Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 21

Ехова таныг хүч тэнхээтэй болгоно

Ехова таныг хүч тэнхээтэй болгоно

«Би хүчин мөхөс байхдаа хүчтэй байдаг» (2 КОР. 12:10).

ДУУ 137 Зоригтой байхад туслаач

ТОЙМ *

1, 2. Гэрчүүдэд ямар зовлон бэрхшээл учирдаг вэ?

ЭЛЧ Паул Тимотод Бурхандаа сайн үйлчлээрэй гэж захисан. Энэ нь Христийн дагалдагчдад бас хамаатай (2 Тим. 4:5). Тиймээс бид Паулын зөвлөгөөг дагаж, Бурхандаа хамаг чадлаараа үйлчилдэг. Гэхдээ зовлон бэрхшээл биднийг тойрч гардаггүй. Дэлгэрүүлэх ажилд оролцдог олон итгэл нэгтэнд маань эр зориг гаргах шаардлага тулгардаг (2 Тим. 4:2). Жишээлбэл манай үйл ажиллагааг хязгаарласан эсвэл бүр хориглосон улс оронд амьдардаг ах дүү нарынхаа талаар бодоод үз дээ. Тэд шоронд орох эрсдэлтэй ч дэлгэрүүлдэг!

2 Еховагийн ард түмэнд сэтгэлээр унагах янз бүрийн бэрхшээл учирдаг. Жишээ нь, олон хүн амьдралын наад захын хэрэгцээгээ хангах гэж нөр их хөдөлмөрлөдөг. Тэд дэлгэрүүлэх ажилд илүү их оролцох хүсэлтэй ч хагас, бүтэн сайн болоход ядарч туйлдсан байдаг. Зарим нь өндөр нас, архаг өвчнөөсөө болоод хүссэнээрээ дэлгэрүүлж чаддаггүй. Бүр гэрээсээ ч гарч чадахгүй болсон хүмүүс тэдний дунд бий. Мөн Еховад хэрэггүй болсон мэтээр боддог хүн ч байдаг. Ойрх дорнодод амьдардаг Мэри * гэдэг Гэрч: «Би таагүй бодолд автахлаараа сэтгэлээ засах гэж тэмцээд тэнхээгээ барж, бүр сульдаж гүйцдэг. Тэгээд дэлгэрүүлэх ямар ч тэнхээгүй болсон байдаг учраас өөрийгөө буруутгадаг» гэж ярьжээ.

3. Энэ өгүүллээр юу үзэх вэ?

3 Бидэнд янз бүрийн бэрхшээл учирдаг ч түүнийг даван туулж, өөрт нь чадах чинээгээрээ үйлчлэх хүч тэнхээг Ехова өгдөг. Энэ өгүүллээр Ехова бидэнд хэрхэн тусалдгийг үзнэ. Гэхдээ эхлээд бэрхшээлийг үл тоон сайн үйлчилж ирсэн Паул Тимот хоёрт Ехова хэрхэн тусалсныг ярилцана.

ТАСРАЛТГҮЙ ДЭЛГЭРҮҮЛЭХ ХҮЧ

4. Паулд ямар ямар бэрхшээл тохиолдсон бэ?

4 Паулд янз бүрийн бэрхшээл тохиолдсон. Ялангуяа жанчиж, чулуугаар шидэж, шоронд хорьж байхад тэр бүх зовлонг тэсэх хүч тэнхээ хэрэгтэй байсан (2 Кор. 11:23–25). Заримдаа сэтгэлээр унадаг байснаа ний нуугүй хэлжээ (Ром 7:18, 19, 24). Бас «махан биедээ өргөстэй» гэсэн нь эрүүл мэндийн асуудалтай байсан бололтой. «Өргөсөө» авхуулах гэж Еховагаас хичээнгүйлэн гуйсан байдаг (2 Кор. 12:7, 8).

Паул юуны ачаар тасралтгүй үйлчилж чадсан бэ? (5, 6-р догол мөрийг үзээрэй) *

5. Паулд бэрхшээл учирсан ч юу хийж амжуулсан бэ?

5 Ехова Паулд учирсан бэрхшээлээс нь үл хамааран тасралтгүй үйлчлэх хүч өгсөн. Паул юу хийж амжуулсныг бодож үзээрэй. Жишээ нь, Ромд гэрийн хорионд байхдаа олон хүнд, түүнчлэн төрийн албан тушаалтнуудад сайн мэдээг идэвх зүтгэлтэй дэлгэрүүлсэн (Үйлс 28:17; Флп. 4:21, 22). Мөн торгон цэргүүдэд, өөр дээр нь ирсэн бүх хүнд дэлгэрүүлсэн (Үйлс 28:30, 31; Флп. 1:13). Тэр үед Паул Бурхны агуу хүчээр удирдуулан хэд хэдэн захидал бичсэн. Тэдгээр нь эдүгээ ч Христийн дагалдагчдад ач тустай байдаг. Бас Паулын үлгэр жишээ Ром дахь итгэл нэгтнүүдийг хүчирхэгжүүлсэн учраас тэд «Бурхны үгийг тунхаглахаас айхгүй, бүр ч их зүрх зоригтой» болжээ (Флп. 1:14). Үнэндээ Паул хүч чадал хязгаартайгаа мэдэрдэг байсан ч нөхцөл байдалдаа тохируулан чадах бүхнээ хийсэн. Тийм учраас тухайн нөхцөл байдлаа «сайн мэдээг түгээн дэлгэрүүлэх ... сайхан боломж» гэж бичжээ (Флп. 1:12).

6. 2 Коринт 12:9, 10-т бичсэнээр Паул юуны ачаар тасралтгүй үйлчилж чадсан бэ?

6 Паул дан ганц өөрийн хүчээр бус Бурхны өгдөг хүч чадлаар үйлчилдгээ ойлгодог байсан. Тэгээд «хүчин мөхөс үед» Бурхны хүч «бүрэн илэрдэг» гэж бичжээ (2 Коринт 12:9, 10-ыг уншина). Ехова Паулд агуу хүчээрээ хүч тэнхээ өгсөн учир хавчигдах, шоронд хоригдох зэрэг бэрхшээл тохиолдсон ч тасралтгүй үйлчилж чадсан.

Тимот юуны ачаар тасралтгүй үйлчилж чадсан бэ? (7-р догол мөрийг үзээрэй) *

7. Тимот даалгавраа биелүүлэхийн тулд ямар бэрхшээлийг давах ёстой байсан бэ?

7 Паулын залуу хамтрагч Тимот ч Бурханд сайн үйлчлэхийн тулд агуу хүчинд нь найдах хэрэгтэй байсан. Тэрбээр Паултай хамт удаан хугацаагаар миссионерын аялалд нэг бус удаа явжээ. Түүнээс гадна, Тимот Паулын заавраар итгэл нэгтнүүдээ эргэж, урамшуулан зоригжуулах зорилгоор хурлуудад очдог байсан (1 Кор. 4:17). Тимот өөрийгөө ийм ажил хийх шаардлага хангаагүй хүн гэж бодсон бололтой. Тэгэхээр нь Паул түүнд «Хэн ч чамайг залуу гэж дорд бүү үзэг» гэж хэлсэн байх (1 Тим. 4:12). Тухайн үед Тимот ч махан биедээ өргөстэй буюу «байнга өвддөг» байжээ (1 Тим. 5:23). Гэхдээ сайн мэдээ дэлгэрүүлж, ах дүүдээ үйлчлэхэд нь Ехова агуу хүчээрээ хүч тэнхээтэй болгоно гэдгийг мэддэг байв (2 Тим. 1:7).

ҮНЭНЧ БАЙХ ХҮЧ

8. Өнөөдөр Ехова ард түмнээ хэрхэн тэнхрүүлдэг вэ?

8 Үргэлж үнэнч үйлчлээсэй гэсэндээ Ехова өнөөдөр ард түмэндээ «хэрээс хэтэрсэн хүч» өгдөг (2 Кор. 4:7). Ехова бидэнд залбирал, Библи, итгэл нэгтнүүд болон дэлгэрүүлэх ажлыг өгсөн учраас хүч тэнхээтэй болж, өөрт нь үргэлж үнэнч байдаг. Одоо бидэнд өгсөн дөрвөн зүйлийн тухай ярилцъя.

Еховад залбирдаг бол тэнхэрнэ (9-р догол мөрийг үзээрэй)

9. Залбирал ямар ач тустай вэ?

9 Залбирал тэнхрүүлдэг. Паул «тухай бүрд нь» залбирч байхыг уриалдаг. Энэ үг Эфэс 6:18-д бий. Залбирлын ачаар бид хүч тэнхээтэй болдог. Боливид амьдардаг Жонни ар араасаа дараалсан зовлон туулаад, Еховагаас тусламж авчээ. Түүний эхнэр болон эцэг эх нь зэрэг зэрэг хүнд өвчин тусжээ. Тэднийг асрахад амархан байгаагүй. Ээж нь нас барсан. Харин эхнэр аав хоёрынх нь бие маш удаан хугацааны дараа сайжирсан. Энэ тухай Жонни: «Маш их санаа зовсон үедээ ямар байгаагаа Еховад нэгд нэгэнгүй хэлж залбирахаараа тусламжийг нь мэдэрдэг байсан» гэж ярьжээ. Ехова Жоннид зовлонгоо тэсвэрлэх хүч тэнхээ өгсөн. Боливид ахлагчаар үйлчилдэг Роналд ээжийгээ хорт хавдартай болсныг мэджээ. Тэгтэл ээж нь сарын дараа нас барав. Уй гашуугаа хэрхэн давсан бол? Тэрбээр: «Би сэтгэлээ уудалж Еховад залбирдаг байсан. Ехова намайг хэнээс ч, өөрөөс минь ч илүү ойлгодог» гэжээ. Заримдаа бидэнд маш хэцүү санагдаж, юу гэж залбирахаа ч мэдэхээ больдог. Зүрх сэтгэлд байгаагаа ил гаргаж чадахгүй байсан ч Ехова бидэнд залбирахыг уриалдаг (Ром 8:26, 27).

Еховагийн өгсөн Библийн ачаар тэнхэрнэ (10-р догол мөрийг үзээрэй)

10. Еврей 4:12-т бичсэнээр Библийг уншаад, уншсанаа эргэцүүлэн бодох нь яагаад чухал бэ?

10 Библи тэнхрүүлдэг. Паул Судрыг уншаад тэнхэрч, тайвширдаг байсан. Бид ч ингэх учиртай (Ром 15:4). Бурхны Үгийг уншаад эргэцүүлэн боддог бол уншсан зүйлээ хэрхэн хэрэгжүүлж ач тус хүртэхийг Ехова агуу хүчээрээ ойлгуулдаг (Еврей 4:12-ыг уншина). Дээр дурдсан Роналд: «Би орой болгон Библийг уншдаг зуршилтай болсондоо баяртай байдаг. Еховагийн зан чанар, ард түмнээ хэрхэн халамжилж байсныг нь дандаа эргэцүүлэн боддог. Ингэхлээр дахин хүч тэнхээтэй болдог» гэжээ.

11. Уй гашууд автсан Гэрч эмэгтэй Библийн тусламжаар хэрхэн хүч тэнхээтэй болсон бэ?

11 Бурхны Үгийг эргэцүүлж боддог бол зовлонгийнхоо талаар зөв хандлагатай болдог. Уй гашууд автсан бэлэвсэн эмэгтэй Библийг уншаад ямар ач тус хүртсэнийг мэдэж авъя. Ахлагч түүнд Иов номыг уншихыг зөвлөжээ. Зөвлөснийх нь дагуу Иов номыг уншаад, юуны түрүүнд Иовыг буруутган «Иов оо, чи өөрийнхөө зовлонг л анхаараад байна шүү дээ!» гэж бодов. Гэтэл дараа нь өөрийнхөө хандлагыг яг Иовынх шиг байгаагаа ойлгов. Энэ нь уй гашуугаа давахын тулд үзэл бодлоо өөрчилж, тэнхрэхэд нь тусалжээ.

Ехова итгэл нэгтнүүдээр маань тэнхрүүлдэг (12-р догол мөрийг үзээрэй)

12. Ехова биднийг итгэл нэгтнүүдээр маань хэрхэн хүч тэнхээтэй болгодог вэ?

12 Итгэл нэгтнүүд тэнхрүүлдэг. Хүч тэнхээтэй болоход маань тустай Еховагийн өгсөн бас нэг зүйл бол итгэл нэгтнүүд юм. Паул итгэл нэгтнүүдтэйгээ уулзаж, нэг нэгнээ урамшуулан зоригжуулахыг маш их хүсэж байгаагаа бичжээ (Ром 1:11, 12). Дээр дурдсан Мэри итгэл нэгтнүүдтэйгээ хамт байхыг маш их эрхэмлэдэг ажээ. Тэрбээр: «Зовлонгийн минь талаар огт мэдэхгүй байсан итгэл нэгтнүүдээр маань Ехова туслуулсан. Тэд намайг урамшуулан зоригжуулж, ил захидал бичиж өгсөн. Энэ нь яг хэрэгтэй тусламж байлаа. Минийхтэй адил зовлон туулсан Гэрчүүдтэй ярилцан, тэднээс суралцахад минь тусалсан. Түүнээс гадна, ахлагчид хуралдаа хэрэгтэй хүн гэдгийг минь мэдрүүлсэн» гэж ярьжээ.

13. Бид цуглаантай үед нэг нэгнээ хэрхэн тэнхрүүлэх вэ?

13 Нэг нэгнээ урамшуулан зоригжуулах сайхан боломж цуглаантай үед олддог. Тийм учраас цуглаанд очихоороо хайртайгаа, талархдагаа илэрхийлбэл итгэл нэгтэн тань хүч тэнхээтэй болно. Жишээлбэл, нэг удаа Петр гэдэг ахлагч цуглааны өмнө итгэгч бус ханьтай Гэрч эмэгтэйтэй уулзаад «Та зургаан хүүхэдтэйгээ цуглаанд дандаа хамт ирдэг. Бас хүүхдүүд тань цуглаандаа сайн бэлдсэн байдаг. Энэ нь надад хэчнээн сайхан санагддагийг та лав мэдэхгүй байх даа» гэж хэлжээ. Эмэгтэйн сэтгэл маш их хөдөлж, нулимс цийлэгнүүлэн «Ийм үг л надад маш хэрэгтэй байлаа» гэж талархсан сэтгэлээ илэрхийлжээ.

Ехова биднийг дэлгэрүүлэх ажлаар тэнхрүүлдэг (14-р догол мөрийг үзээрэй)

14. Дэлгэрүүлэхээрээ бид яадаг вэ?

14 Дэлгэрүүлэх ажил тэнхрүүлдэг. Уулзсан хүн болгон Библийн үнэнийг хүлээж авдаггүй ч бид дэлгэрүүлэхээрээ сэтгэл сэргэж, хүч тэнхээтэй болдог (Сур. 11:25). Стэйси гэдэг Гэрч эмэгтэй дэлгэрүүлэхээрээ сэргэж, хүч тэнхээтэй болдгийг биеэрээ мэдэрсэн. Гэр бүлийн гишүүн нь хурлаас хасагдахад сэтгэлээр маш их унасан тэрбээр: «Би сайн тусалж чадаагүй байх аа» гэхээс өөр юм бодож чадахаа болив. Юуны ачаар энэ бэрхшээлийг давж чадсан бэ? Дэлгэрүүлэх ажлын л ачаар! Дэлгэрүүлэхдээ тусламж авах хэрэгтэй хэсгийнхээ хүмүүст анхаарал хандуулдаг байв. Тэрбээр «Тэр үед Ехова надад ахиц дэвшил гаргадаг Библийн суралцагчийг өгсөн. Тэгээд урам сэргэсэн. Үнэндээ дэлгэрүүлэх ажил л хамгийн их тус болсон» гэж ярьжээ.

15. Мэригийн хэлсэн үгээс та юу мэдэж авсан бэ?

15 Нөхцөл байдлаа өөрчилснөөс болоод хүссэнээрээ дэлгэрүүлж чадахгүй байгаа юм шиг санагдах нь бий. Танд бас ингэж санагддаг бол чадахыгаа хийж байгааг тань Ехова хараад баярладгийг санаарай. Мэригийн жишээг дахиад ярилцъя. Гадаад хэлний хуралд шилжсэнээсээ хойш хийж чадах юмаар маруухан юм шиг санагдав. Тэрбээр: «Ердөө л хэдхэн үгтэй оршил хэлэх юм уу Библийн зүйл унших эсвэл танилцуулга өгөх зэргээс хэтрэхгүй болсон байлаа» гэжээ. Тухайн хэлээр сайн ярьдаг хүмүүстэй өөрийгөө харьцуулаад голж байлаа. Гэхдээ дараа нь үзэл бодлоо өөрчилсөн. Тухайн хэлээр тааруухан ярьдаг ч гэсэн Еховад хэрэгтэй хүн гэдгээ, дэлгэрүүлээд л байх ёстойгоо ойлгосон. Тэрбээр: «Амь авардаг үнэн бол гайхалтай энгийн бөгөөд хүний амьдралыг өөрчлөх чадалтай» гэжээ.

16. Гадагшаа гарах боломжгүй хүмүүс яавал хүчтэй болох вэ?

16 Дэлгэрүүлэх хүсэлтэй ч гадагшаа гарч чаддаггүй хүмүүс Еховад үнэ цэнтэй. Тэд Еховагийн ачаар өөрсдийг нь сувилж эмчилдэг, асардаг хүмүүстээ дэлгэрүүлэх боломжтой болдог. Хэрэв одоо хийж байгаагаа урьд нь хийж байсантайгаа харьцуулбал сэтгэлээр унах байх. Гэхдээ Ехова одоо хэрхэн тусалж байгааг ойлговол ямар ч сорилтыг баяртайгаар тэвчих хүчтэй болно.

17. Номлогчийн үгс 11:6-г үзвэл дэлгэрүүлэх ажил маань тэр даруй үр дүнгүй байсан ч бид яагаад дэлгэрүүлээд байх ёстой вэ?

17 Бид тарьсан үрийнхээ аль нь үндэслэж ургахыг мэдэхгүй (Номлогчийн үгс 11:6-г уншина). Жишээ нь 80 орчим настай Барбара гэдэг Гэрч эгч утсаар болон захиагаар тогтмол дэлгэрүүлдэг ажээ. Тэрбээр нэг захиандаа «Бурхан таны төлөө юу хийсэн бэ?» гэдэг гарчигтай, 2014 оны 3-р сарын 1-ний «Харуулын цамхаг» сэтгүүлийг хавсаргажээ. Еховагийн Гэрч байхаа больсон эхнэр нөхөр хоёрт захиагаа илгээснээ өөрөө ч мэдээгүй байна. Тэр хоёр, сэтгүүлийг дахин дахин уншжээ. Нөхөрт нь, Ехова өөртэй нь ярьж байгаа юм шиг санагдсан байна. Тэгээд гэр бүлийн хоёр цуглаанд явдаг болж, эцэст нь 27 жилийн дараа дахин Еховагийн Гэрч болцгоожээ. Ганц л захиа ямар үр дүнтэй байсныг Барбара мэдээд хэчнээн их баярлаж, хүч тэнхээтэй болсныг төсөөлөх аргагүй.

Еховагийн өгдөг 1) залбирал, 2) Библи, 3) итгэл нэгтнүүд, 4) дэлгэрүүлэх ажлын ачаар бид хүч тэнхээтэй болдог (9, 10, 12, 14-р догол мөрийг үзээрэй)

18. Бурхны ачаар хүч тэнхээтэй болохын тулд яах хэрэгтэй вэ?

18 Еховагийн өгдөг залбирал, Библи, итгэл нэгтнүүд, дэлгэрүүлэх ажил зэрэг олон зүйлийн ачаар бид хүч тэнхээтэй болдог. Хэрэв бид дээрх тусламжийг авдаг бол Ехова туслах чадалтай, хүсэлтэй гэдэгт нь итгэдгээ харуулна. «Өөрт нь бүрэн зориулсан зүрх сэтгэлтэй хүмүүст хүчтэй дэмжлэг» болсондоо баяртай байдаг тэнгэрийн Эцэгтээ үргэлж найдаж явцгаая (Ш.дэд 16:9).

ДУУ 17 Гэрчүүд ээ, урагшаа!

^ д/м 5 Бид хэцүү цагт амьдардаг ч Ехова янз бүрээр тусалдаг. Зовлон бэрхшээлийг үл тоон үйлчилж ирсэн Паул Тимот хоёрт Ехова хэрхэн тусалсныг энэ өгүүллээр үзнэ. Өөрт нь тасралтгүй үйлчлэхэд тус болох Еховагийн өгдөг дөрвөн зүйлийн талаар ярилцана.

^ д/м 2 Нэрийг өөрчлөв.

^ д/м 53 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Паул Ромд гэрийн хорионд байхдаа хурлуудад захиа бичиж, өөр дээр нь ирсэн хүмүүст сайн мэдээг дэлгэрүүлсэн. Тимот хурлуудад очиж, итгэл нэгтнүүдээ урамшуулан зоригжуулж байна.

^ д/м 55 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Тимот хурлуудад очиж, итгэл нэгтнүүдээ урамшуулан зоригжуулж байна.