Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 35

Үнэнч ахмадуудаа хайрлан хүндэлье

Үнэнч ахмадуудаа хайрлан хүндэлье

«Буурал толгой бол алдрын титэм юм» (СУР. 16:31).

ДУУ 4 Бурхны өмнө сайн нэр олъё

ТОЙМ a

1, 2. а) Сургаалт үгс 16:31-д бичсэнээр бид нас дээр гарсан итгэл нэгтнүүдээ хэрхэн үзэх ёстой вэ? б) Энэ өгүүллээс ямар асуултуудын хариуг мэдэж авах вэ?

 АНУ-ын Арканзас мужийн цэцэрлэгт хүрээлэнгийн хаанаас ч алмааз эрдэнэсийг олж болно. Засаж янзлаагүй тэдгээр эрдэнэс хүний хараанд тэр бүр өртдөггүй. Иймээс аялагчид анзааралгүй, хажуугаар нь өнгөрөх нь олонтоо.

2 Үнэнч ахмадууд маань тэдгээр алмааз эрдэнийн чулуутай адил асар их үнэтэй. Бурхны Үгэнд «буурал толгой бол алдрын титэм» гэж байдаг (Сургаалт үгс 16:31-ийг уншина; 20:29). Гэсэн хэдий ч эрдэнийн чулуу мэт тэднийгээ анзаарахгүй өнгөрөх энүүхэнд. Ахмадыг эрхэмд үздэг залуус эд хөрөнгөнөөс илүү чухал юмыг тэднээс сурдаг. Энэ өгүүллээс дараах гурван асуултын хариуг мэдэж авна. Ехова үнэнч ахмадыг яагаад хайрлан хүндэлдэг вэ? Тэднийг Еховагийн байгууллагад үнэхээр хэрэгтэй хүмүүс гэж яагаад хэлж болох вэ? Тэднээсээ илүү ихийг сурахын тулд яах хэрэгтэй вэ?

ЕХОВА ҮНЭНЧ АХМАДЫГ ХАЙРЛАН ХҮНДЭЛДГИЙН УЧИР

Үнэнч ахмадууд Еховад, ард түмэнд нь маш их хэрэгтэй хүмүүс (3-р догол мөрийг үзээрэй)

3. Дуулал 92:12–15-д бичсэнээр Ехова үнэнч ахмадуудыг хайрлаж хүндэлдгийн учир юу вэ?

3 Ехова Бурхан үнэнч ахмадуудыг эрхэмд үздэг. Чухам ямар хүн бэ гэдгийг нь мэддэг, сайхан чанарыг нь үнэлдэг. Өөрт нь олон жил үйлчлээд олж авсан мэдлэг туршлагаа залуустай хуваалцахад нь баярладаг (Иов 12:12; Сур. 1:1–4). Тэвчээрийг нь бас үнэлдэг (Мал. 3:16). Тэднийг зовлон бэрхшээл тойроогүй ч тэд Еховад гуйвшгүй үнэнч байсаар ирсэн. Найдвараа илүү тод харж явдаг. «Хөгширсөн ч» нэрийг нь тунхагласаар байдаг тул Ехова тэдэнд их хайртай (Дуулал 92:12–15-ыг уншина).

4. Нас дээр гарсан Гэрчүүд юуг санавал урамших вэ?

4 Ахмадууд аа, Ехова өнөөдрийг хүртэл хийсэн бүхнийг тань мартаагүй гэдэгт итгэлтэй байгаарай (Евр. 6:10). Идэвх зүтгэлтэй дэлгэрүүлсээр байгаа таныг хараад тэнгэрийн Эцэг тань баярладаг. Та гашуун зовлонг даван туулж, Бурхны тогтоосон хэм хэмжээг баримталж, олон ажил гүйцэтгэж, бусдыг сургасан. Асар хурдтай урагшилж буй Еховагийн байгууллагатай мөр зэрэгцэн алхахын тулд чадах бүхнээ хийсэн. Бүрэн цагийн үйлчлэгчдийг дэмжиж урамшуулсан. Өөрт нь үнэнч танд Ехова Бурхан маш их хайртай. Тэрбээр «Өөрийн бурханлаг [«үнэнч», ШЕ] хүмүүсийг орхидоггүй» гэж батлан хэлдэг (Дуу. 37:28). «Та нарын үс буурал болсон ч Би тээх болно» гэж амласан (Ис. 46:4). Иймээс өтөллөө гээд өөрийгөө Еховагийн байгууллагад хэрэггүй болсон гэж бүү бодоорой. Харин ч та их хэрэгтэй хүн шүү!

АХМАДУУД БУРХНЫ БАЙГУУЛЛАГАД МАШ ИХ ХЭРЭГТЭЙ ХҮМҮҮС

5. Ахмадууд юуг санаж явах учиртай вэ?

5 Ахмадууд та нарт хийж чадах юм их бий гэдгийг санаарай. Урьдынх шигээ хүч тэнхээгүй болсон ч олон жилийн арвин их туршлагатай. Ехова эрт цагийн болон орчин үеийн үйлчлэгчдээрээ их юм хийлгэсэн шигээ одоо ч та нараар их юм хийлгэдэг.

6, 7. Ехова үнэнч үйлчлэгчдээ ивээснийг жишээгээр хэлнэ үү.

6 Нас дээр гарсан ч Еховад идэвх зүтгэлтэй үйлчилсэн үнэнч хүмүүсийн жишээ Библид олон байдаг. Жишээ нь Мосе 80 орчим настайдаа Еховагийн зөнч, израйл үндэстний удирдагчаар томилогджээ. Ехова Даниелыг 90 гарсан хойно нь ч зөнчөөрөө үйлчлүүлж байсан. Мөн элч Ёоханыг ч 90 гарсан байхад нь удирдаж «Илчлэл» номыг бичүүлсэн.

7 Өөр олон үнэнч үйлчлэгчийг нь хүмүүс тэр бүр анзаардаггүй. Харин Ехова анзаараад зогсохгүй шагнадаг байсан. Жишээлбэл «таалалд нь нийцдэг, үнэнч хүн» Симеоны тухай Библид дурдаад өнгөрдөг боловч Ехова түүнийг сайн мэддэг байсан. Түүнчлэн нялх Есүсийг харах, Есүс болон эх Мариагийнх нь тухай зөгнөх хосгүй боломжийг олгосон (Лук 2:22, 25–35). Бэлэвсэрсэн зөнч Аннагийн тухай бас бодоод үз дээ. 84 настай ч «сүмд байнга очдог» байжээ. Өнөөдрийнхөөр бол цуглаандаа тасралтгүй очдог байсан гэсэн үг. Үүнийх нь төлөө Ехова шагнаж мөн л нялх Есүсийг харах боломж олгосон. Симеон Анна хоёрт Ехова маш их хайртай байжээ (Лук 2:36–38).

Одоо 80 гарсан Лоис Дидэр Еховад үнэнч үйлчилсээр байна (8-р догол мөрийг үзээрэй)

8, 9. Бэлэвсэн эмэгтэйчүүд Еховагийн байгууллагад ямар хувь нэмэр оруулдаг вэ?

8 Залууст үлгэр жишээ болдог үнэнч ахмадууд орчин үед ч олон бий. Лоис Дидэрийн тухай өгүүлье. Тэрбээр 21-хэн насандаа Канадад тусгай эхлэгчээр томилогджээ. Дараа нь нөхөр Жонтойгоо олон жил явуулын ажил хийж, Канад Бетелд 20 гаруй жил үйлчилсэн байна. 58 настайд нь Украин Бетелд үйлчлэх талаар саналыг нь асуужээ. Тэд яасан бол? Өөр улсад үйлчлэхэд өөрсдийгөө хөгшиднө гэж үзсэн үү? Үгүй ээ. Нүүхээр шийдсэн. Жон Салбарын хорооны гишүүнээр томилогдов. 7 жилийн дараа Жоныг өнгөрөхөд Лоис Украинд үлдэхээр шийдсэн байна. Одоо 81-тэй ч идэвх зүтгэлтэй тэрбээр Украин бетелийнхний хайртай эгч нь гэнэ.

9 Бэлэвсэн эмэгтэйчүүд нөхрөө амьд байх үед хүмүүсийн нүдэнд арай илүү өртдөг байсан биз ээ. Харин одоо тийм биш болсон байх. Гэхдээ тэд эрхэм хүмүүс хэвээрээ. Нөхөртөө олон жил өмөг түшиг болсон, өөрт нь одоо ч үнэнч эмэгтэйчүүдийг Ехова өндөр үнэлдэг (1 Тим. 5:3). Түүнээс гадна тэд залуусыг урамшуулдаг, зоригжуулдаг.

10. Тони гайхалтай ямар жишээ үзүүлдэг вэ?

10 Ахмадын асрамжийн газар амьдардаг үнэнч өндөр настнууд ч эрдэнэ мэт үнэтэй хүмүүс билээ. Тэдний нэг бол Тони юм. Тэрбээр 1942 оны 8-р сард 20-тойдоо АНУ-ын Пеннсилвани мужид баптисм хүртжээ. Гэвч удалгүй төвийг сахих байр сууриасаа болж хоёр жил зургаан сар шоронд хоригдов. Тони эхнэр Хилдатайгаа хоёр хүүхдээ Бурхны тогтоосон хэм хэмжээний дагуу сурган хүмүүжүүлжээ. Энэ олон жилийн хугацаанд Тони гурван хуралд тэргүүн харгалзагч буюу одоогийнхоор ахлагчдын зөвлөлийн зохицуулагчаар, дүүргийн чуулган хариуцагчаар үйлчилсэн юм. Мужийнхаа шоронгийн хоригдлуудтай Библийн хичээл хийж, цуглаан хөтлөн явуулж байлаа. Одоо 98-тай ч идэвх зүтгэлтэй үйлчилсээр байна. Ехова болон хурлынхныхаа төлөө чадах бүхнээ хийдэг.

11. Асрамжийн газар амьдардаг өндөр настнуудаа хэрхэн хүндлэх вэ?

11 Асрамжийн газар амьдардаг өндөр настнуудаа хэрхэн хүндлэх вэ? Хурлын ахлагчид цуглаан, дэлгэрүүлэх ажилд оролцоход нь тэдэнд туслах учиртай. Бид тэднийгээ эргэж тойрох, видео чатаар ярих зэргээр халамжлах хэрэгтэй. Хурлынхаа нутаг дэвсгэрээс хол байдаг асрамжийн газрын өндөр настнуудаа бүр ч их анхаарч халамжлаарай. Тэгэхгүй бол тэднийгээ мартах гээд байдаг. Зарим өндөр настан маань өөрийнхөө тухай нэг их яриад байдаггүй. Гэхдээ Еховад үйлчлээд ямар их баяр хөөр эдэлснийг нь тэднээсээ асууж яриаг нь сонсдог бол залуус маш их ач тус хүртэнэ.

12. Танай хуралд ямар хүмүүс байгаа вэ?

12 Та хурлынхаа буурлуудыг үнэнч байхын сайхан жишээ болсон хүмүүс гэдгийг нь мэдээд бишрэх байх. Жишээ болгож АНУ-ын Нью Жерси мужийн хуралд олон жил үнэнч үйлчилсэн Харриэт гэдэг Гэрчийн тухай үзье. Тэрбээр охиныдоо амьдардаг болж хурал нь ч өөрчлөгджээ. Шинэ хурлынхан нь санаачилга гарган түүнтэй танилцаад эрдэнэ мэт хүн болохыг нь мэдэж авчээ. Харриэт 1920-оод онд үнэнийг мэдсэн байна. Тэр үед хэрхэн дэлгэрүүлдэг байснаа хурлынхандаа ярьж өгөв. Дэлгэрүүлэхээр явахдаа баривчлагдаж магадгүй гэж бодоод шүдний сойзоо авч явдаг байсан гэнэ. Гэрч биш нөхөр нь түүнд их тус дэм болдог байв. 1933 онд хоёр ч удаа, нийт долоо хоног торны цаана суухад нөхөр нь гурван хүүхдээ харж байлаа. Харриэт шиг үнэнч буурлууд маань хүндэтгэл хүлээх зохистой.

13. Еховагийн байгууллага өндөр настай Гэрчүүдээ хэрхэн үздэг вэ?

13 Еховагийн байгууллага өндөр настай Гэрчүүдээ маш эрхэмд үздэг. Ехова байгууллагаа болон өөрсдийг нь янз бүрээр ивээснийг тэд нүдээрээ харсан. Алдаанаасаа ихийг сурсан. Иймд «мэргэн ухааны ундарга» болсон тэднээсээ суралцаарай (Сур. 18:4). Зориуд цаг гаргаад тэдэнтэйгээ дотносвол итгэл батажна, их юм сурна.

АХМАДУУДААСАА ИХ ЮМ СУРЪЯ

Елиша Елиагаас их юм сурсны адил, Еховад олон жил үйлчилж буй буурлуудынхаа үүх түүхээс их юм сурч болно (14, 15-р догол мөрийг үзээрэй)

14. Дэд хууль 32:7-д залууст зориулсан ямар уриалга байдаг вэ?

14 Санаачилга гаргаж азай буурлуудтайгаа ярьж байгаарай (Дэд хууль 32:7-г уншина). Тэд хараа муутай, удаан хөдөлгөөнтэй, зөөлөн дуутай байж болох ч идэвх зүтгэлтэй, «сайн нэртэй» хүмүүс юм. Ехова тэднийг өндөр үнэлдэг (Ном. 7:1). Яагаад гэдгийг нь санаарай. Тэднийгээ хүндэлж байгаарай. Елиагаас салахгүй гэсэн Елишаг дуурайгаарай. Тэрбээр Елиатай цуг байсан сүүлийн өдрөө «Би таныг орхихгүй» гэж гурван удаа хэлсэн шүү дээ (Х.дэд 2:2, 4, 6).

15. Ахмадуудаасаа юу гэж асууж болох вэ?

15 Ахмадынхаа түүх намтрыг сонирхож асуугаарай (Сур. 1:5; 20:5; 1 Тим. 5:1, 2). Жишээ нь «Та үнэнийг олсноо хэрхэн ойлгосон бэ? Еховатай дотносоход юу тус болсон бэ? Еховад баяр хөөртэй үйлчилдгийн тань нууц юу вэ?» гэж асууж болох юм (1 Тим. 6:6–8). Тэгээд яриаг нь чих тавин сонсоорой.

16. Залуус ахмадуудтайгаа ярилцдаг бол хэн хэнд нь хэрэгтэй гэхийн учир юу вэ?

16 Залуус ахмадуудтайгаа ийн ярилцдаг бол хэн хэнд нь хэрэгтэй (Ром 1:12). Ехова үнэнч үйлчлэгчдэдээ хэрхэн санаа тавьдгийг залуу нь илүү сайн ойлгоно, хайрлуулж хүндлүүлдгээ настай нь мэдэрнэ. Ямар ивээл хүртсэнээ ахмадууд залууст дуртайяа ярьж өгөх биз ээ.

17. Еховагийн үнэнч үйлчлэгчид жил ирэх тусам улам сайхан болдог гэхийн учир юу вэ?

17 Хүн нас ахих тусам гоо сайхнаа алддаг. Гэхдээ Еховагийн үнэнч үйлчлэгч жил ирэх тусам улам сайхан болдог (1 Тес. 1:2, 3). Ингэж хэлэхийн учир юу вэ? Тэд олон жилийн хугацаанд Бурхны агуу хүчний тусламжтайгаар төлөвшиж сайхан зан чанартай болсон. Настан буурлуудтайгаа дотносож тэднийгээ хүндэлж тэднээсээ суралцахын хэрээр үнэлж баршгүй эрдэнэ гэдгийг нь ойлгоно.

18. Дараагийн өгүүллээр юу үзэх вэ?

18 Залуус нь ахмадаа, ахмад нь залуусаа хайрлаж хүндэлдэг бол хурал батажна. Дараагийн өгүүллээр ахмадууд хурлынхаа залуусыг хайрлаж хүндэлдэг болохын тулд яах хэрэгтэйг үзье.

ДУУ 24 Шагналаа харж явъя!

a Үнэнч ахмадууд бол үнэт эрдэнэ мэт билээ. Энэ өгүүллээр, тэднийгээ илүү их хайрлаж хүндлэх хэрэгтэйг, мөн хэрсүү ухаантай, амьдралын туршлагатай тэднээсээ яавал ихийг сурч болохыг авч үзнэ. Түүнчлэн ахмадууд Бурхны байгууллагад үнэхээр хэрэгтэй хүмүүс гэдгийг ойлгож авна.