Уншигчдын асуулт
Паул: «Хуулиар бол би үхсэн. Хууль намайг үхүүлсэн» гэж хэлэхдээ юуг илэрхийлэх гэсэн юм бол? (Гал. 2:19).
Паул: «Хуулиар бол би үхсэн. Хууль намайг үхүүлсэн. Энэ нь Бурханд үйлчлэхийн төлөө амьд болгохын тулд юм» гэж бичжээ (Гал. 2:19).
Ромын эзэнт гүрний Галат мужийн хурлуудын зарим дагалдагч «хуурамч ах дүү нарын» нөлөөнд автжээ. Тэд аврагдахын тулд Мосегийн хуульд захирагдах буюу нарийвчилбал хөвч хөндүүлэх ёстой гэж заадаг байв. Гэхдээ Паул хөвч хөндөхийг Бурхан шаардахгүй болсныг мэдэж байсан. Тэгээд худал сургаал заадгийг нь нотолж, Есүс Христийн золих тахилд үндэслэн дагалдагчдын итгэлийг батжуулсан (Гал. 2:4; 5:2). Паул Мосегийн Хуулийг сахих шаардлагагүй болсон гэдгийг онцолж Галат 2:19-д байгаа дээрх үгийг бичжээ.
Үхсэн хүн эргэн тойрондоо юу болж байгааг ч мэддэггүй, түүнд бүх юм хамаагүй болдгийг Библид тодорхой бичсэн (Ном. 9:5). Паул: «Хууль намайг үхүүлсэн» гэсэн нь Мосегийн хууль одоо түүнд хамаагүй болсон гэсэн үг байлаа. Харин ч золих тахилд итгэсэн учраас «Бурханд үйлчлэхийн төлөө амьд болсон» гэдэгтээ огт эргэлзээгүй.
Паул «хуулийн» ачаар ийм итгэлтэй болж өөрчлөгдсөн. Үүнийг юу гэж ойлгох вэ? Өмнөхөн нь «хууль сахидаг хүнийг бус, харин Есүс Христэд итгэдэг хүнийг л Бурхан зөв хүн гэж үздэг» гэж хэлээгүй билүү? (Гал. 2:16). Хууль чухал үүрэгтэй байсан нь тодорхой. Паул үүнийгээ Галатын дагалдагчдад тайлбарлан «Амлалтын ач тусыг хүртэх үр хүүхэд иртэл, хүн нүгэлтэй гэдгийг илчлэх зорилготой байсан» гэжээ (Гал. 3:19). Тийм ээ, төгс бус, нүгэлтэй хүн Хуулийг төгс сахиж чадахгүйг болон эцсийн эцэст төгс золиос шаардлагатай гэдгийг хууль илчилдэг. Тэгэхээр Хууль нь хүмүүсийг «үр удам» буюу Христ рүү хөтөлдөг. Есүс Христэд итгэдэг хүнийг Бурхан зөв гэж тооцно (Гал. 3:24). Ийм учраас Паул Хуулийн ачаар Есүсийг хүлээн зөвшөөрч, түүнд итгэдэг болсон. Тэрбээр: «Бурханд үйлчлэхийн төлөө амьд болгохын тулд» «Хууль намайг үхүүлсэн» гэжээ. Ингээд Хуульд захирагдахаа больсон. Харин Бурхан захирдаг хэвээрээ.
Паул ромчуудад бичсэн захидалдаа дээрх санааг илэрхийлжээ. «Ах дүү нар аа, Христийн золиосны ачаар та нар Хуулиас чөлөөлөгдсөн [«Хуулийн хувьд үхсэн», зүүлт]. ... Биднийг ноёлж байсан Хуулийн хувьд үхсэн учраас одоо Хуулиас чөлөөлөгдсөн» (Ром 7:4, 6). Хүн нүгэл үйлдээд Хуулиар шийтгэгдэн үхэх тухай Паул яриагүй гэдгийг энэ зүйл болон Галат 2:19 баталдаг. Харин чөлөөлөгдсөн гэдэг үгийг онцолсон. Өөрөөр хэлбэл Паул болон бусад Христийн дагалдагч Хуульд захирагдах шаардлагагүй болсон. Тэд Христийн золиосонд итгэдэг учраас Хуулиас чөлөөлөгдсөн буюу Хууль тэдэнд падгүй болсон.