Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 29

Өөрийнхөө үйлсэд баярлаг!

Өөрийнхөө үйлсэд баярлаг!

«Хүн бүр ... өөрийгөө бусадтай харьцуулахгүй, өөрийнхөө үйлсэд баярлаг» (ГАЛ. 6:4).

ДУУ 29 Үнэнч явъя

ТОЙМ *

1. Ехова яагаад биднийг өөр хооронд нь харьцуулдаггүй вэ?

ЕХОВА олон янзын юманд дуртай. Энэ нь хүмүүс болон бусад бүтээлүүдээс нь тодорхой харагддаг. Хүн нэг бүр давтагдашгүй онцлогтой. Тиймээс Ехова таныг хэнтэй ч харьцуулдаггүй. Харин таны зүрх, таны доторхыг хардаг (1 Сам. 16:7). Бас юуг чаддаг, юуг чаддаггүйг болон хаана, хэрхэн өсөж хүмүүжсэнийг мэддэг. Түүнчлэн, чадахгүй юмыг тань хийлгэх гэж зүтгэдэггүй. Бид Еховаг шиг хардаг болох хэрэгтэй. Тэгвэл өөрсдийнхөө талаар хэтрүүлж бодохгүй, чамлаж бодохгүй, «ухаалаг байж» чадна (Ром 12:3).

2. Өөрийгөө бусадтай харьцуулах нь яагаад муу вэ?

2 Үнэнч итгэл нэгтнийхээ сайн дэлгэрүүлэхийг нь ажиглаад суралцаж болох юм (Евр. 13:7). Ингэдэг бол яаж үр дүнтэй дэлгэрүүлэхээ мэдэж авна (Флп. 3:17). Тэгэхээр үлгэр жишээг нь дуурайх болон өөрийгөө түүнтэй харьцуулах хоёр ялгаатай байх нь ээ. Харьцуулаад байвал атаархах, сэтгэлээр унах, бүр өөрийгөө хэнд ч хэрэггүй хүн мэт үздэг болно. Өмнөх өгүүлэлд үзсэнээр бусадтай өрсөлдөөд байвал Бурхантай тогтоосон харьцаандаа сэв суулгах аюултай. Тийм учраас Ехова биднийг гэсэн хайрандаа хөтлөгдөн «Хүн бүр үйл хэргээ шалгаг. Тэгвэл өөрийгөө бусадтай харьцуулахгүй, өөрийнхөө үйлсэд баярлана» гэж хэлсэн (Гал. 6:4).

3. Та ямар ахиц гаргасандаа баяртай байгаа вэ?

3 Ехова таныг ахиц дэвшил гаргаад баяртай байгаасай гэж хүсдэг. Жишээ нь, та баптисм хүртсэн бол энэ зорилгоо биелүүлсэндээ баярлаж байгаа биз дээ! Еховаг гэсэн таны хайр ийм шийдвэр гаргахад хүргэсэн. Тэр цагаас хойш ямар ахиц гаргаснаа бодоод үз дээ. Жишээ нь, та Библи унших болон гүнзгийрүүлэн судлах дуртай болсон уу? Чин сэтгэлээсээ утга учиртай залбирдаг болсон уу? (Дуу. 141:2). Та оршил үгийг сурамгай ашиглан хүмүүстэй ярилцаж, дэлгэрүүлэх ажлын багажийг илүү үр дүнтэй хэрэглэж байгаа юу? Хэрэв та гэр бүлтэй бол Еховагийн ачаар илүү сайн нөхөр, эхнэр, эцэг эх болсон уу? Та ийнхүү өөрчлөгдөөд сэтгэл хангалуун, аз жаргалтай байгаа гэдэгт эргэлзээгүй.

4. Энэ өгүүллээр юу үзэх вэ?

4 Ахиц гаргаж баяртай байхад нь, бас өөрийгөө бусадтай харьцуулахгүй байхад нь бид хүмүүст тусалж чадна. Энэ өгүүллээр эцэг эх нь үр хүүхдүүддээ, гэрлэсэн хоёр бие биедээ, ахлагч болон бусад хүн итгэл нэгтнүүддээ хэрхэн тусалж болохыг ярилцана. Түүнчлэн хүрч чадах зорилго тавихад хүн бүрд тустай Библийн зарчмуудыг ярилцана.

ЭЦЭГ ЭХ БОЛОН ГЭРЛЭСЭН ХҮМҮҮС ЯАХ НЬ ЗҮЙТЭЙ ВЭ?

Эцэг эхчүүд ээ, хүүхэд бүрийнхээ сайн үйлсээр бахархаж байгаагаа илэрхийлээрэй (5, 6-р догол мөрийг үзээрэй) *

5. Эфэс 6:4-т бичсэнээр эцэг эхчүүд юунаас зайлсхийх ёстой вэ?

5 Эцэг эхчүүд хүүхдүүдээ өөр хооронд нь харьцуулахгүй, бас хэрээс нь хэтэрсэн зүйл шаардахгүй байх хэрэгтэй. Ингэхгүй бол хүүхэд тань уурлана (Эфэс 6:4-ийг уншина). Сачико * гэдэг Гэрч эмэгтэй: «Багш нар маань намайг ангийнхнаасаа илүү байгаасай гэдэг байсан. Түүнчлэн ээж минь намайг багшдаа, Бурханд итгэдэггүй аавдаа сайн жишээ үзүүлэхийг хүссэн юм. Иймээс би онц сурч, шалгалтуудаа 100 хувь өгөх шаардлагатай болдог байсан. Гэвч санаа байвч сачий хүрдэггүй байв. Би сургуулиа төгсөөд олон жил болж байна. Чадах бүхнээ хийдэг ч Еховад таалагдаж байгаа гэдэгтээ одоо ч эргэлзэх нь бий» гэж ярьжээ.

6. Дуулал 131:1, 2-т бичсэн үгээс эцэг эхчүүд юу мэдэж авах вэ?

6 Дуулал 131:1, 2эцэг эхчүүдэд тус болох сургамжтай үг бий (Уншина). Давид хаан «их үйлс, эсвэл [өөрт нь] хэт хүнд зүйлсэд ч оролцдоггүй» байсан. Тэрбээр дөлгөөн, даруу учраас «сэтгэлээ тайвшруулан чимээгүй болгосон». Эцэг эхчүүд Давидын үгээс юу мэдэж авах вэ? Даруу байхын тулд өөрсдөөсөө ч, хүүхдүүдээсээ ч хэрээс хэтэрсэн юм шаардах ёсгүй. Харин хүүхдүүдийнхээ юу хийж чадах, чадахгүйг бодолцоод тохирох зорилго тавихад нь тусална. Ингэвэл хүүхэд өөртөө итгэлтэй болно. Марина гэдэг Гэрч эмэгтэй: «Ээж намайг гурван ах дүүтэй минь, бас өөр хүүхэдтэй хэзээ ч харьцуулж байгаагүй. Хүүхэд бүр өөрийн гэсэн авьяас чадвартай бөгөөд Ехова бүгдэд нь хайртай гэж ойлгуулсан. Тиймээс өөрийгөө барагтай бол бусадтай харьцуулдаггүй» гэж ярьжээ.

7, 8. Эхнэрээ хүндэлдэг нөхөр хүн яадаг вэ?

7 Еховагийн Гэрч нөхрүүд эхнэрээ хүндэлдэг (1 Петр 3:7). Хүндлэх гэдгээр онцгой анхаарал хандуулах, хүндтэйд үзэхийг хэлнэ. Жишээ нь, нөхөр хүн эхнэрээсээ чадахгүй юмыг нь шаарддаггүй, харин ч эрхэм хүн гэж үзэн хүндэлдэг. Мөн өөр эмэгтэйтэй харьцуулдаггүй. Харьцуулдаг бол юу болох вэ? Итгэл нэгт Розагийн жишээг ярилцъя. Гэрч биш нөхөр нь түүнийг өөр эмэгтэйтэй харьцуулах хандлагатай. Нөхрийнхөө хэлдэг хатуу ширүүн үгээс болоод Роза өөрийгөө голдог, бүр хэн ч намайг хайрладаггүй гэж боддог болжээ. Тэрбээр: «Ехова надад хайртай гэдгийг би өөртөө байнга сануулах хэрэгтэй болдог» гэжээ. Харин Гэрч нөхрүүд эхнэрээ хүндэлдэг. Эхнэрээ хүндлэх нь эхнэр нөхрийн харьцаанд төдийгүй Еховатай тогтоосон харьцаанд нөлөөлдгийг тэд мэддэг. *

8 Эхнэрээ хүндэлдэг нөхөр хүн эхнэртээ хайртайгаа хэлдэг, бас магтахын зэрэгцээ хүмүүст сайнаар ярьдаг (Сур. 31:28). Өмнөх өгүүлэлд гарсан Катеринагийн нөхөр эхнэрээ ийн хайрладаг байсан учир бүсгүй өөрийгөө голохоо больжээ. Ээж нь түүнийг хүүхэд байхаас нь найзуудтай нь юм уу өөр охидтой харьцуулдаг байсан. Тиймээс үнэнийг мэдсэн хойноо ч өөрийгөө бусадтай харьцуулаад чамладаг байжээ! Харин тэрбээр Гэрч нөхрийнхөө ачаар өөрийгөө бусадтай харьцуулахаа больж, тодорхой хэмжээгээр үнэлдэг болжээ. Катерина: «Нөхөр минь намайг хайрладаг. Зөв юм хийхэд магтаж, миний төлөө залбирдаг. Бас Еховагийн гайхамшигтай зан чанаруудын талаар ярьж, муу бодлоосоо салахад минь тусалсан» гэжээ.

ХАЛАМЖТАЙ АХЛАГЧИД БОЛОН БУСАД ХҮН ЯАХ НЬ ЗҮЙТЭЙ ВЭ?

9, 10. Хайр халамжтай ахлагчид нэг Гэрч эмэгтэйд хэрхэн тусалсан бэ?

9 Өөрийгөө бусадтай харьцуулах хандлагатай хүмүүст ахлагчид хэрхэн туслах вэ? Хануни гэдэг Гэрч эмэгтэйн тухай бодож үзье. Түүнийг хүүхэд байхад нь барагтай бол магтдаггүй байжээ. Тэрбээр: «Би ичимхий хүүхэд байсан. Бусад хүүхдүүдийг өөрөөсөө илүү гэж бодож, хар багаасаа өөрийгөө бусадтай харьцуулдаг байсан» гэж дурсжээ. Тэр байтугай үнэнийг мэддэг болсноосоо хойш ч өөрийгөө бусадтай харьцуулдаг байсан. Тийм учраас өөрийгөө хуралд хэрэгтэй хүн гэж боддоггүй байсан. Харин одоо тэрбээр аз жаргалаар гэрэлтсэн эхлэгч болсон. Яаж ингэж өөрчлөгдөж чадсан бэ?

10 Хайр халамжтай ахлагчид надад тусалсан гэж Хануни ярьжээ. Тэд үнэнч хэмээн магтаж, итгэж найддагаа хэлсэн байна. Тэрбээр: «Тусламж авах хэрэгтэй Гэрч бүсгүйчүүд манай хуралд байдаг. Ахлагчид тэдний урмыг сэргээх даалгаврыг надад хэд хэдэн удаа өгсөн. Би ийм даалгавар аваад хуралд хэрэгтэй хүн гэдгээ мэдэрсэн. Ахлагчид надад талархаж байсныг тод санадаг. 1 Тесалоник 1:2, 3-ыг уншиж өгөхөд миний сэтгэл ямар их хөдөлсөн гээч! Ийм сайн хоньчдын ачаар Еховагийн байгууллагад хэрэгтэй хүн гэдгээ ойлгосон» гэж ярьжээ.

11. Исаиа 57:15-д гардаг «гэмшсэн болон даруу сүнстэй» хүмүүст бид хэрхэн туслах вэ?

11 Исаиа 57:15-ыг уншаарай. Ехова «гэмшсэн болон даруу сүнстэй» хүмүүст чин сэтгэлээсээ санаа тавьдаг. Зөвхөн ахлагчид гэлтгүй бид бүгдээрээ эдгээр итгэл нэгтнээ урамшуулж чадна. Тэднийг урамшуулах нэг арга нь чин сэтгэлээсээ санаа тавих явдал юм. Ехова хоньдоо хэчнээн их хайрладгаа биднээр хэлүүлдэг (Сур. 19:17). Бид ч даруу, дөлгөөн байж итгэл нэгтнүүддээ тусалж чадна. Анхаарлыг нь өөрсдөдөө хандуулдаггүй, атаархал төрүүлдэггүй. Харин чадвар, мэдлэгээ нэг нэгнээ урамшуулан зоригжуулахын тулд ашигладаг (1 Петр 4:10, 11).

Есүс өөрийгөө бусдаас дээр гэж бодож байгаагүй болохоор шавь нар нь түүнд татагддаг байжээ. Тэрбээр найзуудтайгаа хамт байх дуртай байв (12-р догол мөрийг үзээрэй)

12. Жирийн ард олон яагаад Есүст татагддаг байсан бэ? (Сэтгүүлийн нүүрэн дэх зургийг үзээрэй)

12 Есүс дагалдагчдадаа хэрхэн хандаж байснаас бид бусдад хэрхэн хандахыг мэдэж авна. Тэрбээр дэлхий дээр амьдарч байсан хамгийн агуу хүн юм. Гэхдээ «дөлгөөн, даруу» хүн байсан (Мат. 11:28–30). Гайхалтай оюун ухаан, өргөн хүрээтэй мэдлэгээрээ гайхуулж байгаагүй. Сэтгэлд хоногшим жишээ ашиглан жирийн хүмүүст хялбархан заадаг байсан (Лук 10:21). Их зантай шашны удирдагчид жирийн олныг дорд үздэг байхад Есүс тэгж байгаагүй (Ёох. 6:37). Харин тэднийг хүндэлдэг байсан.

13. Есүс шавь нараа хайрлаж, сайхан сэтгэлээр ханддаг байсан гэж яагаад хэлж болох вэ?

13 Есүс шавь нараа хайрлаж, сайхан сэтгэлээр ханддаг байсан. Тэдний ур чадвар, нөхцөл боломж өөр өөр гэдгийг ойлгодог байв. Шавь нар нь яг адилхан үүрэг гүйцэтгэхгүй, дэлгэрүүлэх ажилдаа яг адилхан амжилт гаргахгүй нь тодорхой. Гэсэн ч Есүс хүн бүрийн гаргадаг чин сэтгэлийн хичээл зүтгэлийг их үнэлдэг байсан. Тэднийг сайн ойлгодог байсныг талантын тухай ёгт үлгэрээс мэдэж болдог. Ёгт үлгэрт боолуудынхаа «чадварт тааруулж» ажил хуваарилдаг хүн гардаг. Хичээл зүтгэлтэй хоёр боолын нэг нь нөгөөгөөсөө илүүг олдог. Гэхдээ эзэн нь хоёуланг нь «Сайн байна! Сайн, итгэмжит боол минь» гэж адилхан магтдаг (Мат. 25:14–23).

14. Нэг нэгэндээ хандахдаа Есүсийг хэрхэн дуурайх вэ?

14 Есүс бидэнд ч сайхан сэтгэлээр хандаж хайраа илэрхийлдэг. Хүн болгон адилгүй хүлэг болгон жороогүй. Тиймээс Есүс чадах бүхнээ хийж байгаа биднийг хараад баярладаг. Бид Есүсийг дуурайж нэг нэгэндээ хандах учиртай. Бусадтай харьцуулаад ичээх юм уу хэнд ч хэрэггүй гэж бодуулахыг хэзээ ч хүсэхгүй. Харин Еховагийн төлөө чадах бүхнээ хийж байгааг нь хараад магтаж байцгаая.

ХҮРЧ ЧАДАХ ЗОРИЛГО ТАВИАРАЙ

Хүрч чадах зорилгоо биелүүлээд баярлаарай (15, 16-р догол мөрийг үзээрэй) *

15, 16. Гэрч эмэгтэй хүрч чадах зорилго тавиад ямар ач тус хүртсэн бэ?

15 Еховагийн үйлчлэгч зорилго тавивал утга учиртай, сэтгэл хангалуун амьдарна. Гэхдээ бусдыг дуурайх бус, өөрөө хүрч чадах зорилго тавих нь чухал. Эс тэгвэл урам хугарч сэтгэлээр унаж мэднэ (Лук 14:28). Одоо эхлэгчээр үйлчилдэг Мидори гэдэг Гэрч эмэгтэйн жишээг ярилцъя.

16 Гэрч биш аав нь Мидориг эгч дүүтэй нь, ангийнхантай нь харьцуулж ичээдэг байв. Мидори: «Би өөрийгөө их голдог байсан» гэжээ. Гэхдээ том болоод өөртөө итгэлтэй болов. Тэрбээр: «Би өдөр бүр Библи уншаад сэтгэл амардаг, бас Ехова намайг хайрладгийг мэдэрдэг байсан» гэжээ. Түүнчлэн хүрч чадах зорилго тавьж, зорилгодоо хүрэхэд туслаач гэж тусгайлан залбирдаг байв. Ийнхүү чадах бүхнээ хийж байгаадаа Мидори баяртай явдаг болжээ.

ТА ЕХОВАГИЙН ТӨЛӨӨ ЧАДАХ БҮХНЭЭ БАЙНГА ХИЙГЭЭРЭЙ

17. Бид хэрхэн «оюун ухаанаа байнга шинэчлэх ёстой» вэ? Ямар үр дүнд хүрэх вэ?

17 Таагүй бодол амархан арилахгүй. Тиймээс Ехова Бурхан маань «оюун ухаанаа байнга шинэчлэх ёстой» гэж уриалдаг (Эф. 4:23, 24). Ингэхийн тулд залбирч, Бурхны Үгийг судалж, эргэцүүлэн бодох шаардлагатай. Эдгээрийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ Еховагаас хүч гуйгаарай. Та Бурхны агуу хүчний тусламжтайгаар өөрийгөө бусадтай харьцуулах хандлагаасаа сална. Бас атаархуу, бардам болж байгаагаа мэдэж аваад муу зангаа засна.

18. Шастирын дэд 6:29, 30-д бичсэн үгийг уншсан хүн тайвширдаг гэхийн учир юу вэ?

18 Шастирын дэд 6:29, 30-ийг уншина. Ехова бидний зүрхийг мэддэг. Бас алдаа дутагдалтайгаа болон энэ ертөнцийн муу нөлөөнд автахгүйн тулд хэрхэн тэмцдэгийг маань мэддэг. Эдгээрийн эсрэг тэмцэхийн тулд хамаг хүчээ дайчилж байгаа биднийг хараад Ехова улам их хайрладаг.

19. Ехова бидэнд хэрхэн ханддаг вэ? Жишээ хэлнэ үү?

19 Ехова бидэнд ямар сэтгэлээр ханддагаа ойлгуулахын тулд эх үрийн холбоог жишээ болгон хэлсэн (Ис. 49:15). Рэйчел гэдэг эхийн жишээг ярилцъя. Тэрбээр: «Миний охин Стефани дутуу төрсөн болохоор маш өчүүхэн, өрөвдмөөр амьтан байсан. Төрөнгүүтээ инкубаторт орсон. Харин эмнэлгийнхэн надад эхний сар өдөр бүр охиноо тэвэрч байхыг зөвшөөрсөн. Сэтгэл уяраам энэ мөчид эх үрийн нандин холбоог мэдэрсэн. Одоо охин маань 6-тай ч нас чацуутныхаа дунд биеэр жижиг харагддаг. Амьд үлдэх гэж тэмцсээр арай ядан хүн болсон охиндоо би маш их хайртай. Охиныхоо ачаар манайх аж жаргалаар бялхсан айл болсон!» гэж ярьжээ. Ехова Бурхан өөрт нь үйлчлэхийн тулд бүхий л зүрхээ зориулан тэмцэж байгаа биднийг хараад ямар их хайрладгийг мэдэх нь хэчнээн сайхан бэ!

20. Бурханд өөрийгөө зориулсан үйлчлэгч та яавал баяртай байх вэ?

20 Еховагийн гэр бүлийн гишүүд олон янз. Та тэдний нэг бөгөөд өөрийн гэсэн онцлогтой, хосгүй хүн. Ехова таныг бусдаас дээр гэж үзээд өөртөө татаагүй нь тодорхой. Харин таны зүрх сэтгэлийг харж, дөлгөөн, дуртайяа суралцдаг, өөрчлөгдөх хүсэлтэй хүн гэдгийг тань мэдээд өөртөө татсан (Дуу. 25:9). Бурханд үйлчлэхийн тулд чадах бүхнээ хийдэг таныг өндөр үнэлдэг гэдэгт итгэж яваарай. Тэвчээртэй, үнэнч байгаа тань «зөв зүрх сэтгэлтэйн» баталгаа юм (Лук 8:15). Тийм учраас Еховагийн төлөө чадах бүхнээ байнга хийж байгаарай. Ингэдэг бол «өөрийнхөө үйлсэд баярлах» нь гарцаагүй.

ДУУ 60 Бурхан таныг бататгана

^ д/м 5 Ехова биднийг өөр хооронд нь харьцуулдаггүй. Харин бид өөрсдийгөө бусадтай харьцуулаад сэтгэлээр унах нь бий. Энэ өгүүллээр, харьцуулах нь яагаад хор хөнөөлтэйг ярилцана. Ехова хүн бүрийг яаж хардаг вэ, тэгж л хардаг болоход нь гэрийнхэндээ, хурлынхандаа хэрхэн туслахыг бас ярилцана.

^ д/м 5 Зарим нэрийг өөрчлөв.

^ д/м 7 Дээрх зүйлийг нөхөрт хамааруулж бичсэн боловч эхнэр хүнд хамаатай зарчим олон бий.

^ д/м 58 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Гэр бүлийн хичээлийн үеэр Ноагийн авдар дотор тавих юм хийж байгаа хүүхэд бүрээ хараад эцэг эх нь баярлаж байна.

^ д/м 62 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Хүүгээ ганцаараа өсгөдөг эх туслах эхлэгчээр үйлчлэхийн тулд төлөвлөгөө гаргаж байна. Зорилгоо биелүүлээд баяртай байна.