СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 18
Та Есүсээс болж бүдрэх үү?
«Бүдрэх шалтаг надаас олоогүй хүн жаргалтай» (МАТ. 11:6, зүүлт).
ДУУ 32 Тууштай, гуйвшгүй байя!
ТОЙМ *
1. Та яагаад гайхсан бэ?
ТА ҮНЭНИЙГ мэдсэн анхны тэр үеэ санаж байна уу? Библийн сургаал маш энгийн, ойлгомжтой санагдсан нь эргэлзээгүй! Тэгээд хүмүүст дуулгавал тэд дуртайяа сонсож, өнөөгийн амьдрал нь утга учиртай болж, ирээдүйд жаргалтай амьдрах найдвартай болно гэж бодсон нь лавтай (Дуу. 119:105). Харин найз нөхөд, хамаатан садандаа үнэний тухай урам зоригтойгоор ярьж өгтөл яасан бэ? Таны ярьсныг ихэнх нь хүлээж аваагүй. Та ч бүр гайхсан байх.
2, 3. Ихэнх хүн Есүсийг болон мэдээг нь яаж хүлээж авсан бэ?
2 Библийн үнэнийг ярихад хүмүүс сонсохгүй бол бид гайхах учиргүй. Есүс гайхамшиг үйлдэж, Бурхан өөрт нь агуу хүчээ өгдгийг нотолсоор байтал ихэнх хүн түүнийг эс тоосон. Жишээ нь Есүс Лазарыг амилуулсан. Энэ явдал бол дайснууд нь ч үгүйсгэхийн аргагүй гайхамшиг байв. Гэсэн хэдий ч Иудейн шашны удирдагчид Есүсийг Мессиа гэж хүлээн зөвшөөрөөгүй. Харин ч Есүсийг, Лазарыг алахаар хуйвалдсан (Ёох. 11:47, 48, 53; 12:9–11).
3 Ихэнх хүн өөрийг нь Мессиа гэж хүлээн зөвшөөрөхгүйг Есүс мэдэж байсан (Ёох. 5:39–44). Тэрбээр баптисм хүртээгч Ёоханы шавь нарт «Бүдрэх шалтаг надаас олоогүй хүн жаргалтай» гэж хэлж байв (Мат. 11:2, 3, 6, зүүлт). Яагаад ийм олон хүн Есүсийг Мессиа гэж хүлээн зөвшөөрөөгүй вэ?
4. Энэ өгүүллээр юуны тухай үзэх вэ?
4 Энэ болон дараагийн өгүүллээр, I зууны ихэнх
хүн Есүст итгээгүйн хэдэн шалтгааныг авч үзнэ. Бас өнөөдөр олон хүн яагаад бүдэрдгийг ярилцана. Хамгийн гол нь, Есүсээс болж бүдрэх биш, харин ч түүнд бат итгэлтэй байж болохын учрыг мэдэж авна.1) ЕСҮСИЙН ГАРАЛ ҮҮСЭЛ
5. Есүсийг зөгнөсөн Мессиа биш гэж зарим хүн яагаад дүгнэсэн байж магадгүй вэ?
5 Есүсийн хаана төрж өссөнөөс болоод олон хүн бүдэрсэн. Есүсийг сайн багш гэдгийг нь, гайхамшиг үйлддэгийг нь тэд хүлээн зөвшөөрдөг байсан. Гэсэн хэдий ч ядуу мужааны хүү гэж боддог байв. Бас Назар гэдэг жижигхэн хотод өсөж торнижээ. Есүсийн шавь болсон Натанел хүртэл өмнө нь «Назараас ийм хүн гарна гэж үү?» гэж хэлж байсан удаатай (Ёох. 1:46). Есүсийн амьдарч байсан хот нь Натанелд онцгой санагдаагүй бололтой. Эсвэл Мика 5:2-т зөгнөснөөр Мессиа Назарт биш харин Бетлехемд төрөх ёстойг бодсон байж болох юм.
6. Хүмүүс яасан бол Есүсийг Мессиа гэж хүлээн зөвшөөрөх байсан бэ?
6 Библид юу гэж байдаг вэ? Зөнч Исаиагийн зөгнөснөөр, Мессиагийн дайснууд «удам судрынх нь тухай» нарийн ширийн зүйлийг сонирхохгүй байх ажээ (Ис. 53:8, ШЕ). Үнэндээ Библид нарийн ширийн олон зүйлийг бичсэн. Хэрэв хүмүүс цаг гаргаад бүх баримт нотолгоог судалсан бол Есүсийг Бетлехемд төрснийг болон Давид хааны удмаас гарсныг нь мэдэж авах байлаа (Лук 2:4–7). Есүсийн төрсөн газар нь Мика 5:2-т бичсэнтэй тохирдог. Тэгвэл асуудлын гол нь юунд байсан бэ? Хүмүүс баримтад үндэслэхийн оронд дүгнэлт хийх гэж хэтэрхий яарсан. Тийм учраас бүдэрцгээсэн.
7. Өнөөдөр яагаад олон хүн Еховагийн Гэрчүүдийг хүлээн зөвшөөрдөггүй вэ?
7 Өнөөдөр бас адилхан уу? Тийм ээ, адилхан. Еховагийн ард түмний дийлэнх нь жирийн хүмүүс юм. Хүмүүс тэднийг «эрдэм номгүй, эгэл жирийн хүмүүс» гэж үздэг (Үйлс 4:13). Зарим хүн Еховагийн ард түмнийг олонд хүлээн зөвшөөрөгдсөн шашны сургууль төгсөөгүй тул Библийг зааж чадахгүй гэж боддог. Нөгөө зарим нь Еховагийн Гэрчүүдийг «америк шашны урсгал» гэдэг. Харин үнэндээ тэдний ихэнх нь АНУ-д биш, өөр улс оронд амьдардаг билээ. Бас Есүсийг хүлээн зөвшөөрдөггүй гэж боддог хүн ч бий. Олон жилийн турш тэднийг коммунист, Америкийн тагнуул, экстремист гэж үзсээр ирсэн. Ийм юм сонсдог, Еховагийн Гэрчүүдийн тухай үнэнийг мэддэггүй хүмүүс бүдэрдэг.
8. Үйлс 17:11-д бичсэнээр Бурхны үйлчлэгчдийг ялгаж танихын тулд яах хэрэгтэй вэ?
8 Бүдрэхгүйн тулд яах вэ? Баримт нотолгоог судлах хэрэгтэй. Сайн мэдээг бичигчдийн нэг Лук бас ийн шийдэж «бүхнийг эхнээс нь нямбай судлахын» тулд нөр их хөдөлмөрлөсөн. Тэгээд Есүсийн тухай сонссон зүйлүүд нь «үнэн гэдэгт итгээсэй гэсэндээ» бичиж үлдээжээ (Лук 1:1–4). Эртний Берой хотын иудейчүүд Лукийн адилаар Есүсийн тухай анх сонссон зүйлээ үнэн эсэхийг Еврей Судраас нягталсан (Үйлс 17:11-ийг уншина). Тэднийг дуурайх нь зүйтэй. Бурхны ард түмний зааж байгаа зүйлийг Судартай тулгаж үзэхээс гадна Еховагийн ард түмний орчин үеийн түүхийг судлах хэрэгтэй. Хэрэв зохих ёсоор судалдаг бол хүмүүсийн ярианд хууртахгүй.
2) ЕСҮС ОЛНЫ АНХААРЛЫГ ТАТАХ ГЭЖ ГАЙХАМШИГ ҮЙЛДЭЭГҮЙ
9. Есүсийг гайхамшиг үйлдэхээс татгалзахад хүмүүс яасан бэ?
9 Зарим хүн Есүсийн сургаалыг сонссон ч сэтгэл нь ханаагүй юм. Тэгээд илүү ихийг нэхэв. Тэд Есүсийг Мессиа гэдгээ «батлан гайхамшиг үйлд хэмээн шаарджээ» (Мат. 16:1). Даниел 7:13, 14-ийг буруу ойлгосноос ингэж шаардсан байх. Гэхдээ энэ зөгнөлийг биелүүлэх Еховагийн цаг болоогүй байлаа. Мессиа мөн гэдэгт итгэхэд Есүсийн сургаалыг сонсох нь хангалттай байв. Есүс тэдний хүсээд байсан гайхамшгийг үйлдээ ч үгүй, тэд ч бүдэрцгээсэн (Мат. 16:4).
10. Мессиагийн тухай зөгнөсөн Исаиагийн үгийг Есүс хэрхэн биелүүлсэн бэ?
10 Библид юу гэж байдаг вэ? Зөнч Исаиа Мессиагийн тухай «Тэр хашхирахгүй, дуугаа өндөрлөхгүй бөгөөд гудамжинд ч дуугаа сонсгохгүй» гэж бичжээ (Ис. 42:1, 2). Есүс олны анхаарлыг татахгүйгээр дэлгэрүүлдэг байсан. Тэрбээр том том сүм бариагүй, шашны ямар нэгэн цол хэргэмтэйг илтгэх тусгай хувцас өмсөж байгаагүй. Тэрбээр шүүгдэж үхэх сэхэх нь шийдэгдэх гэж байхад Херод хаанд таалагдах гэж гайхамшиг үйлдээгүй (Лук 23:8–11). Есүс заримдаа гайхамшиг үйлддэг байсан ч сайн мэдээг дэлгэрүүлэхийг голлон анхаардаг байв. Тийм ч учраас «Би үүний төлөө ирсэн» гэж шавь нартаа хэлсэн (Марк 1:38).
11. Өнөөдөр зарим хүн яагаад бүдэрдэг вэ?
11 Өнөөдөр бас адилхан уу? Тийм ээ. Урлагийн маш үнэтэй бүтээлүүдээр дүүрсэн том том сүм дуган, өндөр цол хэргэмтэй лам хувраг болон гарал үүсэл, утга учир нь мэдэгдэхгүй ёслол, зан үйл хүмүүсийн анхаарлыг татдаг. Ийм сүмд явдаг хүмүүс Бурхны тухай,
санаа зорилгынх нь тухай мэдэж авч чаддаггүй. Харин манай цуглаанд явдаг хүмүүс Бурхны таалалд нийцүүлэн амьдрахыг сурдаг. Цуглааны танхимууд чамин гоёмсог биш ч энгийн, цэвэрхэн байдаг. Удирдах үүрэг хүлээдэг хүмүүс маань тусгай хувцас өмсдөггүй, цол хэргэмгүй. Сургаал, итгэл үнэмшил маань Библид үндэслэдэг. Гэсэн хэдий ч хүмүүсийн анхаарлыг татахуйц ёслол, зан үйл үйлддэггүй учраас хүмүүс бүдэрдэг. Бас бидний заадаг зүйл тэдний хүссэнтэй нийцдэггүй.12. Еврей 11:1, 6-д тайлбарласнаар бидний итгэл юунд үндэслэх ёстой вэ?
12 Бүдрэхгүйн тулд яах вэ? Элч Паул Ром дахь Христийн дагалдагчдад «Хүн сонсож байж итгэдэг. Харин сонссон юм нь Христийн тухай үг юм» гэж бичжээ (Ром 10:17). Тиймээс бид Библийг судалснаар итгэлтэй болдог. Харин Библид үндэслээгүй ёслол, зан үйл хэчнээн сайхан харагдаж, анхаарал татахуйц байсан ч биднийг итгэлтэй болгодоггүй. «Итгэдэггүй хүн Бурхны таалалд нийцэхгүй» тул бид үнэн зөв мэдлэгт үндэслэн бат итгэлтэй болох хэрэгтэй (Еврей 11:1, 6-г уншина). Үнэнийг олсон гэдэгтээ итгэхийн тулд сүржин, гоё чамин зүйл хүлээх хэрэггүй. Эргэлзэхээ больж, бат итгэлтэй болъё гэвэл Библийн сургаалыг нямбай судлах хэрэгтэй.
3) ЕСҮС ИУДЕЙН ЁС ЗАНШЛЫГ ДАГААГҮЙ
13. Хүмүүс яагаад Есүсийг буруушаасан бэ?
13 Есүсийн шавь нар мацаг барихгүй болохоор баптисм хүртээгч Ёоханы шавь нар гайхжээ. Есүс өөрийг нь амьд байгаа үед ингэх шаардлагагүйг тайлбарласан (Мат. 9:14–17). Гэхдээ фарисайчууд болон бусад эсэргүүцэгчид өөрсдийнхөө ёс заншил, уламжлалыг дагаагүйгээс болоод түүнийг буруушаасан. Мөн Амралтын өдөр өвчтэй хүнийг эдгээлээ гээд уурласан (Марк 3:1–6; Ёох. 9:16). Тэд Амралтын өдрийн хуулийг сахидгаа ам бардам хэлдэг байсан ч сүмд наймаа хийхийг зөвшөөрдөг байв. Есүс үүнийг нь буруушаахад тэд уурлан хорсжээ (Мат. 21:12, 13, 15). Есүс Назарын синагогт дэлгэрүүлж байхдаа тэнд байсан хүмүүсийг аминч, итгэлгүйг нь ойлгуулахын тулд израйлчуудын түүхээс сөхөхөд тэд ихэд уурлав (Лук 4:16, 25–30). Үүнээс бодож үзвэл, хүмүүс Есүсийг бодсоноос нь өөр юм хийж байсан болохоор бүдэрдэг байжээ (Мат. 11:16–19).
14. Библид нийцдэггүй хүний зохиосон ёс заншлыг Есүс яагаад буруутгасан бэ?
14 Библид юу гэж байдаг вэ? Ехова зөнч Исаиагаар «Энэ ард түмэн амаараа ойртон, уруулаараа Намайг хүндлэвч, зүрхээрээ Надаас хол байна. Тэд Намайг эмээн хүндлэхэд захирагчдын тушаалаар суралцжээ» гэж хэлүүлжээ (Ис. 29:13). Есүс Библид нийцдэггүй ёс заншлыг буруутгасан нь зөв байсан. Хүний зохиосон дүрэм журам, ёс заншлыг Библиэс дээгүүр тавьдаг хүмүүс Ехова болон илгээсэн Мессиаг нь үгүйсгэж байгаа хэрэг юм.
15. Олон хүн Еховагийн Гэрчүүдэд яагаад дургүй байдаг вэ?
15 Өнөөдөр бас адилхан уу? Адилхан. Еховагийн Гэрчүүд төрсөн өдөр, Крисмас зэрэг Библийн сургаалтай нийцдэггүй баярыг тэмдэглэдэггүй. Тиймээс олон хүн дургүй байдаг. Бас Библид буруушаасан оршуулгын зан үйл юм уу үндсэрхэг үзлийг дэмжсэн баяр ёслолд оролцдоггүйгээс нь болж зарим хүн уурладаг. Ингэж бүдэрдэг хүмүүс өөрсдийгөө Бурхныг таалалд нь нийцүүлэн шүтэж байна гэж чин сэтгэлээсээ итгэдэг байж магадгүй. Гэхдээ тэд хүний зохиосон ёс заншлыг Библийн сургаалаас илүү үзэхээ болихгүй бол Бурханд таалагдахгүй (Марк 7:7–9).
16. Дуулал 119:97, 113, 163–165-д бичсэнийг үзвэл бид яах ёстой вэ? Юунаас зайлсхийх ёстой вэ?
16 Бүдрэхгүйн тулд яах вэ? Еховагийн хууль зарчмыг улам их хайрладаг болох хэрэгтэй (Дуулал 119:97, 113, 163–165-ыг уншина). Хэрэв бид Еховаг хайрладаг бол таалалд нь нийцдэггүй ёс заншлыг дагахгүй. Еховаг хайрлахад маань юу ч саад болох ёсгүй.
4) ЕСҮС УЛС ТӨРИЙН ӨӨРЧЛӨЛТ ХИЙГЭЭГҮЙ
17. Зарим хүн яагаад бүдэрсэн бэ?
17 Есүсийн үеийн зарим хүн төр засаг нь солигдохыг хүсэн хүлээж байсан юм. Тийм учраас өөрсдийг нь Ромын дарангуйллаас чөлөөлөх хүн бол Мессиа гэж найдаж байжээ. Тэгээд Есүсийг хаанаа болгох гэхэд нь тэрбээр татгалзсан (Ёох. 6:14, 15). Нөгөө зарим нь буюу ромчуудаас тодорхой хэмжээний эрх мэдэл авсан шашны удирдагчид, тахилчид зэрэг хүмүүс Есүсийг улс төрийн өөрчлөлт хийж ромчуудын дургүйг хүргэх вий гэж санаа зовж байв. Ийнхүү улс төрийн талаар санаа зовж байсан олон иудей хүн Есүсээс болж бүдэрсэн юм.
18. Олон иудей Мессиагийн талаарх ямар зөгнөлийг үл ойшоосон бэ?
18 Библид юу гэж байдаг вэ? Зарим зөгнөлд Мессиаг ялгуусан Дайчин болохыг зөгнөсөн байхад заримд нь эхлээд хүн төрөлхтний нүглийн төлөө үхэх ёстойг нь зөгнөжээ (Ис. 53:9, 12). Тэгвэл иудейчүүд Мессиагийн талаар яагаад буруу бодолтой байсан бэ? Тулгамдсан асуудлыг нь тэр даруй шийднэ гэж амлаагүй ямар ч зөгнөлийг тэд үл ойшоосон (Ёох. 6:26, 27).
19. Өнөөдөр олон хүн биднийг яах ёстой гэж бодоод бүдэрдэг вэ?
19 Өнөөдөр бас адилхан уу? Тийм ээ. Өнөөдөр улс төрийн асуудлаар төвийг сахих байр сууриас маань болж олон хүн бүдэрдэг. Биднийг сонгуульд саналаа өгөх ёстой гэдэг. Гэхдээ бид хүмүүн удирдагчийг сонговол Еховад ямар санагдах вэ? Өөрийг нь үгүйсгэсэн гэж үзнэ (1 Сам. 8:4–7). Бас хүмүүс биднийг сургууль, эмнэлэг барих зэрэг хүмүүнлэгийн ажил хийх ёстой гэж болох юм. Бид дэлхийн тулгамдсан асуудлыг шийдэхэд бус, дэлгэрүүлэх ажилд хамаг хүч чадлаа зориулдаг. Тиймээс хүмүүс бүдэрдэг.
20. Матай 7:21–23-т Есүсийн онцолж хэлснээр бид гол нь юуг анхаарах ёстой вэ?
20 Бүдрэхгүйн тулд яах вэ? (Матай 7:21–23-ыг уншина). Есүсийн тушаасан ажлыг голлон хийх ёстой (Мат. 28:19, 20). Энэ ертөнцийн улс төрийн болон нийгмийн асуудалд хэзээ ч сатаарах ёсгүй. Бид хүмүүсийг хайрладаг бөгөөд тэдэнд тулгардаг бэрхшээлийг ойлгодог. Гэхдээ тэдэнд туслах хамгийн сайн арга бол Бурхны Хаант төрийн тухай таниулж, Еховатай найз болоход нь туслах явдал гэдгийг мэддэг.
21. Бид юунд шийдвэр төгс байх ёстой вэ?
21 Есүсийн үед олон хүн яагаад бүдэрдэг байсныг, өнөөдөр бас яагаад бүдэрдгийн дөрвөн шалтгааныг энэ өгүүллээр ярилцлаа. Гэхдээ өөр шалтгаан бас бий. Дараагийн өгүүллээр энэ тухай ярилцана. Бүгдээрээ бүдрэхгүй, бат итгэлтэй явцгаая!
ДУУ 34 Гэрчийн ёсоор амьдаръя
^ д/м 5 Есүс дэлхий дээр амьдарч байсан хамгийн агуу Багш байсан ч олон хүн түүнээс болоод бүдэрсэн. Яагаад? Дөрвөн шалтгааныг энэ өгүүллээр үзье. Өнөөдөр олон хүн Есүсийн жинхэнэ дагалдагчдын үг яриа, үйл хэргээс болоод бүдэрдгийн учрыг бас ярилцъя. Хамгийн гол нь, Есүсээс болж бүдрэх биш, харин ч түүнд бат итгэлтэй байж болохын учрыг мэдэж авна.