Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 36

Эрч хүчтэй залуусаа хайрлан хүндэлье

Эрч хүчтэй залуусаа хайрлан хүндэлье

«Залуусын алдар суу нь тэдний хүч тэнхээ» (СУР. 20:29).

ДУУ 11 Еховаг баярлуулъя

ТОЙМ a

1. Ахмадууд ямар зорилго тавьж болох вэ?

 АХМАДУУД маань нас ахихын хэрээр Еховагийн төлөө урьдынх шигээ их юм хийж чадахгүй болж дээ гэж бодож болох юм. Тэд хүч тэнхээгүй болсон ч мэргэн ухаан, мэдлэг туршлагатай. Үүнийгээ хуваалцдаг бол залуус авьяас чадвараа бүрэн дүүрэн дайчилж Еховагийн төлөө илүү их юм хийнэ. Олон жил ахлагчаар үйлчилж буй нэг Гэрч: «Нас ахиад чадал тэнхээ хумигдаад ирэхэд ажлыг маань хийх чадвартай, шаардлага хангасан, шижигнэсэн залуус байгааг хараад их баярласан» гэж ярьжээ.

2. Энэ өгүүллээр юу үзэх вэ?

2 Өмнөх өгүүллээр, залуус ахмадуудтай дотносвол ямар ач тус хүртэхийг үзсэн. Энэ өгүүллээр, ахмадууд даруу, талархах сэтгэлтэй, өгөөмөр байдаг бол залуустайгаа гар нийлэн ажиллахыг, улмаар хурлынхан бүгд ач тус хүртэхийг үзнэ.

БУСДЫГ ӨӨРӨӨСӨӨ ДЭЭР ГЭЖ ҮЗЭН ДАРУУ БАЙХ НЬ

3. Филиппой 2:3, 4-т бичсэнээр даруу хүн ямар байдаг вэ? Юуг ойлгодог вэ?

3 Ахмадууд аа, залууст туслахдаа тэднийг өөрөөсөө дээр гэж үзэн даруу байгаарай (Филиппой 2:3, 4-ийг уншина). Даруу ахмадууд тухайн ажлыг хийх, Библийн зарчимд нийцсэн, үр дүнтэй арга олон байж болохыг ойлгодог. Иймд юм болгоныг хуучин аргаар хийх ёстой гэж зүтгэдэггүй (Ном. 7:10). Тэд арвин их туршлагатай учраас залууст хэлж ярих юм ихтэй ч «өнөөгийн ертөнц өөрчлөгдөж байгааг», ямарваа нэгэн ажлыг шинэ аргаар хийх нь илүү дээр байж болохыг ойлгодог (1 Кор. 7:31).

Ахмадууд мэдлэг туршлагаа бусадтай харамгүй хуваалцдаг (4, 5-р догол мөрийг үзээрэй) b

4. Дүүрэг хариуцагчид левичүүдийг хэрхэн дуурайдаг вэ?

4 Даруу ахмадууд нас ахих тусам урьдынх шигээ ажиллаж чадахгүй болсноо хүлээн зөвшөөрдөг. Жишээ нь дүүрэг хариуцагчид 70 хүрээд халаагаа өгдөг. Энэ нь амаргүй байж болох юм. Тэд ах дүүдээ үйлчлэх завшаанаа эрхэмлэдэг, ажилдаа дуртай. Одоо ч тэр ажлаа хийх ирмүүн хүсэлтэй. Гэхдээ арай залуу хүмүүс ажлыг нь хийвэл дээр гэдгийг ойлгодог. Ийнхүү эртний Израйлын левичүүдийг дуурайдаг. Левичүүд 50 хүрээд асарт үйлчлэхээ больдог. Үүрэг даалгавар нь өөрчлөгдсөн ч баяр хөөртэй хэвээр байдаг байв. Тэд чадах бүхнээ хийн залуу левичүүдэд тусалдаг байжээ (Тоол. 8:25, 26). Өнөөдөр дүүрэг хариуцагч байсан эрчүүд хурлуудад эргэлт хийдэггүй ч томилогдсон хурлынхандаа их тус дэм болдог.

5. Та Дан Кэти хоёроос юу мэдэж авсан бэ?

5 23 жил дүүрэг хариуцагчаар үйлчилсэн Даны тухай өгүүлье. Дан 70 хүрээд эхнэр Кэтитэйгээ тусгай эхлэгчээр томилогджээ. Тэд шинэ даалгавар аваад яасан бол? Даны хэлснээр урьд өмнөхөөсөө ч илүү завгүй болжээ. Тэрбээр хурал дахь үүрэг даалгавраа биелүүлэхийн зэрэгцээ туслах үйлчлэгч болох шаардлага хангахад нь Гэрч эрчүүдэд тусалдаг. Бас дэлгэрүүлэгчдийг шоронд болон нийтэд дэлгэрүүлэхэд сургадаг байна. Ахмадууд та бүхэн бүрэн цагаар үйлчилдэг эсэхээс үл шалтгаалан бусдад их тус дэм болж чадна. Ингэхийн тулд нөхцөл байдалдаа дасан зохицохын зэрэгцээ, шинэ зорилго тавьж, чадахгүй юмаа биш, чадах юмаа анхаараарай.

ХЭР ЧАДЛАА МЭДЭН ДАРУУ БАЙХ НЬ

6. Хэр чадлаа мэддэг даруу хүнийг мэргэн ухаантай гэхийн учир юу вэ? Жишээгээр тайлбарлана уу.

6 Даруу хүн хэр чадлаа мэддэг (Сур. 11:2). Чадахгүй юмаа хийнэ гэж муйхарлан зүтгэдэггүй. Тийм болохоор жаргалтай, үр бүтээлтэй үйлчилдэг. Даруу хүнийг өгсүүр газар жолоо барьж байгаа хүнтэй зүйрлэж болно. Өгсөхдөө хүнд араандаа хийдэг шүү дээ. Хурд нь удааширдаг ч урагшилсаар л байдаг. Үүнтэй адилаар даруу хүн Еховад идэвхтэй, үр бүтээлтэй үйлчилсээр байхын тулд хэзээ «араагаа солихоо» мэддэг (Флп. 4:5).

7. Барзиллаи даруу байсан нь юунаас харагддаг вэ?

7 Барзиллаин жишээг саная. Түүнийг 80 настай байхад Давид хаан ордондоо амьдруулахаар урьжээ. Барзиллаи хэр чадлаа мэддэг даруу хүн учраас хааны саналаас татгалзаж өөрийнхөө оронд залуу Кимхамыг явуулдаг (2 Сам. 19:35–37). Барзиллаиг дуурайдаг ахмадууд залуу хүнд халаагаа өгөхдөө баяртай байдаг.

Давид хаан өөрөөр нь бус, хүүгээр нь сүм бариулах Бурхны шийдвэрийг дэмжсэн (8-р догол мөрийг үзээрэй)

8. Давид хаан сүм барих чин хүсэлтэй ч даруу байсан нь юунаас харагддаг вэ?

8 Давид хаан даруу байхын гайхалтай жишээ үзүүлсэн. Тэрбээр Еховад зориулж өргөө барих чин хүсэлтэй байсан. Гэхдээ Ехова энэ ажлыг залуу Соломоноор хийлгэхээ мэдэгдэхэд Давид шийдвэрийг нь хүлээн зөвшөөрснөөр барахгүй дэмжихийн тулд бүхий л зүрх сэтгэлээ зориулсан (Ш.дээд 17:4; 22:5). «Соломон нас бага, туршлагагүй» учир би энэ ажлыг илүү сайн хийж чадна хэмээн бодоогүй (Ш.дээд 29:1). Барилгын ажлыг амжилттай хийх эсэх нь удирдаж буй хүний нас туршлагаас бус, Ехова ивээх эсэхээс шалтгаална гэдгийг тэрбээр мэдэж байсан. Давидыг дуурайдаг өнөөгийн настай Гэрчүүд үүрэг даалгавар нь өөрчлөгдсөн ч Еховад идэвх зүтгэлтэй үйлчилдэг хэвээрээ. Халааг нь авсан залуусыг Ехова ивээнэ гэдгийг тэд мэддэг.

9. Нэг салбарын хорооны гишүүн хэрхэн даруу байсан бэ?

9 Орчин үед ч даруу байхын сайхан жишээ үзүүлдэг хүмүүс бий. Тэдний нэг бол Шигэо юм. Тэрбээр 1976 онд 30 настайдаа салбарын хорооны гишүүнээр томилогдсон байна. 2004 онд тус хорооны зохицуулагч болжээ. Хожим нь хуучин шигээ эрч хүчтэй, үүрэг даалгавраа хурдан шуурхай биелүүлж чадахгүй болсноо ойлгов. Тэрбээр залбирч байгаад үүрэг даалгавраа өөрөөсөө залуу хүнд шилжүүлэх нь ямар ач тустай байхыг нухацтай боджээ. Одоо Шигэо салбарын хорооны зохицуулагч байхаа больсон ч бусад гишүүнтэйгээ гар нийлэн ажиллаж байна. Барзиллаи Давид хаан Шигэо нарын жишээг бодож үзвэл даруу хүн залуусыг туршлагагүй гэж чамладаггүй, харин эрч хүчтэй гэж үнэлдэг. Тэднийг өрсөлдөгчөө гэж бус, хамтран зүтгэгчээ гэж үздэг (Сур. 20:29).

ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ТАЛАРХДАГ БАЙХ НЬ

10. Ахмадууд залуусын талаар ямар бодолтой явдаг вэ?

10 Ахмадууд залуусыг Еховагийн өгсөн бэлэг гэж үзэн талархдаг. Чадал тэнхээ нь хумигдахын цагт халааг нь дуртайяа авч, хурлынхандаа үйлчилдэг, ур чадвартай, эрч хүчтэй залуустаа талархдаг.

11. Рут 4:13–16-г үзэхэд залуусаар дуртайяа туслуулдаг бол ямар ивээл хүртэх вэ?

11 Залуусын тусламжийг талархан хүлээн авсан Наоми гэдэг настай эмэгтэйн жишээ Библид гардаг. Тэрбээр бэлэвсэн бэр Рутаа эхэндээ гэртээ харь гэж ятгадаг. Гэвч Рут түүнийг орхилгүй Бетлехем рүү цуг явсан. Наоми ч дуртайяа туслуулсан (Рут 1:7, 8, 18). Тэгээд хэн хэн нь ивээл хүртжээ! (Рут 4:13–16-г уншина). Даруу ахмадууд Наомиг дуурайдаг.

12. Элч Паул талархлаа хэрхэн илэрхийлсэн бэ?

12 Элч Паул тус хүргэсэн ах дүүдээ талархдаг байв. Жишээ нь эд юмаар тусалсан Филиппой хотын дагалдагчдад талархлаа илэрхийлсэн (Флп. 4:16). Бас тусалж дэмжсэн Тимотод баярлаж талархсан (Флп. 2:19–22). Мөн Ромын шорон руу шилжүүлэх гээд авч явж байхад нь сэтгэлийн дэм болохоор ирсэн итгэл нэгтнүүдээ хараад Бурханд талархжээ (Үйлс 28:15). Паул олон мянган бээр аялан сайн мэдээг тунхаглаж, хурлуудыг батжуулж явсан цог золбоотой хүн байсан. Гэсэн ч даруу учраас ах дүүгийнхээ тусламжийг хүлээн авсан.

13. Ахмадууд залуустаа хэрхэн талархах вэ?

13 Ахмадууд та бүхэн хурлынхаа залууст талархдагаа олон янзаар илэрхийлж болно. Тэд танд унаагаараа үйлчилж, юм худалдаж авахад болон өөр аргаар тусалъя гэвэл тусламжийг нь талархан хүлээж аваарай. Ингэснээр Еховагийн хайрыг мэдэрнэ, хурлынхаа дүү нартайгаа ч илүү дотносно. Еховатай дотносоход нь тэдэндээ туслахыг ямагт хичээгээрэй. Хурлынхныхаа төлөө ихийг хийх гэж шамдан ажилладгийг нь хараад баярладгаа хэлээрэй. Бас мэдлэг туршлагаасаа тэдэнтэй хуваалцах хэрэгтэй. Ингэдэг бол залуусыг өөр лүүгээ татаж хуралд авчирсан Еховадаа талархаж байгаа хэрэг юм (Кол. 3:15; Ёох. 6:44; 1 Тес. 5:18).

ӨГӨӨМӨР БАЙХ НЬ

14. Давид хаан хэрхэн өгөөмөр байсан бэ?

14 Давид хааны жишээнээс ахмадууд өгөөмөр байх ёстойг бас мэдэж болно. Давид сүм барихад зориулж хувиасаа их хэмжээний хандив өргөсөн (Ш.дээд 22:11–16; 29:3, 4). Тэр сүм Соломоны нэрээр нэрлэгдэх байсан ч хандив өргөсөн. Насны эрхээр байгууллагын барилгын ажилд гар бие оролцох боломжгүй байлаа ч дэмжлэг болохын тулд чадлынхаа хэрээр хандив өргөж болно. Бас олон жилийн мэдлэг туршлагаа залуустай хуваалцвал тэдэнд хэрэгтэй.

15. Паул өгөөмөр байх талаар ямар жишээ үзүүлсэн бэ?

15 Өгөөмөр байх талаар бас элч Паулын жишээг ярилцъя. Тэрбээр Тимотыг миссионерын аялалдаа авч явжээ. Паул Тимотод дэлгэрүүлэх болон хүмүүст заах аргаа харамгүй хэлж өгсөн (Үйлс 16:1–3). Үүний ачаар Тимот сайн дэлгэрүүлдэг болсон (1 Кор. 4:17). Паулаас сурснаа бусдад заасан.

16. Шигэо бусдыг яагаад сургасан бэ?

16 Залуусыг сургаад халаагаа өгчихвөл өөрийгөө хэнд ч хэрэггүй болчихно гэж ахмадууд боддоггүй. Дээр дурдсан Шигэо Хаант төрийн ажлыг урагшлуулахын тулд салбарын хорооныхоо залуу гишүүдийг олон жилийн турш сургасаар иржээ. Үүний ачаар цаг нь болоход зохицуулагчийн ажлыг нь сайн сургагдсан өөр гишүүн хийх болсон. Шигэо 45 жил салбарын хороонд үйлчилсэн мэдлэг туршлагаа одоо ч залуу гишүүдтэйгээ хуваалцдаг. Ийм Гэрч эрчүүд Бурхны ард түмэнд үнэхээр их хэрэгтэй.

17. Лук 6:38-д байдаг зөвлөгөөг хэрэгжүүлдэг ахмадууд яадаг вэ?

17 Ахмадууд та бүхэн, Еховад итгэж үнэнч байх нь хамгийн сайн зам гэдгийг амьдралаараа баталдаг. Библийн зарчмыг мэдэж аваад амьдралдаа хэрэгжүүлэх нь хэчнээн чухал болохыг залууст харуулдаг. Та ямарваа нэг зүйлийг хийх хуучин аргыг мэддэг ч нөхцөл байдал өөрчлөгдөж байгааг ойлгодог учраас шинэ аргаар хийж болохыг хүлээн зөвшөөрдөг. Саяхан баптисм хүртсэн ахмадууд ч бусдад өгөх юм ихтэй. Үнэнийг мэдээд ямар их жаргалтай болсноо бусдад ярьж болно. Таныг олж авсан мэдлэг туршлагаа ярьж өгөхөд залуус их баярлана. Мэдлэг туршлагаасаа хуваалцдаг бол бусдад өгч байна гэсэн үг. Тийм хүнийг Ехова арвин их ивээнэ (Лук 6:38-ыг уншина).

18. Залуустайгаа дотносвол хэн хэнд нь сайн гэхийн учир юу вэ?

18 Хайрт ахмадууд та бүхэн, залуустайгаа дотносвол нэг нэгнээ урамшуулна (Ром 1:12). Учир нь хэн хэнд нь өөрийн гэсэн үнэ цэнтэй юм бий. Ахмадууд олон жилийн мэдлэг туршлага, мэргэн ухаантай. Залуус эрч хүч, тамир тэнхээтэй. Тэд анд нөхөд бололцон гар нийлж ажиллавал хайр халамжтай тэнгэрийн Эцгээ алдаршуулна, хурлынхандаа ч ач тус хүртээнэ.

ДУУ 53 Эв нэгдэлтэй үйлчилцгээе

a Хуралд Еховагийн байгууллагын төлөө чадах бүхнээ хийдэг залуус олон байдаг нь юутай сайхан бэ! Настай Гэрчүүд ямар соёлтойгоосоо үл хамааран Еховагийн төлөө хүч чадлаа бүрэн дайчлахад нь хурлынхаа залууст тусалж чадна.

b ЗУРГИЙН ТАЙЛБАР: Дүүрэг хариуцагч 70 хүрээд эхнэртэйгээ шинэ даалгавар авч байна. Олон жилийн туршлагатай учраас томилогдсон хурлынхнаа сургадаг.