Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 25

«Балчир хүүхэд мэт энэ хүмүүсийг» бүү гомдоогоорой

«Балчир хүүхэд мэт энэ хүмүүсийг» бүү гомдоогоорой

«Балчир хүүхэд мэт энэ хүмүүсийн нэгийг нь ч бүү басамжил» (МАТ. 18:10).

ДУУ 39 Амар тайвныг эрхэмлэе

ТОЙМ a

1. Ехова хүн нэг бүрийг яасан бэ?

 ЕХОВА хүн нэг бүрийг өөр лүүгээ татсан (Ёох. 6:44). Энэ нь юу гэсэн үг вэ? Ехова энэ ертөнц дэх олон тэрбум хүнийг анхааран судалж байхдаа чин сэтгэлтэй таныг хараад намайг хайрлах хүн гэдгийг олж мэдсэн. Ехова таныг үнэт эрдэнэ гэж үздэг (Ш.дээд 28:9). Ехова таныг мэддэг, ойлгодог, бас танд хайртай. Хэчнээн сайхан юм бэ!

2. Ехова хүн бүрийг халамжилдгийг Есүс хэрхэн ойлгуулсан бэ?

2 Ехова таныг ч, итгэл нэгтнүүдийг маань ч хайрлан халамжилдаг. Тийм учраас Есүс Еховаг хоньчинтой зүйрлэсэн. Хэрвээ 100 хониноос нэг нь төөрвөл хоньчин яах вэ? Тэрбээр «99 хонио ууланд орхиод төөрсөн хонио хайхаар явна». Хонио олохлоороо, төөрөөд алга болчихлоо гэж уурладаггүй. Харин ч баярладаг. Энэ жишээний гол санаа юу вэ? Хонь бүр Еховад чухал. Есүс: «балчир хүүхэд мэт энэ хүмүүсийн нэг нь ч бүү үрэгдээсэй гэж тэнгэр дэх миний Эцэг хүсдэг» гэжээ (Мат. 18:12–14).

3. Энэ өгүүллээр юу үзэх вэ?

3 Бид итгэл нэгтнүүдээ гомдооё гэж огтхон ч хүсдэггүй ээ. Бусдыг бүдрүүлэхгүй байя гэвэл яах хэрэгтэй вэ? Харин хэн нэгэн намайг гомдоовол яах вэ? Эдгээр асуултын хариултыг энэ өгүүллээс мэдэж авна. Эхлээд«Матай» номын 18-р бүлэгт дурдсан «балчир хүүхэд мэт энэ хүмүүс» гэж хэн болох талаар ярилцъя.

«БАЛЧИР ХҮҮХЭД МЭТ ЭНЭ ХҮМҮҮС» ГЭЖ ХЭН БЭ?

4. «Балчир хүүхэд мэт энэ хүмүүс» гэдэг нь хэн бэ?

4 «Балчир хүүхэд мэт энэ хүмүүс» гэдэг нь Есүсийн шавь нар юм. Тэдний нас янз бүр. Гэхдээ бүгдээрээ Есүсээр заалгах хүсэлтэй байдгийг бодохоор балчир хүүхэдтэй адил юм (Мат. 18:3). Тэд дэлхийн өнцөг булан бүрд амьдардаг, янз бүрийн соёлтой, зан чанартай хүмүүс боловч бүгдээрээ Есүст итгэдэг. Есүс ч тэднийг маш их хайрладаг (Мат. 18:6; Ёох. 1:12).

5. Өөрийнх нь хүмүүсийг гомдоох юм уу зовооход Еховад ямар санагддаг вэ?

5 «Балчир хүүхэд мэт энэ хүмүүс» Еховад маш их үнэ цэнтэй. Энэ нь, хүүхдүүд маань бидэндээ хэчнээн үнэ цэнтэй байдгийн адил юм. Тэд томчууд шиг хүч тэнхээтэй, туршлагатай, ухаалаг биш учраас бид тэднийгээ хамгаалахыг хүсдэг. Хэн нэгнийг зовоож байгаа хүнийг харахаар дургүй хүрдэг. Гэхдээ балчир хүүхдийг зовоож байгаа хүнийг харахаар бүр уур хүрдэг. Үүнтэй адилаар, хэн нэгэн өөрийнх нь хүмүүсийг гомдоох юм уу зовоовол Еховагийн уур хүрдэг! Ехова биднийг хамгаалахыг хүсдэг (Ис. 63:9; Марк 9:42).

6. 1 Коринт 1:26–29-д бичсэнээр энэ ертөнцийнхөн Есүсийн шавь нарыг хэрхэн үздэг вэ?

6 Есүсийн шавь нарыг «балчир хүүхэд» гэж үзэх өөр ямар шалтгаан байгаа вэ? Энэ ертөнц ямар хүнийг чухалд үздэг вэ гэвэл баян чинээлэг, нэр алдартай, эрх мэдэлтэйг нь хэлнэ. Гэвч Есүсийн дагалдагчид энэ ертөнцийнхөнд чухал биш, дорд үзэгддэг «балчир хүүхдүүд» ажээ (1 Коринт 1:26–29-ийг уншина). Харин Ехова тэднийг ингэж боддоггүй.

7. Итгэл нэгтнүүддээ хэрхэн хандаасай гэж Ехова хүсдэг вэ?

7 Үнэнийг мэдээд удаагүй байна уу, олон жил болсон уу гэдгээс үл хамааран Ехова үйлчлэгч бүрээ хайрладаг. Ехова тэднийг маш чухал гэж үздэг учир бид ч тэгж үзэх ёстой. Бид заримыг нь бус, «ах дүүгийн барилдлагыг» бүхлээр нь хайрладаг (1 Петр 2:17). Тэднийгээ хайрлаж хамгаалахын тулд чадах бүхнээ хийхэд бэлэн байх ёстой. Хэрвээ би хэн нэгнийг гомдоосноо мэдвэл юун гомдомтгой юм, тэгж байгаад гайгүй болно биз гэж хэнэггүй царайлж болохгүй. Зарим хүн яагаад гомддог вэ? Яагаад гэвэл тэд багаасаа л өөрсдийгөө дутуу үнэлдэг байснаас болох юм. Үнэний зам дээр хөл тавиад удаагүй байгаа зарим нь уучлах ёстой гэдгийг хараахан ажил болгож сураагүй байгаа. Аль ч тохиолдолд гомдсон гомдоосон хоёрын хэн хэн нь дахиад эвтэй болох ёстой. Түүнчлэн, гомдомхой хүн гомдоод байх нь сайн биш гэдгээ хүлээн зөвшөөрч засах хэрэгтэй. Тэгвэл баяр баясгалантай, итгэл нэгтнүүдтэйгээ сайн харьцаатай болно.

БУСДЫГ ӨӨРӨӨСӨӨ ДЭЭР ГЭЖ ҮЗЭЭРЭЙ

8. Хүмүүсийн ямар хандлага Есүсийн шавь нарт нөлөөлсөн бэ?

8 Есүс яагаад «балчир хүүхэд мэт энэ хүмүүсийн» талаар ярьсан бэ? Шавь нар нь түүнээс: «Бурхны Хаант төрийнхнөөс хамгийн агуу нь хэн байх вэ?» гэж асуудаг (Мат. 18:1). Тэр үед олон иудей хүн албан тушаал, зэрэг зиндааг чухалчилдаг байсан. Нэгэн эрдэмтэн: «Тэдний хувьд амьдралын хамгийн чухал зүйл бол бусдаар хүндлүүлэх, нэр алдартай байх явдал юм» гэжээ.

9. Есүсийн шавь нар яах ёстой байсан бэ?

9 Өрсөлдөх хандлага еврей соёлын салшгүй хэсэг байв. Шавь нар нь энэ хандлагаас салахын тулд маш их хичээх хэрэгтэйг Есүс мэдэж байв. Тэрбээр: «Та нарын хамгийн агуу нь дорд мэт, удирдагч нь үйлчлэгч мэт болог» гэж хэлсэн (Лук 22:26). Хэрэв бид бусдыг «өөрөөсөө дээр» гэж үздэг бол биеэ авч явахдаа «дорд мэт» байна (Флп. 2:3). Бусдыг өөрөөсөө дээр гэж боддог бол тэднийг бүдрүүлэхгүй.

10. Элч Паулын өгсөн ямар зөвлөгөөг бид зүрх сэтгэлдээ шингээх хэрэгтэй вэ?

10 Итгэл нэгтнүүд маань аль нэг талаараа бие биеэсээ давуу байдаг. Тэднийхээ сайхан зан чанаруудад анхаарлаа хандуулбал өөрөөс тань давуу болохыг мэднэ. «Та нар бусдаас юугаараа илүү юм бэ? Бурхнаас аваагүй юм гэж байна уу? Бүх юмыг Бурхнаас авсан атлаа өөрийнхөө сайнд олоод авчихсан юм шиг яагаад сайрхана вэ?» гэж коринтчуудад хэлсэн Паулын зөвлөгөөг зүрх сэтгэлдээ шингээх хэрэгтэй (1 Кор. 4:7). Өөрийгөө бусдаас илүү гэж бодох юм уу бусдын анхаарлыг татах зэрэг ямар ч урхинаас хол явах ёстой. Хэрэв Гэрч эрэгтэй сайн илтгэл тавьдаг бол, эсвэл Гэрч эмэгтэй ядах юмгүй Библийн хичээлтэй болчихдог бол үүнийхээ төлөө Бурхныг алдаршуулах ёстой.

«ЧИН ЗҮРХНЭЭСЭЭ» УУЧЛААРАЙ

11. Есүсийн ярьсан хаан боол хоёрын жишээнээс ямар сургамж авах вэ?

11 Есүс нэг нэгнээ бүдрүүлэхгүй байхыг дагалдагчдадаа сэрэмжлүүлснийхээ дараа хаан боол хоёрын жишээг ярьдаг. Хаан боолынхоо хэзээ ч төлж чадахааргүй их өрийг хэрэгсэхгүй болгосон. Гэтэл дараа нь энэ боол өөр нэг боолын өчүүхэн өрийг цуцлахыг хүсээгүй. Эцэст нь хаан хатуу сэтгэлтэй энэ боолыг шоронд хийжээ. Энэ жишээ ямар сургамжтай вэ? Есүс: «Хэрэв та нар ах дүүгээ чин зүрхнээсээ уучлахгүй бол тэнгэр дэх миний Эцэг та нарыг уучлахгүй» гэжээ (Мат. 18:21–35).

12. Бусдыг уучлахгүй бол яах вэ?

12 Боол дээрх үйлдлээрээ өөрөө хохироод зогсоогүй өрөөлийг зовоосон. Нэгдүгээрт, тэрбээр хатуу сэтгэлээр өөр боолыг «өрөө төлтөл нь шоронд хориулж» хохироожээ. Хоёрдугаарт, бусад боолыг зовоосон. Энэ тухай Библид «Энэ явдлыг харсан бусад боол их харамсав» гэж бичжээ. Үүн шиг бидний үйл хэрэг бусдад нөлөөлдөг. Хэн нэгэн биднийг гомдооход уучлахгүй бол юу болох вэ? Нэгдүгээрт, бид түүнийг уучлахаас татгалзаж, үл тоомсорлож, хайрлаагүй бол тэр хүн зовж шанална. Хоёрдугаарт, эв түнжингүй байгаа маань итгэл нэгтнүүдэд сайхан санагдахгүй.

Та уурлан хорссоор байх уу эсвэл чин сэтгэлээсээ уучлах уу? (13, 14-р догол мөрийг үзээрэй) b

13. Нэг эхлэгчид тохиолдсон явдлаас та юу ойлгож авсан бэ?

13 Бид итгэл нэгтнээ уучилдаг бол өөрт минь ч, өрөөлд ч ач тустай. Нэг эхлэгчид тохиолдсон явдлыг ярилцъя. Түүнийг Кристал гэе. Хурлынх нь Гэрч эмэгтэй түүнийг гомдоожээ. Кристал: «Тэрбээр заримдаа хутгаар чичих мэт хатуу үг хэлдэг байв. Би бүр түүнтэй хамт дэлгэрүүлэх ч дургүй болсон. Ер нь дэлгэрүүлэх сонирхолгүй, баяр баясгалангүй болсон» гэж ярив. Гомдох хангалттай шалтгаан надад бий гэж Кристал үзжээ. Гэхдээ уурлаагүй, өрөвдмөөр царайлаад суугаагүй. Харин 1999 оны 10-р сарын 1-ний «Харуулын цамхаг» сэтгүүлийн «Үнэн зүрхнээсээ уучил» гэдэг өгүүллийн зөвлөгөөг дагаж даруу байсан. Итгэл нэгтнээ ч уучилсан. Тэрбээр: «Бид бүгдээрээ өөрчлөгдөх гэж хичээдгийг, Ехова биднийг өдөр бүр дуртайяа уучилдгийг би одоо ойлгосон. Нуруун дээрх хүнд ачааг аваад хаячих шиг л санагдсан. Би дахин баяр баясгалантай болсон» гэжээ.

14. Матай 18:21, 22-ыг үзвэл элч Петрт яах нь хэцүү байсан байж магадгүй вэ? Есүсийн хариултаас бид юу мэдэж авах вэ?

14 Бид уучлах ёстой гэдгээ мэддэг. Энэ нь ч зөв. Гэхдээ амаргүй байж болох юм. Петрт ч хааяа ингэж санагдсан байх (Матай 18:21, 22-ыг уншина). Уучилдаг байхад юу тустай вэ? Нэгдүгээрт, Ехова таныг хэр их уучилдгийг эргэцүүлэн бодоорой (Мат. 18:32, 33). Бид уучлуулах зохисгүй ч Ехова дуртайяа уучилдаг (Дуу. 103:8–10). «Бид бие биеэ хайрлах ёстой» учраас уучлах уу үгүй юү гэж бодох ч ёсгүй. Харин уучлах өртэй (1 Ёох. 4:11). Хоёрдугаарт, уучлахлаар юу болдгийг бодоорой. Гомдоосон хүнд маань тустай, хурлынхаа эв нэгдэлд хувь нэмэр оруулна, Еховатай тогтоосон харьцаагаа хамгаална, бас нуруун дээрх хүнд ачаагаа авч хаяна (2 Кор. 2:7; Кол. 3:14). Эцэст нь, уучлаарай гэж уриалдаг Нэгэнд залбираарай. Итгэл нэгтнүүдтэйгээ тогтоосон сайн харьцааг маань бусниулахыг Сатанд бүү зөвшөөрөөрэй (Эф. 4:26, 27). Сатанд урхидуулахгүйн тулд Еховагаас тусламж авч байгаарай.

БҮҮ БҮДРЭЭРЭЙ

15. Хэрэв итгэл нэгтэн тань тэвчихийн аргагүй гомдоосон бол Колосай 3:13-т бичсэнээр яах ёстой вэ?

15 Хэрэв итгэл нэгтэн тань тэвчихийн аргагүй гомдоосон бол яах вэ? Эвтэй байхын тулд чадах бүхнээ хийгээрэй. Еховад шаргуу залбираарай. Намайг гомдоосон тэр хүнийг ивээгээч, бас Таны олж хардаг сайхан зан чанаруудыг нь олж харахад туслаач гэж Еховад залбираарай (Лук 6:28). Хэрвээ хийсэн хэргийг нь мартаж чадахгүй бол түүнтэй яаж ярилцахаа бодоорой. Намайг санаатайгаар гомдоогоогүй гэж бодох нь сайн байдаг (Мат. 5:23, 24; 1 Кор. 13:7). Түүнтэй ярилцахдаа, ямар нэгэн муу санаа агуулаагүй гэдэгт нь итгэдгээ харуулаарай. Гэтэл цаад хүн маань эвлэрэхийг хүсэхгүй бол яах вэ? «Хүлээцтэй хандаарай». Тэвчээртэй байгаарай (Колосай 3:13-ыг уншина). Уурлан хорсохгүй байх нь хамгийн чухал. Уурлан хорсдог бол Еховатай тогтоосон харьцаандаа сэв суулгах аюултай. Юу ч тохиолдсон бүү бүдрээрэй. Ингэснээрээ Еховаг бүхнээс илүү хайрладгаа батална (Дуу. 119:165).

16. Хүн бүр ямар үүрэгтэй вэ?

16 Бид «нэг хоньчинтой нэг сүрэг болж» Еховад үйлчилдгээ завшаан гэж эрхэмлэдэг (Ёох. 10:16). «Еховагийн хүсэл тааллыг биелүүлдэг байгууллага» номын 165-р хуудсанд «Дэлхий дахины ахан дүүгийн барилдлагын сайхныг мэдэрдэг биз ээ. Тийм учраас итгэл нэгтнүүдтэйгээ үргэлж эв нэгдэлтэй байхын тулд та бас хувь нэмэр оруулах учиртай» гэж бичжээ. Тийм учраас бид итгэл нэгтнүүддээ «Еховагийнхтай адилхан үзлээр хандах» ёстой. Бид бүгдээрээ Еховад үнэт эрдэнэ мэт «балчир хүмүүс» юм. Та бас ингэж боддог уу? Итгэл нэгтнүүддээ тусалж, тэднийхээ төлөө санаа тавихын тулд таны хийдэг бүхнийг Ехова анхаарч үнэлдэг (Мат. 10:42, зүүлт).

17. Бид юунд шийдвэр төгс байх вэ?

17 Бид итгэл нэгтнүүддээ хайртай. Тиймээс «ах дүүгийнхээ хувьд бүдрүүлэх чулуу эсвэл садаа болохгүй байя гэж шийдье» (Ром 14:13). Бид ах дүүсээ өөрсдөөсөө илүү гэж үздэг. Бас тэднийгээ уучлахыг чин сэтгэлээсээ хүсдэг. Хэн нэгнээс болж бүдрэхгүй байцгаая. Харин «эвтэй байхын тулд, бие биеэ урамшуулан зоригжуулахын тулд чадах бүхнээ хийцгээе» (Ром 14:19).

ДУУ 35 Тэвчээртэй Бурхандаа талархъя

a Бид төгс бусаасаа болоод итгэл нэгтнүүдээ үг яриа, үйл хэргээрээ гомдоодог. Гомдоочихвол яах ёстой вэ? Эв зүйгээ олъё гэж хичээдэг үү? Даруйхан уучлалт гуйдаг уу? Эсвэл миний буруу биш, түүний буруу гэж боддог уу? Гэтэл бид өөрсдөө гомдомтхой бол яах вэ? Би угаасаа ийм л хүн гээд өөрийгөө зөвтгөдөг үү, өөрчлөгдөх хүсэлгүй юү? Эсвэл өөрчлөгдөх хэрэгтэйгээ ойлгодог уу?

b ЗУРГИЙН ТАЙЛБАР: Гэрч эмэгтэй итгэл нэгтэндээ гомджээ. Тэр талаар хоёулхнаа уулзаж ярилцсаны дараа гомдохоо больж, хамтдаа дэлгэрүүлээд баяртай байна.