Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 24

Та Сатаны урхинаас мултарч чадна!

Та Сатаны урхинаас мултарч чадна!

«[Диаволын] урхинаас ... мултар» (2 ТИМ. 2:26).

ДУУ 52 Зүрхээ хамгаалъя

ТОЙМ a

1. Сатаныг яагаад анчинтай зүйрлэдэг вэ?

 АНЧИН нэг л зорилготой. Амьтныг олзлох юм уу алах. Тэрбээр янз янзын урхи тавьдаг. Иовын хуурамч тайвшруулагчдын нэг нь энэ тухай ярьж байсан (Иов 18:8–10). Анчин амьтдыг урхидахын тулд яадаг вэ? Маш сайн судалдаг. Хаашаа явдаг вэ? Юунд дуртай вэ? Ямар урхи тавих вэ? Сатан энэ анчинтай яг адилхан. Тэрбээр бидний хаашаа явдгийг, юу сонирхдогийг маш сайн судалдаг. Тэгээд урхиа мэдэгдэхгүйгээр тавьдаг. Библид бичсэнээр бид урхинд орсон ч мултрах боломжтой. Бас урхинд огт орохгүйн тулд яах хэрэгтэйг мэдэж авна.

Сатаны маш үр дүнтэй олон аргын хоёр нь бардам зан, шунал юм (2-р догол мөрийг үзээрэй) c

2. Сатаны хамгийн үр дүнтэй аргуудын хоёр нь юу вэ?

2 Сатан маш үр дүнтэй олон урхи тавьдаг. Үүний хоёр нь бардам болгох, шуналд  автуулах юм. b Сатан энэ аргаа хэдэн мянган жилийн турш хэрэглэсээр ирсэн. Шувууг хуурч байгаад тороор урхиддаг шувуу баригчидтай адилхан (Иер. 5:26). Гэхдээ Сатаны урхинд орохгүй байх боломжтой. Яагаад гэвэл Ехова бидэнд Сатан ямар арга сүвэгчилдгийг хэлж өгдөг (2 Кор. 2:11).

Диаволын урхинаас мултрах юм уу урхинд огт орохгүй байхад Библийн жишээнүүд сургамжтай (3-р догол мөрийг үзээрэй) d

3. Ехова яагаад үйлчлэгчдэдээ тохиолдсон зарим явдлыг Сударт тэмдэглэн үлдээсэн бэ?

3 Бардам зан, шунал нь хэчнээн аюултай болохыг ойлгуулахын тулд үйлчлэгчдэдээ тохиолдсон явдлыг Ехова бичүүлсэн. Эдгээр жишээг уншихдаа Сатан Еховагийн төлөвшсөн үйлчлэгчдийг ч урхидаж чадсаныг анхаараарай. Тэгэхээр биднийг ч урхидна гэсэн үг үү? Үгүй. Ехова эдгээр жишээг «бидэнд сануулга болгон» Сударт тэмдэглэсэн (1 Кор. 10:11). Жишээнээс сургамж авбал Сатаны урхинаас зугтаж юм уу мултарч чадна гэдгийг маань Ехова мэддэг.

БАРДАМ ЗАН БОЛ УРХИ

4-р догол мөрийг үзээрэй

4. Бардам болбол яах вэ?

4 Сатан биднийг бардам болчихоосой гэж боддог. Хэрэв бардам болбол өөртэй нь адилхан болоод зогсохгүй ирээдүйд мөнх амьдрах боломжоо алдахыг мэддэг (Сур. 16:18). Тиймээс элч Паул: «Биеэ тоон бардамнаж, Диавол шиг шийтгүүлэх вий» гэсэн сэрэмжлүүлгийг бичжээ (1 Тим. 3:6, 7). Үнэний зам дээр гараад удаагүй ч бай, Еховад олон жил үйлчилсэн ч бай бидний хэн нь ч бардам болж болзошгүй.

5. Номлогчийн үгс 7:16, 20-ийг үзвэл ямар хүнийг бардам зантай гэх вэ?

5 Бардам хүн аминч байдаг. Сатан биднийг, ялангуяа зовлон бэрхшээл учирсан үедээ Еховагийн тухай биш өөрсдийнхөө тухай л бодоосой гэдэг. Жишээ нь хэн нэг нь таныг гүтгэсэн үү? Танд шударга бус хандсан уу? Сатан биднээр Еховаг юм уу байгууллагыг нь буруутгуулахыг санаархдаг. Бас асуудлыг шийдэх цорын ганц арга бол Библи дэх Еховагийн удирдамжийг дагах биш, өөрийнхөөрөө шийдэх явдал гэж бодуулахыг хүсдэг (Номлогчийн үгс 7:16, 20-ийг уншина).

6. Нидерландад байдаг Гэрч эмэгтэйгээс юу сурах вэ?

6 Нидерландад амьдардаг Гэрч эмэгтэйн тухай ярилцъя. Тэрбээр бусдын төгс бус байдлаас болоод бухимддаг байв. Үүнээс болоод тэвчээр нь алдарч, «Би маш их ганцаардаж, үзэл бодлоо өөрчилж чадахгүй байсан. Тэгээд өөр хуралд шилжих хэрэгтэйгээ нөхөртөө хэлсэн» хэмээжээ. Дараа нь, 2016 оны 3-р сарын JW телевизийн нэвтрүүлгийг үзжээ. Энэ нэвтрүүлгээр бусдын төгс бус байдалд хэрхэн хандах талаар хэдэн зөвлөгөө өгсөн байв. Тэрбээр: «Би хурлынхаа ах дүүсийг өөрчлөх биш, харин өөрийнхөө алдаа дутагдлыг шударгаар, даруухнаар хүлээн зөвшөөрөх ёстойгоо ухаарсан. Бас Ехова болон түүний хэмжээлшгүй эрх мэдлийг анхаарах ёстойг ойлгосон» гэжээ. Гол санааг ойлгов уу? Сорилт тулгарвал Еховагийн тухай бодоорой. Бусдыг Тан шиг хардаг болоход туслаач гэж гуйгаарай. Тэнгэрийн Эцэг маань тэдний алдаа дутагдлыг хардаг ч дуртайяа уучилдаг. Таныг ч гэсэн ийм байгаасай гэж хүсдэг (1 Ёох. 4:20).

7-р догол мөрийг үзээрэй

7. Уззиа хаанд юу тохиолдсон бэ?

7 Иудагийн хаан Уззиа бардам болж бусдын зөвлөгөөг үл ойшоон хийх эрхгүй зүйлийг хийсэн. Уззиа маш чадварлаг хүн байсан. Дайн тулаанд ялалт байгуулж, барилга болон хөдөө аж ахуйн ажилд бахдам амжилт олсныг нь Библид «Бурхан түүнийг амжилттай байлгав» гэж бичжээ (Ш.дэд 26:3–7, 10). «Гэвч хүчирхэг болмогц зүрх сэтгэл нь ихэд бардам болсон». Еховагийн тушааснаар зөвхөн тахилч хүн сүмд утлага уугиулах эрхтэй байсан. Уззиа хаан их зан гаргаж утлага уугиулах гэж сүмд орсон нь Еховад огтхон ч таалагдаагүй. Тэгээд Ехова бардам зантай түүнийг уяман өвчтэй болгосон. Тэрбээр үхэх өдрөө хүртэл уяман өвчтэй байв (Ш.дэд 26:16–21).

8. 1 Коринт 4:6, 7-д бичсэнээр бардам болохоос хэрхэн зайлсхийх вэ?

8 Уззиа хаан бардам загнаж нүгэл үйлдсэн. Ийм аюул биднийг отож байгаа юу? Хосегийн жишээг ярилцъя. Тэрбээр маш чадварлаг бизнесмен, хуралдаа хүндэтгэл хүлээсэн ахлагч байсан. Чуулган, цуглаануудад илтгэл тавьж, дүүрэг хариуцагчид түүнээс зөвлөгөө авдаг байв. Тэрбээр: «Гэхдээ би Еховад биш өөрийнхөө чадвар, туршлагад хэт найдсан. Тэгээд Еховагийн сануулга, зөвлөгөөг үл ойшоосон» гэж ярьжээ. Хосе ноцтой нүгэл үйлдэн хурлаас хасагдсан. Хэдэн жилийн өмнө түүний эрхийг сэргээжээ. Саяхан тэрбээр: «Хэргэм зэрэгтэй байх нь гол биш харин хүслийг нь биелүүлэхийг чухал гэж үздэгээ Ехова надад ойлгуулсан» гэв. Бидний авьяас чадвар, цуглаан дахь хариуцлагатай үүрэг бүгдээрээ Еховагаас ирдгийг санаж явцгаая (1 Коринт 4:6, 7-г уншина). Хэрэв бид бардам болбол Еховад гологдоно.

ШУНАЛ БОЛ УРХИ

9-р догол мөрийг үзээрэй

9. Шунаг сэтгэлтэй Сатан Ева хоёр яасан бэ?

9 Шуналын тухай бодохоор Сатан Диавол санаанд ордог. Тэрбээр Еховагийн тэнгэрийн элч нарын нэг байсан болохоор янз бүрийн завшаан эдэлж байсан. Гэхдээ бүр илүүг хүссэн. Зөвхөн Ехова л шүтүүлэх зүй ёсны эрхтэй байтал Сатан өөрийгөө шүтүүлэхийг санаархсан. Биднийг өөртэйгөө адилхан шуналтай болгохыг хүсдэг. Анх Еваг ийн оролдсон. Ехова хайрын сэтгэлдээ хөтлөгдөн Адам Ева хоёрыг идэх юмаар элбэг дэлбэг хангасан. Тэд цэцэрлэгийн «аль ч модны жимсийг дураараа идэж болох» байв. Харин ганц л модноос идэж болохгүй байлаа (Эх. 2:16). Гэхдээ хориглосон модны жимснээс идэх хэрэгтэй гэсэн бодлыг Сатан Евад төрүүлж хуурсан. Ева ч байгаа юмандаа сэтгэл ханалгүй, илүү ихийг хүссэн. Энэ нь юунд хүргэснийг бид мэддэг. Ева нүгэл үйлдээд яваандаа үхсэн (Эх. 3:6, 19).

10-р догол мөрийг үзээрэй

10. Давид хаан юунаас болоод урхинд орсон бэ?

10 Давид хаан шуналд автаад Еховагийн тусламжтайгаар олж авсан бүхнээ, тухайлбал эд баялаг, нэр алдар, дайсныг ялж явснаа мартсан. Гэхдээ Бурхнаас «тоолшгүй олон» бэлэг авснаа талархалтайгаар хүлээн зөвшөөрч байсан үе бий (Дуу. 40:5). Харин Еховагийн тусламжийг ор тас мартаж, байгаа юмандаа сэтгэл ханахаа больж, илүү ихийг хүсээд буруу юм хийсэн. Хэдийгээр Давид хэд хэдэн эхнэртэй байсан ч өөр хүний эхнэрт санаархсан. Тэр эмэгтэй бол Батшеба юм. Түүний нөхөр нь хит хүн Уриа байв. Давид аминч хүсэлдээ хөтлөгдөн Батшебатай унтсан. Тэгээд Батшеба жирэмсэн болсон. Гэтэл садарлан самуурснаа өчүүхэн мэт санаж Уриаг алах төлөвлөгөө сэдсэн (2 Сам. 11:2–15). Давид юу бодсон бол оо? Ехова намайг хараагүй гэж бодсон уу? Еховад олон жил үйлчилсэн тэрбээр шуналд автсаны гайгаар өчнөөн их хохирол амссан. Гэвч Давид яваандаа алдаагаа хүлээн зөвшөөрч гэмшсэн. Ехова өөрийг нь уучлахад ямар их талархсан бол оо! (2 Сам. 12:7–13).

11. Эфэс 5:3, 4-ийг үзвэл шуналд автахгүй байхад юу тустай вэ?

11 Давидын алдаанаас юу мэдэж авах вэ? Еховагийн өгсөн бүхэнд талархдаг хүн шуналд автахгүй гэдгийг мэдэж авна (Эфэс 5:3, 4-ийг уншина). Бид байгаа юмандаа сэтгэл хангалуун байх ёстой. Хүртэж буй нэг тодорхой ивээлийнхээ төлөө өдөр бүр Еховад талархахыг бид шинэ суралцагчдад уриалдаг. Ийм маягаар долоо хоног талархсан бол энэ нь долоон ивээлийн тухай залбирсан гэсэн үг юм (1 Тес. 5:18). Та бас ингэдэг үү? Таны төлөө Ехова юу хийснийг нэг бүрчлэн эргэцүүлэн боддог бол талархах сэтгэлтэй болоход тустай. Талархдаг хүн сэтгэл хангалуун болдог. Сэтгэл хангалуун хүн шуналд автахгүй.

12-р догол мөрийг үзээрэй

12. Иудас шуналд автаад ямар хэрэг хийсэн бэ?

12 Искариот Иудас шуналд автан, өөдгүй зан гаргаж урвагч болсон. Гэхдээ анхнаасаа ийм хүн байгаагүй (Лук 6:13, 16). Есүс түүнийг сонгож, элчээ болгосон. Тэрбээр хайрцагтай мөнгийг хариуцаж байсныг бодоход чадварлаг, найдвартай хүн байсан байх. Хандивын мөнгийг Есүс, элч нар дэлгэрүүлэх ажилд зарцуулдаг байв. Энэ нь дэлхий дахины үйл хэрэгт зориулж өргөдөг өнөөгийн хандивтай төстэй юм. Иудас шуналын тухай сэрэмжлүүлсэн Есүсийн яриаг нэг биш удаа сонссон ч, мөнгөнөөс хумсалдаг болсон (Марк 7:22, 23; Лук 11:39; 12:15). Тэрбээр анхааруулгыг нь хайхраагүй.

13. Иудасын шуналтай болсон нь хэзээ тодорхой болсон бэ?

13 Иудасын шуналтай болсон нь Есүсийг цаазлахаас өмнөхөн тодорхой болжээ. Есүс шавь нар болон Мариа Марта нартай хамт уяман өвчтэй байсан Симоныд уригджээ. Зоогийн үеэр Мариа их үнэтэй, анхилуун үнэрт тосоор Есүсийн толгойг тослоход Иудас болон шавь нар маш их дургүйцэв. Тос худалдаж авсан мөнгийг ядууст өгч болох байсан гэж элч нар бодсон байх. Харин Иудас тэс өөр бодолтой байв. Тэрбээр хайрцгаас мөнгө хулгайлж байсан учир өөр юм бодох сөхөөгүй байсан байх. Шуналаасаа болоод хожим Есүсийг нэг боолын үнээр худалдаж, түүнээс урвасан (Ёох. 12:2–6; Мат. 26:6–16; Лук 22:3–6).

14. Нэг хос Лук 16:13-т бичсэнийг хэрхэн ажил болгосон бэ?

14 Есүс нэг чухал үнэнийг сануулсан. «Нэгэн зэрэг Бурхан болон эд баялгийн боол байх аргагүй» (Лук 16:13-ыг уншина). Энэ үг одоо ч үнэн. Румынд үйлчилдэг эхнэр нөхөр хоёр Есүсийн хэлсэн үгийг хэрхэн хэрэгжүүлснийг ярилцъя. Тэдэнд илүү хөгжсөн нэг улсад түр ажиллах санал иржээ. «Бид банкнаас авсан их хэмжээний зээлээ төлөх ёстой байсан учир эхэндээ Еховагийн ивээл гэж бодсон» хэмээжээ. Гэхдээ нэг асуудал байв. Энэ саналыг хүлээж авбал Еховад үйлчлэх цаг багасах байлаа. Тэд 2008 оны 8-р сарын 15-ны «Харуулын цамхаг» сэтгүүлийн «Еховад хоёргүй сэтгэлээр үйлчлэгтүн» өгүүллийг уншаад шийдвэр гаргажээ. «Бид мөнгө хөөцөлдөж өөр улсад очсон бол Еховатай тогтоосон харьцаагаа эн тэргүүнд тавьж чадахгүйгээр барахгүй хохирол амсах байлаа» гэж ярив. Тэд ажлын саналаас татгалзжээ. Тэгээд яасан бэ? Нөхөр нь хэрэгцээндээ тохирсон ажлыг гадагш явалгүй олсон. Эхнэр нь: «Ехова үйлчлэгчдэдээ үргэлж тусалдаг» гэжээ. Тэд мөнгийг биш Еховаг Эзнээ болгосон учраас жаргалтай байна.

САТАНЫ УРХИНААС ЗУГТААРАЙ

15. Сатаны урхинаас мултрах боломжтой гэдэгт бид яагаад итгэлтэй байж болох вэ?

15 Бардам юм уу шуналтай болсноо анзаарвал яах вэ? Өөрчлөгдөөрэй! Паулын хэлснээр «Диаволд амьдаараа баригдсан» хүн урхинаас нь мултрах боломжтой (2 Тим. 2:26). Давид ч мултарч чаджээ. Натан түүнийг зэмлэхэд дургүйцээгүй. Харин чин сэтгэлээсээ гэмшиж, Еховатай тогтоосон харьцаагаа сэргээсэн. Ехова Сатанаас илүү хүчтэй гэдгийг хэзээ ч бүү мартаарай. Еховагаас тусламж авбал Диаволын ямар ч урхинаас мултарч чадна.

16. Сатаны урхинд огт орохгүй байхад хэн туслах вэ?

16 Мэдээж Сатаны урхинд ороод мултрах гэж байснаас огт орохгүй нь дээр. Ингэхэд зөвхөн Ехова тусална. Гэхдээ бид хэзээ ч бардам юм уу шуналтай болохгүй гэж бодох ёсгүй! Еховад олон жил үйлчилж байсан үйлчлэгчид нь хүртэл бардам, шуналтай болж байсан. Тийм учраас бодол санаа, үйл хэргээ шалгахад туслаач гэж Еховад өдөр бүр залбирч байгаарай (Дуу. 139:23, 24). Бардам юм уу шуналтай болохгүйн тулд чадах бүхнээ хийгээрэй!

17. Дайсан Диаволд юу тохиолдох вэ?

17 Сатан олон мянган жил ан хийсээр ирсэн. Гэхдээ түүнийг удахгүй гинжлээд бүрмөсөн устгана (Илч. 20:1–3, 10). Бид энэ өдрийг тэсэн ядан хүлээдэг. Тэр болтол Сатаны урхинд орохгүйн тулд сэрэмжтэй байгаарай. Бардам, шуналтай болохгүйн тулд чадах бүхнээ хийгээрэй. «Диаволыг эсэргүүцэхээр» бат шийдээрэй. «Тэгвэл Диавол та нараас зайлна» (Яак. 4:7).

ДУУ 29 Үнэнч явъя

a Сатан чадварлаг анчинтай адил юм. Еховад хэр олон жил үйлчилж байгаагаас үл хамааран биднийг урхидахыг оролддог. Энэ өгүүллээр Бурхантай тогтоосон харьцааг маань бусниулахын тулд Сатан бардам зан, шунаг сэтгэлийг хэрхэн ашигладгийг мэдэж авна. Сатаны энэ урхинд орсон хүмүүсийн жишээг болон урхинд орохгүйн тулд яах хэрэгтэйг ярилцана.

b ҮГИЙН ТАЙЛБАР: Энэ өгүүллээр өөрийгөө бусдаас илүү гэж үзэх буюу бардам зангийн тухай үзнэ. Бас мөнгө, эрх мэдэл, секс зэргийг хэтэрхий их хүсэх буюу шуналын тухай ярилцана.

c ЗУРГИЙН ТАЙЛБАР: Бардам зантай Гэрч эрэгтэй найдвартай удирдамжаас татгалзаж байна. Эд юм ихтэй Гэрч эмэгтэй илүү ихийг хүсэж байна.

d ЗУРГИЙН ТАЙЛБАР: Бурхны сүнсэн хөвгүүдийн нэг Сатан болон Уззиа хаан бардам болжээ. Шуналдаа хөтлөгдөн: Ева хориотой жимс идсэн, Давид Батшебатай завхайрсан, Иудас мөнгө хулгайлсан.