Ёох. 14:9). Бид Есүстэй адилхан зан чанартай болж, бусадтай хэрхэн харьцдаг байсныг нь дуурайх учиртай. Жишээлбэл, тэрбээр уяман болон шаналгаат өвчин туссан, дотнын хүнээ үхэлд алдсан хүмүүсийн зовлонг ойлгож өрөвдсөн. Бид Есүсийг дуурайдаг бол Еховаг дуурайж буй хэрэг юм (Марк 1:40, 41; 5:25–34; Ёох. 11:33–35). Еховаг дуурайх тусам түүнтэй улам дотносно.

8. Есүсийн мөрөөр дагавал «ертөнцийг ялна» гэхийн учрыг тайлбарлана уу.

8 Есүсийн мөрөөр дагавал энэ бузар муу ертөнцийн юманд сатаарахгүй. Есүс дэлхий дэх амьдралынхаа сүүлчийн шөнө «Би ертөнцийг ялсан» гэж хэлсэн (Ёох. 16:33). Энэ нь ертөнцийнхний бодол, зорилго, үйл хэргийн нөлөөнд огт автаагүй гэсэн үг байлаа. Еховагийн нэрийг ариусгах гэсэн гол зорилгоор дэлхийд ирснээ Есүс хэзээ ч мартаагүй. Тэгвэл бид нарын хувьд юу хэлж болох вэ? Энэ ертөнцөд бидний анхаарлыг сарниулах зүйл олон бий. Гэхдээ Есүсийн адилаар Еховагийн хүслийг биелүүлэхийг голлон анхаардаг бол бид ч «ертөнцийг ялна» (1 Ёох. 5:5).

9. Мөнх амьдрах замаар тууштай явахын тулд яах ёстой вэ?

9 Есүсийн мөрөөр дагавал мөнх амьдарна. Нэг баян залуу мөнх амьтай болохын тулд яах хэрэгтэйг Есүсээс асуухад «Ирж миний дагалдагч бол» гэж хариулжээ (Мат. 19:16–21). Өөрийг нь Христ гэдэгт итгээгүй зарим иудейчүүдэд «Миний хонь ... намайг дагадаг. Би [тэдэнд] мөнх амь өгнө» гэж Есүс хэлсэн (Ёох. 10:24–29). Сургаалыг нь илүү их мэдэхийг хүссэн Иудейн Дээд шүүхийн гишүүн Никодемд Есүс: «Хүүд итгэдэг хүн ... мөнх амьдарна» гэжээ (Ёох. 3:16). Есүсийн заасныг нь ажил хэрэг болгож, үйлдсэнийг нь үйлддэг бол Есүст итгэдэг гэсэн үг. Ингэдэг бол мөнх амь руу хүргэх замаар тууштай явна (Мат. 7:14).

ЕСҮСИЙН МӨРӨӨР ЯАЖ ЯГ ТАГ ДАГАХ ВЭ?

10. Есүсийг яаж илүү сайн «таньж мэдэх» вэ? (Ёохан 17:3).

10 Есүсийг мөрөөр нь яг таг дагахын тулд эхлээд таньж мэдэх ёстой (Ёохан 17:3-ыг уншина). Есүсийг «таньж мэдэхэд» хязгаар гэж үгүй. Бид түүнтэй улам сайн танилцах хэрэгтэй. Яаж? Зан чанар, үзэл бодол, хэм хэмжээг нь сурч мэдсээр байх ёстой. Бид үнэний зам дээр гараад хэр удаж байгаагаас үл хамааран Ехова болон Хүүг нь «үргэлж таньж мэдэх ёстой».

11. Сайн мэдээний дөрвөн номд юуны тухай гардаг вэ?

11 Ехова Хүүг нь таньж мэдээсэй гэсэндээ хайрандаа хөтлөгдөн Сайн мэдээний дөрвөн номыг Үгэндээ бичүүлсэн. Эдгээр ном Есүсийн амьдрал болон үйлчлэлийн тухай өгүүлдэг. Өөрөөр хэлбэл Есүсийн үг яриа, үйл хэрэг, сэтгэл мэдрэмжийг тодорхой бичсэн байдаг. Тийм учраас эдгээр ном Есүсийн үлдээсэн жишээг сайн «бодож явахад» тустай (Евр. 12:3). Сайн мэдээний дөрвөн номд Есүсийн үлдээсэн мөр байдаг гэж хэлж болно. Тиймээс эдгээр номыг судалбал Есүсийг бүр сайн мэдэж авч, мөрөөр нь яг таг дагаж чадна.

12. Сайн мэдээний дөрвөн номоос хэрхэн ач тусыг нь бүрэн дүүрэн хүртэх вэ?

12 Сайн мэдээний дөрвөн номд бичигдсэн түүхээс ач тусыг нь бүрэн дүүрэн хүртье гэвэл уншаад л болчихгүй. Харин цаг гаргаад анхааралтай судалж, сайн эргэцүүлэн бодох хэрэгтэй (Иошуа 1:8-тай харьцуулаарай). Уншсанаа эргэцүүлэн бодож, ажил хэрэг болгоход тус болох хоёр зөвлөгөөг одоо авч үзье.

13. Сайн мэдээний номд гардаг түүхийг хэрхэн амилуулах вэ?

13 Нэгдүгээрт, Сайн мэдээний номд гардаг түүхийг амилуулаарай. Болж байгаа үйл явдлыг харж, сонсож, мэдрэхийн тулд төсөөлөөрэй. Еховагийн байгууллагаас гаргадаг ном хэвлэлээс судалгаа хийвэл илүү сайн төсөөлөхөд тустай. Тухайн үйл явдлын өмнө болон дараа юу болсныг мэдэж аваарай. Түүнчлэн уншиж байгаа зүйлд гарч буй хүмүүс болон газар нутгийн талаарх мэдээллийг олоорой. Судалж буй түүхээ Сайн мэдээний бусад номд бичсэнтэй нь харьцуулаарай. Учир нь эдгээр номыг бичигчид нэг нэгнийхээ бичээгүй нарийн ширийн зүйлийг тэмдэглэн үлдээсэн байх нь бий.

14, 15. Сурч мэдсэнээ хэрхэн хэрэгжүүлэх вэ?

14 Хоёрдугаарт, сурч мэдсэнээ амьдралдаа хэрэгжүүлээрэй (Ёох. 13:17). Сайн мэдээний номд бичсэн түүхийг сайтар судлаад дараах асуултуудыг өөрөөсөө асуугаарай. «Би энэ түүхээс амьдралдаа хэрэгжүүлэх юу мэдэж авсан бэ? Бусдад тус болох юу мэдэж авсан бэ?» Тодруулбал, яг хэнд тустай байх бол гэж бодоорой. Тэгээд тохиромжтой үед нь эелдгээр ярьж өгөөрэй.

15 Одоо, сүмд байхдаа Есүсийн харсан ядуу бэлэвсэн эмэгтэйн тухай ярилцаж, дээрх хоёр зөвлөгөөг хэрхэн хэрэгжүүлэхийг авч үзье.

ЯДУУ БЭЛЭВСЭН ЭМЭГТЭЙ СҮМД

16. Марк 12:41-д гарч байгаа үйл явдлыг дүрслэн хэлнэ үү.

16 Түүхийг амилуулаарай (Марк 12:41-ийг уншина). Үйл явдлыг төсөөлөн бодоорой. МЭ 33 оны нисан сарын 11. Есүсийн үхэх өдөр ойртсоор. Тэрбээр хүмүүст сургаалаа зааж, бараг өдөржингөө сүмд байв. Шашны удирдагчид түүнийг буруутгах арга чарга хайсаар байлаа. Тэдний зарим нь Есүсийг эрх мэдэлтэй эсэхэд нь эргэлзэн, зарим нь Есүсийг үгээр нь унагаах гэж асуулт асууж байв (Марк 11:27–33; 12:13–34). Одоо Есүс сүмийн өөр хэсэгт иржээ. Эмэгтэйчүүдийн талбай гэдэг энэ хэсэгт хана дагуу байрласан олон эрдэнэсийн сан түүнд илхэн харагдана. Тэрбээр хүмүүсийн өргөл өргөж байгааг ажиглаж суув. Баячууд олон зоос өргөж байлаа. Тэдний зоос чанга жингэнэн эрдэнэсийн санд унаж байгаа нь тод сонсогдох ажээ.

17. Марк 12:42-т гардаг ядуу бэлэвсэн эмэгтэй юу хийсэн бэ?

17 Марк 12:42-ыг уншаарай. Тэгж суутал нэгэн эмэгтэй нүдэнд нь тусав. Тэр эмэгтэй «ядуу бэлэвсэн» ажээ (Лук 21:2). Хоолтой хоолгүй хонодог түүний амьдрал үнэхээр хүнд хэцүү байлаа. Гэсэн хэдий ч эрдэнэсийн санд ойртон очиж, хоёр зоос өргөлөө. Харин жингэнэх дуу бараг гарсангүй. Тухайн үед гүйлгээнд хэрэглэдэг байсан мөнгөний хамгийн ханш багатай лептон гэдэг зоос хоёрыг өргөснийг Есүс мэдэж байв. Энэ мөнгө хүнсэнд хэрэглэдэг хамгийн хямд бор шувууг ч худалдаж авахад хүрэхгүй байв.

18. Марк 12:43, 44-ийг харвал Есүс бэлэвсэн эмэгтэйн өргөлийн талаар юу гэж хэлсэн бэ?

18 Марк 12:43, 44-ийг уншаарай. Бэлэвсэн эмэгтэй Есүст гүн сэтгэгдэл төрүүлэв. Тиймээс шавь нараа дуудаж, эмэгтэйн зүг анхаарлыг нь хандуулаад «Энэ ядуу бэлэвсэн эмэгтэй ... бүх хүнээс илүүг өргөсөн» гэж хэлэв. Тэгээд цааш нь «Тэд [ялангуяа баячууд] бүгдээрээ илүүдлээсээ өгсөн бол энэ эмэгтэй ядуу боловч байгаа бүхнээ, амин зуулгандаа хэрэгтэй бүхнээ өглөө» гэжээ. Энэ үнэнч эмэгтэй өөртөө байсан сүүлчийн мөнгөө өргөсөн нь халамжит Бурхан Ехова өөрт нь санаа тавина гэдэгт итгэдгээ харуулсан хэрэг байлаа (Дуу. 26:3).

Еховад хамгийн сайныгаа өгч байгаа нэгнийгээ Есүсийн адилаар магтаарай (19, 20-р догол мөрийг үзээрэй) b

19. Ядуу бэлэвсэн эмэгтэйн тухай Есүсийн хэлсэн үгээс юу сурч болох вэ?

19 Амьдралдаа хэрэгжүүлээрэй. «Ядуу бэлэвсэн эмэгтэйн талаар Есүсийн хэлсэн үгээс юу мэдэж болох вэ?» гэж өөрөөсөө асуугаарай. Тэр эмэгтэйн тухай эргэцүүлэн бодоорой. Тэрбээр Еховад илүү ихийг өгмөөр байсан нь эргэлзээгүй. Гэсэн ч чадахыгаа буюу хамгийн сайнаа л өгсөн. Бэлэвсэн эмэгтэйн өргөлийг Эцэг нь үнэ цэнтэйд үзсэнийг Есүс мэдэж байлаа. Эндээс нэг чухал юмыг мэдэж авцгаая. Юу гэвэл, биднийг хамгийн сайныгаа өгөхөд буюу бүхий л зүрх, бүхий л амь амьдралаа зориулан үйлчлэхэд Ехова баярладаг (Мат. 22:37; Кол. 3:23). Тэгэхээр биднийг чадах бүхнээ хийхэд Ехова баярладаг гээд бод доо! Цуглаан, дэлгэрүүлэх ажил зэрэгт хүч чадал, цаг заваа чадахаараа зориулдаг биднийг хамгийн сайныгаа өгч байна гэж үздэг.

20. Бэлэвсэн эмэгтэйн түүхээс сурч мэдсэн зүйлээ хэрхэн ажил хэрэг болгох вэ? Жишээ хэлнэ үү.

20 Бэлэвсэн эмэгтэйн түүхээс сурч мэдсэнээ хэрхэн ажил хэрэг болгох вэ? Өөрийнх нь төлөө чадахыгаа хийж байгаа хүнийг хараад Ехова баярладаг тухай хэнд хэлбэл урамшиж зоригжих бол гэж бодож үзээрэй. Жишээлбэл урьдынх шигээ бие сайтай, эрч хүчтэй байхаа больсноосоо болоод өөрийгөө буруутгадаг эсвэл хэнд ч хэрэггүй боллоо гэж боддог настай эгчийг та мэдэх үү? Эсвэл архаг хууч өвчнөөсөө болоод бүх цуглаандаа явж чадахаа больж сэтгэлээр унадаг болсон Гэрч ахыг та мэдэх үү? Тэдэнд «дэм болох сайн юмыг» ярьж байгаарай (Эф. 4:29). Ядуу бэлэвсэн эмэгтэйн түүхээс сурч мэдсэн зүйлээ хуваалцаарай. Бас Еховад чадахыгаа өгч баярлуулдгийг нь сануулж урам зориг хайрлавал тэднийгээ батжуулна (Сур. 15:23; 1 Тес. 5:11). Тэд маань Еховад өгч байгаа юмаа чамладаг байж болох юм. Харин та тэднийг хамгийн сайныгаа өгч байгааг нь хэлж магтдаг бол Есүсийн мөрөөр дагаж буй хэрэг юм.

21. Та яахаар шийдсэн бэ?

21 Сайн мэдээний номуудад Есүсийн амьдралын талаар дэлгэрэнгүй бичсэн байдаг нь хэчнээн талархмаар хэрэг вэ! Үүний ачаар бид Есүсийг дуурайж мөрөөр нь яг таг дагаж чадна. Тийм учраас Сайн мэдээний дөрвөн номыг бие даан эсвэл гэр бүлийн хичээлээрээ судалж болохгүй нь юу билээ? Уншсан зүйлийнхээ ач тусыг нь бүрэн дүүрэн хүртье гэвэл үйл явдлыг төсөөлөн бодож, сурч мэдсэнээ амьдралдаа хэрэгжүүлэх хэрэгтэйг санаж явцгаая. Бид Есүсийн үйл хэргийг дуурайгаад зогсохгүй үг яриаг нь сонсож байх ёстой. Дараагийн өгүүллээр, Есүс нас барахаасаа өмнө юу гэж хэлснийг, хэлсэн үгээс нь юу мэдэж авахыг үзнэ.

ДУУ 148 Та цорын ганц Хүүгээ өгсөн

a Христийн жинхэнэ дагалдагчид түүний «мөрөөр яг таг дагах» учиртай. Есүс ямар «мөр» үлдээсэн бэ? Хариу нь энэ өгүүлэлд бий. Мөн яагаад, яаж мөрөөр нь яг таг дагахыг ярилцана.

b ЗУРГИЙН ТАЙЛБАР: Ядуу бэлэвсэн эмэгтэйн талаар Есүсийн ярьсныг эргэцүүлэн бодож буй эмэгтэй. Дараа нь тэрбээр Еховад өөрийгөө бүрэн зориулж үйлчилдэг настай эгчийг магтан урамшуулж байна.