Skip to content

Гарчиг руу орох

Таны мэдлэгт

Таны мэдлэгт

Хүмүүс Есүсийн үед ямар татвар төлөх ёстой байсан бэ?

ИЗРАЙЛЧУУД эрт үеэс жинхэнэ шүтлэгийг дэмжих зорилгоор мөнгөөр өргөл өргөж иржээ. Харин Есүсийн үед олон янзын татвар төлдөг болсноор израйлчуудын амьдрал хүндэрсэн.

Насанд хүрсэн иудей эрчүүд Бурхны ариун газарт зохион байгуулдаг шүтлэгийн ажлыг дэмжих зорилгоор жил бүр хагас шекел (хоёр драхма) төлөх ёстой. Нэгдүгээр зуунд, энэ татварыг Херодын барьсан сүмд тахил өргөхөд болон бусад зардалд зарцуулж байжээ. Энэ татварын талаар Есүс ямар бодолтойг мэдэх гэж зарим иудейчүүд Петрээс асуулт асуусан байдаг. Есүс үүнийг буруу гэж үзээгүй. Харин татварын мөнгийг хаанаас олохыг Петрт зааж өгсөн (Мат. 17:24–27).

Бурхны ард түмэн аравны нэгийг буюу нийт орлогынхоо, ургацынхаа аравны нэг хэсгийг өргөх ёстой байсан (Лев. 27:30–32; Тоол. 18:26–28). Шашны удирдагчид ард түмнээс тарьсан ногооныхоо, тэр бүү хэл «гаа, гоньд, зирааны» аравны нэгийг хичээнгүйлэн төлөхийг шаарддаг байв. Есүс үүнийг буруутгаагүй. Гэхдээ хуулийн багш нар болон фарисайчууд хоёр нүүр гаргадгийг нь илчилсэн (Мат. 23:23).

Тэр үед иудейчүүд засгийн эрхийг барьж байсан ромчуудад олон төрлийн татвар төлөх ёстой байв. Жишээ нь газар өмчлөгчид мөнгөөр юм уу эд зүйлээр татвараа төлдөг. Энэ нь газраас олсон нийт орлогын 20-25 хувьтай тэнцэх ажээ. Бас иудей хүн бүрийн төлөх ёстой татвар гэж байсан. Энэ тухай фарисайчуудын асуултад Есүс: «Цезарийн юмыг Цезарьт, Бурхны юмыг Бурханд өг» гэж хариулсан. Ийнхүү татварын талаар ямар үзэл бодолтой байхыг бидэнд ойлгуулсан (Мат. 22:15–22).

Түүнчлэн тодорхой нэг бүсээс нөгөөд барааг импортлох юм уу экспортлоход татвар төлдөг байжээ. Үүнийг боомт, гүүр, уулзвар юм уу хот, зах руу орохдоо хураалгадаг байв.

Ромчуудын ногдуулсан татвар ард түмэнд хэтэрхий хүнд ачаа болж байжээ. Ромын түүхч Тацитын хэлснээр Тиберийн захиргааны үед буюу Есүсийг дэлхий дээр байхад «Сири Иудей хоёр хүнд хүчир ачаандаа дийлдэж ядраад алба гувчуураа багасгахыг гуйж байжээ».

Татвар хураах эрхийг дуудлага худалдаагаар зардаг байв. Энэхүү арга ард түмний нуруун дээрх ачаан дээр бас ачаа нэмж байв. Дуудлага худалдаагаар хамгийн их мөнгө тавьсан хүн татвар хураах эрхтэй болж, өөр татвар хураагчдыг хөлсөлж авдаг байв. Тэдний хэн хэн нь ашиг олох гэж улайрна. Закхайн удирдлага дор хэдэн татвар хураагчид ажилладаг байсан бололтой (Лук 19:1, 2). Хүмүүс татвар хураагчдад дургүйцэж, үзэн яддаг байсан нь ойлгомжтой.