Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 20

Дэлгэрүүлэхдээ үргэлж өөдрөг байгаарай

Дэлгэрүүлэхдээ үргэлж өөдрөг байгаарай

«Тарь ... гараа бүү буулга» (НОМ. 11:6).

ДУУ 44 Ургацын ажилд баяртай оролцъё

ТОЙМ *

Есүсийг тэнгэрт гарсных нь дараа шавь нар нь Иерусалим, бусад газарт идэвх зүтгэлтэй дэлгэрүүлсэн (1-р догол мөрийг үзээрэй)

1. Есүс дагалдагчдадаа ямар жишээ үлдээсэн бэ? Тэд яаж дуурайсан бэ? (Сэтгүүлийн нүүрэн дэх зургийг үзээрэй).

ЕСҮС дэлхий дээрх үйлчлэлийнхээ туршид хүмүүс өөрийг нь сонсож байгаа эсэхээс үл хамааран дэлгэрүүлсээр байсан. Дагалдагчдаа ч дэлгэрүүлэхдээ өөдрөг байгаасай гэж хүсдэг байв (Ёох. 4:35, 36). Есүсийг байхад шавь нар нь сайн мэдээг идэвх зүтгэлтэй тунхаглаж байжээ (Лук 10:1, 5–11, 17). Гэвч баригдаж алуулсных нь дараа нэг хэсэгтээ дэлгэрүүлэх хүсэлгүй болцгоосон (Ёох. 16:32). Амилсныхаа дараа Есүс шавь нараа урамшуулж, дэлгэрүүлэх ажлаа голлон анхаарахыг уриалжээ. Тэнгэрт гарсных нь дараа тэд туйлын зүтгэлтэй дэлгэрүүлсэн учир дайснууд нь эгдүүцэн «Та нар Иерусалимыг сургаалаараа булж орхилоо» хэмээсэн байдаг (Үйлс 5:28).

2. Ехова дэлгэрүүлэх ажлыг хэрхэн ивээсэн бэ?

2 Нэгдүгээр зуунд Есүс дагалдагчдынхаа дэлгэрүүлэх ажлыг удирдаж, Ехова тэднийг ивээсэн учраас олон хүн сайн мэдээг хүлээн авчээ. Жишээ нь, МЭ 33 оны Тавь дахь өдрийн баяраар 3 000 орчим хүн баптисм хүртсэн (Үйлс 2:41). Түүнээс хойш шавь нарын тоо эрс нэмэгдсээр байв (Үйлс 6:7). Гэхдээ эцсийн өдрүүдэд дэлгэрүүлэх ажил илүү их амжилтад хүрнэ гэж Есүс зөгнөжээ (Ёох. 14:12; Үйлс 1:8).

3, 4. Зарим газар дэлгэрүүлэх яагаад амаргүй байдаг вэ? Энэ өгүүллээр юу үзэх вэ?

3 Бид бүгдээрээ дэлгэрүүлэхдээ өөдрөг байхыг хичээдэг. Зарим улс оронд өөдрөг байх нь тун амархан. Яагаад? Библийн хичээл хийх хүсэлтэй хүн маш олон байдаг тул Гэрчүүдтэй хичээл хийх гэж хүлээдэг гээд бод доо! Гэтэл зарим улс оронд байдал тэс өөр. Хүмүүс нь гэртээ байхаасаа байхгүй нь их, байгаа нэг нь Библид тоомжиргүй ханддаг учир дэлгэрүүлэхдээ өөдрөг байх амаргүй.

4 Хэрэв та дэлгэрүүлэхэд амаргүй газар амьдардаг бол энэ өгүүлэл танд тусална. Яаж аль болох олон хүнтэй уулзах талаар туршлага судлаарай. Бас хүмүүс сайн мэдээг сонссон ч бай үгүй ч бай хэрхэн өөдрөг байхыг мэдэж аваарай.

УУЛЗАХ БОЛОМЖГҮЙ Ч ӨӨДРӨГ БАЙГААРАЙ

5. Орон орны Гэрчүүд ямар бэрхшээлтэй тулгардаг вэ?

5 Айлаар дэлгэрүүлэхдээ хүмүүстэй уулзах нь улам бүр амаргүй болж байна. Зарим дэлгэрүүлэгчийн амьдардаг хэсэгт харуул хамгаалалттай байр, хотхон их байдаг. Тэндхийн хамгаалагч эсвэл жижүүр нь тухайн байрны аль нэг оршин суугчийн урьсан хүнийг л дотогш оруулдаг. Зарим хэсгийн дэлгэрүүлэгчид айлаар ямар ч саадгүй дэлгэрүүлэх боломжтой байдаг ч ихэнх айл нь хүнгүй байдаг. Хүн ам цөөтэй газар юм уу алслагдсан дүүргүүд ч бий. Тэнд ганц хүнтэй уулзах гэж алс хол замыг туулж очоод хоосон хаалга мөргөх нь энүүхэнд! Иймэрхүү саад тулгарсан ч бууж өгч болохгүй. Саадыг давж аль болох олон хүнд дэлгэрүүлэхийн тулд яах хэрэгтэй вэ?

6. Дэлгэрүүлэгч загасчинтай юугаараа адилхан бэ?

6 Есүс дэлгэрүүлэхийг загас барихтай зүйрлэсэн байдаг (Марк 1:17). Загасчид заримдаа хэдэн өдөр юу ч барихгүй явах нь бий. Тэглээ гээд бууж өгдөггүй. Харин загасчлах цаг, газар, аргаа өөрчилдөг. Бид дэлгэрүүлэхдээ үүнийг дуурайх нь зүйтэй. Дараах зөвлөгөөг анхаараарай.

Эзэнгүй айл ихтэй хэсэгт дэлгэрүүлэхдээ цагаа, газраа, аргаа өөрчлөөрэй (7–10-р догол мөрийг үзээрэй) *

7. Дэлгэрүүлэх цагаа өөрчлөх нь ямар үр дүнтэй байж болох вэ?

7 Цагаа өөрчлөөрэй. Явсан хүн ирдэг хойно, хүмүүсийг гэртээ байх үеэр нь очихыг зоривол уулзах боломж нэмэгдэнэ. Олон дэлгэрүүлэгч үдээс хойш юм уу оройн цагаар дэлгэрүүлдэг болоод өмнөхөөсөө олон хүнтэй уулздаг болжээ. Энэ цагаар хүмүүс ярилцахдаа илүү дуртай байдаг давуу талтай. Бас Дэйвид гэдэг ахлагчийн арга барил танд тустай байж болох юм. Дэйвид хэсгээр дэлгэрүүлж дуусаад эзэнгүй байсан айлуудаар дахин явдаг гэнэ. Тэрбээр: «Эзэнгүй байсан айлаар дахиж яваад тийм олон хүнтэй уулзана гэж ерөөсөө бодоогүй» гэсэн байна. *

Эзэнгүй айл ихтэй хэсэгт дэлгэрүүлэхдээ цагаа өөрчлөөрэй (7, 8-р догол мөрийг үзээрэй)

8. Номлогчийн үгс 11:6-д бичсэнийг дэлгэрүүлэх ажилдаа хэрхэн хэрэгжүүлэх вэ?

8 Хүмүүс гэртээ байхгүй байлаа ч бид шантрах ёсгүй. Энэ өгүүллийн Библийн гол зүйл ямар хандлагатай байхыг бидэнд сануулдаг (Номлогчийн үгс 11:6-г уншина). Дээр дурдсан Дэйвид бас шантраагүй юм. Нэг айлд дахин дахин очсоны эцэст айлын хүнтэй уулзаж чадсан байна. Тэр хүн Дэйвидтэй Библийн тухай дуртайяа ярилцаад «Би энд найман жил амьдрахдаа анх удаа л Еховагийн Гэрчтэй уулзаж байна» гэжээ. Дэйвид: «Дахин дахин очиж байж уулзсан хүмүүсийн ихэнх нь сайн мэдээнд нааштай ханддаг юм билээ» гэж ярьсан юм.

Эзэнгүй айлын хүмүүстэй уулзахын тулд газраа өөрчлөөрэй (9-р догол мөрийг үзээрэй)

9. Зарим Гэрч хүмүүсийг хаанаас олж уулздаг вэ?

9 Газраа өөрчлөөрэй. Зарим дэлгэрүүлэгч гэрт нь очсон ч хүмүүстэй уулзаж чаддаггүй учраас дэлгэрүүлэх газраа өөрчилж гудамжаар дэлгэрүүлдэг. Ингэхдээ дугуйтай тавиур ашиглах нь бий. Энэ нь хамгаалалттай байрны оршин суугчидтай уулзаж ярилцах үр дүнтэй арга юм. Түүнчлэн дэлгэрүүлэгчдийн анзаарснаар хүмүүс олон нийтийн газар, тухайлбал цэцэрлэгт хүрээлэн, зах зээл, дэлгүүр хоршоогоор явж байхдаа Гэрчүүдтэй ярилцаж хэвлэл авах дуртай байдаг. Боливид амьдардаг дүүрэг хариуцагч Флоран: «Бид зах, худалдаа үйлчилгээний газруудаар дэлгэрүүлэхдээ ажилчдыг арай завтай байх үед буюу 13:00–15:00 цагийн хооронд очдог. Энэ үеэр яриа өрнүүлж, заримдаа бүр Библийн хичээл эхэлдэг» гэжээ.

Эзэнгүй айл ихтэй хэсэгт дэлгэрүүлэхдээ аргаа өөрчлөөрэй (10-р догол мөрийг үзээрэй)

10. Хүмүүст сайн мэдээг ямар ямар аргаар хүргэж болох вэ?

10 Аргаа өөрчлөөрэй. Та айлын хүнтэй уулзах гэж ахин дахин оролдлоо гэж бодъё. Өөр өөр цагт очсон ч гэртээ байсангүй. Ийм хүнд дэлгэрүүлэх өөр арга бий юү? Катарина: «Би уулзаж чадахгүй байгаа айлын хүнд хэлье гэж бодсоноо захидал болгон бичдэг» гэжээ. Эндээс юу ойлгож авах вэ? Сайн мэдээг хэсгийнхээ хүн бүрд хүргэхийн тулд янз бүрийн аргыг туршаарай.

ТООМЖИРГҮЙ ХАНДСАН Ч ӨӨДРӨГ БАЙГААРАЙ

11. Зарим хүн яагаад бидний хүргэдэг мэдээнд тоомжиргүй ханддаг вэ?

11 Зарим хүн бидний хүргэдэг мэдээнд тоомжиргүй ханддаг. Энэ ертөнц зовлон бэрхшээлээр дүүрэн байгаа учраас Бурханд итгэдэггүй. Бас Библи номлодог шашны удирдагчдын хоёр нүүр гаргадгийг хараад Библийг сонирхдоггүй. Зарим нь ажил алба, гэр бүл, бэрхшээл зовлонгоо анхаараад Библийн тухай бодох ч сөхөөгүй явдаг. Хүмүүс сайн мэдээг үнэлэхгүй байлаа ч яавал баяр хөөртэй хэвээрээ байх вэ?

12. Филиппой 2:4-т бичсэн үгийг дэлгэрүүлэхдээ хэрэгжүүлбэл тустай гэхийн учир юу вэ?

12 Хэсгийнхээ хүмүүст санаа тавиарай. Тоомжиргүй байсан олон хүн өөрт нь чин сэтгэлээсээ санаа тавьж байгааг мэдрээд сайн мэдээг хүлээж авдаг (Филиппой 2:4-ийг уншина). Жишээ нь дээр дурдсан Дэйвид: «Сонирхохгүй гэвэл бид Библи, ном хэвлэлээ далд хийгээд “Уучлаарай, сонирхохгүй байгаагийн тань учрыг мэдэж болох сон болов уу?” гэж эвтэйхэн асуудаг» гэжээ. Өөрт нь санаа тавьж байгааг хүн ер нь анддаггүй. Тийм учраас юу ярьсныг маань санахгүй байж болох ч санаа тавьсныг бол мартахгүй. Айлын хүн бидний яриаг тасаллаа ч бид биеэ авч явах байдлаараа, найрсаг харьцаагаараа санаа тавьж байгаагаа харуулж болно.

13. Бид хүргэж байгаа мэдээгээ айлын хүний хэрэгцээ шаардлагад хэрхэн нийцүүлэх вэ?

13 Бид айлын хүний хэрэгцээ шаардлага, сонирхолд нийцүүлэн мэдээгээ хүргэвэл санаа тавьж байгаа маань харагдана. Жишээлбэл хүүхэдтэйн шинж тэмдэг тухайн айлд байна уу? Тийм бол эх эцэг нь хүүхэд хүмүүжүүлэх юм уу гэр бүлээрээ аз жаргалтай амьдрах зөвлөгөөг сонирхож болох юм. Хаалга нь олон цоожтой юу? Бид энэ ертөнцөд зонхилж буй гэмт хэрэг, айдсын тухай дурдаад, удахгүй энэ бүхэн байхгүй болно гэж яривал айлын хүн сонсож магадгүй. Аль нь ч бай, ярилцаж байгаа хүндээ Библийн зөвлөгөө ач тустай гэдгийг ойлгуулахыг хичээгээрэй. Дээр дурдсан Катарина: «Үнэнийг мэдсэн минь надад хэчнээн их ач тустай байсныг би мэдэрсэн» гэжээ. Тийм учраас Катарина бат итгэлтэй дэлгэрүүлдэг. Ярилцсан хүмүүс нь ч үүнийг анзаардаг.

14. Сургаалт үгс 27:17-д бичсэнээр дэлгэрүүлэгчид нэг нэгэндээ хэрхэн туслах вэ?

14 Бусдаас тусламж авч байгаарай. Нэгдүгээр зууны үед Паул Тимотод дэлгэрүүлэх, заах аргыг зааж өгсөн. Тэгээд сурсан аргаа хэрэглэж, бусдад туслахыг уриалсан (1 Кор. 4:17). Бид Тимотыг дуурайж хурлынхаа туршлагатай нэгнээс суралцаж болно (Сургаалт үгс 27:17-г уншина). Шоон гэдэг Гэрч эрэгтэйн жишээг ярилцъя. Тэрбээр хэсэг зуур хөдөө эхлэгчээр үйлчилсэн. Тэндхийн ихэнх хүн өөрийн гэсэн шашинтай бөгөөд түүндээ сэтгэл хангалуун байжээ. Шоон яагаад баяр хөөрөө алдаагүй вэ? «Аль болохоор өөр дэлгэрүүлэгчтэй хамт дэлгэрүүлэхийг хичээдэг байсан. Бид нэг айлаас нөгөө рүү очих замдаа дэлгэрүүлэх чадвараа сайжруулах талаар хэлэлцэнэ. Жишээ нь, сая уулзсан айлын хүнтэй хэрхэн ярилцсанаа, дахин ийм хүнтэй таарвал яахаа зөвлөлддөг байв» гэж ярьжээ.

15. Дэлгэрүүлэхэд залбирал яагаад чухал бэ?

15 Еховагаас тусламж гуйж залбираарай. Дэлгэрүүлэх бүрдээ Еховагаас удирдамж гуйж залбираарай. Түүний агуу хүчний тусламжгүйгээр бидний хэн ч, юу ч хийж чадахгүй (Дуу. 127:1; Лук 11:13). Еховад тодорхой залбираарай. Жишээ нь, сайн мэдээнд нааштай хандах хүнтэй уулзуулж өгөхийг гуйгаарай. Залбирсныхаа дараа уулзсан бүх хүнд дэлгэрүүлэхийг хичээгээрэй.

16. Бие даан судлах нь дэлгэрүүлэх ажилд тустай гэхийн учир юу вэ?

16 Бие даан судлах цаг гаргаарай. Библид “Бурхны сайн, тааламжтай, төгс төгөлдөр хүслийг сайн мэдэж ав” гэж бичсэн байдаг (Ром 12:2). Бурхны тухай үнэнийг мэддэгтээ итгэлтэй байх тусам хүмүүст үнэмшилтэй дэлгэрүүлнэ. Дээр дурдсан Катарина «Библийн үндсэн зарим сургаалд итгэх итгэлээ батжуулах хэрэгтэйгээ би саяхан ойлгосон. Тэгээд Бүтээгч байдаг, Библи үнэхээр Бурхны Үг, Бурхан өөрийг нь төлөөлдөг байгууллагатай гэдэг талаар нягт нямбай судалж, итгэлээ батжуулсан» гэж ярьжээ. Катарина бие дааж судлаад итгэлээ батжуулж, баяр хөөртэй дэлгэрүүлдэг болсон ажээ.

ДЭЛГЭРҮҮЛЭХДЭЭ ӨӨДРӨГ БАЙХЫН УЧИР

17. Есүс дэлгэрүүлэхдээ яагаад өөдрөг байсан бэ?

17 Зарим хүн сайн мэдээг нь сонсохгүй байсан ч Есүс дэлгэрүүлэхдээ өөдрөг байсан. Яагаад? Тэрбээр үнэнийг мэдэх нь маш чухал гэдгийг ойлгож байсан учраас аль болох олон хүнд Хаант төрийн тухай мэдээ дуулгахыг хүсэж байсан. Бас анх ярилцахад тоомжиргүй байсан зарим хүмүүс яваандаа үнэнийг хүлээж авна гэдгийг мэдэж байв. Жишээ нь, гэрийнхэн нь яасан билээ? Есүсийг 3,5 жил үйлчлэх хугацаанд нэг ч дүү нь шавь нь болоогүй (Ёох. 7:5). Харин тэд амилсных нь дараа дагалдагчид нь болсон (Үйлс 1:14).

18. Бид яагаад дэлгэрүүлээд байх хэрэгтэй вэ?

18 Сайн мэдээ сонссон хүмүүсийн хэн нь Библийн үнэнийг хүлээж авахыг бид мэдэхгүй. Заримд нь нэлээд хугацаа шаардлагатай байдаг. Биднийг огт сонсдоггүй байсан хүмүүс ч биеэ авч явах байдал, өөдрөг байгааг маань хараад яваандаа Бурхныг алдаршуулж болох юм (1 Петр 2:12).

19. 1 Коринт 3:6, 7-г үзвэл бид юуг хүлээн зөвшөөрөх ёстой вэ?

19 Бид суулгаж, усалдаг ч Бурхан ургуулдаг гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой (1 Коринт 3:6, 7-г уншина). Етиопт үйлчилдэг Гетахун гэдэг Гэрч эрэгтэй: «Би амьдардаг газартаа ганцаараа 20 жил дэлгэрүүлсэн. Харин одоо 14 дэлгэрүүлэгчтэй болсны 13 нь баптисм хүртсэн дэлгэрүүлэгч юм. Тэдний тоонд эхнэр, гурван хүүхэд маань багтдаг. Цуглаанд дунджаар 32 хүн ирдэг» гэж ярьжээ. Ехова чин сэтгэлтэй хүмүүсийг байгууллагадаа татахыг тэвчээртэй хүлээнгээ дэлгэрүүлж байсандаа Гетахун баяртай байдаг (Ёох. 6:44).

20. Биднийг яагаад аврагчидтай зүйрлэж болох вэ?

20 Еховад бүх хүний амь үнэ цэнтэй. Тэрбээр бидэнд энэ ертөнцийн төгсгөл болтол Хүүтэй нь хамтарч бүх үндэстнээс хүмүүсийг цуглуулах ажилд оролцох завшааныг олгосон (Хаг. 2:7). Дэлгэрүүлэх ажлыг аврах ажилтай, биднийг аврах багийнхантай зүйрлэж болно. Аврах багийнхны зарим нь л уурхайн гүнд дарагдсан ажилчдыг авардаг ч багийнхан бүгдээрээ энэ ажилд оролцсон шүү дээ. Дэлгэрүүлэх ажил үүнтэй яг адилхан. Сатаны ертөнцөөс хэдэн хүн аврагдахыг бид мэдэхгүй. Гэхдээ Ехова тэднийг аврахын тулд хэн нэгнээр маань туслуулна. Боливид амьдардаг Андреас: «Хэрэв нэг хүн Библийн үнэнийг хүлээж аваад баптисм хүртсэн бол энэ нь бид бүгдээрээ хамтарч ажилласны үр дүн гэж би боддог» хэмээн ярьжээ. Бид дэлгэрүүлэх ажлын талаар ийм өөдрөг үзэлтэй байх ёстой. Ингэдэг бол Ехова биднийг ивээнэ, дэлгэрүүлэх ажил маань баяр баясгалангийн эх булаг байх болно.

ДУУ 47 Сайн мэдээг тунхаглая

^ д/м 5 Хүмүүс нь ихэнхдээ гэртээ байдаггүй юм уу сайн мэдээнд тоомжиргүй ханддаг хэсгээр дэлгэрүүлэхдээ яавал өөдрөг хэвээрээ байх вэ? Энэ өгүүлэлд үргэлж өөдрөг байхад тустай хэдэн зөвлөгөө бий.

^ д/м 7 Дэлгэрүүлэгчид энэ өгүүлэлд дурдсан янз бүрийн аргаар дэлгэрүүлэхдээ тухайн улсын хувийн мэдээллийг хамгаалах хуулийг мөрдөх ёстой.

^ д/м 60 ЗУРГИЙН ТАЙЛБАР: (Дээрээс доошоо): Эхнэр нөхөр хоёр хүнгүй айл ихтэй хэсэгт дэлгэрүүлж байна. Эхний айлын хүн ажил дээрээ, дараагийнх нь эмнэлэгт, түүний дараагийнх нь дэлгүүрт байна. Тэд эхний айлын хүнтэй уулзахын тулд орой гэрт нь очжээ. Эмнэлгийн хажууд нийтэд дэлгэрүүлж байхдаа хоёр дахь айлын хүнтэй уулзаж байна. Утсаар дэлгэрүүлэхдээ гурав дахь айлын хүнтэй холбогдож байна.