СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 30
Еховагийн гэр бүлийн гишүүн болох завшаанаа эрхэмлэе
«Та түүнийг Бурханаас [тэнгэрийн элч нараас, ШЕ, зүүлт] арай дор болгож, алдар ба хүндэтгэлийн титмийг түүнд өмсгөжээ» (ДУУ. 8:5).
ДУУ 43 Сэрэмжтэй, итгэлтэй, хүчтэй байгтун
ТОЙМ a
1. Еховагийн бүтээсэн бүхнийг тунгаан бодохоор ямар сэтгэгдэл төрдөг вэ?
ЕХОВАГИЙН бүтээсэн өргөн уудам орчлонт ертөнцийн тухай бодохоор дуулалч Давидад төрсөн сэтгэгдэл бидэнд бас төрдөг. Тэрбээр: «Таны мутрын бүтээл болох Таны тэнгэрүүдийг, Таны цогцлоон байгуулсан сар, оддыг би тунгаан бодохдоо Хүн гэгч юу болоод Та түүнд санаа тавьж, Хүний хүү гэгч юу болоод Та түүнийг халамжилна вэ?» гэж дуу алджээ (Дуу. 8:3, 4). Давидын адилаар бид од эрхсийн дэргэд өчүүхэн гэдгээ мэдэрдэг. Тэгээд тийм өчүүхэн биднийг Ехова тоодог нь гайхалтай санагддаг. Тэгвэл одоо Ехова анхны хоёр хүн Адам Еваг тоогоод зогсохгүй, бүр гэр бүлийнхээ гишүүн болгосныг авч үзье.
2. Еховагийн санаа зорилгоор бол дэлхий дэх анхны хүүхдүүд нь яах учиртай байсан бэ?
2 Адам Ева хоёр Еховагийн дэлхий дэх анхны хүүхдүүд, Ехова тэдний хайр халамжтай тэнгэрийн Эцэг байлаа. Бурхан тэр хоёрт «Өсөн нэмэгдэж, өнөр өтгөн болж, газар дэлхийг дүүргэн, газрыг эзэмш!» гэсэн үүрэг даалгасан (Эх. 1:28). Тэд үр хүүхэдтэй болж, дэлхийгээ арчлан тордох учиртай байлаа. Хэрэв тэд дуулгавартай байж Еховагийн санаа зорилгын дагуу амьдарсан бол өөрсдөө ч, үр хүүхэд нь ч үүрд мөнх гэр бүлийнх нь гишүүн байх байв.
3. Адам Ева хоёр Еховагийн гэр бүлийн хүндтэй гишүүд байсан гэж яагаад хэлж болох вэ?
3 Адам Ева хоёр Еховагийн гэр бүлийн хүндтэй гишүүд байсан. Давид Дуулал 8:5-д «Та түүнийг Бурханаас [тэнгэрийн элч нараас, ШЕ, зүүлт] арай дор болгож, алдар ба хүндэтгэлийн титмийг түүнд өмсгөжээ» гэсэн. Ехова хүнийг тэнгэрийн элч нар шиг хүч чадал, оюун ухаан, ур чадвартай бүтээгээгүй нь үнэн (Дуу. 103:20). Гэхдээ хүчирхэг тэнгэрийн элч нараас «арай дор» байр суурь өгсөн. Гайхалтай байгаа биз! Ехова хүнийг анх бүтээхдээ ёстой сайхан амьдруулах санаа зорилготой байжээ.
4. Адам Ева хоёр яасан бэ? Энэ өгүүллээр юу үзэх вэ?
4 Гэвч Адам Ева хоёр Еховагийн гэр бүлээс гарсан нь харамсалтай. Үүний улмаас үр хүүхдүүддээ их гай тарьсныг энэ өгүүллээр үзнэ. Гэсэн ч Ехова санаа зорилгоо өөрчлөөгүй. Дуулгавартай хүмүүсийг үүрд мөнх үр хүүхэд нь байгаасай гэж хүсдэг. Эхлээд, Ехова хүнийг хэрхэн хүндэлснийг авч үзье. Дараа нь, Бурхны гэр бүлд багтъя гэвэл яах хэрэгтэйг үзнэ. Эцэст нь, Еховагийн дэлхий дэх хүүхдүүд үүрд мөнх ямар ивээл хүртэхийг мэдэж авна.
ЕХОВА ХҮНИЙГ ХҮНДЭЛСЭН
5. Хүнийг өөрийнхөө дүр төрхөөр бүтээсэн Бурханд хэрхэн талархах вэ?
5 Хүнийг өөрийнхөө дүр төрхөөр бүтээсэн (Эх. 1:26, 27). Бид Бурхны дүр төрхөөр бүтээгдсэн учраас хайр халамжтай, өрөвч, үнэнч, шударга зэрэг сайхан чанаруудыг нь төлөвшүүлж, илэрхийлж чаддаг (Дуу. 86:15; 145:17). Ийм зан чанаруудыг төлөвшүүлэхийн хэрээр Еховаг алдаршуулж, талархдагаа харуулна (1 Петр 1:14–16). Тэнгэрийн Эцэгтээ таалагдах зан чанарыг илэрхийлээд бид жаргалтай, сэтгэл хангалуун байдаг. Ехова хүнийг өөрийнхөө дүр төрхөөр бүтээсэн учраас бид гэр бүлийнх нь гишүүд болох шаардлагыг хангаж чадна.
6. Ехова хүн төрөлхтөнд зориулан гэр орон бэлдэхдээ хүнийг хүндэлдгээ хэрхэн харуулсан бэ?
6 Хүн төрөлхтөнд зориулан гэр орон бэлдсэн. Ехова хүнийг бүтээхээсээ бүр өмнө юу хийсэн бэ? Хүн төрөлхтнийг оршин суулгахаар дэлхийг бэлджээ (Иов 38:4–6; Иер. 10:12). Биднийг аз жаргалтай байлгахын тулд өгөөмөр, сайхан сэтгэлтэй Ехова Бурхан маань олон юмыг бүтээсэн (Дуу. 104:14, 15, 24). Хийж бүтээснээ үе үе «харахад тэр нь сайхан байжээ» (Эх. 1:10, 12, 31). Ехова дэлхий дээрх бүтээлүүдээ хүнд «захируулж» хүндэлдгээ харуулсан (Дуу. 8:6). Бурхны санаа зорилгоор бол төгс хүмүүс бишрэм сайхан бүтээлүүдийг нь арчлаад үүрд мөнхөд жаргалтай амьдрах байлаа. Ийм гайхалтай зүйлийг санаж зорьсон Еховад та талархдаг уу?
7. Иошуа 24:15-аас юу мэдэж болох вэ?
7 Сонгох эрх чөлөө олгосон. Хүн хэрхэн амьдрахаа өөрөө шийддэг (Иош. 24:15-ыг уншина). Өөрөөр хэлбэл бид сонгох эрх чөлөөтэй гэсэн үг. Хайр халамжтай Бурхан маань өөрт нь үйлчлэхээр шийдэхэд баярладаг (Дуу. 84:11; Сур. 27:11). Бид сонгох эрхээ зөв эдэлбэл зөв шийдвэр гаргана. Одоо, Есүсийн үлдээсэн сайхан жишээг үзье.
8. Есүс сонгох эрх чөлөөгөө хэрхэн зөв эдэлсэн бэ?
8 Сонгох эрх чөлөөгөө зөв эдлэх нэг арга бол Есүсийг дуурайж бусдын эрх ашгийг өөрийнхөөсөө дээгүүрт тавих явдал юм. Нэгэн удаа Есүс болон элч нар нь ихэд ядарч, амрах санаатай хүнгүй газрыг зорьжээ. Гэвч амарч чадсангүй. Хүмүүс Есүсийн сургаалаар “цангасан” тул тэдэн дээр очив. Тэгэхэд нь Есүс огтхон ч унтууцан уурлаагүй. Харин ч хүмүүсийг хараад өрөвдсөн. Тэгээд «тэдэнд олон зүйлийг зааж эхлэв» (Марк 6:30–34). Бид Есүсийг дуурайж хүч чадал, цаг заваа хүний төлөө зориулдаг бол тэнгэрийн Эцгээ алдаршуулна (Мат. 5:14–16). Бас Еховагийн гэр бүлийн гишүүн болохыг хүсдэгээ батална.
9. Ехова хүнд ямар завшаан олгосон бэ?
9 Хүнийг үр хүүхэдтэй болох чадвартайгаар бүтээсэн. Мөн Еховаг хайрлаж, түүнд үйлчлэхийг хүүхдэдээ заахыг үүрэг болгосон. Та хүүхэдтэй бол ийм завшаан эдэлдэг гэсэн үг. Ехова тэнгэрийн элч нарт өөр эрхэм завшаан өгсөн ч яг ийм завшаан өгөөгүй. Тиймд эцэг эхчүүд үүнийгээ эрхэмлэх учиртай. Эцэг эхчүүд та бүхэнд итгэж «Еховагийн зааж сургасны дагуу хүүхдүүдээ хүмүүжүүлэх» ариун үүрэг оноожээ (Эф. 6:4; Д.хууль 6:5–7; Дуу. 127:3). Энэ үүргээ биелүүлэхэд нь эцэг эхчүүдэд туслах зорилгоор манай байгууллага Библид үндэслэсэн ном хэвлэл, видео, дуу хөгжим, вэб сайт дахь материал зэрэг олон багаж гаргадаг. Тэнгэрийн Эцэг Ехова болон Хүү Есүс нь хүүхэд залуусыг үнэхээр хайрладаг нь тодорхой байна (Лук 18:15–17). Эцэг эхчүүд өөрт нь найдаж, үр хүүхдээ хайрлан халамжлахын тулд чадах бүхнээ хийхэд Ехова баярладаг. Тэд хүүхдүүдээ үүрд мөнх Еховагийн гэр бүлийн гишүүн болох суурийг нь тавьж байгаа юм.
10, 11. Золиосны ачаар хүмүүс ямар боломжтой болсон бэ?
10 Хүн төрөлхтнийг гэр бүлдээ дахин багтаахын тулд хамгийн хайртай Хүүгээ өгсөн. Адам Ева хоёр Еховагийн гэр бүлийн гишүүн байхаа больсон төдийгүй, үр удмаа ч багтах боломжгүй болгосныг бид 4-р догол мөрд үзсэн билээ (Ром 5:12). Адам Ева хоёр санаатайгаар Бурханд тэрсэлж гэр бүлд нь багтах эрхгүй болсон юм. Гэхдээ үр удмынх нь тухайд юу хэлж болох вэ? Ехова хүмүүст хайртай учраас дуулгавартай үр хүүхдийг нь гэр бүлдээ дахин багтаахын тулд цорын ганц Хүү Есүс Христээ золиос болгон өгчээ (Ёох. 3:16; Ром 5:19). Тэрбээр золиосонд үндэслэн үнэнч 144 000 хүнийг хөвгүүдээ болгон үрчилсэн (Ром 8:15–17; Илч. 14:1).
11 Тэднээс гадна олон сая үнэнч хүн Бурхны хүсэл тааллыг дуулгавартай биелүүлдэг. Тэд 1000 жилийн сүүлд эцсийн сорилтыг даваад Бурхны гэр бүлийн байнгын гишүүн болох найдвар өвөрлөдөг (Дуу. 25:14; Ром 8:20, 21). Ийм найдвартай учраас тэд одоо ч Бүтээгч Еховагаа «Эцэг» гэдэг (Мат. 6:9). Амилсан хүмүүс Еховагийн шаардлагыг мэдэж аваад дуулгавартай байхаар шийдвэл тэд ч эцэстээ гэр бүлийнх нь гишүүд болно.
12. Ямар асуулт гарч ирэх вэ?
12 Ехова хүнийг хэрхэн хүндэлснийг үзлээ. Тэрбээр тослогдогсдыг аль хэдийн хөвгүүдээ болгон үрчилж, «үй олон хүнд» хүүхдүүд нь болох ирээдүй бэлэглэсэн (Илч. 7:9). Тэгвэл Еховагийн гэр бүлд үүрд багтахыг хүсдэг хүн одоо яах хэрэгтэй вэ?
ЕХОВАГИЙН ГЭР БҮЛД БАГТЪЯ ГЭВЭЛ ЯАХ ХЭРЭГТЭЙ ВЭ?
13. Бурхны гэр бүлд багтахын тулд яах хэрэгтэй вэ? (Марк 12:30).
13 Бүхий л зүрхээрээ Еховад үйлчилж хайртайгаа батлаарай (Марк 12:30-ийг уншина). Сайхан сэтгэлтэй Ехова бидэнд янз янзын боломж олгосон. Түүний дотроос хамгийн гайхамшигтай нь өөрийг нь шүтэх боломж юм. Еховаг хайрладаг хүн «тушаалыг нь биелүүлдэг» (1 Ёох. 5:3). Тэдгээр тушаалын нэг нь шавь бэлдэж, баптисм хүртээх гэсэн Есүсийн тушаал юм (Мат. 28:19). Бас бие биеэ хайрлахыг тушаасан (Ёох. 13:35). Ехова дуулгавартай хүмүүсийг гэр бүлийнхээ гишүүн болгоно (Дуу. 15:1, 2).
14. Бусдад хайраа хэрхэн илэрхийлэх вэ? (Матай 9:36–38; Ром 12:10).
14 Бусдыг хайрлаарай. Хайр бол Еховагийн хамгийн гол чанар юм (1 Ёох. 4:8). Өөрийг нь мэдэхээс ч өмнө Ехова биднийг хайрласан (1 Ёох. 4:9, 10). Иймд бид түүнийг дуурайн бусдыг хайрлах учиртай (Эф. 5:1). Оройтоогүй байгаа дээр нь бусдад Еховагийн тухай дуулгаж хайраа илэрхийлээрэй (Матай 9:36–38-ыг уншина). Ингэвэл тэд ирээдүйд Бурхны гэр бүлд багтана. Тэднийг баптисм хүртсэний дараа ч хайрлаж, хүндлэх учиртай (1 Ёох. 4:20, 21). Жишээлбэл үйлдлийнх нь цаад шалтгааныг ойлгоогүй бол яаран муугаар бүү бодоорой. Сайнаар бодож, итгэж, өөрөөсөө дээр гэж үздэг бол хүндэлж байгаа хэрэг мөн (Ром 12:10-ыг уншина; Флп. 2:3).
15. Бид хэнд өршөөнгүй, сайхан сэтгэлээр хандах ёстой вэ?
15 Бүх хүнд өршөөнгүй, сайхан сэтгэлээр хандаарай. Еховагийн гэр бүлд үүрд мөнхөд багтахын тулд бид Бурхны Үгийг амьдралдаа хэрэгжүүлэх учиртай. Жишээ нь Есүсийн зааснаар бид бүх хүнд, бүр дайснууддаа хүртэл өршөөнгүй, сайхан сэтгэлээр хандах ёстой (Лук 6:32–36). Ингэх нь тэр бүр амаргүй байж болох юм. Танд бас тэгж санагддаг бол Есүс шиг сэтгэж, үйлдэж сураарай. Еховад дуулгавартай байж, Есүсийг дуурайхыг чадлаараа хичээдэг бол гэр бүлд нь үүрд багтахыг хүсдэгээ батална.
16. Еховагийн гэр бүлийн нэр хүндийг унагахгүйн тулд яах ёстой вэ?
16 Еховагийн гэр бүлийн нэр хүндийг бүү унагаарай. Ер нь дүү нь ахыгаа дуурайх нь элбэг. Ах нь Библийн зарчмын дагуу амьдардаг бол дүүдээ сайн үлгэр дуурайл болдог. Харин мууг үйлдэж эхэлбэл дүү нь дуурайдаг. Үүнтэй адилаар Еховагийн гэр бүлийн үнэнч гишүүн тэрслэх юм уу ёс журамгүй амьдарч эхэлбэл бусдад муугаар нөлөөлдөг. Нөлөөнд нь автвал Еховагийн гэр бүлийн нэр хүндийг унагана (1 Тес. 4:3–8). Иймээс тэднийг дуурайж хайр халамжтай тэнгэрийн Эцгээсээ холдох ёсгүй.
17. Бид ямар үзэлтэй болох ёсгүй вэ? Яагаад?
17 Эд хөрөнгөд бус Еховад найдаарай. Хэрэв Хаант төрийг амьдралынхаа эн тэргүүнд тавьж, хэм хэмжээг нь дагадаг бол Ехова хоол хүнс, хувцас хунар, орон байраар хангана гэж амласан (Дуу. 55:22; Мат. 6:33). Амлалтыг нь санаж явбал эд хөрөнгө хүнийг хамгаалж, аз жаргалтай болгодог гэсэн үзэлтэй болохгүй. Еховагийн хүсэл тааллыг биелүүлж байж л жинхэнээсээ амар тайван амьдарна гэдгийг бид мэддэг шүү дээ (Флп. 4:6, 7). Чинээлэг амьдралтай, олон юм авах боломжтой байсан ч эдэлж хэрэглэх, арчилж тордох цаг хүч байгаа эсэхээ магадлах ёстой. Та эд хөрөнгөд хэтэрхий их татагдаж байгаа юм биш биз? Биднийг юунд ч сатаарахгүй, даалгасан ажлыг минь сайн хийгээсэй гэж Бурхан хүсдэг. Еховад үйлчлэх, цаашлаад хүү нь болж үрчлэгдэх завшаанаа эд хөрөнгөөс болж алдсан залуу шиг болохыг бид яавч хүсэхгүй (Марк 10:17–22).
ЕХОВАГИЙН ХҮҮХДҮҮД ҮҮРД МӨНХ ИВЭЭЛ ХҮРТЭНЭ
18. Дуулгавартай хүмүүс ямар завшааныг үүрд мөнх эдлэх вэ? Ямар ивээл хүртэх вэ?
18 Дуулгавартай хүмүүс Еховаг хайрлах, шүтэх дээдийн дээд завшааныг үүрд мөнхөд эдэлнэ! Дэлхийд амьдрах найдвартай хүмүүс Еховагийн өгсөн үзэсгэлэнтэй гэр орноо арчилж тордон жаргалтай амьдарна. Тун удахгүй Бурхны Хаант төрийн захиргаан дор дэлхий болон дээр нь байгаа бүхэн эргээд сайхан болно. Адам Ева хоёр Бурхны гэр бүлийн гишүүн байхаа больсны гайгаар үүссэн бүх хохирлыг Есүс арилгана. Ехова сая сая хүнийг диваажин болсон дэлхийд амилуулж, цоо эрүүл, мөнх амьдрах боломжтой болгоно (Лук 23:42, 43). Еховагийн гэр бүлийн дэлхий дэх гишүүд төгс болж бүгдээрээ Давидын бичсэнээр «алдар ба хүндэтгэлийг» хүлээнэ (Дуу. 8:5).
19. Бид юуг санаж амьдрах ёстой вэ?
19 Та «үй олон хүний» нэг бол сайхан ирээдүй таныг хүлээж байгаа шүү. Бурхан танд үнэхээр хайртай бөгөөд гэр бүлийнхээ гишүүн болоосой гэж хүсдэг. Иймд Бурханд таалагдахын тулд хамаг чадлаараа мэрийгээрэй. Өдөр бүр Бурхны амлалтыг санаж амьдраарай. Тэнгэрийн Эцгээ шүтэх завшаанаа эрхэмлэж, үүрд мөнхөд магтан алдаршуулах боломжоо үнэлээрэй.
ДУУ 50 Хайрын Бурхныг дууриая
a Гэр бүлээрээ жаргалтай амьдрахын тулд гишүүн бүр нь үүргээ ухамсарлаж, нэг нэгнээ дэмжих хэрэгтэй. Эцэг нь хайрын сэтгэлээр гэр бүлээ удирдаж, эхнэр нь нөхрөө дэмжиж, хүүхдүүд нь эцэг эхдээ дуулгавартай байсан цагт сайхан амьдарна. Еховагийн гэр бүл бас үүнтэй адилхан. Бурхан хүн төрөлхтний талаар тодорхой санаа зорилготой. Бид санаа зорилгынх нь дагуу амьдарвал гэр бүлийнх нь гишүүн болж үүрд мөнхөд амьдарна.
b ЗУРГИЙН ТАЙЛБАР: Бурхны дүр төрхөөр бүтээгдсэн учраас энэ эхнэр нөхөр хоёр бие биеэ, хүүхдүүдээ хайрлан энэрдэг. Еховаг хайрладаг. Хөвгүүдээ ч Еховаг хайрлаж, түүнд үйлчилдэг хүмүүс болгон өсгөхийг хичээж үр хүүхэдтэй болох завшаанаа эрхэмлэдгээ баталдаг. Аав нь видео үзүүлж Ехова Есүсийг золиос болгон өгсний учрыг тайлбарлаж байна. Мөн хүмүүс диваажин болсон дэлхийгээ, ан амьтдыг үүрд мөнх арчлан тордохыг хэлж өгч байна.