Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 38

Ехова болон ах дүүтэйгээ дотносъё

Ехова болон ах дүүтэйгээ дотносъё

«Би өөрийнхөө болоод та нарын Эцэг рүү ... явж байна» (ЁОХ. 20:17).

ДУУ 152 Бидний хүч, бидний найдвар, бидний итгэл

ТОЙМ a

1. Үнэнч хүмүүс Еховаг хэн гэж дуудаж болох вэ?

 ЕХОВАГИЙН гэр бүлд «бүх бүтээлийн анхных» нь болсон Есүс, мөн үй олон тэнгэрийн элч ордог (Кол. 1:15; Дуу. 103:20). Есүс дэлхийд байхдаа Еховаг Эцгээ гэж дуудахыг үнэнч хүмүүст заасан. Шавь нартайгаа ярьж байхдаа Еховаг «өөрийнхөө болоод та нарын» Эцэг хэмээсэн (Ёох. 20:17). Еховад өөрийгөө зориулж баптисм хүртсэн хүн итгэл нэгтнүүдээсээ бүрдсэн, хайр бялхсан гэр бүлийн гишүүн болдог (Марк 10:29, 30).

2. Энэ өгүүллээр юу үзэх вэ?

2 Зарим хүн Еховаг хайр халамжтай Эцгээ гэж үзэж чаддаггүй. Нөгөө зарим нь итгэл нэгтнүүддээ хайраа хэрхэн илэрхийлэхийг мэддэггүй. Энэ өгүүллээр, Еховаг хайр халамжтай Эцэг, дотносож болох Нэгэн гэдгийг Есүс хэрхэн заасныг үзнэ. Мөн итгэл нэгтнүүдтэйгээ харьцахдаа Еховаг хэрхэн дуурайхыг үзье.

ӨӨРТЭЙ НЬ ДОТНОСООСОЙ ГЭЖ ЕХОВА ХҮСДЭГ

3. Есүсийн заасан залбирлыг бодохоор Ехова дотно санагддагийн учир юу вэ?

3 Ехова бол хайрын сэтгэлтэй Эцэг. Есүс Еховаг хахир хатуу захирагч гэж бус, харин дотносоход амар, сайхан сэтгэлтэй, хайр халамжтай Эцэг гэж үздэг байсан. Еховаг тэгж үзээсэй гэж биднээс бас хүсдэг. Үүнийг шавь нартаа хэрхэн залбирахыг зааснаас нь мэдэж болно. Тэрбээр залбирлаа «Эцэг минь» гэж эхэлсэн (Мат. 6:9). Есүс Еховаг «Төгс Хүчит Нэгэн», «Бүтээгч», «Мөнхийн Хаан» гэж дуудахыг зааж болох л байсан. Эдгээр нь бүгд Судрын үндэстэй цол учраас ингэж дуудсан ч буруудахгүй (Эх. 49:25; Ис. 40:28; 1 Тим. 1:17). Гэхдээ «Эцэг минь» гэж дотночлон дуудахыг захисан.

4. Ехова бидэнтэй дотносохыг хүсдэгийг хаанаас мэдэх вэ?

4 Еховаг хайр халамжтай Эцгээ гэж үзэх нь танд хэцүү байдаг уу? Зарим хүнд хэцүү байдаг. Хахир хатуу аавтай хүн хайр халамжтай эцгийг төсөөлж чадахгүй биз ээ. Харин Ехова тийм хүнийг сайн ойлгодгийг мэдэхлээр үнэхээр тайвширдаг. Ехова бидэнтэй дотносохыг хүсдэг учраас «Бурхантай ойр дотно бол. Тэгвэл тэрээр та нартай дотно болно» гэж Үгэндээ бичүүлжээ (Яак. 4:8). Тэрбээр бидэнд хайртай бөгөөд хамгийн сайн Эцэг байхаа амласан.

5. Лук 10:22-оос үзвэл Есүс бидэнд Еховатай дотносоход хэрхэн тусалдаг вэ?

5 Есүс бидэнд Еховатай дотносоход тусалдаг. Тэрбээр Еховаг маш сайн мэддэг. Бас Еховатай яг адилхан зан чанартай. Тийм ч учраас «Намайг харсан хүн Эцгийг харсан» гэж хэлсэн (Ёох. 14:9). Есүс айлын том хүүгийн адилаар, хэрхэн Эцгээ хүндэлж, дуулгавартай байх вэ, хэрхэн таалагдахгүй юмнаас нь хол байх вэ, яавал сайшаалыг нь олох вэ гэдгийг бидэнд заадаг. Гэхдээ хамгийн гол нь, Ехова ямар сайхан сэтгэлтэй, хайр халамжтай болохыг ойлгуулсан (Лук 10:22-ыг уншина). Одоо зарим жишээг ярилцъя.

Халамжтай Эцэг Ехова тэнгэрийн элчээ илгээж Хүүгээ зоригжуулсан (6-р догол мөрийг үзээрэй) c

6. Есүс ямар үед залбирахад Ехова сонссон бэ?

6 Ехова хүүхдүүдээ чих тавин сонсдог. Ууган хүү Есүс нь дэлхий дээр байхдаа Эцэгтээ олон удаа залбирсан. Ехова залбирах болгонд нь сонссон (Лук 5:16). Есүсийг 12 элчээ сонгох зэрэг чухал асуудлыг шийдэх гээд залбирахад нь сонссон. (Лук 6:12, 13). Бас зовж шаналсан үедээ залбирахад нь сонссон. Есүс Иудасыг урван тэрслэхийн өмнөхөн удахгүй соригдох талаараа Эцэгтээ шаргуу залбирсан. Ехова хайртай Хүүгийнхээ залбирлыг сонсоод зогсохгүй, тэнгэрийн элчээ илгээж тэнхрүүлсэн (Лук 22:41–44).

7. Ехова үйлчлэгчдийнхээ залбирлыг сонсдог нь танд ямар санагдаж байна вэ?

7 Ехова өнөөдөр ч үйлчлэгчдийнхээ залбирлыг сонсож яг хэрэгтэй цагт, хамгийн сайн аргаар хариулдаг (Дуу. 116:1, 2). Үүнийг Энэтхэгт амьдардаг нэг Гэрч эмэгтэй биеэрээ үзжээ. Тэрбээр сэтгэлийн түгшүүртэй болсон байжээ. Тэгээд энэ тухайгаа Еховад хэлж чин сэтгэлээсээ залбирсан байна. Тэр эмэгтэй: «2019 оны 5-р сарын JW телевизийн хөтөлбөр ийм зовлон туулж байгаа надад их тустай байсан. Залбирлын минь хариу байв» гэжээ.

8. Ехова Есүст хайртайгаа хэрхэн харуулсан бэ?

8 Ехова Есүсийг дэлхий дээр байх бүхий л хугацаанд нь хайрлан халамжилж байсан шигээ биднийг ч хайрлан халамжилдаг (Ёох. 5:20). Ехова Есүсийн итгэлийг батжуулж, сэтгэл санаа болон бие махбодын хэрэгцээг хангадаг байсан. Бас Хүүгээ хайрладгаа, таалан сайшаадгаа хэлдэг байв (Мат. 3:16, 17). Есүс хайртай тэнгэрийн Эцэг нь дандаа хамт байж тусалдгийг мэдэж байсан учраас хэзээ ч ганцаардаагүй (Ёох. 8:16).

9. Ехова бидэнд хайртай нь юунаас харагддаг вэ?

9 Бид ч Есүс шиг Еховагийн хайрыг олон янзаар мэдэрдэг. Дараах зүйлийг бодоод үзээрэй. Ехова биднийг өөр лүүгээ татаж, хайр, эв нэгдэл ноёрхсон, аз жаргалтай гэр бүлийнхээ гишүүн болгож, сэтгэл санааны хэрэгцээг хангадаг (Ёох. 6:44). Бас итгэлийг маань батжуулах бүх юмаар хангадаг. Бүр зайлшгүй хэрэгтэй зүйлийг маань өдөр бүр өгдөг (Мат. 6:31, 32). Ехова биднийг хэрхэн хайрладгийг бодох тусам түүнийг улам улам хайрладаг.

ИТГЭЛ НЭГТНҮҮДЭЭ ЕХОВА ШИГ ХАЙРЛАЯ

10. Бид Еховаг хэрхэн дуурайх вэ?

10 Ехова итгэл нэгтнүүдийг маань хайрладаг. Харин бидний хувьд дандаа хайрлах нь амаргүй. Яагаад гэвэл бид өөр өөр соёлтой, өссөн орчин маань ч ялгаатай. Бид заримдаа алдаа гаргаж бусдыгаа уурлуулж, сэтгэлээр унагадаг. Гэхдээ Еховаг дуурайгаад байвал итгэл нэгтнүүдээ улам илүү хайрлаж сурна (Эф. 5:1, 2; 1 Ёох. 4:19). Тэгвэл Еховагийн жишээнээс юу сурахыг ярилцъя.

11. «Өрөвч» сэтгэлтэй Еховаг Есүс хэрхэн дуурайсан бэ?

11 Ехова «өрөвч» билээ (Лук 1:78). Өр нимгэн хүн зовж шаналж яваа нэгнийгээ хараад өрөвддөг. Мөн тусалж, тайвшруулах арга замыг хайдаг. Есүс Еховаг дуурайн хүмүүсийг өрөвддөг байсан (Ёох. 5:19). Нэг удаа «олон түмнийг хараад тэднийг өрөвдөв. Учир нь хүмүүс хоньчингүй хонь турж эцдэгийн адил зовж зүдэрсэн байлаа» (Мат. 9:36). Есүс хүмүүсийг өрөвдөөд зогсохгүй хайрладгаа харуулж тусалсан. Өвчтэй нэгнийг нь эдгээж, «эцэж туйлдсан, хүнд ачаа үүрсэн» хүмүүсийг сэргээсэн (Мат. 11:28–30; 14:14).

Еховаг дуурайж өрөвч, өгөөмөр байгаарай (12–14-р догол мөрийг үзээрэй) d

12. Яавал ах дүүгээ өрөвдөж туслах хүсэлтэй болох вэ? Жишээ хэлнэ үү.

12 Ах дүүд маань ямар бэрхшээл учирч байгааг бодож үзвэл тэднийгээ өрөвдөнө, хэрхэн туслахаа мэдэж авна. Жишээ нь бие муутай Гэрч эмэгтэй байна гэж бодъё. Энэ тухайгаа яриад байдаггүй ч хэн нэгэн тусалбал баярлах нь лавтай. Тэрбээр гэрийнхээ ажлыг яаж амжуулдаг бол? Хоол хийж, гэрийг нь цэвэрлэхэд тусалбал яах бол? Өөр нэг Гэрч эрэгтэй ажилгүй болсон гэж бодъё. Хэнээс гэдгээ мэдэгдэлгүй мөнгө өгвөл ажилтай болтол нь нэмэр болох ч юм бил үү?

13, 14. Өгөөмөр Еховаг хэрхэн дуурайх вэ?

13 Ехова өгөөмөр (Мат. 5:45). Өрөвч хүн тусламж гуйхыг хүлээдэггүй. Еховаг дуурайж санаачилгатай байдаг. Биднийг гуйсан ч, гуйгаагүй ч Ехова өдөр бүр нараа мандуулдаг шүү дээ. Талархдаг ч бай, талархдаггүй ч бай бүх хүн нарны илчинд дулаацдаг. Ехова хэрэгтэй бүхнээр хангадаг нь бидэнд хайртайн баталгаа гэдэгтэй та санал нийлэхгүй гэж үү? Ийм өгөөмөр, сайхан сэтгэлтэй Эцэгтээ бид маш их хайртай.

14 Олон итгэл нэгтэн маань өгөөмөр Еховаг дуурайж, санаачилгаараа өгдөг. Жишээлбэл 2013 онд Хайян гэдэг их хүчтэй хар салхи Филиппинийг дайрч асар их хохирол учруулжээ. Олон ах дүү гэр орон ч үгүй, юу ч үгүй хоцорсон. Гэвч дэлхийн өнцөг булан бүрд амьдардаг итгэл нэгтнүүд маань шуурхай ажиллаж тусламж үзүүлэв. Олон хүн хандив өргөсөн. Бас 750 орчим айлын гэрийг жил хүрэхгүй хугацаанд засварлаж, шинээр барьсан юм. КОВИД-19 цар тахлын үед Гэрчүүд итгэл нэгтнүүддээ дэм болохын тулд нөр их хөдөлмөрлөсөн билээ. Бид итгэл нэгтнүүддээ дуртайяа туслан хайртайгаа баталдаг.

15, 16. Лук 6:36-д бичсэнээр тэнгэрийн Эцгээ хэрхэн дуурайх вэ?

15 Ехова өршөөнгүй, ууч сэтгэлтэй Бурхан (Лук 6:36-г уншина). Бидний хүн нэг бүрийг өдөр бүр уучилдаг (Дуу. 103:10–14). Есүс бас төгс бус дагалдагчдадаа өршөөнгүй, ууч сэтгэлээр ханддаг байсан. Тэр бүү хэл, бидний нүглийг уучлуулахын тулд амиа дуртайяа золиосолсон (1 Ёох. 2:1, 2). Та өршөөнгүй, ууч сэтгэлтэй Ехова Есүс хоёрт татагдахгүй байна гэж үү?

16 «Бие биеэ дуртайяа уучилдаг» бол итгэл нэгтнүүдээ улам их хайрладаг болно (Эф. 4:32). Дандаа уучилна гэдэг амаргүй. Гэхдээ хичээх учиртай. Нэг Гэрч эмэгтэйд «Харуулын цамхаг» сэтгүүлд гарсан «Бие биеэ уучил» гэсэн өгүүлэл тус болжээ. b Тэрбээр: «Энэ өгүүллээс бусдыг уучлах нь ямар ач тустайг ойлгосон. Тэнд бичсэнээр бусдын хийсэн буруу хэргийг нүдээ аниад өнгөрүүлэх юм уу тийм ч сүртэй юм болоогүй гэж бодохыг чин сэтгэлээсээ уучлах гэж ойлгож болохгүй. Харин тэр хүний талаар муу юм бодохгүй, уураа дотроо хадгалахгүй, тайван амгалан байвал жинхэнэ ёсоор уучилж байна гэдгийг ойлгосон» гэжээ. Хэрэв бид итгэл нэгтнүүдээ дуртайяа уучилдаг бол тэднийгээ хайрлаж, Эцэг Еховагаа дуурайж байгаа хэрэг юм.

ЕХОВАГИЙН ГЭР БҮЛИЙН ГИШҮҮН БАЙХ ЗАВШААНАА ЭРХЭМЛЭЭРЭЙ

Бид хөгшин залуугүй бие биеэ хайрладаг (17-р догол мөрийг үзээрэй) e

17. Матай 5:16-д бичсэнээр бид яадаг бол тэнгэрийн Эцгээ алдаршуулах вэ?

17 Еховагийн хайр бялхсан гэр бүлд олон үндэстний ах дүүтэйгээ байна гэдэг юутай завшаан бэ! Гэр бүлд маань улам олон хүн нэгдээсэй гэж хүсдэг. Тийм учраас тэнгэрийн Эцэг Ехова болон гэр бүлийнхээ нэр хүндэд сэв суулгах юу ч хийхгүйг хичээдэг. Биеэ зөв авч явж байгааг маань хүмүүс хараад Еховаг таньж мэдэн түүнд үйлчлэх хүсэлтэй болно (Матай 5:16-г уншина).

18. Итгэл үнэмшлээ зоригтой тайлбарлахад маань хэн туслах вэ?

18 Тэнгэрийн Эцгээ дуулгавартай дагадгаас маань болоод басамжлан доромжилж, бүр хавчдаг хүмүүс бий. Тийм үед итгэл үнэмшлээ тайлбарлахаас айвал яах вэ? Ехова Есүс хоёр тусална гэдэгт итгээрэй. Есүс шавь нартаа «юуг, яаж ярих билээ гэж зовох хэрэггүйг» батлан хэлсэн. Тэрбээр: «Юу ярихаа тэр үед та нар мэдэх болно. Учир нь та нар өөрсдөө л ярих юм биш, харин тэнгэрийн Эцэг тань тусална» гэжээ (Мат. 10:19, 20).

19. Итгэл үнэмшлээ зоригтой тайлбарласан нэг залуугийн тухай ярина уу.

19 Робертод тохиолдсон явдлыг үзье. Өмнөд Африкт амьдардаг тэрбээр Библи судалж эхлээд удаагүй байхдаа цэргийн шүүхэд дуудагджээ. Тэрбээр ах дүүгээ хайрладаг учраас цэргийн алба хаахгүй гэдгээ шүүгчдэд зоригтой тайлбарлав. Еховагийн гэр бүлийн гишүүн байх завшаанаа эрхэмлэдгээ ийн харуулсан байна. Шүүгч гэнэт «Чиний ах дүү гэж хэн юм бэ?» гэлээ. Ингэж асууна гэж Роберт бодоогүй байсан ч тэр өдрийн зүйл сэтгэлд нь зурсхийн орж ирэв. Тэр нь Матай 12:50 байв. «Тэнгэр дэх Эцгийн минь хүслийг биелүүлдэг хэн боловч миний ах, эгч, дүү, ээж мөн» гэж тэнд бичсэн байдаг. Роберт Библи судалж эхлээд удаагүй байсан ч Еховагийн агуу хүчний тусламжтайгаар энэ болон өөр санаанд оромгүй асуултуудад хариулж чаджээ. Ехова хэчнээн их бахархсан бол оо! Хүнд үед Еховад найдаж итгэл үнэмшлийнхээ талаар эр зоригтой яривал Ехова биднээр ч бахархана.

20. Бид яахаар бат шийдэх ёстой вэ? (Ёох. 17:11, 15)

20 Еховагийн хайр бялхсан гэр бүлийн гишүүн байх завшаанаа эрхэмлэж явцгаая. Бид хэнтэй ч зүйрлэмгүй хамгийн сайн аавтай, нэг нэгнээ чин сэтгэлээсээ хайрладаг ах дүүтэй. Ийм сайхан гэр бүлтэйдээ баярлаж явах учиртай. Тэнгэрийн Эцэг биднийг хайрладаг гэдэгт Сатан болон түүний талынхан эргэлзээ төрүүлж, эв нэгдлийг маань бусниулахыг оролддог. Гэхдээ биднийг эв нэгдэлтэй байлгахын тулд харж хамгаалахыг Есүс Эцгээсээ гуйсан (Ёохан 17:11, 15-ыг уншина). Ехова тэр залбиралд хариулж байна. Тэнгэрийн Эцэг маань биднийг хайрлаж, тусална гэдэгт Есүсийн адил бат итгээрэй. Ехова болон итгэл нэгтнүүдтэйгээ улам дотносохоор бат шийдэцгээе.

ДУУ 31 Бид бол Еховагийн Гэрч!

a Бид гайхалтай гэр бүлийн гишүүд байх завшаантай. Бид бие биеэ хайрладаг ч улам их хайрлахыг хүсдэг. Ингэхийн тулд яах хэрэгтэй вэ? Хайр халамжтай Эцэг маань бидэнд хэрхэн ханддагийг дуурайж, Есүс болон итгэл нэгтнүүдийнхээ сайхан жишээг дагах хэрэгтэй.

c ЗУРГИЙН ТАЙЛБАР: Ехова Есүсийг Гетсеманийн цэцэрлэгт байхад нь зоригжуулахын тулд тэнгэрийн элчээ илгээсэн.

d ЗУРГИЙН ТАЙЛБАР: КОВИД-19 цар тахлын үед итгэл нэгтнүүд маань хоол хүнс бэлдээд тарааж байна.

e ЗУРГИЙН ТАЙЛБАР: Ээж охин хоёр шоронд хоригдож байгаа Гэрч залууд урам сэргэм захиа явуулжээ.