Skip to content

Гарчиг руу орох

НАМТАР

Еховагийн таалалд нийцсэн шийдвэр гаргаж ирлээ

Еховагийн таалалд нийцсэн шийдвэр гаргаж ирлээ

1984 оны нэгэн нарлаг өглөө. Би Венесуэлийн Каракас хотын орон сууцны хорооллын тохилог сайхан гэрээсээ ажил руугаа явж байлаа. Тэгэхдээ хөршүүд маань бидний талаар ямар бодолтой байдгийг бичсэн «Харуулын цамхаг» сэтгүүлийн сүүлийн өгүүллийг бодож явав. Ойролцоох байшингуудыг хараад «Хөршүүд маань намайг амжилттай яваа банкны ажилтан гэж боддог болов уу? Эсвэл гэр бүлээ тэжээх гэж л банкинд ажилладаг Бурхны үйлчлэгч гэж үздэг болов уу?» гэж бодлоо. Хариулт нь миний хүссэн хариулт биш гэдгийг мэдэж байсан болохоор би амьдралаа өөрчлөхөөр шийдсэн юм.

Би 1940 оны 5-р сарын 19-нд Ливаны Амион тосгонд төрсөн. Манайх Еховаг таньж мэддэг, хайрладаг сайхан гэр бүл. Манайх хэдэн жилийн дараа Триполи хот руу нүүж, тэнд би өсөж өндийсөн. Би гурван охин, хоёр хүүтэй айлын бага нь. Эцэг эх маань ажил хийж мөнгө олохыг хамгийн чухал гэж үздэггүй байсан. Бид Библи судлах, цуглаанд явах, Бурхны тухай хүмүүст мэдүүлэхийг эн тэргүүнд тавьдаг байлаа.

Манай хуралд Христийн тослогдсон дагалдагчид байсан. Тэдний нэг Мишел Абуд ах манай Ном судлалын цуглааныг удирддаг байлаа. Тэр ах үнэнийг Нью-Йоркт мэдсэн бөгөөд 1920-оод оны эхээр Ливанд анх үнэнийг дэлгэрүүлсэн хүн. Гилеад сургуулийг саяхан төгсөж ирсэн Анн Бийвор болон Гүэн Бийвор нарыг дэмжиж, хүндэтгэж байсан нь санаанаас гардаггүй юм. Манай гэрийнхэн тэдэнтэй сайн найзууд болсон доо. Олон жилийн дараа би АНУ-д Аннтай таараад их баярлаж билээ. Түүний дараа Гүэнтэй бас таарсан. Гүэн маань Вилфред Гүүч гэдэг залуутай гэрлээд Английн Лондонд байдаг Бетелд үйлчилж байсан.

ЛИВАНД ДЭЛГЭРҮҮЛСЭН МИНЬ

Намайг бага байхад Ливанд цөөхөн Гэрч байсан. Сүмийн зарим санваартан биднийг эсэргүүцдэг байсан ч бид Библиэс мэдсэн сурснаа хүмүүст идэвхтэй дэлгэрүүлдэг байлаа. Санаанд тод үлдсэн хэдэн явдлыг ярьж өгье.

Нэг өдөр би Сана эгчтэйгээ орон сууцаар дэлгэрүүлж явлаа. Оршин суугчидтай яриад зогсож байтал нэг санваартан хүрээд ирсэн. Хэн нэгэн дуудсан бололтой. Тэр санваартан эгчийг маань хэл амаар доромжилж гарав. Тэгснээ бүр шат руу түлхэж унагаад гэмтээчихсэн. Тэгсэн чинь нэг хүн цагдаа дуудав. Цагдаа ирээд эгчид маань санаа тавьсан. Санваартныг цагдаагийн газар аваачаад буутай байсныг нь мэджээ. Цагдаагийн газрын дарга: «Та чинь ингэхэд хэн бэ? Бурхны тухай заадаг хүн үү? Хүч хэрэглэхийг заадаг хүн үү?» гэсэн.

Бас нэг ийм явдал болсон. Манай хурлынхан автобус хөлслөөд нэг алслагдсан тосгонд дэлгэрүүлэхээр явж билээ. Тэнд очоод сайхан дэлгэрүүлж байтал тэндхийн нэг санваартан бидэн рүү дайрах гэж баахан хүн цуглуулжээ. Тэд биднийг өдөж, бүр чулуу шидэцгээсэн. Тэгэхэд аав минь оногдож, нүүр нь цусанд будагдчихсан. Аав ээж хоёр маань автобус руугаа буцахад бусад нь ч санаа зовж, араас нь явсан. Ээж аавын нүүрийг цэвэрлэх зуураа «Ехова, тэднийг уучлаарай. Тэд юу хийж байгаагаа мэдэхгүй байна» гэж хэлснийг би ер мартдаггүй юм.

Бас нэг ийм явдал болсон юм. Биднийг өвөөгийндөө зочлоход нэр хүндтэй нэг хамба лам ирдэг байгаа. Тэр лам манай аав ээж хоёрыг Еховагийн Гэрч гэдгийг мэддэг байсан л даа. Зургаахан настай намайг хараад «Хөөе чи, чи яагаад баптисм хүртээгүй юм бэ?» гэж асуув. Би арай болоогүйгээ, баптисм хүртэхийн тулд Библийн тухай илүү ихийг сурч мэдэж, бат итгэлтэй болох хэрэгтэйгээ хэлсэн. Тэгэхэд дургүй нь хүрсэн шинжтэй, намайг «Ямар хүмүүжилгүй хүүхэд вэ!» гэж өвөөд хэлсэн.

Гэхдээ надад бас сайхан дурсамж их бий. Ливанчууд ерөнхийдөө их нөхөрсөг, зочломтгой ард түмэн л дээ. Тийм болохоор бид олон хүнтэй Библид үндэслэн сайхан яриа өрнүүлж, олон ч хичээл хийдэг байсан.

ХИЛИЙН ЧАНАД РУУ НҮҮЛЭЭ

Намайг сургуульд байхад нэг Гэрч залуу Венесуэлээс манай нутагт ирсэн юм. Манай цуглаанд сууж, Вафа эгчтэй маань үерхэж эхэлсэн. Тэд гэрлээд Венесуэл рүү нүүв. Вафа эгч биднийг их санадаг байсан болохоор захиа бичиж, та хэд бүгдээрээ Венесуэлд ирж суурьшаач гэж аавыг ятгадаг байлаа. Тэгээд бид нүүсэн.

Манайх 1953 онд Венесуэлийн Каракаст очоод ерөнхийлөгчийн ордны ойролцоо амьдрах болов. Би хүүхэд байсан болохоор ерөнхийлөгчийг машинтай явж өнгөрөхийг хараад их баярладаг байж билээ. Харин аав ээжид маань шинэ улс орон, хэл соёл, хоол унд, цаг агаарт дасах амаргүй байсан. Гэтэл тэднийг дасаж ядан байтал нэг таагүй явдал болсон.

Зүүнээс баруун: Аав. Ээж. Би 1953 онд. Гэр бүлээрээ Венесуэл рүү нүүх үед

ГАЙ ГАЗАР ДООРООС

Аавын бие нэг л тааруу байх болов. Эрүүл чийрэг хүн өвдөхөөр хачин санагддаг юм билээ. Ерөөсөө өвчин хэлж байгаагүй л дээ. Тэгтэл эмч нар нойр булчирхайн хавдар гэж оношилсон. Аав хагалгаанд орсон. Харамсалтай нь долоо хоногийн дараа өнгөрсөн дөө.

Тэр үед ямар хэцүү байсныг үгээр хэлэх аргагүй. Би арван гуравхан настай байлаа. Аавыг өнгөрнө чинээ санаагүй бидний хувьд хорвоо дэлхий орвонгоороо эргэчих шиг л санагдсан. Ээж нэг хэсэгтээ л энэ гашуун үнэнтэй эвлэрч чадахгүй байсан. Тэгээд бид хэтэрхий их гашуудаж амьдралаа гаргуунд нь гаргаж болохгүйгээ ойлгосон. Тэр хүнд үеийг Еховагийн тусламжтайгаар давж гарсан даа. Би 16-тайдаа ахлах сургуулиа төгссөн. Тэгээд мөнгө олж гэр бүлдээ нэмэр болъё гэж бодож байв.

Сана эгч минь нөхөр Рүбентэйгээ. Тэд Еховатай дотносоход минь их тусалсан

Тэр үед Сана эгч маань Рүбен Араухо гэдэг залуутай гэрлэв. Рүбен ах Гилеад сургууль төгсөөд Венесуэлд буцаж ирсэн байсан юм. Тэд гэрлэснийхээ дараа Нью-Йорк руу нүүсэн. Манайхан намайг их сургуульд сургахаар болсон. Тэгээд би Нью-Йоркт очиж хүргэн ахындаа байхаар болсон. Еховатай дотносоход минь тэр хоёр их тусалж билээ. Бас Брүүклиний испани хэлний хуралд маань төлөвшсөн ах нар олон байв. Тэдний дунд Брүүклиний Бетелд үйлчилдэг Милтон Хеншел ах, Фрэдэрик Фрэнц ах байлаа.

1957 онд баптисм хүртэж байгаа минь

Нэгдүгээр курсээ төгсөх гэж байхад «Амьдралаа юунд зориулах вэ?» гэсэн бодол толгойд эргэлдэх болов. Еховад үйлчлэхийг амьдралынхаа гол зорилго болгодог Гэрчүүдийн талаарх өгүүллүүдийг «Харуулын цамхаг»-аас уншаад нухацтай бодох болсон юм. Хурлынхаа эхлэгчид, бетелчдийн жаргалтай байгааг хараад би тэдэн шиг болохыг хүссэн. Тэр үед би баптисм хүртээгүй байсан ч удалгүй Еховад өөрийгөө зориулахын чухлыг ойлгоод 1957 оны 3-р сарын 30-нд баптисм хүртсэн.

ЧУХАЛ ШИЙВЭРҮҮД

Би баптисм хүртэсний дараа бүрэн цагийн үйлчлэгч болох тухай бодов. Эхлэгч болохыг маш их хүссэн ч суралцангаа эхлэгчээр үйлчилнэ гэж бодохоор хэцүү санагдаж байлаа. Тэгээд сургуулиасаа гараад Венесуэлд очиж, эхлэгч болох тухайгаа гэрийнхэндээ бичив. Нью-Йорк Венесуэл хоёрын хооронд мөн ч их захиа бичилцсэн дээ.

Тэгээд 1957 оны 6-р сард Каракастаа буцаж ирлээ. Гэрийнхэн маань хэцүүхэн амьдарч байсан учраас би ажил хийж мөнгө олох хэрэгтэй болсон. Надад банкинд ажиллах санал ирсэн. Гэхдээ би эхлэгч болохоор шийдээд буцаж ирсэн шүү дээ. Тиймээс ажиллангаа эхлэгчээр үйлчилье гэж шийдсэн. Хэдэн жил бүрэн цагаар ажиллахын хажуугаар эхлэгчээр үйлчилсэн дээ. Би тийм их завгүй ч, тийм их жаргалтай байж үзээгүй.

Дараа нь Силвиа гэдэг сайхан герман бүсгүйтэй танилцаад гэрлэсэн маань жаргал дээр жаргал нэмсэн. Тэр минь Еховад их хайртай. Силвиа аав ээжтэйгээ Венесуэлд нүүж ирсэн л дээ. Манайх хоёр хүүхэдтэй болсон. Хүүг маань Мишел гэдэг. Бид Мик гэж дууддаг. Охиныг маань Самира гэдэг. Надад бас ээжийгээ асрах үүрэг оногдсон болохоор ээж маань манайд амьдрах боллоо. Гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх гээд эхлэгчээр үйлчлэхээ больсон ч би идэвхтэй дэлгэрүүлдэг хэвээрээ байв. Амралтаараа эхнэр бид хоёр туслах эхлэгчээр үйлчилдэг байсан.

ӨӨР НЭГ ЧУХАЛ ШИЙДВЭР

Намтрын эхэнд дурдсан үйл явдал болох үед манай хоёр сургуулийн хүүхдүүд байлаа. Тэр үед цалин ч сайтай, банкныхан маань ч намайг хүндэлдэг байв. Гэсэн ч хүмүүс намайг гол нь Еховагийн үйлчлэгч гэж үзээсэй гэж би хүсэж байлаа. Байнга тэгж бодогдох болов. Тэгээд эхнэр бид хоёр сууж байгаад орлого зарлагаа тооцлоо. Ажлаасаа гарвал ажилгүйдлийн тэтгэмж гээд нэлээн их мөнгө авна. Бид өргүй, дээрээс нь зардал багатай амьдарвал нэг хэсэгтээ мөнгө гэж санаа зовох юмгүй амьдарч болохоор байлаа.

Ийм шийдвэр гаргах амаргүй байсан ч хайрт эхнэр, ээж маань намайг их дэмжсэн. Тэгээд би бүрэн цагийн үйлчлэгчдийн эгнээнд дахин багтах гэж байлаа. Ямар сайхан байсан гээч! Гэтэл яг эхлэгч болохын даваан дээр нэг мэдээ сонслоо.

ГЭНЭТИЙН БЭЛЭГ

Бага хүү Габриел маань санаанд оромгүй бэлэг!

Силвиаг жирэмсэн болсныг эмч хэлсэн юм. Үнэхээр гэнэтийн мэдээ байлаа! Бөөн баяр болохын зэрэгцээ «Эхлэгч болох маань яах болж байна аа?» гэж бодогдсон. Бид сэтгэл санаагаа бэлдэж, шинэ хүнээ угтаж авахыг тэсэн ядан хүлээх болсон. Гэсэн ч би бүрэн цагаар үйлчлэх мөрөөдлөө орхиогүй.

Би гэрийнхэнтэйгээ ярилцаад төлөвлөснөөрөө эхлэгч болохоор шийдсэн. Манай хүү Габриел 1985 оны 4-р сард төрсөн. Би ажлаасаа гарч 6-р сараас байнгын эхлэгчээр дахин үйлчилж эхлэв. Хожим би Салбарын хорооны гишүүн болсон. Салбар Каракасаас 80 км орчим зайтай байлаа. Би долоо хоногт хоёроос гурван удаа очиж ажилладаг байв.

ДАХИАД НҮҮЛЭЭ

Салбар Ла Викториад байсан болохоор бид тийшээ нүүж ойрхон байхаар шийдсэн. Бидний хувьд том өөрчлөлт байлаа. Тухайн үед зөв хандлагатай байж ихээхэн тус болсон гэрийнхэндээ би их талархаж, тэднээрээ бахархаж явдаг. Баха эгч маань ээжийг дуртайяа харж хандахаар болсон. Мик гэрлэж, Самира Габриел хоёр гэртээ байсан юм. Нүүхээр хүүхдүүд маань Каракасын найзуудаасаа холдоно гэсэн үг байлаа. Бас Силвиа маань түм түжигнэж бум бужигнасан их хотоо орхиж жижиг хотод дасах хэрэгтэй болсон. Бас бүгдээрээ арай жижиг байшинд амьдрахаар болсон. Ингээд том даваа давж Каракасаас Ла Викториа руу нүүсэн юм.

Нөхцөл байдал дахиад өөрчлөгдөв. Габриел гэрлэж, Самира бие дааж амьдрахаар шийдээд нүүсэн. Силвиа бид хоёр 2007 онд Бетелд уригдаж очоод өнөөдөр ч тэндээ үйлчилж байна. Том хүү Мик маань ахлагч, бас эхнэр Моникатайгаа эхлэгчээр үйлчилж байгаа. Габриел ч мөн ахлагч. Эхнэр Амбратайгаа Италид үйлчилдэг юм. Самира эхлэгчээр үйлчилдэг. Мөн түүнчлэн Бетелд сайн дураараа ажилладаг.

Зүүнээс баруун: Эхнэр Силвиатайгаа, Венесуэл дэх салбарт. Мик Моника хоёр. Манай охин Самира Габриел Амбра хоёр

ХАРАМСАХ ЮМ АЛГА

Би амьдралдаа өчнөөн олон чухал шийдвэр гаргасан. Гаргасан шийдвэрүүдээ зөв байсан гэдэгт бүрэн итгэдэг болохоор ерөөсөө харамсдаггүй. Еховад үйлчилж байхдаа олон даалгавар авч, янз бүрийн завшаан эдэлж байсандаа туйлын их баярладаг. Еховатай дотно байх нь хэчнээн чухал гэдгийг энэ хугацаанд ойлгосон. Бурхан «хүний ухаанаас давуу амар тайвныг» өгдөг байсан учраас том, жижиг бүх шийдвэрийг гаргаж ирлээ (Флп. 4:6, 7). Одоо Силвиа бид хоёр Бетелд баяр хөөртэй үйлчилж байна. Үргэлж таалалд нь нийцэх шийдвэр гаргадаг байсан болохоор Ехова биднийг ивээсээр ирсэн.