Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 39

Дотнын хүн Еховаг орхиход

Дотнын хүн Еховаг орхиход

«Тэд ... Түүнийг хичнээн их гашуудуулсан бэ!» (ДУУ. 78:40).

ДУУ 42 «Сул дорой нэгэндээ тус болъё»

ТОЙМ a

1. Дотнын хүн нь хурлаас хасагдахад зарим хүнд ямар санагддаг вэ?

 ДОТНЫН хүн тань хурлаас хасагдаж байсан уу? Тийм үед элэг зүрх өмрөх шиг болдог. Хилда гэдэг эмэгтэй: «41 жил ханилсан хань маань өнгөрөхөд үүн шиг хүнд зовлон байхгүй гэж бодогдсон. b Гэтэл хүү маань хурлаас хасагдаж эхнэр хүүхдүүдээ хаяж явахад бүр долоон дор санагдсан» гэж ярьжээ.

Дотнын хүн үнэний замаас гарах ямар хэцүү байдгийг Ехова сайн ойлгодог (2, 3-р догол мөрийг үзээрэй) d

2, 3. Дуулал 78:40, 41-ийг үзэхэд үйлчлэгч нь өөрийг нь орхиход Еховад ямар санагддаг вэ?

2 Тэнгэрийн хөвгүүдийнх нь зарим өөрөөс нь нүүр буруулахад Ехова хэчнээн их зовж шаналсныг бодоод үз дээ (Юуд. 6). Мөн хайртай ард түмэн израйлчууд нь дахин дахин тэрслэхэд сэтгэл нь хэчнээн их өвдсөн бол оо! (Дуулал 78:40, 41-ийг уншина). Дотнын хүн тань үнэнийг орхиход ч хайр халамжтай тэнгэрийн Эцэг маань шаналах нь гарцаагүй. Тэгэхээр таны гаслан зовлонг сайн ойлгож байгаа. Иймд таныг өрөвдөн сэтгэлийн тэнхээ хайрлана.

3 Энэ өгүүллээр, дотнын хүн маань хурлаас хасагдахад Еховагийн тусламжийг авч даван туулахын тулд яах хэрэгтэйг үзнэ. Бас ийм зовлон туулж яваа нэгэндээ хэрхэн дэм болохыг үзье. Гэхдээ эхлээд ямар бодолтой байхаас зайлсхийх ёстойг ярилцъя.

ӨӨРИЙГӨӨ БҮҮ БУРУУТГА

4. Хүүхэд нь Еховаг орхиход эцэг эхчүүдэд ямар санагддаг вэ?

4 Эцэг эхчүүд хайртай хүү юм уу охин нь Еховаг орхиход тэднийгээ үнэний замаар тууштай явахад нь олигтой тусалж чадсангүй гэж өөрсдийгөө буруутгадаг. Хүү нь хурлаас хасагдахад Лук гэдэг Гэрч: «Би өөрийгөө буруутгаж бүр хар дарж зүүдэлдэг байсан. Заримдаа маш их шаналан уйлдаг байлаа» гэж ярьсан юм. Мөн хүү нь бас хурлаас хасагдсан Элизабет: «Би л сайн ээж байж чадсангүй. Хүүгээ Еховаг хайрладаг хүн болгон өсгөж чадсангүй гэж бодсон» хэмээн ярьжээ.

5. Хүүхэд тань Еховаг орхивол хэний буруу вэ?

5 Ехова хүн бүрд сонгох эрх чөлөө өгсөн. Иймээс Еховад үйлчлэх үү, үгүй юу гэдгээ хүн өөрөө шийддэг. Эцэг эх нь сайн жишээ үзүүлээгүй ч Еховад үйлчлэхээр шийдээд үнэнч байгаа залуус олон бий. Нөгөөтээгүүр эцэг эх нь Библийн зарчмын дагуу өсгөхийг чадлаараа хичээсэн ч том болоод үнэнийг орхидог залуус бий. Дүгнэж хэлбэл, Еховад үйлчлэх эсэхээ хүн өөрөө л шийднэ (Иош. 24:15). Тиймээс эцэг эхчүүд ээ, өөрсдийгөө бүү буруутгаарай.

6. Эцэг эх нь Еховаг орхиход хүүхдэд нь ямар санагддаг вэ?

6 Еховаг, бүр гэр бүлээ орхиж явдаг эцэг эх байдаг (Дуу. 27:10). Энэ нь эцэг эхээсээ үлгэр дуурайл авдаг хүүхдийн хувьд хүнд цохилт болдог. Аав нь хурлаас хасагдсан Естер: «Үнэнээс зүгээр урсаад явчихаагүй, Еховаг орхих шийдвэрийг аав өөрөө гаргасан гэж бодохоор өөрийн эрхгүй уйлдаг байсан. Би аавдаа хайртай болохоор одоо ямар байгаа бол доо гэж дандаа санаа зовдог байлаа. Бүр сэтгэл түгшиж, дотор давчиддаг болсон» гэжээ.

7. Хурлаас хасагдсан эцэг эхтэй залуусыг Ехова яадаг вэ?

7 Аав юм уу ээж тань үнэнийг орхиод хэцүү байна уу? Ямар их шаналж байгааг тань сайн ойлгож байна. Ехова ч бас сайн ойлгодогт итгээрэй. Ехова, итгэл нэгтнүүд тань үнэнч танд хайртай, танаар бахархдаг шүү. Эцэг эхийнхээ гаргасан шийдвэрийн хариуцлагыг та хүлээхгүй гэдгийг бас санаж яваарай. Дээр хэлсэнчлэн Ехова хүн бүрд сонгох эрх чөлөө олгосон. Еховад өөрийгөө зориулж баптисм хүртсэн «хүн бүр ачаагаа үүрнэ» (Гал. 6:5).

8. Дотнын хүнээ Еховад эргээд ирнэ гэж хүлээнгээ гэрийнхэн нь яах хэрэгтэй вэ? (Бас  «Еховад эргээд ир» гэсэн хавсралтыг үзээрэй).

8 Еховаг орхисон дотнын хүнээ эргээд ирнэ гэж та хүлээдэг нь ойлгомжтой. Тэгвэл хүлээх зуураа яах хэрэгтэй вэ? Өөрийгөө бүрэн дайчилж итгэлээ батжуулах хэрэгтэй. Ингэдэг бол та гэрийнхэндээ үлгэр дуурайл үзүүлнэ. Хурлаас хасагдсан нэгэндээ ч сайн жишээ үзүүлж болох юм. Мөн зовлонгоо давах сэтгэлийн тэнхээтэй болно. Тэгвэл итгэлээ батжуулахын тулд яах хэрэгтэйг одоо үзье.

ИТГЭЛЭЭ БАТЖУУЛАХ НЬ

9. Яавал Еховагийн тусламжийг авч итгэлээ батжуулах вэ? (Бас  «Сэтгэл тайвшруулам Библийн зүйлүүд» гэсэн хавсралтыг үзээрэй).

9 Сайн хэвшилтэй байгаарай. Өөрийнхөө болон гэрийнхнийхээ итгэлийг батжуулах нь амин чухал. Үүний тулд яах хэрэгтэй вэ? Библийг уншиж эргэцүүлэн бодож цуглаанд явах хэвшлээ эвдэхгүй байгаарай. Ингэж Бурхны тусламжийг авбал итгэл батажна. Жоанна гэдэг Гэрч эмэгтэйн аав эгч хоёр үнэнийг орхижээ. Тэрбээр: «Би Библиэс Абигаил, Естер, Иов, Иосеф, Есүсийн тухай уншаад тайвширдаг. Зовлонгоо мартаж өөдрөг бодолтой болдог. Түүнээс гадна шинэ дуунуудыг сонсоод сэтгэл сэргэдэг» гэж ярьсан юм.

10. Дуулал 32:6–8-ыг үзэхэд зовлонгоо нимгэлэхийн тулд яах хэрэгтэй вэ?

10 Еховад сэтгэлээ уудлан залбираарай. Зовж шаналж байхдаа ч залбирахаа битгий болиорой. Тантай адил бодолтой байхад туслаач, «явах ёстой замд ... зааварлан зааж өгөөч» гэж хайрын сэтгэлтэй Бурхнаасаа гуйгаарай (Дуулал 32:6–8-ыг уншина). Ямар байгаагаа хэлэх гэхээр зүрх шимшрээд хэцүү байх нь ойлгомжтой. Гэхдээ Ехова таны сэтгэлийг бүрэн ойлгож байгаа. Тэрбээр танд дэндүү хайртай бөгөөд сэтгэлд байгаа бүхнээ хэлж байхыг уриалдаг (Ег. 34:6; Дуу. 62:7, 8).

11. Еврей 12:11-ийг үзэхэд хурлаас хасах нь Еховагийн хайрын сэтгэлээр авдаг арга хэмжээ гэж яагаад хэлж болох вэ? (Бас  «Хурлаас хасах нь Еховагийн хайрын илрэл» гэсэн хавсралтыг үзээрэй).

11 Ахлагчдын гаргасан шийдвэрийг дэмжээрэй. Хурлаас хасах гэдэг нь Еховагийн авдаг сахилгын арга хэмжээ юм. Хайрын сэтгэлээр засаж залруулдаг нь бүх хүнд, хасагдсан хүнд ч тустай (Еврей 12:11-ийг уншина). Зарим хүн хэн нэгнийг хурлаас хассан ахлагчдыг буруутгадаг. Гэхдээ тэд хасагдсан хүн нүгэл үйлдсэнийг тоолгүй ингэдгийг санаарай. Бид болсон явдлын нарийн ширийнийг мэдэхгүй. Ахлагчид чадах бүхнээ хийж Библийн зарчмыг чанд баримтлан «ЭЗЭНий төлөө шүүсэн» гэдэгт итгэх нь зүйтэй (Ш.дэд 19:6).

12. Нэг гэр бүл Еховад дуулгавартай байснаараа ямар ач тус хүртсэн бэ?

12 Дотнын хүнийг тань хурлаас хассан ахлагчдын шийдвэрийг дэмжвэл Ехова руу буцаж ирэхэд нь тусалж байгаа хэрэг юм. Дээр дурдсан Элизабет: «Хурлаас хасагдсан, насанд хүрсэн хүүтэйгээ харьцахгүй байх үнэхээр хэцүү байсан. Хүү маань эргээд ирснийхээ дараа өөрийг нь хурлаас хассан нь зөв байсан гэж ярьсан. Мөн олон юм ойлгосноо хэлсэн. Еховагийн сахилга батын арга хэмжээ дандаа зөв байдаг юм билээ» гэж ярьжээ. Нөхөр Марк нь: «Эхнэр бид хоёр өөртэй нь огт харьцахгүй байсныг буцаж ирэх нэг шалтгаан болсон гэж хүү маань хожим дурссан. Дуулгавартай байхад маань Ехова өөрөө тусалсан. Үүнд нь бид их баярладаг» гэж ярьжээ.

13. Яавал сэтгэлийн тэнхээтэй байх вэ?

13 Таныг ойлгох хүнд сэтгэлээ уудлаарай. Сэтгэлийн тэнхээтэй байхад тань тус болох төлөвшсөн Гэрчтэй ярьж байгаарай (Сур. 12:25; 17:17). Түрүүн дурдсан Жоанна: «Би их ганцаарддаг байсан. Гэхдээ итгэлт андуудтайгаа ярихаар сэтгэл хөнгөрөөд явчихдаг» гэжээ. Тэгвэл хурлын зарим хүн сэтгэлээр унагах үг хэлбэл та яах вэ?

14. Бид яагаад «хүлээцтэй хандаж, бие биеэ дуртайяа уучилж байх» хэрэгтэй вэ?

14 Битгий гомдоорой. Хүн бүр таны сэтгэлд нийцэх юм хэлэхгүй нь ойлгомжтой (Яак. 3:2). Бид бүгд төгс бус шүү дээ. Тиймээс хэн нэг нь юу хэлэхээ мэдэхгүй байвал, эсвэл бүр таныг санаандгүй гомдоосон бол бүү гайхаарай. «Гомдох шалтгаан байлаа ч, хүлээцтэй хандаж, бие биеэ дуртайяа уучилж байгаарай» гэсэн Паулын зөвлөгөөг санаарай (Кол. 3:13). Хүү нь хурлаас хасагдсан нэг эмэгтэй: «Зарим хүн намайг тайвшруулах гээд бүр гомдоочихдог байсан. Гэсэн ч тэднийгээ уучлахад Ехова тусалсан» гэж ярьсан юм. Тэгвэл хурлын итгэл нэгтнүүд гэрийнхэнд нь хэрхэн дэм болох вэ?

ХУРЛЫНХНЫ ДЭМ

15. Дотнын хүн нь саяхан хурлаас хасагдсан хүмүүст хэрхэн дэм болох вэ?

15 Гэрийнхэнд нь сайхан хандаарай. Мириам эрэгтэй дүүгээ хурлаас хасагдсаны дараа цуглаанд явна гэхээс санаа зовжээ. Тэрбээр: «Хүмүүс юу гэх бол гэдгээс би айж байсан. Харин найзууд маань намайг хэр их шаналж байгааг ойлгож, дүүг маань буруутгах юм юу ч яриагүй. Тэднийхээ дэмээр би ганцаардаагүй» гэж ярьжээ. Өөр нэг Гэрч эмэгтэй: «Манай хүүг хурлаас хассаны дараа найзууд маань ирж биднийг тайвшруулсан. Зарим нь юу хэлэхээ ч мэдэхгүй байсан гэсэн. Гэхдээ тэд надтай хамт уйлсан, зурвас бичиж өгсөн. Ямар их тайвширсан гээч!» гэсэн юм.

16. Хурлынхан хэрхэн тус дэм болсоор байх вэ?

16 Гэрийнхэнд нь тус дэм болсоор байгаарай. Одоо тэднийгээ хайрлаж урамшуулах нь хэзээ хэзээнээс илүү чухал (Евр. 10:24, 25). Зарим хүн өөрсдөөс нь дөлж байгааг анзаарсан гэрийнхэнд нь хурлаас хасагдсан мэт санагддаг үе байдаг ажээ. Тэднээсээ дөлж болохгүй шүү. Ялангуяа үнэнийг орхисон эцэг эхтэй хүүхэд залуусыг магтаж урамшуулж байх учиртай. Мариагийн нөхөр хурлаас хасагдаж гэр бүлээ хаяж явжээ. Тэрбээр: «Найзууд маань манайд ирээд хоол хийж хамт Библи судална. Сэтгэлийн зовлонг маань хуваалцаж хамт уйлна. Миний тухай худал цуурхал тарахад намайг өмөөрч хамгаална. Тэд надад үнэхээр их урам хайрладаг байсан» гэж ярив (Ром 12:13, 15).

Хасагдсан хүний гэрийнхнийг хурлынхан нь хайрлан халамжлах учиртай(17-р догол мөрийг үзээрэй) e

17. Ахлагчид яах хэрэгтэй вэ?

17 Ахлагчид аа, Еховаг орхисон хүний гэрийнхнийг батжуулахын тулд бүх боломжоо дайчлаарай. Ялангуяа та бүхэн тэднийг тайвшруулах үүрэгтэй шүү (1 Тес. 5:14). Санаачилга гарган цуглааны өмнө болон дараа тэдэнтэйгээ ярьж хөөрч байгаарай. Гэрт нь очиж хамт залбирч байх хэрэгтэй. Цуг дэлгэрүүлэх юм уу гэр бүлийн хичээлдээ урьж болохгүй нь юу билээ? Еховагийн томилсон хоньчид зовж шаналж буй хоньдыг нь өрөвдөн хайрлаж анхааран халамжлах учиртай (1 Тес. 2:7, 8).

ЕХОВАД ИТГЭЖ НАЙДСААР БАЙЯ

18. 2 Петр 3:9-өөс үзэхэд Бурхан нүгэл үйлдсэн хүнд ямар боломж олгодог вэ?

18 Ехова «хэнийг ч үхүүлэхийг хүсдэггүй, харин бүх хүнд гэмших боломж олгохыг хүсдэг» (2 Петр 3:9-ийг уншина). Ноцтой нүгэл үйлдсэн хүний амь ч Еховад үнэ цэнтэй хэвээрээ. Ехова нүгэлтэй хүн бүрийг аврахын тулд хайртай Хүүгээ золиос болгон өгч маш өндөр үнэ төлснийг санаарай. Ехова өөрийг нь орхиж явсан хүмүүсийг өрөвдөн буцаж ирэхэд нь тусалдаг. Буцаж ирнэ хэмээн найддагийг Есүсийн ярьсан төөрсөн хүүгийн тухай сургаалт зүйрлэлээс мэдэж болно (Лук 15:11–32). Хайр халамжтай тэнгэрийн Эцэгтээ буцаж ирсэн хүмүүс олон бий. Хурлынхан нь ч халуун дотноор угтаж авдаг. Хүүгийнх нь эрхийг сэргээхэд дээр дурдсан Элизабет ихэд баярлажээ. Тэрбээр: «Олон хүн надад хүүгээ буцаж ирнэ гэсэн найдвар бүү алдаарай гэдэг байсанд би их баярладаг» гэж ярьсан юм.

19. Еховад яагаад үргэлж итгэх хэрэгтэй вэ?

19 Бид Еховад үргэлж итгэх хэрэгтэй. Бурхан биднийг сайн сайхан байгаасай гэсэндээ заавар өгдөг. Ехова бол өөрийг нь хайрлаж шүтдэг хүмүүсийг маш их хайрладаг өгөөмөр, өрөвч Эцэг билээ. Хэцүү үед ч Ехова таныг орхихгүй гэдэгт итгэлтэй байгаарай (Евр. 13:5, 6). Дээр дурдсан Марк: «Ехова биднийг ерөөсөө орхиогүй. Зовлон бэрхшээл учрахад дандаа тусалдаг» гэжээ. Ехова танд «хэрээс хэтэрсэн хүч өгсөөр» байх болно (2 Кор. 4:7). Иймээс та Еховадаа үнэнч байж, дотнын хүнээ буцаж ирнэ хэмээсэн найдвараа алдахгүй байх боломжтой.

ДУУ 38 Еховад ачаагаа даатгая

a Дотнын хүн маань Еховаг орхиход ямар хэцүү байдаг билээ дээ! Тэгвэл Бурханд ямар санагддагийг энэ өгүүллээр үзье. Бас үнэнч гэрийнхэн нь сэтгэлийн тэнхээтэй, бат итгэлтэй байхын тулд юу хийх хэрэгтэйг үзье. Мөн хурлынхан нь тэднийг хэрхэн тайвшруулж, тусалж дэмжиж болохыг ярилцъя.

b Энэ өгүүлэлд гарсан зарим хүний нэрийг өөрчлөв.

d ЗУРГИЙН ТАЙЛБАР: Гэрч эрэгтэй гэр бүлээ ч, Еховаг ч орхиж явахад эхнэр хүүхдүүд нь зовдог.

e ЗУРГИЙН ТАЙЛБАР: Хоёр ахлагч тэдэнд сэтгэлийн дэм өгөхөөр ирж байна.