Skip to content

Гарчиг руу орох

Уншигчдын асуулт

Уншигчдын асуулт

Еховагийн Гэрчүүд хань ижлээ танилцах вэб сайтаар хайх нь зөв үү?

Гэрлэж буй хоёр хүн он удаан жил ханилж, аз жаргалтай амьдраасай гэж Ехова хүсдэг нь эргэлзээгүй (Мат. 19:4–6). Та гэрлэе гэж бодож байна уу? Яаж сайн ханьтай болох вэ? Ехова биднийг бүтээсэн. Тийм учраас гэрлэсэн хүмүүс хэрхвэл аз жаргалтай амьдрахыг мэддэг. Ингэхийн тулд Еховагийн бичүүлсэн зарчмуудыг баримталбал хамгийн сайн үр дүнд хүрнэ. Эдгээр зарчмын заримыг авч үзье.

Юуны түрүүнд бидний «зүрх бол бүх зүйлээс илүү хуурамч бөгөөд эдгэршгүй өвчтэй» гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй (Иер. 17:9). Танилцангуутаа болзож эхэлбэл сэтгэл хөдлөлдөө хэт автдаг. Ийм үед зөв шийдвэр гаргахад хэцүү. Сэтгэл хөдлөлдөө автаад гэрлэсэн хоёр хожим нь ихэнхдээ харамсахад хүрдэг (Сур. 28:26). Тиймээс танилцаад удаагүй байхдаа сэтгэлээ нээх юм уу бие биеэ сайн таниагүй атлаа амлалт өгөх нь ухаалаг хэрэг биш юм.

Сургаалт үгс 22:3-т «Хэрсүү хүн хорон мууг олж хараад, түүнээс зайлдаг. Харин гэнэн хүн түүн уруу явсаар, тэгснийхээ төлөө шийтгэгддэг» гэж байдаг. Танилцах сайт ашиглах нь яагаад аюултай вэ? Цахимаар танилцаж, болзоод, дараа нь хууртагдсан гашуун туршлагатай хүн цөөнгүй байдаг нь харамсалтай. Түүнчлэн гэнэн хүмүүсийн мөнгийг хуурч авах зорилгоор хуурамч аккаунт нээдэг худалч хүмүүс байдаг. Тэдний зарим нь өөрсдийгөө Еховагийн Гэрч гэж худал ярьдаг.

Бас нэг аюулын тухай бодож үзье. Зарим танилцах сайт математикийн аргачлалаар тооцож хүмүүсийг хоорондоо таарч тохирч байна гэдэг. Гэхдээ үүнийг үнэн зөв гэх ямар ч баталгаа байхгүй. Гэрлэлт зэрэг амьдралын нэн чухал асуудлыг шийдэхдээ хүний зохиосон томьёонд найдах нь ухаалаг хэрэг гэж үү? Математикийн томьёог Библийн зарчимтай харьцуулж болно гэж үү? (Сур. 1:7; 3:5–7).

Сургаалт үгс 14:15-д «Гэнэн хүн юм бүгдэд итгэдэг. Харин хэрсүү хүн өөрийн алхмууддаа хянамгай ханддаг» гэсэн зарчим байдаг. Хэн нэгнийг ирээдүйн ханиа гэж бодохоосоо өмнө та тэр хүнтэй танилцаад маш сайн мэдэж авах хэрэгтэй. Гэхдээ цахимаар таньж мэдэх аргагүй. Хэдийгээр та хоёр нэг нэгнийхээ талаар мэдээллийг цахимаар олж авч, олон цагаар ярилцдаг ч бие биеэ сайн мэддэг гэж үнэхээр хэлж чадах уу? Жинхэнэ хайраа олсон гэж бодож байсан хүн ч нөгөө хүнтэйгээ сүүлд нүүр тулан уулзаад шоконд оржээ.

Дуулалч: «Би хуурмаг хүмүүстэй хамт суудаггүй, дүр эсгэгч нартай хамт ч явахгүй» гэж бичжээ (Дуу. 26:4). Танилцаж байгаа хүнийхээ сэтгэлд нийцүүлэхийн тулд цахим мэдээллээ худлаа бичих нь энүүхэнд. Цахимаар өөрийгөө танилцуулахдаа жинхэнэ дүр төрхөө нуудаг. Зарим нь өөрийгөө Еховагийн Гэрч гэдэг ч тэд үнэхээр баптисм хүртсэн үү? Христийн төлөвшсөн дагалдагч мөн үү? Еховатай дотно уу? Хурлынхан нь хүндэтгэдэг үү? Эсвэл хурлынхандаа муу жишээ үзүүлдэг, бүр «муутай нөхөрлөдөг» хүн үү? (1 Кор. 15:33; 2 Тим. 2:20, 21). Бас Библийн зарчмын дагуу гэрлэх боломжтой хүн үү? Та эдгээр асуултын хариултыг мэдэх хэрэгтэй. Үүний тулд тэр хүнийг сайн мэддэг бусад Гэрчүүдтэй ярилцах нь зайлшгүй чухал (Сур. 15:22). Еховагийн үнэнч үйлчлэгч үл итгэгчтэй хамт «нэг буулганд» орохыг хүсэхгүй нь мэдээжийн хэрэг (2 Кор. 6:14; 1 Кор. 7:39).

Сайн хань ижилтэй болж, бат бөх гэр бүлийг цогцлоох зорилгоор танилцах вэб сайт ашиглах нь аюултай байдаг байх нь ээ. Гэхдээ сайн арга бий. Насан туршийнхаа ханийг хаанаас олох вэ? Цуглахыг хориглоогүй үед цуглаан, чуулган болон бусад уулзалтад очвол Еховагийн Гэрчүүд өөр хоорондоо танилцах боломжтой.

Чөлөөт цагаараа хамт байвал эрхэмлэдэг зүйл, зорилгоороо адилхан эсэхээ мэдэж авна

КОВИД-19 зэрэг цар тахал гарч, танхимд цугларах боломжгүй болсон ч цахимаар цуглаан хийж байгаа. Тиймээс гэр бүлгүй хүмүүс өөр хоорондоо танилцах боломж нээлттэй байна. Цуглаанд хэрхэн оролцож, хэрхэн итгэлээ илэрхийлж байгааг нь харна, сонсоно (1 Тим. 6:11, 12). Бас цуглааны дараа ахлагчийн хуваарилсан жижиг өрөөнд ороод ярилцах боломжтой. Ингэж хэдүүлээ уулзаж ярилцахдаа сонирхсон хүн минь бусадтай хэрхэн харьцдагийг ажиглаж, ямар хүн бэ гэдгийг мэдэж авна (1 Петр 3:4). Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр та хоёр улам сайн танилцаж, эрхэмлэдэг зүйл болон зорилгоороо адилхан уу, хоорондоо таарч тохирох уу гэдгээ мэдэж авна.

Гэрлээгүй хүн тохирох хань ижлээ хайхдаа Библийн зарчмыг баримталдаг бол «Эхнэрийг олдог хүн сайныг олж, ЭЗЭНээс тааллыг хүлээн авдаг» гэсэн үгийн үнэнийг ойлгоно (Сур. 18:22).